Монголын их авлига
Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?
Нэг.
Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?
Тэд өнгөрсөн сонгуулиар гарч ирэхдээ амалсан болгоноо эсрэгээр хийлээ. Дээлээ дахин давхарлаж, төрийн албан хаагчдыг зогсоо зайгүй халж бүх албан тушаалд хүмүүсээ тавихаас эхэлж явсаар өнөөдөр шударга ёсыг нулимсан Өршөөлийн болон Сонгуулийн хуулиар үргэлжлүүлэв. Цаашаа бүр айхгүй хийнэ. Үндсэн хуулийг цэцтэй нь хамт өөрчилж хүмүүсээ шургуулна, УИХ-ын гишүүдийн тоог 99 ч юм уу болгоно, намууд хандив тусламж авахыг хэвээр үлдээгээд төсвөөс нэмж санхүүжүүлдэг болно гэх мэт. ТЭД ЯЛАВ.
Ардчилал дутагдалтай гэдэг. Гэхдээ Монголд дэндлээ. Сонгуулиар гарч ирвэл дөрвөн жил зоргоороо. Уг нь бие биенээ хянах, давруулахгүй байлгах учиртай сөрөг хүчин байгаа, заримдаа чи би-дээ хүрч харагдавч нэмэр алга. Ингээд тэд "эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах" гэдгийг үзүүлж өгч байна. Танил ишлэл байгаа биз? Тийм ээ, энэ бол Авлигын эсрэг хуулинд байдаг тодорхойлолт. Тэгвэл яагаад баригдахгүй байна? Яагаад гэвэл энэ бүгдийг хууль, дүрэм, журам гаргаж буюу гаргуулж, эсвэл гаргуулахгүй саатуулаад хийж сурчээ. Өрөөндөө мөнгө тоолж сейфэндээ цоожлох ямар ч шаардлагагүй. Төгс авлига гэж үүнийг хэлэх байх. Бас цэвэрхэн. Хэн нэгэн албан тушаалтан төсвийн мөнгө, урамшуулал, тендер, газар, албан тушаалыг авахын тулд бусаддаа хүртээж хэдүүлээ, олуулаа, намаараа, байгууллага, хамт олноороо, салбараараа авч байна. Өөрт нь хариуцуулсан аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг зараад хаус, орон сууц, хотхон бариулаад хуваалцаж "төрийн албан хаагчдын нийгмийн асуудал"-ыг шийддэг нь үүний сонгодог жишээ. Эрсдэл нь тэг. Анх хэдэн олигарх өөрсдийгөө цайруулахын тулд сэдсэн өршөөлийг бүх нийтийнх болж хавтгайруулж байгаад тэр бужигнаан дунд хамаг ул мөрөө баллаж нуруугаа тэнийлгэв. Бас өөрсдийгөө өршөөх нь чамлагдаад хуулийг сийхгүй зөрчиж дураараа дургисан хойноо тэр хуулиа тааруулаад засчихаж байгаа юм. Энэ бүхэн өнөөдрийн МОНГОЛЫН ИХ АВЛИГА болой.
Тэд төрийг эзэмшдэг тул авлига авах шаардлага ч үгүй болжээ. Авлигын тогтолцоо. Монголд авлига буурсан тухай судалгааны дүн гарвал бүү гайхаарай. Энэ бол сүүлийн жилүүдэд газрын маргаан багассантай төстэй юм. Зүгээр л байршил сайтай, хамгийн үнэ цэнэтэй газар дууссан хэрэг. Лав нийслэл, түүний эргэн тойрны хамаг газрыг эдлэн болгож дуусгаад одоо үлдсэнийг цахимаар суглуулан жигтэйхэн шударга аашлан даапаалж байна. Хамгийн сүүлчийн газар олголтоор лав Баянзүрх дүүрэгт нэг ширхэг 0,5 га газрын төлөө 8000 гаруй хүн өрсөлдөж харагдсан. Ядахдаа энэ зуундаа багтаад нийслэл орчимд газартай болох найдлага хүмүүст төрсөн нь яамай гэж тайвшрахаас.
Хоёр.
Ноднин, уржнангаас манай сонгогчид ууртай байгаа. Хямрал, үнийн өсөлт (он гараад НӨАТ-ын тооцооноос болж дахин нэмэгдэв), Тавантолгойн хулхи хувьцаа, найман хувийн зээл зогссон, авлигачдын толгой илэлт, улс төрчдийн дураараа дургилт. Ингээд сонгогчид 2016 оны зургадугаар сард эрх баригчидтай нэгмөсөн хариуцлага тооцохоор тэсч ядан хүлээж суутал дахиад чадуулчихав бололтой. Учир нь эрх баригчид сөрөг хүчинтэйгээ хамжаад сонгуулийн хуулийг өөрсөддөө яг тааруулан өө сэвгүй зүйж баталсан тул ууртай сонгогчдоос айлтгүй болсон. "Ханцуй нь уртдаад байна ... жаахан хасчих ... одоо яг болно" гэдэг шиг жагсаалтаар хэдийг сонговол багтах багтахгүйгээ хүртэл тооцлоо. Эрх мэдэл томтой нь жагсаалтанд нэрээ сийлэх бол бусад нь сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлж гараанаас түрүүлээд гарчээ. Итгэхгүй байвал телевиз үз. Хуулинд заасан сонгуулийн сурталчилгааны 17 хоног бол зөвхөн хаалтын ёслол, нижигнэсэн алга ташилт төдий юм. Хэвлэл мэдээлэл зөвхөн "бодитой мэдээлэл цацах үүрэгтэй", энэ юу болохыг төр тогтоож өгөөд тэр дор нь хатуу шийтгэх учраас шүүмжлэл байтугай өчүүхэн төдий эргэлзээ гаргаж болохгүй.
Сонгуулийн хуулийн хамгийн эргэлзээтэй нь намаар сонгох. Анх 2012 оны намын жагсаалтаас болж Төрийн ордонд ойртуулж ч болмооргүй хүмүүс төрд гарахыг бид харлаа. Гайгүй санагдсан нэгнийг олж үзээд намыг нь дугуйлахад гайтай нөгөөдөх нь залгаастай орж ирнэ. Худалч хулгайч байсан ч салгахгүй, бөөндөнө. Намаар сонгох нь Үндсэн хуулиар тунхагласан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчмыг зөрчиж байгаа талаар дуугардаг улс төрчид байсан ч цагаа тулахад бүгдээрээ баталж орхив. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж ясаа цайтал үзэлцэнэ гэсэн жижиг намууд хүртэл дуугаа хураажээ. Бас л дарга нарт нь шанс учраас. Цаашилбал, бие даагчийг сонгосон мөртлөө намыг дугуйлаагүй бол санал нь хүчингүй болно гэх мэтээр эрх баригч, барилцагч намууд баталгаатай гарна. УИХ-ын гишүүд хууль болгоныг ингэж цоорхойгүй гаргадаг бол сайхан аа.
Хэрвээ сонгогчдоос жагсаалтын талаар асуусан бол зуун хувь "Үгүй ээ, тойроггүй, золбин УИХ-ын гишүүн хэрэггүй" гэх байсан. Чухам иймээс сонгуулийн хуулийн төслийг ноднин жилжин үзүүлэхгүйгээр, хагас нууц байдалтайгаар, сайндаа л гоёор ярьж өгөөд хэлэлцүүлсэн нэр хэмээсэн билээ.
2016 онд сонгогчдын саналыг амлалтаар худалдаж авахгүй хэмээн тангараг тавьж байсан улс төрчид он гарангуут амлалтын буухиаг эхлүүллээ. Жинхэнэ популизм гэж энэ дээ. Амлахаар барахгүй хүүхдийн мөнгийг бүгдэд өгнө, ипотекийн зээлийг 5 хувь руу буулгана гэхчлэн ээлж дараалан хууль болгоод баталж байна. Энэ явдал хаваржин үргэлжилнэ. Үүний тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг 2-р сарын 10-наас дагаж мөрдөх ёстой байсан атад дөнгөж сая нэн яаралтай дэгээр оруулж ирээд сонгуулийн дараа болгож хойшлуулж орхилоо. Уг хуулиар бол аливаа хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлэг хийх тухай заалтууд байсан юм. Энэ хавар иргэдээс, сонгогчдоос юуг ч асуухгүй, дураараа дургина. Одоо зам нь шулуудаж, ирэх зургадугаар сард сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд бүгдийг амжуулсан байна. Тэд өөрсдийгөө сонгуулахад бэлэн болжээ.