www.taxpayers.mn
www.djargal.bblog.mn
www.djargal.blogspot.com
Монголчууд шударга татвар ухаалаг зардлын төлөө ТББ

Бичил уурхай эрхлэгчид, гар аргаар алт олборлогчид гэх мэт албан хэлээр нэлээд дэгжин бичигдэх боловч бид ярианы хэлэндээ илүү хэвшүүлсэн “нинжа” нар бол Монголын нийгмийн дотор арваад жилийн өмнө үүсч, жилээс жилд томорч байгаа хавдар юм. Харин энэ хавдар хорт хавдар болж, нийгмийн оршин тогтнох хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эсвэл хоргүй байж эдийн засаг хөгжиж, өндөр цалинтай ажлын байр олон болохын хэрээр алга болох нь өдгөө улс төрчдөөс хамаарч байна.
Эрхэм гишүүд гурван Их хурал дамжин анзаарахгүй байгаа энэхүү “гэрийн доторх аварга том заан”-ыг Монголын нийгэм харин мэдэрч, санаа зовох боллоо.
Та бодоод үз дээ. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн тодорхойлолт болоод байгаа уул уурхайн салбарын улсад бүртгэлтэй, цалин олгодог компаниудад нийтдээ 40 мянган хүн ажилладаг. Эрдэнэтийн 6000 хүнийг оруулаад тэр. Гэтэл Монгол Улсад түүнээс олон нинжа байна. Засгийн газраас Их хуралд саяхан оруулаад байгаа тоогоор гэхэд л Монголын бараг бүх аймгийн (21-ээс 18-д нь) 100 гаруй газарт 35 мянган нинжа алт, жонш, нүүрс, гянт болд болон бусад ашигт малтмалыг ухан амьдарч байна. Тэдэн дээр амралтын өдрүүдээрээ сэм нэгдэж байгаа сум, багийн иргэд, төрийн албан хаагчдыг оруулбал 40 мянгыг хол давна.
Монгол Улсын ажиллах хүчний дөрвөн хувь нь нинжа бөгөөд ариун цэврийн наад захын хэрэгцээ хангах ундны усгүй, эрүүл ахуйн бохир нөхцөлд, овоохой барин амьдарч байгаа тэд шал өөр иргэншлийг үүсгэж байна. Тэд мухар сүсгээр амьдралаа баримжаалж, олсон алтныхаа орлогоор хамтран архидаж наргих тусам олз омог улам их болдог, есөн хүнтэй эхэлбэл ямар ч лус савдгаас хүчтэй гэх ёс заншил бий болгож, түүндээ бүрэн үнэмших болсон гэлцэнэ. Өдөржин нүх ухаж, шороо угааж олсон багахан алтаа “хар шилтэй машинд” тушаан хэдэн зоос олж, түүгээрээ шөнөжин архидаж, янхан худалдан авдаг жишиг түгээмэл болсныг иргэд ярьж байна. Нинжагийн ертөнц хүчирхэг болжээ. Нинжа бол ашигт малтмалаар баян, буурай хөгжилтэй орон бүрт гардаг үзэгдэл. Америк, Австралид ч байсан. Дөрвөн шалтгаанаас болж хүмүүс гар аргаар ашигт малтмал олборлодог тухай гадаадын нэг мэргэжилтэн надад ярьсан юм. Эдийн засгийн цочрол болон байгалийн гамшгаас болж амьдрах эх үүсвэрээ алдах, амархан хүртэж, түргэн баяжих гэнэтийн боломж гарах, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажилгүй үедээ түр хугацаагаар ажиллах болон дагнан эрхлэх зэргийг үүнд оруулдаг. Харин Монголд бол дөрвүүлээ байна гэнэ.
Тэгээд яах билээ? Ямар ч гэсэн, гар аргаар олборлохыг алга болгох ёстой. Үүнийг хуульчилж болохгүй гээд суугаад байх тусам энэ хавдар улам бүр томорч хортой болон хувирч байна. Энэ утгаараа ямар ч арга хэмжээ аваагүй буюу өөрийн үл гүйцэтгэсэн үйлдлээрээ өнөөгийн улстөрчид нинжа нарыг улам өөгшүүлж байгаа учир нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Их хурлын гишүүдийг бид хүний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй бүх зүйлийг таслан зогсоо гэж сонгосон атал тэд толгойгоо нүхэнд шургуулчихвал өөрийгөө харагдахгүй болчихсонд тооцдог тэмээн хяруул шиг болчихжээ. Нинжа нарын үйл ажиллагааг “хуульчлахын” төлөө хууль гаргах биш, харин нэгэнт үүсчихээд байгаа сөрөг харилцааг дэлхийн бусад орны жишгээр хуулиар зохицуулахын төлөө хууль гаргах шаардлагатай байна. Олон арван мянган хүн нэгэнт цугларан амьдарч байгаа газарт ийм зохицуулалт хийхгүй бол түүнийг хуулийн биш аргаар зохицуулдаг. Нинжа нарын үйл ажиллагаанд орон нутгийн хяналтыг давамгай тавьж, тэдний үйл ажиллагааг хэмжээ хязгаартай болгож өгөхийн оронд өөрийн зоргоор нь явуулах замыг сонгосноор тэд нийгмийн хараа хяналтаас улам бүр гарч байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэд болон нинжа нар хоорондоо буудалцаж байна.
Нинжа нар зэвсэглэжээ. Хуулийн зохицуулалтгүй газар гэмт хэрэгтнүүд зохицуулалт хийж, тэдний дүрэм журам үйлчилдэг. Гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл хоорондоо олзоо, газар нутаг, орд газраа булаацалдан байлдаж, зарим тохиолдолд иргэний дайнд хүргэдэг.
Төр засаг нь ямар ч арга хэмжээг цагт нь авч чадаагүй Африкийн олон оронд “хар алмазын” зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, зарим оронд орон нутгийн, эсвэл иргэний дайнд хүргэж байгаа шүү дээ. Тэнд өнөө хавдар нь хорт хавдар нэгэнт болчихсон бөгөөд тухайн улс орон өөрөө орших, эс оршихын төвшинд хүрчээ. Харин манайд үүнийг хоргүй хавдар байлгах боломж байгаа гэж найдаж байна. Тэд жилдээ 5.0 тонн алт олборлож байгаа нь Монголбанкинд үйлдвэрлэлийн аргаар олборлон тушааж байгаа бараг бүх алттай тэнцэж байна. Алдарт 68 хувийн татвар гарснаас хойш Монгол Улсын алтны тушаалт 3 дахин багассан. Харин алтаа хулгайгаар хил давуулан Монголын алт, юанийг баталгаажуулж эхэлсэн. Уг нь Монголбанк хар захынхаас ч өндөр үнээр худалдаж авч, улсын алтны нөөцийг нэмж баймаар. Нинжа нарын үйл ажиллагааг зохицуулснаар тэдний үйл ажиллагаа ил тод, бид тодорхой тоо баримттай болж чадвал хорт хавдар болгохгүй байх ажлыг зохион байгуулах үндэс суурь болно.
Ийнхүү хавдрын цаашдын замын сонголтыг Их Хурал тун удахгүй шийдэх гэж байна. Бид Монголдоо хүн шиг сайхан, нэр төртэй, амар тайван амьдармаар байна.