Д.Энхбат: Энэ зам Монголдоо л анхных болохоос дэлхийд 39 дэх нь
-Хятадын Ерөнхий сайд ирээд буцлаа. Үүний өмнө Оросын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар ирээд бас л уул уурхай яриад явсан. Хорин жилийн дараа хоёр хөрш маань гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг бололцоо л гарвал Монгол руу ирдэг боллоо.
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Ярилцлагаа хамгийн сүүлийн үеийн үйл явдлаас эхэлье. Хятадын Ерөнхий сайд үндсэндээ манай нүүрсийг л сонирхож ирлээ. Хятадууд, дэлхий үнэхээр Монголын нүүрсээр дутаад байгаа юм уу?
-Хятадын Ерөнхий сайд ирээд буцлаа. Үүний өмнө Оросын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар ирээд бас л уул уурхай яриад явсан. Хорин жилийн дараа хоёр хөрш маань гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг бололцоо л гарвал Монгол руу ирдэг боллоо. Яагаад тэр вэ. Өөрийн чинь асууснаар энэ их гүрнүүд үнэхээр нүүрсээр дутаад байгаа юм уу. Үгүй. Жишээ нь ОХУ-д дэлхийн нүүрсний тал хувь нь бий. Хятад бол Монголоос хэд дахин их нүүрсний нөөцтэй. Тэгэхээр тэдний энэ гэнэтийн анхаарал бол дэлхий ертөнцийн чиглэлийн асуудал. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын доллар дэлхийн мөнгө байж ирсэн. Энэ улс доллараа үйлдвэрлээд л гаргачихдаг. Жишээ нь, Иракийн дайнд өдөрт нэг тэрбум ам.доллар зарж байна. Доллар дэлхийн мөнгө учраас дэлхий өөрөө Америкийг санхүүжүүлж явдаг. Доллартай улс, компани, хувь хүн болгон үргэлжид доллар чангараасай гэж хүсдэг. Бараг Америкаас нь илүү хүсдэг. Гэтэл сүүлийн үед дэлхийн санхүүгийн хямралаас үүдээд долларын ханш унах вий, үнэгүйдэх вий гэсэн болгоомжлол бий боллоо. Энэ тохиолдолд долларыг орлодог хатуу валютын тухай ярьж эхэллээ. Энэ бол алт. Дэлхийн орнууд алтаа нөөцөлдөг. Дээр нь алт бол ховор, хязгаарлагдмал түүхий эд. Тийм учраас үнэ өсч, ховордлоо. Иймд долларыг орлох хатуу валют нь заавал алт байх албагүй, алттай адилхан хурдан борлогдох бүх үнэт металл байж болох юм гэдгийг эдийн засагчид ярьж байна. Эдгээр нь уран, төмөр, нүүрс. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр алт ховордож, доллар үнэгүйдэж байгаа энэ үед түүхий эд бол хамгийн үнэтэй хатуу валют болж ирж байна. Үүнийг санхүүгийн шинэ давалгаа гэж үзээд дэлхийн улс орнууд ашигт малтмал түүхий эдийг нөөцөлж эхэллээ. Бидэнд хамгийн ойрхон жишээ гэвэл Хятад улс байна. Энэ улс 2.5 триллион долларын валютын нөөцтэй. АНУ-ын эдийн засаг хэлбэлзэхийн хэрээр Хятад энэ мөнгөнөөсөө алдаж байдаг. Цаашид алдахгүйн тулд Хятад улс энэ их валютын нөөцөө чулуу болгож эхэлж байна. Африкийн том том уурхайнуудыг худалдаж авлаа, Венесуэл, Орост нефтийн ордод хөрөнгө оруулалт хийлээ. Яг энэ үүнтэй адилхан хажуудаа байгаа Монголын нүүрсийг маш их сонирхож эхэллээ.
-Монгол Улс энэ шинэ давалгааны хаана нь ямар байр суурьтай явна вэ?
-Улс орнууд валютаа түүхий эдээр чулуу болгож байгаа санхүүгийн энэ шинэ давалгаагаар бол Монгол Улс дэлхийн хамгийн их валюттай орон болж хувирна аа даа. Нэг хүнд ногдох хатуу валютын нөөцөөрөө эхний тавд биш юмаа гэхэд аравт баталгаатай орно. Энэ өнцгөөс нь харвал Монгол бол баяжих гэж байгаа биш, аль хэдийнэ баян болчихсон орон. Харамсалтай нь Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд маш өвөрмөц, хүн гайхмаар алхам хийсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулиар Монголын ашигт малтмалын хайгуулын лицензийг дэлхийн дурын иргэн хэдийг л бол хэдийг үнэгүй авч болохоор хуульчилсан. Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн гуравны нэг нь лицензээр өгөгдсөн. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд валютаа чулуужуулж байхад манайх аль хэдийнэ байгалиасаа чулуу болгоод өгчихсөн хатуу валютаа дэлхийн зургаан тэрбум хүнд, дурын иргэнд үнэгүй тарааж байна. Дэлхий даяараа хатуу валютыг байгалийн баялгаар орлуулах тоглоом явж байхад монголчууд ганцаараа энэ урсгалыг сөрж явна. Ганцаараа урсгал сөрж яваа учраас учрах эрсдэл нь тодорхой.
-Гаднынханд өгчихөөгүй ээ, лиценз бол өмч шилжүүлсэн баталгаа биш гэж эрх баригчид хэлдэг шүү дээ?
-Ингэж хэлдэг хүмүүс нэг зүйлийг анзаардаггүй. Юу гэхээр лицензээр өмчлөхгүй ч, лицензээр өмчийг захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Түүхий эдийн нөөцийг гаргаж ирээд ашиглаж байгаа юм одоогоор Монголд алга. Харин түүхий эдийн нөөцийг валютын нөөц хэлбэрээр хадгалж л байна. Ингэж хадгалахад тухайн ордыг эзэмших лиценз байх уу, газрыг нь өмчилж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна уу гэдэг огт хамаагүй. Хамаагүй учраас л Хятадын компаниуд манай улсын ашигт малтмалын ордуудын лицензийг маш олноор худалдаж авч байна. Лицензээр захиран зарцуулах эрхээ авчихсан эдгээр ордоо яаран ашиглах нь тэдэнд чухал биш. Харин мөнгөө чулуу болгож хадгалах нь л чухал. Бодит байдал дээр ойрхноос жишээлэхэд Улаанбаатарыг тойроод барилгын бүх элс, хайрга, карьерийг Хятадын компаниуд авчихсан. Монгол хүн нутаг дээрээ байшин барихдаа хятадуудаас барилгын элс, хайргаа худалдаж авч байна. Ингэж худалдагдсан барилгын түүхий эд маань цаашаа нүүрс болж хувирна. Ийм схемээр эдийн засгийн бүх нөөц бололцоо маань гаднынхны гарт орж байна.
-Тэгвэл лицензүүдээ цуцлаад хураагаад авчихаж болохгүй юу?
-Тийм бололцоо бараг байхгүй. Яагаад гэвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орны цэргийн гэрээнд заасан байгаа. Дэлхийн аль ч өнцөгт өөрийн эд хөрөнгийг цэргийн хүчээр хамгаална гэж. Энэ чинь лицензийг нь хураах замаар захиран зарцуулах эрхтэй өмчид нь халдвал Монголын нутагт цэрэг оруулах боломжтой л гэсэн үг.
-Тэгэхээр монголчууд бид лиценз нэрээр газар нутгийнхаа гуравны нэгийг үндсэндээ гаднынханд алдчихсан юм биш үү?
-Би чамаас нэг зүйл асууя. Танай гэрийн зурагт өөр хүний, хөргөгч чинь бас нэг өөр хүний нэр дээр, диван чинь гурав дахь хүний нэр дээр бичигдчихсэн. Өөрөөр хэлбэл, эзэн нь чи ч танай зурагт, хөргөгч, диваныг ашиглах зарцуулах эрх нь гаднын хүний нэр дээр байвал танай гэр гэж байгаа юм уу. Үүнтэй адил Монголын уул уурхайн бүх орд лиценз нэрээр гаднынхны нэр дээр бичигдсэн байгаа үед Монгол Улс гэж байгаа юм уу гэдэг асуулт ирэх нь зүй ёсны хэрэг. Юунаас болоод бид ийм байдалд орчихов оо гэдэгт би итгэлтэй хариулж чадна. Монгол Улс хатуу валютынхаа нөөцөөр дэлхийн хамгийн баян орон байх түүхэн боломжоо алдаад дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалт руу гулсч явна. Энэ бол дэлхий даяараа явж байгаа урсгалыг ганцаараа сөрсний гай. Бидэнд ирж байгаа эхний цохилт нь. Энэ давалгаагаар Монгол Улс газрынхаа баялгийг алдаад дуусч байна. Одоо цаашид хоёр дахь давалгаа явна. Бид азаар стратегийн 15 ордоо төрийн мэдэлд аваад үлдчихсэн. Хоёрдугаар давалгаа эдгээр 15 ордыг монголчуудаас салгахад чиглэнэ.
-Тэр нь ямар арга байх вэ, одоо бол лиценз гаднынхны биш, монголчуудын гарт байгаа?
-Монгол бол байгалийн баялагтай дэлхийн ганц орон биш. Монголын байгалийн баялаг бол дэлхийн хамгийн их нь ч биш. Бас анхных нь ч биш. Тийм учраас их гүрнүүд өмнө нь байсан уламжлалт аргаа л хэрэглэнэ. Жишээ нь, Нигерийн схемээр явахад л бид хоёрдугаар давалгаанд өртөнө. 1970-аад оны үед Нигери улс асар их нефть илрүүлсэн. Африкийн хамгийн их нефтьтэй орон болсон. Нефтийн нөөцөө барьцаалаад их хэмжээний зээл авсан. Гэтэл дотооддоо улстөр нь авлигад идэгдсэн, дээр нь эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхлоос болоод хэдхэн бүтээн байгуулалт л хийж чадсан. Төмөр зам тавьсан орон сууцны хороолол барьсан. Баруун солгойгүй цацсан бусад мөнгө нь хаашаа орсон нь тодорхойгүй. Харин зээлийг хүүтэй нь хамт төр нь, ард түмэн нь төлж явсан. Ингэж явж байгаад хэдхэн жилийн дараа иргэн дайн гаргаж нефтийн хэдэн цооногийг нь шатаачихсан. Тэгээд зээлийнхээ хүүнд нефтээ өг гэсэн. Одоо өнөөдрийн байдлаар Нигери улс орлогынхоо ная хүртэл хувийг өмнө нь авсан зээлийнхээ өрийг төлөхөд зарцуулдаг. Бид Тавантолгой, Оюутолгойгоос мөнгө олох юм чинь гэсэн байдлаар яг Нигерийн араас зээл тавих аргыг нь хэрэглэж явна. Урьдчилгаа авна, тэрийгээ тараана, дэд бүтэц барих нь зөв. Гэхдээ бид хүний мөнгөөр, өрөөр төмөр зам тавьж, орон сууцны хороолол барих гэж байгаагаа мартаж болохгүй. “Утаагүй Улаанбатар” гээд 18 триллион, “Монгол мал” гээд хоёр триллион, “Ус” хөтөлбөр гэж гурван триллион төгрөг баталж байна. Бүгдийг зээлээр хэрэгжүүлнэ. Энэ их мөнгийг хэзээ яаж төлөх нь тодорхойгүй. Бидэнд уул уурхайгаас өөр төлөх юм байхгүй. Зөвхөн нүүрсээр төлнө, нүүрсээ гаргахгүй бол зээлээ төлж чадахгүй, асар их өрөнд баригдах дээсэн дөрөөн дээр тоглож байна, бид. Нүүрсээрээ барьцаалаад маш их зээл авчихсан байдаг. Гэтэл өөрөө нүүрстэй Хятад, Орос манайхаас нүүрс авахаа гэнэт зогсоовол яах вэ, урьдчилаад авчихсан энэ их зээлийг яаж төлөх вэ. Магадгүй тэр үед Хятад “за тэгвэл зээлийнхээ хүүнд нүүрс авъя” гэж нөхцөл тавибал яах вэ. Нигерийн схем давтагдахгүй гэх аргагүй. Энэ цохилтын үр дүнд Монгол бол өртэй орон болж хувирна. Монголын өнөөдрийн улстөрийн байдал ийм зам руу л чирч байна. Уул уурхайнхаа барьцаанд орж байна. Үүнийгээ дагаад бүлэглэлүүд нь улайрч байна. Уул уурхайгаас өөр юм байхгүй, уул уурхайн цаана амьдрал байхгүй юм шиг загнаж байна. Хөзрөөр бол бүх бооцоогоо, хүнээр бол бүх амьдралаа зөвхөн уул уурхайд барьцаа болгон тавьж байна. Монгол Улсынхаа ирээдүй, соёл, тусгаар тогтнолоо уул уурхайгаар барьцаалсан зээлэнд тавьж байна.
-Ер нь монголчууд биднийг туйлшрамтгай гэдэг л дээ. Гэхдээ энэ удаа арай л дэндээд байх шиг. Уул уурхайн цаана амьдрал байхгүй юм шиг загнаж байна. Монгол Улсын цаашид оршин тогтнох хугацаа Тавантолгой, Оюутолгойг ашиглалтаар дуусах юм шиг хандаж байна?
-Яг үнэн. Монголчууд бид бүгдээрээ уул уурхайнхаа боол болчихлоо. Монгол бол хэдийгээр цөөхөн хүн амтай ч, дэлхийн түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн, 2000 жилийн төрийн түүхтэй том үндэстэн. Дээр нь бид ардчилалтай. Бид уул уурхайгаас хамаагүй том харах ёстой. Жишээ нь, Норвегийн сан гэж байна. Энэ улс нефть газын асар их нөөц илрүүлсэн. Эндээс олсон мөнгөө улсынхаа эдийн засагт шууд оруулаагүй. Тусгай сан байгуулж, дэлхийн эдийн засагт оруулаад хүүг нь ашиглах замаар хөгжиж байгаа улс. Гэтэл манайх бол асар их мөнгийг урьдчилгаа нэрээр зээлж аваад шууд эдийн засагтаа халамжийн бодлогоор тарааж байна. Ер нь уул уурхайн мөнгө бол өөрөө эдийн засгаас үүсээгүй гаднын мөнгө шүү дээ. Өөрөөр хэлбэл, мэдлэг, хөдөлмөрөөр үүсээгүй, тэр байтугай 2.7 сая монголчуудын эдийн засгийн харилцаагаар үүсээгүй мөнгө. Гаднаас бэлэн орж байгаа энэ мөнгө улс төрийг ч, эдийн засгийг ч сүйтгэдэг. Одоо сүйтгээд эхэлчихсэн л явж байна. Монголд “Алт” хөтөлбөр хэрэгжээд арав гаруй жил боллоо. Төсөвт юм өгсөн нь мэдээж. Алтны арваад компанийн захирал нэлээд баяжсан. Одоо зарим нь шоронд ороод эхэллээ. Алтнаас болоод 100 мянган хүн нинжа болсон. Төр эдгээр хүмүүсийг хараагүй дүр эсгэж байгаа. Алт бол нөлөөллөөрөө яг хар тамхитай адилхан. Алт ухаад 3-4 жил явчихсан хүн хэзээ ч эргээд хөдөлмөр хийж амьдарч чаддаггүй юм байна. Маш ховор гэнэ. Яагаад гэвэл алт хүний нийгмээс гадуур үнэлэмж үүсгэдэг. Хүний нийгмийн харилцаа алт ухаж байгаа газарт байдаггүй. Хэрвээ бид замбараагүй уул уурхай эрхэлбэл 2.7 сая монголчууд маань бүгдээрээ нинжа болох гэж байна.
-Гэхдээ арай л муу амлаад байгаа юм биш үү. Яагаад ийм бессимист болчихсон юм бэ?
-Муу амлаж байгаа юм биш ээ, би зохиож ч яриагүй. Биднээс өмнө 40 орон яг ийм замаар явчихсан байхгүй юу. Дэлхийн банкны судалгаагаар уул уурхай дээр хөзрөө тавьсан эдгээр 40 орноос хоёр нь л хөгжсөн. Үлдсэн 38 нь дампуурсан. Чили, Австрали хоёр хөгжсөн. Нэгэнт хөгжсөн байсан Норвеги энд ороогүй л дээ. Ингээд бодохоор бидэнд бодох юм их байна. Одоо бидний энэ явах гээд байгаа зам бол Монголдоо л анхных болохоос дэлхийд бол 39 дэх нь л байхгүй юу. Уг нь бид уул уурхайн баялгаа дэлхийн эдийн засагт оруулах замаар хөгжих Норвегийн загвараар явах ёстой байсан. Түүнээс биш, зээл аваад, халамж тараагаад идэж уугаад өр тавиад суух биш. Энэ бол хөгжсөн хоёр орны араас биш, нөгөө дампуурсан 38 орных нь замаар орчихож байгаа юм.
-Одоо яах вэ. Зогсоох, гольдролыг нь өөрчлөх арга байна уу?
-Олон эрдэмтэн хэлдэг. Засаглал султай оронд байгалийн баялаг бол аюул болдог гэж. Үүний жишээ нь Монголд болж байна. Өнөөдөр Монголд бүх төвшинд албан ёсны засаглал ажиллахаа больчихсон. Албан бус засаглал нь хүчтэй ажиллаж байна. Улстөрийн намууд, улстөр эдийн засгийн бүлэглэлүүдийн далд харилцаагаар бүх юм явж байна. Нэг талаасаа засаглал нь маш сул учраас сүүдрийн төр нь их хүчтэй байна. Ийм нөхцөл байдал дунд бид уул уурхайгаар тоглоно гэдэг эрсдэлтэй. Тийм учраас улс төр, эдийн засгийн цоо шинэ бодлого гаргаж ирэх ёстой.
-Ийм бодлого гаргаж ирэхийн тулд эхлээд засгийн эрхийг барьж байгаа намууд шинэчлэгдэх ёстой байх?
-Зөвхөн намууд гэж явцуурч болохгүй. Улстөрийн шинэчлэл бүхэлдээ гүнзгийрэх ёстой. Төрийг бэхжүүлж хүчтэй болгохын тулд бүх нийтээрээ төрийн хэрэгт идэвхтэй оролцмоор байна. Иргэдийн оролцоотой төр л эрүүл, хүчтэй байж чадна. Орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Намуудын оролцоог буюу түүн дор нуугдсан бүлэглэлийн эрх мэдлийг хязгаарлах ёстой. Засгийн газар, парламент хоёрыг салгах, одоо байгаа хагас Ерөнхийлөгчийн засаглалаа тодорхой болгох ёстой. Шүүхийг биеийг нь даалгах хэрэгтэй. Ер нь төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг Үндсэн хуулийн заалтаа бодитой болгох ёстой. Ард түмний төр л юм бол ард түмний эрх мэдэл хүчтэй байдаг тийм төрийг бий болгох ёстой. Өнөөдөр Монголын төр ард түмнийх биш учраас л суларч, бүлэглэлийнх болж байгаа юм. 2.7 сая хүний эрх ашиг бол нэг удаагийн уурхайгаа тавиад авах зээлийн мөнгө биш л байхгүй юу. 2.7 сая хүний эрх ашиг бол улсын тусгаар тогтнол, соёл иргэншил, түүх ирээдүй байх ёстой. Дурын иргэнээс асуугаарай, та хүүхдийнхээ ирээдүйг сүйтгэсэн амьдралаар өнөөдөр амьдрах уу гэж асуу. Хэн ч үгүй гэж хэлнэ.
-Улстөрийн шинэчлэлийг намуудаар дамжуулж хийх ёстой. Гэтэл төрийн эрхийг барьж байгаа намуудад шинэ үеийнхэн орж ирэх боломж тэр бүр алга л даа. Шударга, эх оронч, шинэ үеийн залуусын олонхи нь голдуу намуудын хаалганы гадна зогсч байна?
-Намууд оруулж ирэхгүй байгаа нь үнэн. Би ч гэсэн намд ороогүй байхдаа ингэж шүүмжилдэг байлаа. Харин намд ороод улстөрд яваад ажиглаж байхад шинэ үеийг хэн ч хадаг барьж Монголын улстөрд урихгүй. Сайхан Монгол Улсыг байгуулах галт тэргэнд та суу гэж хэн ч тэр шинэ үеийг урихгүй. Шинэ үе өөрсдөө л тасалбараа авч тэр галт тэргэнд амжиж суух ёстой. Өөрийн чинь нэрлээд шударга, эх оронч, намуудыг бохир гэж хараад байгаа тийм хүмүүст би нэг зүйл хэлье. Та бүхнийг хэн ч хэзээ ч урьж залахгүй шүү.
-Бас сонгууль өгтөл луйвардаад дүнг нь засчихаж байна?
-Тэгж байгаа л даа. Гэхдээ л оролц. Уйгагүй оролц. Оролцоогүй чинь өөрөө бас нэг сонголт юм шүү. Ардчилал бол оролцоо. 20 жилийн өмнө төрийн хэрэгт оролцсоныхоо төлөө шийтгүүлдэг байлаа. Ардчилал ялсны дараа төрийн хэрэгт оролцоогүйн төлөө амьдрал биднийг шийтгэж байна. Оролцоогүйн төлөө ард түмэн өөрсдөө хохирдог болж байна. Тийм учраас оролцоог нэмэх ёстой. Бодитой болгох ёстой. Бидний толгой дээр хэдэн нам гараад луйвардаад өг, би гэртээ зурагтаа үзээд хааяа бухимдчихаад сууж байя гэж хандаж болохгүй. Оролц, ардчилсан нийгэмд ардчиллын дүрмээр тогло. Хэрвээ бид энэ ардчиллаа ашиглаж чадахгүй бол ардчилал өөрөө үхнэ. Монголчууд өөрийнхөө эрх ашгийн төлөө л явбал намууд юу ч биш. Монголчуудын эрх ашиг гэдэг чинь улсын эрх ашиг. Зүгээр л бид ардчилсан нийгэмд ардчиллын амьдралаар амьдарч сураагүй л байна. Зурагтынхаа ард сууж шүүмжилснээ ардчилал гэж эндүүрээд сууж байна. Өнөөдөр биднийг хэн ийм болгоод байгаа юм. Хятадууд, оросууд болгоогүй. Үүнтэй адил хятадууд, оросууд биднийг хөгжүүлэхгүй. Бидний хувь заяа бидний гарт л байгаа. Энэ тухай Кубын хувьсгалын удирдагч Че Геварагийн нэг үг байдаг юм. Мань хүнээс “та ард түмнийг чөлөөлөгч мөн үү” гэж асуусан. Тэгэхэд Че Гевара “ард түмнийг хэн ч чөлөөлдөггүй юм. Ард түмэн өөрөө өөрийгөө чөлөөлдөг юм” гэж хариулсан байдаг. Үүнтэй адил Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Үүний тулд бид бүгдээрээ шинэчлэгдэж оролцох ёстой.
-Бид ч гэж дээ, иргэд оролцохоос илүүтэй ялангуяа засгийн эрх барьж байгаа энэ намууд, түүний удирдлагууд л шинэчлэгдмээр байна?
-Би өөрөө нэг намын дарга байж бусдын намын төлөө ярих нь зохимжгүй. Гэхдээ өнөөдөр МАХН хуучинтайгаа зууралдаад, АН нь шинэ үеийн МАХН болох гээд л үзээд байх юм. Үгүй ээ, монголчуудад нэг намыг нөгөөгөөр нь солих сонирхол байхгүй. Монголчуудад шинэ бодлого хэрэгтэй. Шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Ардчилал ялаад 20 жил болсон ч, бидний толгойд Д.Нацагдоржийн шүлэглэсэн хөмөрсөн тогоо маань байж л байна. Манжийн үеэс л бие биеэ матаж отго жинсээ чулуу болгодог улстөр маань явж л байна. Өнөөдөр шууд матахгүй ч, баяжих, эрх мэдэлтэй болохын тулд нэг бүлэглэл нь гаднынхантай нийлж нөгөөхөө нухдаг тийм улстөр нь явж л байна. Бид дэлхийд нээлттэй, байгалийн асар их нөөцтэй, баяжих маш том боломж нээлттэй явахад бүх юм маань хуучнаараа яваад байна. Хуучнаараа өр тавьж байна, хуучнаараа бие биеэ матаж, булааж, байгаль дэлхийгээ сүйтгэж явна. Дэлхийн бүх орон байгаль дэлхийгээ хайрлаж байхад бид сүйтгэж байна. Бидний энэ замаар 38 орон яваад үзчихсэн байхад бид заавал 39 дэх нь болох ямар хэрэгтэй юм бэ. Үүний тулд л дэлхийн төвшинд сэтгэх хэрэгтэй байна. Дэлхийд нээлттэй болчихоод дэлхийн дүрмээр амьдармаар байна. Дэлхийд нээлттэй болчихоод ганцаараа хөмөрсөн “тогоо”-тойгоо зууралдаад сууж болохгүй. Ардчилсан нийгэмд ардчиллын дүрмээр тоглож ардчиллын дүрмээр амьдарч чадвал энэ хэдэн намыг өөрчлөх, ард түмний төлөө үйлчилдэг болгох амархан шүү дээ.
-Энэ бүхэн чинь бид дэлхийн өмнө нэг баг, нэг үндэстэн болж чадахгүй байна аа л гэсэн үг биз дээ?
-Учир нь ердөө л энэ шүү дээ. Хөмөрсөн “тогоо”-ноосоо гарч сэтгээд уурхайн цаана уул байдаг, Тавантолгойн, Оюутолгойн нөөц дууссаны дараа ч Монгол Улс байна гэж том эрх ашгаа харвал бидэнд боломж, сайхан ирээдүй бий.
-Та нэлээд гутранги ярьсан учраас саяын сайхан үгээр чинь ярилцлагаа төгсгөх үү?
-Тэгье. Гэхдээ гутранги үзлийн тухайд би түрүүн хариулсан даа. Би зохиогоогүй, 38 улс яваад дампуурчихсан зам гэж. Асуудал хэлбэртээ биш, сэтгэлгээндээ байх ёстой. Яагаад заавал дампуурсан 38-ын замаар явах гээд байгаа юм. Буруу зөвийг нь тунгаах, ард түмнээрээ ярилцах хэрэгтэй. Үүний тулд оролцоо хэрэгтэй, ардчилал ашиглах хэрэгтэй.
Хэвлэлээр шүүжилснээ, зурагтынхаа ард бухимдсанаа ардчилал гэж эндүүрч болохгүй. Хөмөрсөн “тогоо”-ны сэтгэлгээ маань биднийг боол болгож байна. Дэлхийн өмнө ч боол болоод л, эх орондоо намуудын боол болоод л явж байна. Инерциэрээ явж байгаа энэ хөмөрсөн “тогоо”-ны сэтгэлгээнээсээ хүн бүр гармаар байна.
munkh
delgermaa
zora
Энхбат
b
Unshigch
Цэгэмэн
mgl
Зочин
Гуйлгачин Ардчилал!!
Зочин
Зочин
Hi
Зочин
Баагий
zochin
aimaar
ббб
Erka
zoro
Setguulchded
уншигч
Монгол
Зочин
Зочин
хэн
Зочин
h
зочин
Гарц
Mgl hun
óäâàë
Hi
Зочин
bg
Зочин
zelem
Зочин 85
uursduu orolts
Сак
Зочин
Иргэн
Зочин
SHS
sd
радка
Зочин
Бат
Цэвээнжав
Зочин