Хонины хулгай

Арван хонины толгой худгийн моторч ханхар Дандарын ханын толгойд өлгөөтэй-ангайтал заасан амнаас нь урт урт хөх хэл унжиж, амьгүй хорин цэхэр нүд эзэн Цэвэгээ гөлөрнө. Ханхар тохойгоо тултал цустсан гараа дүрэлзсэн галд дүрж элэг сэмж шараад Цэвэгтэй үг сольсонгүй. Дандарыг зодохоор Цэвэг дайрснаа түүнийг дийлдэггүйгээ санаад биеэ барив. Их галд гударсан Ханхарын цусанд нэвчсэн гар ажирсангүй, сорс шаржигнан ноцсоноо бөөн дөл болж цорволзлоо. Цорволзсон тэр улаан галыг Ханхар хоолой руугаа чулуудан залгив. 

Энэ зуур Ханхарын гэргий Сүнжид Цэвэгийн дэргэд сэм ирж чихэнд нь Ханхарын галзуурсныг шивэгнээд бүдүүн суман ташуур өгч,

-Энэ ташуураар Ханхарын толгойг хага цохиод ухаан алдуулчих! Тэгээд хоёулаа тэврэлдье гэлээ. Цэвэг бүдүүн ташуурыг чичирсэн гараараа атгуут тонгоргоор үсийг мөлчийтөл хуссан гялаан толгойд хар хүчээрээ буулгав. Ханхар муужрах бүү хэл тачигнатал хөхөрлөө. Цэвэг ташуурыг Сүнжид рүү чулуудаад амь зулбахаар зугтаах гэтэл босож болсонгүй. Түүний бөгс нилдээ үхжээд хөдлөхгүй болсныг Ханхар далимдуулан хутгаа хуйнаас сугалсаар дөхөж ирэв. Хөл нь жолоодлогогүй Цэвэг суугаа чигтээ баригдлаа. Дандар түүнийг толгой дээрээ өргөснөө адсага дээр дээш харуулж зөөлхөн хэвтүүлээд хоолой дээр нь дуугарч чадахгүй болтол өвдөглөв. Тэгээд палигар эрхий хурууныхаа өндгийг долоосноо Цэвэгийн гэдсийг шүлсээрээ норгож ёсорхлоо. Төвөнхий дээр нь лужир өвдөг өвдөглөөстэй тул ямар ч авиа гарсангүй. Дандар хурц хутгаараа Цэвэгийн өрцийг ярахад өвдсөнгүй. Харин амыг заахаар эрүү хоншоороос хоёр тийш чангаахад Цэвэг орилов. Ханын толгойд өлгөөтэй арван толгой аймаар дэлгээстэй амаа ангалзуулан майлалдаад сэрээчлээ. Цэвэг зүрхээ оволзтол дэлсэхэд,

-Ёох, ёо ёо болон сүртэй амьсгаадав. 

Хашаатай хонь бэлчээрт тэмүүлж майлалдана. Цэвэг алдсан хониныхоо тухай бодолд оров. Хонио тоолж үзвэл арван хонь сох дутсан юмсанж. “Шувуу бужигнасан сэг зэм илрээгүйг бодоход хулгай авч. Гагцхүү хэн авчхав. Ханхар идчив үү, хонины төлбөртэй этгээд шингээчэв үү” гэж нутгийнхнаа дэс дараалан сэрдэв. Нүд аниатай чигтээ гараа сунгасаар радио асаавал саахалт Пунцагийг нь магтаад сүйд. Сүржин нэвтрүүлэгч хуурамчаар догдлон “Пунцаг отрын бэлчээрт сүргийнхээ захад ургах нартай золгодог хоньчин. Түүний туршлагаас суралцдаггүй залхуу хоньчид ичиг ичиг! Бэлчээрийн соргогт отор хийх зуур эх орноо хөгжүүлэх бодолд автаж яваа тэнгэрлэг малчин Пунцаг танд зориулж алдарт Норовбанзадын “Сэрүүн сайхан хангай” дуугаар ая өргөе гэв. 

Уртын дууны уянгалаг шууранхайд Цэвэг нүдээ нээж, унинд хавчуулаатай сонины булангаас цуу татаад тамхи ороох гэтэл гарт өртсөн тасархайд “Хоньчин Пунцагийн туршлага” гэх товир гарчиг таарав. Цэвэгийн атаа жөтөө асаж,

-Үгүй ер өө, энэ муу Пунцаг чинь юу болчвоо гээд тамхи ороох гэсэн сонины тасархайд үлдсэн хэдэн үгийг уншвал “Пунцагийн хонь саахалтынхаа хонин дунд адуу үхэр шиг данхайж харагддаг” гэжээ. 

Тэр ухасхийн дээлээ дутуу хагас эгэлдрэглээд тамхиныхаа утаанд хөхүүлж ханиалгасаар гадаалав. Эзнийхээ бараанаар хашаатай хонь майлалдан тэмүүлж, тэдний хөлөөр хотны шавхайн үнэр дэгдлээ. Цэвэг шалбаагны үнэрээс хамраа хацар дээрээ гартал шантайлгаад Их богдын зүг шиншилбэл тэндээс агь таана ханхалсан сэрхрээ элбэв. Униартан цэнхэртэх сүрлэг хөх ууланд Пунцаг отор хийж яваа гэж бодохоос бачуурна. Энэ зуур үхрийн зэлнээс Дэжид,

-Хонио хашаанаас гаргах болоогүй юу чи гэв. Цэвэгийн уцаар намдсангүй,

-Болоогүй ээ болоогүй. Зуны дэлгэр цагт өдрийн уртад ногоонд цадахгүй бол хохь нь муусайн хохрионууд гэлээ. Ганц үнээнийхээ дэлэнд шигдсэн Дэжид,

-Цаана чинь радиогоор Пунцагийн тухай ярихыг сонсов уу? гэвэл Цэвэг,

-Үгүй ээ үгүй. Сонсоогүй гээд ийш ийш шилбэлзэв. Дэжид,

-Пунцагийнх Их богдод отор хийж яваа айл гэнэ. Сая л радионоос сонслоо. Тийм нутагт нутагладаг айлын мал таргалаас яахав. Тэгэхэд чиний байж байгааг. Арван хонио алдчаад тоох ч үгүй унтаж хэвтэх. Ийш тийш явж сурагладаг ч болоосой гэсээр үнээнийхээ хөхийг шувтчив.

Цэвэг худгийн моторч Дандарынх өөд дурандлаа. Тэднийх их юм чанаж буй янзтай яндангаар нь утаа олгойдоно. Тэгтэл зэлнээс Дэжид,

-Чи Дандарын Сүнжидийг дурандаад байхаар алдсан хонио уул хад өөд дурандаач гэнэ. Цэвэг дурангаа шалав өвөртлөөд эхнэр рүүгээ хялалзаж, амаа хөдөлгөв. Дэжид хар хүнийхээ үгийг сонсоогүй ч,

-Хэ хэ, чи муу намайг юу ч гэсэн яадаг юм бэ. Ямар худлаа юм биш гээд үхрийн баас болсон бяцхан сандал дээрээ жомболзов.

Хонь хашаанаас гармагц ногооны ааг сэвэлзсэн Их богдын бэл өөд шуурхай мацлаа. Хонины хүнд хоол хэрэгтэй. Цэвэг унд бэлдүүлж тухлаад бараа тасарсан сүргийнхээ араас явахаар мотоциклээ асаав. Хөөргөсөн дээлийнхээ өвөрт Цэвэг салхи пөмбийтөл хүүдийлэн хурдалсаар төдөлгүй мотоциклийнхээ хөх утаагаар сүргээ тойруулж ороочоод Дандарынд буухаар жирийлгэлээ.

Ганц байшингийн сүүдрээс чоно шиг хоёр саарал нохой ухасхийж Цэвэгийг дугуйнаас нь эгээ л хуу татчихсангүй. Тэд их цатгалан агаад нэг үгээр оодорчээ. Сүнжидийг хорьсоор атал улайран довтлох нь Цэвэгийн тээж явдаг нууц шалиглалыг мэдэрсэн ч юм шиг. Дандар худгийнхаа моторыг задалчаад нуль тос болчихсон заваарч сууна. Ажилдаа махарсан Дандар, хонь хариулах нэрээр дэмий ярьж өдөр өнгөрөөх гэж ирсэн Цэвэгийг гонсойлгожээ. Цэвэг тэдний гэрийн гадуурхыг “улай хийсний улбаа байна уу” гэж сэм судлав. Дандар,

-Цаг хавчихаас өрсөж мотороо янзлах санаатай мунгинаж сууна. Настанууд энэ өвөл харын зуд болж магадгүй гэцгээх юм. Үнэн бол энэ муу мотор бид хоёр эртнээс бэлдэхгүй бол таваглахгүй гэлээ. Цэвэг өөрт хэрэггүй яриаг өөрийн зорилго тийш залахаар “Харын зуд болбол чамд л сайн биз” гэлээ. 

-Яагаад надад сайн байдаг билээ гэж ёозгүйрхоод Дандар тонгоргоор үсийг нь хуссан гялгар толгойгоо тостой гараараа хар зам татуулан маажив.

-Цас орохгүй бол хавийн мал чиний худгаас ус ууж, авдаг цалин чинь малын толгойгоор өсдөг хойно чамд бөөн мөнгө гэсэн үг биз дээ.

-Уу аа нохой долоо. Тэр талаас нь бодох ухаан надад төрөөгүй л байна гээд хэнхэр Дандар зэвэрсэн эрэгний боолт том том шүдээрээ зууж гяхруулан эргүүлэв. Зэвэнд идэгдсэн эрэг шаржигнан эргэсээр сулармагц Дандар боолтыг гараараа эргүүлж авах зуур аман дахь хүрэн улаан зэвийг нулимаад, -Мөнгө цаас ч хэрэгтэй байлгүй яахав. Харын зудад мотор асахгүй бол хоньчин Пунцагаас өгсүүлээд зэмлэх хүн гарах байлгүй гэлээ. Цэвэг яг ийм яриа хүлээж асан тул өлгөн авч,

-Пунцаг ч уг нь шалихгүй л амьтан сан. Одоо ч бүр цойлжээ. Энгэр цоолох гээд нойр нь хүрэхээ больсон хэнхэг юу ч гэж матахдаа сийхгүй вийвий. Дандар чи Пунцагийг өнөө өглөө раажваар магтахыг сонсоо л биз дээ? гэж өдвөл Дандар,

-Сонссоон. Бас аймгийн сонинд ч гарсан байна лээ гэв. Цэвэг,

-Хараач хөөе! Бас сонинд магтуулаа юу? Цаадахь чинь арай баатар болох юм биш биз гээд гэдрэг сүүжилдээд тухлах зуур Дандарын гутлын хоншоорт цусны толбо наалдсаныг хараад дотор нь сэрхийв. Гэвч алдсан хонийг нь Дандар аль эрт хот оруулаад зарчихсан биз гэж гуньжээ. Дандар мотороо оролдонгоо, 

-Үнэндээ Пунцаг ч ажлын хүн дээ. Ямар ч гэсэн манай энүүхэн хавьдаа л байх. Жишээ нь намайг ингээд мотор ухаад сууж байхад Пунцаг хэрвээ ирэх юм бол үүний чинь учир начирыг олох гээд аль хэдүйнэ өнгийчихсөн, нэг булангаас нь түшээд сууж байгаа гэлээ. Хэвтэж байсан Цэвэг ухасхийн өндийсөн ч моторын булангаас шууд барьж аваад Дандарт элбэлцэх эвгүй тул дэмий л Ханхарын наранд түлэгдсэн аварга хүрэн цээж, гүрэлзэн зангирагч булчин шандсыг ажиглан санаа алдав. Багадаа Дандарт хэд сүрхий зодуулснаа Цэвэг мартдаггүй юм. Тэгтэл Дандар,

-Энэ худаг ямар миний өмч биш, Пунцаг малаа услаад явахдаа надад их баярлана. Олон үггүй, дандаа ажлын мөр хөөж явдаг хүн. Би Пунцагийгаа хүнтэй ам нийлж муулахгүй ээ, хол оо хэвтэнэ. Тэдний хашаа саравч, тэрэг чарга, чөдөр ногтноос нь эхлээд Пунцагийн хэн болох андашгүй гэхэд Цэвэгт гомдол хуралдаж, “Хүмүүс миний ганц нэг муу явдлыг л дэвэргэж ярихаас сайн талыг минь яривал надад муу Пунцагийг дагуулахгүй чанарууд зөндөөн бий. Ноднин хавар шуурганд хоньтойгоо уруудаж, амиа алдах дөхсөнийг минь энэ муусайн мэдэх атлаа албаар дурсахүй шүү. Пунцагийг харанхуй шуурганд уруудсан хонио над шиг аварч чадсан бол түүнд баатар цол өгөө биз гэж цухалдлаа. Дандар тэгэхээс тэгэх гэсэн мэт,

-Пунцаг манайд чам шиг ингэж түр буулаа л даа. Тэгээд надтай хэдэн үг солих зуур шимээсгийг минь ирлэж өгөөд л мордож байгаа юм даа. Миний ах дүү биш. Сайн хүн Пунцаг чинь. Зайлуул ойрноос овоо магтагдаад л байна юу болдог юм бол доо. Сэтгэл сайхантай хүн Төрийн хишиг хүртэх байгаа. Отроор яваад гэртээ ч орохгүй зүтгэх юм даа гэж хүүрнэв. Цэвэг,

-Уг нь мань хүнд санаа ч их бий байх аа. Илжиг аятай л зүтгэх юм. Хөөрхий нэг юманд хүрээсэй дээ. Нутгийн юм үхэтлээ зүтгэж зүтгэчээд хоосон хоцорвол ямар олиг байхав хэ хэ гэж дохуутай хөхрөнгөө цус наалдсан Дандарын банхар гутлыг хулчгардуу хяламхийв. Дандар ажилдаа махрах зуур,

-Цэвэг ээ, ингэхэд Пунцаг та хоёр чинь найзууд биз дээ гэж асуулаа.

-Зайгүй найзууд байлгүй яахав. Хүн чинь магтагдаад ирэхээрээ өөр болчих юм. Мань хүн бригадын хурал дээр ганц муу найз-намайгаа зад шүүмжилсэн гэж байгаа гээд Дандараас дэмжлэг хүлээсэн ч цаадахь нь эрэг боолтондоо эр бяр гаргаж чахартал чангалаад дуугарсангүй. Цэвэг алдсан хонио түүнээс сураглах эгзэг олохоосоо өмнө зэвүүг хүрэгчлээ гэж харамсаад юутай ч хэд хоногтоо битүү тагнахаар шийдэв. 

Дан бошинзтой гарч орж юм хийх Сүнжидийг Цэвэг хулгай нүдээр сэм шохоорхох зуур “Царайлаг хүүхэн өтөлдөггүй, харин ч улам жавхааждаг байна шүү. Сүнжид ханхар Дандарынх биш, дожной Пунцагийнх байсан ч болоосой” гэж харамсчээ. Дандараас үг горьдож голоо харлатал тамхи баагиулаад эцэст нь арга буюу тэднийхээс зайллаа. Хоёр шар нохой мотоциклийг ангайлан элдэж, Цэвэгийн өвдөгнөөс үмхэж авахыг завдана. Цэвэгийн уур бадарч бүдэг морин замд оруут мотоциклийнхээ эрчинд тултал давхилаа. Дандарын анч ноход хүчирхэг техникийн тоосонд хахаж цацан хоцорсон ч Цэвэгт сэтгэл сэргэх ид хав төрүүлсэнгүй.

Нэлээд хурдлаад хонь руугаа эргэхийн тулд давхих дур булаасан жимээ орхив. Замгүй газар орж дугуйгаа хэд овгонотол донслуулаад эрчээ саав. Түүнд донслоогүй замаар насан турш бие амар давхмаар. Аниргүй бэлчээрт дуу хадаан хурдлах мотоциклээс хонин сүрэг айж хуйларлаа. Тэгтэл нэг хазгар төлөг сүргээ гүйцэхгүй дойдгонон хоцорч, аймшигт мотоцикльд дайруулчих вий гэсэндээ ижил олныхоо хойноос унан тусан зүтгэв. Цэвэг хонио тогтоохоор урдуур нь ороогоод доголон төлгийг барьж авбал түүний хөл өтөнд идүүлж, туруу нь мултарч унаад нүд хальтрам болжээ. Цэвэг төлөгний хөл эдгэрэхгүй болсныг ойлгоод шаналсан шар нүдийг нь ширтэж, “Чи ч амьд явахаасаа өнгөрчээ. Хөөрхий нялх амьтан. Миний муугаас л чи ийнхүү тарчилж явна даа. Хөл-амьнаас хол эрхтэн болохоор үхэтлээ чи мөн ч их зовно биз” гэж өрөвдсөндөө нөгөө төлгөө алаад хээр хаячвал тэр амьтанд амар мэт. Бодолд унасан түүний гараас төлөг нэг мэдэхнээ мултраад хониныхоо араас дойдгонож харагдлаа. 

Мотоциклээс айж үргэсэн хонь хэсэг давхиад гэнэт бөөгнөрч зогссоноо эзнийхээ зүг хошууран омойрч, бензиний үнэрээс жийрхсэндээ хамар нармайгаа цэвэрлэн хуухирч тургилав. Салхи сэвэлзэх төдий гандуу нутгийн шороо босох ёозгүй. Пунцагийг радиогоор магтаж, сонинд мандуулсны хажуугаар Дандар түүнд хир хүргэсэнгүйд Цэвэг хэсэг тэлчилснээ мотоциклээ пархийлгэн асаагаад суунагар цэнхэр манан дунд хүглийх Их богд өөд жирийлгэв. 

Хониныхоо захад ганц шувуу шиг сууж байсан Пунцаг хүний бараанаар босов. Пунцагийн хувхай цайтлаа гандсан хөсрий дээл, хээрийн салхинд онгосон тас хар царай өрөвдмөөр ч Цэвэг дамшиглахаар хорхойсов. Түүний бүсэндээ зүүсэн жижиг хүлээн авагчийг Цэвэг харж олзуурхаад “Мань эр өөрийнхөө тухай нэвтрүүлгийг сонсчээ” гэж бодохоос инээд нь хүрсээр буулаа. Тэгээд уянгалуулан,

-Зээ аваргын амрыг эрье гэв. Пунцаг “Би ямар аварга юм уу” гэж дургүйцэх гэснээ ойрд уулзаагүй найздаа янзгүйхаж төвдөлгүй дэмий л инээхчээ аядлаа. Хөхөө донгодсон үзэсгэлэнт уулс дунд догдолсон Цэвэг “Ийм нутагт хэний ч мал таргалахгүй яах вэ. Өгөөжтэй хангайд л учир нь байгаа болохоос муу Пунцагт хүнээс илүү юу байхав. Би л “тэгье” гэхгүй болохоос дожной Пунцагаас дор хэн байхав” гэж өөрийгөө өмөөрлөө. Пунцаг бол Дандар биш. Түүнд ямар ч хатуу хөтүү үг шидэх Цэвэгийн дурны хэрэг. Ханхартай бол хэмжээгээ мэдэж бурахгүй аваас аюултай. Цэвэг тамхиа сорж ийнхүү эргэцүүлээд,

-За Пунцаг аа, чинийхээ туршлагаас сурахаар барааны газраас балга бензинээ барж зүтгэлээ. Чи арвин туршлагаасаа ганц найздаа харамлахгүй нь мэдээж. Харин би гэдэг юм сурдаггүй тэнэг толгой чинийхээ тэргүүн туршлагыг ойлгохгүй дээ-яадаг билээ. Энэ голын муу сайны туйл-чи бид хоёр хойно адгийн шаар найзаа өөд татна байгаа. Үүнийг л чамаас аминчлан гуйхаар ирлээ гэв. 

Егөө дэгээтэй хорон өдөлтөд Пунцаг буруутан мэт өрөвдөм хулчигнаад муухан инээхээс цаашгүй. “Одон авах гэж зүтгэсэн хүн” гэгдсэндээ ичих-эмгэнэл. Одоо яая гэхэв, ядмаг томоотой нь ингэж дээрэлхүүлдэг ёс-монгол гангараа юм чинь. Цэвэг ичсэн найзаа улам түлж барьц алдуулахаар адангатаж,

-Чи өнөө өглөө Норовбанзадын “Сэрүүн сайхан хангай”-г дуулахыг сонсов уу? гээд гэмгүй царайлбал Пунцаг дуулгавартай дохилзлоо. Цэвэг,

-Мөн ч сайхан хоолойёо гээд нүдэндээ нулимс хуруулан уярав. Өөрийгөө яаж зовоох бол гэж хульчигнаж суусан Пунцаг яриа эргэсэнд,

-Ёстой сайхан байлаа. Их богдын сүр жавхаа тэр гоё дууны уянгатай хослон, үнэхээр нулимс гармаар болж байдаг шүү хөө гэж орхив. Цэвэг сэртэсхийснээ,

-Яана гэнэ ээ. Нулимс гарлаа гэв үү чи. Ха ха. Чи үнэхээр уртын дуунд уйлах гэв үү эсвэл өөрийгөө магтлаа гэж нулимс унагав уу? Уйлаад яах вэ найз минь. Удахгүй чи энгэр цоолно гайгүй гээд эг маггүй хөхрөв.

-Шооч золиг шүү гээд Пунцаг хажуудахь гоё цэцгийг илэнгээ, -Би ямар энгэр цоолох гэсэн юм уу гээд үнэнээ ойлгуулах учраа олохгүй тулгамдав.

-Энгэр цоолох гээгүй бол эзгүй ууланд үхсэнээ хийж явдаг ёдор вэ чи. Эсвэл шилийн хулгайч болох санаатай айл хунараас дайжаад явна уу. Хаяагаа хадарч, богино хөлийн хатиартай хонь хулгайлав даа. Холхноос азаргаар адуу хөөгөөрэй дөө. Чамайг чинь радиогоор ч магтаад аймгийн сонин ч шагшаад барахаа больж. Ямар учиртайг чи яаж надад хэлэв гэж. 

-Солиороод л... За тэгээд Цэвэг минь манай голоор сонин сайхан юутайв. Эзгүй хээр ганцаараа уйдаж үхлээ. Чи муу хөгшнийгөө хэсэг зуур ч болохноо нутгийн сонин сайхнаар зугаацуулаач.

-Сонин гэвэл чамайг хөдөлмөрийн баатар болно гээд сум бригадаараа хөл хөөрцөг болж байна даа цаана чинь. 

-За боль доо Цэвэг минь! Дэмий яриагаар юу хийнэ. Чи энэ Сэрүүн шанданд ирээд муу хөгшинтэйгөө ханьтай саахалт буучхаач. Тэнд буусан айл одоо ч ёстой ононо доо. Нутаг усны нүд энүүхэн хавьдаа Сэрүүн шанд л байна.

-Ха ха! Аварга одоо муу хөгшнийгөө чирэх нь. Чиний хөлд үрэгдэхээ жаахан азнах уу даа. Чи минь л зүтгэ. Би ч больж үхье. 

Цэвэгийн хорон үгэнд шордуулаад Пунцаг гомдонгуй царайлснаа нэгийг санав янзтай нүд нь сэргээд,

-Хөөе моньд минь танай хэдэн хонь хэдийнэ Барчингийн сархианд тасраад явж байхад нь би хониндоо нийлүүлчихсэн шүү гэв. Цэвэг,

-Юу гэнэ ээ гэж дөнгөж дуу алдаад хэсэг зуур чимээ тасарснаа,-Хэдэн хонь байна? гэж лавлахчаа аядлаа. 

-Арван нэгэн тоотой юм билээ.

-Арван нэг ээ?! Арав биш үү?

-Арван нэг л байна лээ дээ.

-Үгүй ер өө гээд Цэвэг толгой сэсэрснээ, -Би хонио тоолоод арван хонь дутаачаад бүр гайхаш тасарч явсан юм гэхэд Пунцаг сэргэж,

-Ха ха! Чи мөн тоолов оо гэж Цэвэгээс хариугаа авч, явил биедээ ахадсан аргил дуугаар доргиотой хөхрөөд, -Би чамайг хонио буруу эрээд яваа байх гээд хэл хүргэх гэсэн ч завдаж амжаагүй л бойтоглож сууна гэв. 

-Хаа байсан Барчин бэ. Тэр хүртэл юу эрж яваа хохрионууд бол?! Эзгүй ууланд очиж чонын хоол болох нь л дээ хатиарууд чинь гээд Цэвэг саяхан дээрэлхэж байснаасаа нэрэлхэхдээ, зэнхэлзэн маналзах халуун духаа барилав.

Цэвэгийн дээрэлхүү царай зөөлөрсөнд Пунцаг уужирч,

-Үдэш хонио хотлуулж морио аргамжчаад гэртээ оролгүй дэмий л ийш тийш дурандаж суутал Барчингийн сархианд цагаан юмс гялталзаад байх шиг. Тэнд тийм цагаан чулуунууд байхгүйг санаж, дурандаад байв. Тэгтэл нөгөө цагаан юмнууд хөдөлж байх нь тэр. Морио барьж унаад очих гэсээр явтал шөнө болчлоо. Харанхуйд нөгөөдүүл чинь хадан дотор олддоггүй. Морио богштол сархиа хэдрээд арай гэж оллоо. Миний чимээнээр үргэж цойлоод явсан амьтад юм билээ гэв. Цэвэг буумхай царайлж,

-Манай хэдэн хонь хүний малтай адилгүй тийм л муухай хятиарууд байгаа юм гээд хариуцсан сүрэгтээ хорсож шүдээ зуулаа.

-Тийм аймаар харанхуй хад цохион дотор хонож байгаа хонь үргэхээс ч биш яахав дээ хөөрхий.

-Нэгдлийн хонины заазуудыг надад өгсөн юм. Үгүй ер хаа байсан Барчин.

-Тасраад эзгүй сархианд олон хоносон хонь юухнаас ч үргэж цойлоод, айж оромгоноод-чи харсан бол тасарсан хонио их өрөвдсөн. Би хав харанхуйд туусаар гэртээ үүрээр ирсэн шүү.

-Тэгэлгүй яахав. Хаа байсан Барчин. Их хол.

-Ядаж нэг нь явж чадахгүй хазгар юм билээ.

-Өт хорхой нь тэгвэл цадигаа алдаа биз.

-Тэр ч бүр ярихын аргагүй. Гаднаа уячихсан. Манай Цэрмаа эмчилж байгаа. 

Хоёр найз эдэлж үзээгүй дотно яриа дэлгэж нэлээд суулаа. Цэвэгт шууд явах эвгүй ч Пунцагийн дэргэд суух бүр ч халширгаатай. Цэвэг босож мотоциклээ настай хүний намбаар асаав. Пунцаг түүний дэргэд очиж толгойгоо маажаад,

-Нээрэн чи Сэрүүн шанданд нүүгээд ирээч. Хэдхэн хоноход л хонины чинь нүд бүлтийгээд шал ондоон болно гэж ятгав. Цэвэг,

-Харин ээ хөө. Уг нь тэгвэл сайн л юмсан. Миний бие тааруу, рашаан усанд ч явмаар гээд мотоциклээ газрын хэвгий рүү өнхрүүллээ. Пунцаг бараадсаар,

-Чи яахав рашаандаа явдаг л юм байгаа биз. Би чамайг иртэл хонийг чинь хараад л байж байя гэв. Цэвэг өрөөсөн хөлөөрөө улдан дугуйгаа өнхрүүлэх зуур,

-Харин нь ээ?! гээд эргэж харлаа. Пунцаг хүүхэд байхынхаа зангаар,

-Тэг л дээ. Ханиндаа хоёул сайхан шүү дээ гээд горьдонгүй хоцров.

Цэвэгт шоглуулж газар өнхрөн уйлж уйлчаад босож хувцасныхаа шороог гүвсээр бараадаж явсан тэр л цагийн Пунцаг нь хэв хэвээрээ аж. (1979)


Цүнхтэй хүн

Жанжны талбайн баруунд орших 25-р гуанз. Кассны хажууд хүн битүү. Хижээл эр Дэндэв кассанд жагсагч олныг уцаартай ширэв татаад “Цөм залуус. Ер нь миний анзааныхан ийм гуанзанд ингэж оочерлож байж хоололдоггүй байх. Заяагүй амьтан” гэж өөртөө гомдмоор ч юм шиг, эсвэл төрмөл чадвар болон их сургуулиар эзэмшсэн мэргэжлээсээ дэндүү доогуур үнэлэгдэн, дарагдаж яваа нэгэн агаад гагцхүү түүний энэ хохирлыг нэг ч том дарга, цаашилбал, нам засаг анзаарахгүй тэнэгтээд ч байгаа юм шиг. “Улс эх орон миний мэдлэгийг ашиглавал бүх хүчээ шавхаад үхэх юмсан” гэж энэ мөчид Дэндэв шазуур зуув.

Дэндэв давчхан бөгчим гудаанд мушигралдсан урт дараалалд хөлс алдан жагссаар кассны ойролцоохь том толинд тулж ирлээ. Үдийн ундаа амжиж уухаар дугаарлаж бухимдсан ойр хавийн үйлдвэр үйлчилгээний ажилчид, будаг шавар шохойд будагдсан ажлын хувцастай барилгачид ханын толинд өөрсдийн арчаагүй дүрсийг сэм харна. Дэндэв ч бас харлаа. Туж залуусын дунд даримгар бүрх духдуулж, гоё том цүнх барьсан дарга маягийн хижээл эр урт дарааллын дунд бас ч гэж орчиндоо сүрдэрлэнэ. Дарга маягтай цэмцгэр атлаа Дэндэв тэр л багачууд шигээ лойжээ. Түүнд түрүүчийн гомдол дахин сэргэж, шахцалдаанд нүсэр цүнхээ тээр болоход ямар ч хэрэггүй атлаа ямагт түүнийг барьж явдаг учраа энэ агшинд анх удаа ойлгосонгүй. “Энэ дөнгийг хичнээн жил санжигнуулав аа” гэж өөртөө уцаарлаад толинд өөрийгөө дахин харвал ажилчдын дундахь цүнх барьсан дарга галбирын эр улам ч инээдэмтэй, улам ч хөөрхийлөлтэй үзэгдэв.

Гэнэт хооллох танхимын хамба хилэн хөшиг шурхийн ярагдаж, цав цагаан хувцастай үйлчлэгч бүсгүй уран сайханч мэт золбоолог гарч ирээд кассчинд,

-Хоёрдугаар хоол дууслаа. Битгий бичээрэй гэж концерт зарлах адил цоглог мэдэгдэв.

“Хоол дуусахад энэ муу үйлчлэгч бас их баярлажээ” гэж эгдүүцсэн Дэндэвийн өлссөн ходоод гомдолдоо хорслоо. Дэндэв удаан зогсож ядарсандаа ер юуханд ч атугай дэлбэ уурлахад бэлэн болов. Хоол дууссаныг сонсоод чилтлээ зогссон хүмүүс уурлахын оронд санаа алдлаа. Дэндэв хүлцэнгүй борчуудыг золтой л элдвээр доромжилсонгүй. “Гомдлоо залгиж сурсан хар ажилчид ийм л байдаг. Гараад явах уу” гэж Дэндэв эргэлзсэнээ гараад үүнээс дээр гуанз байхгүй. Тэгтэл үдийн завсарлага дуусах дөхөж байдаг. Дэндэв кассчинд дөхөж очоод нэгдүгээр хоол бичүүлэх гэвэл хөлс нь гоожсон бор авгай “Ямар ч хоол байхгүй” гэж арай ядан залхуурсандаа ам нээв. Дэндэв бухимдлаа барьсаар “Нэгдүгээр хоол дууссан гэж хэлээгүй байх аа. Эсвэл нэгдүгээр хоол түрүү нь дууссан юм бол уу” гэж бодуут кассчинд,

-“Нэгдүгээр хоол дуусаагүй. Бич” гэж зөөгч хүүхэн чинь сая чамд хэлсэн шүү дээ гэж гөрдөв.

Кассчин авгай Дэндэвийн үгийг тоож анхаарсангүй, бушуухан бүх хоол дуусаасай, юу ч хийхгүй зүгээр суухсан гэх тогтмол цалинтай хүний далд хүсэлдээ хөтлөгдөнө. Лазан авгайд зэвүүрхээд зүрхээр нь сүрхий хатгуулсан тул Дэндэв “Нэгдүгээр хоол бий, тэр ч бүү хэл, зөвхөн нэгдүгээр хоол бич гэж чамд хэлээгүй юү” гэж кассчин авгайг загнав. Архаг кассчин залхуураад түүний үгийг сонссонгүй. “Уурлана л биз. Ямар зодов гэж” гэсэн аятай долингор царайллаа. Дэндэв кассчин авгайг зодох эрхгүйдээ улам бачимдав. 

Тэгтэл хамба хилэн хөшигнөөс түрүүчийн бүсгүй цухуйгаад кассчинд,

-Хөөе та нэгдүгээр хоол бичээч гэж шаардав.

Баярласан Дэндэв залхуу кассчинаас хариугаа урт авахаар амаа асар том ангайсан боловч кассчин түүний өмхий үгнээс өрсөөд ногоотой шөлний тасалбар үмхүүлчхэв. Ногоотой шөлний тасалбар зуусан Дэндэвийн гомдол арилсангүй, хөшигний цаанаас цухуйгч хүүхэнд,

-Энэ кассчин чинь чамайг нэгдүгээр хоол дууссан гэж хэлсэн гээд бичихгүй байна шүү дээ гэж ховлоод эргэн тойрноосоо сэтгэл онгойлгох дэмжлэг хүлээв. Гэвч идэвхгүй арчаагүй нийгэм түүний бухимдлыг нимгэлсэнгүй. 

Ингээд Дэндэв хооллох танхимд гонсгордуу оржээ. Одоо зөөгч хүлээж хэр удаан суух бол гэхээс Дэндэвийн нүүр улс улсхийнэ. Гэтэл танхимын мухарт театрын тайзархуу жижиг тавцан дээр цав цагаан бүтээлэгтэй тансаг ширээ түүний нүдийг булаав. Дэндэв тэр ширээнд суух санаатай дөхтөл хотын захиргааны хурган дарга нарт зориулсан “тусгай үйлчилгээний ширээ” гэсэн пайз байхыг үзээд мань эр царайгаа барайлган буцав. Бас болоогүй тэр тусгай ширээнд нэг эр ганцаар тухтай хооллох агаад жижиг тайзнаасаа доордост даргамсаг додийно. Дэндэв түүнийг анзааруут түй гэж сэм нулимаад “Би дор хаяж энэ муу шиг явж чадах л байсан” гэж аминдаа томорч хариугаа авлаа.

Санасныг бодвол хоол зөөгч түргэн ирэв. Жоохон бүсгүйд тасалбараа өгөхдөө Дэндэв,

-Ганцхан ногоотой шөл. Хоёрдугаар хоол байхгүй гээд бичихгүй байна. Байвал миний дүү ядаж ахдаа ганцыг аваад ирэхгүй юү. Ах нь дараа нь бичүүлээд талоноо чамд авчраад өгчихье гэв. Бүсгүй дуугарсан ч үгүй явчлаа. Дэндэв ойр хавьдаа хоёрдугаар хоолны барианд орсон азтан хоолоо зооглохыг харж, өөрийгөө азгүй амьтан хэмээж дахин бухимдав.

Тэгтэл зөөгч бүсгүй нэг, хоёрдугаар хоол Дэндэвт авчирч өглөө. Дэндэв жигтэйхэн их баярласны дээр бас ч дуугай байсангүй,

-Өө юун сайн юм бэ. Ах нь хоолоо идчээд хоёрдугаар хоол бичүүлээд чамд талоноо авчирч өгье. Чамд маш их баярлалаа гэв.

Хоолоо идэж дуусахын алдад Дэндэв хоёрдугаар хоолоо заавал бичүүлж, нөгөө хөөрхөн охинд тасалбараа өгөх юм шүү. Харин тэр бүсгүй маань аль нь билээ гэж зөөгч охидыг харцаараа эргүүлдэв. 

Чингэтэл Дэндэвт ер нь хоёрдугаар хоолоо бичүүлэхгүй яваад өгвөл яасан юм бэ гэсэн гаж санаа төрлөө. Гэвч Дэндэв сайн тунгаагаад өөдгүй заль сэдсэн өөрийгөө зэмлэв. Тэгж яаж болохов. Муухай. Хүн сайхан сэтгэл гаргаж байхад би өөдөөс нь хөө цацаж болохгүй гэж тэр өөртөө хатуу тушаав. Хэрэв кассан дээр хүн пиг байвал дахин оочерлох хэцүү юм аа. Тэглээ ч гэлээ тийм зан манай нийгмийн хүнд таарахгүй, шударга бус явдал. 

Гэвч намайг шударга бус зан гаргасан гэж хэн мэдэх юм бэ. Хэн ч мэдэхгүй. Тэгээд л өнгөрнө. Харин ингэсэн гээд миний үйлс бүтэхгүй болчихвол би яах вэ. Гэхдээ юмс хоорондоо тийм механик холбоотой байх нөхцөлгүй. Тэр бол шашны номлол. Балар эртний хоцрогдсон номлол үнэн бол би балрах нь байна шүү гээд Дэндэвийн баргар нүүр анх удаа жуумалзахад хуншгүй гуанзанд гэрэл гэгээ орох шиг. Намайг хоёрдугаар хоолны хоёр төгрөг завшсан гэж хэн ч мэдэхгүй. Хамаг учир “хэн ч мэдэхгүйд” л байна. Гэхдээ л эвгүй юм. Ерөөсөө хоёр төгрөгөө тушаагаад тасалбараа нөгөө намайг баярлуулдаг хөөрхөн бүсгүйд “Май миний дүү. Ах нь чамд зөндөөн их баярласан шүү гээд өгье. Ингэвэл сайхан шүү дээ” гэж бодсоор босов.

Кассны дэргэд хүн пиг. Хөдөлж ядсан бойдуу кассчин авгайг бүгд загнасаар ажээ. Дэндэв хүмүүсийн урдуур зүтгэж, “Би идчихсэн хоолоо бичүүлье” гэлээ. Уцаар нь туйлдаа хүрсэн хүмүүс түүнд зай тавьж өгөх янзгүй агаад тэр ч бүү хэл нэг ёхилзсон шөрмөслөг эр,

-Тэр нөхрийг хараач. “Идчихсэн хоолоо бичүүлье” гээд залилдаг моод гараад ирж. Манайхан социалист ёсоор хэзээ амьдарч сурах бол гээд шогшров. Дэндэв хэсэг зогссоноо “За яршиг” хэмээн гараа нэг саваад гарч одлоо.

Дэндэв бодлогошрон ажил руугаа алхав. Зөөгч бүсгүйн сайхан сэтгэл рүү би тоох ч үгүй нулимлаа даа. Миний ингэснийг хэн ч мэдэхгүй. Зөөгч бүсгүй ч өдийд мартчихаа. Харин ийм яльгүй мөртлөө новшийн заль гаргасан гээд миний үйлс бүтэхээ больчвол яана гэсэн болгоомжлол түүнийг шаналгасаар. Ер нь сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр хариулж буйг хэн шүүж байгаа юм бэ. Бурхан л шүүдэггүй юм биш бол хэн ч шүүж чадахгүй. Ертөнц бол замбараагүй эмх цэгцгүй, тиймээс хуурамч хорвоод ёс суртахуун хүчгүй. Харин бурхан шүүдэг нь ил тод бол би нүгэлд унахаас айгаад хоёр төгрөгөө төлнө. Энэ бүгд таагдашгүй ертөнцийн нууц юм чинь би алийг нь гэж оноож хоёр төгрөгөө төлөх вэ. Хоёр төгрөгнөөс гайтаж нүгэлд унах нь тодорхой бол би айгаад хоёр төгрөгөө тушаана. Энэ чинь тэгэхээр ариун буян бус зөвхөн алд биеэ нүгэлд унахаас хамгаалсан бас л нэг нүгэл. Иймээс шашин гэдэг хар амиа хичээсэн хүний айдсаас үүссэн хаяагаа манах номлол юм биш үү? Харин хүний сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр, сайхан итгэлийг сайхан итгэлээр хариулна гэдэг энгийн атлаа агуу юм. Тэгтэл бас цаана нь хамт олны сайхан итгэл, бүх хүн төрөлхтөний сайхан итгэл гэж буй. Ертөнцийн энэ бүх сайхныг чадах чинээгээрээ хариулсаар яваад үхвэл мөн сайхан аа.

Ингэж бодоод Дэндэв нөгөө гуанз руугаа эргэж харав. Гуанзнаас нэлээд холджээ. Энэ зуур Дэндэв дөрвөлжин хар цүнхээ барьж яваагаа анзаарч энэ новшийг би өдий жил яах гэж дандаа барьж явдаг байна аа гэж гэнэт ад үзээд Засгийн газрын ордон өөд харлаа. Дэндэв ордны гуанзанд нэг удаа хооллож үзсэн ажээ. Ордны гуанзны цэлгэр танхимд жинхэнэ сайд, Төв хорооны хэлтсийн эрхлэгчдийн хооллодог тусгай ширээ байсныг санаж, 25-р гуанзны театрын тайзархуу жижиг тавцан дээр додигор хооллож суусан хотын нэг муу хурган дарга нүдэнд нь харагдаж дахиад л гуниглав. Уг нь Дэндэв аравдугаар ангиа онц, улсын их сургуулийг улаан дипломтой төгссөн шилдэг сэхээтэн билээ. Тэр бээр ордон өөд дахин хараад, “Даанч дээрээс надад татаас алга даа” гээд өөрийгөө өрөвдөв. Тэгээд байнга өөртөө андгайлдаг “Чармайж хуримтлуулсан мэдлэг боловсролыг минь нам засаг ашиглая гэвэл бүх хүчээ шавхаад үхэх юм сан” гэх цээжинд уяатай үгээ давттал хоёр төгрөг завшсан нүгэл нь дахин хөндүүрлэв. Эргэж харвал нөгөө гуанз тийм ч их холдоогүй байлаа. (1984)