Өнөөдөр Монголын залуучууд хөлбөмбөгийг хамгийн ихээр сонирхож хорхойсч буй. Гэхдээ энэ бол зөвхөн телевизтэй (гадаад улс оронтой) хамаатай болохоос дотоодод төдийлөн хөлбөмбөгийг үздэггүй. Бокс, жүдо, чөлөөт бөх гээд амжилт гаргадаг төрлүүдийн улсын аварга ч үзэгч багатай. Харин Монголын хамгийн их үзэгчтэй лиг бол яах аргагүй сагсанбөмбөгийн лигийн тоглолт. Мөнгөөр (2000 төгрөг) үзүүлээд байхад спортын төв ордон битүү хүнтэй. Нээлтийн тоглолтонд агаарын дутагдалаас нэг хүн ухаан алдаж унасан. Хагас шигшээгийн сүүлийн (тав дахь) тоглолтонд талбайн зурааснаас бүх онгорхой цоорхой болгонд хүмүүс сууж, тал үзэгчид нь зогсоогоороо дөрвөн цаг үзэж, ордоны гадна олон хүн орж чадахгүй бухимдаж байв. 18:00 цагаас эхлэх тоглолтын эхний очэр 15:30 минутаас эхлэсэн гэж хамгаалагч ярьж байлаа. Миний бие тэр тоглолтыг үзэх гээд очсон боловч Боловсрол телевизийн зураглаач, сэтгүүлчид, сонины хэд хэдэн сэтгүүлчид орж чадахгүй ажлынхаа хэрэгсэлтэй яах аа мэдэхгүй гайхаж, тэдний хажууд Энэржи Рэсурсийн Харцага багийн эзэн Д.Оджаргал мөн орж чадахгүй инээчихсэн зогсож байв. Үзэгч сонирхогчдоороо Монголын сагсанбөмбөгийн лигийг гүйцэх тэмцээн Монголд байхгүй. Тоглолтын өрсөлдөөн, чанар үнэхээр гоё. Жинхэнэ дотоодын тэмцээнээс (Үндэсний бөхөөс гадна) од болсон тамирчид бол зөвхөн сагсанбөмбөгчид. Сарын цалин гэж дээд тал нь 1 сая 200 мянга. Үзэгч ихтэй учраас ивээн тэтгэгчид харамгүй мөнгө цацна. Өөрөөр хэлбэл хөгжих боломж маш өндөртэй. Гэвч энэ гайхалтай лигийг 6 жил үзэхдээ хөгжлийн чиг хандлагатай зүйл тун чиг цөөхөн олж харлаа.

   Ордон, шүүгч

   Майкл Жорданы гайхамшигийн үрийг Монголд цацсанаар сагсанбөмбөг ямарч рекламгүй байлдан дагуулж эхэлсэн. Барааг нь хараагүй мөртлөө Жордан гэж сонссоор байгаад шүтдэг болсон тохиолдол зөндөө. Агаар дээр 9 секунд тогтдог гэнэ, түүнийг үсрээд буух хугацаа бол 100 метрийн тамирчин барианд орох хугацаатай адилхан гэнэ гээд “мутаци” болсон мэдээлэл үлгэр домог шиг л байж билээ. Тиймээс сагсанбөмбөг хөгжихөд ямарч рекламны хэрэг байсангүй. Спортынхон өртөг бага учраас байрны гаднах шийд хөгжих гол талбар болсон юм. Дээшлээд лиг нь гоё болж үзэгчид татагдав. Гурав, дөрвөн жилийн өмнөөс Спортын төв ордон багадаж эхлэв. Харин өнгөрсөн жил шинэ, том ордонтой боллоо. Мэдээж шинэ ордонд тоглолтууд болвол аль ч талдаа ашигтай. Гэвч шинэ ордонд болоогүй шалтгаан байсан. Тэр нь хол учраас үзэгчид явахгүй. Ийм нэг л шалтгаан. Мэдээж түрээсийн төлбөр үнэтэй гэж байсан боловч ивээн тэтгэгчид уралдаж ирдэг холбоонд асуудал биш (дээр нь бизнэс хийдэг БТСГ-ийн арчаагүй байдал үүнтэй холбоотой). Холбоо цаашид үйл ажиллагаа явуулахад үзэгч, мөнгө хэрэгтэй гэдэг шалтгаанаар өмөөрч болох ч, том харвал өөр. Мэнэжмэнт хийж чадахгүй байгаагаа далдалж буй арга юмуу даа. Шинэ ордон ямар олон давуу талыг өгөх бол.
    Үзэгчдийг явуулахад асуудал биш. Орой 16:00-23:00 цагийн хооронд автобус үнэгүй явуулаад байж болно. Очиход нь мөнгөө таксандаа хийгээд авчихдаг нь мэнэжмэнтийн асуудал. Тав тухтай, орчинд бүгд “өөрсдийн сандал”-тай тоглолт үзнэ. Сагсанбөмбөгийн хөгжил, тамирчдын тав тухтай байдлыг хангахыг эхэнд тавьдаг бол хуучин ордон яагаад ч ийм том тэмцээн зохиохгүй. Үзэгчдийнхээ дунд орон хувцсаа сольдог (турсикээ хүртэл солино) тамирчид байхгүй болж, шүршүүр, дасгалжуулагч чимээгүй орчинд хувилбар ярих боломж, хальтардаггүй стандартын том талбай, үзэгчдийн соёлтой салшгүй холбоотой. Монголын “сахилгагүй” үзэгчид шинэ ордоны орчинд талбай руу сав шиддэг нь багасана. Орчин дагаж хүмүүж нь. Ямарч спорт хөгжихөд эхний ээлжинд тухайн спортын техник хэрэгсэлийг нэгдүгээрт тавьдаг. Сагсанбөмбөгт бол заал. Тэгэхгүй бол хуучин ордондоо заваараад л явж байна. Шинийг хийж санаачлахгүй юм бол хөгжилын сайхныг мэдэрнэ гэж үү?

    Тамирчдаас зөвхөн сагсанбөмбөгчдийг үзэх гэж, харах гэж охидууд ирж үздэг. Хамт зураг татуулах, гарын үсэг авах гэсэн охидууд олон байдгийг өнгөрсөн жилийн шигшээ тоглолтын дараа харж байсан. Бусад спортод ингэдэг гэж үү? 

    Спортын байгууллагын ажлыг дүгнэхэд шүүгчдийг хамгийн эхэнд хардаг. Өнөөдөр шүүгч гэдэг ямарч спорт тоглоомын шүдний өвчин болжээ. Монголын сагсанбөмбөгийн холбоог шүүгчдээр нь дүгнэх юм бол муу дүн авахаар. Үзэгчид, тамирчид үүнийг харин ч нэг 100 хувь батлана. Цалин бага, хэнд ч таалагддаггүй, нүд үзүүрлэгддэг шүүгч гэдэг ажлыг хийхэд хэцүү. Хамгийн хэцүү ажлыг хийж байгаа хүмүүстээ сагсанбөмбөгийн холбоо анхаардаггүй. Тамирчид тоглох дуртай бол шүүгчид шүүх дуртай. Энэ тэндээс нь тамирчид, дасгалжуулагч, үзэгчид орилж харааж ерөөнө. Сэтгүүлчид хүртэл шүүгч муу байна гээд мэдээ бэлтгэнэ. Тэднийг хичнээн мяалаад өөр шүүх хүн олдохгүй. Ялангуяа сагсанбөмбөгт зүрх сэтгэлээ өгсөн гэх хүмүүс шүүгчтэй муухай харьцдагийг харахаар тэсэхгүй юм. Сагсанбөмбөгийн холбооны байгаа байдал нь тэр байхгүй юу. Шүүгч бол ил харагдаж байгаа хэсэг. Бензины үнээ яагаад нэмээд байгаа юм гэж бензин шахдаг хүнд нь уурлахтай яг адилхан.

     Хүн л юм чинь сайн шүүж, нэр алдартай болохыг хүсэж байгаа. Нэг багт хийгээд байвал нэр хүндгүй болно гэдгийг ямарч тэнэг ойлгоно. Харин зарим ахмад шүүгчдийг дарамталсаар байгаад өөрийн багт шүүлгэдэг хүмүүс Лигийн дасгалжуулагчид. Шүүгчдийн бие даасан, чөлөөт байдалд халдаж буй хүмүүс нь тэд өөрсдөө. Тэгсэн мөртлөө хожигдлын шалтгаанаа шүүгч рүү чихнэ. Тамирчидтай адил дуртай ажлаа хийж (зарим нь сагсанд дуртай ч тоглож чаддагүй байх), түүнийгээ өөрийхөө амьдрал болгож яваа, тэгсэн мөртлөө хамгийн бузар булай, хэрүүл маргаантай ажлыг хийж, хүн болгонд доромжлуулж явах нь амар биш. Сагсанбөмбөгийн холбоонд хэлэх муу үгсээ шүүгчидрүүгээ битгий тохоочээ гэж гуймаар байна. Ялангуяа сагсанбөмбөгт насаараа зүтгэсэн, зүрх сэтгэлээ өгсөн хүмүүсээ, залуу тамирчидаа...  Шүүгчдийн биед халдсан байдлыг харвал Амьбөх ахаас эхлээд бүгд өртсөн. Ийм муу атмосфер бүрдсэн газар сайн хүн,сайн шүүгч байж чадах уу?

Дашрамд хэлэхэд

    Юм хийдэг хүн өөрийнхөө бүтээлийн чанарыг мэддэг бөгөөд магтаал, шүүмжлэлийг харин ч нэг тоохгүй өнгөрнө. Чаддаг, чаддаггүй хүний олж харахад энэ чухал. Чаддаггүй хүн бусдаар амьдарч хэн нэгний санал, шүүмжлэлд анхаарлаа хандуулж явдаг. Шүүмжлэл болгонд үсчиж, магтаал болгонд сагсуурах нь чаддаггүй хүний зан. Өнөөдөр сагсанбөмбөгийн холбооны удирдлагууд олон нийтийн санаа бодолд хамгийн их анхаарал хандуулж байна. Нэг сэтгүүлч шүүмжлэвэл оруулахгүй, битгий ахиж манай лигийг үзээрэй гэнэ. Одод гэх мэт телевизүүд ийм шалтгаанаар больсон.

    Хэн ч гарсан иднэ дөө гэж ярьж байгаа хүмүүс бол сагсанбөмбөгийг гутааж, хойш нь татаж буй хүмүүс. Үзэж байхдаа олон сонслоо. Ийм хүмүүс зөвхөн ходоодоороо амьдардаг бол өөрийн гэсэн зорилго, үзэл бодол, мөрөөдөлтэй нэгэнд ходоод чухал биш. Шаардлагатай бол тэд өлсөж чадна. Өөрийн үзэл бодлоо хамгаалах нь ходоодноос чухал учраас ийм хүмүүст нэр хугарахаар яс хугар гэдэг хэлц тохирдог юм. Тийм чадварлаг залуучууд сагсанбөмбөгчид дунд байгаа. Гэхдээ би хэн гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байна...

   Шүүлт, зохион байгуулалт олон хүнд гологдож байна. Ядаж ийм ийм шагнал байна гэдгээ лигийн өмнө зарлавал зүгээр. Тэгэхгүй баахан сюрприз задлаж байгаа юм шиг гэнэт шилгүүдээ зарлаад, үзэгчдийг (бас тоглогчдыг) үл мэдэхээс ялгаагүй болгох юм (том лиг бол хувь хүмүүсийн шагналыг оруулах ч буруу). Үнэ цэнэтэй тоглогч нь тодронгуут дараа тэргүүн гээд л зарлах юм. Би үнэндээ ойлгоогүй. Сүүлд сонсох нь Үнэ цэнэтэй нь улирлын шилдэг, тэргүүн нь плэй-оффын шилдэг гэнэ. Арай замбараагүй байна. Төлөвлөгөө байхгүй “Яаж ийгээд болгоно” гэдэг төлөвлөгөөгүй хүмүүсийн зарчимаар яваад байх юм.

     Монголд сагсанбөмбөг сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжсөн шалтгааныг харвал мөнгө ихээр орж ирсэнээр тайлбарлаж болно. Харин бодлогын талаас бол БНСУ-ын дасгалжуулагч Пак Сун-Гиний дурьдаж болно. Энэ хүнийг ирэхээс өмнө бид сагс тоглож чаддаг байсан болохоос яаж тоглохыг мэддэггүй байсан. Манайд сагсанбөмбөгийг заахдаа (хөлбөмбөг) чаддаг болгох гээд байгаа болохоос уг нь бол чадахаасаа яаж тоглохыг мэддэг болох нь чухал. Нэгэнт мэдсэн хүн яавал чаддаг болохоо ч мэднэ. БНСУ-ын багууд ирж тоглоход яг л ийм дүр зураг харагдсан. Тэд мэддэг бас чаддаг. Харин бид чаддаг одоо мэдэж эхэлж байна. Азийн наадамд сайн тоглосон шалтгаан (Азийн наадамд сайн тоглосныг ингэж л тайлбарлана), Лигийн тоглолтын арга барил өөрчлөгдсөн эдэр бүгд яаж тоглохыг мэддэг болсонтой холбоотой. Үүн дээр тулгуурлаад чаддаг хүмүүсийг зөв удирдах дасгалжуулагчийн “хэрэг” нэмэгдэнэ. NBA (мэддэг, чаддаг), And One (мэддэггүй, чаддаг,) үүгээрээ ялгардаг. Монгол дасгалжуулагчийн сэлгээнд байсан хүүхдүүд Пакын сэлгээнд суусан хүүхдүүд эрс ялгаатай. Энэ бол маш том ялгаа. Пак бүх хүнээ ашиглаж, боломж олгож, олон хүний арга барил ашиглаж бүх тамирчид нь зэрэг сайжирдаг бол манай дасгалжуулагчид гарааны тав дээр төдийлөн өөр хүн нэмдэггүй (одооноос өөрчлөлт орж байгаа). Сэргэлэн, Золзаяа гэх мэт хүүхдүүд хэрвээ Пак дээр байгаагүй бол ингэж сайн тоглох байсан гэхэд хэцүү. Жинхэнэ дасгалжуулагчийн нөлөөгөөр сайжирсан тамирчид. Харин манайд бол өөрсдөө нүдэж байгаад сайжрангуут дасгалжуулагч авдаг. Тэгэхээс дасгалжуулагчийн ур ухаанаар сайжирсан тамирчид манайд ховор. Өөрсдөө л нүднэ. Гэтэл хүн болгон өөр. Зарим нь өөрийн бие даасан байдлаараа, зарим нь авьяасаараа, зарим дасгалжуулагчийн зөвөлгөөгөөр, зарим нь асар их хичээл зүтгэлийн дараа нас ахисан үедээ сайжрах гээд олон арга барил шаарддаг. Пак шиг Эрдэнэтэд очоод Эрдэнэбулган гээд хэн ч мэдэхгүй тоглогчийг шууд шигшээ багт тоглуулж чадах зоригтой, ухаантай, хараатай дасгалжуулагч манайд одоогоор алга. Эрдэнэбулган (Эрдэнэтэд ТМС-ын шигшээд ахлах сургуулийн аваргад тоглодог байсан) Донгүкийн  Их сургуультай хийсэн (эхний жилийн О Ки Сок, Ё Бун-Жэ гэх мэт мундагууд нь төгсөөд, хоёр дахь жилдээ ирсэн баг нь) тоглолтонд 4-р үед гарааны тавыг шууд солиход гарч ирээд таван оноо авч байсан залуу. Түүнийг гарч ирэхэд бүгд итгэж ядаж байсан ч шигшээд багт оноо барих шийдвэрлэх оноог авч байсан. Үүнийг л дасгалжуулагч гэдэг байх. Одоо бүр мэнэжэр гэх болсон. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр сагсанбөмбөг тоглож чаддаг хүн удирдахдаа биш сагсанбөмбөгийг чадахаас гадна мэддэг хүн удирдах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөдөр залуудаа тоглож байсан гэх хүмүүс удирдаж байна. Гэхдээ тэд мэдэхгүй байна.

    Монголын олон эмнэлэг, театр, банк бас бус байгууллагын дампуурсан шалтгаан энэ зарчимын үйлчлэл байсан. Сайн эмч байж болно, харин сайн эмнэнэгийн дарга байх албагүй гэдгийг ухаарах ёстой байсан юм.

    Би сагсанбөмбөгийн лигийн үнэнч үзэгч. Ихбаяр (энэ хүнээс их үлгэр жишээ авдаг), Баттөр, Мөнхболд, Сэдбазар, Мэргэний тоглолтыг үзэж тэднийг өөрийн сагсанбөмбөгийн дотоод “баатар” болгож явдаг. Цаашдаа ч үзнэ, шүтнэ, бахдана.