(АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ НАРТ)

Б.Баабараас УИХ дахь Ардчилсан намынхаа гишүүдэд ийм нэгэн нууц гэсэн тодотголтой захидал илгээснийг бид олж, нийтэлж байна.

Монгол орон дэлхийг хамарсан их хямралын эргүүлэгт орж ирлээ. Яахав, Монгол улс мөнгөтэй байж үзлээ, дураараа үрж ч үзлээ. Одоо тэр үе өнгөрлөө. Хүнд сорилийн өмнө тулгарлаа. Хуримтлал үүсгэж, болзошгүй бэрхшээлд бэлдэж, бололцоо байгаа дээр үйлдвэр завод барихын оронд цацаж баярхаж, хий үрж, авилга гааруулахад Ардчилсан нам ч чамгүй үүрэг гүйцэтгэсэн. “Зуурсан жонхуугаа өөрөө ид” гэж үг бий, иймээс хүндрэл тохиолдсон өнөө үед хариуцлага үүрэх нь ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь мөн.

Сонгуульд манай нам ялагдсан. Булхайтай болсон зэрэг тайлбар тусдаа асуудал, юутай ч цөөнх болсон. Хамтарсан Засгийн газарт орсон нь эх оронд тулгараад байгаа бэрхшээлийг хамтарч давах цорын ганц зорилготой гэж ойлгодог, тиймээс ч хэрээрээ дэмжиж байна. Гэтэл өдөр ирэх бүр лавширч буй эдийн засгийн хямралыг тайван амгалан хараад, юу болоод байгааг нь ойлгохгүй, эсвэл ойлгохыг ч хүсэхгүй чимээгүй суух боллоо. Авсан олсон албан тушаалдаа нэг л их цадсан хүмүүс харагдах юм.

Сүүлийн хэдхэн жилд түүхий эдийн үнийн өсөлтийн буянаар манай зах зээлд эргэлдэх хөрөнгө мөнгөний хэмжээ бараг дөрөв дахин нэмэгдсэн бол сүүлийн хэдхэн сард эргэж агшаад урьд ядуу байсан хэмжээндээ очлоо. Дутуу барилгууд, үлэмж нэмэгдсэн цалин тэтгэвэр, шинээр буй болсон нийгмийн халамж дутагдсан мөнгөө нэхэж байхад хэд дахин багассан мөнгөний урсгал эдийн засгаа эргүүлж чадахаа болилоо. Зах зээл мөнгөний хомсдолт орсноос болж эдийн засгийн эргэлт эрс удаашран улмаар зогсож болох аюулын харанга дэлдэж байна. Дагаад ажилгүйдэл, дифляци, банкны мөнгөгүйдэл, ханшны уналт, үйлдвэр үйлчилгээний зогсолт гээд олон аюул нөмрөх болно. Хэрэв та бүхэн ингээд л гайхаад хараад суугаад байх юм бол дэлхийг хамарч буй энэ шуурганы манайд тусах ширвээ улам чангарч удахгүй цалингаа тавьж чадахаа болих нь. Сонгуулийн халуурал эхэлж нийгмээрээ өвчтэй болдог улирал ойртож байгаа энэ үе нэмж нэрмээд эмх замбараагүй байдал, гэмт хэрэг, хуулийн гадуурхи хавтгай үзэгдэл, шамшигдуулал, хулгай луйвар хүчрэгдэхээ больж ч болно.

Яах гэж сонгууль болсон юм бэ? Ард түмэн өмнөөсөө шийдвэр гаргагчдаа тодруулах гэсэн хэрэг. Та бүхэн ямар ч хоч нэр зүүсэн бай энэ ард түмний өмнөөс шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхнийг шүүмжлэх эрх хэнд ч бий боловч, аль ч шүүмжлэгчид шийдвэр гаргах эрх байхгүй, тэр хэрээрээ тэд хариуцлага хүлээхгүй. Ийм учраас та бүхний эс үйлдэл хүртэл хариуцлага хүлээх зүйл, ийм хүнд үед бол бүр гэмт хэрэг.

Хямралын хэрхэн гэтлэн давах талаар Ардчилсан намын бодлогыг боловсруулах комиссыг С.Баярцогт сайдаар толгойлуулан байгуулсанд миний нэр оржээ. Харин хэлэлцэх болоод цуглахаар шийдвэр гаргах эрхтэй сайд дарга, гишүүдээс нэг нь ч оролцсонгүй, марк цуглуулагчдын холбооныхны хэмжээний эрхтэй дуртай хэдэн нөхөд хий л дэмий ярьцгаалаа. УИХ завсарлаад гишүүд нь сонгогчтойгоо уулзана гээд цагаалахаар мордсон бололтой. Одоо ард түмэнтэйгээ уулзан зовлон жаргал сонсож суудаг цаг биш;, эрсдэлтэй ч байсан шийдвэр гаргаж, биелүүлж, хэрэгжүүлж;, алддаг юм гэхэд эртхэн алдаж;, алдаагаа засах цаг ардаа гаргадаг үе шүү дээ. Ингээд миний бие өөрийн саналыг илгээж байна.

 

Монголын хямралын шалтгаан

Мэдээж дэлхийн хямралын тусгал болох нь ойлгомжтой. Гэхдээ бид юугаараа яаж хямарчихаад байгаагаа эхэлж зөв ойлгож тодорхойлох хэрэгтэй байна. Ганцхан үгээр илэрхийлэхэд мөнгөний дутагдал. Дөрвөн тэрбум шахам доллар эргэлдэж байсан зах зээл өнөөдөр гурав дахин бага мөнгөтэй болчихоод байна. Зөвхөн өнгөрсөн 1-р сард төсвийн орлого 130 тэрбум байх ёстой атал 50 тэрбум нь сох дутав. Арга хэмжээ авахгүй бол сар болгонд энэ тоо улам өснө. ДНБ-ий хэмжээ ганцхан тэрбум доллар байсан үерүүгээ бид эргэж орох бололцоогүй болсон. Чингэвэл бид эдийн засгаа бүрэн нурааж орхино, чухам энд л хамаг аюул байна. Иймээс өнөөдөр яаралтайгаар энэхүү дутагдаад байгаа 2-3 тэрбум долларыг ямар ч үнээр хамаагүй олж дундарсан савыг дүүргэх хэрэгтэй байна. Хэмнэлт гаргах, хүүхдийн мөнгийг болиулах гээд олон арга хэмжээ яригдаж байна. Гэтэл энэ болгоны нийлбэр дүн дутагдсан мөнгөний өчүүхэн хэмжээ, нөгөөтэйгүүр энэ нь нэг хармайнаасаа авч нөгөө рүүгээ хийж буй хэрэг болохоос зах зээлд шинээр мөнгө оруулж буй хэрэг биш. Ингэхээр гол зорилго - зах зээлд шинээр мөнгө буй болгох. ОУВС-аас 120 сая долларын төсвийн дэмжлэг амалж байна. Энэ бол цалин тавих мөнгө болохоос хямралаас гаргаж чадахгүй. Бидэнд үүнээс дор хаяхад 15 дахин их мөнгө хэрэгтэй. Ийм хэмжээ ОУВС болон бусад олон улсын байгууллага, хандивлагчдын зүгээс бололцоогүй тоо юм. Иймээс өөрснөө л энэ мөнгийг босгохоос өөр аргагүй.

 

Мөнгө олох арга

1.Гаднаас зээл олох арга байна. Орон болгон мөнгөний хомсдолд орсон одоогийн нөхцөлд энэ нь тун хязгаарлагдмал боломж юм. Тэр дундаа нэн хөнгөлөлттэй зээл олдох арга бараг байхгүй, иймээс эрдэс баялаг орд газраа барьцаалан арилжааны зээл хөөцөлдөж болох. Ийм зээл маш эрсдэлтэй, өнөөдөр авч буй доллар дутамдаа бид хожим дийлдэхгүй өр төлөх болно. Сайн санааны зээл олдож болох авч улс төрийн шахалт хожмын нэхэл дагуул нь эрхгүй болгоомж төрүүлнэ. Гэвч зээлийг үгүйсгэж буй хэрэг биш, тун бодолтой барьцтай байх нь зүйтэй болов уу.

2.Бэлэн болсон орд газруудаа яаралтай ашиглах арга байна. Энэ нь Оюу толгой, Таван толгой, урааны ордууд юм. Мэдээж уурхай барьж ашиглалтанд оруулаад ашгаа авах хүртэл хэдэн жилийн зай бий, тэгэхээр тэр ашигийн тухай энд яриагүй байна. Хэрвээ хэлэлцээг яаралтай бөгөөд амжилттай хийж чадвал эдгээр ордууд дээр энэ жилдээ 2-2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх бололцоо бий. Чингэж чадсан тохиолдолд зах зээлд дутагдаад байгаа мөнгө буй болж хямралыг хохирол багатай давж болно. Энэ нь эрсдэл багатай арга. Гэрээ хийгч хөрөнгө оруулагчдаас шагналын мөнгө нэхэж байна. Аваад аваад энэ нь цалин тавих хэртэй юм болох учир үүнд хэтэрхий их ач холбогдол өгөх нь утгаар бага юм. Тэдний оруулах хөрөнгийн хэмжээ, ялангуяа эхний ээлжинд энэ жилдээ багтааж оруулах тоо хамгийн гол үзүүлэлт юм.

3.Иргэдийг дайчилж мөнгөний шинэ эх үүсвэр буй болгох. Манай иргэд саяхан болтол жилд 200 орчим сая долларын бэлэн мөнгө гаднаас нийлүүлдэг байлаа. Үүнээс гадна иргэдийн чөлөөт худалдаа асар их мөнгөний эх үүсвэр буй болгож байв. Энэ үүсвэрийг дахин буй болгох арга байна.

А. Тодорхой хугацаагаар гаалийн хөнгөлөлт буй болгох. Тэглэх шийдвэр муу хувилбар, учир нь огт байхгүй болчихоор бүх бүртгэл болон эмх алга болж хожим сэргээхэд бэрх болно. Иймээс “1 долларын татвар”, “0,1 хувийн татвар” гэх мэтийн юм бодож олж ялангуяа экспортыг онц тэтгэмээр байна. Одоо бид 43 сая малтай болсон боловч “үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх” лоозонгоор чөлөөт худалдааг боомилж байгаа билээ. Шанд нь хонины бүтэн нэхий ердөө 30-40 центийн үнэтэй болжээ. Улс гааль дээр архи, тамхи, шатахуун гэсэн хэдхэн бараанд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Гаалийг бараг нойллосоноос болоод төсвийн орлого байхгүй болно гэх хүн гарах байх, гэхдээ худалдаа зогссон одоо үед тэртээ тэргүй орлогогүй шахам болчихоод байгаа шүү дээ. 1996 онд Энхсайханы Засгийн газрын авч хэрэгжүүлсэн гаалийн татварыг тэглэх хувилбарыг хичнээн муу хэлсэн ч тухайн үедээ асар том эргэлт буй болгож эдийн засгийг идэвхижүүлсэн юм шүү.

В. Тос даасан жилүүдэд буй болгосон халамжийн арга хэмжээ дооз нь хэтрээд тэнэглэл болж хувирсан нь үнэн. Гэхдээ үүнийг одоо зогсоовол давхар алдаа болох гээд байна. Муу ч, сайн ч энэ 150 орчим тэрбум төгрөг зах зээлд эргэлт буй болгож байгаа мөнгө. Үүнээс гадна нэн ядуу хэсгийн амьдралыг авч яваа. Бололцоотойг нь халамжаас татгалзуулах гэж оролдвол бүртгэл байхгүй манай орны хувьд өртөг нь дийлдэхгүй юм болно. Иймээс халамжийн мөнгийг хэвээр үлдээх мөртөө төгөлдөршүүлэх санал байна. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихийн тулд чухам дотоодын бараа үйлчилгээнд зориулж толоны системд шилжүүлмээр байна. Толоныг архи спиртээс бусад дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд чөлөөтэй хөрөвдөгөөр бодож үйлдвэл ямар?

С. Ирэх зун намар жуулчдын тоог олшруулж орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлмээр байна. Манайд ирэх жуулчдын ихэнхийг эзэлдэг Япон, Солонгос, Европын холбоонд визгүй зорчих нэг талын давуу эрхийг яаралтай олгомоор байна. Мөн МИАТ-ыг яаралтай хувьчилж, жуулчдыг боогдуулдаг хамгийн том саадыг арилгах хэрэгтэй. Гадаадын агаарын компаниудад онц хөнгөлөлт үзүүлбэл өрсөлдөөн үүсэн үнэ тариф хямдарч жуулчдын тоо нэмэгдэх бололцоо үүснэ.

D. Дотоод үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт урамшуулал үзүүлмээр байна. Одоо бидэнд татвар цуглуулахаасаа илүү чухал зүйл нь эдийн засгийн амьд эргэлт. Мөн хэт олдож улсыг сорж суух болсон захиргааны олон орон тоог цөөлж тэндээс хувийн үйлдвэрлэлд шилжиж буй иргэдийг урамшуулмаар байна.

Е. Үйлчилгээний салбар бол хамгийн амархан хүн нэвтэрч болдог, ажлын байр нэмэгдүүлдэг салбар. Энэ талын бизнесийг бүх талаар дэмжмээр байна. Үгүй наад зах нь ядахнаа зэрэглэл дээгүүртэй гуанз рестораны ажиллагааг цагаар хавчихаа больж, пиво зэрэг бага градустай ундааг онцгой татвараас чөлөөлмөөр байна. Стандарт бус хатуу архи, пиво хоёрын үнэ тэнцсэнээс болоод архидан согтуурал улам гаарч байгааг пивоны онцгой татваргүй үетэй харьцуулан харж болно.

F. Нийгмийн салбарын хувьчлалыг хямралыг тохиолдуулан өргөн хэмжээгээр далайцтай явуулмаар байна. Сургууль эмнэлэгийн менежментийн хувьчлалыг 10 жилийн өмнө туршаад үзчихсэн. Менежментийн хувьчлалаар үйлчилгээний салбарын асар их боломж нээгдэхээс гадна хэмнэлт их гарах болно. Цалин тэтгэвэрийн асуудал ч Засгийн газрын проблем биш болно.

G. Хяналт шалгалт нэрийн дор бизнест төрийн зүгээс учруулдаг даралт шахалтаа эрс багасгамаар байна. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, гэмт хэргийн шинжтэй зүйлсээс бусдаар бизнест дарамт учруулахыг хэсэгтээ хоригломоор байна.

Н. Одоогийн хямрал нь ердийн үеийн эдийн засгийн тогтсон дүрэм журамтай таарахгүй. Үүнд зөвхөн мэдрэмж л хэрэгтэй. Ялангуяа социализмын үеийн эдийн засагчдын үгийг сонсох юм бол морио эмээллэчиж буй нь тэр. Макро эдийн засагч гэж мэргэжил байхгүй, энэ бол сэтгэлгээний асуудал гэдгийг тэдэнд ядахнаа ойлгуулж ч чадах арга байхгүй. Иймээс гаднаас менежментийн зөвлөх баг урьж үнэ мөнгийг нь төлж ажиллуулмаар байна. Ийм үйлчилгээ үзүүлдэг компани бишгүй бий. Харин олон улсын байгууллагын шугамаар ирэх мэргэжилтэн гэгдэх нөхөд ямар ч хариуцлага хүлээдэггүй учир зүгээр л хоолны сав. Мөн гадаад орнуудад Монголын бодлогыг дэмжих мэргэжлийн лобби групп үнэ мөнгөөр нь ажиллуулмаар байна. Ийм үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага олон бий.

Захиргаа, төрийн байгуулалтын зохицуулалт.

1.Хямрал бол онц байдал. Иймээс авах арга хэмжээ ч онцгой нөхцөл шаардана. Хүнд үед Засгийн газраа огцруулна энэтэр гэж арай тэнэгтэхгүй юм байгаа биз. Бидний сүүлийн 20 жилийн хамгийн том зовлон шийдвэр гаргагч олдоггүй, хэн нэгнийг ямар нэг юм хийх гэхээр хувийн өчүүхэн эрх ашигтаа хавчигдсан нөгөөдүүл нь юу ч биш болгож зогсоодог. Ялангуяа одоо ерөнхийлөгчийн сонгууль ойртож хийрхэл солиорол хоолой дээр ирчихээд байгаа цаг. Гэтэл одоо огт шийдвэр гаргахгүй байх нь алдаатай шийдвэр гаргахаас хохиролтой, бүр аюултай ч байж магад байдалд бид байна шүү дээ. Иймээс голлон шийдвэр гаргагчаа яаралтай тогтоон хүлээн зөвшөөрөөд бусад нь дэмжиж ажиллахаас өөр үггүй. УИХ бол хууль тогтоогч, гүйцэтгэлд нь зөвхөн хуулийн хүрээнд байгаа эсэхийг нь хянах үүрэгтэй болохоос хамтран гүйцэтгэгч биш. Иймээс хамаг хариуцлага Засгийн газарт ноогдоно, Үндсэн хуулийн санаа ч энэ юм. Засгийн газрын шуурхай ажиллагааг хангахын тулд УИХ-аас түр хугацаагаар зарим асуудлыг бие даан шийдэх онцгой эрх олгомоор байна.

2.Ерөнхийлөгчийн сонгуулийг солиорол багатай явуулмаар байна. Үүнд парламентэд суудалтай улс төрийн намууд голлох үүрэгтэй. Ард түмний өмнө хүлээсэн хариуцлагыг дур хүслээсээ ялгамаар юм.

3.Шүүн таслах байгууллагад ч мөн онцгой хариуцлага хэрэгтэй.

4.Тулгараад байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга, Засгийн газраас авч буй болон авах гэж буй арга хэмжээгээ тогтмол тодорхой ард түмэнд мэдээлж нийтийн зөвшил буй болгоход анхаарлаа хандуулмаар байна. Тайлбар, нийтийн зөвшилдөөн дутагдваас хий хардлага үүсч иргэдийн төрд итгэх итгэл бөхөн илт эсэргүүцдэггүй юм гэхэд үл оролцох, үл тоомсорлох байдлаар нэмэлт бэрхшээл буй болгоно. Төр ард түмний илэн далангүй зөвшил ярилцлага л олон нийтийн нэр барьсан рэкетчин, хорлон сүйтгэгч, луйварчин авилгачдын тулгалт хорлолоос хамгаалах болно. Засгийн газар мэдээллийн хэрэгслэлүүдтэй цэвэр итгэлцлийн үүднээс хамтарч ажиллаж болно.

5. Монгол банкинд гадаадын мэргэжилтэн өндөр урамшууллаар авчирч тавь. Өөрснийхөө чадамж, мэдлэг, ур чадварыг бодитойгоор үнэлмээр байна. Ичих юу байгаа юм, хөгжиж байгаа олон орон ингэдэг. Нөөцийнхөө тэн хагасыг асар богино хугацаанд тавиад туучихсан ийм нөхцөлд орлого эсвэл хэмнэлтээс нь хувь өгч урамшуулах дэнчинтэйгээр мэргэжилтэй мэдрэмжтэй багаар менежментээ хийлгэхгүй бол нутаг нугын мафи царайлсан наад нөхөд чинь ханшны зөрүүгээр тоглож хувьдаа юм л цохихоо бодно. Хийе ч гээд чадахгүй. Хатуу валютийн урсгалд хяналт тавьж чадаагүйн улмаас ганц компани нэг өдөрт 60 сая доллар гадагш нь шилжүүлсэн тохиолдол ч гарсан шүү дээ. Төлбөрийн хэрэгслэлийг үндэснийхэд нь биш аль найдвартайд нь итгэж хүндэтгэлтэй ханддаг нь ерөөсөө хүний мөн чанар шүү дээ. Хүний мөн чанарын эсрэг тэнэгдүү суртал нэвтрүүлэг, уриа лоозон чинь улам итгэл алдагдуулж байна. Авсан зээлээ эргэж төлөхгүй гэх маягийн уриатай хөдөлгөөн үүсч байгааг төрийн зүгээс хэрхэвч өөгшүүлж болохгүй. Ингээд цаашилбал эдийн засагт төдийгүй нийгэм улс төрд асар хохирол учруулах байдалд очино шүү.

6. Засгийн газраас үнийн хяналт тогтоох гэж улайран хөөцөлддөг эрүүл биш санаархлаа зогсоомоор байна. Нэгд энэ нь үнийг захиргааны аргаар барьснаас болоод гэнэт алдагдахаараа огцом өсдөгийг шатахуун, гурил зэрэг бараан дээр нүдээр харсан байх. Нөгөө талаар зах зээлийн явцыг эрүүлээр хөтөлдөг үнийн үүргийг байхгүй болгох саад учруулах нь эдийн засгийн эргэлтэнд хор учруулна. Засгийн газраас зөвхөн шатахууны үнийг онцгой татвараар дамжуулан хянаж болно, тэгэх нь ч зүйтэй байх. Эрчим хүч зэргийн үнэд түгээлтийг яаралтай хувьчлах мэтийн аргаар нөлөөлж болно. Үнийг шууд барихаар нүүрсний үйлдвэрлэл, тээвэр гэх мэтээр цаашлан бусад үйлдвэрлэл, эдийн засгийн эргэлтэнд хортой тусна. Энэ олон мал байхад ямар ч муу тохиолдолд тураад үхнэ гэж байхгүй. Ингэхээр мах бэлтгэнэ гэх шиг сонин сонин үүрэг Засгийн газар өөртөө авах хэрэг юун. Хүмүүст чөлөөт худалдаа хийх эрхийг нь олговол хэдэн арван Засгийн газрын ажлыг хүмүүс өөрснөө хийчихэнэ. Хүмүүсийн чөлөөтэй хөдлөх эрхийг нь боймилчихоод араас нь эцгийн халамж үзүүлэх гэж гүйдэг төр шиг тэнэглэл байдаггүй юм шүү дээ. Баялагийг төрийн анхаарал халамж биш чөлөөт хүмүүс л бүтээдэг юм. Хямралыг бүтээгч нь төр, харин хямралыг чөлөөт иргэд л арилгаж чадна.

БААБАР

2009.2.6