-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд та эсрэг саналтай, нэлээд бухимдангуй харагдсан?   

-Би чуулганы хуралдаан дээр нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх үеэр сэдвээсээ нэлээд хальж ярихаас өөр аргагүй байдал үүссэн юм. Яагаад гэхээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахаас өмнө УИХ-ын дарга захирамж гарган ажлын хэсэг байгуулж Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн хуулийн талаар судлах үүрэг өгсөн юм.     

Гэтэл энэ ажлын хэсэгт орсон зарим гишүүд дээрх хуулийн тодорхой зүйл заалтыг өөрчлөх төсөл боловсруулж өргөн барьсныг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Уг нь ганц хоёр зүйл, заалтыг өөрчлөх гэж байхаар цогцоор нь сайжруулах хэрэгтэй байгаа юм. Д.Ганхуяг тэргүүтэй гишүүдийн боловсруулсан хуулийн төслийн гол утга гэвэл ямар нэгэн хүн хөрөнгөө гаргаад хайгуул хийгээд их хэмжээний нөөцтэй том орд оллоо гэхэд стратегийн орд газар гэж үзэн төр болзлоо тавина. Болзлыг хүлээн авахгүй бол ашиглах эрхийг өгөхгүй байхаар хуульчлахаар тусгасан байна.     

Миний хувьд хуваах хэрэггүй гэж бодож байна. Гуравдугаарт Таван толгойн ордын нүүрсний олборлох оператор компаниар олон улсын консерциумыг шалгаруулж зарцаа болгон нүүрсийг ух, борлуулж өг, харин ашгаасаа хуваалцъя гээд гэрээ хийх хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд 30 жилийн хугацааг 15 жил болгож богиносгох хэрэггүй гэж үзэлцээд байгаа юм шүү дээ, би.    

Таван толгойн ордыг Монголын 2.8 сая иргэний мэдэлд шилжүүлэхээр хувьцаа эзэмшигчийн үндэсний зөвлөл байгуулна. Олон түмэн дундаасаа ухаантай, чадалтайгаа сум, аймаг, бүс нутгаараа ярилцаж байгаад сонгоно. Тэр үндэсний зөвлөл нь ТУЗ-өө сонгоно. ТУЗ нь даргаа, гүйцэтгэх захирлыг томилно. Ийм үндэсний корпораци байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар асуудлыг шийдэхгүй.     

Европын холбооны орнууд болон АНУ-ын бүх компаниуд ийм жишгээр ажилладаг. Жишээ нь “Женерал моторс” гэсэн компанийн хувь эзэмшигч 1.5 сая гаруй хүн байдаг. Энэ компанийг 1.5 сая гаруй хүн удирдаад байгаа юм биш. Харин энэ хүмүүс тэр компанийнхаа асуудлыг шийдэх эрхтэй. Төлөөллөөсөө бүрдүүлсэн Үндэсний зөвлөлөөр дамжуулан саналаа хэрэгжүүлнэ. Оюу толгойд хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хувьцаа эзэмшигч л гэхэд 360 гаруй мянган хүн болон хуулийн этгээд байдаг гэж сонссон. Ийм тохиолдолд улстөрчид шийдвэрийг гаргаж хянах бололцоогүй болно.    

-Та Засгийн газраас оруулж ирж байгаа хувилбар нь тааруухан гэж дүгнэж байгаа хэрэг үү?  
 
-Тийм ээ. Дэмжихгүй байгаа. Засгийн газрын оруулж ирж байгаа хувилбарт эргэлзээтэй зүйл олон байгаа. Ард түмний өмчийн корпораци байгуулж 2.8 сая иргэн эзэн нь юмаа мэдэж эрэг усаа хашдаг гэдгийн адил хяналтыг гартаа авах ёстой.

-Хүндрэлтэй биш үү?   


-Энэ нь тийм хэцүү зүйл биш. Манайхан нам байгуулаад зохион байгуулаад явдаг биз дээ. Харин ч эдийн засгийн сонирхлоор ард түмэн нэгдэх учраас илүү идэвхтэй байж ахиухан ашиг олж авахын тулд хамгийн чадалтай хүнийг сонгож удирдуулна.

-Таван толгойн ордыг хоёр хуваагаад эхний хэсгийнхээс 10 хувийг нь ард түмэндээ үнэгүй тараана, 10 хувийг нь дотоодын аж ахуйн нэгждээ хувьцаа авах боломжийг олгоно гэж байгаа шүү дээ?   

-Таван толгойн ордыг хоёр хуваагаад эхний хэсгийн 10 хувийг ард түмэндээ өглөө гэхэд ямар ч эрх мэдэлгүй. 10 хувийг нь авсан үндэсний компаниуд ч шийдвэр гаргахад оролцоо байхгүй байна. Үлдсэн хувийг эзэмшиж байгаа төрийн өмчийн компани л асуудлыг шийднэ. Энэ нь цаад утгаараа төрийн дээд албан тушаалтнууд, УИХ, Засгийн газар шийдвэрлэх үүрэгтэй байна. Манай төр авлигад автсан. Ард нийтийнхээ эрх ашгийг бодохын оронд дандаа хувиа боддог. Ер нь авлигад нэвчсэн төр хулгайч байдаг. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд тогтоогдсон зүйл. Хулгайчаар Таван толгойгоо мануулах гээд байна. Хулгайч нь “Эрдэнэс MGL” гэсэн төрийн өмчийн компани байгуулчихсан бэлтгэлээ базааж байна.    

-Ерөнхий сайд Таван толгойн ордын өчүүхэн хэсгийг ард иргэддээ өгөх гэж байгаагаа том боломж хэмээн пиардан зальдаж байна гэж үзэж байгаа юм уу?   

-Тиймээ. МИАТ, Эрдэнэт шиг компани байгуулж улстөрчид мэдэлдээ зууж авч үлдэн саалийнхаа үнээ болгох гээд байна. Ард түмэндээ 10 хувийг өгнө гэж зальдаж авч үлдээгээд хяналтдаа байлгах гэж байгаа хэрэг. Стратегийн 15 ордын эзэн нь ард иргэд юм. Үндэсний корпораци байгуулж ашиг шимийг нь хүртэх ёстой. Тиймээс ч монголчууд ухаантай байж чадвал Саудын Араб шиг болно гэж га-даадынхан хэлээд байгаа юм шүү дээ. Хэрэв ийм корпорацийн хувьцаа эзэмшигч болбол иргэд жил бүр ногдол ашиг хүртэнэ. Түүгээр орон сууцаа авна уу, хүүхдээ АНУ-д сургана уу өөрсдийнх нь шийдэх хэрэг.    

-Таван толгойн нөгөө хэсгийг гадаадын оператор компанийг сонгож олборлуулна гэж байгааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?   

-Оператор компанийг оруулах ёстой. Яагаад гэвэл монголчууд дангаараа олборлолт явуулахад чадал чансаа хүрэхгүй. Ард түмэн, төр, үндэсний компаниудын аль нь ч Таван толгойн ордыг эзэмшлээ ч гадаадын нэг операторыг хөлсөлж л таараа. Харин дэлхийн хэмжээнд нэрд гарсан компани, консорциумыг сонговол Таван толгойн уурхайн үнэ цэнэ нь дэлхийн хэмжээнийх болно.

-Транзит тээвэрлэлтийн үнэ тарифыг зохицуулах чадвартай компанийг сонгоно гэсэн шалгуур тавьж байгаа. Энэ болзлыг ОХУ, Хятадын компани л хангах юм биш үү?   


-Ер нь Хятад, ОХУ-ын компаниудыг сонгож болно. Гэхдээ дан Хятад, ОХУ-ынхыг эсвэл энэ хоёр улсын хамтарсан аж ахуйн нэгжийг л сонгож болохгүй. Олон улсын консорциум байх ёстой гэсэн Засгийн газрын саналыг бол дэмжиж байгаа. Болж өгвөл АНУ, ОХУ, Япон, БНСУ, Хятад гэсэн улсуудын компаниудыг нэгтгээд Таван толгойн төсөлд оролцуулбал бүр л сайн байна.     

Ингэснээр тогтвортой, дэлхийн хэмжээний төсөл гэдгийг илтгэнэ. Нөгөө талаараа манай улсын аюулгүй байдлыг баталгаатай болгох давуу талтай. Бид хохирвол хөрөнгө оруулсан улс хохирох учир эрх ашгаа хамгаална. Энэ нь геополитикийн зөв бодлого. Таван толгойн ордыг 2.8 сая иргэнд эзэмшүүлбэл хоёр хуваах шаардлагагүй гэж бодож байна. Харин оператор компаниар олон улсын консорциумыг сонгоод олборлолт, борлуулалтыг хариуцуулчих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд зах зээлийн дарамтын эрсдэлээс хамгаалагдана. Таван толгойг өөрсдөө ашиглана гээд хамаг хөрөнгөө шавхаад ажиллалаа гэхэд Хятадын ааш хөдлөөд авахгүй гэвэл бид дийлэхгүй шүү дээ.     

Биднийг байтугай дэлхийг хавчиж байгаа гүрэн шүү дээ. Би хоёр хөршийнхөө талаар эсэргүү үг хэлдэг л дээ. Энэ хоёр хөрш Монголыг дэлхийгээс тусгаарлаж хүйтэн дайны талбар болгож байсан. Үүнээс бид хаширсан. Болгоомжилдог. Энэ хоёр хөрш эрээ цээргүй хандаж ирсэн. Энэ нь түүхийн үнэн. Бид ч сэрэмжлэх эрхтэй ард түмэн. Үүнийг хоёр хөрш ч ойлгодог. Гэхдээ бас нэг бодит үнэн гэвэл хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байж л хөгжинө. Энэ хоёр гүрэн хөгжөөд байвал бид хөгжинө. Хэцүүдвэл дагаад хүнд байдалд орно. Тийм учраас манай улсын хөгжлийг тодорхойлогч, тэргүүлэгч гадаад хүчин зүйл юм.

Энэ хоёр улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Гэхдээ энэ хоёр хөршид бүх зүйлээ тавьж өгч болохгүй. Тусгаар улс учраас өөрийнхөө эрх ашгийг энэ хоёр хөршийн сонирхолтой уях нь чухал юм.    

-Та Таван толгойг ард түмний эзэмшилд өгөх саналаа намын бүлэг болон ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм уу?   


-Илэрхийлээд яваад л байна. УИХ дээр дэмжлэг муутай байгаа.

-Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө Таван толгойн ордын тогтоолын төслийг батлах гэж байгаа юм биш үү? 
  

-“Эрдэнэс MGL”-ийг үндэсний корпораци болгож хувцааны 10 хувийг биш бүгдийг өг, Төрийн хяналт байх ёстой гэж үзэн 100 хувь өгөхгүй гэж гүрийж байгаа бол 51-ээс доошгүй хувийг өг гэсэн горимын санал оруулах гэж байгаа.

-Ард түмний эзэмшлийнх болгохгүй гэж гүрийнэ дээ? 
  

-Ийм тулаан болох байх. 2025 он хүртэл нүүрсний үнэ өснө гэж шинжээч, судлаач, эдийн засагчид тооцоолж байна. Дэлхий дээр нүүрсний эрэлт хэрэгцээ маш их болно, стратегийн бүтээгдэхүүн нефть биш нүүрс, кокс болж, үүний хамгийн том хэрэглэгч нь Хятад, Энэтхэг болно гэж үзэж байна. Чингис хаан монголчуудад энэ баялгаа ашиглаарай гэж үлдээж. Манай өвөг дээдэс үүний төлөө л амь насаа зольж явсан байна шүү дээ. Ийм алтан боломжийг алдаж болохгүй.

-УИХ-аас томилсон Сонгуулийн хуулийг өөрчлөх, боловсруулах ажлын хэсэгт орж Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүдийн хамт УИХ-д өргөн барьсан. Гэвч энэ хуулийг хэлэлцэхгүй хойш тавьсаар байна?
-Байгалийн баялгийн төлөө дотоод, гадаадын өрсөлдөөн нэмэгдсэн. Манай улсын аюулгүй байдлын асуудал маш эмзэг болсон. Байгалийн баялгаа булаацалдаад дотроо ч мөргөлдөж мэднэ. Гаднаас сонирхогч этгээдүүд хутган үймүүлж ч мэднэ. Тийм учраас хоёр зүйлийг зарчмын хувьд тохирох ёстой гэж боддог.

Сонгууль ямар ч маргаангүй шударга явагдах ёстой. Сонгууль будлиантвал аюул дагуулж мэднэ. Баялаг ихтэй орны улс төр үнэтэй болдог. Луйвардлаа гээд нийгмийг хагарал, мөргөлдөөн рүү чирэх аюултай. Киргизийн байдал ямар аймаар байна. Манай улс 2008 оны долдугаар сарын 1-нд ийм байдалд хүрэх дөхсөн. Та нар анзаараарай. 1990 оноос хойш сонгууль болоход долдугаар сарын 1-нд болсон шиг маргаан болж байгаагүй.    

Яагаад гэвэл байгалийн баялаг үнэ цэнэгүй, ядуу байлаа, бидэнд булаацалдах зүйл байгаагүй юм. Өөрсдөө ганзаганд явж наймаа хийж хөл дээрээ босохоос өөр гарц ч байгаагүй. Тэр үед улс төр тайван байсан. Байгалийн баялаг үнэ цэнэд орж нөөц ихтэй орд илэрснээр улс төр солиорч эхэлж байна. Сонгуулиар асар их мөнгө цацах болсон.     

2012 оны сонгууль будлиантай болбол Киргиз шиг байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Үүнд нь гадны хүчнүүд хутгалдвал дийлдэхгүйд хүрнэ. Нэн ялангуяа ядуурал, ажилгүйдэл ихтэй, төр нь авлигажсан нийгэм ийм байдалд амархан өртдөг. Тиймээс сонгуулийг шударга явуулах шаардлагатай байгаа юм. Мөн төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авах гэсэн аливаа оролдлогыг хэзээ ч өөгшүүлэх ёсгүй. Ялангуяа баялаг булаацалдаж байгаа хүмүүс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдоно. Тэгвэл сонгууль явуулаагүй ч байсан улс орон хямралд автана.    

-Ийм байдалд хүрэхгүй байх гарц нь юу юм бэ?   

-Сонгуулийн хууль. Сонгуулийн тогтолцоог ярихаас илүү сонгуулийн саналыг яаж шударгаар тоолох вэ гэдэг нь чухал. Төрийг хууль бусаар авах гэсэн уриа лоозон их гарах болсон. Би үүнийг гадны тусгай байгууллагууд өдөөн турхираад байна уу гэж бодох болсон шүү.    

-Пропорциональ тогтолцоог сонгохоор МАХН, АН санал нэгдсэн гэдэг ч МАХН ухарчих шиг боллоо. Тус намын Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг холимог хувилбарыг санал болголоо?   

-Уг нь пропорциональ байвал зүгээр юм болов уу гэж боддог. Улайм цайм ялагдсан хүн дүнг зөвшөөрөхгүй луйвар орлоо гэж худлаа яриад үймүүлээд байдаг. Пропорциональ хувилбарыг сонговол хүний маргаан багасах талтай. Намуудын хооронд маргаан үүснэ. Хувь хүний маргаанаас намуудын санал зөрөлдөөн улс төрийн зөвшилцөлд хүрэхэд хялбар байдаг.    

-С.Баяр намын дарга байхдаа пропорциональ хувилбарыг санал болгож дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэвч МАХН-ын дарга солигдоод ч тэр юмуу барьж байсан бодлого нь эргэчихлээ шүү дээ?   

-МАХН-д нэг ийм хулхи зан байдаг. Нэг зүйлд тууштай байдаггүй, дандаа өөртөө ашигтай хувилбар хайгаад байдаг. МАХН пропорциональ системтэй болъё гэж өөрсдөө анх санаачилсан юм. Гэтэл хэрэгжих нөхцөл бүрдээд гарам дээр ирэнгүүт мурьж байна. Олон ааштай авгай шиг зовлонтой шүү дээ.

Ц.Доржпагма
Өдрийн сонин