Г.ОТГОНБАЯР

Ард түмэн амлалтаа нэхэж эхэллээ. Амласан нь улстөрийн намууд, авах гэж саналаа өгсөн нь ард түмэн. Амласан л бол өгөх ёстой. Түүнээс бус, 1.5 сая төгрөг амлабал саналаа өгнө гэж ард түмэн  гуйгаагүй. Сонгуульд ялахын тулд намуудын  босгосон овоон дээр хэсэг нөхөд шаазгай болоод суучихлаа. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн нэртэй тэдний ард экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байна уу, М.Энхсайхан байна уу хамаагүй. Далд зорилго нь улстөрийн, сонирхол нь эдийн засгийн агуулгатай  байна уу, үгүй юү гэдэг ч чухал биш. Хамгийн чухал нь тэд шударга ёсны шаардлага тавьж буй. Урд өмнөх сонгуулиудад амлуулж хууртдаг байсан ард түмэн үргэлжид  “юу ч бичиж болдог цагаан цаас” байдаггүйг эрх баригчдад мэдрүүлэх нь  уг хөдөлгөөнөөс ирэх дөрөвдүгээр сарын 5-нд зохион байгуулах цуглааны хамгийн том ололт болох  юм. Харин тэдний шаардсанаар УИХ тарж, эсвэл цуглааны маргаашаас л 1.5 сая төгрөгөө тараагаад эхэлнэ гэдэгт найдах нь үлгэрт итгэж өссөн бага насандаа эргэж очсонтой адил болох биз ээ.  Уржигдар  хуралдсан намын бүлгүүдээс 1.5 сая төгрөгийг өгөх эх үүсвэр олохыг  Засгийн газарт үүрэг болгож байгаа нь ч  улстөрийн шоу. Амлалтаа нэхсэн ард түмэн жагсч цуглана гэхээр тэдний  бухимдлыг зөөлрүүлэх л гэж нэг нь үүрэг өгч, нөгөө нь судалж цаг хугацаа хожих  гэж байгаа нь тэр. Хамгийн гол нь тараагаад өгчих мөнгө төрд байхгүй.  1.5 сая байтугай, Оюутолгойн гэрээг баталсныхаа төлөө “Айвенхоу майнз”-аас авсан зээлээр тавьж байгаа 70 мянган төгрөгөө ч бүрэн тарааж чадахгүй байгаа. Тэгэхээр амлалтаа нэхэх нь зөв ч, түүнийгээ өнөө маргаашгүй авчих юмшиг хэт улстөржих нь монголчуудад л ашиггүй. Өгөхгүйг нь, өгөх мөнгөгүй нь мэдсээр байж, жагсаад л авчих юмшиг хэт итгэн хаваржин улстөржвөл улстөрд тогтворгүй байдал, эдийн засагт хямрал л авчирна. Эцсийн дүндээ улстөрийн тогтворгүй байдлын, эдийн засгийн  хямралын хохирогч ард түмэн болж хоцордог билээ. Үүний бодит жишээ нь долдугаар сарын 1-ний үйл явдал билээ.

Аливаа жагсаалыг дотроос нь зориудаар хүчирхийлэл болгож ашигтайгаар эргүүлдэг “эрх баригчдын  тусгай  технологи”-ийн тухай  бичсэн ном товхимол бий. Гадааадад, ардчилал өндөр хөгжөөгүй улс орнуудад хэрэглэдэг энэ аргыг манайд долдугаар сарын 1-нд туршсан гэх зарим улстөрч, иргэний  хөдөлгөөний зүтгэлтнүүдийн дүгнэлт байдаг ч, одоогоор баталсан нь үгүй. Гэхдээ л долдугаар сарын 1-ний үйл явдлаас улстөрийн намууд, улстөрчид хожиж ард түмэн хохирсон нь үнэн юмдаг. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн бухимдлаа хаяг андууран байшин барилгад гаргаж, сайн дурын цуглаан эцэстээ хүчирхийлэл болсон нь ч үнэн билээ. Долдугаар сарын 1-ний хожил, хожигдлын  тухай цөөхөн баримтыг эргэн сануулъя.

Ард түмэн дундаасаа таван халуун амиа алдаж, олон залуус эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл улстөрийн намууд энэ үйл явдлын далбаан дор   засагт хамтарч, улстөрчид эрх мэдлээ хуваасан.  

Ард түмний сонгосон сөрөг хүчин олонхидоо худалдагдсан учраас парламент хяналтгүй болсон.

Сөрөг хүчингүй учраас УИХ-ын гишүүд найзан дундаа тойргийн нэрээр гишүүн бүрт нэг тэрбум төгрөг хуваарилсан. Хууль санаачилсных нь төлөө 35 сая төгрөг өгөхөөр болсон.  Өөрсдөдөөд төсвөөс тэрбум, саяар нь хуваарилсан хэрнээ  ард түмэндээ гадаадын зээлээс 70  мянган төгрөг л тарааж байгаа.

Хянах, хариуцлага нэхэх сөрөг хүчингүй учраас хоёр нам хамтаараа 1.5 сая төгрөгийн амлалтаасаа далдуур татгалзаж явна. Тэгсэн атлаа өөрсдийнхөө төсвөөс авдаг хангамжаа ил  зарлав. Жишээ нь, парламентад байгаа суудлынхаа тоогоор намууд төсвөөс мөнгө авдаг. АН гэхэд өнгөрсөн жил суудлын мөнгө гэж төсвөөс дөрвөн тэрбум төгрөг авсан тухай тус намын ҮЗХ-ны гишүүн Р.Бурмаа ярилцлага өгсөн байна лээ. АН-ын 27 суудалд дөрвөн тэрбум төгрөг ногдож байгаа юм чинь 46 суудалтай МАХН-д үүнээс даруй 1.5 дахин их мөнгө ногдох байх. Үүнээс гадна АН 20, МАХН 12 давхар шинэ байшин барихаар ажлаа эхлүүлээд байна.

Хяналт тавь гэж сонгогчдын сонгосон АН олонхийн суганд хавчуулагдсан учраас сөрөг хүчний үүргийг гудамжнаас ард түмэн, иргэний хөдөлгөөнүүд гүйцэтгэх болов. Улстөрийн  эрх мэдэл, эдийн засгийн эрх ашгийн төлөө иргэний нийгмийг ашиглаж байсан хүмүүс эргээд Иргэний хөдөлгөөний нэрээр гарч ирж олон түмний дургүйцлийг төрүүлж байна.    

Тайван жагсаалыг зорилгыг өөр зүгт эргүүлэх “хөндлөнгийн өдөөн хатгагчид”ын технологи гэж бас бий. Энэ технологийн гол зорилго нь  жагсагчдын бухимдлыг өөр зүгт эргүүлэхэд байдаг гэнэ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний жагсагчид гэнэт байшин барилга шатааж эхэлсэн нь сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаалын  анхны зорилгыг өдөөн хатгагчдын технологиор өөр зүгт эргүүлж хүчирхийлэл болгосон гэж зарим хүн хэлдэг.  Хүчирхийлэлд шилжсэн, хаяг андуурсан бухимдал хоёр ямарч том зорилготой жагсаалыг агуулыг алдуулж, жинхэнэ хаос үүсгэдэг байна. Ард түмэн бол агуу, бас хүчирхэг. Гэхдээ энэхүү хүч тооны олон цөөнөөр бус, эв нэгдлээр л илэрхийлэгддэг ажээ. Хэчнээн олон мянган хүн, хэчнээн зөв юмны төлөө жагссан ч, тэр нь хүчэрхийлэл болбол уг тэмцлийн агуулга алдарч, нийгэмд хаос болж муу нэртэй үлддэг тухай  судлаачдын бичсэн нь бий. Жишээ нь  долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгуулийн луйврыг эсэргүүцсэн шударга тэмцэл  байсан гэж олон хүн хэлдэг. Эцэстээ хүчэрхийлэл болсон учраас энэ үйл явдлыг өнөөдөр “хар өдөр”, “долдугаар сарын 1-ний үймээн” гэх зэргээр дандаар сөргөөр, сайны бус, саарын жишээнд оруулж ярьж бичдэг.

 Тэгэхээр дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаал ард түмнийх ч улстөрчдөд, улстөрийн намуудад ашигтайгаар эргэж болзошгүйг сануулахад илүүдэхгүй. Гол нь долдугаар сарын 1-ний үйл явдлыг дөрөвдүгээр сарын 5-нд давтаж болохгүй. Амлалтаа нэхэх нь зөв ч , жагсаад л авчихна гэж горьдох хэрэггүй юм.