“Авилгыг өнөөдрөөс цэглэнэ” гэж шинэ Ерөнхийлөгч амаллаа. Энэ ч хэцүү дээ. Тэр дундаа нийгмээрээ авилгад идэгдэж, энэ нь амьдрах арга нь болчихсон газар тийм хялбар цэглэгдэх юм болов уу? Энхбаярыг авилгын загалмайлсан эцэг гэж ярьдаг. Үнэндээ төрийн нэр барьж мөнгө баялаг завших үзэгдэл тун эртний улбаатай. XIII зууны үед Монголд ирсэн Рубрук, Карпини, Марко Поло нар монголчуудын авилгачийг гайхаж бичсэн байдаг. Хаантай уулзах гэж явсан тэднийг зам зуур таарах монголчууд төрийн нэрээр далайлган заавал нэг юмыг нь салгах гэж зовооно.
   
Үнэндээ манж нар монголчуудыг зэвсгийг хүчээр гэхээсээ авилгаар эзэлж авсан юм шүү дээ. Лигдэн хаан хятадуудаас мөнгө аваад манж нарыг цохиж цагаан хэрмийг хамгаалдаг байж. Тэгэхээр нь манж нар илүү мөнгө амлаад түүгээр хятадуудыг цохиулдаг болжээ. Ингэж хоёр талд авилгадаж явсаар сүүлдээ өөрөө Хөх нуур орчимд бут цохиулан Монголын хаант ёсыг дуусгасан байна. Дараа нь түүнд захирагдаж байсан 49 хошууг Амбагай хаан өөртөө авилгаар татан нийлүүлж Өвөр Монгол гээч шинэ ойлголт буй болсон юм. Түүхэн тэмдэглэлийг шүүж үзвэл тэр үеийн монголчууд хоорондоо байлдаад л, төвд, хятад, манж нар монгол ноёдыг мөнгө цаасаар авилгадаад л байсан байдаг юм. Галданг Заантэрэлжид дийлсэн манжийн цэрэг бол үнэндээ бараг бүгдээрээ монголчууд. Амарсанаа Даваачтай муудалцан Хятад орж манж цэргийн жанжин болон эргэж дайтаад Ойрдыг унагасан байдаг. 1912 онд Ховдыг чөлөөлж туурга тусгаар Монгол улсаа байгуулсны дараа ч ойрдын ноёд Хятадаас пүнлүү хэлбэрээр авилга авсаар байжээ. Бурдуков үүнд гайхан улс нь тусгаарлачихаад байхад гадаадын эзэрхэгчидээс юунд мөнгө аваад байгааг асуухад: “Бид хятадуудаас мөнгийг нь авч тэднийг ядууруулж хорлож байгаа юм” гэж хээв нэг хариулцгаасан байдаг. 
Социализмын үед авилга байгаагүй юм шиг ярьдаг нь үнэнд нийцэхгүй. Тэр үед нийтээрээ ядуу байсан болохоор өгдөг авдаг нь бага байж дээ. Шил архиар л ярина. Ер нь авилгын нэгж нь архи. Архи ч дундаж орлоготой харьцуулахад үнэтэй эд байж. Тэгээд ч хувийн өмчийг хориглосон нийгэмд хэнд юу байх билээ дээ. Хойд Солонгост алба хааж байсан миний нэг найзын яриа их сонин байсан. Ерээд оны дундуур тэрээр Оросын элчингийн залуучуудтай нийлж Солонгосын усан хилд орж ирсэн хөлөг онгоцноос японы хуучин ямбий машин оруулдаг байжээ. Тэрийг нь худалдаад авчихдаг дээд ангиллынхан тэнд бас бий. Ингээд хил нэвтрээгүй хөлгөөс бараг хаягдал машин бөөнөөр нь хил давуулна. Хойд Солонгос гэхээр аймаар цэрэг цагдаа болсон мундаг хамгаалалт байж таарнаа даа. Гэтэл тэд даргад нь өөрсдийнх нь муу шил архи, цэргүүдэд нь ширхэглэсэн янжуур өгдөг байж. Социализмын бат хана үнэн хэрэгтээ ийм хямдхан, ийм хэврэг ажгуу.
Ерээд оны дундаас манайд авилга шинэ шатанд гарсан юм. Өгч авч байгаа хэмжээ ч дажгүй, ичиж нэрлэхэх нь ч хээгээ алдаж, хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Анхны том авилга гар утаснаас эхэлсэн юм. Гар утас бэлэглэсэн асуудал бишээ. Тэрнээс арай том. Японы Х компани Монголд гар утасны үйлчилгээ буй болгохоор ирж. Дэд бүтцийн яаманд холбоо хариуцсан хэсэг хүнтэй, дарга нь Төрийн дээд өндөрлөгөөс нутгийн крантай нэг залуу. Англи хэлтэй учир хадандаа гарчихсан эр. Түүнд япончууд хандав. Эндээс нь тэрээр мөнгө олж харав. Ингээд япончуудад Монголын талын хөрөнгө оруулалт санал болгосон байна. Тэр нь их гоё хөрөнгө оруулалт. Юмыг нь бүтээж өгнө, янз бүрийн хөнгөлөлт үзүүлнэ, хариуд нь шинээр байгуулагдах компаний 13 хувийг эзэмшинэ. Тэр үед ийм “нарийн” юм бодож олж чадна гэдэг монгол хүндээ хэтийдсэн ухаан байлаа. Ингээд нутгаасаа татаж авчирсан доодох мэргэжилтэнгээ ажлаас нь гаргаж нэгэн хуурамч компани байгуулан бүртгүүлээдэхжээ.

Энэ бол 1995 оны эхээр болсон явдал. Гар утас хөгжингүй орнуудад дэлгэрээд хоцрогдсон орнуудын ээлж ирчихсэн байсан үе. Энэ хоосон орон зай руу америк, европын компаниуд ч бизнес хийхээр давхиад ирж. Нутгийн шийдвэр гаргагч өндөрлөгүүддээ япончуудыг хуга магтан хөгжлийн гол гогцоо гэж тайлбарласаар тэндэрийн комисс байгууллаа. Ингээд өөрөө Токиод Монголын төр төлөөлөгчөөр яаралтай томилуулагдав. Өөрийн байгуулсан тэндэрийн комиссынхныг сургалт нэрээр нэг нэгээр нь Японд дуудаж аваачин өдрийн мянган долларын тэтгэлэгтэй “курсэд” суулгажээ. Тэндэрийн дүнг бүхэл бүтэн зургаан сар дүгнэсэн юмдаг. Америк, европчуудад ямар ч шаанс үлдээсэнгүй. Мөнөөх япон Х маань энэ хооронд Японы нэгэн холбооны компанитай нийлэн компани байгуулж тэндэрт ялалт байгууллаа. Шууд ялж чадаагүй ээ. Эхлээд Бельгийн компани ялсан боловч яаж ийж байгаад хүчингүй болгоод дахин тэндэрдэж, энэ хооронд комиссынхныг Японд “курст” суулгасан хэрэг. Ингээд л дахин шудрагаар “хуруудсан” чинь япон-монголын холбоочид “шудрагаар” ялчих нь тэр. Мэдээж манай нөхөд өөрийн “хөдөлмөрөөр” буй болгосон 13 хувьтай. Харин тэндэр дүгнэгдсэний дараа тэд бусдынхаа юм мэдэхгүйг, өөрийн нутгийн татлаа түлхээг далимдуулан улам даварсан юм. Япончууд эхнээсээ ямар ч илүү нөхцөл шаардаагүй. Тэртээ тэргүй өрсөлдөөнтэй байхад ядуу тэнэг оронд ингэж хандах нь үгүйдээ л ёс суртахууны хувьд хэтэрхий жудаггүй хэрэг. Гэвч төрийн албан хаагч монгол түнш нар нь шинээр байгуулсан жоинт компаниа Монголын зах зээл дээр таван жил өрсөлдөгчгүй ганцаар эзэгнэх эрх олоод ирлээ. Тэгээд дээр нь хэсэгтээ татварт хамаарахгүйгээр болгожээ. Үнэхээр манай хэд мөнгөндөө таарсан нөр их ажил амжуулсан байгаа биз?
Онцгой эрхтэй таван жилдээ 10 мянган хэрэглэгчтэй болохоор төлөвлөж байсан атал богино хугацаанд зуу гаруй мянган хэрэглэгч олж авч ашиг орлого уул мэт оцойжээ. Төрөөс төрсөн бизнесчид маань ч ухаалаг загнаж орлогоороо компанийхаа хувьцааг эргүүлж худалдаж авсаар ихэнхийг нь эзэмшигч болжээ. Үүнийг л уг нь төрөөс төрсөн тэрбумтан гээд байгаа юм шүү дээ. Өнөөдөр тус компани саяар тоологдох хэрэглэгчтэй, татвар төлөлтөөр Эрдэнэт хавьцаа ярьдаг Монголдоо ланжгар том  айл. Харин Монгол төрөөс төрсөн бизнесчид маань Монголын төрийг авилгадаа идэгдсэн хэмээн ихэд жигшин ярих дуртай юм билээ. Хэдийгээр эд тухайн үедээ ноцтой гэмт хэрэг үйлдсэн боловч тэдэнд олон сайн тал байгаа харагддаг юм. Юун түрүүн энэ авилгыг нэлээд ухаалаг үйлдсэн. Одоогийн энэ шууд л нэхээд авчихдаг, хийнэ гэчихээд хаяад бултчихдаг авилгачдыг бодвол илүүтэй уран ухаан гаргасан. Хоёрт өөрсдийг нь залгамжлан гарч ирсэн авилгачдыг ярвайн жигшинэ гэдэг ёс суртахууны хувьд бас л дээшээ гарчихсан байна гэсэн үг. Гуравт төрөөс төрсөн ч бай тэд их юм бүтээсэн. Одоогийн тэнэг авилгачид шиг олсон долоосноо казинод аваачаад өгчөөгүй л байна шүү дээ.
Казино гэснээс, “Казиногийн хэрэг” гэгчээр авилгын асуудлаар хэсэг хүнийг мөн ч муухай хэлсдүүлж билээ. Хууль зүйн сайд байсан Батчулууныг тэндэр даргалж байсны хувьд гүтгэж шоронд хийгээд гар утас авсан байх гэж баахан шалгасан. Дараа нь авилгад авсан зүйл нь өмдний тэлээ болж таарсан шүү дээ. Нэг нь гар утасны компани хусчихаад улам мандан бадарч байхад нөгөө нь нэг ширхэг гар утас бэлгэнд авсан байж магадгүй хэргээр шоронд орон улмаар нас баржээ гэж бодохоор шудрага ёс талаасаа л жаахан муухай юм даа.
2000 оноос ч авилга бүр системтэй, нийгмийн тодорхой хэсгийн амьдрах үндсэн арга болсон доо. Оюу толгой ашиглалтанд орж чадахгүй зургаан жилийн нүүр үзэж буй нь шийдвэр гаргагчид нь тус бүрдээ өөр өөрийн “13 хувь”-ийг нэхээд тэр нь олдохгүй байгаатай л холбоотой юм шүү дээ, явж явж. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж үүнийхээ төлөө цалин авч байгаа мөртөө хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө өөртөө ахадсан их шан харамж нэхэж суудаг явдал манай нийгмийн ердийн норм болсон учир ингэлгүйгээр иргэдийн хэргийг бүтээсэн хүн харин ч хардлагад орж “тийм байх учиргүй” гэсэн монгол логикт тулдаг байна. Авилгачид хууль тогтоох байгууллагад олноор шургалснаас болоод хуулиар дамжуулан луйвар хийх болжээ. Дотоод үйлдвэрийн пиво хөнгөлөлт эдлэх тухай хууль гараад ирнэ. Импортлогчид Цэцэд гомдол гаргана. Цэц аахилж аахилж хуулийг хүчингүй болгоно. Энэ хооронд хичнээн их авилга явдаг гэж санана? Эцэст нь дотоодын гэх үйлдвэрлэгчид хэдийнээ хожоогоо гаргаад авчихдаг. Хууль цуцлагдана гэдгийг эхнээсээ мэдэж байсан хэрэг, үгүй дээ л авилгын хууль хэдэн сар ч болов үйлдчлэхэд л дажгүй орлого олж орхино. Саяхан “дотоодын үйлдвэрлэгч” хэмээх тамхины наймаачид өөрсөд дээрээ хөнгөлөлтийн хууль бодож олоод батлуулчихаж. Чадаж байгаа юманд арга байхгүй, тээ?
Шинэ Ерөнхийлөгч авилгыг цэглэхийн тулд эх сурвалж руу нь орох хэрэгтэй санагдана. Мэдээж замын цагдаа болгон шахам, төрийн албан хаагч бүр, шүүхийн ажилтан болгон авилгын байнд байгаа. Ажлаа эднээс эхэлбэл хэзээ Эрдэнэтэд хүрэх вэ? Эрдэнэт хамгийн том татвар төлөгч. Мөн тэр хэмжээгээрээ хамгийн аймаар авилгын хүүдий. Өнгөрсөн 10 жилд тэнд гадаадын нэгэн компани өрсөлдөгчгүйгээр техник тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Нэг удаагийн нийлүүлэлтээс нь манай гарууд 4.5 сая доллар унагаж байсан баримт байна. Энэ сувгийг хаагаагүй байж халамцуу жолоочоос 20 мянган төгрөг авчихсан цагдаатай ноцолдоод яах ч юм билээ. Сентерра гоулд компани 2001 онд Монголд 30 сая долларын хөрөнгө оруулсан мэдээ тайланд нь байдаг. Гэтэл тэр байтугай 2003 он дуустал ямар ч хөрөнгө оруулаагүйг нийтээр мэднэ. Ингэхээр энэ мөнгө хааш оров? Дээрхи япон компаний жишгээр хөрөнгө оруулав уу? Энэ болгоныг илрүүлж, хөөрхий Батчулуун шиг шоронд суулгаж амь насыг нь хохироохоо болиё гэхэд дахиж ийм авилга, шамшигдуулал, залилан гарах үүд хаалгыг юун түрүүн хаах хэрэгтэй. Явуулын хүнээс төрийн нэрийн өмнөөс архи нэхдэг байсан үе хэдийнээ ард хоцрон авилга төгөлдөржиж өдгөө авилгадах хуулиа өөрснөө тогтоодог хөгжингүй шатандаа оржээ. Хаалгыг хаана гэхээр ингэтлээ төгөлдөржсөн сайн эрс тэгнэж хэвтчихээд ч юу ч хийхээс буцахгүй. Ширүүн л юм болно доо.
Төрийн авилга байгаа учраас түүнийг дагасан сүрдүүлэг гэсэн шинэ бизнес цэцэглэж сайн дурынхныг олноор нь хамрах болжээ. Эх орон, ард түмэн, шудрага ёс, цэвэр орчин гээд л үгсийн сангаас аль сонсголонтойг нь сонгон лоозонгоо хийсэн тэд үхнэ хатна өлсөнө цангана ална хядна гэж орилолдон дөвчигнөх нь сүрдмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Гэвч дээгүүрээ идэж уугаад бидэнд “эх орны хишиг” ноогдсонгүй хэмээх гоморхол хорсол бяцхан тархиндаа агуулж яваа нь нэвт харагдаж сэт үнэртэнэ. Цайрт минерал хэмээлдэн чөдөр галзуу хүн шиг хашгичиж байснаа зайлуул Улаан сайдаас хэдэн цаас “эх орны хишгээр” олж аваад л эх оронч үзэл нь дуусчиж байгаа юм. Харин ч “хятадуудын хөдөлмөр хамгаалал нь маш сайн юм” гэсэншүү юм яриад магтаад явж байх. Өрнийхнийг айлгаж хятадуудын жишээг дагуулах гээд бүтэхгүй хайран сайхан цээжээ хий дэмий хөх няц болтол нь нүдсээр. Үнэндээ өрнийнхөн гадаад оронд ч хахууль авилгад холбогдвол өөрийнхөө хатуу хуулиар шийтгүүлдэг учир хятадуудаас өөр л дөө. Авилгачид ч сүрдүүлэг дарамтанд их ордог. Тэрийг нь шантажчингууд сайн мэднэ. Өнөөдүүл нь ч сая саяар нь бариад гүйгээд ирнэ. Мэдээллийн хэрэгслэлүүдийн орлогын ихэнхийг сүрдүүлэг гүйцэтгэдэг гээд бод доо. Мөнөөх гар утасны компаний гадаа Оюутны холбоо жагсаал хийж шудрага байдал ард түмний эрх ашиг хэмээн орлилдож байсныг санаж байна. Авдагаа авч байж л салдаг бололтой. Ингэхээр авилга өөрөө сүлжээ болсноор барахгүй дагалдах бузар сүлжээг ч буй болгожээ. Болдогсон бол чононоос дутуугүй хэмэлж хаячихаад зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад хүн шиг амьдрах юмсан, цөмөөрөө?!.

2009 оны 6 дугаар сар 18