Египетийн ард түмний найрсаг, итгэмтгий, гүндүүгүй чанар нь таалагддаг
(MONGOLICA сэтгүүлийн сурвалжлагч А.Мөнхжинтэй хийсэн ярилцлага)
Та ингэхэд Египет оронд хэзээ томилогдон одсон билээ? Тэр талаас чинь эхлэн ярилцлагаа өрнүүлье?
Үүрэгт ажилдаа томилогдоод 2008 оны 3 дугаар сарын сүүлээр би Египетэд очсон юм. Хоёр жил гаран болж байна.
Өмнө нь энэ улсад очиж байсан биз дээ?
Каирт би гурав дахиа очиж байгаа юм. Өмнө нь хоёр удаа албан ажлаар очиж байсан. 1996 онд Гадаад хэргийн яамдын хооронд албан бус зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэхээр, 1998 онд Каирийн их сургуулийн урилгаар их сургуулиудын хооронд харилцаа тогтоохоор МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нь багтаж очиж байсан.
Лалын шашинтай оронд амьдрахад ямар нэгэн бэрхшээл байна уу?
Мэдээж цаг агаар, ахуй нөхцөл байдал, зан заншил, хэл, соёл гээд бүх юм нь монголчуудаас тэс ондоо. Иймээс дасан зохицох чадвар ихээхэн шаардсан газар. Монгол хүн шууд очоод идээшихэд эхэндээ жаахан бэрх шүү. Манай гэр бүлийн хувьд өмнө нь халуун оронд ажиллаж амьдарч, гадаадын олон орноор явж байсан учраас нэг их бэрхшээл гараагүй.
Манай улс Египет улстай хэзээ дипломат харилцаа тогтоосон бэ? Тэр тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлууд?
Манай улс Египет улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. 2008 онд бид дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэхдээ дипломат харилцаа тогтоохоос бүр өмнө 1950-аад оны дундуур Монгол, Египет хоёр улс бие биедээ хүмүүнлэгийн тусламж үзүүлж, олон улсын байгууллага, олон улсын форумын хүрээнд хамтран ажиллаж байсан байдаг юм.
Хоёр тал дипломат харилцаа тогтоохоос өмнө анхлан Египетийн парламентын Гадаад комиссын нарийн бичгийн дарга нь манай улсад 1957 оны 11 дүгээр сард, сарын дараа нь Египетийн Худалдааны дэд сайд нь Монголд айлчилж Засгийн газар хоорондын худалдааны болон төлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
1957 онд Монголд байгалийн гамшгийг, мөн Египетэд дайны гамшгийг арилгахад харилцан тусалж байсан түүхтэй. 1957 онд МҮЭ-ийн Төв Зөвлөл 100 000 төгрөгийг Египетийн ард түмэнд дайны хохирлыг арилгахад нь тусламж болгон хандивласан бол мөн 1957 онд Монголд болсон газар хөдлөлтөд хохирогсдод тусламж болгон египетийн тал Бээжинд суугаа ЭСЯ-аараа дамжуулан 70 000 юань өгсөн баримт байдаг юм.
1967 онд Египетийн тухайн үеийн Дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дарга, хожим нь тус улсын Ерөнхийлөгч болсон Анвар Садат манай улсад айлчилж байсан. Египетийн талаас төдийгүй Арабын орнуудаас Монголд айлчилсан хамгийн анхны дээд хэмжээний төлөөлөгч нь Анвар Садат болох юм. Дипломат харилцааны энэ 47 жилийн дотор хоёр орны хооронд улс төрийн харилцаа давамгайлж ирсэн. Харин 1990-ээд оноос хоёр орны харилцаа өөр агуулгаар баяжсан. Улс төрийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсролын харилцаа хөгжиж эхэлсэн.
Энэ хугацаанд хоёр орны харилцаанд гарсан томхон ололтууд, түүхэн үйл явдал гэвэл?
Монгол-Египетийн хоорондын хамтын ажиллагаанд дээд өндөр хэмжээний айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголоос хамгийн өндөр дээд хэмжээний айлчлал нь 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Египетэд айлчилсан явдал юм. Тэр үеэр хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцаанд ялангуяа манай ард түмэнд жинхэнэ хүрэхээр бодитой, чухал ололт гэвэл 1997 оноос хойш 13 жилийн турш хэрэгжүүлж буй Египетийн сангийн тэтгэлэгт сургалтын хөтөлбөр юм. Энэ нь Египетийн техникийн хамтын ажиллагааны чиглэлээр гадагшаа хамтын ажиллагаа явуулдаг сангийн сургалт, сан нь ГХЯ-ныхаа дэргэд ажилладаг. Монголоос одоогоор 1300 орчим албан хаагч, мэргэжилтнүүдийг Египетэд урт, богино хугацааны курс, дамжаагаар суралцууллаа. Манай нийгэм-эдийн засгийн бараг бүх салбараас төлөөлөгчид очиж суралцсан, суралцсаар ч байна. Монголчуудад хэдийнэ танил болсон доо.
Египетийн сангийн сургалтыг идэвхжүүлэх, тогтмолжуулах, курсын тоо, оролцогчдыг эрс нэмэгдүүлэх талаар манай ЭСЯ 2009 онд маш ахицтай ажиллалаа. Египетийн сангийн сургалтад хамрагддаг гадаадын улсуудын дотор манай улс тэргүүн байрт орж ирснийг ГХЯ-ны Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд ноён Самах Сотохи албан ёсоор зарласан. Египетийн сангийн шугамаар 2009 онд зохион байгуулсан 14 сургалтад манай улсаас нийт 261 мэргэжил дээшлүүлэгч оролцсон нь өмнөх 2008 онд Сангийн шугамаар 5 курс зохион байгуулагдаж 87 хүн хамрагдаж байсантай харьцуулахад курсын тоо, суралцагчдын тоо 3 дахин өссөн дүнтэй байна.
Монголд олгож буй энэ тэтгэлэг бол манай оронд оруулж буй Египетийн оюуны асар том хөрөнгө оруулалт хэмээн манай Засгийн газар үзэж их ач холбогдол өгч байгааг энд зориуд дурдах нь зүйтэй болов уу. Энэ далимд Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сангийн хамт олонд, улмаар Египетийн ГХЯ-нд гүнээ талархаж байгаагаа Засгийн газрынхаа нэрийн өмнөөс илэрхийлэхийг хүсч байна.
Манай улс 2009 онд Египетийн Шарм Эль Шейхэд болсон Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний 15 дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ уулзалтад оролцсоны гол ач холбогдол юу вэ? Та өөрөө тэр чухал уулзалтад биечлэн оролцсон хүний хувьд хэрхэн гэж дүгнэж байна?
Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөн (ЭҮНХ) нь 1960-аад оны эхээр үүсэн байгуулагдсан. Үүсгэн байгуулсан хэд хэдэн улсын нэгэнд Египет ордог. ЭҮНХ-ийг үүсгэн байгуулж төлөвшүүлэхэд Египетийн Гамаль Абдел Нассер, Энэтхэгийн Жавахарлал Неру, Индонезийн Ахмед Сукарно, Югославын Иосип Броз Тито зэрэг ХХ зууны улс төрийн алдартай зүтгэлтнүүд гар бие оролцсон байдаг юм. Тухайн үед улс орнууд Зөвлөлт Холбоот Улс, АНУ гэсэн хоёр эвсэлд хуваагдаж байсан үе. Тэр үед энэ хоёр эвслийн алинд ч нэгдэхгүй гэсэн гурав дахь ертөнцийн хөгжиж байгаа орнууд энэ хөдөлгөөнийг үндэслэсэн. Энэ хөдөлгөөн нь өнөөдрийг хүртэл 15 удаа дээд хэмжээний уулзалтаа хийсэн байна. 1990-ээд оны эхэн үед Хүйтэн дайн төгсгөл болж Зөвлөлтийн эвсэл задарснаар манай улс энэ хөдөлгөөнд нэгдсэн.
ЭҮНХ-ий дээд хэмжээний уулзалтын улс төрийн ач холбогдол нь асар их ээ. Дэлхийн 118 улс гишүүн нь, мөн 20-иод улс, 10 гаруй олон улсын байгууллага ажиглагч гишүүний статустай, нийт 140 улс орны төлөөлөгчид гурван жилд нэг удаа дээд хэмжээнд, Гадаад хэргийн сайдын түвшинд, ахлах албан тушаалтнуудын түвшинд нэг дор цуглаж олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцаж байр сууриа солилцоно гэдэг маш чухал алхам, боломж, механизм болох учиртай юм. Энэ олон улс орны төлөөлөгчид нэг дор уулзалдаж, зөвлөлдөж, олон улсын харилцааны болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар, мөн хоёр талын харилцааны асуудлаар ярилцана гэдэг бол маш том боломж шүү дээ. 2009 оны тэр уулзалтын гол үр дүн, ач холбогдол гэвэл манай улсын хувьд юуны өмнө олон улсын тавцанд Монгол Улсын явуулж байгаа гадаад бодлогын үндсэн чиг шугам, ялангуяа олон талт хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж байгаа бодлогоо дэлхийн 140 улсын төр засгийн тэргүүнүүдэд албан ёсоор танилцуулж, байр сууриа илэрхийлж үг хэлсэн явдал юм. Мөн хоёр талын харилцааны хүрээнд бид энэ уулзалтын үеэр үр ашигтай хэд хэдэн уулзалт хийсэн. Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний 15 дахь дээд хэмжээний уулзалтад Шадар сайд М.Энхболд, Гадаад хэргийн сайд нарын болон ахлах албан тушаалтнуудын уулзалтад би Элчин сайдын хувиар улсаа төлөөлөн оролцсон.
Манай улс энэ уулзалтанд хэд дэхь удаагаа оролцож байгаа вэ?
2003 онд Малайзад болсон дээд хэмжээний уулзалтад анх Монгол Улсын Ерөнхий сайд оролцож байсан. Дараа нь 2006 онд Кубад болсон уулзалтад манай улсын Ерөнхийлөгч оролцсон. 2009 онд Египтэд болсон уулзалтад Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Та Египетэд сууж буй хэд дэхь Элчин сайд вэ, томилогдоод хэрэгжүүлсэн ажлаасаа ярихгүй юу?
Би Египетэд сууж байгаа 11 дэхь элчин сайд нь. Элчин сайдаар суугаад хоёр жил гаруйн хугацаанд хийсэн гол ажил гэвэл Египетийн сангийн сургалтыг өргөжүүлэн тэлэх, суралцагчдын тоог нэмэх чиглэлээр идэвхтэй ажилласан, ажиллаж ч байна. Өмнө нь жилдээ 3-4 курс авдаг байсан бол 2009 оны эхний 8 сарын дотор гэхэд л 10 курсыг зохион байгуулж чадлаа. Хоёрдугаарт Монголын төрийн мэдлийн их, дээд сургуулиудыг Египетийн их сургуулиудтай холбож хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ажиллаж гайгүй үр дүнд хүрээд байна. Одоогоор МУИС, МУБИС, ХААИС гэсэн гурван их сургууль Египетийн гурван их сургуультай хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон баримт бичиг солилцоод гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байгаа. Ялангуяа 1998 онд анх үндсийг нь тавьсан МУИС ба Каирийн их сургуулиудын хамтын ажиллагааг би очоод нэлээд идэвхжүүлж, энэ жилдээ багтаан Каирийн их сургуулийн Ерөнхийлөгчийг Монголд айлчлуулахаар ажиллаж байна.
Бусад салбарт хамтын ажиллагаа хэр байгаа вэ?
Хоёр орон хоёул хөгжиж буй орнууд, газар нутгийн хувьд хэт алслагдсан, манай улс далайд гарцгүй, манай зах зээлийн багтаамж хязгаарлагдмал гэхчлэн бэрхшээлээс шалтгаалан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих боломж хязгаарлагдмал. Гэсэн ч Египетийн тал манайхаас жоншны хүдэр, хивс, ноолууран эдлэл, мах зэргийг сонирхож ирсэн. Египетийн “Oriental Weavers” хивсний компани 2005 онд 26 тонн, 2007 онд 100 мянган ноос манайхаас импортолсон чамгүй үзүүлэлт бий.
Миний хувьд ойрын үед хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар дээр цухас дурдсан. Хэрэв МУИС ба Каирийн их сургуулиудын хамтын ажиллагаа жигдрэх аваас Араб судлалын төвийг МУИС дээр, мөн Каирийн их сургуульд Монгол судлалын төвийг нээх явдал ач холбогдлын хувьд аль ч салбарын хамтын ажиллагаанаас давна гэж үздэг юм. Каирийн их сургуульд монгол хэлийг, МУИС-д араб хэлийг зааж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь араб хэл гэдэг бол НҮБ-ын албан ёсны гол хэлнүүдийн нэг учраас их ач холбогдол өгч байгаа юм. Араб хэлээр дээр одоо дэлхийд 250 орчим сая хүн, Хойд Африк, Ойрхи Дорнод тэр чигтээ ярьж байна. Эртний түүхийн үнэт өв соёл тэр чигээрээ араб хэл дээр байна. Монголд араб судлал, араб хэл хөгжиж байгаагүй, одоо ч хөгжихгүй байна. Араб хэлний мэргэжилтэн Монголд хуруу дараад тоолчихоор цөөхөн байна. Тэгэхээр дэлхийн энэ том хэлийг, том соёлыг Монголд ойртуулахад араб хэлийг сурах, судлах, дэлгэрүүлэх явдал нэн чухал. Дараагийн хэрэгжүүлж байгаа нэг ажил бол Египетийн Александр хотын номын санг манай Үндэсний номын сантай холбож, ажил хэргийн шугамаар харилцаа холбоо тогтоох ажлыг зохион байгуулаад одоо хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурахаар солилцоод байна. Александр хот бол Газар Дундын тэнгисийн хөвөөн дээр оршдог Египетийн хоёр дахь том хот. Энэ хотын номын сан нь 4000 жилийн түүхтэй бөгөөд АНУ-ын Конгрессын номын сангийн дараа орох дэлхийн томхон номын сан гэж үздэг. Үүнийг анх Македоны Александр хаан үүсгэн байгуулсан гэж түүх судлалд бичдэг шүү дээ.
Хоёр орны хамтын ажиллагааны цаашдын бодлогын талаар?
Монгол Улсын гадаад бодлого залгамж чанартай. Мөн гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдчихсан гадаад бодлогын заалтууд байдаг. Тэр хүрээндээ бид гадаад бодлогоо явуулдаг. Үүний хүрээнд Элчин сайдын яамны үйл ажиллагаа хэрэгжиж ирсэн.
Монгол-Египетийн харилцааны тухайд гэвэл ойрын үед бидний баримталж байгаа үндсэн зорилго, чиглэл нь боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг цааш нь улам өргөжүүлэх, баталгаажуулах, худалдаа эдийн засгийн харилцааны зөв эхлэлийг тууштай хэрэгжүүлэхэд чиглэж байна. Монгол-Египетийн хооронд сүүлийн үед жилдээ нэг сая долларын худалдаа хийгдэх чигтэй байна. Египетийн “Oriental Weavers”-ийн салбарыг Улаанбаатарт нээхээр өмнө нь ярилцаж байсан, түүнийг хэрэгжүүлэх зорилго тавина. Ер нь хоёр тал зориглобол хэтдээ “Oriental Weavers”-ийн бүтээгдэхүүнийг Сибирийн, Хятадын зах зээл рүү, улмаар Зүүн Ази, Солонгос, Япон руу гаргаж яагаад болохгүй гэж? Мөн Египетийн эмийн компаниуд Монголд нэвтэрч эхлээд байна. Монголоос мах импортлоё гэдэг дээрээ ч египет нөхөд нэгдсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр бас хамтын ажиллагаагаа хөгжүүлж болно. Үүнээс гадна манай аялал жуулчлалын компаниуд Египетэд аялагчид явуулж эхэлсэн байна. Элчин сайдын яаманд энэ тухай тодорхой мэдээлэл алга л даа. Цаашдаа энэ тал дээр Элчин сайдын яам бүх талын харилцааг дэмжиж, хөрс суурийг нь зөв тавьж өгөх чиглэлээр ажиллаж болно. Харин манай аялал жуулчлалын компаниуд бидэнд хандах хэрэгтэй.
Ер нь манай улс Персийн булангийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж эхэлж байна. Кувейтэд Элчин сайдын яамаа нээгээд байна. Иймд бид улс орныхоо хөгжил дэвшилд нэмэр болохуйц хамтын ажиллагааны шинэ шинэ боломж, сувгуудыг эрж хайх шаардлагатай.
Миний хувьд гэвэл боловсролын салбар руу түлхүү анхаарч байгаа. Арабын орнуудтай тэр дундаа булангийн орнуудтай маш идэвхтэй хамтран ажиллаж эхэлж байгаа үед араб хэлтэй боловсон хүчин манайд байхгүй байна гэдэг бол том бэрхшээл юм. Тэр утгаараа Эмират, Катар, Кувейтын их сургуулиудад оюутан элсүүлэх чиглэлээр нэлээд ажил хөөцөлдсөн. Үр дүн нь ч гарч байна. 2008 онд хөөцөлдөж байж Эмиратын их сургуулиас бакалаврын хоёр тэтгэлэг авсан. Нэг тэтгэлгээр нь манай Гадаад харилцааны яам өөрийнхөө нэр дээр нэг оюутан сургаж байгаа. Нөгөө тэтгэлгийг нь хэрэгжүүлж чадаагүй. Анкет, бүртгэлийн ажил нь араб хэл дээр хийгддэг учраас бөглөж явуулж чадах чадамжтай монгол хүүхэд олдоогүй. Эхний хүүхэд бол бие даагаад араб хэл үзсэн хүүхэд байсан. 2009 онд тэр гурван улс тус бүрт 2, нийт 6 тэтгэлэг олж ирсэн. Цаашдаа Ливан, Тунис, Ливи, Саудын Араб зэрэг улсад араб судлалын чиглэлээр оюутан сургах болмжийг эрэлхийлж байна.
Египтэд байгаа манай яамыг Африк, Арабын ертөнцөд цорын ганцхан яам гэж сонсож байсан юм байна одоо ч хэвээрээ юу?
Тийм. Анх 1967 онд нээгдсэн 43 жилийн түүхтэй Элчин сайдын яам байгаа юм. Каир дахь ЭСЯ маань ингэхэд Африкт ажиллаж байгаа цорын ганц ЭСЯ юм. 1960 онд юм болов уу анх Гвиней улсад (Конакри хот) ЭСЯ-аа нээж ажиллуулж байгаад хэдэн жилийн дараа хаасан байдаг юм. Мали улсад (Бамако хот) ЭСЯ нээх шийдвэр гараад чимээгүй болсон, хожим нь Луандад (Ангол улс) ЭСЯ нээх асуудлыг шийдчихээд бас хэрэгжүүлээгүй, тэгж тэгж энэ Каир, Алжир хоёрт ЭСЯ ажиллуулж байгаад одоо Каир нь үлдээд байна. Кувейтэд ЭСЯ-аа нээгээд удаагүй байна.
Египтэд Монголын тухай хэр мэддэг вэ, мэдээлэлтэй байдаг уу?
Монголын тухай мэдээлэл тийм түгээмэл биш. Албаны шугамаар мэдэх улсууд нь мэднэ. Жирийн иргэдийн хувьд Монголын тухай ойлголт бага. Ер нь тийшээ мэдээлэл түгээх боломж ч хомс байна. Нөгөө талаар Египетийн бүх хүн англи хэлтэй биш учраас мэдээлэл авах боломж хязгаарлагдмал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь араб хэлээр явдаг. Харин манайх мэдээллээ араб хэлээр боловсруулаад веб сайтаа арабаар нээчих юм бол боломжтой. Египет, Кувейтэд хоёр ЭСЯ зэрэг ажиллах болж байгаа учраас улс орноо сурталчлах талаар ажиллахад маш их боломж гарна гэж бодож байна.
Хоёр орны харилцаа, хамтын ажилллагаанд тулгардаг гол ямар бэрхшээл байна?
Бэрхшээл гэх нь хаашаа ч юм. Газар нутгийн хол, тээврийн асуудал л гол бэрхшээл болж байна. Үүнийг давчих юм бол манайхаас Египетэд гарах асар их боломж байгаа юм. Тухайлбал миний дээр хэлснээр мах махан бүтээгдэхүүнийг Египетэд экспортолж болно. Тэнд хонь, үхрийн мах маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэнд бид Бразил, Аргентинаас оруулж ирсэн үхрийн мах идэж байна. Яагаад Монголоос импортолж болдоггүй юм. Дээрээс нь манай ноос ноолуурыг тийшээ экспортлобол авдаг юм байна. Ийм туршлагатай юм байна. Үүнийг өргөжүүлж болно.
Египет бол жуулчлалаараа Ойрхи Дорноддоо дээгүүрт ордог орон. Жуулчлалаас асар их ашиг олдог, тиймээс энэ талаар хамтран ажиллаж болно. Египет нь Европыг маш чанартай жимс, хүнсний ногоогоор хангаж байгаа. Ер нь бол хүнсний ногоо, жимс, үр тариагаар өөрийгөө бүрэн хангасан хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс юм. Энэ талаар хамтын ажиллагааны эхлэлүүд бий. Манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тэндээс үхрийн сайн чанарын үр авахаар бэлтгүүлчихээд байгаа. Монгол үнээнд суулгаад сайн үүлдрийн тугал гаргаж авдаг мах, сүүний чиглэлийн хөлдөөсөн үр шүү дээ. Харин монголчууд маань өөрсдөө эргээд алга болчихдог гэмтэй. Жинхэнэ дээд зэргийн чанартай хонины ноосыг Египтэд боловсруулж даавуу болгож байна. Хувцас, арьс шир, нэхмэлээрээ алдартай. Энэ талаар манайхан туршлага судлах, хамтран ажиллах, хамтарсан үйлдвэр байгуулах боломж байна. Бүр ядахад манай үндэсний тамхины компаниуд ч Египетийн зах зээлд нэвтрэх боломж байна. Тэнд тамхины том зах зээл байна.
Өөр ямар бэрхшээл монголчуудын хувьд байж болох вэ?
Хүндрэл бэрхшээл гээд үзэх юм бол иргэншил, соёлын ялгаа их байна. Шашныг нь ойлгохгүй, араб хэл мэдэхгүйн зовлон монголчуудад байна. Египетийн хүн амын 80 гаруй хувь нь лалын, 20 хүрэхгүй хувь нь христосын шашинтай хүмүүс байна. Лалын шашинтай хүний амьдрал ахуй тэр чигээрээ шариатын хууль, кораны заалтаар явдаг. Энэ бүхнийг нь бид ойлгож хүндэтгэж үзэх юм бол харилцахад саад болохгүй. Монголчууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд араб хэлийг сурч, соёл, шашныг нь ойлгох хэрэгтэй. Бүх юм мөнгөөр шийдэгдэхгүй.
Таны Элчин сайдаар сууж буй орны хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг зүйл нь юу вэ?
Египетийн ард түмний найрсаг, итгэмтгий, хээгүй, гүндүүгүй тэр чанар нь надад их таалагддаг. Англиар бол very kind, very friendly гэдэг шүү дээ, ийм л ард түмэн. Хэнтэй ч нөхөрлөж, хэнтэй ч найзалж чадах хүмүүс. Хаана ч явсан тэд маш сониуч хүмүүс. Та нар хаанаас ирсэн бэ, ямар үндэстэн бэ гэж байгаад л хэл үгээ ололцож чадна. Бид нар хаана ч явсан Египетийн ард түмний тэр харилцааг мэдэрч явдаг л даа. Каираас гараад хөдөөгүүр хаана ч явсан харийн нутагт явна гэдгээ бид бараг мартчихдаг юм.
Яриагаа жаахан өөр тийш нь хандуулъя. Та их олон хоббитой гэсэн байх аа? Таны ярилцлага, Таны бичсэн ном зохиолоос чинь тэгж ойлгосон.
Хобби гэдэг хүн чөлөөт цагаа зориулж өөрөө түүнээсээ таашаал авч байдаг зүйл юм шиг байгаа юм. Ямар нэгэн үйл хөдлөл ч юм уу, эд баялаг байдаг шүү дээ, хобби гэдэг миний ойлголтоор. Би усанд сэлэх их хоббитой хүн. Усанд сэлэхэд хүн зөв хүмүүжилтэй болдог. Тиймээс хүүхдүүдээ зургаа долоон настайд нь би усанд сэлүүлж сургадаг. Хүний бүх эрхтэн хөгждөг, өвчин тусдаггүй, зоригтой, илэн далангуй болдог нь усанд сэлсний гавьяа гэж би үздэг юм. Усанд сэлсний хүчинд л би Египетийн дөчин хэдэн градуссын халууныг туулж явна даа.
Та хаана хаана сэлж үзсэн бэ?
Би олон далайд сэлсээн. Хавайд байхдаа Номхон далайд сэлсэн. 2004 онд Малайзд курст сууж байхдаа Энэтхэгийн далайд сэлж үзсэн. Мөн Умард тэнгис, Газар дундын тэнгис, Улаан далайд, Персийн буланд сэлж байлаа. Далайн их давалгаанд шидүүлээд сэгсчүүлээд сэлж явах хичнээн сайхан гээч. За тэгээд ойролцоохон дельфин сүргээрээ шумбаж өнгөрөхийг харж мэдрэх үү? Хийморь сэргээд хамаг юм огшоод явчих нь тэр дээ.
Баялаг цуглуулгын хоббиноос чинь сонирхвол?
Бас нэг хобби гэвэл миний цуглуулагууд. Хамгийн үнэтэй ховор цуглуулга бол миний мөнгөний цуглуулга, олон жил цуглуулж байна. Цаасан мөнгө болоод зоосон мөнгө цуглуулга бий. Би бол The International Bank Note Society (IBNS) гэдэг байгууллагын гишүүн. Дэлхийн 94 улсаас 1753 гишүүнтэй. Монголоос надаас өөр хүн алга. Би анхных нь монгол гишүүн үү, өмнө нь хэн нэгэн монгол байсан уу гэдгийг бол мэдэхгүй. Надад одоо дэлхийн 195 улсын мөнгөн тэмдэгт, 103 улсын зоос байна. 2006 оны эхээр би гэр бүлээрээ Хавайд гурван сар байлаа. Тэнд байхдаа би далайд сэлж байгаад анх далайн цуглуулгатай болсон. Далайн ёроолоос олон төрлийн дун хясаа, янз бүрийн чулуулгууд цуглуулж, далайн одыг бариад зөөлөн хясаан дээр тавьж хатаагаад үзмэр болгодог. Египетэд Элчин сайдын яамныхаа албан тасалгаанд, өргөөндөө Улаан тэнгисийн ёроолоос шүүрдсэн ховор олдворуудаар бяцхан музей байгуулсан. Очсон хүн болгон л үздэг.
Та ном бичих ажлаа хийж байгаа юу? Ер нь хэр арвин ургацтай яваа вэ?
Англи хэл дээрхи товхимолуудаа оруулаад би 20 орчим ном бичсэн байна. Мөн 1200 гарчиг нийтлэл бичсэн байна лээ. Геополитикийн судалгааны анхны номыг Монголдоо би бичсэн. Мэргэжлийнхээ номыг бичихдээ их дуртай. Элчин сайдын яаманд ажиллаж байхад байнга бичээд байх боломж хомс юм. Хамгийн сүүлд 2009 онд "БИ: Миний амьдралын тойрог" ("The Тrue Story of My Life") гэсэн дурсамж номоо NEPKO publishing хэвлэлийн газраар хэвлүүллээ. Зураг хөрөг, баримт, зүүлт ихтэй, 600 орчим хуудастай том ном болсон. Энэ номоо “Интерном” номын их дэлгүүрээр борлуулж байгаа. Номын борлуулалт муугүй яваа. 2011 онд тэмдэглэх Дипломат албаныхаа 100 жилийг ойг тохиолдуулаад Дипломат албаны сурах бичиг бичиж эхлээд байна.
Ярилцсанд баярлалаа, Танд амжилт хүсье!