Энэ бол 5 жилийн тэртээх үнэн түүх, түүнээс хойш өөрчлөгдсөн болтугай! Гэлээ гээд МУИС-ийн "Олон улсын харилцаа"-нд хүүхдээ даатгаж байгаа нийт эцэг эхчүүдэд, ирээдүйн оюутнуудад нь сургамж сануулга болох болов уу хэмээн бодож МУИС-ийн тэр нэгэн салбар сургуульд болсон эмгэнэлээс  хүүрнэе.  


... Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилоос 2005 онд надад даалгасан нэгэн чухал үүрэг бол ГХЯ-ны дэргэд сургалт судалгааны төв (эсвэл институт) байгуулах асуудлыг боловсруулж ажил хэрэг болгох явдал байв. Ажлын хэсэг байгуулж даргаар нь дэд сайдыг тавьж, би нарийн бичгийн дарга бөгөөд асуудал боловсруулагч болжээ. Гишүүдэд Ц.Гомбосүрэн сайд, манай Ж.Баясах гээд хэд хэдэн хүн байна.  


Ер нь ГХЯ-ны дэргэд ийм нэгэн алба байгуулах асуудлыг өмнө нь М.Дүгэрсүрэн гуай 1990-ээд оны дундуур хөөцөлдөж асуудал оруулж байсан юм билээ. 1998-1999 онд дахин асуудал тавиад Засгийн газраар зөвшөөрүүлж орон тоо төсвөө батлуулж, манай Г.Төмөрчулуун захиралтай нэг төв байгуулан, удирдлагад нь манай шавь С.Энхбаяр, Т.Төгсбилгүүн нар ажиллаж байсныг 2000 онд татан буулгаж бодлогын газарт нэгтгэж байсан туршлага бий. 1998 оны тэр асуудлыг анхлан би Баясах, Бор нартайгаа хамт боловсруулж Р.Амаржаргал сайдад хүргэж байсан юм. Тэр нь шат уруудаж хумигдсаар 3 албаттай жижиг төв болж батлагдаад дараа нь татан буугдсан нь тэр юм.


Ингээд 2005 онд асуудлыг дахин тавих боллоо. Хэрэв 1999 оных шиг жижиг нэгж дээр буух юм бол оршин тогтнож чадахгүй, хэн ч тоохгүй, албан бус клуб, ТББ шиг болоод замарна гэдгийг би сайн мэдэж байсны хэрээр маш өргөн цар хүрээнд хөдлөх нь зүйтэй гэж үзсэн юм.  Гол асуудал бол санхүүжилт, үүнийг шийдчихвэл бусад нь жигдрэхэд амархан. Мөнгө босгох, босгосон мөнгөө зөв зарцуулах, бусад нь аяндаа шийдэгдэнэ гэж би сайд, дэд сайд нартаа ятгах хэрэгтэй боллоо. Сайдын зөвлөлийн хуралд тэр ятгалгын баримт бичгээ 2005 оны зун оруулчихлаа. Юу гэвэл цоо шинээр тийм хүрээлэн, төв байгуулах боломж байхгүй тул бэлэн байж байгаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг хоёр харьяалалтай болгох замаар өөртөө шингээх санал тэнд байсан юм.


Бидний үүсгэн байгуулж, хүч хөдөлмөрөө зориулсан тэр сургууль 2005 оны хичээлийн шинэ жил эхэлмэгц биднийгээ шахаж гаргаад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх зам руу оржээ. Элсэлт шилжүүлгийн тэр их мөнгийг хий цацаж, харин сургалт нь  нохойн наадам болох дээрээ тулсан тул ГХЯ мэдэлдээ авч цэгцлэх нь зүй ёсны хэрэг гэж би (ОУХС-иас шахагдсан бид бүгдээрээ) үзсэн юм. "Олон улсын харилцаа" гэсэн гоё нэрээр илбэдэж элсэлтийг хавтгайруулан сургалт нэртэй бизнес эрхэлдэг дээд сургууль манай тэр ганцаар тогтохгүй, хэд хэдээрээ бий болчихсон тул ГХЯ-ны хяналтад байлгана гэсэн миний санаа бол уг нь буруу биш л дээ. Би ингэж л тооцоолж хөдөлсөн юм. Элсэлт,  шилжүүлгээр авсан тэр олон зуун оюутны төлбөрийн мөнгө гэдэг маань ГХЯ-ны дэргэдэх шинэ хүрээлэнг санхүүжүүлээд зогсохгүй ГХЯ-нд ч жийрэг болохоор нөөц хөрөнгө байлаа. Олон зуугаар нь элсэлт авдагийг аажмаар болиулаад магистрын сургалт, богино хугацааны курсууд, эрдэм шинжилгээний ажил дээр төвлөрөх "Дипломатын академи" байгуулах санааг бид дэвшүүлсэн юм.


Энэ маань Сайдын зөвлөлийн хурлаас шууд дэмжигдээд Засгийн газрын хуралдаан руу явах боллоо. Одоо яамдаас дэмжлэг авах ёстой. Ингээд санал бүхий албан бичиг,  Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төсөл хийгээд яамд руу явууллаа. БСШУЯ л дэмжчихвэл бусад нь ч яахав гэж бодож байлаа. Гэтэл БСШУЯ-ыг толгойлж байсан сайд П.Цагаан шал өөр юм ярьж эхлэв. ГХЯ ийнхүү МУИС-ийн нэг салбарыг салгаад аваад явчихлаар Байгаль орчны яам Биологийн факультетийг нь, ХЗДХЯ хуулийн сургуулийг нь салгачих бололтой юм гэнэ. Уг нь МГИМО төгссөн, биднийг ойлгож дэмжихээр хүн ингэж хандсанд бид гайхлаа. Бид бол улсын хэмжээнд тархаад замарсан "Олон улсын харилцаа"-ны сургалтыг эмхлэх тухай ярьж байна. Яамдын саналыг нягталж үзвэл яг хоёр хуваагджээ. Тал нь манай  Дипломатын академийг дэмжээд, тал нь ГХЯ-нд тийм эрх мэдэл өгч болохгүй гэх шахуу хариулт ирүүлжээ. Ингээд Засгийн газрын хуралд оруулах аргагүй болоод нэгэн сайхан төсөл цаасан дээр архивлагдан үлдсэн юм даа.   

    

МУИС-ийн ОУХС гэснээс, 2000 онд зөвхөн олон улсын харилцаагаар дагнасан мэргэжлийн сургууль болгож салгаснаас хойш хичээлийн хоёр жилийн хугацаанд бакалаврын элсэлт авалгүй өнжүүлж, завсар гарсан байсан юм. Тэр байдлыг засч залруулан бакалаврын элсэлт авахуулахаар манай багш нар болон ГХЯ-ны зүгээс хүчлэн хөөцөлдсөний дүнд 2002 онд дахин элсэлт авсан юм. Гэвч элсэлтийг авахуулах талаархи зүтгэл маань хожим буруу гараар оржээ. Тэр сургуулийн шинэ удирдлага хэд хэдэн алдаатай зарчим баримтлах шиг болсон юм. Мэргэжлийн биднийгээ шахаж гаргачихаад бидний зааж байсан мэргэжлийн хичээлийн орыг нөхөхдөө хөнгөдсөн шиг санагддаг. Бидний шавь дотроос залуу багш болоод биднийгээ залгамжилж байгааг үгүйсгэж байгаа хэрэг биш л дээ. Тэднийг сайн дэмжих хэрэгтэй. Харин дэмжиж туслах гол хүмүүс нь хасагдсан бид байсан юм. Ингээд залуу багш нарыг мэргэжлийн түвшинд удирдах гэгч нь лөөлөө болов. Багш нарын хөдөлмөр, бүтээлийг бодитой үнэлэх, дэмжих туслах, давтан сургалтад хамруулах, тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах талаар олигтой ажил хийгдсэнгүй.


Бидний орыг нөхөхдөө "Эрдмийн зэрэгтэй л бол чөтгөр ч байсан яахав" гэдэг зарчмаар энд тэндхийн гологдол, тэтгэвэрийн насны, тэс хөндлөнгийн хэсэг хүмүүс цуглуулжээ. Эрдмийн зэрэгнүүдээ аль эрт, социализмын үед хамгаалцгаасан юм байна. Тэд нь хөөрхийс зүтгэлтэй, гэвч "Олон улсын харилцаа", "Дипломат бодлого" гэдэг рүү очиж наалдах нялзах, ядаж дөхөж очих мэргэжилтэн ганц ч байхгүй. Чин хүсэл нь мөнгө төгрөг олж аж амьдралаа сайжруулах. Үнэндээ ч хөеөгөө цуглуулах огтоно адил жаал мөнгө цуглуулж, амьдралаа өөд татах өндөр настнууд бол хичнээн сайн сайхан хүн байлаа гээд орчин цагийн даяаршлын эринд юу хийж гийгүүлнэ гэхэв дээ. Гэвч ОУХС-ийн өнөөгийн удирдлага маньд хорссон сэтгэлдээ хөтлөгдөөд тэдэнд сайхан боломж олгож өгөөш гаргаж өгчээ.


“МАХН-аас МХЗЭ-ийг удирдаж, залуучуудын хөдөлмөрийн хүмүүжлийг дээшлүүлэхэд ЗХУКН-ын түүхэн туршлагын ач холбогдол", “БНМАУ-д ШУТ-ийн дэвшлийг хурдасгах асуудалд”, “Социалист үйлдвэржүүлэлтийн тухай Лениний онол ба БНМАУ-ын аж үйлдвэр”, “Монголын өрхийн орлогыг дээшлүүлэх статистик аргачлал”, “Манжийн эсрэг Монголын үндэсний-эрх чөлөөний тэмцлийн түүхийг БНХАУ-ын түүх бичлэгт тусгасан нь”, “ШУТ-ийн дэвшлийн цогцолбор программыг боловсруулж хэрэгжүүлэх зохион байгуулалт-эдийн засгийн механизм: БНМАУ-ын жишээн дээр”, “БНМАУ дахь интеграцын үйл явцын төлөвлөлтийн аргачлалын асуудалд”, “Ажилгүйдлийг тодорхойлох аргачлалын асуудал” гэх мэт сэдвүүд л жирийлгээд байх нь тэр. Эрдмийн зэрэгтэй л бол ёстой чөтгөр ч байсан яахав! Үндэсний номын санд хадгалагдаж байгаа диссертацынх нь гарчигнууд. Харин тэр статистикийн диссертацыг би олж үзээгүй, өөрийнх нь хэлж байснаас тоймлоод багцаагаар буулгачихлаа. “Олон улсын харилцаа”, “Дипломат бодлого” гэдэг рүү очиж наалдах нялзах, ядаж дөхөж очих сэдэв эдгээр дотор байна уу, үгүй юү гэдгийг ердийн, эрүүл нүдээр харна уу!

 

Эхний үндсэн, суурь зарчим дээрээ ингэж алджээ. Үүнээс улбаалаад дараагийн нэг гол зарчим – оюутныхаа тархинд мэдлэг хийх зарчим нь “Хичээл л тасраагүй бол хэн ч юу ч заасан болно” гэсэн зарчмаар солигдож, сургалтын төлөвлөгөө эвдүүлж, олон улсын харилцааны мэргэжлийн олон хичээлийг засварлаж бантагнуулжээ. Оюутны толгой эргүүлсэн элдэв залхуутай хичээл өөрсөддөө зохиомжлон бий болгож, "Гадаад дахь монгол судлал", "Олон улсын статистик", "Их гүрнүүдийн гадаад бодлого", "Дэлхийн тогтвортой хөгжлийн үндэс" гэхчлэн хичээлүүд тэнд шил дарж байна.


Олон улсын харилцааны ангид оюутнууд нэг хичээлийн жилд 32, нийт 4 жилд 128 кредит авах ёстойгоос төгсөх ангид дэвшин орчихоод байгаа оюутнууд нь гэхэд л зарим  семейстрт арай ядан 10-11 кредит хичээл үзэж, нийт 75-90 кредит бүрдүүлсэн нь  дипломатын мэргэжлийн хичээл маш хангалтгүй, дутуу заагдсан гэсэн үг юм. Ийм   байдалд ормогцоо сургуулийн удирдлага нь олон улсын харилцааны кредит дутуу оюутнуудын дутууг олон улсын статистикийн хичээлээс нөхүүлж, хооронд нь хольж бөөгнүүлээд мэргэжсэн ангигүй төгсгөх гэж байгаа тухай ч ам дамжсан яриа 2005 онд бидэнд ирж байв. Ирэх ч юу байхав оюутнууд нь ирж хэлэхгүй юү. Энэ мэтээр  сургалтын агуулга, чанар нь гажсан жишээ нэлээд гарчээ.  


2001 онд МУИС-ийн ОУХДС тарж бутрахад дотроос нь хагалсан нөгөө Д.Цолмон гуай  сургуулийн захирлын орон тооны бус зөвлөгч болж толгойд гараад иржээ. Бүлэглэсэн тэмцэлд гаршсан хэрээрээ энэ сургуулийн залуу багш нарыг ховонд сургаж, захирлын дэргэд сайн дурын ховын алба байгуулчихсан гялалзаж яваа сураг дуулдав. Мань хүн захирлын итгэлт хүн нь болсных, ингээд мэргэжлийн биднийхээ араас ухаж төнхөх, шороо цацуулах ажлыг хийж эхэлсэн дээ. Миний бичсэн, тэгээд ч 4 удаа хэвлэгдсэн "Евразийн геополитик, олон улсын харилцаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй, (PhD горилж засварласан 2 дахь хэвлэл)" ном, Ж.Борын "Монгол хийгээд Евразийн дипломат шастир, 1-р боть", "Монгол хийгээд Евразийн дипломат шастир, 2-р боть" гэх мэт бид хоёрын номуудыг арай л овоолж шатаахын наагуур болгосон юм байх. Миний энэ ном бол 2003 онд Соросын сангаас зарласан “Номын хандив” төслийн шалгаруулалтад 182 монгол ном өрсөлдсөний дотор 66 ном шалгаруулсны дараа эхний 2 байрын нэгийг эзэлж, эдүгээ Соросын сангийн шугамаар аймаг хотуудын номын сан, соёлын төвүүдээр тараагдсан ба уг бүтээлийг  ШУА-иас үнэлэн “Олон улсын улс төрийн бодлого судлалын салбарын професоор” цолоор намайг шагнасныг дурдах нь зөв байх. Ямар ч гэсэн Сургалтын хөтөлбөрөөс хасуулаад зогсохгүй тас хориглуулчихаж. Ном бүтээлээс маань эшлэсэн оюутан гараад ирвэл арилгуулах, нэрийг нь баллуурдуулах энүүхэнд. Хэрэв гай таарч бид хоёрыг хүндэлж явдаг анхны сэжиг төрвөл, нэрийг маань бүр нэг удаа хэлсэн төдий бол нүдийг нь ухах шахдаг юм байна. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалт гэж бараг эрүү шүүлт болох шахсан бололтой. "Ямар санаатай Баярхүү, Бор нарын номоос эшлэв?", "Хэн эшлүүлэв?", гээд л элдэвлэж өгдөг дуулдана лээ. Бүр төгсгөхгүй гэдэг дээрээ тулж  шоглож шогтсон жишээг олон оюутан, магистрант бидэнд ирж хэлсэн дээ. Энэ чинь хорсол тайлах өшөө авалт уу, атаархал уу, ёстой бүү мэд!


МУИС-ийн ОУХДС-ийг үүсгэн байгуулалцсан, олон улсын харилцааны анхны хичээлүүдийг нэр төртэй эхлүүлсэн, 1000 гаруй оюутанд олон улсын харилцааны цагаан толгой заасан, энэ сургуулийн түүхэнд нэрээ үлдээсэн мэргэжлийн багш нарыг хөөж зайлуулаад оронд нь аж амьдралаа сайжруулах ариун зорилгод хөтлөгдсөн хөндлөнгийн хэсэг нөхөд энэ сургуулийн орой дээр одоо заларчээ. Хөөрхий нөгөө муу шаварт унасан шарын эсэн Ж.Баясах маань нь л ганцаараа боорлуулаад үлдэх шив дээ.  


Хамгийн харамсмаар зүйл бол МУИС-ийн ОУХС ба ГХЯ-ны хоорондын ажил хэрэгч хэлхээ холбоо надад хорсогчдын балгаар бүрэн тасалдаад байна. МУИС-ийн дэргэд Олон улсын харилцааны сургууль нээж ажиллуулах тухай 1991 онд шийдвэр гарахад тухайн үед ГХЯ, БСШУЯ, ҮХЯ ихээхэн үүрэг гүйцэтгэж, дараахан нь ГХЯ болон МУИС-ийн ОУХС-ийн хооронд харилцан ажиллах тухай баримт бичиг байгуулагдаж,  тэр дагуу хамтран ажилласаар бидний үеийг хүргэсэн нь одоо ор мөргүй алга болжээ.  МУИС-ийн ОУХС-ийг багшлах мэргэжлийн боловсон хүчнээр дэмжих, сургалтын ном материалаар хангах, ОУХС-ийн гадаад харилцааг дэмжиж урагшлуулах, ОУХС-ийн багш нарыг ГХЯ-ны шугамаар гадаадад курс дамжаанд суралцуулах зэрэг олон чухал  ажил бүрэн зогсжээ. Хэргийн гол учир бол цаад утгаараа Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн удирдлагын атаа хорслын гайгаар, мэдлэг чадваргүй үйл ажиллагаанаас нь болоод хичээл сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжлийн ажил нь  дампуурах дээрээ тулаад байгаа нь нэн ноцтой юм. МУИС-ийн ОУХС дээр нүүрлэсэн энэ дампуу хариуцлагагүй явдлаас болж энэ сургуулийн олон зуун оюутан, тэдний цаана буй зуун зуун эцэг эхийн эрх ашиг хохирох болоод байна.


Ер нь Олон улсын харилцааны сургуульд нүүрлэсэн энэ дампуурал бол Монголын дээд боловсролын дампуурлын толины нэг тусгал нь гэж ойлгох хэрэгтэй. "Монголын дээд боловсрол хаана явна вэ?", "Монголын дээд боловсрол гиннесийн рекордыг эвдлээ" гэдэг сэдвээр би нийтлэл бичиж 2007 онд "Зууны мэдээ" сонины шагнал ("Саятан сэтгүүлч"-ийн анхных нь) хүртэж билээ. Дээд боловсролыг арван хэдэн жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа манай улсад хүн амын 80 хувь нь дээд боловсролтой (дэлхийн жишгээр үүнийг “Их сургуулийн боловсролтой” гэнэ) гэсэн сүрлэг, марзан тоо Гиннест гарцаагүй бүртгэгдэж таарах нь. Учир нь даян дэлхий дээр ямар ч улс үндэстэн ийм тоон үзүүлэлтийг хангаагаагүй, хангах ч үгүй хэмээн би бичсэн юм. Зөвхөн хүн амын доторхи дээд сургуулийн дипломтны эзлэх жингээр зогсохгүй 2.7 сая хүн амдаа тооцож үзвэл 200 хол давах их дээд сургуультай, зөвхөн энэ “200” гэсэн тоо л дэлхийнхний нүдийг бүлтийлгэж, чихийг сортолзуулахаар том тоо аж. Цааш нь 10 000, бүр дордоод 1000 хүн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор бас л дэлхийд аль хэдийнэ хошуучилж яваа. Энд бахархал болох баримтуудыг биш, дэлхийн доог болох махан баримтуудыг ичсэндээ, гутарсандаа би эшлэж байгаа юм шүү гээд “200” гэдэг тооны цаана монголчуудын чамирхах, сагсалзах, баярхах дон, үл ичих зан, шуналын дэв, тэр шунал дээр тоглох луйварчин сэтгэлгээ, өнгө мөнгө л зогсож байна хэмээн би дүгнэсэн. Тэр ерөнхий фонон дээр би МУИС-ийн ОУХС-ийн дампуурлыг авч үзсэн юм аа.

        

Миний хувьд сургуульд багшлахаа болилоо гээд эрдмийн ажлаа орхиогүй л дээ. БХЯ-ны дэргэд Стратегийн судалгааны хүрээлэн 2007 оноос ҮАБЗ-ийн дэргэд шилжээд орон тоогоо өргөжүүлэхэд би болон ГХЯ-наас манай Ц.Батбаяр, Г.Төмөрчулуун бид гурав  энэ хүрээлэнгийн зөвлөх судлаач болж давхар ажиллаа. ШУА-ийн ОУСХ-нд гэрээт судлаач хэвээрээ. 2003 онд тус хүрээлэнгийн судлаач-профессор хэмээх эрхэм цолыг хүртлээ. 2005 онд даацтай нэгэн том бүтээл туурвиж, дээжийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа. Тэр бол америк профессор С.Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” хэмээх улс төрийн фиолсофийн лут бүтээл байв. Түүнийг би 4 шавьтайгаа хамтран эх хэлнээ буулгасан юм. 2006 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах эрдэмтдийн багуудын уралдаанд “Хан-Уул” багт орж ажиллан багаараа 3 дугаар байрт шалгаран, хамтын бүтээлээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт танилцуулж өндөр үнэлгээ авсан нь дипломат албаны нэр хүндийг эрдэмтдийн дунд өргөсөн чухал алхам гэж үнэлэгдсэн юм. Энэ уралдаанд 20 орчим баг өрсөлдөж эхний 5 багийг шалгаруулахад тэдний дотор хоёр дипломатч байсны нэг нь би таарав. Оксфордын Монгол-Англи толь бичгийн төсөлд бага ч атугай хувь нэмрээ өргөв...


Би: Миний амьдралын тойрог, НЭПКО, 2009 номын 437-447-р хуудаснаас эшлэв