АРДЧИЛАЛ, ДАРАНГУЙЛАЛ ХОЁРЫН ХООРОНД ГАНЦ АЛХМЫН ЗААГ БАЙДГЫГ ЭРГЭН НЭГ САНАХУЙ


1992 оноос одоог хүртэл Монгол оронд зохион байгуулагдаж ирсэн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн менежмент хэрхэн “мөнгөжиж, авилгажсан”, санал худалдан авах арга заль нь хэрхэн боловсронгуй болж нарийссан, сурталчилгааны арга хэрэгсэл нь хэрхэн бохир, заваан болсон гэх мэт олон асуудлаар ажиглаж мэдсэн, судалсан зүйлсийнхээ талаар санал бодлоо хуваалцаж байгаа билээ. Үүний өмнө “хар Пиар”-ын талаар бичсэн. 

Харин энэ удаа сурталчилгааны хэлбэр, арга барилын талаар хэдэн санаагаа хуваалцая.

Нэг. Хэлбэрийн тухайд. УИХ-ын 1992, 1996 оныболон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993, 1997 оны сонгуульд нэр дэвших үйл явц улс төрийн намууд дотроо харьцангуй нээлттэй, цэвэр шулуун, шударга өрсөлдөөний чанартай явагддаг, сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах ажил нь ч нэр дэвшигчийг дэмжигчид, талархагчдын сайн дурын үндсэн дээр чин сэтгэлийн итгэл, зүтгэл дээр тулгуурлагдан явагддаг байжээ. 


Өнөө цагийнх шиг өнгө мөнгө, намын дарга нарын сонирхол, эрх ашиг, байр суурийг илүүд үзэх би, харин аймаг, орон нутгийн иргэд сонгогчид, намын байгууллага, гишүүдийнхээ санал бодлыг эн тэргүүн харгалзан, нэрсийг урьдчилан нээлттэй хэлэлцүүлэн, намын гишүүдээ мэдээлэлтэй байлгаж, нэрсээ тодруулна. Харин нэр гарсан хүмүүсийг намын Дүрмийн дагуу удирдах дээд байгууллагынхаа шат шатны хурлаар нээлттэй хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдэж, авсан саналынх нь хувь хэмжээгээр жагсаалт гаргаж, нэр дэвшигчийг тодруулдаг байлаа.


Тухайлбал, миний өөрийн нэр дэвшсэн УИХ-ын 1992 оны сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцыг илүү тодхон санаж байна. Сонгуулийн тогтолцооны хувьд олон мандаттай тойргоос Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгох тогтолцоогоор анхны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулахаар байсан юм. Намын гишүүдээс нийслэл, аймгийн намын хороодоор дамжин нэр гарч ирсэн 100 гаруй хүнийг намын Бага хурлаар хэлэлцэн, нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан 76 нэрсийг жагсааж, дараа нь тойрогт хуваан нэр дэвшигчдийг баталж байсан. Тойрог тохироогүйгээс болон бусад шалтгаанаар зарим хүн нэрээ татаж, жагсаалтын дараагийн хүнийг оронд нь оруулж ч байв. Нэр дэвшиж өрсөлдөх нь хүртэл шулуухан сайхан, нээлттэй ч байж дээ.


Улаанбаатар хотын Сүхбаатар Дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт МАХН-ын жагсаалтын 11-т бичигдсэн миний бие, 46-рт бичигдсэн Соёл, Урлагийн Хөгжлийн Хорооны Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр орсон. Харин гурав дахь мандатыг авах боломжтой байсан, жагсаалтын 76-р бичигдсэн УБХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын Хорооны дарга асан Н.Ганбаяр нэрээ татаж, өөрийн ард жагссан НДС-ийн багш, хуульч Ганжуурын Ганболдын нэрийг дэмжиж үг хэлж, улмаар өөрийн оронд батлуулж байлаа. Одоо цагт бол тойрогоо булаацалдаж, эсвэл худалдаж, мөнгө уралдуулж, нэр дэвших гэж “алалцаж дуусна” биз дээ. Хөөрхийс гэж...


Ингээд нэр дэвшихээсээ эхлээд сонгуулийн сурталчилгааны үйл явц ил тод, өөр хоорондоо өрсөлдөн, хар муу санах юмгүй, шударга хэлбэртэй явагддаг байжээ. Нэг тойрогт нэр дэвшсэн бид гурав гэхэд намаас хүн бүрт хэвлүүлж өгсөн А4 цаасны ¼ хэмжээний намтар бүхий 2000 ширхэг танилцуулгатай, нэр дэвшигчдийн дунд нь хэвлэж өгсөн 10000 ширхэг “Үнэн” сонинтой л сонгуульд орж явчихсан санагддаг. СБД-ийн хороо, хэсэг бүр дээр сонгогчидтой уулзалт хийхэд хэн юу ярихыгаа гурвуулаа тэнцүү хувааж аваад хариуцчихна. Хоол, цайны мөнгөө хувааж байгаад төлчихнө. Өөр өөрийн цөөн хэдэн найз нөхөдөө гуйж байгаад ухуулагчаар ажиллуулчихна. Хожим УИХ-ын гишүүн болсон, Түүхийн ухааны доктор Д.Алтай маань бид гурван нэр дэвшигчийн хувьд “Итгэмжлэгдсэн ухуулагч”-аар ажилласан. Н.Энхбаяртай 23-р сургуулийн нэг ангийн сурагч, Г.Ганболдтой Намын Дээд гэдэг том сургуулийн нэгэн үеийн багш нар, харин бид хоёр бол Москва хотноо Нийгмийн Ухааны Академид 3 жил хамт суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан “онжавууд” байснаараа Д.Алтай маань гурвууланг нь сайн мэддэг, мэдэх хэмжээгээрээ үнэ төлбөргүй “магтдаг” хүн нь байж билээ. Сурталчилгаа гэдэг үндсэндээ энэ л байж дээ. 


Харин Дүүрэг, Хорооны намын Хорооны ажилтнууд, анхан шатныбайгууллага, гишүүд нэр дэвшигчдийн сурталчилгааг ухамсараараа, сэтгэлээсээ ямар ч цалин хөлс, урамшуулалгүйгээр хариуцан хэрэгжүүлнэ. Бидний тараасан хэдэн сонин, танилцуулгыг иргэддээ ноортол нь уншуулж, өөрсдөө чадах чинээгээрээ тайлбарлан сэнхрүүлэх ажлыг “итгэл үнэмшилтэй”-гээр хийдэг байжээ. Одоо бодоход инээд ч хүрэх шиг...


Үүнд өнөөгийн сонгуулийн ажлын цалин хөлстэй мэргэжилтнүүд гэгддэг, “мененжер”, “Пиарчид” яагаад ч итгэхгүй л дээ. Тэгэх тусмаа сонгуулийн менежмент нь сүлжээгээр, хөлсөөр ажиллах явдал хэвийн үзэгдэл болсон өнөө цагт бүх ажил “итгэл үнэмшил” дээр тогтож байсан гэж яривал жинхэнэ хөх инээд нь хүрэх биз...


Өнөөгийн сонгууль гэдэг бол цэвэр мөнгөний ажил болсон. Түүнээс болоод нэг хэсэг нь 4 жил тутамд болдог сонгуулийг тэсэж яван хүлээж суудаг болсон. Сонгуулиас ашиг хайгчид улам олширох байдал ч ажиглагдаж байна. Хичээл, сургуулийн хажуугаар мөнгө олчих санаатай залуучууд, өдөр тутмын орлогогүй ажилгүйчүүдээс эхлээд сонгуулийн хэд хоногт ч гэсэн хэд гурван төгрөг олоод авах санаатай хүмүүс хаа сайгүй л байна. Тойргийн 200 сонгогч тутамд 1 ухуулагч ажиллуулахыг зөвшөөрсөн Сонгуулийн хуулийн заалт нь кампанит ажлыг мөнгөжүүлж байгаа төрийн албан ёсны шийдвэр учраас “ажиллах сонирхолтой” ард түмнийг буруутгах аргагүй. 


Түүнчилэн сонгуулийн кампанит ажлыг “мэргэжил” болгосон нийгмийн бүлэг үүссэн гэвэл та итгэх үү?! Тэдний хамгийн тод бөгөөд сонгодог жишээ бол “Доржзовдтонгууд”. Гадаад, дотоодод сургууль төгссөн “PR” мэргэжилтэй, “Пиарчид” гэж өөрсдийгөө нэрлэсэн, бас ч зүгээргүй “сүлжээний” зохион байгуулалттайямар нэгэн ТББ-тай хүмүүс нэр дэвших сонирхолтой хүмүүсийг эртнээс “ангуулчилж”, “Пиар-ын үйлчилгээ”-гээ санал болгодог болоод удаж байна.


Тэр ч байтугай сонгуулийн ажлын санхүүжилтын загвар, “модел”-ийг тэд “боловсруулан” намуудад зарж борлуулах, болохгүй бол өрсөлдөгчид нь өгөөш болгон хаяж, ашиг хонжоо хайх, улмаар улсын хэмжээнд үймээн самуун гаргахад хүргэчихээд байгааг бид бүгд мэдэж байгаа ч ярихгүй л байна. Парламентын болон Ерөнхийлөгчийн хоёр ч сонгуульд МАН-ын эсрэг “хар” сурталчилгааны гол хэрэгсэл болсон “60 Тэрбумын хэрэг” гэдэг бол ямар сургууль төгссөн нь үл мэдэгдэх Доржзовд гэдэг зальт эдгээдийн зохиосон “зохиол” байсан нь үнэндээ тогтоогдсон хэрэг шүү дээ. Тэр хүн бол сонгуулиас ашиг олох гэсэн зүгээр нэг “луйварчин” л байсан. Өөр хэн ч биш шүү дээ. 


Сонгууль хэлбэрийн хувьд бохирдож, “мөнгөжсөн”-ий тухайд гэвэл ганцхан энэ жишээ баримтыг нэрлэхэд л хангалттай бизээ.


Сонгууль мөнгөжих, бохирдох тутам, түүнийг ашиглаад өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, улмаар ноёрхлыг тогтоох гэсэн бүлэг, хувь хүмүүс төдийгүй, гадаад улс орны ашиг сонирхол нэмэгддэг аюултай. 


Сонгогчид өнгө мөнгөнд автснаар хувь хүний эрх чөлөө, ардчилсан үнэт зүйлс, улс орны эрх ашиг,улмаар тусгаар тогтнол, биеэ даасан, хараат бус байдлаа ч алдах нь энүүхэнд болно. Сэрцгээ...!!!


Хоёр. Харин сонгуулийн зохион байгуулалтын арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдөж, ардчилал хумигдаж байгааг харах бас сонин. 


Ардчилал, зах зээлд шилжих үйл явцын анхны жилүүд байсан болоод ч тэр юм уу улс төрийн намуудын УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хурлууд харьцангуй ардчилалтай, нээлттэй болдог байж. УИХ-д сонгогдоод “хууль батлахаас өөр ажилгүй” гэж парламентын эрх, үүргийг зөв зүйтэй ойлгодог байсан учраас залуучууд ч нэг их улайран зүтгээд байдаггүй байсан санагддаг юм. Ялангуяа МАН (тэр үеийн МАХН)-ын зүгээс насны хувьд “дөч гарсан эр, дөрөв дарсан ат” байхаар, ажлын хувьд хат суусан, мэргэжил, мэдлэг, эрдмийн хувьд хэнд ч гологдохгүй, амьдралд авах, гээхийн ухаантай, олноо хүндлэгдсэн хүмүүсийг олж нэр дэвшүүлэхийг хичээдэг байж дээ. Энэ нь ч буруутаж байгаагүйн том нотолгоо бол УИХ-ын 1992 оны сонгуульд 76 суудлаас 70 суудлыг МАН авч байсан явдал гэж боддог. 


Тиймээ. УИХ-ын гишүүдийн хууль тогтоох, түүнд хяналт тавих үүрэг, хариуцлага нь хомсдож, тэдний Гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдан оролцох эрх хэмжээ увайгүй ихээр нэмэгдэж, өөртөө болон тойрогтоо зарцуулах мөнгө, төгрөгийн хэмжээ замбраагүй өсч, Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдын томилгоонд гишүүд хөндлөнгөөс, бүдүүлгээр оролцох болсон явдал зэрэг нь эрх мэдэлд шохоорогч МАН-ын залуусын “улс төрийн сэрэл”-ийг хөдөлгөж орхисон гэж би судлаачийн хувьд дүгнэдэг. 


Үүнд нь 1996 оны сонгуульд бараг санамсаргүй шахам ялсан “Ардчилсан Холбоо” эвслийн зүгээс С.Баярцогт, Ч.Сайханбилэг, З.Энхболд гэх мэт хорь гучаадхан насны залуусыг гэнэт дээш гаргаж, дэвшүүлэн шууд сайд, дарга болгож орхисон нь ёстой загтнасан газар нь маажиж, эрх мэдлийн хорхойг нь гозолзуулж орхисон. 


Тэгээд МАН-ын залуус албан тушаалын төлөө “урагш аа!” үйл явц эхэлсэн... Ингээд л МАН-д залуучууд шахцалдаж эхэлсэн дээ. МАСЗХ дотроо фракц бүлэглэлүүдтэй болж, Өнөөдөр ч шахцалдаж, нэг нэгнээ татан унагахын үлгэр жишээг сөрөг хүчнээсээ илүү эзэмшиж чадсанаа хариулдаг болжээ.


Эрх мэдэл нэг хэсэгт нь илүү боломжийг олгодог болсон тул өнөөгийн залуучууд чин шударга хөдөлмөрөөс зайлсхийж,“цүнх барьж” улс төрд орох, төрийн албанд шургалан, үтэр түргэн баяжихыг илүүтэй мөрөөдөх болсон байна. “Социнтерн” хэмээх Зүүн, Зүүн төв намуудын олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагын бүрэн эрхт гишүүн, Зүүн төвийн үзэлтэй, шударга ёсны зарчимтай МАН-ын үзэл баримтлал, зарчмууд нь алдагдаж, гишүүд нь учраа олохоо больж, залуучууд нь гагцхүү эрх мэдэл, мөнгөөр үнэлэмж баримжаалалаа хийдэг болоход хүрчээ. 

Жишээлбэл, УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авчихаад, сонгуулийн ялалтын үр дүнгээ ч сайтар ашиглаж чадалгүй, гүйцэтгэх засаглалын “бялуугаа” зохицон хуваагаагүйгээс намын бүлэг дотроо 33:32 болж задарч, намын удирдлагууд нь хууль зөрчин, төрийн мөнгөөр хээл хахуул тарааж өгөн байж, нэгнийгээ татан унагасныг өнөөдөр “сэлэмтэй” нэгнээс айгаад хэлж, ярьж чадахаа больж байгаа нь Монголын шинэ үеийн түүхэн дэх, удахгүй 100 жилээ тэмдэглэх МАН-ын түүхэн дэх эмгэнэлт, хар үйл явдал болж бичигдэн үлдэх нь дамжиггүй. 


УИХ-ын сонгууль болгоны өмнө улс төрийн намуудын доторх бүлэглэлүүд хөдөлгөөнд орж, эвсэн нэгдэх, эс бөгөөс сөргөлдөн тэмцэлдэж, сандал ширээний төлөө уралцдаг болсон байна. Ингэхдээ улс төрийн өрсөлдөөний наад захын соёл, ёс суртахууныг бүрэн мартаж байна. Тэр байтугай ардчилалын үнэт зүйлс, хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчих, түүнийг нь хүч хэрэглэн хязгаарлах явдал сонгуулийн зохион байгуулалтын нэг “салшгүй хэсэг” болчих шиг боллоо.


Зарчим, байр суурь зөрчилдсний төлөө үзэл баримтлал, нам нэгтэй нөхдийгөө шахах, улс төрөөс зайлуулахыг оролдох, тэр ч байтугай сонгох, сонгогдох эрхийг нь зөрчих явдал улс төрийн намуудын дотор хэвийн үзэгдэл болжээ. 


Энэ оны УИХ-ын сонгууль л гэхэд АН, МАН аль алинд нь гомдогсод хамгийн олонтой сонгууль болж байна гэж хэлэхэд буруудахгүй.


Тэр ч байтугай сонгуультай холбоотой шүүх, цагдаа, АТГ-ын оролцоотой хэрүүл маргаан ч тоймгүй олшироод байна. Энд хууль дээдлэх ёс, шударга ёсны тухай яриад ч хэрэггүй болсон. Хэн эрх мэдэлтэй, шүүх, прокурорт хэн ойрхон байдаг нь өрсөлдөгчидөө, нөгөөдүүлээ “намнах” нь хэвийн үзэгдэл болжээ. 


1922-1941 оны хооронд буюу ХХ Зуунд монголчуудад тохиолдсон Их хэлмэгдүүлэлтийн эмгэнэлт шуурганд Д.Бодоо, Д.Чагдаржав, Ц.Жигжиджав, П.Гэндэн, А.Амар нарын Монгол Улсын 5 Ерөнхий сайд хэлмэгдэж, амь насаа алдсан байдаг гэж манай нэрт түүхч, Төрийн соёрхолт Доктор О.Батсайхан нэгэнтээ ярьж байсан. Гэтэл XXI Зуун гарсаар өнөөдрийн байдлаар ардчилсан Монгол оронд тавын таван Ерөнхий сайдаа, тухайлбал, Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат барьж хорьчихоод байгааг юу гэж үзэх вэ? Сонгууль дөхөхөөр, болохоор л нэг нэгнийгээ барьж хорьдог явдал бүүр хэвийн үзэгдэл болсны бодит жишээ энэ биш гэж үү? Энэ ер нь улс төрийн эрүүл үзэгдэл гэж үү? Сонгууль зохион байгуулах ардчилсан арга барил устаж, дарангуйллын сүйдэр Монголыг дайрчихаад байгаа юм биш үү? Та минь ээ!!!


Ардчилал гажуудаж, цөөн хэсэг нь хагартлаа баяжиж, нийгмийн тэгш байдал алдагдсан тухай сэтгэл эмтэртэл ярьж, баячуудыг устгахад уриалдаг, гараа дээш зангидан, ард түмний төлөө эх оронч дуу хоолой болж байгаагаа гайхуулан “Засгийн эрхийг иргэдэд!” гэж хашгирдаг хүмүүс үнэн хэрэг дээрээ өөртөө эрх мэдэл нэмэхийн тулд “Хүмүүсийн дээрх засаглал. Төрийн ноёрхол”-ыг өөрөөр хэлбэл дарангуйллыг хүсч байдгыг дэлхийн түүхээс бид бүгд мэднэ. 


Адольф Гитлер, Бенито Муссолини, Хуан Перон, Уго Чавес энэ нэрийг хэн бүхэн мэднэ. Тиймээ тэд Германд, Италид, Аргентинд болон Венесуэлд өөр өөр цаг үед ч гэсэн “нэг уриатай”, “нэг л арга барил”-аар ардчилсан сонгуулиар гарч ирсэн дарангуйлагчид байсныг түүх мартаагүй. Мартахгүй. 


Тэдний сонгуульд ямар арга хэрэглэж гарч ирснийг монголчууд бид өнөөдөр эргэн нэг сайтар санаж, тэдний улс орондоо учруулсан гашуун зовлонг мартах учиргүй. 


Ардчилал, дарангуйлал хоёрын хооронд ганцхан алхам байдгыг сануулахын учир энэ буюу. Монголчууд аа!



ОББЭЭ, Доктор Б.Энхмандах

2020 оны 6 дугаар сарын 14