Мөнгөө савандаж угаадаг та аль иргэншлийнх вэ?
Нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй үг, нэр, нэршлийг дөнгөж хэлд орж буй балчир хүүхэд л хэлдгийг магадгүй эх эцэг нь ойлгож болох ч бусад хүнд ойлгомжгүй. Яагаад гэвэл балчир хүүхдэд туршлага суугаагүй байна, одоохондоо тархины багтаамж мэдрэмж ч нялхаараа байна. Харин насанд хүрсэн хүн бусдад ойлгомжгүй, эсвэл бусдын ойлголтоос шал өөр утгаар, зөвхөн өөрөө л ойлгох үг нэр хэрэглээд байвал түүнийг оюуны өсөлт нь зогсчиж гэх байхаа?
МӨНГӨӨ САВАНДАЖ УГААДАГ ТА АЛЬ ИРГЭНШЛИЙНХ ВЭ?
“Үндэстэн” гэж үг байна. Энэ нь тухайн бүлэг хүмүүсийн тодорхой угсаатанд хамаарч буйг илэрхийлэх тодорхойлолт юм. Монгол үндэстэн, чех үндэстэн гэх мэт. Эндээс тухайн үндэстэнд хамаарах соёл иргэншил, уламжлал зэргийг салаалан нэрлэнэ. Гэвч орчин цагийн монгол хэлэнд үндэстэн нь “үндэс” болон хувирчээ. Энэ нь аман хэллэгээс бичгийн хэлэнд нэвтрэн өдгөө эргүүлээд зөв болгох аргагүй болсон аж. Үндэсний бичиг, үндэсний соёл, үндэсний бахархал гэж бичээд бүр дасчээ. Үндэстний соёл гэж бичвэл бурууд тооцохуйц. Уг нь “үндэс” гэдэг ургамалд хамаарах өөр утгатай үг л дээ. Өвөр Монголд монгол бичгээр “үндэстний соёл” гэж хуучнаар нь бичсээр байгаа юм билээ. Манайд кирил үсгээр “Нэгдсэн үндэстний байгууллага” л зөв бичлэгээрээ үлдсэн. НЭПКО саяхан Адам Смитийн Wealth of Nations номыг бүрэн эхээр нь орчуулан гаргахдаа Үндэсний баялаг гэх үү, Үндэстний баялаг гэх үү гэж ярилцаж ярилцаж, өдгөө нэгэнт кирил үсэгт тогтсон учир үндэснийгээр нь явуулъя гэж шийдсэн.
Аман хэллэгт хэт автаж түүнээ бичгийн хэлэнд тусган хэвшүүлсэн эдгээр жишээг буруутгах, муушаах, зөв рүү нь эргүүлэн татах гэсэн санаа алга, зүгээр л ажиглалтаа хэлэх гэсэн юм. Харилцаа, харьцаа хоёр нь шал өмнөө утгатай үгс. Харьцаа бол том жижиг, өргөн нарийныг хооронд нь жишихэд хэрэглэнэ. Гэвч бид харилцааг аман ярианд товчлон харьцаа гэсээр байгаад бичгийн хэлэнд тэр чигээр нь хаджээ. Гэр бүлийн харьцаа, харьцааны соёл, харьцаа тогтоох гэх мэт. За яахав ингээд тогтдог байж, гэтэл “бэлгийн харьцаа” гэхээр шал өөр эвгүй ойлголт гарч ирээд байгаа биз? Өсвөр насны хүүхдүүд л гаргаж ирчихээд харьцуулж хэмжин онгирцгоогоод байгаа юм шиг. Математикчид физикчид л анх болхи орчуулгаар оруулж ирсэн болов уу гэмээр үүнтэй төстэй жишээ бол “дурын цэг”! Дунд сургуулийн тооны хичээлээс бүгдээрээ энэ үгийг тогтоосон доо. “Аль ч цэг”, “ямар ч цэг” гэмээр. Дурын цэг өөр газар байдгийг тэд насанд хүрсэн хойноо л ойлгодог.
Монгол улс зах зээлийн тогтолцоонд оруут “зах зээл” гэсэн үгийг зарим нь гоё тайлбарладаг байж билээ. Зах дээр очоод зээл авдаг муухай нийгэм гэх мэтээр жигшил зэвүүцлээ илэрхийлнэ. Зээл гэдэг нь захтайгаа яг ижил үг. Хувцас хунар, тархи толгой, мөнгө төгрөг гэх мэтээр ижил утгатай үгийг хослуулан хэлдэг шиг. Уг нь нийтийн зах зээлийн газар очоод бараа үйлчилгээгээ чөлөөтэй борлуулдаг, солилцдог эдийн засгийн чөлөөт худалдааны тогтолцоог аль ч хэлээр ингэж нэрлэдэг. Банкнаас юм уу хүнээс юм хум мөнгө цаас зээлдэн авахыг зээл биш зээллэг гэдэг байжээ. Бүр саяхан болтол шүү. Өвөр Монголд одоо ч банкнаас зээллэг авах гэнэ, зээл гэвэл мань Сайхансамбуугийн баахан хүн цуглуулсан газрыг гэж ойлгоно. Гэхдээ бид зээллэгийг зээл гэж ярьж бичдэг болсныг шүүмжлэх гээгүй, хэл хөгждөг өөрчлөгддөг хувирдаг “амьд организм” юм.
Зарим буруу болон болхи орчуулга аман болон бичгийн хэлэнд тогтсоноос болоод монголчууд биенээ ойлгохгүй хэмжээнд ч хүрсэн байх шиг. Хятадад эмнэлэгт үзүүлсэн хүн өвөр монгол хэлмэрч дагуулан эмч дээр оржээ. Өвчтөний найлзуурын тухай эмч анхааруултал ар монгол нь ямар эрхтэн яриад байгааг огт ойлгодоггүй. Удтал эргэлзэж шалгаасны эцэст бамбай булчирхай яриад байгааг арай гэж ойлгомор аядав. Мянга мянган жил мал алж (заримдаа хүн?) ирсэн монголчууд энэ булчирхайг мэддэггүй л байв гэж. “Бамбай шиг харагддаг булчирхай” гэсэн орос үгийг л тэр чигээр нь орчуулж хэрэглээд жинхэнэ нэрийг нь мартжээ. Далимд нь сануулахад гадаад хүнд юм тайлбарлаад яваа хүнийг “хэлмэрч”, ном бичиг баримт өөр хэл дээр буулгагчийг “орчуулагч” гэнэ. “Хосыг нь шувтрах” гэсэн заналхийлсэн хэлц бий. Одоо тэрийг орчин цагийн хэлээр “Чамай муугийн арван хоёр нугалаа гэдсийг чинь шахах хуна” гэх үү?
Балжингарам цэцгийг Дамдинсүрэнгийн тольд “хамба шарилж” гээд буруу орчуулчихжээ. Орос хэлээр “ромашка” гэх цэцэг нь өхөөрдөм, энхрий, хайрлам юмыг бэлэгддэг бол монгол хэлээр шарилж нь хог новш, балиар юмны бэлэгдэл. Орчуулгын кинонд “миний хайрт хонгорхон шарилж минь” гэж хэлэхээр ямар сонсогдож байна? Бор шувуу, бялзуухай, болжмор гэсэн гурван өөр шувууг ялгадаггүй. Нэг нь ойн, нөгөө нь талын жиргээч бяцхан шувууд, харин хотоор нэг хөглөрөөд байдаг чинь бор шувуу л даа. Хэрээ, алагтуу, турлиах, жунгааг нэгтгэж ойлгон нэрлэх нь элбэг. Хотод хэрээ амьдардаггүй байхаа. Тэрэнтэй адилаар хөх-цэнхэр хоёрыг, хүрэн-бор хоёрыг, шар-улбар хоёрыг хольж хэлэх, тэрнээсээ болоод буруу ойлгох нь элбэг үзэгдэнэ. Нил гэсэн хичнээн сайхан өнгөний нэрэлсэн үг нэргүй болоод сүүлдээ янз бүрээр нэрлэх гэсэн оролдлогын оройн чимэг нь “чирнээлэн ягаан өнгө” юм. Шахуу-шахам хоёр өөр өөр утгатай. Гаруй-гаран хоёр ч ижил утгатай үг биш. Бас баригдах-баривчлагдах хоёр байна.
Дээр үед талбайд болдог баярын парадын үеэр микрофоноор уриалан дуудагч нэвтрүүлэгч “Октябрийн аа-уу-гаа их социалист хувьсгал мандтугай” хэмээн уянгалуулан дууддаг байж билээ. Аа-уу-гаагаа маш тод уртаар эншиглүүлэн хэлнэ. Энэ аугаа одоо бичгийн хэлэнд “агуу” болон тогтжээ. Агуу нь том хөндий гэсэн утгатай, эндээс агуй, агуулах гэсэн илэрхийлэл нэр үүссэн. Аугаа нь латин герег хэлний “аура”-д хамаарах ойлголт. Харин мэрэгч төлөгч нар л “таны аураг төдөн төгрөгөөр ариутган эмчлэнэ” гэхэд л мөнөөх үг үлдсэн бололтой.
“Хакухо иргэншлээ солив” гэсэн мэдээ нэг талаасаа байж болох ойлголт. Тойнби, Хантинтон нар Японы иргэншил гэдгийг тусад нь ангилсан байдаг. Тэгэхээр манай хүн өөр иргэншилд уусан, үгүйдээ л шинто шашин шүтдэг болсон мэт. Гэтэл сумоч маань ердөө л иргэний харъяаллаа сольсон хэрэг. Учир нь манай хуулиар давхар иргэний харъяалалтай байхыг зөвшөөрдөггүй. Иргэний харъяалал гэдэг нь тусгаар тогтносон 200 орчим улсын алинд нь албан ёсоор харъяалагдаж буйг хэлж буй хэрэг. Нэг үгэндээ паспотыг нь асууж байгаа юм, энэ нь иргэншилтэй (civilization) ямар ч холбоогүй ойлголт. Чукоткийн иргэний харъяалал ч гэж байхгүй, иргэншил ч гэж байхгүй. Курдын иргэний харъяалал гэж байхгүй ч тэд тусгаар тогтнож тэрийгээ хүлээн зөвшөөрүүлж чадвал Курдын иргэний харъяалал гэсэн ойлголт буй болно, гэтэл үүнээ дагаад курдын иргэншил гэж буй болохгүй, учир нь тэд урьд ч, одоо ч, лалын иргэншилд хамаарсаар ирсэн. Харин манай гаалийн болон хилийн бичвэр дээр “иргэншил?” гэсэн асуулт байдаг нь бараг л албан ёсжжээ. Үнэхээр ингэж асууж байгаа бол үүнд нь лалын, хиндугийн, өрнийн, иудайн гэх мэтээр хариулмаар. Хүний түүхэнд арав гаруй иргэншил буй болсон, өдгөө хагас нь мөхсөн учир цөөхөн үлдсэн нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Ер нь ч манай хил гаалийнханд тухайн хүний аль иргэншилд хамаардаг нь ямар ч хамаатай юм бол? Террорист илрүүлэх гээд байгаа юм болов уу?
МИАТ-ын удирдлагын хэдэн луйварчид даатгалын баахан мөнгө хулгайлаад гадаадын банкинд өөрсдийн нэрээр хадгалуулсан нь илрэв. Манай шүүх тэднийг мөнгө угаасан хэргээр ялласан. Манай эрүүгийн хуулинд “мөнгө угаах” гэсэн зүйл байдаг юм болов уу, байдаг бол түүнийгээ юу гэж ойлгодог юм бол? Уг нь мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгийг хуулийн зүйл заалтаар тулган үзэхэд хууль ёсны хэлбэртэй болгох гэмт хэрэг юм. Гэхдээ энэ нь бусдын хармайнаас мянган төгрөг суйлчаад баригдангуутаа газраас олсон гэж гүрийхийг хэлэхгүй байхаа. Овор хэмжээ арга барилын хувьд нэлээд том операцийг нэрлэнэ. Уг гарлаараа мөнгө угаах биш англиар “лондри мани” буюу хими цэвэрлэгээний мөнгө гэсэн утгатай. Америкт архи худалдаалахыг хориглодог байсан үед сархадын нууц наймаа хийн асар их мөнгөтэй болсон мафийнхан хими цэвэрлэгээний газруудад тараагаад тэндээсээ хувцас угааж цэвэрлэсэн хөлс мөнгө хэмээн бүртгүүлдэг байснаас үүссэн нэршил юм билээ. Орчин үед зэвсэг, хар тамхи зэргээс олсон мөнгөө казиногоор оруулан тэндээс хожсон маягаар албан ёсны болгон бүртгүүлдэг процесс. Мань нисэхийнхэн бол хулгай, луйвар, шамшигдуулал, залилан гэх мэтийн зүйл ангид хамаармаар юм! Түмпэн дотор гэрийн бүрээс угаадаггүйн нэгэн адил Монгол шиг ядарсан жижиг зах зээлийг мөнгө угаах луглагар луйвар тооно гэж үү? Манай их хурлын нэгэн гишүүн банкуудыг мөнгө угааж байна гэж шүүмжлэхдээ нусны алчуур угааж байгаа дүрслэл үзүүлэн хоёр алгаа олон удаа үрчиж мушгиж харуулж билээ. Усанд норгоод савандаад төгрөг долларыг воокдож угаадаг гэсэн ойлголт нэлээд тархмал шүү. Мөнгийг япончууд л шууд утгаар нь угаадаг юм гэнэлээ. Тэд биендээ бэлэн мөнгө дугтуйлан бэлэглэдэг уламжлалтай тул мөнгөө савандаж угаагаад дараа нь бүр индүүддэг гэсэн шүү.
Тархийг угаадаг, тархиа угаалгадаг хүмүүс сүүлийн үед тун элбэгшжээ. Уул нь “тархи угаах” гэдэг нь туйлын хурц хэллэг, айхавтар хоржоонтой ёгтлол, маш сэцэн зүйрлэл юм. Жоорж Орвэлийн “1984 он” зохиолд анхлан бичигдэж бүх дэлхийгээрээ нэгэн утгаар ойлгон хэрэглэгддэг болсон нэршил. Ноёлогч хэсэг нь мэдээллийн бүх эх сурвалж, сувгийг хаагаад зөвхөн өөрсдийн “үнэнийг” албадан сонсгох ба тэрийг нь үзэж сонсохгүй байтугай үнэмшихгүй эргэлзсэн бүгдийг яллан шийтгэнэ. Ийм хавчлагад орсон ард түмэн эсвэл үнэмшсэн дүр үзүүлнэ, ихэнх нь аяндаа үнэхээр үнэмшээд эхлэнэ. Ард түмэнд өөр үзэл бодол байдаг тухай төсөөлөл ч байхгүй болдог. Нацизм, фашизм, коммунист дэглэмд энэ нь өдөр тутмын явдал. Ерэн он хүртэл монголчууд ч энэхүү тархи албадан угаах тогтолцоонд олон жил амьдарсаар ирсэн. Ийм нийгэм дахин амьлахаас шинэ үеэ сэрэмжлүүлэхийн тулд ихэнх ардчилсан оронд "1984 он" зохиолыг дунд сургуулийн хөтөлбөрт заавал оруулдаг. Манай хоёр хөрш ч өнөөдөр иймэрхүү тогтолцоонд амь зуусаар. Хятадад мэдээллийн бүх хэрэгслэл төрийн хатуу хяналтад байдаг. Төрийн болон намын зүтгэлтнүүдийг элдвээр хэлж бичвэл ялд унагадаг хуулийг саяхан Оросын парламент батлан гаргалаа. Тэдэнтэй харьцуулахад манай иргэд хязгааргүй олон эх сурвалжийн дунд хүссэнээ хэлж нийтлэх, дэмжих болон эсэргүүцэх эрхээр хангагдсан. Ийм чөлөөт нийгэмд ажиллаж, амьдарч сурч байгаа чөлөөт иргэд хэн нэгэнд “тархиа угаалгаж байгаа бол” тэр хүний өөрийнх нь оюуны бэрхшээл юм. Гэхдээ бидний ихэнх нь энэ нэршлийг дэлхийн бусад хүмүүсээс шал өөрөөр, тухайлбал “энэ хэлж ярьж байгаа чинь надад таалагдахгүй байна” гэсэн утгаар хэрэглэдэг бололтой. Зарим нь ч тархийг нь сугалж гаргаж ирээд савантай усаар угаахыг хэлнэ гэж ойлгодог ч байж магадгүй.
Хэл бол тухайн хүний ойлголтын илэрхийлэл юм. Тиймээс ч аугаа философич Витгэнштайн “Хэл минь хязгаартаа тулж байгаа бол мэддэг орчлон маань мөн л хязгаартаа туллаа гэсэн үг” гэжээ. Тэрээр мөн “Юм хэлэх гэж байгаа бол ойлгомжтой тодорхой хэл, үнэхээр хэлээрээ илэрхийлэх боломжгүй бол дуугүй байсан нь дээр” гэсэн байх юм. Бид ширээг жишээ нь хүүхэн, уушиг, тэнгэр, вамама, чүчачичо гээд яаж ч нэрлэж болно. Гол нь энэ нэрийг нийтээр “ширээ” гэж ойлгон хүлээн зөвшөөрсөн байж л бид бусадтай ойлголцоно. Нийтэд хүлээн авагдаагүй үг, нэр, нэршлийг дөнгөж хэлд орж буй балчир хүүхэд л хэлдгийг магадгүй эх эцэг нь ойлгож болох ч бусад хүнд ойлгомжгүй. Яагаад гэвэл балчир хүүхдэд туршлага суугаагүй байна, одоохондоо тархины багтаамж мэдрэмж ч нялхаараа байна. Харин насанд хүрсэн хүн бусдад ойлгомжгүй, эсвэл бусдын ойлголтоос шал өөр утгаар, зөвхөн өөрөө л ойлгох үг, нэр, нэршил хэрэглээд байвал түүнийг оюуны өсөлт нь зогсчиж гэх байхаа?
2019.4.22.