Баруун Монголыг зүүн Европ гэнэ
Увс аймгаас цааш Европ тив үргэлжилдэггүй нь мэдээж. Алтай Таван Богдоос чинагш найман мянган километрийн тэртээх баруун зүгт орших бидний
Увс аймгаас цааш Европ тив үргэлжилдэггүй нь мэдээж. Алтай Таван Богдоос чинагш найман мянган километрийн тэртээх баруун зүгт орших бидний “үсэрсэн цус, тасарсан яс”, Халимаг Монгол оронд аялж яваад ирлээ. Халимагууд Монголоос хальж одсоны 400 жилийн ойгоо өнгөрсөн жил “ёслол төгөлдөр” тэмдэглэсэн юм билээ. Тэгэхээр эдний аавын аавын…зургаа дахь ааваас цаашхи бүх удам судар Хяргас нуурын хөвөөнөө “халиагаад мендик амар” түм буман жилээр оршин сууж байж дээ.
Энэ тухай сонины нүүр дамнан баахан нурших нь. Гэхдээ монгол хүн монголчуудынхаа тухай сурвалжлага хийсэн болохоор үндэстэн нэг уншигч нар минь ядаж хараалгүй уншчихаарай хэмээн хүснэм. (Сүүлийн үед сайтууд дээр намайг мөн ч их элдвээр бичих юм. Би жирийн л нэг сэтгүүлч шүү дээ.)
Эрхэм нөхөр Дамбын Цэмбэл бид хоёр олонтаа “көөрөлдөн суукт нь” зуураа Халимаг орны тухай сэдэв рүү байсгээд л ордог байлаа. Түүний гэр бүлийн хүн Халимаг нутгийн бэр ба өөрөө Увсын Хяргаст төрсөн тул баруун Монголын тухай урт түүх яриа өрнөх нь мэдээж. Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэл бээр Амарсанаа, Галдан бошигтын талаарх олон сайхан түүхэн роман бичсэнийг уншигчид андахгүй. Тэр түүхийн замаар хоёулаа аялах тухай ярьж байснаа хэрэгжүүлж Халимагт долоо хоноод уржигдар ирлээ.
Үндэс угсаа нэгт Халимагийн тухай бид мэддэг мөртлөө өнөөг хүртэл төдий л дотно байж үзээгүй нь улс төрийн олон шалтгаан байсан байна. Ах дүү ЗХУ-тай мөн ч олон жил найрамдалт харьцаатай байсан атлаа яагаад биднийг Халимагтай ойртуулж байсангүй вэ? гэдгээс эхлээд асуудал үүсч байна. Социализмын үед Страполь хязгаарын Ипатовын роайны газар тариалангийн туршлагаас суралцах хэрэгтэй гэж манай улс төрийн товчооныхон донгосоод л байдагсан. Олон ч хүн тийшээ туршлага судлахаар очсон байх. Тэр нь хаана байдгийг хэн ч анзаараагүй. Очоод харах нь ээ Халимагийн л нутаг байсан юм билээ. Хэдэн монголчууд тариа ногоо сайн тарьсан байсныг манай долигонуур коммунистууд тухайн үед үхтлээ нууж байсан байх жишээтэй.
Халимагт очихын тулд эхлээд Москвад онгоцоор бууж тэндээсээ 1980 оны олимпийн наадам болсон Лужник цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд байгаа “Залуучууд” зочид буудлын гадаа ирнэ. Тэнд нэг жижигхэн “ТҮЦ” бий. Гаднаа хаяг самбаргүй зуслангийн амбаар шиг байшинд орохоор монгол царайтай хүү охин хоёр Элстэй хот явах автобусны билет бичээд сууж байна. Монгол мөнгөөр тооцвол талдаа 65 мянгаар явах тасалбар худалдаж аваад олимпийн тосгоны хойд талын хурдны зам дээрээс автобусандаа суух нь нэг л хааш яйш. Москвагаас Элстэй хүртэлх зам манайхаар жишвэл Улаанбаатараас Увс орох дайны хол юм. Замдаа дөрвөн удаа гучин минутын завсарлагатай зогсох ба энэ үеэр унаанаас бууж бие засах, хөнгөн хоол идэх, тамхи татах журамтай. Бусад үед ер зогсохгүй давхисаар 20 цагийн дараа Халимагт хүрнэ. Бараг бүтэн өдөр шөнөжин явна гэсэн үг. Замд садаа мундахгүй. Орос орны өмнө зүг явж байгаа болохоор аль ч талаараа халуун бүс. Халимагийн хөрш зэргэлдээ нөгөө алдарт Чечень, Дагистанчууд залгаад орших ба хилийн цаана Гүрж, Азербайжан зэрэг Кавказын орнууд бий. Христ, лалын ертөнцийн хилийн зааг энэ бүс нутаг урьд өмнө хийгээд өнөө ч үндэстэн, шашин хоорондын будлианы хөрөнгө болсон орчин. Тэдний дунд Халимаг гэх бүддийн шашинтай жийргэвч байх нь улс төрийн маш чухал орчин юм. Нэг ёсондоо хоёр талын төвийг сахисан бүс нутаг. Халимагт Христ нь ч байна, лал нь ч байна, тэд хоёуланг нь байлгах завсраа бурхан багшаа өөртөө залаад авчихсан байх жишээтэй.
Асар уудам Орос орны зүүн хагас нь Европ тив агаад Астархань, Халимагаас баруун тийш өөр тивийн хамаарал эхэлдэг аж. Эх газарт Хар тэнгис, Каспийн тэнгис гэсэн хоёр том далай цэлийх ба хооронд нь Кавказын сүрлэг нуруу холбогдоно. Кавказын нурууны хойно том уул нуруу огт байхгүй бөгөөд цэлийсэн тал алс холын Москва хүртэл үргэлжилдэг аж. Москвагаас урагш тал хээр нь ой шугуй, гол мөрөн, нуур цөөрөм бүхий хүн мал тахиа гахай амьдрах нэн тааламжтай. Газрын хөрс нь гэхэд уринш хагалсныг харваас үхрийн шинэхэн элэг зүсээд тавьсан мэт тос даасан хүрэн бор. Аль ч орны тариаланчид ийм хөрсийг хараад ёстой шүлс нь гоожмоор. Халимаг орох замд Орос орны алдартай хотууд болох Тула, Воронеж, Саратов, Волгоград, Днепропетровск, Дон дахь Ростов, Астраханиар дайрах буюу тун хажуугаар нь өнгөрнө. Жинхэнэ Орос орны уугуул нутгууд. Эдгээр нутгууд нь гурван голын монголчууд гэдэг шиг өнө эртний Оросын тариачдын эх орон юм. Цагаахан хус, ногоон нарс холилдсон ойн чөлөөн дэх орос тосгод замын хажуугаар хязгааргүй мэт жирэлзэнэ. Хар замын хажуугаар хөдөөдөө хүссэн хэмжээгээрээ ой мод тарьсан нь нэн сайхан ургажээ. Ургахгүй гээд ч яах юм гэсэн шиг мал байхгүй, ус намаг чийгтсэн орчинтой. Өглөөний нарнаар шүүдрийн мөнгөн дуслууд бөнжигнөж, хотгор хонхор газарт өнчин манан бууж хоносон байхыг харах дор будан татаад униартсан хангай нутгийн зун ийм л байдаг байсансан даа хэмээн шүүрс алдана.
Орос орны өмнө хязгаар гэж бараг болох Волгоград буюу хуучнаар Сталинград хот орохын алдад Элстэй 200 гаранхан километрийн урд бий гэлээ. Дэлхийн II дайнаас хойш дайн тулааны нийслэл гэгдэх болсон Ижил мөрний хөвөөн дэх энэ хотыг хожим оросууд хачин сайхан сэргээн босгосон гэдэг юм билээ. Хотын захаар дайрч өнгөрсөн болоод ч тэр юм уу. Энэ хот нэг л сүр сүлд нь алга болчихсон амьтан шиг хачин бүүдгэр сэтгэгдэл төрүүлсэн. Орос Германы саяар тоологдох хөвгүүд энэ хотын гудманд амиа алдсан түүхийг зөндөө л сонссон. Мэргэн буудагч Зайцев гэхэд л 600 немцийг хөнөөсөн гээд бахархдаг. Хэрэв буг чөтгөр, сүнс гэж гэж байдаг бол энэ хавьд амьд хүн багтахын аргагүй гүйдэлтэй болсон байж таараа. Хотын захаар явж өнгөрөхөд байшин барилгын элдэв хог нурангийг хусч түрж орхисон нь дайны үеийн тэр хэвээрээ ч юм шиг. Олон жилийн өмнө байсан модон байшингууд бөмбөгдөлтөд өртөлгүй үлдээд өдгөө өмхөрч яйжийгаад лууль шарилжиндаа даруулсан байх юм. Манайхны гэр хорооллоос ч дор шавар шавхайндаа хутгалдсан банзан хашаатай гудмаар сүлжиж явсаар Элстэй гарах замаа олоод цааш явлаа.
Эндээс урагш явах зам маань нэг л танил болоод явчихав. Хоёр урсгалтай хар зам нэг боллоо. Нэг хар зам маань дээрээсээ хажуунаасаа хавчийжээ. Зам дээр том том тогоо үүсч автобус урагш явахаа болилоо. Зарим үед хар зам хайрга хоёрын завсраар туух нь Лүнгийн хар зам дээр явж байгаа мэт. Замын хажуугаар тарьсан модод ихэнх нь үхсэн агаад үлдсэн ганц нэгийг нь хонь ямаа ирээд мэрж ч байх шиг. Үхэр, адуу олшроод ирэв. Тэмдэглэгээг уншиж байхад “Дурбет”, “Обот”, “Чулун хамар”, “Кук тенгер” гэх зэрэг хичнээн орос маягт оруулсан ч яах аргагүй монгол газар шорооны нэрүүд оноосон суурингууд хөвөрлөө. Хар хүрэн хөрс зэгэл саарал болж, үе үе цөлжилт эхлэв үү гэлтэй элс манхан ч үзэгдэж хүн амьтны хөл хөдөлгөөн илт сийрэгших нь зүүн Европын нутгийг дайлсан баруун Монголд хөлд тавьж буй шинж төрх ажээ.
Бүгд найрамдах Халимаг улсын нутаг хэмжээгээрээ манай Сэлэнгэ аймагтай ойролцоо юм болов уу. Байгалийн байдал Монголын Дорнод аймагтай их төстэй. Зүүн тал нь Тосон Хулстайд яваа мэт намхан толгод, нуур цөөрөм бүхий бол Каспийн тэнгис дөхөөд ирэхээр Бадам-Ишийн талархуу үл анзаарагдам гүдэн бүхий нөмөр нөөлөггүй хязгааргүй тал зэрэглээтнэ. Тийм нэгэн гүдэнгүүдийн дунд “Аршан булак” гэдэг бяцхан голын хөвөөнөө Элиста хотыг байгуулжээ. Хотын тээврийн товчоон дээр буухад Улаангом хотод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Увсынхан хэдүйдээ хөгшин залуугүй оросоор ийм ус цас шиг ярьчихдаг болоо вэ гэж андуурмаар. Хаашаа л харна монгол төрх царайтай хүмүүс холхилдон, “Здраствуйте мендек, такси авнич” хэмээн ойрд оросыг холин санал тавих нь мань нутаг нэгтэнтэйгээ адилхан харагдсаных биз ээ. Тэд дэлхийн даяаршилд хэдийнэ автаж гар утас хэрэглээд нэлээн хэдэн жил болж байгаа бололтой. “Нокиа” утаснаас авахуулаад залуус өөр гоё утас барин, манай хөдөөнийхөн шиг чанга чанга хашгиран хоорондоо их л хэрэгтэй бололтой мэдээлэл дамжуулцгаан чухал төрхөд шилжиж гараа гозогнуулна. Дээр үеийн холбооны болхи систем, орос монгол хүмүүсийг ийн чанга орилуулах уламжлал тогтоосон доо.
Элстэй хот 120 мянган хүнтэй гэхээр хэр том нь анзаарагдана. Харин Халимаг нутаг албан бус тоогоор 400 орчим мянган хүн амтай гэдэг юм билээ. Тэр чигээрээ халимагууд гэвэл бас үгүй. Хакасууд гэдэг үндэстэн байхаас гадна орос гаралтнууд дөрвөн хүн тутмын нэг бол халимагууд гуравны нэгээс арай илүү. Бүгд л ялгаагүй зах хязгаар нутгийн “хөдөөний оросууд”.
Халимаг хүмүүнийг харж ээ байхад нэгэн сонин сэтгэгдэл төрсөн юм. Европ тивд 400 жил аж төрөхдөө нүүр царай нь огт өөрчлөгдөөгүй, олигтой соёлжоогүй нь маньд ойрхон авч учир дутагдалтай. Хөө-Өрлөг ноён жаахан цаашаа яваад ядахнаа Молдав орчихсон бол араас нь бид одоо ч очиход харамсах юм алга. Хаант Орос өмнө хил дээрээ тухайн үед шал дэмий нутагтай байжээ. Азаар зүүн талаас хэсэг нүүдэлчин ирээд төвхнөөд аван гуут дуун дээр хүлээн зөвшөөрч нутаг дэвсгэр талбин олгосон түүхтэй. Ижил мөрний хөвөөнд суурьшсан монголчууд өмнөөс ирэх дайсан, харь шашинтнуудад халх болж Орос оронд олон зууны турш ач тус хүргэсэн аж. Сүүлдээ бүр ингэх үүрэгтэй юм шиг зан гаргаад ирэхээр нь баруун Монголын цусанд байдаг омголон араншин нь хөдөлж тэрсэлж тэмцээд нэр нүүрээ барчихсан юм даг уу даа. (Энэ тухай дараа өгүүлнэ)
Манай баруун аймгийнхан хотод ирээд хэзээ ч бүтэшгүй юмнаас амьдралаа эхэлцгээдэг. Бид л омголон, догшин гэж онгироодог болохоос үндэстэн ястныхаа хувьд мянга мянган “жертва” хийж байж ганц нэг нь Баянмөнх аварга шиг амьдарч байгаа юм шүү дээ. Ийм гаслант амьдрал Халимагт манайхаас арав дахин илүү тохиолдсон юм билээ. Одоо ч энд “Үлэмжийнов”-оос өөр сайхан амьдарч байгаа баяд хүмүүн байгаа эсэхийг олж харсангүй.
Түүхийг нь уншиж, сонсож байхад Говь-Алтай, Увс, Ховдоос “тэр жил” Халимагууд баруун этгээдэд Манжид дагаар орохгүй гээд зугтсанаас хойш хойшоо дөчин жилийн нүүдэл хийж Ижил мөрний хөвөөнд очсон. Очоод амар жимэр амьдарсан хугацаа тун бага. Түүх цадиг нь дандаа байлдаан дайн. Бараг аль завандаа амьдралаа зохицуулж байсан юм гэмээр. Оросууд улс төрийнхөө хувьд гадаад оронтой дээрэлхүү зан гаргачихаад яс байлдах болохоороо их сонин. Саяхны жишээ гэхэд л хажуу дахь Афганистанаа ч дийлэхгүй ялагдсан. Өмнөх бүх дайны гол ачааг тэгэхээр хэн нэгэн үндэстэн нугалж байсан юм биш үү?. Тэр нь хэн байв. Нэр нь тодроогүй халимаг баатрууд Оросын түүхийн хувь заяаг дандаа эерэгээр эргүүлж байсан авч бас эсрэг дайтсан нь олон юм билээ.
Ийм нэгэн сонирхолтой ард түмний нутгаар аялж олон юм сонсож мэдэрч яваад ирсэн билээ.
Хальж одсон “ясны маань тасархай” 1943 онд бүрмөсөн сөнөж мөхжээ. Одоогийн “Кальмик”-ууд бол үндэс угсаагаа тас мартсан “хип хоп” бацаанууд. Манайх ч бас тийм.
Дайны хамгийн шийдвэрлэх цагт Халимагууд өчнөөн жил амьдарсан өмөг түшиг Орос орныхоо эсрэг мурисан байгаа юм даа. Яагаад?...
Үргэлжлэл бий
Ж.ГАНГАА
Уншигч
MoRlXdIRvMhwe
tergel
dambar
Óíøèã÷
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
F
Poker face
Зул
Зочин
Enkhbayar bi uwsiih
Уншигчид
Зочин
Urgeljlel hergguiee Ca N gaa
Urgeljlel hergguiee Ca N gaa
Зочин
Gangaa nuskaa bastaand
Gangaa nuskaa bastaand
Зочин
Од
Од
ìîíãîë÷óóä àà
ббб
Оросыг муулахуй
Зочин
çî÷èí
уншигч
bi
sanal-d
Зочин
Toba
sanal
Torguud
халимагт очно