Дэлхийн бүх компаниуд шаардлагатай хөрөнгө мөнгөө зөвхөн гурван аргаар л олдог. Тэд эхлээд өөрөө хөрөнгөө гаргах, чадахгүй бол гуравдагч этгээдээс зээлэх, эцэст нь хувьцаа гаргаж эзэмшлээ зарах замаар хөрөнгөтэй болно.

Хувьцааг хөрөнгө олох гэж гаргадаг болохоос хөрөнгө хуваарилах гэж гаргадаггүй. Харин Монголын төр засгийн эрхийг хослон баригч хоёр нам хорвоод байхгүй жишиг тогтоох гэж ард иргэдээ хоолой нийлүүлэн "хошгируулж" байна.

Янз бүрийн баян тансаг нэртэй компани байгуулан, түүний хувьцаа хэлбэрээр "Эх орны хишиг"-ийг ард түмэндээ олгоно гэж эхэлсэн улс төрийн тархи угаалт ид өрнөж, одоо бүр Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг нийт иргэддээ адилхан хувааж олгох хэлбэрт орлоо. Өчигдөр оройн мэдээгээр үүнийгээ "Хүний хөгжлийн сангаар" дамжуулан олгоно гэж "лүндэн" буулгав.

Тавантолгойн төсөл бол юуны өмнө бизнес. Оролцогч бүх талууд ашиг олж байж энэ төсөл хэрэгжих болохоос төслийг ашиглан улс төрийн хожоо хайж, сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилтоо урьтал болговол энэ ажил явахгүй.

Тэгээд ч энэ төсөлд хөрөнгө оруулаад, нүүрсээ ухаж гаргаад, боловсруулаад борлуулаад, улмаар оруулсан хөрөнгөө ашгийн хамт эргүүлэн авах хүртэл бас ч зайтай. Шаардлагатай авто болон төмөр зам тавьж, цахилгаан станц байгуулахад үлэмж хөрөнгө хэрэгтэй. Төр засаг өөрийн хөрөнгөөр болон хуримтлуулсан ашгаасаа энэ дэд бүтцийг, хот тосгоны хамт байгуулна. Хувийн компани энэ бүхэнд хөрөнгө оруулдаггүй. Зөвхөн төр мөнгийг нь гаргавал эсвэл төлбөрийг нь хурааж авах зөвшөөрөл өгвөл хувийн компани хийнэ.

Энэ бүх ажлуудыг юу ч гэсэн "Эрдэнэс МГЛ" гэдэг төрийн өмчит компани хариуцах нь тодорхой болов. Энэ компани яваандаа хувьцаат компани болж түүний арван хувийг нь ард иргэд эзэмших юм байна. Хүний хөгжлийн сангаар гэдэг нь төрөөс хоёр намын амлалтын бэлэн мөнгийг хүн бүрийн нэр дээр гаргаад, түүнийгээ "Эрдэнэс МГЛ" компанийн арван хувийг худалдан авч, ард иргэддээ тараах гэсэн санаа байх. Хөрөнгө оруулалт хийсэн мөртлөө хувьцаа тараах арга үүнээс өөрөөр баймгүй. Харин тэр арван хувийг ТУЗ дээр нь хэн төлөөлөх бол?

Энд буй тодорхой биш бас нэг зүйл бол "Эрдэнэс МГЛ" компанийн үнэлгээ. Энэ үнэлгээг бух хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Үнэлгээ тогтооход Тавантолгойн төслийн хэсэг бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой байх ёстой. Түүнийг нийт борлуулалттай холбож байж төслийн унац гарна. Дараа нь компанийн үнэлгээг тогтооно.

Тодорхой дэд салбар бүртээ гадаадын болон дотоодын хамтарсан охин компани үүсгэн байгуулж байж л энэ төсөл хэрэгжих бөгөөд энэ олон компанийн эх. компани болох "Эрдэнэс МГЛ" хувьцаат компанийн хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай. Нээлттэй байлгах гол шалтгаан бол Монголын аль компанид хувьцааг нь өгөхийг ялгаж салгахад хэцүүгээс урган гарч байгаа юм. Жишээ нь хоёр мянга гаруй компани нэгдсэн, бас сайхан юм бодож төлөвлөж байгаа гээд "Монгол 999" гэдэг нэгдэлд тусгай эрх өгч болохгүй.

Тэгвэл үлдсэн 50 мянга гаруй компани заавал нэгдэхгүй бол авч чадахгүй гэсэн үг болно. Эсвэл өөр нэгдэл, аль нэг байгууллагын гишүүд учир өгнө гэж бас л болохгүй. Тэгэх бүр тухайн төслийн үйл ажиллагааны зардлын зах зээлийн үнэд гажилт үүсгэдэг. Ер нь Монголд бизнесийн улс төрийн эрсдэл, зардлыг үргэлж нэмж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Харин энэ нэгдэл, группүүд юуны өмнө өөрсдийгөө хөрөнгө оруулагч уу, эсвэл гэрээт гүйцэтгэгч үү гэдгийг нарийн тодорхойлохгүй бол хоёуланг нь зэрэг хийх боломжгүй. Хийж чадах хэмжээний хөрөнгө мөнгө, техникийн чадвартай компани Монголд бүр байхгүй.

Гадаадын том компаниуд орж байж л гадаадын хөрөнгийн зах зээл дээр илүү итгэл үнэмшил бий болох бөгөөд манай Засгийн газрын компанид иргэд нь итгэхгүй байхад тэд бүр итгэхгүй.

Дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарахын тулд бүх компани мэдээллээ үнэн зөв гаргах ёстой. 2009 оны тайлангаа МХБ-д бүртгэлтэй 342 компанийн 64 нь гаргасан боловч дөнгөж аравханхан компани тайлангаа бүрэн гаргажээ. Аравхан компанитай Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэдэг бас л эргэлзээтэй. Тайлангаа гаргахгүй байгаад Хөрөнгийн бирж биш, Санхүүгийн зохицуулах хороо хариуцлага хүлээх ёстойг манайхан мэддэггүй бололтой.

Тавантолгой шиг том хөрөнгө яригдаж байгаа түүхэн цаг үед дотоодын хөрөнгийн зах зээл нь яаж ажиллаж байгаа нь хувьцаа, хишиг хоёроо ялгахгүй Засгийн газарт нэг их хамаатай биш бололтой. Энэ бол харин Монголын ард түмэнд маш их хамаатай.