1984-1987 оны Монголын “Перестройка” (өөрчлөн байгуулалт), гадаад бодлогын уялдаа холбоо, нөлөөлсөн “хүчин зүйл-Хятад улс”
Монголын гадаад бодлогод Перестройка-гийн нөлөө, нэн ялангуяа Брежневийн номлолоос татгалзсанаар үзүүлсэн нөлөө асар их.
Удо Б. Баркманн (Берлин)
Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо (КГБ)-ын дарга Юрий Владимирович Андропов Л. И. Брежневийг нас бараад хоёр хонож байхад 1982 оны 11-р сарын 12-нд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээн авч байх үедээ л ирэх хугацаанд улс төрийн ямар ямар асуудалд давын өмнө анхаарах талаар харьцангуй тодорхой төсөөлөлтэй байсан биз ээ. КГБ-ын даргын хувиар Андропов улс орон нь улс төр, эдийн засгийн ямаршуухан аюултай нөхцөлд байдалд байгааг намын удирдах бүрэлдэхүүнд багтаж байсан хүмүүсийн хэнээс нь ч илүү мэдэж байв. Түүний хувьд цаг шахуу, ирээдүйн улс төрийн талаарх төсөөллөө хэрэгжүүлэх хугацаа өөрт нь бага үлдсэнд эргэлзэх юмгүй байж. Энэ нь хоёр талтай:
- Зөвлөлт Холбоот Улс сүйрлийн ирмэгт ирсэн байлаа. Дуусахыг мэддэггүй Афганистаны дайн, Хятадтай байнга шахуу сөргөлдөж, Барууныхантай олон арван жилийн турш зэвсэглэлээр өрсөлдсөн нь аль эртнээс хүн ардынхаа амьдралын түвшинг дээшлүүлнэ гэж санахын ч аргагүй болтол нь ЗХУ-ын материал, санхүүгийн нөөцийг шавхсан байв. Тиймээс ЗХУ дотоод бодлогын хувьд хэмжээ далайц, эцэс төгсгөлийг нь Андропов ч гадарлахаас цаашгүй хямрал руу орж байлаа. Тэрхүү нөхцөл байдлын улмаас ЗХУ, түүний холбоотон социалист орнуудын цаашид оршин тогтноход ноцтой аюул заналхийлж байгааг тэр мэдэрсэн нь дамжиггүй. Андроповын ойлголтоор бол улс төрийн тогтолцоо, ЗХУКН-ын ноёрхлыг мэдээж хөндөхгүйгээр ЗХУ-д бодлогын өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийх шаардлагатай болсон байв. Тэнцвэржүүлж өгөх гэсэн хэрэг, жиших юм алга! Бодож төлөвлөсөн бодлогын өөрчлөлтөд нь дотоод, гадаад бодлого диалектик нэгдэлтэй. Харилцан бие биенийг нөхцөлдүүлнэ. Гадаад бодлогын хувьд коммунист Хятадтай харилцаагаа хэвийн болгох, зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалзах, өөрөөр хэлбэл зэвсэг хураах асуудлыг эн тэргүүний зорилт гэж үзэж байв. Хятадтай зохицож чадвал Барууны орнууд ЗХУ-тай сөргөлдөх сөргөлдөөнд нэг гол хөзрөө алдах байв. Дээр нь бас Зөвлөлт-Хятад, Монгол-Хятадын хил дээрх цэргээ хорогдуулах зэргээр Хятадтай байдлыг намжааж чадвал түүнээс гарах эдийн засгийн үр ашгийг рубль, копекоор нь нэгд нэгдгүй тооцож болохоор байв. Дэн Сяопинийг 1982 оны 9-р сард хуралдсан ХКН-ын XII их хурал дээр ойрын хугацаанд улс үндэстнийхээ хэмжээнд тавих гурван зорилгын нэг нь хараат бус гадаад бодлого болохыг тодорхойлоход Андропов түүнийг Бээжингээс Кремльд хаягласан „дохио“ гэж үзжээ. Үндэсний хэмжээний зорилго болгон дэвшүүлсэн Хятадын хараат бус гадаад бодлого нь АНУ-тай гадаад бодлогоор холбогдон сүлбэлдэхэд тодорхой хил зааг тогтоож өгөх ёстой байв. Зөвлөлтийн тал 1982 оны 10-р сард хоёр орны гадаад харилцааны орлогч сайд нарын түвшинд болсон улс төрийн анхны зөвлөлдөх уулзалт дээр хоёр талын харилцааг хэвийн болгох арга замыг эрэлхийлэн Бээжингээс өгсөн „дохио“-нд хариу барьж эхэлжээ.
- Биеийнх нь байдал явуулж буй бодлогод нь цаг хугацааны хязгаар тогтоож өгнө гэдгийг хүнд өвчтэй Андропов мэдэж байв. Гэвч гүн гүнзгий өөрчлөлт хийх зорилт нь чухам түүнээс, түүнтэй гар нийлж ажилладаг КГБ-ын аппаратаас хамаарч байлаа. ЗХУКН-ын аппарат, сохроор дуулгавартай дагаж сургасан, эрх ямбатай, зарим талаар бас авлигач боловсон хүчинд тодорхой нөхцөлд л найдаж болох байв. Ингээд Андропов хамтран зүтгэгчдийнхээ хамт ажилдаа шуурхайлан оржээ.
Монгол Улс Зөвлөлтийн шинэ бодлогын төвд
Цагаан хааны үеэс Оросын цэргийнхэн Монголыг Хятадын эсрэг цэргийн чухал жийргэвч хэмээн үзэж иржээ. Жийргэвчийн хувьд Монгол нь юуны өмнө Оросын амин чухал тээврийн замд тооцогддог Сибирийг хөндлөн гарсан төмөр замыг Хятадын цэргийн шууд халдлагаас хамгаалж байв. Мао Зэдуны эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Монголын дундуур гарч Хятадын хил хүрсэн төмөр замыг Сталин бариулснаар Зөвлөлт Холбоот Улс богино хугацааны дотор их хэмжээний цэрэг, техникийг Хятадын хилд аваачих стратегийн боломжтой хувилбарыг Монголд бий болгосон байлаа. Дорнод Монголоостомоохон хэмжээний танкийн анги нэгтгэлээр ганцхан өдрийн дотор Бээжинд довтлоно гэдэг санаанд багтахаар болжээ. Хятадууд энэ хувилбарыг тун бодитой тусгаж авсан байна. Тэднийг 1979 онд Вьетнамд довтлохдоо Монгол-Хятадын хилээс томоохон хэмжээний цэргийн анги нэгтгэлүүдийг Хятад-Вьетнамын хил рүү татахад нь ЗХУ Улс Дорнод Монгол болон өөрийн Алс Дорнодын нутаг дэвсгэрт Хятадын хилийн чанх дэргэд түүхэн дэх хамгийн том хээрийн сургуулиудын нэгийг хийсэн билээ. Хятад тэр даруй цэргээ умард тийш буцаан татсан. Ингээд Вьетнамын дайн ердөө гуравхан долоо хоногийн дараа дууссан. Тэр цагаас хойш Хятадын удирдлага Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудлыг ЗХУ, Хятадын харилцааг хэвийн болгох гол нөхцөлүүдийн нэг болгож улам шаргуу тавих болсон юм.1
Ингээд Монгол Улс газарзүйн хоёр хөршийнхөө гадаад болон аюулгүй байдлын бодлогын төвд улам хүчтэй дахин орж иржээ. Ард иргэдийнхээ нэгэн адил угийн хятадуудад ихэд дургүй Монголын удирдлага улс орондоо байрлаж буй Зөвлөлтийн цэргийг Хятадын эсрэг бамбай төдийгүй хөгжлийнхөө баталгаа гэж үзэж байв. Ямартай ч ЗХУ өөрийн дагуул, „ халхавч улс“ Монголд өргөн хэмжээний хөгжлийн тусламж үзүүлж байлаа. Тухайлбал хоёр талын 1980 оны 6-р сарын 13-ны өдрийн хэлэлцээрт нийт 2.03 тэрбум шилжих рублийн хөгжлийн тусламж үзүүлэхээр заасан байсныг төлбөрийн тэнцлийг тогтворжуулах зэрэг арга хэмжээнд ашиглажээ. Тэгэхэд Монгол Улс тэр бүх тусламжгүйгээр дангаараа оршин тогтнож чадах байсан эсэх нь өнөөдөр наанадаж л эргэлзээтэй санагдана. Байдал ийнхүү харьцангуй таатай байсан, тэгээд ч бас монголчууд хэзээнээсээ Хятадад дургүй болохоор Монголын удирдлага Хятадтай харилцаагаа хэвийн болгох асуудалд дурамжхан хандаж байлаа. Ялангуяа нам, төрийн тэргүүн Ю. Цэдэнбал бүр ч дурамжхан байх шиг байв. Үүнд бас хувь хүний туршлага, санаа сэдэл ямар нэг үүрэг гүйцэтгэсэн байж болох юм. Учир нь түүнийг 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр эдийн засгийн хувьд нэн амжилттайгаар Москва, Бээжингийн хооронд чадварлаг зохицуулалт хийж байхад нь Москва ёозгүй хандаж болиулсан байдаг. 1961 оны 7-р сард МАХН-ын XIV Их хурал хуралдах үеэр тэр хохирлыг хязгаарлах чармайлт тавив, гэвч „санамсаргүй“ замын хөдөлгөөний хүнд осолд орсон байна. Цэдэнбал „Зөвлөлтийн эмч нарын зөвлөснөөр“ биеэ эмчлүүлэхээр Москваг зорьжээ. Москвагаас буцаж ирснээсээ хойш Цэдэнбал нам, төрийн тэргүүний хувьд Хятадын албан тушаалтнуудтай ер бусын хянуур болгоомжтой харьцах болсныг анзаарахгүй байхын аргагүй байсан бол,2 түүний орос эхнэр Хятадын эсрэг байгаагаа эрх баригчдын хүрээнд мөнөөх эрс хатуу үгээрээ илэрхийлэн гайхал төрүүлсээр байсан аж.
Андроповыг засгийн эрхэнд гарсны дараа ЗХУ Хятадын талаарх бодлогоо өөрчилбөл Цэдэнбал „Халхавч улсын урамшуулал“-аа алдаж мэдэх ч дахиад л ойлгон хүлээж авахад бэлэн байсан уу? Үгүй л болов уу! Түүнд нь цэргээ татахыг сонирхохгүй байгаагаа Цэдэнбалд байн байн илэрхийлж байсан Улаанбаатар дахь Зөвлөлтийн цэргийн өндөр албан тушаалтнууд бас хүч нэмж байв. Цэргээ татах нь явж явж стратегийн гайхалтай сайн байр сууриа сайн дураараа алдсанаас өөрцгүй хэмээн тэд онцолж байж. Улаанбаатар саад болох оролдлого хийж эхлэв. Засгийн газар 1983 онд олон мянган хятад иргэдийг хөдөө орон нутагт албадан явуулах буюу Хятадад хөөж гаргах арга хэмжээ авав. Гадаад харилцааны орлогч сайд нарын түвшинд болдог Зөвлөлт-Хятадын зөвлөлдөх уулзалтууд дээр хятадууд Зөвлөлтийн цэргийг Монголын нутагдэвсгэрээс гаргах нь уулзалт амжилттай болох нөхцөлүүдийн нэг болохыг байн байн сануулж байсан тул Цэдэнбал Монголын Гадаад явдлын яамаар „хариу бариулах“ арга хэмжээ авав. Гадаад явдлын яамны 1-р орлогч сайд Д. Ёндон Улаанбаатар дахь Хятадын элчин сайдад Засгийн газрынхаа нэгэн мэдэгдлийг хүргүүлсэн агаад түүнд тус Засгийн газар Хятадын тавьсан шаардлагыг „дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон“ хэрэг гээд тэр тусмаа энэ нь „Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын тусгаар тогтнол“-ыг хөндөж байна гэж мэдэгдсэн байлаа. Уг мэдэгдэлд Зөвлөлтийн цэрэг „гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүсэлтээр, Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай Монгол-Зөвлөлтийн гэрээний үндсэн дээр БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байрласан“ хэмээн заасан байв. Ноот бичигт Хятадын талыг цэрэг байрлуулах болсон „бодит шалтгаан“-ыг сайн мэдэх учиртай гэсэн байв. Тиймээс энэ нь Монгол Улсын „дотоод асуудал“, Зөвлөлт-Хятадын хэлэлцээгээр авч үзэх зүйл биш хэмээн Гадаад явдлын яамны орлогч сайд онцолжээ.3 Монгол Ардын Хувьсгал Нам (МАХН)-ын Төв Хороо (ТХ)-ны дэргэдэх Нийгмийн ухааны институт холбогдох өгүүллүүдээр „Монгол, Хятадын харилцааны талаарх МАХН-ын интернационалч байр суурь“ нэртэй эмхэтгэл гаргасан байна.4 Тэр үед тус институт шинжлэх ухааны өгүүлэл бус харин хагас албан мэдэгдлүүдийг нийтэлж заншсан байв. Тэдгээр өгүүллийн ерөнхий үг найруулга нь өнгөрсөн хугацаанд МАХН-ын баримталж ирсэн байр суурьт нийцэж байв.
Нам, төрийн тэргүүнийг албан тушаалаас нь буулгасан нь
Хятадтай харилцаагаа сайжруулах мэтийн эмзэг асуудалд Цэдэнбал шиг хүн Андроповын итгэлийг үнэхээр хүлээж чадах байв уу? Андропов Зөвлөлтийн эрх мэдлийг Монголд хадгалж байх үүднээс Цэдэнбал албаа хэтэрхий удаан хашиж байгаа юм биш үү гэсэн асуултыг өөртөө тавих ёстой болсон биш гэж үү? Тэртээ тэргүй архи дарс уудаг, өтөлж „эрүүл мэнд нь доройтсон“ нь түүнийг удирдах албан тушаалаас даруй буулгах цаг болсныг харуулахгүй байна гэж үү? Хэрэв Андропов эдгээр асуултыг өөртөө тавьж байсан бол „социалист хамтын нөхөрлөл“-ийн хамгийн урт удаан хугацаагаар албаа хашсан нам, төрийн тэргүүнийг хэрхэн яаж албан тушаалаас нь буулгах вэ гэсэн асуултыг хар аяндаа тавихад хүрсэн байж таарна. Юун түрүүнд түүнд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаман дахь „ажил үйлс нэгт нөхөд“-дөө хандаж болмоор санагдсан байж болох юм. Тэр нь ямар хүмүүс байв?
1971-1981 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдаар ажиллаж байсан Б. Дэжид МАХН-ын Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, намын „мөрдөн байцаах газар“ ч гэж хэлж болохоор нөлөө бүхий Намын Хянан Шалгах Хорооны дарга байсан. Түүний халааг авч Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд болсон С. Лувсангомбо сайд болмогцоо бас л Улс Төрийн Товчооны орлогч гишүүн болж намын хамгийн дээд удирдах бүрэлдэхүүнд оржээ. МАХН-ын ТХ-ны VII Бүгд хурлын үеэр мөн Ц. Намсрай МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга болж намын удирдлагад оров. Тэр ч бас улсыг аюулаас хамгаалах байгууллагуудад гэр бүлийн цаад учир шалтгаантай байжээ. 1983 оны дундуур КГБ В. К. Радченког Монгол Улсын Аюулаас Хамгаалах Яаман дахь түүний албан ёсны төлөөлөгчөөр Улаанбаатарт илгээв. Түүнийг Испанид америкчууд „илчлэх“-ээр нь КГБ тэндээс дөнгөж татаж авчраад байжээ. Радченко бол улс төрийн далд явуулгад гойд гаршсан, туршлагатай, маш найдвартай тагнуулч байв. Тиймээс тэр Улаанбаатарт үүрэг гүйцэтгэхэд онцгой тохирсон хүн байлаа.
Юутай ч намын дарга Цэдэнбал 1983 оны үеэс Дэжид, Намсрай, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны орлогч сайд генерал А. Жамсранжав нарт итгэл муутайхан хандаж эхэлсэн нь онцлог. Тэр эдгээр „хамтран зүтгэгчид“-ийнхээ зүгээс аюул заналхийлж буйг мэдэрч байсан хэрэг үү?! Зөвлөлтийн элчин сайд С. Павлов, КГБ-ын төлөөлөгч В. К. Радченко нар хэрэг болох баримт цуглуулж эхэлжээ. Түүнийгээ ч олсон байна. Монголын удирдах ажилтнууд намын даргынхаа мартамхай болж байгаа, архи дарс уудаг, тэрчлэн олон ааштай орос эхнэр А. И. Филатовагийнх нь улс төрийн хэрэгт байнга хутгалдан оролцдог талаар тэдэнд гомдол мэдүүлдэг байв. Филатова ч Хятадад дургүйгээ нуудаггүй байжээ. Хэн нэгнийг албан тушаалаас нь зайлуулахыг хүсвэл Хятадын талыг баримтлагч хэмээн буруутгана.
1984 оны 2-р сард Москвад А. Громыкогийн удирдлагын дор ЗХУКН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны олон улсын асуудал хариуцсан комисс хуралдаж, түүнд Батлан хамгаалах яамны сайд Устинов, КГБ-ын дарга Чебриков, түүний орлогч Крючков болон ТХ-ны социалист орнуудыг хариуцсан нарийн бичгийн дарга Русаков нар мөн оролцжээ. Элчин сайд Павлов, КГБ-ын төлөөлөгч В. К. Радченко нарыг Монголын байдлын талаар комисст асуулга тавьсны дараа Громыко: „Удирдлагын доторхи байдлыг эрүүлжүүлэх, өөрөөр хэлбэл Цэдэнбалыг солих тухай саналыг дэмжих хүч Монголын намын Төв Хороонд үнэхээр байна уу?“5 гэж асуужээ. Комисс шийдвэр гаргаагүй ч Цэдэнбалыг 1984 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнхтэй хамт ЭЗХТЗ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Москвад ирэхэд нь эмнэлгийн анхны нарийвчилсан шинжилгээ хийсэн ажээ. Цэдэнбалд энэ нь хачирхалтай санагдсан байж магадгүй, учир нь тэр бараг дан орос эмч нарт үзүүлж, Москвад айлчлах бүрийдээ эмнэлгийн шинжилгээ хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн тал түүний эрүүл мэндийн байдлын талаар ямар ч үед хамгийн сайн мэдээлэлтэй байх учиртай байв.
Цэдэнбал 1984 оны 6-р сарын 17-нд Улаанбаатарт ирж ажилдаа дахиад оржээ. Тэр 1984 оны 7-р сарын 19-нд ВКН-ын гишүүн, Вьетнамын Сайд нарын Зөвлөлийн дарга Чыонг Тинь (Tru’ò‘ng Chinh) тэргүүтэй Вьетнамын төлөөлөгчдийг хүлээн авсан байна. Хэлэлцээний үеэр хоёр тал бас Хятадтай харилцах харилцааныхаа талаар санал бодлоо солилцсон нь мэдээж. Тэд „Хамтарсан мэдэгдэл“-д:
„Хятадын удирдагчид болон АНУ, Японы түрэмгий бүлгийнхний хооронд идэвхжиж байгаа “стратегийн хамтын ажиллагаа” тус тивийн улс түмний энх тайван, тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулж байна. (…) Империалист болон харгис бусад хүчинтэй сүлбээлдэн вьетнам-хятадын хил дээр дайсагнасан булаан эзлэх ажил явуулга үйлдэж, БНСВУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчиж байгаа хятадын эрх баригч бүлгийнхний тэлэн өргөтгөх бодлогыг хоёр орны төлөөлөгчид хатуу буруушааж байна…“6,
гэсэн хэдий ч тодорхой нөхцөлд Хятадтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Цэдэнбал, Чыонг Тинь нар:
„Хятадтай харилцаагаа хэвийн болгох талаар ЗХУ-ын тавьж буй оновчтой хүч чармайлт, зөвлөлт-хятадын зөвлөлдөх уулзалт дээр гурав дахь оронтой холбоо бүхий асуудлаар түүний баримталж буй зарчимт байр суурийг хоёр тал бүрэн дэмжиж байна.“7
хэмээн арай хоёрдмол утгаар мэдэгджээ. Москва энэ мэдэгдэлтэй анхааралтай танилцав. Тэрхүү „Халхавч улс“-ын үг хэллэгээр найруулсан „Хамтарсан мэдэгдэл“-ийн Хятадтай холбоотой хэсгийн хайхрамжгүй өнгө аяс бүр тэр үед Зөвлөлтийн удирдлагын Бээжинтэй харьцахдаа хэрэглэдэг үгийн сонголтонд нийцэхээ больсон байв. Цэдэнбал Зүүн Өмнөд Азид өөрийн гэсэн багаахан эвсэл холбоог бий болгох гэсэн юм болов уу? Юутай ч Монгол, Вьетнамын аль аль нь Зөвлөлт-Хятадын харилцаа хэвийн боллоо гээд өөрсөнд нь ашиг гарахгүй гэдэгт итгэж байжээ.
Кремль асуудлыг түргэвчлэхээр шийдэв. Хэд хоногийн хойно Цэдэнбалыг ЗСБНХУ-д амрахаар ирмэгц нь эмнэлэгт хэвтүүлжээ. Зөвлөлтийн Эрүүлийг хамгаалах яамны 4-р ерөнхий хэлтсийн эмч нар „нарийн“ онош тавив. 8-р сард Крымд амарч байсан Сайд нарын зөвлөлийн дарга Ж. Батмөнх, Улс Төрийн Товчооны гишүүн Д. Моломжамц нарыг Москвад дуудав. Тэднийг тэнд очиход Зөвлөлтийн намын аппаратын төлөөлөгчид Цэдэнбалын эрүүл мэндийн талаарх эмнэлгийн оношийг танилцуулж, түүнийг албан ажлаас нь чөлөөлөхийг зөвлөжээ. Тэгээд бүр цаашилж Ж. Батмөнхийг намын даргад, Д. Моломжамцыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга (=төрийн тэргүүн)-д санал болгосон байна. Брежневийн номлол хэрэгжиж байх үед Москвагийн асуудалд ийн хандах нь бүр хэвийн үзэгдэл мэт болоод байсан бол тэрхүү тодорхой тохиолдолд уг санал тэр цаг үеийг хүртэл хэвшил болоод байсан нам, төрийн хамгийн дээд албан тушаалыг хавсран хаших ёсыг халахад чиглэсэн нь сонирхолтой, гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга Ю. В. Андропов өөрөө дөнгөж урьд жил нь ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн даргын албыг хаших болсон нь албан тушаал хавсран хаших уламжлалыг хадгалсан хэрэг байв. Д. Моломжамц, Т. Рагчаа, Ц. Намсрай нарын Цэдэнбалыг ятгаж, огцрох мэдэгдэл хийлгэх гэсэн оролдлого талаар болжээ. Цэдэнбал эрс татгалзаж, тэр ч байтугай өөрийнх нь эсрэг улс төрийн хуйвалдаан зохион байгуулах гэлээ гэж Д. Моломжамцыг буруутгасан байна. Гэсэн ч юм болдгоороо л болов.
1984 оны 8-р сарын 22-нд яаралтай зарлан хуралдуулсан МАХН-ын ТХ-ны Ээлжит бус VIII бүгд хурлын үеэр Д. Моломжамц мэгдэн гайхсан хуралдаанд оролцогсдод „ МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбал“ „эрүүл мэнд“-ийн шалтгаанаар „ажлаа үргэлжлүүлэн хийх“ боломжгүй болсныг мэдэгджээ. Тэр Цэдэнбал зөвшөөрч байгааг дуулгаад (sic!), түүнийг МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг санал болгов. Мөн Ю. Цэдэнбалыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаас чөлөөлөх саналыг Ардын Их Хурал (парламент)-ын ээлжит бус чуулганд оруулах шийдвэрийг ТХ-ны бүгд хурал гаргах гэж байгааг дуулгав. Ингээд ихэд ёсорхуу хүндэтгэлтэйгээр:
„... нөхөр Ю. Цэдэнбал сүүлийн дөч гаруй жилийн турш манай нам, төрийг удирдаж ирсэн монголын ард түмний гарамгай удирдагч мөн юм... Нөхөр Ю. Цэдэнбал өөрийн оргилуун эрч хүч, арвин баялаг мэдлэг, туршлага, шавхагдашгүй авьяас билэг, цуцашгүй бүтээлч хөдөлмөрөө нам, ард түмэндээ үнэнчээр зүтгэх ариун үйл хэрэгт зориулж байлаа... Нөхөр Ю. Цэдэнбал марксист-ленинист сургаалыг Монгол орны нөхцөлд бүтээлчээр хэрэглэхийн үлгэр дууриалыг үзүүлж байв... Коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, тууштай коммунист, интернационалч нөхөр Ю. Цэдэнбал социалист монгол орны бадралын ширгэшгүй эх булаг болсон монгол, зөвлөлтийн ард түмний ган бат найрамдлыг зүйл бүрээр хөгжүүлэн бэхжүүлэх ...-ийн нэр төртэй тэмцэж ирсэн билээ.“8
гэжээ. Тэгээд Д. Моломжамц хуралд оролцогсдод Ж. Батмөнхийг шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох санал тавьжээ. Үндэслэлийг нь тайлбарлахдаа, Батмөнх бол „ЗХУ болон ах дүү социалист бусад оронтой тогтоосон манай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд ... хүч, анхааралаа тавьж байдаг билээ.“ гэсэн байна.9 Ж.Батмөнхийг МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгов. Тэр өдрийн үдээс хойш Ардын Их Хурал ердөө хорьхон минут хуралдаж, Цэдэнбалыг Тэргүүлэгчдийн газрынхаа даргын албан тушаалаас чөлөөлжээ. Улс төрийн бодлогод өөрчлөлт хийх (Монгол-Хятадын харилцааны хувьд ч мөн адил) үндэс суурь ийнхүү тавигдлаа.
Эрх мэдлийн тооцоонд өөрчлөлт орсон нь
Яагаад чухам Батмөнхийг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сонгож авах болов? Янз бүрийн шалтгаан байсан нь лав. Москвагийн хувьд наанадаж л гурван шалтгаан байсан. Нэгд. Батмөнхийн Москвад үнэнч гэдэгт өчүүхэн ч эргэлзэх юмгүй байсан. Хоёрт. Тэр Сайд нарын зөвлөлийн дарга байсан тул Засгийн газрын гүйцэтгэх аппарат тэр чигтээ түүний удирдлагад байв. Гуравт. Батмөнх Цэдэнбалын нэгэн адил Увс аймгийнх бөгөөд тус нутгийнхан Монголын улс төрийн бодлогод ихээхэн тогтвортой нөлөө үзүүлж байв. Улс Төрийн Товчооны 8 гишүүний 3 нь, МАХН-ын ТХ-ны Нарийн бичгийн дарга нарын газрын 7 гишүүний 2 нь Увс аймгийнх байв. Увс нутгийнхны хэлхээ холбоо, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамыг ардаа байгааг мэддэг хүн улс төрийн байр суурь, эрх мэдлээ үр дүнтэй хурдан нэмэгдүүлж чаддаг байв.
Энэ нөхцөлд Батмөнхөөс гадна хэн эрх мэдлээ нэмэгдүүлсэн бэ? Тэр нь юуны өмнө Ц. Намсрай байсан бөгөөд ТХ-ны Нарийн бичгийн даргаас гадна бас Улс Төрийн Товчооны гишүүн болсон байна. Намын удирдлагад Цэдэнбалд нэн ойр байсан хүмүүсийг 1987 оныг хүртэл албан тушаалаас нь аажим аажмаар зайлуулжээ. Үүнд Д. Майдар, Г. Адъяа, Д. Гомбожав, М. Даш нар орно. Үүнтэй холбоотойгоор тэр үед: „Мама домой, Адьяа в Ханой.”10 гэсэн хэллэг Улаанбаатарт дэлгэрээд байсныг зарим хүн лав санаж байгаа. Албан тушаалаас нь зайлуулсан хүмүүсийн хэн нь ч мэдээж Увс аймгийх биш байв. Тэдний гурав нь МАХН-ын ТХ-ны Нарийн бичгийн дарга байсан. Намын удирдлагын дотоод шийдвэр гаргах ажиллагааг удирддаг Нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүн (Ерөнхий нарийн бичгийн дарга ороод)-ийг 7-гоос 6 болгож цомхотгосныг Нарийн бичгийн дарга нарын газарт хийсэн боловсон хүчний шинэчлэл гэж хэлж болно. Намын XIX их хурлын дараах (1986) байдлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон 2 Нарийн бичгийн дарга Увс аймгийнх байлаа. Тэдэнд Нарийн бичгийн дарга нарын газарт Москвагийн итгэлийг онцгой их хүлээсэн Ц. Намсрай, Ц. Балхаажав нар дэмжлэг туслалцаа үзүүлдэг байв. Гүн ухааны чиглэлээр суралцсан Ц. Балхаажав 1984 оныг хүртэл МАХН-ын ТХ-ны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэр үед хэвшсэн шатлан захирах ёсны дагуу үүгээрээ тэр de-facto „гадаад явдлын яамны сайд“ байсан тул de-jure “Гадаад явдлын яамны сайд”-ад тушаал заавар өгөх эрхтэй байв. Түүний халааг 1985-1990 онуудад Л. Ринчин авч ТХ-ны Гадаад харилцааны хэлтсийг тэргүүлж байв.
МАХН-ын XIX Их хурал (1986)-аар МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнд боловсон хүчний өргөн шинэчлэлт хийв. ТХ-ны гишүүдийн 36.5 хувийг сольсон, гэхдээ түүний 41 хувь нь 1981 онд МАХН-ын ТХ-ны орлогч гишүүн байжээ. Өөрөөр хэлбэл ТХ-ны бусад шинэ гишүүд нь ТХ-ны орлогч гишүүн байсан хүн л жинхэнэ гишүүн болдог урьдын заншлыг дагалгүй шууд ТХ-ны гишүүнээр сонгогдсон байна. Шинэ ТХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнийг хуучин ТХ-ныхтой (1981=гишүүд+ орлогч гишүүд) харьцуулбал шинэ бүрэлдэхүүний 73.6 хувь нь хуучин ТХ-ны боловсон хүчнээс бүрдэж байв. Тэр байтугай ТХ-ны орлогч гишүүдийн шинэ бүрэлдэхүүний 68 хувь нь шинэчлэгдсэн байлаа. Эдгээр баримтыг эдүгээ хүртэл судалж үзээгүй л байна. Өөрөөр хэлбэл МАХН дунд, дээд шатны удирдах боловсон хүчнээ үндсэнд нь шинэчлэхэд бэлтгэж эхэлсэн, харин энд ТХ-ны орлогч ч байна уу, жинхэнэ ч байна уу гишүүн байна гэдэг тэр үед төрийн дунд, дээд албан тушаалд „дэвшин“ ажиллах боломж олгож байсныг сануулах нь зүйтэй болов уу. 1990 онд хуралдсан намын Онц Их хурлын үеэр ТХ-ны боловсон хүчний шинэчлэл 83.5 хувьд нэгэнт хүрсэн байв. ТХ-ны шинэ гишүүдийн 27.5 хувь нь малчид, бригадын дарга г.м. нийгмийн доод давхаргынхан байв. Үүнийг гурван янзаар тайлбарлаж болно. Нэгд. МАХН шилжилтийн тэр цаг үед ТХ-ныхоо бүрэлдэхүүнээр ч гэсэн „ард түмэнд ойр“ байгаагаа харуулах ёстой байсан. Хоёрт. ТХ-ны гишүүн байх нь албан тушаал ахиж дэвшихэд тус болдоггүй тул нэг их тэмүүлээд байх зүйл биш байсан. Гуравт. „Шинэчлэгдсэн“ МАХН-д намыг үнэхээр хэн залж жолоодоод байгааг ТХ-ны шинэ бүрэлдэхүүн „бүрхэгдүүлж“ байсан. Тэгэхдээ МАХН намын удирдлагад эрх мэдлийг илт төвлөрүүлснээр биш харин төрийн гол гол албан тушаалд өөрт нийцсэн намын нөхдөө цаг тухайд нь тавих замаар нөлөөгөө хэвээр хадгалах шийдвэрлэх угтвар нөхцөлийг бий болгож, баталгаажуулсан гэдгийг харгалзан үзвэл зохино. МАХН зүгээр ч үгүй “залан чиглүүлсэн шилжилт” хийхийг эрмэлзэж байсан, хожим үнэхээр тэгж чадсан билээ.
Монгол-Зөвлөлтийн харилцаанд нөлөөлж анхаарлын төвд орсон „Хятад улс“
Аль нэг коммунист намын шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдсон даруйдаа Москвад айлчилдаг нь „социалист хамтын нөхөрлөлийн орнууд“-ын улс төрийн амьдралын нэг онцлог байв. Тиймээс Ж. Батмөнх 1984 оны 10-р сарын 25-нд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар „сонгогдоод“ хэдхэн долоо хоносны дараа Улс Төрийн Товчооны гишүүн Д. Моломжамц, Ц. Намсрай нарыг дагалдуулан Москваг зорьжээ. Тэнд тэр ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненкотой нам, төрийн харилцааны асуудлуудаар хэлэлцээ хийж, ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Н. А. Тихоновтой уулзаж 1986-1990 оны эдийн засгийн харилцааны тодорхой асуудлуудаар ярилцсан байна. Хоёр тал удаж төдөлгүй „Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“ боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Программ боловсруулах болсон нь Москва Монголд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх бодолтой байгааг Монголын удирдлагад ойлгуулав.
Хэлэлцээний үеэр Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгох буюу сайжруулах асуудал мөн чухал үүрэг гүйцэтгэжээ. Зөвлөлтийн тал шахаанд ороод байв. Өндөр, дээд хэмжээнд болдог Америк-Хятадын айлчлалын давтамж ихэд эрчимжиж байв. Дэн Сяопин, Ерөнхий сайд Жао Зыян нар “бар улс АНУ, ЗСБНХУ”-ын тулалдахыг алсаас л харах тухайгаа байн байн мэдэгдэж байсан ч Америк-Хятадын харилцааны өрнөл Москваг маш их түгшээж байв. Зөвлөлтийн Алс Дорнодын бүс нутаг, Хятадын Хэйлонжиан мужийн хооронд хилийн худалдаа эхлүүлэх, ЗСБН Киргиз Улсын Хятадтай хиллэсэн хилийг нээх зэргээр Хятадтай харилцаагаа сайжруулах гэсэн хамаг хүчин чармайлт нь бодит үр дүнд хүрэхгүй байгаа мэт Кремльд санагдаж байв. Гэтэл тэр хооронд ЗХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд Хятадын ач холбогдол асар их дээшилсэн байлаа. ЗХУ тэр завсар Хятадыг „социалист их гүрэн“ гэж үзэх болов. Түүнийг АНУ-ын хувьд төвийг сахиулах, тэр ч байтугай өөрийн талд татах аваас дэлхийн стратегийн хүчний харьцаанд гүн гүнзгий өөрчлөлт орохоор байв. Тэгэхлээр Зөвлөлтийн тал Хятадад хүчтэй эерэг дохио өгөх ёстой байлаа. Чингэх ямар боломж байв? Афганистанаас цэргээ татна гэж тэр үед санахын ч хэрэггүй байв. Геополитикийн талаас нь цэгнэж үзэхүл тэр үед Энэтхэг-Хятадын хойгт Зөвлөлтийн нөлөөг багасгаж бас л болохооргүй байв. Харин Монголоос Зөвлөлтийн цэргийг татах нь боломжтой хувилбар байж. Монгол нь Москвагийн найдвартай дагуул улс байлаа. Москва Монголын удирдлагад эрх мэдлийн харилцааг шинээр тогтоосноос хойш Кремль Монголыг улс төрийн хувьд тогтвортойд тооцох болсон байна. Монголчууд хятадуудад угаасаа их дургүй байдгийг Кремль мөн л эерэг хүчин зүйл гэж үзэж байв.
Насан өтөл болсон ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненко Москвад хэлэлцээ өндөрлөхөд Ж. Батмөнхийг хүндэтгэн Кремльд зоог барьжээ. Тэрээр хундага өргөж хэлсэн үгэндээ:
„Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харлилцаа хэвийн болох нь Ази тивийн байдал сайжрахад тус дөхөм болохсон билээ. Ингэх нь империалистууд социализмын эсрэг хүчээ бөөгнөрүүлж, дэлхий дахины байдал хурцдан, дайн гарах аюул нэмэгдэж байгаа одоо үед онц чухал байна. Ийн нөхцөлд социалист орнууд олон улсын үйл явдалд тов тододорхой ангич байр суурь баримтлахгүй байж болохгүй. Зөвлөлт Холбоот Улсын бодлогын тухай ярих юм бол бид ЗХУКН-ын XXVI их хурлын зарчимт чиг шугамыг тууштай хэрэгжүүлэн, БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг хэлбэрэлтгүй эрмэлзэж энэ чиглэлд зохих алхмууд хийж байна. Хятадтай үр бүтээлтэй хэлэлцээ хиих үүд хаалгыг бид ямагт нээлтэй байлгаж байна.“11
хэмээн мэдэгджээ. „Олон улсын асуудлаар ... маш тодорхой ангич байр суурь“ гэж хэлсэн хэсэг нь Батмөнхөд далд сүрдүүлэг шиг сонсогдсон байж таарна. ЗХУ тэр маягаар урьд өмнөх жилүүдэд нь „социалист ах дүү орнууд“-ыг улс үндэстнийхээ эрх ашгийг хэрэгжүүлэхийг оролдвол „чиг шугаманд нь оруулдаг“ байв. Тиймээс Батмөнх хундага өргөж хэлсэн үгэндээ:
„Нэг талаас ЗХУ, социалист бусад орон, нөгөө талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд харилцааг хэвийн болгох нь Ази тивийн байдалд нааштай нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй. ЗСБНХУ, БНХАУ-ын хоорондын харилцааг хэвийн болгох асуудлаар явуулж буй ээлжит хэлэлцээнд бид баяр хүргэж байна. Харин гурав дахь орнууд, тухайлбал БНМАУ-ын ашиг сонирхлыг хөндсөн Хятадын шаардлагын хувьд гэвэл манай засгийн газар энэ асуудлаар зарчимт байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн билээ. Энэ нь манай засгийн газрын хүсэлтээр БНМАУ-ын нутагт түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-аас гаргах гэсэн шаардлага юм. Энэ асуудал бол зөвлөлт-хятадын хэлэлцээн дээр яригдах зүйл огт биш яригдаж ч таарахгүй. Тэрчлэн энэ асуудал зөвлөлт-хятадын харилцааг хэвийн болгох үйлсэд ямар нэгэн саад тотгор болох үгүй.“12
хэмээн мэдэгджээ. Монголын удирдлага гадаад харилцааны сайд М. Дүгэрсүрэнг „ах дүү орон“ Вьетнам, Камбож, Лаост 1985 оны 3-р сарын сүүлчээр албан ёсны айлчлал хийх үеэр байр сууриа дахин тодорхой илэрхийлсэн байна. Монгол-Вьетнамын „Хамтарсан мэдэгдэл“-д „Хятадын эрх баригч бүлэглэлийн булаан эзлэх бодлого“-ын талаар дурьдахдаа нэг багашаархан өгүүлбэрээр Хятадтай харилцаагаа сайжруулахад нь ЗХУ дэмжлэг үзүүлж байгааг ядаж л заан тэмдэглэсэн бол Монгол-Камбож, Монгол-Лаосын „Хамтарсан мэдэгдэл“-д энэ заалт бүрмөсөн орхигдсон байв.
Зөвлөлтийн тал Монголын удирдлагын ийнхүү ер бусын шаргуу илэрхийлсэн байр суурийг ялимгүй самгардан хүлээж авчээ. Зөвлөлтийн тал нэг талаар монголчууд өөрсдөөс нь тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх санаатай байгаа юм болов уу гэж эрэгцүүлэхийн дээр нөгөө талаар хариу тус хүргэхгүй бол Монголын удирдлага Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргахыг зөвшөөрөхөд бэлэн биш байгааг ухамсарлаж байв. Монголын талын хувьд энэ нь нэн цогц асуудал байв. Зөвлөлтийн цэргийг гарсны дараа Монголыг хамгаалах асуудал хэрхэх вэ? Монгол, Хятадын харилцаа урьдын адил төвөгтэй, тусдаа цогц асуудал болж байв. Монголын газарзүйн хоёр хөршийн харилцаа хэвийн болбол Зөвлөлтийн эдийн засгийн дэмжлэг хэрхэх вэ? „Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“-ыг боловсруулах тухай мэдэгдсэн нь түүнд зориулах санхүүгийн хөрөнгө бэлэн болчихлоо гэсэн үг хараахан биш байв. Монгол Улс эдгээр асуултын хариуг хүлээж байлаа. Монголчуудын нааштай хандлагад найдъя гэвэл Монголд юун түрүүн эдийн засгийн холбогдолтой ямар нэг юм санал болгох хэрэгтэй гэдгийг Зөвлөлтийн удирдлага ойлгов.
Брежневийн номлол төгсгөл болсон нь
1985 оны 3-р сард ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненког нас барсны дараа монголчуудын толгойд эргэлдэж байсан асуултуудын хариулт эхнээсээ иржээ. Түүний халааг авсан М. С. Горбачев Черненког оршуулсны дараахан Москвад цугларсан Варшавын гэрээний орнуудын нам, төрийн тэргүүнүүдийн явцуу хүрээнд ЗХУ-ын „социалист хамтын нөхөрлөлийн орнууд“-тай тогтоосон харилцааг шинээр журамлах тухай ярьжээ. Тэр „холбоотнуудынхаа дотоод хэрэгт байнга хутгалдан оролцдог“ дадал заншлаасаа салахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэр:
„Бид улс орон бүртэй эрх тэгш харилцаж, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байна.“13
хэмээн мэдэгджээ. Ингээд улс орон тус бүрийн үндэсний үүрэг хариуцлага нэмэгдсэнийг анхааруулсан байна. Шулуухан хэлэхэд энэ нь ЗХУ тэдгээр улсын заримыг нь урьдынх шигээ эдийн засгийн хувьд цаашид тэтгэхэд бэлэн биш гэсэн үг байв. ЗХУ давын өмнө өөрийн эдийн засгийн хөгжилд анхаарахаас өөр аргагүй болсон байлаа. Монголын удирдлагын чихэнд энэ үгс тэнгэр ниргэх мэт сонсогдсон нь лав, ямартай ч Монгол Улс эдийн засгийн хувьд Зөвлөлт Холбоот Улс болон бусад социалист орнуудаас бүрмөсөн хараат байсан билээ.
Харин М. С. Горбачев үнэн санаанаасаа тийнхүү мэдэгдсэн бололтой байв. 1986 оны 5-р сарын 28-нд Зөвлөлтийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй хийсэн нэгэн зөвлөлгөөн дээр тэр:
„Социалист ах дүү орнуудтай харилцах харилцаа түүхэн шинэ шатанд гарлаа (…). Энэ харилцааг бүрмөсөн шинэчлэх шаардлагатай байна. Эдгээр анд нөхөддөө, тэдний хэрэгцээ шаардлагад дээд зэргээр анхаарлаа хандуулах нь чухал. Гэхдээ найрамдлыг зарлан тунхаглах, харилцааг жинхэнээсээ ухаарч ухамсарлахын хооронд ялгаа бий. Холбоотнууд, юуны өмнө жижиг холбоотнуудын бүрэн эрхт байдал, нэр хүндийг хүлээн зөвшөөрч, бүтэшгүй хоосон санаанаас татгалзах,
хэмээн онцолжээ. Гадаад бодлогын салбарын ажилтнуудад Горбачевийн өгсөн зааварчилгаа нь зүгээр нэг шаардлага бус, харин ТХ-ны Гадаад харилцааны хэлтсийн дүгнэлт онцгой үүрэг гүйцэтгэдэг сэтгэхүйн үйл явцын үр дүн байсан. Тухайлбал тус хэлтсийн ажилтан К. Н. Брутенц дотоодын нэгэн тайланд:
„Зүүн Европын орнуудтай тогтоосон харилцаандаа бид олон зүйлийг өөрчлөх ёстой, юуны өмнө ялих шалихгүй юман дээр зааж зааварлаж, асуудалд нь ихэвчлэн ажил хэрэгч бусаар байнга хутгалдан оролцдогоо болих ёстой.“14
хэмээн анхааруулсан буй. Гэвч энэ шинэ хандлага нь зүгээр л нэг журамлаад тогтоочихож болдог зүйл биш байв. Зөвлөлтийн дипломатуудын социалист орнууд дахь түншүүдтэйгээ харилцах харьцаа нэгэнт хэвшил болон тогтсон байв. Энэ байдлыг бага багаар өөрчлөхөд цаг хугацаа шаардлагатай байлаа. Хятадын талаар Горбачев:
„Бид сэтгэл хөдлөлөө хойш тавих ёстой, 80-аад оны Хятадыг 60-аад оны призмээр дамжуулан харж болохгүй. Гэхдээ гурав дахь орнуудын эрх ашгийг хохироон байж Хятадтай харилцаагаа сайжруулах асуудал бидэнд байхгүй гэдэг ч бас тодорхой байх ёстой. Тэрчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаагаа сайжруулах зэрэг ийм чухал зорилтод маань саад учруулахыг бусдад ч бас зөвшөөрөхгүй. Удирдамж ийм байна.“15
гэж хэлжээ. ЗСБНХУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд К. Е. Фомиченко зөвлөлгөөний үеэр юуны өмнө Горбачевийн хэлсэн үгийн сүүлчийн хэсгийг дэвтэртээ тэмдэглэж авсан бололтой байдаг. Зөвлөлт Киргизэд олон жил намын өндөр албан тушаал хашсан Фомиченко МАХН-ын ТХ-ныхонтой тун сайн харилцаатай байжээ. Тийм болохоор Москвагийн зөвлөлгөөн дээр яригдсан гол гол асуудлыг монгол нөхөддөө мэдээлээгүй гэх газаргүй.
Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагааны эхний үе шат
Монголын удирдлагын анзаарснаар Горбачевийн удирдлагын дор чанарын ялгаа гарч эхэлж байх шиг байв. ЗХУ-д намын хамгийн дээд албан тушаалд өөрчлөлт орсны дараа хийдэг хий хоосон мэдэгдлүүдээ хийгээд байгаа юм биш, харин шинэ цаг үе эхэлж, Зөвлөлт-Хятадын харилцааг сайжруулах асуудал Зөвлөлтийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор ч Зөвлөлтийн гадаад бодлогын туйлын зорилтуудын нэг хэвээр байх юм байна гэдгийг тэд тодорхой мэдэрчээ. Ингээд өөрийн эрх ашгийг хараанаасаа үл салган арай прагматик, уян хатан, мөн аядуу байх нь чухал болсон ажээ. Монголд цаашид цэргийн хамгаалалт үзүүлэх, улмаар эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх баталгааг ЗХУ-аар гаргуулж авах нь чухал байв. Монголын удирдлага Хятадад эхний „дохио“-г өгч эхлэв. БНМАУ, БНХАУ-ын хооронд „найрамдал, харилцан туслах тухай гэрээ“ байгуулагдсаны 25 жилийн ойгоор намын Үнэн сонинд 1985 оны 6-р сард нийтлэгдсэн нэгэн өгүүлэл БНХАУ-ыг 1949 онд дипломат ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг нь Монгол байсныг сануулжээ. Уг өгүүлэлд:
„Монгол, хятадын ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой тулгуур баримт бичиг бол БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслах тухай 1960 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан Гэрээ мөн. БНМАУ, БНХАУ-ын харилцааны олон улсын эрх зүйн үндэс болсон тэрхүү Гэрээнд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг пролетарийн интернационализмын зарчим, төрийн бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр улам өргөтгөн зузаатгах, Ази болон дэлхийн энх тайвныг хамгаалан бэхжүүлэх, улс түмний аюулгүй байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд хамтран чармайхаар тунхагласан бөгөөд энэ нь тус хоёр улсын ард түмний төдийгүй, социалист орнуудын болон дэлхийн улс түмний эрх ашигт бүрнээ нийцэж байгаа юм.“16
гэсэн буй. Өгүүлэлд дурьдсан хоёр талын харилцааны зарчмууд харилцааг ирээдүйд хэвийн болгоход тавигдах гол гогцоо асуудал болно гэж Монголын тал үзэж байв. Гэхдээ Монгол-Хятадын харилцааг хэвийн болгох асуудал үнэндээ Монголын гадаад бодлогын зорилт хараахан болоогүй байсан. Юун түрүүнд дурьдсан хамгаалалт, эдийн засгийн баталгааг ЗХУ-аар гаргуулж авахад ЗХУ, Хятадын ойртох үйл явцыг ашиглах нь Монголд илүү чухал байв. Үүнийг Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгоход нэг гол хурдасгуур болно гэдгийг Зөвлөлтийн тал ойлгож байв. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн дарга Горбачев „Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“-ыг боловсруулах ажлыг урагшлуулах арга хэмжээ авав. Ингээд эцэст нь 1985 оны 8-сарын 29-нд Ж. Батмөнх, М. С. Горбачев нар Москвад уг программд гарын үсэг зурсан байна. Залгуулаад хийсэн хүлээн авалт дээр Горбачев:
„Энэ программ бол улс төрийн их ач холбогдолтой баримт бичиг бөгөөд түүнийг хэрэгжүүлснээр зөвлөлт, монголын харилцааны бололцоо, нөөцийг улам бүрэн дүүрэн ашиглаж, эдийг засгийн потенциалыг нэмэгдүүлэх, хөдөлмөрчдийн сайн сайхан аж байдлыг дээшлүүлэхэд бидний хүч чармайлт, туршлага, нөөц, эрдэм мэдлэгийг илүү оновчтой нэгтгэх боломж олгоно. Ингэх нь манай хоёр орны ард түмний язгуур эрх ашигт төдийгүй социалист хамтын нөхөрлөлийн байр суурийг бэхжүүлэх нийтлэг зорилгод нийцэж байна.“17
хэмээн мэдэгдсэн буй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Батмөнх хариуд нь хэлсэн үгэндээ:
„Бүгд Найрамдах Монгол Ард Улс сайн хөрш байх, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр БНХАУ-тай төрийн харилцаагаа хэвийн болгох чиг бодлого баримталж байна. Бид нэг бус удаа тодорхой илэрхиийлж байсан энэ байр сууриа үндэс болгон, зөвлөлт-хятадын харилцааг хэвийн болгох талаар хийж байгаа зөвлөлдөөний явцыг сонирхон ажиглаж байна.“18
гэжээ. Дээрх хоёр мэдэгдлийн гол санаа тодорхой. Хэдийгээр Горбачев Монголд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлээд зогсохгүй шинэ, илүү хэмжээ далайцад хүргэнэ гэдгээ тодорхой хэлсэн боловч Батмөнх хашир хянамгай хандаж байв. Түүнд Зөвлөлтийн цэргийг гаргасны дараа ч Монголын аюулгүй байдлыг хангах баталгааг Зөвлөлтийн тал гаргаж өгөөгүй байлаа. Тэрчлэн тэр „энх тайвнаар зэрэгцэн орших зарчим“ Монгол-Хятадын харилцааны үндэс болохыг заасан нь ялимгүй үгээр хатгасан мэт сонсогджээ. Тэр үеийн социалист орнуудынгадаад бодлогод зөвхөн капиталист орнуудтай тогтоосон харилцааг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр зохицуулна гэсэн ойлголт байсан. Социалист орнуудын харилцаанд „социалист интернационализмын зарчим“ үйлчилж байв. Гэхдээ Батмөнх эдгээр зарчмыг Брежневийн номлол төгсгөл болсноор орхигдсон гэж ойлгосон байж магадгүй.
ЗХУ хэлсэндээ хүрэв. Тус улс Монгол Улстай 1985 оны 12-р сард Улс ардын аж ахуйн төлөвлөгөөг хоёр тал харилцан зохицуулсан дүнгийн тухай протоколд, 1986 оны 1-р сарын 15-нд 1986-1990 оны эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт тус тус гарын үсэг зуржээ.19 Уг хэлэлцээрт 1986-1990 онд ЗХУ Монгол Улсын эдийн засгийг цааш хөгжүүлэхэд зориулж 2.030 тэрбум шилжих рублийн санхүүгийн хөрөнгө олгохоор заасан байв.20
1986 оны 1-р сард Зөвлөлтийн Гадаад явдлын яамны сайд Э. А. Шевардназе Монголын удирдлагад М. С. Горбачевын хувийн илгээлтийг хүргэхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Ж. Батмөнх, Э. А. Шевардназе нар „МАХН, ЗХУКН-аас БНМАУ, ЗСБНХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийг („урт хугацааны программ“-ыг хэлжээ, зохиогч) хурдасгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний чухал ач холбогдол“-ыг онцлов. Монголын намын Үнэн сонин:
„Үүнтэй холбогдуулан МАХН, ЗХУКН-ын нягт хамтын ажиллагаа чиглүүлэгч ач холбогдолтойг цохон тэмдэглэв. БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1946 онд гарын үсэг зурж, 1966 онд шинэчлэн байгуулсан Найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай гэрээ монгол, зөвлөлтийн өв уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх найдвартай үндэс суурь болж байгаа бөгөөд БНМАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдлыг бэхжүүлэх баталгаа ... байсан, байсаар ч байна.“21
хэмээн дүгнэжээ. Хоёр тал „Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“-ыг хэрэгжүүлэх гэж байгаа нь ач холбогдолтой болохыг заав. Гадаад явдлын яамны сайд Э. А. Шевардназе хүлээн авалт дээр урьсан эзнийг хүндэтгэн хундага өргөж хэлсэн үгэндээ 193622 оны протокол Монгол-Зөвлөлтийн Холбооны тулгуур баримт бичиг байсныг онцолсон байна. Тэрхүү баримт бичгийн үндсэн дээр ЗХУ 1939 онд Японы эсрэг Монголд цэргийн тусламж үзүүлж, холбоотон хоёр улс 1945 онд Японы Квантуны армийг бут цохисон юм. 1946, 196623 онуудад гарын үсэг зурсан „Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ“-нүүд нь 1936 оны протоколын залгамж баримт бичгүүд байв. Эдгээр гэрээг цаашид хоёр талын харилцааны эрх зүйн бат үндэс суурь болно гэжээ. Энэ нь ЗХУ цаашид ч Монголыг хамгаалагч гүрний үүрэг хүлээнэ гэсэн үг байв. Э. А. Шевардназе 1936 оны протокол хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болохыг заасан нь ЗХУ холбоотон болсон тохиолдолд Монголд цэргээ дахин байрлуулахад бэлэн гэсэн үг болох нь бичвэрийнх нь агуулгатай танилцахад харагдана. Зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд улмаар „БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох гэрээний чанар„ нь “бүтээн байгуулах үүрэг хүлээсэнд“ байгааг тэмдэглэсэн байна. Тэр „ЗХУ, БНМАУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг 2000 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны программ“-ыг заасан нь амлалтаа баталгаажуулж, ЗХУ Монголд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ тодотгосон хэрэг байв. ЗСБНХУ-ын гадаад явдлын яамны сайд:
„Хятадтай харилцаа хурцатгах тэр үе өнгөрсөн нь бус нутгийн энх тайвны үйл хэрэгт ашигтай болж байна. Гурав дахь оронд хохирол учруулахгүй байх зарчмыг баримтлан ЗХУ БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгож сайжруулахын төлөө байна. Дашрамд хэлэхэд бид АНУ, Япон, аливаа бусад улстай харилцаагаа хөгжүүлэхэд ч энэ л зарчмыг баримтладаг.“24
хэмээн онцолж монголчуудын эмээж байсан асуудлыг шууд бусаар дахин хөнджээ. Монголын удирдлага зорисондоо хүрэв. Москва тэдэнд цэргийн хүчээр цааш хамгаалах, эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх амлалт өгчээ. Хятадтай харилцаагаа хэвийн болгоход нь ЗХУ-д саад болж болохгүй, харин ч бүр идэвхтэй дэмжлэг үзүүлэх ёстой гэдгээ Монголын удирдлага ойлгосон агаад энэ нь бас ЗХУ-тай нэгэн зэрэг Хятадтай харилцаагаа „эмх цэгцэд“ оруулах хэрэгтэй гэсэн үг байв.
Ж. Батмөнх, Э. А. Шевардназе нарын хэлэлцээний үеэр Зөвлөлтийн Гадаад явдлын яамны сайд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг бас хөндсөн байна. Шевардназе:
“Монгол, Америкийн харилцааны асуудлаар баримталж ирсэн байр сууриа эргэн үзэж тодорхой болгох цаг болсон гэж бодож байна. Энэ асуудал монгол анд нарын маань санааг зовоож байгаа нь үндэсгүй ч зүйл биш. Өдгөө хүртэл бидний баримталж ирсэн байр суурь зөв байсан юм. Гэвч өнөөгийн үе шатанд тэр маань арай тохирохгүй болж байх шиг бололтой. ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо уг асуудлыг авч үзээд шинэ нөхцөл байдлын үүднээс хандах нь зүйтэй гэж үзсэн. АНУ-тай дипломат харилцаа тотоох нь бидний нийтлэг эрх ашигт нийцэх юм… АНУ-тай харилцаа тотоож болох бөгөөд тогтоох ч хэрэгтэй.“25
болохыг онцолжээ. Зөвлөлтийн гадаад явдлын яамны сайдын айлчлалын дараа нийтэлсэн „Монгол-Зөвлөлтийн хамтарсан мэдэгдэл“-д Хятадтай харилцах харилцааны талаар:
„Хятад улстай эрх тэгш, сайн хөрш байх зарчмын үндсэн дээр, гуравдугаар орны эрх ашигт хохирол учруулахгүйгээр харилцаагаа хэвийн болгон сайжруулах эрмэлзэлтэй байгаагаа хоёр тал нотлов.“26
гэжээ. Монголын гадаад бодлогын хувьд гадаад харилцааных нь бүтцэд томоохон өөрчлөлт орох шинж илрэх болов. Чингээд Монголын удирдлага ЗХУКН-ын XXVII Их хуралд 1986 оны 2-р сарын 25-нд М. С. Горбачевийн тавьсан ЗХУКН-ын ТХ-ны улс төрийн илтгэлийн өөрсөддөө хамаарах хэсэгтэй маш анхааралтай танилцав. Уг илтгэлд:
„Өөрийн их хөрш социалист Хятад улстай ЗХУ-ын харилцаа тодорхой хэмжээгээр сайжирч байна гэж сэтгэл ханамжтай хэлж болно. Үзэл бодлын, нэн ялангуяа олон улсын зарим асуудлаарх үзэл бодлын ялгаа байсаар байна. Гэхдээ бас байнга хамтран ажиллах, эрх тэгш байдал, зарчмын үндсэн дээр гурав дахь орнуудыг огтхон ч хохироохгүйгээр хоршин ажиллах боломж байгааг ч бид харж байна.“27
гэжээ. Монгол-Хятадын харилцааг хэвийн болгохын хувьд Монголын удирдлага тэр зүгт аажуухан хянуур болгоомжтой урагшилж байв. Тэд эхлээд өөрсдийн сэтгэл зүйн хаалт хашилтыг алгуурхан өөрчлөх хэрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. МАХН-ын XIX Их хуралд Ж. Батмөнхийн 1986 оны 5-р сарын 28-нд тавьсан МАХН-ын ТХ-ны илтгэлд тэр талаар мөн л болгоомжлонгуй бичсэн хэсэг орсон байв. Уг илтгэлд:
„БНМАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаагаа хэвийн болгох зарчимч чиг шугамаа тууштай баримталсаар байна. Эрх тэгш байх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох зарчмыг хатуу баримтлах үндсэн дээр хоёр орны хооронд сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь монгол, хятадын ард түмний эрх ашигт болон энх тайван, социализмын үйлсийн эрх ашигт нийцэнэ гэж бид үзэж байна.“28
гэжээ. Түүний дараачаас Монгол Улс америкчуудад болгоомжлонгуй хандаж эхлэв. Энэ үйл явцад мөн л Монголын Тагнуулын алба хурдасгагч үүрэг гүйцэтгэсэн нь ямар ч гэсэн анхаарал татна. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам аль хэдийнээ „улс доторх улс“ болж, заримдаа М. Дүгэрсүрэн сайдын тэргүүлсэн Монголын Гадаад харилцааны яамнаас ч илүү урьдчилан харж ажиллах болсон агаад 1976 оноос хойш уг албыг хаших болсон Дүгэрсүрэн ердөө л шинэ цагийн шаардлагад нийцүүлэн сэтгэж чадахаа больсон байв. Тиймээс тэр Зөвлөлтийн Гадаад явдлын яам зөвшөөрсөөр атал Монгол-Америкийн харилцааны замыг засч эхлүүлэх ажлыг алгуурлахыг оролдож байсныг анзаарахгүй байх аргагүй. Гэсэн ч Тагнуулын алба Гадаад явдлын яамны зарим ахлах дипломатчид түшиглэж байсан нь янз бүрийн шалтгаантай байсан нь лавтай. Гол гол дипломатчид Москвагийн Гадаад харилцааны институтыг төгсгөсөн хүмүүс байсан явдал нэг шалтгаан нь бөгөөд тус институт КГБ-ын хүн элсүүлэх дуртай газар болж байсан. Монголыг АНУ-тай даруй харилцаа тогтоохыг Москва үнэхээрийн их сонирхож байв. Кремль АНУ-тай зэвсэг хураах үйл явцыг урагшлуулахыг хүсч байсан тэр цаг үед нь бусад социалист орнуудтай нийлж намжмал байдлын үйл явцад ямар нэг байдлаар саад учрууллаа хэмээн Москваг америкчууд буруушаахаас зайлсхийхийг хүсч байв.
Тэр зуур Москва, Улаанбаатар хоёрт хаалттай хаалганы цаана Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудлаар хэлэлцээ хийж байв. Эдгээр хэлэлцээний явц, цаад учир холбогдлын талаар мэдэгдсэн зүйл өнөө хэр тун бага. М. С. Горбачевийг Владивостокд 1986 оны 7-р сарын 28-нд:
„Одоогоор (…) Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагатай Монголоос Зөвлөлтийн цэргийн үлэмж хэсгийг гаргах талаар зөвлөлдөж байна.“29
хэмээн мэдэгдэхэд олон улсад анх удаа тэр талаар бага сага мэдэх болсон. Хэлэлцээ сунжирч байлаа. 1987 оны 1-р сарын 15-нд Зөвлөлтийн Батлан хамгаалах яам хэвлэлийн мэдэгдэл гаргаж:
„Зөвлөлтийн удирдлага Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газартай хэлэлцэн тохиролцож шийдвэрлэсний дагуу БНМАУ-ын нутаг дэвсгэрт түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнээс мотобуудлагын нэг дивизийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, мөн хэд хэдэн тусгай ангийг Монголоос Зөвлөлт Холбоот Улсад энэ оны дөрөв-зургадугаар сард гаргах болно.“30
хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар Монголын Засгийн газар гаргасан мэдэгдэлдээ түүнийг „БНМАУ, ЗСБНХУ-ын энхийг эрхэмлэгч зарчимч чиг шугамаас урган гарч байгаа сайн санааны арга хэмжээ“ болохыг онцолжээ. Зөвлөлтийн цэргийг гаргах нь „ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр М.С. Горбачев Владивостокт хэлсэн үгэндээ дэвшүүлсэн зөвлөлтийн өргөн цар хүрээтэй, оновчтой санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн практик шинэ алхам“31 болохыг Монголын Засгийн газар онцлон заажээ. Дараах мэдэгдлээр тус Засгийн газар Зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд Э. А. Шевардназетай хийсэн тохиролцоогоо Кремль, Бээжингийн аль алинд нь сануулах гэсэн мэт:
„БНМАУ, ЗСБНХУ-ын зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл нь энх тайван, социализмын үйл хэргийг хамгаалахын төлөө хамтын тэмцэлд хүнд бэрх шалгалтыг удаа дараа даван туулсан түүхэн гүнзгий уламжлалтайг Монголын удирдлага цохон тэмдэглэж байна. Энэхүү дайчин нөхөрлөл нь БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын найдвартай баталгаа ямагт болж байсан, байсаар ч байгаа бөгөөд монгол, зөвлөлтийн ард түмэн, засгийн газрууд найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай холбоотны Гэрээндээ үнэнч байдгийн илэрхийлэл мөн.“32
Эцэст нь 1987 оны 6-р сарын 7-нд Зөвлөлтийн Батлан хамгаалах яам цэрэг гаргах эхний үе шатны ажиллагаа дууссаныг мэдэгдэв. Зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагааны энэхүү эхний үе шат Монголын хувьд Хятадтай харилцах харилцаанд нь тодорхой үр дүн авчирсан. Хоёр талын төлөөлөгчид 1987 оны 3-р сард Бээжинд Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулах тухай Засгийн газар хоорондын гэрээний талаарх анхны хэлэлцээг хийж, уг гэрээнд 1988 оны 11-р сарын 28-нд Бээжинд гарын үсэг зурсан билээ. Дараагаар нь 1989 оны 3-р сарын 30-нд Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл хоёр улсын харилцаа үнэхээрийн хэвийн болохоос хамаагүй өмнө хилийг нээлттэй болгох, иргэд харилцан зорчих гол үндэс суурь тавигдсан юм.
Дүгнэлт
Зөвлөлтийн перестройка-гийн Монголд үзүүлсэн нөлөө өнөө хүртэл шинжлэх ухааны судлагдахуун бараг болсонгүй. Байгаа цөөхөн бүтээлд энэ үйл явцыг 1985 онд М. С. Горбачевийг засгийн эрхэнд гарснаар эхэлсэн гэж үздэг, тэгвэл харин Ю. В. Андропов засгийн эрхэнд гарсан нь „перестройка“ хэмээн нэрлэгдэх болсон үйл явц эхлэх шийдвэрлэх үе байсан гэж үзэх нь зүйтэй болохыг түүхийн бодит нөхцөл байдал харуулж байна.
ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненког „түр засгийн эрх барьж байх“ үед Зөвлөлтийн идэвх оролцоотойгоор нам, төрийн тэргүүн Ю. Цэдэнбалыг албан тушаалаас нь чөлөөлснөөр Монголд энэ үйл явц эхэлсэн. ЗХУ тэр үед Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгохоор өөрийн хүч тавьж байсан үйл явцад Монгол Улсыг татан оролцуулах нь стратегийн хувьд чухал гэж үзэж байв. Үүний тулд Москватай харилцаагаа хэвийн болгоход нь тулгарсан „хаалт саадууд“-ын нэг гэж Хятадын үзэж асан Монголд байрласан Зөвлөлтийн томоохон цэргийн ангиудыг гаргах зайлшгүй шаардлагатай байв. ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненкогийн халааг авсан М. С. Горбачев социалист орнууд, түүний дотор Монголтой харилцах харилцаандаа тэр үеийг хүртэл эрээ цээргүй хэрэгжүүлж байсан Брежневийн номлолоос эрс татгалзсан нь Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгох үйл явцад эерэг нөлөө үзүүлсэн. Монголын удирдлага цэргийн хүчээр хамгаалах, эдийн засгийн туслалцаагаа үргэлжлүүлэх баталгааг ЗХУ-аас авсныхаа дараа Монголоос цэргээ гаргахыг нь зөвшөөрөхөд бэлэн болсон байв.
Монголын гадаад бодлогод Перестройка-гийн нөлөө, нэн ялангуяа Брежневийн номлолоос татгалзсанаар үзүүлсэн нөлөө асар их. Монгол Улс гадаад харилцааны шинэ сайд Ц. Гомбосүрэнгийн удирдлагын дор гадаад бодлогынхоо үзэл баримтлалыг шинээр боловсруулж, АНУ-тай дипломат харилцаа тогтоон, Японтой харилцаагаа идэвхжүүлэх зэргээр гадаад харилцаагаа олон талт болгож эхэлсэн. Монголын гадаад бодлогын зүтгэлтнүүд үндэсний эрх ашигт үзүүлж буй ашиг тусаар нь үйл ажиллагаагаа хэмжихэд суралцаж эхлэв. Монгол Улс тэр үеийг хүртэл гадаад бодлогын хувьд Зөвлөлтийн гадаад бодлогын хавсрага төдий байсан бол маш хурдан олон улсын харилцааны субъект болж хөгжжээ. Тус улс өөрийн өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаагаа хэвийн болгож, бараг хориод жил Зөвлөлтийн ивээл хамгааллын доорхи Хятадын эсрэг чиглэсэн „халхавч улс“ байсантай нь харьцуулахад энэ харилцаагаа харьцангуй хурдан сайжруулсан нь нэг чухал үр дүн байсан нь дамжиггүй. Тус улс улс төр, эдийн засгийн гүн гүнзгий холбоо харилцаатай байснаас ЗХУ-тай дахиад хэдэн жил холбоотой байж, бүхэлдээ илүү таатай гарааны нөхцөлийг бий болгох боломжтой болсон байна.
Тэгэхдээ 1989 оноос өмнө Монголын удирдлагад улс төрийн тогтолцоо ингэж дампуурна чинээ санасан хүн нэг ч байгаагүй, тэгээд ч үнэхээр тийм дампуурал болсон гэдгийг харгалзан үзвэл зохино. Хэрэв Монгол Улс шинэ гарааны нөхцөлөө ЗХУ-ыг задарсны дараа бий болгох ёстой байсан бол яах вэ? Орос улс элгээрээ хэвтэж, Монголыг сонирхох сонирхлоо бүрмөсөн алдсан байсан. Монголд хамгаалалтын бамбай болж чадахаа нэгэнт больсон байлаа. Цэцэглэн хөгжиж байсан Хятад улс ихэд туйлдан доройтож, өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй болсон Монголд хэрхэн хандах байсан бэ? Ингэж асуух нь зүй! Энэ утгаараа Зөвлөлтийн перестройка-гол нөлөөн дор Монгол-Хятадын харилцаа хэвийн болсон нь тэр үедээ Монголын хувьд илүүтэй эерэг өөрчлөлт байсан гэж болохоор. Өнөөгийн Монголын хувь заяаг урьдынх шиг Москва, Бээжин биш, харин Бээжин, Вашингтон илүүтэй шийдэх болсны үндэс суурийг энэхүү түүхэн үйл явц бас тавьж, Монгол ч өөрийнхөөрөө чөлөөтэй байх боломжтой болсон бодит нөхцөл байдлыг ч гэсэн илүү эерэг талаас нь үнэлүүштэй. Юутай ч Монгол Улс энэ маягаар газарзүйн хөршүүдийнхээ зуурсан тэврэлтээс ангижирч чадсан, учир нь АНУ болон Барууны үнэт зүйлийн хамтын нөхөрлөл Монголд цаашид оршин тогтноход нь ихээхэн ач холбогдолтой шинэ баталгааг өгсөн юм.
Сүүлийн үед Украйныг тойрсон зөрчилдөөн хийгээд Барууны орнуудын бодлого түүхэнд анх удаа Орос, Хятад хоёрыг „харилцан найр тавих“-ад хүргэв. Энэ холбоо юуны учир ердөө л „гачаалаар ураг барилдаж гэр бүл“ болсон нь харагдах болно. Гэлээ ч гэсэн Монгол Улс, түүний Хятадын өмнө барьдаг жийргэвчийн үүргийн талаарх Оросын цэргийнхний үнэлэлт дүгнэлт өөрчлөгдөөгүй бололтой. Тухайлбал Москва дахь Улс төр, цэргийн судалгааны институтын орлогч захирал А. Храмчихин 2014 оны эхээр нийтлүүлсэн „Яагаад Монголыг хамгаалах нь Оросод ашигтай вэ?“ өгүүлэлдээ:
„Ер нь бол Хятадтай байлдах тохиолдолд Оросын хувьд өөр шигээ хамгаалах ёстой хоёр орон байгаа нь Казахстан болон Монгол юм. Эдгээрийг ‚өгвөл‘ ОХУ нь геополитикийн хувьд Бээжинд ‚мад‘ тавиулах ба Уралын нуруунаас дорно тийш орших бүх нутгаа өчиггүй алдана.“33
хэмээн тайлбарлажээ. Тийм ч учраас Орос улс 1936 оны протокол, „Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах“ гэрээнээс эхлэлтэй уламжлалт чиг шугамыг хэзээ нэг цагт, яаж ийгээд дахин сануулахгүй гэх газаргүй. Харин тэр үед Монгол Улс өөрийн „мөнхийн“ хөрш Оросыг цаашаа гэхгүй ч ардчилсан үнэт зүйлсийн нөхөрлөлд эзэлсэн байр сууриа улам бататгах мэргэн ухаан төгөлдөр байх нь лав.
1 Хятад улс улмаар Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах, тэрчлэн Энэтхэг-Хятадын хойгт ЗХУ-ын цэргийн оролцоог зогсоохыг шаардаж байв. Энэтхэг-Хятадын хойг дахь Москвагийн ойрын холбоотон түншийн хувиар Вьетнам Бээжинд үнэнч улаан кхмерүүдийг засгийн эрхээс зайлуулахын тулд Камбожийг эзэлжээ. Зөвлөлтийн цэргийнхэн Афганистан болон Энэтхэг-Хятадын хойгт орон нутгийн чанартай дайны тодорхой зорилготой байсан ч өөрсдийн ажиллагаа (түүний дотор Монголд цэрэг байрлуулснаа)-г Хятадыг олон талаас нь цэргийн шахаанд оруулах бас нэг аргаа гэж үзэж байв. Өнөөдөр АНУ Хятадыг цэргийн хүчээр тойрон бүслэх түүнтэй төстэй бодлого явуулж байна. Тэд энэ бодлогыг төлөвлөх шатан дахь Зөвлөлтийн туршлагыг тун няхуур судалсан бололтой. Тэгэхлээр Афганистан дахь НАТО-гийн ажиллагааны жинхэнэ утга учрыг ч бас үүгээр тайлбарлаж болох юм.
2 Udo B. Barkmann, Die Beziehungen zwischen der Mongolei und der VR China (1952-1996), Hamburg 2001, 53-р тал.
3 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын Мэдэгдэл, Үнэн, 1984.03.03.
4 Монгол, Хятадын Харилцааны Талаархи МАХН-ын Интернационалч Байр Суурь, Улаанбаатар 1984.
5 Всеволод Радченко, Гол мэргэжил – тагнуулч, Улаанбаатар 2013, 231-р тал.
6 Монгол, Вьетнамын Хамтарсан Мэдэгдэл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Харилцааны Баримт Бичгүүдийн Эмхтгэл, VIII боть (1984-1985), Улаанбаатар 1988, 105-р тал.
7 Мөн тэнд, 107-р тал
8 Нөхөр Д. Моломжамцын хэлсэн үг, Үнэн, 1984.08.24.
9 Мөн тэнд
10Филатова Москвад буцаж, түүний олон жилийн хамгийн дотнын итгэлт хүн Адъяа Ханойд элчин сайдаар суух болсныг далдуур дайруулж хэлсэн үг.
11 МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Дарга Ж. Батмөнхийн ЗСБНХУ-д хийсэн айлчлал, Улаанбаатар 1984, 22-р тал
12 Мөн тэнд, 27-р тал.
13 И.С. Яжборовская, “Социалистическое содружество” и “доктрина Брежнева”, Separatum, 16-р тал
14 Мөн тэнд.
15 Michail S. Gorbatschow, Gipfelgespräche. Geheime Protokolle aus meiner Amtszeit, Berlin 1993, 194-р тал.
16 БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслах тухай гэрээний 25 жилийн ойд. Харилцааны тулгуур баримт бичиг, Үнэн, 1985.06.01.
17 Нөхөр М.С. Горбачев хэлсэн үг, Үнэн, 1985.08.30.
18 Нөхөр Ж. Батмөнх хэлсэн үг, Үнэн, 1985.08.30.
19 “МОНЦАМЭ” агентлагийн сурвалжлагчийн асуултад эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны зөвлөлт, монголын засгийн газар хоорондын комиссын зөвлөлтийн хэсгийн дарга, ЗСБНХУ-ын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ЗСБНХУ-ын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн улсын хорооны дарга В.С. Мураховскийн өгсөн хариулт, Үнэн, 1986.02.01.
20 Д. Жамбалдорж, “Их Өр” юу Монголд болж үлдсэн бэ?, Өнөөдрийн Монгол, 2006.01.19.
21 Нөхөр Ж. Батмөнх Э.А. Шевардназег хүлээн авч уулзав, Үнэн, 1986.01.25.
22 1936 оны Протокол: “Нэгдүгээр зүйл. Хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хязгаар нутгийг гуравдугаар улсын зүгээс довтлох занал аюулууд тохиолдвол Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хоёр Засгийн газар нь тохиолдсон байдлыг даруй хэлэлцэж тус хоёр улсын нутаг хязгаарыг тэрхүү занал аюулаас хамгаалах явдалд хэрэглэгдэх арга хэмжээнүүдийг авах үүргийг тус тусдаа хүлээнэ. Хоёрдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газарууд нь хэрэв энэхүү гэрээг тогтоосон нэгэн этгээдийг цэргээр довтолвол бие биедээ элдэв тусламж, мөн цэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэх үүргийг хүлээнэ. Гуравдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газаруудаас энэхүү харилцан байгуулсан гэрээний нэгдүгээр буюу хоёрдугаар зүйлүүдэд дурдсан үүргүүдийг гүйцэтгэхийн тул нөгөө этгээдийн цэргийг 1925 онд Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын цэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дэвсгэр нутгаас татсан удаатай адил зохих хязгаараас уул үүргээ гүйцэтгэсний дараа даруй гэдрэг татах нь аяндаа гүйцэггэх хэрэг гэж үзнэ.“, Монголын тухай БХК(Б)Н-ыи баримт бичиг (1920-1952) (Баримтын Эмхтгэл), II боть 1933-1940, Эмхтгэгчид: С. Дамдинсүрэн, О. Батсайхан, В.Н. Шепелев, Улаанбаатар 2005, 179-180-р тал.
23 1966 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай Гэрээнээс: “Хэлэлцэн тохирогч эрхэм хоёр этгээд социалист хамтын нөхөрлөлийн батлан хамгаалах хүчийг хэлбэрэлтгүй зузаатгах зорилтод нийцүүлэн тус хоёр орны батлан хамгаалах хүч чадлыг хангахад харилцан тусламж үзүүлнэ... тус хоёр орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор шаардагдах бүх арга хэмжээ, түүний дотор цэргийн талын арга хэмжээ хамтран авч байна.” (Монгол-зөвлөлтийн харилцаа 1921-1974 баримт материал, Хоёрдугаар боть 1941-1974, Хоёрдугаар хэсэг, Улаанбаатар 1981, 3-р тал; Э.Д. Гомбосүрэн, Монгол улсын зэвсэгт хүчний байгуулалтын түүх (ХХ зуун), Улаанбаатар 2009, 187-р тал)
24 Нөхөр Э.А. Шевардназе хэлсэн үг, Үнэн, 1986.01.25.
25 Д. Ёндон, Том Хориг, Улаанбаатар 2007, 51-р тал; Д. Ёндон, Үнэн учрыг өгүүлбээс, Улаанбаатар 2016, 222-р тал.
26 Монгол-Зөвлөлтийн хамтарсан мэдэгдэл, Үнэн, 1986.01.26.
27 Politischer Bericht des Zentralkomitees der KPdSU an den XXVII. Parteitag der Kommunistischen Partei der Sowjetunion. Berichterstatter: M.S. Gorbatschow, Moskau 1986, 119-р тал.
28 Монгол Ардын Хувьсгалт Намын Их Хуралд тавьсан МАХН-ын Төв хорооны тайлан, цаашдын зорилт, Үнэн, 1986.05.29.
29 Rede auf der Festsitzung anlässlich der Überreichung des Leninordens an Wladiwostok, Michail Gorbatschow, Ausgewählte Reden und Aufsätze, Bd. 4, Berlin 1988, 28-р тал
30 ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Яаманд, Үнэн, 1987.01.16.
31 БНМАУ-ын Засгийн газрын мэдэгдэл, Үнэн, 16.01.1987.
32 Ebenda.
33 “Вообще, есть две страны, которые России выгодно в случае чего защищать от Китая так же, как саму себя, - это Казахстан и Монголия. ‚Сдав‘ их, РФ получит от Пекина геополитический ‚мат‘ и автоматически потеряет территорию к Востоку от Урала.” Александр Храмчихин, Почему России выгодно защищать Монголию?, монгол хэлний орчуулга: Үндэстний Тойм, Nr. 4/5(207/208)27.01.2014.
Уншигч
Г.Батнасан
Би
Амартүвшин.М
onom
Алтай
tumur
sydalgaand chini amjilt hysmyy
зочтин
Зочин
Зочин
МГЛ
Зочин
Оросууд бол №1 дайсан
Оросууд бол №1 дайсан
Зочин
Зочин
Зочин
ONOM
ONOM
Уншигч