Ингэтэлээ үхширч хоцрогдсон юм гэж

МУИС-ийн багш нараа төсөөлөхгүй явжээ


Энэ бол 17 жилийн тэртээх үнэн түүх, түүнээс хойш өөрчлөгдсөн эсэхийг мэдэхгүй. Гэлээ гээд МУИС-д хүүхдээ даатгаж байгаа нийт эцэг эхчүүдэд, ирээдүйн МУИС-ийн оюутнуудад сургамж сануулга болох болов уу хэмээн бодож МУИС-ийн нэгэн салбар сургуульд болсон түүхэн үйл явдлыг хүүрнэе.  


... МУИС-ийн ХБФ-ийн Гадаад хэлний тэнхмийг үндэслэн Олон улсын харилцааны дээд сургууль байгуулсан, М.Дүгэрсүрэн гуай бид хоёроос өөр хүн алга, багш дутагдалтай байгаа, дипломатын мэргэжлийн нэг ч хичээл орж эхлээгүй байна, хүрч ирвэл 1994 оны хавар Нидерландын Олон улсын харилцааны институтэд курсэд явуулна гэж  миний залуу цагийн найз Ж.Баясах тааралдаад ам гардаг байгаа.  


Баясахтай тохирсон ёсоороо 1993 оны 10 дугаар сарын 1-нээс шинэ албандаа очлоо. Сургуулийн ба тэнхмийн зөвлөх, ахмад дипломатч М.Дүгэрсүрэн гуай намайг олзуурхан дэмжиж, бүр цохолт хийж өгчээ. Дипломатын академийн шинэ сэргэг толгойгоор хичээл заалгая гэж эргэлтгүй шийджээ. ГХЯ-нд байдаг тоотой хэдэн докторын нэг Г.Төмөрчулууныг маань 50 хувиар цалинжуулж тэнхмийн эрхлэгчээр ажиллуулж, үлдэх 50 хувьд нь би орлох юм гэнэ. Ингэж  ОУХДС-ийн Олон улсын харилцааны тэнхим байгуулагдлаа. Тэнхмийн багш нар нь ч бүрдэж эхэллээ.


Намайг очихоос өмнө Дүгэрсүрэн гуай багаа бүрдүүлэх санаатай нэлээд ажилласан юм байна, янз нь. Туршлага судлаад ир гээд Японы ОУХ-ны хүрээлэн (JIIA), БНСУ-ын Гадаад хэрэг, үндэсний аюулүй байдлын хүрээлэн (IFANS), Хятадын ГХЯ-ны Дипломатын сургуулиар доктор Я.Ганбаатар тэр хоёрыг сар орчим аялуулаад ирсэн байв. Багшаар ажиллана уу гээд ахмад Элчин сайд Д.Эрдэмбилэг гуайг гуйгаадахсан чинь Дүгэрсүрэнтэйгээ таарахгүй гээд очоогүй юм гэсэн. Ахмад дипломатч Л.Хашбат гуайг урьж уулзаад сургалт энээ тэрээ ярих гэтэл цаадхи нь гэнэт дүрсхийн уурлаад "Би чиний халзан толгойнд 30 жил дарлуулсан, одоо бол чадахгүй!" гэж хэлээд хаалга саваад гарахыг нь  хараад би ч мэл гайхаж цэл хөхөрч байв. Дүгэрсүрэн гуайд ахмадууд нь хонзонтой юм байна гэж л бодож суулаа. Тэгж тэгж олон улсын харилцааны хичээлийн нээлт болоход ахмад дипломатч О.Хосбаяр гуайг олоод ирлээ. Тэрээр Дүгэрсүрэн сайдтайгаа амь нэгтэй, үгнээс нь гарахгүй, намбалаг, нуруутай, үнэхээр юм үзэж нүд тайлсан, тулхтай сайхан багш байсан даа. Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний нэрт зүтгэлтэн Ванданнямын хүү, эхээрээ овоглож эцгээ нууцалж явсан. Олон улсын эрх зүй, дипломатын албаны хичээлийг Хосбаяр багш маань эхлүүлж, лав 4 жил заасан. Миний хятад хэлний ба түүхийн багш Э.Чимэдцэрэнгийн ганц хүү Киян Ж.Борыг Монголын дипломатын түүхийн багшаар авч, ингээд 5-уулаа нэг баг болж 1993 оны намар хичээлээ эхэлж билээ. Би тэнхмийн орлогч эрхлэгч бөгөөд олон улсын харилцааны түүхийн багшаар ажиллах болжээ.   


Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ОУХДС-ийн нийт багш, лаборантуудын хурлыг хийв ээ. Баясах хурлыг удирдаад ном журмаараа эхэлж, эхэнд нь сургуулийн зөвлөх, Элчин сайд М.Дүгэрсүрэнгийн 2 жилийн ажлын тайланг хэлэлцдэг юм байна. Ингэж хэлэлцүүлэнгээ шинэ тэнхим байгуулсныг зарлаж, олон улсын харилцааны сургалтын хөтөлбөрөө олон хэлний багш нартаа ойлгуулж дэмжүүлнэ гэж манай Баясах гэнэнээр төсөөлж л дээ. Тэгтэл юу болсон гэж санана? Туршлага судлуулахаар Элчин сайд Дүгэрсүрэнг Токио, Сөүл, Бээжинд явуулаадахсан чинь олон багш нарын атаа жөтөө, хорсол зэвүүцлийг төрүүлчихсэн байжээ. Бослого дэгдэхэд яг бэлэн болсон юм байна. Хурлын уур амьсгалаас ажвал нэлэнхүйдээ атаархалдаа шатаж яваа юм байна. "Та явж ханаагүй юу?" гэж зэрэг зэрэг боорлоод л.


Дүгэрсүрэн гуай ч зөвлөхийн тушаалдаа эрдээд (олон хэлний багш нарын хэлснээр нь хэлж байна) англи хэлний хичээл дээр нь сууж, англи хэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлж зааж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргаад шүүмжлээд тавьчихсан юм байж. Цаадуул нь боож үхэхгүй юу. Жуулчны хөтөч бэлтгэж ирсэн уламжлалаа орхи л гээ биз. Хэрэв англи хэлийг ингэж заах юм бол Гадаад хэлний дээд сургууль гэж тусдаа байгаа шүү дээ гэж Дүгэрсүрэн гуай учирлав. Цаадуул нь бүр асав. Гадаад харилцааны англи хэлний сургалт шал өөр өө, Үндсэн хууль, НҮБ-ын дүрмийг монгол-англиар  харьцуулж үзүүл, Би-Би-Си сонсго, англи сонин уншуул, би сониныг нь Британийн ЭСЯ-наас хөөцөлдөөд аваад өгье гэж хичнээн учирлаад нэмэргүй. Шинэ юмыг, шинэ үзэгдлийг, шинэ сургалтыг ингэж үхширтлээ үзэн ядаж хүлээн авах юм чинээ би МУИС-ийн багш нараа төсөөлөхгүй явжээ. Сэтгэлгээний шинэчлэл 1990 онд хийсэн гэж ардчилсан хувьсгалыг бодож явсан юмсан. МУИС-д шинж тэмдэг нь байтугай үнэр нь ч алга. Сэтгэлгээний хамгийн хуучинсаг, бүр аюултай хоцрогдол энэ сургуульд ноёлж байгаа юм байна. Сэтгэлгээний эрх чөлөө гэж даан ч алга. Гайхаад хэлэх үг ч олддоггүй. Би ер нь хаана сууж байнаа?


Сүүлдээ хурал хурал биш боллоо, англи хэлний тэнхмийн эрхлэгч Сумъяа багш хурлыг хаяад гарлаа. Гарахдаа зүгээр ч гарсангүй, Дүгэрсүрэн гуай руу хамаг бохир муухай үгсийг урсгав. "Монголын гадаад бодлогыг унагаж унагачихаад ичихгүй юу?" гэж ч байх шиг. Хожим сонсох нээ Сумъяа багшийг ГЯЯ-нд хуваарилагдаад очиход нь гэл үү, ажиллаж байхад нь гэл үү  Дүгэрсүрэн гуай сайд байхдаа голоод халчихсан юм уу даа, аль 1960-аад оны хонзон 1993 оны намар гарч ирж байгаа нь тэр гэнэ. Сүүлдээ Чой.Лувсанжав багш маань багш нараа өмөөрөөд босоод ирлээ.


-    Хүн хүний ажилд ороод юу хийхэв. Би ГХЯ дээр очоод Танай дипломатчдад ажлыг нь заагаад эхэлбэл энэ Лувсанжав Монголд солиорчихож гэнэ биз дээ? Түүнтэй л адилхан шүү дээ. Та зөвлөх хийх гэж байгаа бол тэр тэнхимдээ л зөвлө! Манай тэнхим бол 30 жилийн түүхтэй. Танай ГЯЯ-ны олон дипломатч  биднээр англи хэл заалгаад сайн сайхан ажиллаж байна гээд Эрэндоо, Должинцэрэн, өөр хэн ч билээ хэд хэдэн хүний нэр дурдаж байна.


Тэдний англи хэлийг чухам дипломат алба л сайжруулчихсан, тэд нь дипломат албанд зүтгэж байж л англи хэлэндээ гэгээрчихсэн гэдгийг хүлээн авах сэтгэлийн тэнхээ алга аа. Дүгэрсүрэн гуайг шүүмжлэгчдээс орос хэлний Э.Равдан, франц хэлний Цэрэндолгор нар ч "Та явж ханаагүй юу?" гэдгүүдийн дотор байна. Ам амандаа хашгичсан, шаагилдсан болгоныг би энд дурдалтгүй. "Шаварт унасан шарын эзэн" Баясах л хэцүүдэж байх шиг. Хамаг хөлс нь чийхарчихсан, баавгай шиг памбайгаад л суугаад байдаг. Хашгичиж хашгичсаар манай багш нар ядраа биз, бас орой болчихсон өлссөн байж таарна. Тэгсгээд хурал тарсан даа.


Би маргааш нь Баясахыг зэмлэлээ. Багш нарын энэ балай үгийг яах гэж сонсож байгаа юм бэ? Хэнд хэрэгтэй юм бэ гэтэл,  - Үгүй ээ, эдэнтэй эвээр ярих хэрэгтэй, аятайхан ойлгуулах хэрэгтэй гэж байна. Ойлгуулж байгаа нь тэр гээд хөлд нь сөгдөх тактик сонгожээ.  "Та явж ханаагүй юу?" гэдгүүдэд хариу барьж, уур хилэнт Сумъяа багшийг Венийн Дипломатын академид хуралд дагуулаад явлаа. Орос хэлний доктор Равданг Нидерландын Клингендальд айлчлахдаа дагуулаад явлаа. Франц хэлний Цэрэндолгорыг Хятад, Малайз руу албан ёсны төлөөлөгчөөр  дагуулаад явлаа. Цаадуул нь манай олон улсын харилцааны сургалтад хумсын толионы чинээ ч юм хийгээгүй, ердөө л уурыг нь  дарж, гомдлыг нь барагдуулж байгаа манай Баясахын илбэн тохинуулах арга нь тэр юмсанж. Энэ сайхан сэтгэл нь Баясахыг мөн ч олон удаа алсан даа.

   

Дүгэрсүрэн гуай ч гутарсандаа болоод хэд хоног ажилдаа ирсэнгүй. Ирсэн ч тэнхим, Баясахын өрөөнөөс өөр хаашаа ч ордоггүй боллоо. Хонгилоор ч явдаггүй, бүр жорлонд ч ордоггүй, хөл нь тушаатай "амьтан" болжээ. Насаараа гялалзаж явсан, өөрийгөө хүндэтгэн үздэг, нэр хүндтэй эрхэмийг МУИС-ийн хэлтэй амтай хэдэн багш амьтан болгож хувиргажээ. Ингэхэд ГЯЯ-ыг 17 жил толгойлсон  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой хүн шүү дээ.


Ийнхүү хэрүүл, хэл ам дагуулсан хичээлийн шинэ жил маань харин ч санаснаас дажгүй эхэлж, хичээл маань жигдэрлээ. О.Хосбаяр, Ж.Бор, Д.Баярхүү нар л ээлжлээд дугуй зааланд нүдээд байх нь тэр. Төмөрчулуун ганц нэг спец курс орсон байх. Тэгсгээд мань хүн Японы Олон улсын харилцааны судалгааны хүрээлэнд (Japan Institute of International Affairs, JIIA) хэдэн сараар явчихсан, тэнхмийг би орлож үлдлээ. Хичээл эхлээд даан ч удаагүй байтал оюутнууд биднийг, манай тэнхмийг хүрээлээд авлаа. Хүссэн мэргэжлийнх нь хичээлийг зааж байгаа, тэгээд бүр шинэ сэргэг арга барилаар, сэтгэлээсээ зааж байгаа тул тэгсэн биз. Аль өнгөтэй өөдтэй,  сурлага  сайтай нь биднийг дагана шүү дээ. Цаад хэлний багш нар нь (бүгд биш л дээ) олон улсын харилцаа гэж гүйлдсэн оюутнууддаа хар дэвтэр хөтлөөд, зууж эхэлснийг бид мэдсэнгүй. Хэрэв олон улсын харилцааны хичээл дээр нойлтвол "Хохь нээ!" гэхээр шийджээ. Бас хэлний хичээл дээр нь хөөрхөн чангалахаа ч мэдэлгүй яахав.


Миний хувьд Москвагаас ирсэн даруй багш, судлаач, нийтлэлч, улс төрч гээд хэд хэдэн ажлыг амжуулав.  Гурван жил бичих, туурвих ажлаасаа хөндийрснийх, нөхөж байгаа нь тэр гээд машиндаж гарлаа. 1993 онд 12, 1994 онд 50, 1995 онд 43, 1996 онд 60 гарчиг нийтлэл гээд л прогрессоор өслөө. Лекцээ бэлтгэхдээ л ном болгож хэвлүүлэхээр шууд л сэдэв, гарчиг, бүлгээ сонгоод, бичээд бичсэнээ өөрийн болгоод, дараа нь лекцэллээ. Олон улсын харилцааны түүхийн сурах бичиг бичнэ гээд Баясахтай гэрээ байгуулчихсан тул хийхээс ч аргагүй. Москвад гурван жил усан спортоор хичээллэснийх, бассейнаа санаад хэцүүдлээ, бие ч хүндрээд. Тэгэхлээр нь тэр өвөл нь залуучуудын усан спортын төвд бүртгүүлээд үүрийн таван жингээр очиж сэлчихээд нойтноороо шахуу их сургууль дээрээ дэгдээд очдог маршрут гаргаад хэдэн сар мөрдлөө. Гайгүй бичсэн юм байлгүй 1993 онд "Үг" сонины оны шагнал ч хүртэж байна. Ном маань 1994 он гаргаад 60 хувьтай явж байна. Баясах маань гэрээ байгуулаад "За зүй" болоод байсан чинь цагаа тулаад ирэхэд санхүүжүүлж чаддаггүй. Тэгээд ч намайг хэдхэн сарын дотор биччихнэ гэж санаагүй байх, хэвлэлийн зардал нэг сая төгрөг гэдэг нь 1994 оны ханшаар бол чанга сонсогдоно л доо. Ивээн тэтгэгч хайлаа. АН-ын байрны урд жигүүрийг эзэгнэн суугаа Улс төрийн боловсролын академи (УТБА) номыг маань өлгийдөн авъя гэж байна. Би ч дуун дээр "За" гээ биз. Академийн захирал Б.Дэлгэрмаатай гэрээ байгууллаа. Ингээд уйгагүй суусаар 1994 оны хавар Клингендаль явахынхаа өмнөхөн "Олон улсын харилцаа ХХ зуунд" хэмээх түүхийн сурах бичгийн номыг дуусгаад хэвлэлд шилжүүлж амжлаа. Намайг эзгүй хойгуур миний бичсэнийг шивээд дуусгасан байх ёстой юм. Би зун эргэж ирээд зуны амралт залгаад  дараа нь авч нийлээд эргүүлж эцэслээд хэвлэх гэсээр байтал намартай золгож тэр ном маань 224 хуудастайгаар уншигчдын гар дээр очлоо. Миний энэ бүтээл өнөөг хүртэл олон улсын харилцааны түүхийн салбарын оюутнуудын гол гарын авлага хэвээр яваа гэж дуулдсан.  Түүхэн сэдэвт нийтлэлүүдээ цэгцэлж, бөөгнүүлж, бүлэглэж байгаад "Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны түүхэн зарим асуудал" нэрээр судалгаа-нийтлэлийн эмхэтгэл ном болгоод Бор, Уламбаяр нараараа хянуулаад ОУХДС-ийнхаа нэрээр 147 хуудастай гаргаад оюутнуудынхаа гар дээр тавилаа. Клингендаль явж ирээд "Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа: 90-ээд оны үндсэн хандлага" судалгааны зохиолоо бичиж хэвлүүллээ. Түүгээрээ боловсролын жилд бэлэг барилаа.  


АН-ын байранд "Үг" сонин байрладаг. Би байнга тэр хавиар эргэлддэг ажилтай, оны шагналтан. Үргэлжлүүлээд бичээд байх нь тэр. Мөн УТБА-ийн "Шинэ толь" сэтгүүлд судалгааны өгүүллээ бичиж эхэллээ. "Ил товчоо" сонинд бас бичиж байлаа. 1994 онд тэргүүн бичлэгийн оны шагналыг нь би авлаа. 1995 оны бичлэгээрээ Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн оны шилдэг бүтээлийн, 1996 онд "Засгийн газрын мэдээ" сонины шилдэг нийтлэлийн оны шагналыг хүртлээ. Гаргуун биш гэхэд олны анхааралд өрттөлөө бичлээ. Миний эсрэг хариу нийтлэлүүд хөврөөд би ч нэг мэдэхэд алдаршиж эхэлжээ. Намайг гутаах гэсэн биш харин би үнэгүй хар PR хийлгэж эхлэв. УТБА-иар дамжаад АН-ын байраар холхидог болсон биш ардчилсан хүчний лидерүүдтэй танилын харилцаагаа сэргээж, заримтай нь танилцаж ойртлоо. Ялангуяа миний бичлэг Баабарт их таалагджээ. Нийтлэлээрээ ойртож байснаа сүүлдээ намдаа элс гэж ятгадаг боллоо. Олон ч хүн ятгасан даа. Ингээд Баабарыг дарга байгаа дээр нь гарын үсэгтэй батлахыг нь өвөртлөхийн тулд намд нь элслээ. МАХН-аас албан ёсоор гарсан эсэхээ ч би мартчихаж. 1991 оны хавар Дипломатын академи дахь намын үүрээ татан буулгаад тамга тэмдэг, батлахаа Москва дахь Намын Хорооны дарга Ч.Улаанд аваачиж өгч бухимдуулж байснаа санаж байна. Тэгээд нам гэдэг ойлголтыг тархинаасаа гаргачихсан явсан юмдаг. 1994 оноос АН-ын гишүүн болов оо.


Хичээл ном жигдрээд, манай тэнхмийн багш нарын ном бүтээл хэвлэгдээд, олон улсын хурлууд зохион байгуулаад манай тэнхим аяндаа нэр хүндтэй болж ирэв. Миний номуудаас гадна Ж.Борын 3 ном, ахмад хоёр Элчин сайдын 2 ном, Буд гуайн нэг ном хэвлэгдсэн юм. Баясахын маань менежмент байсан байх, бидний ч дэмжлэг оролцоо байсан байх. 1994 оноос жил бүрийн хавар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтоосон, тэр маань ч  өнөөгийн ОУХС-ийн өнгөн дээр сулраад улбайгаад явчихсан шиг. 1994 оны хаврын хурлын индэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат заларч үг хэлж байлаа шүү дээ. 1995 онд Монголын геополитикийн өнгөрсөн түүх, өнөөгийн төрхийг задлан шинжилсэн олон улсын хурал анх удаа (Монголын түүхэнд анх удаа!) зохион байгуулав. Тэр хуралд Орос, Хятад, Япон, Солонгос, Малайз, бүр Израилиас хүртэл эрдмийн төлөөлөгчид ирж оролцсон нь 1995 оны өндөрлөгөөс харахад, тэгээд бүр МУИС-ийн доторхи нэг дээд сургуулийн хувьд бол сонин содон, түүхэн үзэгдэл мэт байлаа.


Гэлээ гээд гадаад хэлний багш нарын үхширсэн сэтгэлгээ арилсангүй. Баясах тэднийг нэг нэгээр нь гадаадад дагуулж яваад, юм үзүүлээд нэмэргүй. Венийн Дипломатын академид Сумъяа багшийг явууллаа гээд цаадхи нь Дүгэрсүрэн гуай руу жишүү ч хардаггүй занасаар л явлаа. Ер нь манай тэнхим, манай сургалтыг үзэн ядагчид ялгарч эхэллээ. Англи хэлний тэнхмийнхэн үүнд гоцлох шиг боллоо. Оюутнуудаа хохироож байгаагаас нь харахад. Б.Бямбасайхан гэж нэг хүү, хачин сайн англи хэлтэй, гэм нь манай тэнхмээр гүйдэлтэй, манай тэнхимд диплом бичсэн юм. Бид дэмжсээр "Оны шилдэг оюутан" болгочихсон юм. Дэмжлэгтэй дэмжлэггүй болох л хүүхэд л дээ. Бид тодорхойлж явуулснаа хэлж байна. Тэр маань англи хэлний тоэфлийн шалгалтад багш нартайгаа орж шалгуулаад цаадуулаасаа дээгүүр оноо авчихаж. Ингээд араандаа зуугаад улсын шалгалтан дээр нь арай ч муу тавьсангүй, даравч дардайж байгаа юм чинь "Сайн" тавьж, улаан диплом өвөртлөхөд нь өсөө гаргажээ. Энэ бол нэгээхэн жишээ. Цаана нь олон жишээ бий. Б.Бямбасайхан нь одоо Азийн хөгжлийн банкинд (Манила) томхон түшмэл болчихсон яваа учраас би жишээ болгож атаач, хорлооч багш нарт нь зориудаар сануулж байна. Багш нь оюутандаа атаархдаг гэж даан ч төсөөлж явсангүй, харин МУИС-д очоод хардаг юм байнаа. Сүүлд олон улсын харилцааны тэнхим маань сургууль болж салсны дараа биднийг дагаж явсан “харилцааны оюутнууд”-ад англи хэлний тэнхмийнхэн ёстой нэг өсөө гаргасан шиг байгаа юм. Бараг бүгдэд нь “60!” балл тавьсан нь анхааруулгатай “хасах Гурав” (үүрэгтэй) гэсэн үг л дээ. Бүгдээрээ тийм байлаа гэж үү хэмээн бид одоо ч хүртэл гайхшаа баран ярилцдаг юм.    


1997 оны хавар Олон улсын харилцааны улсын шалгалтанд нэлээд олуулаа бүдрэхэд манай гадаад хэлний тэнхмүүдийн үнэн нүүр царай жинхэнээрээ гарч ирсэн юм. "Хохь нээ, даан ч их олон улсын харилцаа гэж гүйсэн юм. Болжээ болж!" Энэ үгийг хэлний багш нар баяр бахдалтайгаар хэлж байлаа. 1993 оны намар Дүгэрсүрэн гуайтай ширүүн үзэлцсэнийх нь хэрэг нь гарлаа гэж бодсон байх. Оюутнуудаа хохироож өс авах явдал магистрын сургалтан дээр бүр ч ил цагаандаа гарав. МУИС-ийн ОУХДС-ийн хамгаалуулах зөвлөл гэдэг нь Баясах ахлагчтай баахан хэлний багш нар. Тэр зөвлөлөөр манай анхны магистр С.Энхбаяр орж хамгаалах болдог юм. Би удирдагч нь байснаас мань хүн рүү атаархлын гал онилжээ. Заяатай л унагчихсангүй, "Сайн" авч саллаа. Уг нь онц авахаар л хийсэн ажил л даа.  


Манай тэнхим, англи хэлний тэнхмийн дунд ганц утас (329212) салаалаад тавьчихснаас болж дайн дэгдэх шахлаа. Утас чагнах, утас таслах, дуудаж өгөхгүй байх бол энүүхэнд. Доржготов гэж англи хэлний багш биднийг хараах зүхэх, дарамтлах явдал хэрээс хэтэрлээ. Тэрээр дипломат албанаас халагдсан нөхөр юм уу даа, түүндээ өсөрхөөд өсөө мань дээр гаргаж эхлэв. Миний дуулснаар бол манай тэнхмийн нэр хүндтэй багш, Элчин сайд Х.Олзвойг зодсон дуулдсан. Үгийн далимаар өө эрээд намайг яг зодохоор багалзуурдаад авахад нь би огт эсэргүүцээгүй, хүүхнүүд нь орилолдоод болиулаагүй бол би ч нам цохиулах байлаа. Хамгийн нэр хүндтэй хайр татам Дамдин багш маань хүртэл биднийг зүхчихсэн явж харагддагсан.


Надад хятад хэл зааж байсных нь хувьд би МУИС-д багш болж очоод тэнхмээр нь учиргүй гүйнэ гэж хүлээсэн юм уу даа, би өөр ажилтай, өөр хичээл заадаг, тэгээд ч анзаарсангүй. Надад учиргүй гомдчихож. Чой.Лувсанжав багш маань үг хаяад л, Ц.Базаррагчаа багш маань нэг удаа айхтар уурлаад бүр заналтайгаар загнаж байна. Шал хэрэггүй юман дээр шүү. Ч.Таамаа багш маань ч үг газар гээхгүй, далим гарвал гомдчих гээд л, хэрэлдэхэд ч бэлэн яваад байх шиг. Хятад хэлний багш нарынхаа гомдол, хонзонг би саявтархан биетээр яг мэдрэх шиг болсон доо.


Монголд хятад судлаач бэлтгэж эхэлсний 50 жилийн ой гэдгийг 2007 оны намрын адаг сард тэмдэглэв шүү дээ. Би ч очоогүй л дээ. Хэвлүүлсэн номоор нь л ярьж байна. Энэ 50 жилийн үүх түүх, алдар гавьяаг магтан дуулсан ном гаргах гэж байна. Зураг, намтар, бүтээлийн жагсаалтаа явуул гэж найз доктор Д.Наран нэг өдөр над руу залгадаг юм байна. Би ч за гээд л тэр дор нь мэйлдчихэв. Наран маань тэр үед МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн захирал байсан юм. Наран бол Читагийн гадаад хэлний багшийн дээд сургууль төгссөн, уг нь тэр 50 жилд шууд өөрийгөө хамаатуулах хүн биш тул надад өсөрхөнө гэж байхгүй. Харин манай багш нар маань л тэгчих шиг санагдсан. Ном хэвлэгддэгээрээ хэвлэгдээд хожим миний гар дээр ирснийг үзвэл Баярхүү гэж шал хамаагүй нэг нөхөр хаа нэгтэй тэнэж яваад тэр номд бүтээлийнхээ жагсаалтыг хөндлөнгөөс гуйж оруулаад хэвлүүлчихжээ. Хятад хэлний салбарын алдартнуудын хамгийн бөгсөнд намайг аваачаад оруулчихаж. Эрдмийн зэрэг цол бүхий 17 эрхэм байгаагийн 16 нь тэр цолнуудаа ярайлгаад, 17 дахь нь болох би зүв зүгээр л эцэг эхээс заяасан нэрээрээ байж байх юм. Уг нь алтан соёмбот албан ёсны үнэмлэх бүхий профессор цолтон юмсан, тэрийг маань хасаад зүгээр л миний нэрийг тавьчихаж. Тэгэх нь дээр гэж эмхэтгэн эрхилсэн "Ц.Ба" багш маань үзжээ. Баахан нэрс, тэр тэр нарын зэрэг төрийн болон дипломат албаны зүтгэлтнүүд төрөн гарчээ хэмээн хэд хэдэн хуудсанд байх атлаа миний нэр алга. Хятад судлалын салбарын 50 жилийн түүхнээ бараг анхны Элчин сайд нь би байхыг (итгэхгүй бол шүүрдээд үзэж болно) үгүйсгэхгүй. Тус салбарын төгсөгчдөөс тэр тэр нар тийм тийм их, дээд сургуульд багшилж боловсролын салбарт өөр өөрийн хувь нэмрээ өргөж явна гэдэгт профессор цолтон би бас алга. "Багшаа" гэж дуудуулах алдрыг зүтгэл, бүтээлээрээ хүртсэн юмсан. Төгсөгчдийн нэрс гэдэг дотор миний нэр ёлтойж харагдах юм аа. 1962 оноос хойшхийг жагсааж байгаа юм чинь оруулахаас аргагүй болоо биз. Хятад судлалын салбарынхаа нэр төрийг өргөж яваа олны нэг нь гэж би өөрийгөө бодож явсан юмсан. Одоо бол биш байх нь. Арай хайрт багш нар маань наддаа атаархаагүй байгаа?


Энэ ч яахав, нөгөө ОУХДС руугаа эргэж оръё. Баясах маань хэлсэндээ хүрч намайг 1994 оны хавар Нидерландын Клингендальд явууллаа. Надаас өртөөлөөд манай тэнхмийн багш нар ээлж дараагаар явдаг жишиг тогтлоо. 1995 онд Д.Уламбаяр, 1996 онд Ж.Бор, дараа нь Ё.Амаржаргал, С.Отгонбаатар гэх мэт. Харин энэ уламжлал өнөөгийн ОУХС-ийн ("Дээд" гэдэг үгийг нь МУИС даяар халчихсан юм) өнгөн дээр алга болчихсон нь харамсалтай. 1994 оны намраас тэнхим маань тусдаа тасалгаанд орж (англи хэлний тэнхимтэй хөршлөөд), орон тоо бэхжив. 1994 оны зун Д.Уламбаяр БНСУ-ын Дангүк их сургуулийн Олон улсын худалдааны сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад Улаанбаатарт ирээд удаагүй байхад нь би уулзаж, түүнд ОУХДС-д багшлахыг санал болгов. Өмнө нь манай Баясах мөн санал тавьсан байв. Уламбаяр бол Сөүл явахаасаа өмнө МУИС-ийн НУФ-т багшилж байсан туршлагатай багш, бас ч үгүй Өмнөд Солонгос хэмээх хаалттай улсад анхлан хөл тавьсан, тэндээ удаан хугацаагаар суусан анхны монгол хүн л дээ.  ОУХДС-д энэ үед олон улсын эдийн засгийн харилцааны хичээл огт орж эхлээгүй байсан юм. Тэгээд Уламбаяр маань миний саналыг дуртайяа хүлээн авч, анх удаа тус сургуульд Олон улсын эдийн засгийн харилцаа, эдийн засгийн дипломатийн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж оюутнуудад анхны хичээл зааж эхэлсэн юм. Энэ утгаар бидний нэг адил анхдагчдын нэгд зүй ёсоор тооцогдоно.

 

Ингээд Бор, Уламбаяр бид гурав орон тооны багш, мөн орон тооны тэнхмийн туслах ажилтантай, номын сантай, материаллаг баазтай болж үлэмж бэхжив. ГХЯ-наас цагийн ба 50 хувийн олон багш ирж багшилдаг боллоо. Ер нь ГХЯ ба ОУХДС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байв. Г.Төмөрчулуун 1995 онд Москвад ЭСЯ-нд томилогдож, оронд нь Москвагаас буцаж очоод байсан Ц.Батбуянг 50 хувиар цалинжуулж авлаа. ГХЯ-ны нэгжийн дарга Х.Олзвой, Г.Луузан Г.Сэсээр, залуу дипломатч О.Оч, Д.Цогтбаатар, ахмад дипломатч Б.Буд, олон улсын эрх зүйч Ж.Эрдэнэсайхан, Идэш нар цагийн багшаар ажиллаж байв. Шавь нар маань ч тэнхмээ түшээд түрүүчээсээ багш, туслах ажилтан боллоо. С.Энхбаяр, Д.Далайжаргал нар миний хичээлийг заахаар өвлөж үлдлээ. Н.Энхжаргал, Ч.Энхзаяа нар Германд магистрын сургалтад явтлаа багш нартайгаа хамт тэнхимдээ ажиллав. Улсын шалгалтын комиссыг ГХЯ-ны мэргэжлийн дипломатчдаар бүрдүүлж шалгалт авдаг жишиг бид тогтоож чадсан юм.  Энэ сайхан практик өнөөгийн ОУХС-ийн өнгөн дээр ор мөргүй алга болсон нь харамсалтай.


Зарим нэг сонин содон үйл явдал ч манай тэнхмийг тойроогүй. Ахмад Элчин сайд С.Дамбадаржаа гуай цагийн багшаар ажиллахдаа "Бизнесийн ёс зүй, ёслол"  ч бил үү нэг шинэ хичээл зааж хаврын шалгалтан дээр 100 гаруй оюутанд бүгдэд нь онц тавьчихснаас болоод би тэнхмийн орлогч эрхлэгчийн хувьд 1-р байранд сургалтын  албанд дуудагдаж байлаа. Дипломатч Ш.Шагдарсүрэн 1995 онд Женевээс буцаж очоод ажилгүй, бид багш болгочих санаатай "Олон улсын байгууллага" спец курс өгөөд заалгаж эхэлтэл мань хүн согтуу очоод охидыг аашилж уйлуулсан хэрэг мандаагаад халагдав. Багш нарын баярын шөнө тэнхимд хулгай орж зурагтыг маань дэлсээд авч гарах гэж байгаад баригдахын даваан дээр 2-р давхрын шатны хажуугийн цонхон дээр орхичоод алга болжээ. Бид маргааш нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж алдагдсан эд зүйлсээ авч байв. Харин тэр хулгайг далим болгоод манай тэнхмийн эсрэг томхон хурал зохион байгуулж хамаг гомдлоо гадаад хэлний багш нар гаргаж өсөө авахыг завдав. Тэр үед Баясах JIIA-д зочин судлаачаар явчихсан, Нацагдорж гэж франц хэлний нөхөр орлож байсан, мань хүн цаадуулынхаа ятгалганд автчихсан, толгой хяргахаар шийджээ. "Та явж ханаагүй юу?" гэдгүүд ээлжлэн босоод л биднийг авч өгч байна.    


Ер нь уран сайхны талаас нь дүрсэлбэл "Сэрэлт" киноны орос эмчээр биднийг, ах лам маарамбаар "Та явж ханаагүй юу?" гэдгүүдийг төлөөлүүлж болохоор далд хурц тэмцэл тасралтгүй өрнөж байлаа. Шавь нар маань манийгаа гэнэ. Тэд бидэн рүү бүү зүглэ гэнэ. Шавь нараа булаалдах хурц тэмцэл өрнөжээ, ний нуугүй хэлэхэд.


-    Багш ээ, Бум гуайн хойд байшинд орос ирсээн. Би айж зугтаагаад

-    Чи тийшээ ер ойртож болохгүй шүү!

-    Намайг хараад сүх шүүрч байсан шүү

-    За тэр шүү, тэр зүг рүү битгий зүглээрэй мэдэв үү гэдэг  яриа гардаг даа. Маарамба шавиа хориглож (манай гадаад хэлний багш нар яг ингэх дээрээ тулсан) байгаа нь тэр. Тэгснээ:

-    Сүүлийн үед энэ замаар муу ёрын юм цувдаг гол зам болж гээд барам гаргуулдаг. Орос эмчийг хүргэн Дашаараа алуулахаар явуулаад бүтэлгүйтсэний  дараагийн бүлэгт мориныхоо уяаны гадсыг сугалж аваад уяагаа эвхэх зуураа:

-    За гайгүй дээ! Ингээд би ах дүү нар ч үгүй, шавь нар ч үгүй, гав ганцаар хоцордог байж дээ гэж занадаг мөрүүд тэр үед яг миний нүдний өмнүүр жирэлзэж байлаа.


Тэгж тэгж эцсийн ганц мэхээ хийж хясаан дээрээс орос эмчийг онхолдуулж алахаар оролдоод чаргатай морийг нь хавцал руу унагадаг сюжет бий дээ. Тэд маань яг энэ зохиомжоор биднийгээ орос эмчийн араас оруулж хорлохоор өө сэв, сиймхий хайж  яваа нь Нацагдоржийн зохион байгуулсан тэр нэг марзан хурлаас нэн тодорхой боллоо.     

     

Эргэн тойрны тэр их хов, атаа жөтөө, "Сэрэлт"-ийн маарамба маягийн тэр тэмцлийг бид даан ч тоож байсангүй. Бид үнэхээр гар нийлэн сайхан ажилласан. ГХЯ-ны ахмад, нэртэй төртэй, туршлагатай олон дипломатч бидэндээ итгээд үр хүүхдээ бидэнд даатгаж энэ сургуулийн алтан босгыг алхуулжээ. Энд Д.Готов, Ц.Гүрбадам, Г.Луузан, П.Үржинлхүндэв, Л.Мундагбаатар, Х.Олвой, Ю.Сандаг, Т.Төмөрхүлэг гээд Элчин сайд нараас эхлээд Г.Сэсээр, Ц.Нямсүрэн, Ц.Пүрэвжаргал, Д.Шатарбал, Б.Ганболд, П.Энхбаяр, Т.Залаа-Уул, Ц.Батбаяр гэхчлэн олон дипломатчдаа нэрлэж болно доо. Хүүхдүүд нь ч биднийг, манай тэнхмийг түшээд гайгүй суралцацгааж байв. ГХЯ, ОУХС-ийн хоорондын харилцааг бэхжүүлэх, ГХЯ-нд төгсөгчдөө элсүүлэх (1997 онд анхны хоёр нь ГХЯ-нд ажилд орсон), ОУХС-ийн гадаад харилцааг бэхжүүлэх талаар бидний, миний чармайлтууд үр дүнд хүрсээн. Миний идэвхи зүтгэлээр ОУХС-ийн эрдмийн төлөөлөгчид БНЭУ, Египет, Туркэд айлчилж, Ж.Неругийн их сургуулийн Олон улсын судлалын сургууль, Каирын их сургуулийн Азийн судлалын төв, Стамбулын Фатхи их сургуультай албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулаад байсан юм. Бид чармайсаар байж, Боловсролын яамны хүнд суртлыг даван байж 1995 оноос олон улсын эдийн засгийн харилцааны анги нээлгэж чадсаан. Энэ утгаар би л лав 1993-1998 онд энэ сургуульд багшлахдаа атаачдын гал дунд сургууль, тэнхим, сургалт, мэргэжлээ хамгаалж, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж хаана ч, хэнд ч нүүр улайхгүй хэлнэ.


Харин биднээс ямагт өө сэв хайж, хар дэвтэр хөдөлж явагсад шал өөр бодолтой байжээ. Ингээд энэ олон улсын харилцааныхантай нэг тогоонд байгаад байх юм бол тэд өөрсдөө хэн ч биш болж, зүгээр л нэг гадаад хэлний хавсрага болох юм байна. Иймд өрх тусгаарлаж салая. "Хясаан дээрээс чаргатай морийг нь хавцал руу унагаах" тэр хуйвалдааныг зохион байгуулах "Дөрвөн дээрэмчин" ч тодроод гараад иржээ. Дөрвөн хүн толгойлсон учраас манайхан тийм нэр хайрлачихгүй юу. Сумъяа-Равдан-Доржготов-Базаррагчаа нар юм гэнээ. Баясахын дараагийн захирлаар манай Бор томилогдсон үе, тэд Жүгдэрийн Бор руу бүх галаа онилжээ.


Бидний байгуулж босголцсон ОУХДС тарж бутарсан тэр хүнд үеийг би хамт байж туулаагүй, Энэтхэгт дипломат албанд байсан тул зах зухаас нь л гадарлана. "Дөрвөн дээрэмчин" маань 2000 оноос довтолгооноо эхэлсэн юм байна. Манай Бор ба манай тэнхим рүү гал нээжээ. Тэгэхэд л нөгөө Олзвой багшид маань нударганы амт үзүүлсэн юм байна. Бас манай Уламбаярыг шоглоод авсан юм байх. Манай тэнхим дотроос ч урвагч гараад ирж. 1995 онд англи хэлний тэнхимд АНУ-ын түүх заана гээд цагийн багшаар ирж байсан Д.Цолмон гуай аажмаар манай тэнхим рүү гулсаж орж ирээд дотроос нь хагалаад эхэлжээ. Тэрээр уг нь Москвад МГИМО-д суралцсан боловч МХЗЭ, МАХН-ын Төв Хороодод дарга даамал хийж явсаар дипломат карьераа алдчихсан, ГЯЯ-нд хэсэг ажиллаад эргээд хэл амтай хөөгдчихсөнөөс болоод биднийгээ үздэггүй, эргэн тойрондоо дандаа бүлэглэсэн тэмцэл явуулж байх донтой болчихсон юм уу даа.  ГХЯ-ныханд заяаны өстэй, эсвэл заавал нэг юм салгах гэнэ. ГХЯ-ныханд заяанаасаа өсөрхдөг тэр авир нь хожим мөн ч олон юман дээр бидэнд хасах оноо өгсөн дөө.


Ингээд тэмхим хагаралтай, захирал Ж.Бор нь номхон бор хонь шиг. Нөгөө дөрөв оюутнуудыг босгов оо. Харилцааных, хэлнийх гээд хана хэрэм босгоод авч. Тэгснээ сална салгана гэж айлгаад оюутнуудын өргөх бичиг үйлдүүлээд баахан үймэлдүүлчихэж. Тэдний гол зорилго бол Ж.Борын өнгөн дээр ОУХДС болохоо больсон, олон улсын харилцааныхан сургуулийг авч явж чадахгүй, иймд олон улсын харилцааны бакалаврын программыг хаалгаад, эргээд гадаад хэлний сургууль болгох хэрэгтэй гэдгийг дээр доргүй мэдрүүлэх явдал. Бүр хорлонтой тооцоолж хөдөлжээ. Борыг хөөж явуулаагүй байхдаа л Э.Равдангаа захирлаар томилчихов. Тэд санасандаа хүрч бидний эмхлэн байгуулж босголцсон тэр сайхан сургуулийг хагалж чадсан даа. 1993 оны намар Мангалын Дүгэрсүрэнтэй эхлүүлсэн тэмцэл нь ялалтандаа хүрчээ. Сэтгэлгээний хоцрогдол нь сэтгэлгээний шинэчлэлээ ялжээ. Шинэ юмыг, шинэ үзэгдлийг, шинэ сургалтыг үхширтлээ үзэн ядаж хүлээн авсан тэдний маань нар нь гарлаа.


Ингээд манай тэнхмийг хэдэн номтой нь хөөгөөд гаргасан байгаа юм. Нөгөө нэг материаллаг бааз, анги танхим бүгд тэдний мэдэлд үлдээд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль гэдэг ариун сайхан нэртэй болчихож. Манайхан хөөгдөөд МУИС-ийн хичээлийн 3 дугаар байр гэдэгт нүүж очсон юм байх. 2001 онд намайг Энэтхэгээс буцаж ирээд сургуульдаа эргээд очиход тэнд захирлын өрөө, дэд захирлын өрөө, хоёр тэнхим, ингээд 4-хөн өрөө, хэдэн ширээ сандал л угтах шив дээ.

           

Би энд ихээхэн зориг гаргаж, сэтгэлээ барин барин шүүмжлэлт мөрүүдийг бичлээ. Тэгэхдээ МУИС-ийн одоогийн Гадаад хэл, соёлын сургуулийг бүхлээр нь харлуулж байгаа хэрэг биш шүү! Сайн сайхан багш нар олон бий. Тэд маань эх орныхоо дээд боловсролд зүтгэл бүтээлээ өргөж, чин шударгаар яваа гэдгийг огтоос үгүйсгээгүй ээ.


Би: Миний амьдралын тойрог, НЭПКО, 2009 номын 359-374 дэх хуудаснаас эшлэв.