С.Отгонгэрэл: Гиппократ “Олигтой тусалж чадахгүй бол бүү хүр” гэсэн байдаг. Энэ бараг л гэмтлийн эмчид хэлсэн үг шиг...
-Эхлээд өөрийгөө товч танилцуулах уу? Гэмтлийн салбарт 30 гаруй жил ажилласан байх аа?
-1987 оноос ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасагт их эмч, эрхлэгч, захирлаар ажиллах хугацаанд 6800 хүнд яс, үений болон бусад төрлийн мэс засал хийжээ. Мөн гэмтэл согогийн практикт түнх, өвдөгний үеийг хиймэл үеэр солих, үений дуран, тибиа остеотоми, чөмөгт ясны хугарлыг хөнөөл багатай түгжээт хадаасаар хадах зэрэг мэс заслын 40 гаруй аргыг амжилттай нэвтрүүлсэн нь хот, хөдөөгийн эмнэлэг, ГССҮТ-ийн эмчилгээний өдөр тутмын арга болж дээ...
-ДЭМБ-ын тайлан мэдээгээр осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жил бүр дэлхий даяар таван сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна гэж өмнөх нэг ярилцлагадаа хэлсэн байх юм. Манайд ямар байдаг юм бол доо?
Монгол Улсад осол гэмтлийн шалтгаант нас баралт нь 1990 онд хүн амын нас баралтын тавдугаарт бичигдэж байсан бол 2000 оноос гуравдугаарт орж эхэлсэн. Хүйсээр нь ангилбал нийт осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 62.5 хувь нь эрэгтэй, 37.5 хувь нь эмэгтэй байна. Энэ нь осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй гэсэн үг.
Хэдийгээр осол гэмтэлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их өртдөг боловч насны бүлэг, хүйсийн харьцааг харахад нас ахих тусам эмэгтэйчүүд осол гэмтэлд их өртдөг болох нь ажиглагдсан.
Мөн хөдөлмөрийн насны залуучууд осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаагаар алдаж, тахир дутуу болох цаашлаад улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Үүнээс гадна дэлхий дээр жилд 9.2 сая хүүхэд санамсаргүй осол гэмтэлд өртөж, 833 мянган хүүхэд нас барж байна. Харин манай улсад осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын 15.1 хувийг 0-19 насныхан эзэлж байгаа юм. Гэмтэл гэдэг ёстой л хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн зүйл болохоор аль ч улс энэ салбарыг машид анхаарч байдаг. Баян, хоосон, дарга, цэрэг ялгаагүй тохиолддог зүйл л дээ. Гэхдээ улс орны ажилгүйдэл, ядуурал, архидалттай ямагт нягт холбоотой гардаг үзэгдэл юм .
-Гэмтлийн эмч болсон замналаа ярих уу? Тийм ч таатай ажил биш шиг л харагддаг юм.
-Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр сургуулийг 1979 онд төгсөж байх үед дотоодын сургуулийн ирсэн хуваарь нь МУИС-ийн Барилгын цэргийн анги, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Анагаахын дээд сургууль байсан. Ингээд л анагаахад орсон доо. Нэг их олон охидын дунд цөөхөн эрэгтэй байсан. Тэр үед сурч байсан оюутнууд, багш нар “Цэргийн 25” гэдгийг мэддэг юм билээ. Яг дээр хэлсэн зорилтын хүрээнд 25 хүүхдийг цэргээс явуулсанд нь багтсан байсан юм. Тэгээд наймдугаар сарын сүүлээр ирж байгаа цэргийн хүүхдүүд чинь бүгдээрээ үсээ хусуулчихсан залуус . Биднийг оюутан болоод очсон чинь намрын ажилд хоёр сар гаруй хугацаанд явсан. Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйд өвс прессэлдэг, бас үр тарианы агуулахад ажиллаж байлаа. Анагаахын дээд чинь эхний хоёр жил их хэцүү л дээ. Унших зүйл маш ихтэй, тэр үеийн номнууд чинь зузаанаас гадна бүгдээрээ орос хэл дээр. Тэгээд ч тэр үеийн оюутнуудад ЗХУ-ын түүх, БНМАУ-ын түүх гээд л ерөнхий эрдмийн хичээл орсон ч бүгд орос хэл дээр ордог.
Багш нар нь ч үнэхээр мундаг байсан. Бүх хичээлээ орос хэл дээр үздэг байсан болохоор бидний орос хэлний мэдлэг маш сайн болсон гэж боддог юм. Маш хатуу сургууль байсан л даа. Тэгээд 1985 онд төгсөөд, 1987 онд Гэмтлийн эмнэлэгт гэмтлийн эмчийн мэргэжил олгох дамжаанд суралцсан. Тэр үед чинь гурван сар байсан. Одоо бол Гэмтэл согогийн эмчийн мэргэжил эзэмших резидентийн сургалт нь 1.8 жил болсон. Тэр үед гэмтлийн эмнэлэгт ажиллаж байсан Т.Баянхүү, Ц.Дорж, Д.Борхурга бид дөрөв ажлаа хийхийн зэрэгцээ курст сурч байлаа. Тухайн үед манай эмнэлгийн дарга Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт Н.Даш гуай, зөвлөх эмч, АУДС-ийн гэмтэл согогийн тэнхмийн эрхлэгч, Төрийн соёрхолт Г.Дэмид гээд олон сайхан багш, эмч нарын хүчээр маш их зүйл сурч гэмтлийн эмч болох замаа зассан юм даа. Анхнаасаа цэргээс ирсэн ч болоод тэрүү гэмтлийн эмнэлгийн ажил хатуу чанга дэглэмтэй бараг л цэргийн ажил шиг тангарагатаа үнэнч гүйцэтгэсээр л ирлээ дээ.
-За ингээд гэмтлийн эмч болж тэгээд ажлын гараа эхэлсэн юм байна олон сайхан дурсамж байж таарнаа даа?
- Би 1998 онд Японд, 2000, 2002 онд Франц, 2004 онд Солонгос улсад мэргэжил дээшлүүлж, өнөөдрийн гэмтэл согогийн мэс заслын практикт нутагшсан өвдөг, түнхний хиймэл үе, үений дуран, түгжээт хадаас зэрэг мэс заслын 40 гаруй аргыг нэвтрүүлж, ашигтай загварын гэрчилгээ, патент авч байсан юм. Энэ бүхэн нийгэм, эдийн засгийн хувьд төдийгүй хүн ардад хэрэгтэй, чухал ач холбогдолтой зүйл болсон. Гэх мэтчилэн дурьдаад байвал олон зүйл байна. Түүх бол түүх. Хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгүүлж, хийсэн ажлынхаа төлөө магтуулж ч үзсэн. Энэ өвдөг, түнхний хиймэл үе, үений дуран, түгжээт хадаас мэс заслаар гавьяат эмч болсон. Хамгийн гол нь магтсан ч, гүтгэсэн ч хүн хүнээрээ байх гэсэн зарчим баримталдаг болохоор итгэл, сэтгэл, зүтгэл минь хэвээрээ л өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа л үнэнч зүтгэж яваа түмний нэг, эрүүл мэндийн цэрэг юм даа би.
-Манайд бол дайн болж байгаа улс орнууд шиг өдөртөө 10 гаруй хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа алдаж байна гэж мэдээлээд байгаа шүү дээ? Өвлийн улиралд илт өсдөг юм билээ?
-Дэлхий дээр жил бүр 323 мянга, өдөрт 885, цаг тутам 37 хүн зам тээврийн ослоор нас барж байна. Номхон далайн баруун эргийн бүсэд жилдээ 170 гаруй мянган хүн зам тээврийн ослоор нас бардаг. Өөрөөр хэлбэл, 95 секунд тутамд хэн нэгэн зам дээр нас барж байна гэсэн үг. Зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсийн 4/1 нь явган зорчигч, 22 хувь нь л машинаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолджээ. Тиймээс ч жолооч нар 5 км/цагаар хурдаа багасгахад л гэмтэх магадлал 30 хувиар буурах юм. Түүнчлэн ДЭМБ-ын статистик мэдээгээр жилдээ 1.4 сая хүн хүчирхийллийн улмаас нас барж байгаа бөгөөд үүний 56 хувь нь өөрийгөө гэмтээх, 35 хувь нь хүн хоорондоо гэмтээх, найман хувь нь бүлэг хоорондын хэлбэрээр үүсдэг байна. Манайд өвлийн улиралд бүр ч ихэсдэг.
-Гэмтлээсээ болж хөгжлийн бэрхшээлтэй ч болох явдал их гарах уу?
-Осол гэмтлийн үндсэн шалтгааны нэг нь унаж гэмтэх явдал юм. Үүнд, өндрөөс болон шатнаас унах, явганаас гэмтэх зэрэг багтана. Жил бүр ойролцоогоор дэлхийд 37.3 сая хүн унаж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, үүнээс 424 мянга нь нас барж байна. Тэдгээрийн 80 хувь нь бага, дунд орлоготой улс оронд бүртгэгдсэн байгаа юм. Унаж гэмтсэн хүмүүсийн 40 хувь нь нас бардаг бөгөөд нас ахих тусам нас баралтын төвшин ихэсч байна. Мөн тархиндаа гэмтэл авсан хүмүүсийн 35, нуруу нугасны гэмтэл авсан хүмүүсийн 22 хувь нь унаж гэмтсэнээс үүдэлтэй байдаг нь тогтоогдсон.
Харин манай улсад 2016 оны осол гэмтлийн тандалтыг 2015 оныхтой харьцуулахад 18 хувиар буурсан байна. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 78 хувь нь нийслэлд, төвийн болон зүүн бүсэд 10 мянган хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл өндөр байна. Тухайлбал, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн их, Баян-Өлгий, Ховд, Завхан зэрэг аймагт хамгийн бага бүртгэгджээ. Насны бүлгээр авч үзэхэд 25-29 насныхан бусад насны бүлэгтэй харьцуулахад осол гэмтэлд хамгийн их өртөж байна. Осол гэмтэлд өртөгсдийн ихэнх нь буюу 48.5 хувь дунд боловсролтой, 20.2 хувь нь боловсролгүй иргэд байна. Мөн ажил эрхлэлтийн байдлаас нь харахад 28.5 хувь нь ажилгүй иргэд байгаа юм. Үүнээс гадна 0-15 насны хүүхдүүд 25.5 хувийг эзэлж байна.
-Манайд согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэмтэж бэртэх нь их түгээмэл гэх юм. Энэ талаарх судалгаа байдаг уу?
-Архидалт, ядуурал гэмтэл согогын эх гэдэг бол маргашгүй зүйл л дээ. Манайд 86 хувь нь гэмтэж бэртэх үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй, 14 хувь нь архи, дарс хэрэглэсэн үедээ гэмтсэн байна. Мөн нийт осол гэмтэлд өртөгсөд 16:00-20:00 цагийн хооронд их байдаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртөх нь оройн 20:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэлх хугацаанд илүү байна гэсэн судалгаа бол бий. Би насаараа гэмтлийн эмнэлэгт ажилласан хүн шөнө л гэмтлийн ихэнх ирдэг юм шүү дээ.
-ГССҮТ 60 орчим жилийн түүхтэй байгууллага. Харин дээшилж дэвжсэн зүйл хир их билээ дээ ?
-ГССҮТ-ийн түүх бол Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм. 1950, 1960-аад оны үеэс манай улсад элэг, хэвлийн хөндийн мэс заслаар В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош, цээж, зүрх судасны мэс заслаар Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, тархи, мэдрэлийн мэс заслаар Ж.Хайрулла багш нар тухайн чиглэлээр мэс заслын шинэ салбарыг бий болгосонтой зэрэгцэн БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1960 оны арван хоёрдугаар сарын 09-ний 299 тоот тушаалаар “Бэртэгчид ба эрэмдэг бологчдыг эмчлэх газар” буюу Гэмтлийн эмнэлгийг байгуулж байсан түүхтэй. Сайжирсан үе ч бий зарим нэг яамны удирдлага сайдын үед бүр шал дордсон ч бий л байх. Гэхдээ ямар ч тохиолдолд онцгой байдалд байх л ёстой газар юм шүү дээ. Хэзээ ч юу ч тохиолдоход бэлэн байх чадвар, хэрэгтэй тоног төхөөрөмж, эм тариа бэлэн байх тухайд ярьж байна л даа.
-Гэмтэл согогийн тусламж үйлчилгээ, мэргэшсэн боловсон хүчний тухайд хангалттай байдаг юм уу? Гэмтэл гэдэг яг тэр дор нь яаралтай зөв эмчилгээ хийхгүй бол урхаг үлддэг, хожмоо гай ихтэй юм шиг харагддаг?
-Гэмтэл согогийн чиглэлээр дагнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага гэвэл ГССҮТ юм. Харин кабинетын тухайд хот, дүүрэг, аймгийн хэмжээнд нийт 52 кабинет, тасаг нэгж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагад нийтдээ 230 гаруй гэмтэл согогийн эмч ажиллаж байна. Осол гэмтлийн улмаас улсын хэмжээнд 2016 оны байдлаар нийтдээ 27 орчим мянган өвчтөн хэвтэн эмчлүүлж, үүнээс 13 мянга нь мэс заслын тусламж үйлчилгээ авсан байна. ДЭМБ-аас гаргасан өвчний олон улсын ангиллын 10 дахь удаагийн хэвлэлд 13 мянга гаруй төрлийн өвчин, хам шинж, гэмтэл бүртгэгдсэн байдаг. Энэ бол таны сая асуусан урхаг юм шүү дээ. Арван гурван мянга гэдэг аймаар их тоо юм даа. Одоогоор дэлхийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй 6000 гаруй төрлийн эм, 4000 төрлийн эмчилгээ, мэс заслын арга үйлдэл бүгд өөр хоорондоо ялгаатай.
-Мэргэшсэн эмч нарыг бэлтгээд гаргалаа гэхэд хөдөө, орон нутагт очиж ажиллах боломж нөхцөл тааруу болохоор гэмтлээр төгссөн эмч хөдөө явах уу?
-Эмч нар төгсөөд хөдөө, орон нутагт очихоор зарим газар гэмтлийн тасаг байхгүй, мөн тухайн эмч мэс засал хийх гэхээр суурь багаж, материал нь байдаггүй. Тэгээд нөгөө эмч маань удаад ирэхээр мэдсэн сурсан нь хаягдаад эхэлж байгаа юм. Хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагыг шаардлагатай оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, суурь багаж, материалуудаар зайлшгүй хангах ёстой юм. Тухайлбал, ГССҮТ-ийн эмч нар 2004 оноос хойш чөмөгт ясны хугарлыг хөнөөл багатай эмчлэх түгжээт хадаасаар хадах мэс заслын шинэ аргыг нэвтрүүлсэн. Үүнийг хөдөө, орон нутгийн эмнэлгийн практикт нэвтрүүлэх зорилгоор хоёр ч удаа сургалт зохион байгуулсан. Харамсалтай нь, эмч нар маань сургалтад хамрагдчихаад хөдөө очоод мэс заслаа хийх гэхээр багаж хэрэгсэл, материал нь байдаггүй.
Уг нь энэ мэс заслыг хөдөө, орон нутагт хийгээд эхэлбэл хаа холын Ховд, Завханд байгаа хүн дунд чөмөг, шилбээ хугалсан тохиолдолд газар дээр нь тухайн орон нутгийн эмч нь мэс засал хийх нь олон талын ач холбогдолтой. Өвчтөний зардлыг хэмнэнэ, цаашлаад ГССҮТ-ийн ачааллыг бууруулна. Энд өнөөх л төрөөс хөдөө орон нутгийн амьдрах орчинг сайжруулах асуудал яригдахаас өөр арга байхгүй. Баянхонгорт л хоёр сумдад сайхан эмнэлэгтэй халуун хүйтэн устай эмнэлэгтэй сумд баригдаад л зогсох шив дээ...
-ГССҮТ-ийнхөө захирлаар хэдэн жил ажиллаж байсан. Тухайн үед ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэв? Одоо хийчихмээр юм бодогдох юм уу?
-2005 онд ЭМЯ-аас зарласан “Клиникийн эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох төсөл”-ийн уралдаанд тэргүүн байр эзэлж, улмаар ГССҮТ-ийн захирлаар томилогдон ажилласан юм. Дээрх төслийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үе шаттай олон ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, эмнэлгийн материаллаг баазыг сайжруулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэл хийх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, оношлогоо эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, зан харилцаа, ёс зүй, хариуцлага сахилга батыг сайжруулах, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлчлүүлэгчдэд ая тухтай орчин бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Өвдөг түнхний үеийг хиймэл үеэр солих, чөмөгт ясны хугарлыг түгжээт хадаасаар хадах, арьс зөөлөн эдийг сурвалж эдтэй шилжүүлэх, гавлын цөмөрсөн ясыг титан бүрхүүлээр солих, нурууны нугаламын их биеийг титан бортогоор орлуулах гэх мэтчилэн эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлсэн нь өнөөдөр өдөр тутмын эмчилгээнд ашиглагдаж байна.
Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Канад, БНСУ, Франц, Швейцарь зэрэг орны эмч, мэргэжилтнүүдтэй хамтран гэмтэл согогийн сүүлийн үеийн эмчилгээний арга технологийн сургалт, дадлага зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Мөн ӨМӨЗО-ны Хөх хот, БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ багаар нь сургалтад хамруулсан нь мэдлэг, ур чадварыг нь сайжруулахад томоохон түлхэц болсон.
Үүнээс гадна олныг хамарсан гамшиг ослын үед багаар ажиллах менежментийг нэвтрүүлсэн. Тухайлбал, 2007 онд Ми-8 нисдэг тэрэгний осол, мөн оны арван хоёрдугаар сард автобусны томоохон осол, сүйрэл, 2008 оны долдугаар сарын 01-ний олныг хамарсан үймээн гээд иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлэх, олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах зайлшгүй ажиллагаанууд гардаг. Энэ болгонд бид цаг хугацаа алдалгүй эмнэлгийн яаралтай тусламжийг зөв зохион байгуулах учиртай.
Тиймдээ ч манай эмч, мэргэжилтнүүд олон хүний амийг аварч байсан. Өнөөдөр ч гэсэн олон хүний амийг аварч байна.
Гэмтлийн эмнэлэг бол шууд л хүний амь настай тулдаг газар. Нэг хормыг хайхрамжгүй хандахад л хүний амь нас яригддаг маш хэцүү бараг хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой онцгой газар юм шүү дээ.
-Одоо хийж хэрэгжүүлчихмээр юм юу байна?
-2017 оны арван хоёрдугаар сард Токио хотноо ДЭМБ, Дэлхийн банк хамтарсан илтгэлд дэлхийн хүн амын тэн хагас нь эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хангалттай авч чадахгүй, жил бүр олон гэр бүл, хүмүүс эдийн засгийн хувьд ядууралд хүрч байгааг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 800 орчим сая хүн гэр бүлийн орлогынхоо 10 хүртэлх хувийг өөртөө болон гэр бүлийн гишүүд, хүүхдийнхээ эрүүл мэндийн зардалд зарцуулж, 100 сая орчим хүн эрүүл мэндийн зардал нь нэг долларт ч хүрэхгүй байна.
Манай улсын хэмжээнд ч гэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардал орон нутгаас хамааран харилцан адилгүй байгаа юм. 2014 оноос ЭМЯ, ХНХЯ, Сангийн яам хамтран Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний журам гарган, зохицуулалт хийсэн нь хүмүүсийг эмчилгээ, оношлогооны төлбөрөөс хамааран санхүүгийн хямралд өртөхийг нь багасгасан сайн талтай. Гэсэн ч хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тухайлбал, яаралтай болон алсын түргэн тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай байна. Мөн ихэнх аймаг компьютерт томографи аппараттай болсон боловч зарим аймагт дутагдалтай хэвээр байна. Тухайлбал, Дундговь, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод, Архангай зэрэг аймагт компьютерт томографи аппарат байхгүй учраас өвчтөнийг оношлох, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн өвчтөний клиник шинж, рентген зургийг үндэслэж мэс засал хийж байна.
Сүүлийн үед телемедицин ашиглаж байгаа ч багаж хэрэгсэл, материал байхгүй тул хүндрэлтэй. Хөдөө, орон нутагт мэс заслын багаж дутагдалтай байдгаас өөр багажаар орлуулах тохиолдол ч гардаг. Үүнээс гадна мэс заслын өрөөнд зориулалтын гэрэлтүүлэг байхгүй, ширээний гэрэл, гар чийдэн зэргийг ашиглан мэс засал хийх, мэс заслын ширээ байхгүй тохиолдолд төрөхийн ор эсвэл ахуйн хэрэглээний ширээн дээр мэс засал хийх, ариутгал гар угаах зориулалтын угаалтуур байхгүй, мэс заслын өмнө шинжилгээ хийгдээгүй гэх зэрэг асуудал байнга тохиолддог. Энэ бол байж болохгүй асуудал.
Хөдөө гэмтэх гэдэг маш их үр дагавар чирдэг асуудал хэвээрээ л байна даа...
-“Хөдөөгийн эмнэлэг хөгжил сан” гэдэг ТББ гэж таны санаачлалаар ажил эхлүүлж байгаа гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хөдөө, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас бид “Хөдөөгийн эмнэлэг хөгжил сан” гэдэг ТББ байгуулж байгаа. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь хөдөө, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, хөдөөнөөс хот руу ирэх өвчтөний урсгалыг багасгах, төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, өвчин эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх, хүндрэл эрсдэлээс сэргийлэхэд оршиж байгаа юм. Хөдөө оршин суугчидтай нь харьцуулбал хотоос дутахгүй их гэмтэл гарсаар байна.
-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн баримталж буй бодлого, яаралтай хэрэгжүүлэх таван ажлыг та юу гэж харж байна вэ?
-Эрүүл мэндийн сайд яаралтай хэрэгжүүлэх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх ажил, эмч, ажилтнуудад ээлтэй менежмент зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ЭМЯ, бусад эмнэлгийн байгууллагуудтай илүү нягт, уялдаатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд тухайн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн байгууллагын чадавхийг сайжруулах, хөрш орнуудын эрүүл мэндийн салбарын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, залуу боловсон хүчин, эмч, мэргэжилтний мэдлэг боловсрол, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай юм. Манай улс мөнхийн хөрш болсон ОХУ, БНХАУ-тай олон талт хамтын ажиллагаатай байдаг. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт илүү түлхүү хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой.
ГССҮТ-ийн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад, хамт олны олон жилийн нөр их хөдөлмөрийг Монголын төр, ард түмэн үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны арван хоёрдугаар сарын 28-нд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” шагнасанд талархаж байна.
Бид цаашдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн зоны эрүүл мэндийн төлөө сэтгэл, итгэлээ зориулан нэгэн зорилго дор хамтдаа зүтгэх болно. Ер нь хараад байхад сэтгүүлч зүгийн хүмүүс эрүүл мэндийн яамыг толгойлж байхад их ажил их урагшилсан байдаг юм билээ. Т.Ганди, С.Ламбаа гуай сайд байх үед хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийгдэж байсан эмч нар ч ам сайтай байдаг. Нийгмийн чиг хандлагатай мэргэжил болоод тэгдэг байх. Одоо ч бас сэтгүүлч байсан хүн сайд болсон байна даа. Донорыг хууль сая батлагдлаа гэх мэт...
Эмнэлэгт хамгийн чухал зүйл бол орлого бус, нэр хүнд ч биш, хамгийн гол нь өвчтөний эрүүл мэнд юм шүү дээ.
Нэгэнтээ Гиппократ “Ne noceas, si jovare non potens” буюу “Олигтой тусалж чадахгүй бол бүү хүр” хэмээн хэлсэн байдаг. Үүнийг л санаж явах учиртай юм, бид. Энэ бол гэмтлийн эмчид их хамааралтай үг шиг санагддаг. Гэмтсэн үед буруу, дутуу эмчилбэл түүнээс ч илүү хор хөнөөл өвчтөнд учрах болохоор гар хүрвэл хүрсэн шиг хүрэх хэрэгтэй болдог.
Цаашид гэмтэл согогийн салбарт оношлогоо, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх, эрдэм судлал, сургалтын цогц менежмент нэвтрүүлж, хүний хүчин зүйлийг тасралтгүй хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Гэмтлийн эмнэлэг гэдэг туршлага дээрээ л суурилдаг салбар шүү дээ. Бидэнд арвин их туршлага бий.