Үргэлжлэл

Гитлерийн Герман ЗХУ-руу довтолсон байл­дааны нэг гол цөм бол юуны өмнө Кавказыг сал­гаж авах төлөвлөгөө бай­лаа. Тэнд хамаг үйлдвэр, нефть гээд чухалгүй юм байхгүй. Ялангуяа их удир­­­­дагч Сталины нэ­рээр нэршсэн хотыг нь авчих юм бол коммунист Орос оронд үзэл санаа сэтгэл зүйн том цохилт болно гэж тооцсон.

Оросууд Сталинг­ра­дын төлөө тулалдаанд өчүүхэн хүн амтай Хали­магийн бараг эр хүйстэй бол­гоныг  нь дайчлан татсан. Халимаг эр­чүү­дийг дэлхийн II дайны галын шугаманд оруу­лахдаа шоронгийн ял­тнуудын зэрэглэлд хам­руулан өмнөө тууж “тор­гуулийн суман” болгосон юм билээ. Та нар их сайн байлддаг болохоор чинь ингэхээс өөр арга алга гэсэн тайлбартай. Үнэ­хээр ч сайн тулалдсан байдаг. 1943 оны намар гэхэд энэ жижигхэн БНУ-аас далан хүн хэдийнэ ЗХУ-ын баатар бол­чих­сон байв. Тэгэхэд манайд Халх голын дайны баа­тар хэд байдаг билээ. Зөвлөлтийн арми Мон­голын ард түмний төлөө цусаа урсгаж явсан бол Зүүн Европод Зөв­лөл­тийн ард түмний төлөө халимаг монголчууд ур­сах цусаа үл хайрлан улаан тугийн дор “Ура­лан” хэмээн хашгиран хамгийн урд нь явж бай­жээ. Уралан гэдэг нь ойра­даар “Урагшаа” гэ­сэн үг юм. Энэ үг сун­жирсаар “Урай, урай” гэсэн орчин цагийн дай­ны эр зори­гийн дуудлага болсон аж. Гэхдээ энэ нь дэлхийн I дайнаас анх үүссэн юм билээ. Одоо Элстэй хотод “Уралан” нэртэй цэн­гэл­дэх хү­рээ­лэн, мөн ийм нэртэй хөл­бөмбөгийн баг байдаг.


Тайван цагт үргэлж хавчиж гадуурхдаг бай­сан халимагуудыг дайн болонгуут хуу хамаад фрон­тын тэргүүн эгнээнд аваачиж хя­дуулаад бай­хаар үлдэж хоцорсон ар гэрийнхэн нь дургүй нь хүрдэг юм байгаа биз дээ. Германы арми дайны гу­рав дахь жил Халимаг, Чеченийн нутагт орж ир­лээ. Өв­гөдийн ярих нь германчууд жил шахам байсан юм уу даа. Энэ хооронд мань хэд Гит­лерт монгол заншлаар есөн цагааны бэлэг хүр­гүүлж, хас тэмдэг бүхий тулга хивс өргөн барьж, дагаар орчихжээ. Оро­сын баруун хэсэг бүхэл­дээ Германы эзэмшил бол­­­сон тэр үеийн байдаг л үзэгдэл. Хали­магийн хувьд бол нүцгэн цагаан талд партизаны дайн хийх ямар ч боломжгүй болохоор тэр нь зөв ал­хам гэж үзэх талтай.


Дайны хувь заяа өөрөөр эргэж Сталинг­радаас немцүүд ховх цо­хиул­лаа. Яг энэ үетэй давхцан Сталины ту­шаал гарч Халимаг, Че­чений ард түмнийг бүг­дийг ял­гаварлалгүй хо­мор­­голон устгаж хон­зон­гоо тайлах аян эхлэв. 1943 оны 12 дугаар са­рын ес эхэлсэн тэр нэгэн тачиг­насан өдөр нүүрс ачдаг вагон тавьж бай­гаад орос цэргүүд бүх хүмүүсийг хөөж ирсэн. “Тогоон дээр цай маань буцалсан чи­гээрээ л гэр орон минь ард хоцорсон доо. Гадаа хэдэн мал минь майлж, хүүхдүүд уйлалдаад мөн ч элэг эмтрэм гэнэтийн явдал болж билээ” гэж одоо дур­саж сууна.

“Гашуун булгийн усаар

Гараа угааж л сууна даа

Гараан угаагаад суу­хуй дор

Гаргасан эхээн мөн ч их санах юм даа…” гэх харийн нутагт элгэн сад­наа бэтгэртлээ санасан гунигт дуунууд ийн үүсчээ. Цагаанзамын дуулдаг энэ аяс эгшиглэхэд суд­саар нь монгол цус гүйж байгаа хэн боловч өөрийн эрхгүй самсаа шархирч, хөмхий зууна.

Нимгэн банзаар ба­рьсан гал хөсгүй ваго­нуудад бүхэл бүтэн ард түмнийг тэр чигээр нь чихэж хасах тавин хэм хүртэл хүйтэрдэг Сибир рүү цөлжээ. Холын замд ихэнх нь хөлдөж, үлдсэн нь өлбөрч үхэн хэн нэ­гэний бах тавыг хангасан байна. Тэс хөлдүү хүүх­дийн цогцсоор вагоны онгорхой цоорхойг бөг­лөж хураан оршуулах ч эрхгүй явж байсан гэдэг. Одоо тэр вагоны нэгийг Элстэйн төв гудманд байр­­­­­луулж, дэргэд нь хэлмэгдэгсдийн хөшөө босгосон байна лээ.

Дайны дараа Оро­соос Америк руу гарсан нэгэн халимаг нөхөр энэ гунигт явдлыг дэлхий ний­тэд цацаж, дуулиан тарь­жээ. Еврейг хомор­голс­ноос долоон дор ийм ге­но­цит Орост бол­сныг үнэм­­­шиж өгөхгүй бай­саар 1950 он гар­га­жээ. АНУ дахь Хали­ма­гийн нийгэм­лэгийн тэр­гүүн Ж.Бур­­хинов нарын уйга­гүй чармайлт талаар өн­гөр­сөнгүй. Олон улсын хүчтэй шахал­тад орж му­хард­сан Хрушев арга бу­юу арга хэмжээ авахад хүрсэн байна.


1956 оны хавар Зөв­лөлтийн радиогоор анх удаа Зөвлөлтийн жижиг үндэстний ая дууг нэвт­рүүлээд эхэлж гэнэ. Тэ­гээд зал­гуулаад дээд зөв­лөлийн тогтоолыг сүртэй уншиж гарчээ. Утга нь гэвэл хэлмэгдсэн Чечень, Халимаг, Немц, Татар зэрэг үндэстнүүдийг эх ну­тагтаа эргэн очихыг уриад улмаар бие даа­сан БНУ байгуулахыг хүр­­­­тэл зөвшөөрчээ. Дай­наас өмнө Халимагийн ойролцоо маш олон суу­гуул немц үндэстэн аж төрж байсан юм билээ.


Халимагт нутгаа са­хиж бараг ганцхан хүн үлдсэн нь ЗХУ-ын баатар Д.Очир юм. Энэ хүн мар­шал Жуков, Будённый, Ворошилов нартай бүр иргэний дайны үеийн үй зайгүй найзууд байсан. Тийм болохоор Сталин яаж ч чадаагүй. Очирын танкийн хороо чөлөөлөх дайнд хамгийн түрүүнд Зөв­лөл­тийн нутгаас Ев­ропод хөл тавь­сныг одоо хүртэл нууцалдаг гэсэн. Бас л сонин түүх. Олон зуун жи­лийн өмнөх Зэв, Сүбээдэйн замаар Очир гэдэг баатар уул­галан дов­толжээ гэхээр шараа болчих гээд бай­даг байх л даа. Бусад хороо дивиз Украин, Бе­ло­русст авах уу алдах уу дээрээ болон тулалдаж байх зуур Очи­ров аль хэдийнэ Поль­шид цөм­рөн гер­ман­чуу­дыг элдэж явсан гэсэн.

Дөрөвдүгээр сарын 22-ны өглөө босоод Элс­тэйн төв тал­бай явж оч­лоо. Засгийн газрын ор­дон руу орж Үлэм­жий­нов­той уулзах гэсэн юм гэвэл “тэг тэг” гээд үүдний харуул нь оруулчихав. Ерөн­хийлөг­чийн өрөө нь гурван дав­харт юм. Хаал­ган дээрээ “ОХУ-ын БНХУ-ын Ерөн­хийлөгч Кирсан Нико­лаевич Илем­жинов” гэсэн хаяг хаджээ. Нарийн бич­гээс нь “дарга байгаа юу?” гэтэл өчигдөр Болгарт шатрын тэмцээнд орол­цохоор явчихлаа. Удах­гүй ирэх байх аа гэв.  Тэгэ­хээр нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчтэй уулзаж мал зуд, шатар даам, Халимаг Монголын сэдвээр харилцан жаал ярилцаж суугаад  Ерөн­хийлөгчийг ирэнгүүт нь дуудчихъя гэсэн үг сон­соод гарлаа. Засгийн га­зар, парламентын орд­ны өмнө чамин гоё бурх­ны сүм барьсан, хажууд нь томоо гэгч шатар өрөөд тавьчихаж. Хүмүүс най­ман настай хүүхдийн чи­нээ том шатраар наа­дац­гаана. Засгийн ордны үүд той­руулаад гулсуур, дүү­жин зэрэг хүүхдийн тог­лоомууд угсарсан нь бас содон шийдвэр. Ма­най  саарал ордон хашаа бэх­лэлт болж, цаг­даагаар харгалзуулсан байдгаас бүр эсрэг.

Тэнд хойшоо хараад хоёр га­раа хармаандаа хийсэн байдал­тай Ленин багшийн том хар хөшөө сүндэрлэнэ. Төд удалгүй туг дал­баа болсон жаг­сагчид талбайд орж ир­лээ. Жагсагчид улаан хан­таа­заар жигдэрч, хан­таазан дээрээ “Оросын коммунист нам” гэж бич­жээ. Лавтайяа жараас дээш нас­ныхан болов уу гэмээр ахмадууд гартаа цэцэг барин ирцгээж Ле­ни­ний мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна. Цуг­лааныг нээж нэг нөхөр үг хэлж байх юм. Тэрээр “Даян дэлхийн их удир­дагч Лениний үйл хэрэг мөнх, коммунист нам хэ­зээ ч байна, орон бүхний пролетари нар нэг­дэх­түн…” гэх зэрэг одоо ца­гийн хүүхэд сонсвол ха­чир­халтай үгсийг харам­гүй дурдлаа. Цаг тооны машинд суугаад 80-аад ондоо эргээд оч­чихсон юм шиг хачин сэтгэгдэл төрөөд явчихав. Амьд явахад мөн ч элдвийн юм үзэх юм даа гэж хажуу дахь Цэмбэлдээ хэлбэл тэрээр учиргүй их инээж байна.  Тэгээд хуучин цагийн “сайхан илтгэл”-ийг цааш сонсоод байх нь ­ээ бас биш болоод яв­чихав. Юу гэнэ вэ?. “Ма­най Халимагийн ард түм­ний дундаас төрсөн олон сайхан охид хөвгүүдийн нэг бол нөхөр Ульянов билээ…” гэх шиг.

Ленин яахлаараа Ха­лимаг буюу Монгол бол­цордог билээ гээд су­раглав. Хн Ленин бай­тугай хи­мийн үелэх сис­тем зохиосон суут Мен­делеев хүртэл халимаг цусных гээд бодчих гэдэг юм байна. Ленин ч их олон цус холилдсон гэр бүлээс төрсөн юм билээ. Харин аавынх нь ээж бу­юу эмээ нь Буштин Смир­­нова хэмээх эмэгтэй бол яах ар­гагүй халимаг хүн гэнэ. Их сайхан сүү бол­сон аагтай цай ча­надаг эмгэн байсан агаад ач хүү нь эмээ дээрээ байнга ирдэг, Володя цайнд ор­чихсон байв энэ тэр гээд их олон дурсамж үлдсэн юм билээ. Тэд­нийх Ха­лимагийн зүүн хойд хэ­сэгт нутаг­ладаг байсан бөгөөд Зөвлөлт засаг ялсны дараахан тэр ха­вийн газ­рыг нэн даруй зэргэлдээх Ас­тра­хань мужид харьяалуулж, Ле­ниний нэр ус намтарт сайтар засвар хийн орос­жуулжээ. Бараг саяхан шахуу нэг эрдэмтэн Ле­ниний намтрыг бодит үнэ­­­­нээр нь палхийтэл хэлж сенсаац тарьсан гэнэ. Зөвлөлт холбоот улс задардаг жил  Крем­льд байсан Лениний ша­ри­лыг бунхнаас гаргаж хаях тухай яриа ид гарч бай­сан. Тэр үед ха­ли­ма­гууд Ильичийн шарилыг ну­тагтаа авчрах гэж  Үлэм­­жийно­воор хөө­цөл­дүү­лээд бүтээгүй гэ­сэн.


За ингээд жагсаал цуг­лаандаа орчихоод явах гэтэл дахиад бас жагсаал ороод ирдэг юм байна. Түрүүчийнхээсээ шал өөр стилийн хүмүүс, гол­дуу залуучууд хараг­дана. Үлэмжийновыг огц­руу­лах хаврын синдром эхэлж байгаа юм уу гэсэн чинь үгүй аж. Урьд шөнө Моск­вад үл таних эт­гээ­дүүд тэнд амьдардаг ха­ли­маг иргэд рүү хал­даж нэг охи­ныг хутгалж хө­нөөн өөр бас нэг охиныг зүрхэн тушаа бүлж хүн­дээр шарх­­дуулсан гэнэ. Жаг­сагчид Засгийн орд­ны өмнө ирж “Гэм зэмгүй иргэд рүү халдсан эт­гээдийг нэн даруй ил­рүүл”, “Бага үндэстэнг хавчиж, халдлага үүс­гэхээ зогсоо” гэх мэтийн үгтэй лоозун барин эсэр­гүүцлээ илэр­хийлж байв. Тэр нь оройдоо шууд Москвагийн төв те­леви­зээр гараад эхэлсэн. Ха­ли­магийн Засгийн га­зарт Үлэмжийновоос дутахгүй бас нэг дарга байдаг юм билээ. “ОХУ-аас Ха­ли­магт суугаа төлөөлөгч” билүү нэг даруухан ал­бан ту­шаалын нэртэй “Зөв­­­­лөлтийн мэргэжил­тэн” улс төрийн гол бод­логыг зангидаж суух бо­лол­той. Бодвол тэр нө­хөрт хандсан жагсаал юм уу даа. Жагсаалыг ажиг­лаж байгаа хүмүүс хоо­рон­доо манайхан шиг бас их том том улс төр ярьцгаах юм.  “Урьд шө­нийн аллагын цаад талд муусайн  хар гурирууд л байхаас зайлшгүй…” гэх дүгнэлтийг олон хүн хэлэх юм. Бид юм л бол “өмхий хужаа” л тэгчих шиг бол­лоо гэдэг бол Халимагт Хятадын талаарх ямар ч ойлголт байхгүй. Зарим нь хятад гэж ямархуу хүн байдгийг ч төсөөлдөггүй. Тэдний нэг дургүй үн­дэстэн нь Еврей нар аж. Хар гурир буюу хар гурил гэж их л доромж утгаар жүүдүүдийг “ав­гайлна”. Улс үндэстэн болгон л өөртөө нэг дайсан олоод авчихдаг. Жүүд нар Ха­лимагт ямар гай уч­руулж байсан эсэхийг мэдэж чад­сангүй. Оросууд нь зааж өгсөн юм шиг барааг нь хараагүй еврей нарын хутган үймүүлдэг гадаад жишээнээс л иш татац­гаана.

Элстэй хотод бусдад байхгүй бүтээн бай­гуу­лалт хэд хэд бий. Европын хамгийн том Буддын ша­шины хийдтэй. Манай Гандан­гаас хавьгүй том энэ хийдэд харин хөл хөдөлгөөн эргэл мөр­гөл­чид гэж бараг байхгүй. Лалын шашинтан шиг үүдэнд нь гутлаа тайлаад орж мөргөл хийнэ. Дотор байгаа бие засах газарт орвоос данхтай бү­лээн ус тавьсан харагдана. Тэр­нээс нь алгандаа тосч байгаад хасаг өвгөн шиг салтаагаа угаах зориу­лалттай аж.


Халимаг байтугай ма­най ба­руун аймгийнхан шашин шүтлэг гээд бай­даггүйн дэргэд энэ бас том ололт юм. Ялангуяа Буддын шаш­ныг хөг­жүү­лэх гэж улсаас ан­хаа­ран, Түвдээс лам нар авчран хүүх­дүүдийг шавь оруул­жээ. Хотын урд за­хад шашны дээд сур­гууль бай­гуулж, ар Мон­голоос ч лам ирсэн су­рагтай.

Энэ улсад болсон бүх сон­гуульд ялалт бай­гуулж ээлж да­раагүй сон­гогдоод байгаа Ерөн­хий­лөгч Үлэмжийновын хоб­би ба гадаад албан ту­шаал нь шатар юм. Дэл­хийн шатрын холбооны дарга маань Элстэй хотыг шатраар дүүр­гэж ор­хи­жээ. Шатрын ордон, шат­рын хотхон, Холливудын алдарт жүжигчин нарт барьж өгсөн шатар бүхий хаус гээд тансаг чамин барилгууд ярайна. Орчин цагийн урлаг соёл, ки­ноны дэлхийд нэрд гар­сан одууд энд маш их ирдэг юм билээ. Брюс-Ли, Жэки Чан, Сти­вен Сийгл, Шварценеггер гээд л. За­рим нь бүр ха­шаа бай­шинтай бо­лоод авсан. Бүр дээр үеийн л Хали­магийн тал нутагт томцуул ирж буцаж бай­жээ. А.Пуш­кин, М.Лер­­­монтов энэ тэр хэ­сэг хуга­цаанд амьдарч байсан гэхчив.

Энд ирж буудалласан айлдаа тэнэж тэнэж орой­­­хон харив. Бага зэ­рэг төөрөөд ямар хаягтай газар билээ гэж утсаар асуутал “Яагаав II микро район, Д.Сүхбаатарын гудамж, дөрвөн давхар угсармал бай­шин­гийн…тоот” гэх нь ну­таг­таа яваа мэт ээ.


 Үргэлжлэл бий


Ж.ГАНГАА