Богд, Далай лам, хамба
1904 оны өвөл Далай лам Хүрээнд заларч иржээ. Баруун зуугаас гарахдаа Оросын цагаан хааныд очно гэж гарсан гэлцдэг байжээ. Гэвч тэр өөр “хааныд” очсон юм.
Монгол Үндэстэн төр улсаа сэргээн тунхагласны 99 жилийн ойд
Петр Бадмаев
1904 оны өвөл Далай лам Хүрээнд заларч иржээ. Баруун зуугаас гарахдаа Оросын цагаан хааныд очно гэж гарсан гэлцдэг байжээ. Гэвч тэр өөр “хааныд” очсон юм.
Цагаан хааны ордонд III Александр хааны загалмайлсан, Оросын хаадын угсааныханд удамшсан цусны өвчнийг тогтоогч, “Төвд” эмч гэгддэг Петр Александрович Бадмаеваар \Жамсран\ дамжин буриадууд сүрхий нөлөөтэй болоод байжээ. Буриадын Агваан лхарамба Питербург хотноо бурханы шашны сүмийг байгуулж дуусаад Лхасад очсон байна. Лхасад очоод хоёр жил болсны дараа Агваан лхарамба Далай ламын цанид хамбын нэг болсон ажээ. Оросоос ахиухан авч очсон санжайг-үсүг хэмээх хоргойд Төвдүүд их дуртай тул тэр нь хэргээ гүйцээсэн гэлцэх нь бий.
Анх Петр Бадмаев III Александр хаанд захидал бичиж, Оросын хааны нөлөөн дор Дорнод Азид нүүдэлчдийн эзэнт гүрэн байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж байжээ. Уг захидалд захидалд дурдсанаар Оросууд Транссибирийн төмөр замыг салаалж, Монголоор дайруулан Ланжоу хүртэл төмөр зам тавих ба замыг хамгаалахын тулд нутгийн иргэдээс бүрдсэн 40 түмэн морьт цэрэг бүхий арми байгуулах, энэ хүчээр Хятадаас Монгол, Төвд, Шинжааныг тусгаарлан Дорнод Азийн гүрэн байгуулах, Хотан, Яркенд, Уйгур үүнд багтах ёстой болжээ. Орос бол дорнын гүрэн болох ёстой. III Александрын үест Орос энэ бүс нутгийг ихээхэн сонирхох болсон ба Англи-Оросын Төв Азид нөлөөллийн хүрээгээ тогтоох энэ геополитикийн тоглолтыг “Big game” буюу “Их өрөг” гэж түүхэнд бичиж үлдээжээ. Англичууд Энэтхэгээс хойш алхаж, Оросууд урагш алхаж Афганистан, Төвдөд тулжээ.
Цуда Санцо
Гэтэл гайт агшин тохиов. Энэ тухай Оросын тайж Э.Э.Ухтомскийн “Хааны угсаа залгамжлагч Дорнод этгээдэд аялсан нь, 1890-1891” хэмээх аяллын тэмдэглэл номондоо үлдээжээ. Их тайж Орос орон болон гадаад орноор ийнхүү аялсан нь ирээдүйн хааныг боловсруулах зорилготой байжээ. Э.Ухтомский бараа бологсодын нэг нь болж, аяллын тэмдэглэлийг хөтөлж олонд хүргэх үүрэгтэй явсан ба түүний бичсэнээр Японы эртний Оцу хотын гудамжаар сүйх тэргээр зугаалж явсан Их тайж Николай Александровичид Цуда Санцо хэмээх самурай халдаж, самурайн сэлэм хааны толгойн гадна ч, “дотно” ч насан туршийн “сорви” үлджээ. Энэ сорви Орос-Японы харилцаанд одоо болтол хэвээр байна.
Ханхүүг сэлэмдсэн самурайг баривчилж, Японы хаан Микидо уучлал эрж, Кобэ хотын боомт руу руу гурван хөлөг онгоц дүүрэн бэлэг явуулсан байна. Гэвч Николай хаан тэр явдлыг мартахгүй зуусан бөгөөд, Орос улсад “жижигхэн бөгөөд ялалт авчрах дайн” яаралтай хэрэг болоход Японыг сонгосноор бүх зүйл Монголоос урагшаа бус дорно зүгт эргэчихжээ. Өөрөөр хэлбэл Оросын засгийн бодлого Англичуудтай бус Япончуудтай илүү төвөгтэй харилцаанд орчихов. Ийнхүү Орос бүр ч дорножив. Гэхдээ шашингүйгээр. Ламаизмыг эрхэндээ авахгүйгээр дорныг эзэмшихгүй гэж буриадууд хэлээд байсан хэр нь тэр ламаизмгүйгээр наран мандах зүгийг эзэмшихийг хүсчээ. Сүүлчийн хоёр цагаан хааны дорнын бодлогын ялгаа энэ.
II Николай Орос гадаадын гүрнүүдийн интервенцид туйлдсан Чин гүрэнд мөнгө, зэвсгээр туслаж, хариуд нь Амар мөрний сав дагуу 400 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг, Казахстаны Балхаш нуураас зүүн тийш 1,2 сая хавтгай дөрвөлжин киломерт нутгийг авчээ. Мөн Манжуур дахь төмөр замын онцгой эрхийг авч чадсан байна. Энэ нутаг хэмжээгээрээ Монгол, Төвд, Шинжаанаас хамаагүй бага. Гэвч Оросууд 1,5 км.кв нутгийг авчихсанд гомдож явдгаа бүр 1989 оны Бээжингийн уулзалтын үеэр Дэн Сяопин М.С.Горбачёвт хэлж байв. Харин сүүлийн үед Хятадын үндсэрхэг үзэлтнүүд энэ бол Монгол гэж ойлгуулахыг оролдож “Дэн Сяопиний үхэшгүй гэрээслэл” энэ тэр гэж сүржигнэж байна билээ. Самурайн сэлэмний ачаар Хятадаас баруун мужийн жижиг үндэстнүүдийг тусгаарлах Ланжоу чиглэлийн төмөр зам Хятадаас Японыг тусгаарлах Манжуурын төмөр зам болон хувирав. Оросын анхаарлын төвд Төвд биш Монгол ороод иржээ. Англитай Төвдөөр наймаалцах ёстой бол Японтай Монголоор л наймаалцана.
II Николай хаан Японыг хашраахаар стратегийн хувьд төмөр замаа улам бүр дорно зүгт сунгажээ. Харин хэзээ хойно XX зууны хоёрдугаар хагаст л төмөр зам урагш эргэж, Улаанбаатарт хүрсэн. Агваан хамбын хувьд Японтай дайтахаар бэлтгэж байсан Оросын нэг гарыг суллаж, Английн эрхэнд орсон Төвдөөс Далай ламыг нь оргуулан авчрах даалгавартай байж магадгүй байна. Оросын хаан бурхны шашныг зөв үнэлж байжээ. Далай ламгүй Төвд бол Төвд биш. Хэрэв Английн колоничлолыг ард түмнийхээ оюун санааны эцэг Далай лам эсэргүүцэж байгаа л бол Төвд Английнх биш гэсэн үг. Энэ туршлага ХХ зууны дундуур Төвдөд бас давтагдсан бөгөөд Хятадын эрхшээлд орсон XIV Далай лам дүрвэн гарсан билээ. Гэвч II Николай 1905 онд Цусимын хоолойд Японд ялагдав.
Хүрлэг бэйс
Буриадын буддистууд тун шаргуу байсны илрэл нь Агваан лхарамын зоримог төлөвлөгөө байжээ. Агваан лхамбын зорилгыг мэдсэн Төвдүүд түүнийг Далай ламтай уулзуулахгүй таслажээ. Гэвч тэрээр ном хаялцан, алга ташингуут \ингэж алганы судсыг цочроовол мартсан номоо санадаг гэж үздэг байжээ\ дэвсгэр доогуур нь бичиг хийж харилцаж байжээ. Далай лам таван дагуул, Агваан лхарамбын хамт хэдэн луус, баахан алт аваад шөнө дөлөөр Лхасаас оргожээ.
Зугтах өөр чухал шалтгаан бол Английн цэрэг Төвдөд орж ирсэн байна. Нойр хоолгүй, гурван өдөр гурван шөнө зугтан явахад зам зуурт хүн нэмж, хөсөг олширч байсан гэнэ. Далай лам явсаар дээд Монголын Хүрлэг бэйсийнд ирэхэд сайхан залж авчээ. Хүрлэг бэйс Далай ламаас хаашаа морилж байгааг асуухад “Агваан хамба мэднэ” гэжээ. Агваан хамбаас асуухад “Пийлин цэрэг орж ирэхээр Далай лам Цагаан хааныд заларна гэсэн. Тэгээд би нааш аваад гарсан нь үнэн” гэж өчжээ.
Хүрлэг бэйс “Далай лам хаана хүрэх нь чиний мэддэг хэрэг биш, хүрэх газарт нь би хүргэж өгнө, харин чи мөрөөрөө дагаж явахгүй бол чамайг зохих газарт барьж хүргүүлнэ” гэсэнд Агваан “Аа би яахав, танай хэлсэн ёсоор Далай ламыг дагаж явъя” гэсэн гэдэг. Уг нь эндээс хойш эргэвэл Оросыг зүглэх, дорно зүг эргэвэл Хүрээнд очих байжээ. Замд нь Кунлуний нуруу хаадаг тул гарцаагүй Төвдийн өндөрлөгөөс Амдогаар дамжин Хөх нуурт буугаад тэндээсээ хойш эргэж Алтайг өвөрлөн Алшаагаас Тарвагатай өнгөртөл торгуудаар дамжиж, Казахаар дайрч Оросод гарах төлөвлөгөөтэй байсан бололтой. Хэрэв баруугаар явбал Хотан Яркендаар дайрч хоёр цөл гатлах ба лалынхны нутгаар явах туйлын аюултай. Хожим энэ баруун замаар Орос-Зөвлөлтийн экспедицүүд орж сүйрч байсныг үзвэл их аюултай зам байжээ.
Хүрлэг бэйс Агваан хамбаас асуусны дараа Далай ламд бараалхаж хааш явах бодолтойг асуухад “Уг нь би Цагаан хааныд очих гэж гарсан, одоо хаана ч очсон яахав” гэсэн тул “Жавзандамбын \Богдын\ хүрээнд залруулъя, би дагаж явна” гэжээ. Хүрлэг бэйс Хүрээнд ирээд Далай ламаас салаагүй байна. Тэрээр мордохдоо Бээжинд буухиа бичиг илгээсэн байна. Ийнхүү XIII Далай лам Түвдэнжамц Орос руу оргосон ч Оросын хаантай уулзаж чадсангүй, аргагүй Монголд иржээ.
Төвдүүд цэргээ боломжоороо зэвсэглэсэн авч тэр хуучирсан буунууд Английн армид хохирол учруулахааргүй байжээ. Төдүүдийн дунд “Англичууд бидэнд өөрийн биед хор хүргэхгүй болгон шүншиглэсэн зэвсэг өгсөн” гэсэн цуурхал дэгджээ. Манж Чин гүрэн Төвдийн Англиас хамгаалах чадваргүйгээ харуулж, туслаж чадсангүй. Хар тамхины хоёр дайнд Манж ялагдаж, дотоодын бослогод идэгдэн суларч байгааг Төвд, Монгол хоёр мэдэж байв. Монгол түрүүлж, 1895 онд шанзав Бадамдорж тэргүүтэй төлөөлөгчдийг Оросод илгээж, Орос тусгаар тогтнох үйл хэрэгт нь туслах эсэхийг тандаж эхэлжээ. Төвдийн тусгаар тогтнолын баталгаа нь хэдэн мянган жилийн турш Монголчууд байсан бүр Митаны бослогын үед Хүн гүрэн Төвдийн харилцан ажиллагаа Хан гүрнийг баруун этгээдэд нэвтрэхээс халхалж байсан. Гэвч Монгол адилхан суларсан байв.
Тиймээс Төвдүүд Оросыг түшихээс татгалзсангүй. Хэрэв Далай лам Агваан хамбын үгэнд орж оргохын оронд Английн хүчээр Хятадаас салахыг оролдсон бол түүх яаж эргэх байсан бол? гэдэг сонин асуулт.
Буриадууд ч Монгол тусгаарлавал хэзээ ч гүрний төв болохгүйгээ мэдэж байсан тул Төвдийг идэвхтэй дэмжиж, Монголоос Төвд хүртэлх Дорнод Азийн аугаа их гүрэн байгуулагдвал л нөлөөтөй байж чадна гэж үзэж байсан бололтой. Буриад лам нар шашны хэлхээ холбоог өндөр үнэлж байжээ. ХХ зууны эхээр энэ өргөн уудам нутаг чухамхүү буцалж байв. Тухайн үед Дорнын аугаа эзэнт гүрэн байгуулах энэ санаа бүхнийг эзэмдэж байжээ. Барон Унгернээс эхлээд бүр Н.Рерихийг хүртэл.
XIII Далай лам Монголд
Далай лам өвлийн тэргүүн \зул\ сарын хоринд Хүрээнд ирэв. Тэрээр ганданд тав, наймдугаар Богдын суварга байсан хашаанд байрлажээ. Далай лам ирмэгцээ Жавзандамба хутагттай зөрчилдөж эхэлжээ. Богд Ханчин сойвон, Шүхэрч хаалгач нарыг явуулан угтуулсанд хайхарсангүй ажээ. Ханчин сойвон Богдын дэргэд Түвдээс албаар ирж суусан хүн байжээ. Тэр Далай ламд очоод Богдтой дахиж уулзаагүй хамт явсан гэдэг. Далай ламд: “Богд таныг тоохгүй байна, тоссонгүй” гэж хов хутгаснаас ингэсэн гэж ярилцдаг байжээ.
Богд хэлэхдээ: “Би бол Жазвандамба гэж Монголд Түвдээс албан ёсоор залагдаж суугаа лам. Далай лам их боловч зугатаж миний албаны газраа амь хорогдож ирсэн хүн болно. Тэгэхээр Далай лам надад амгалангийн хадаг илгээж болох байсан” гэдэг. Харин Далай лам “Би шажны хаан хүн, Жавзандамба надад амгалангийн хадаг бариулахад болох юм” гэж байсан гэдэг. Богд: “Би донир сойвонгоо явуулж угтуулахад тэднийг хэрэгшээсэнгүй” гэдэг, Далай лам: “Жавзандамба өөрөө тосож ирэхгүй яасан юм” гэдэг байжээ. Хүрээний энгийн олон “Далай лам уригдаж ирээгүй тул Богд тосоогүй нь зөв” гэж ярилцдаг байжээ. Далай ламын дэргэд Манжийн хааны тусгай амбан далай ламын амбан гэгч ирээд салахгүй дагадаг болжээ. “Далай лам, Богд хоёр уулзаж байна уу, үгүй юу?, Далай лам яах гэж ирэв?, юу гэж хэл авалцаж байна?” гэдгийг мэдэх даалгавартай тусгай хүмүүсийг өдрийн 10 лангийн хөлсөөр ажиллуулж байжээ. Манж нар Далай лам, Жавзандамба хоёр хуйвалдаж Манжид тэрслэх мадагүй гэж болгоомжижлж байсан нь лавтай.
Далай лам, Богд хоёр “албан ёсоор” уулзаагүй гэдэг боловч лав хоёр удаа уулзсан гэдэг. Нэг удаад шөнө 12 цагийн орчимд очоод үүр болтол одоогийн Удирдлагын академийн дэргэд шилэн тугдамд нэг уулзсан гэдэг. Далай ламыг явснаас хэзээ хойно буюу хаан ширээнд суухынхаа өмнөхөн Богд Тасганы овооны урд дэнж дээр Хүрээний Бизъяагийн аймгийн цоржоор лүйжин тавиулж, Гомбо тахиулсан нь бас нэг уулзсан газар нь байжээ. Далай лам Богдтой шилэн тугдамд уулзсаныхаа дараа “Жавзандамбын Пэрэнлэй бас их байна. Би их сүрдлээ” гэж хэлж байсан гэдэг.
Далай ламыг Хүрээнд байхад Ханд вангийн багш Дандар аграмба гэж их эрдэмтэй лам ирж нутагтаа залрахыг урьжээ. Далай лам Ханд вангийнд өвөлжөөд, хойтон хавар нь Заяын Хүрээнд зусаад намар нь Бээжинд заларчээ. Буриадын Агваан хамба Ханд вангийнх руу яваагүй, үлдэж, Орост буцсан ажээ. Агваан хамбын явуулга биелсэн бол Орос дорно дахинд хоёр тоглогчтой болох байв. Тэр нь Богд, Далай лам хоёр. Ингэсэн тохиолдолд Агваан хамбын дэмжлэгээр Далай лам давуу талыг олж болох байсан талтай. Гэвч энэ нь бас таслагджээ.
Нууцын нууцууд
Монголын тусгаар тогтнолын түүхийн геополитикийн орчинд ихээхэн нөлөөтэй энэ аяллын талаар бичихэд голдуу үйл явцын өрнөлийг дараалуулахаас аргагүй байна. Агваан хамба Оросын Засгийн газрын нууц даалгавраар ирсэн, учир нь тэр Буриадаас биш Петербургээс ирсэн, Далай лам Баруун зуугаас нууцаар зугтсан, Хүрээн дэх уулзалтууд нууц болсон. Ямар ч баримт, протокол байхгүй, гагцхүү бүх үр дүн нь дараа дараагийн үйл явцын үр дүнд л илэрнэ. Гагцхүү тэр илрэл нь яг хэзээ гарах нь тодорхойгүй.
Дээрээс нь үйл явцын гэрчлэх цорын ганц зүйл нь үйл явц болж байхад гарсан аман яриа, цуу үг, дурсамж яриа, ам дамжсан таамаг. Богд, Далай ламын уулзалтыг гэрчлэх цорын ганц үг нь “Жавзандамбын пэрэнлэй бас их байна, би сүрдлээ”. Пэрэнлэй гэдэг нь Төвдөөр “их үйлс” хэрэг үг. Ямар боловч Далай лам сүрджээ. Харин тэр “Жавзандамбын пэрэнлэйн” талаар Манж нар юу ч мэдэж чадаагүй бололтой байна. Учир нь 1911 оныг хүртэл энэ асуудлаар Манжийн Засгийн газар Богдыг шахамдуулж байсан баримт байхгүй. Тэгэхээр Далай лам, Богд хоёрын “муудалцсан нь” улстөрийн жүжиг бололтой. Богд жүжгээ Манжаас салтлаа үргэлжлүүлсэн байна. Тиймээс Далай лам Манжийн Засгийн газарт Орос руу зугтсанаа Англиас зугтсан гэж тайлбарласан, ингэснээр тэр Манжид тал олж байна, мөн түүнийг Бээжин очоод долоо хоносны дараа Цү Ши хатан таалал төгссөн нь их тус болсон байна.
Хожим Оросын дипломатууд, аялагчид, түшмэлүүд цэргийнхэн Богд хааныг амилсан Будда гэж нэрлэдэг байсан бөгөөд Далай ламаас өндөрт үздэг болсон байв. Ямар боловч 1904-1906 онд Монголд ирсэн Далай ламын нууц айлчлал нь Буриад, Монгол, Төвдийн шашны тэргүүдийн битүүхэн өрсөлдөөнийг илчилдэг бөгөөд энэ өрсөлдөөнөөс VIII Богд Жавзандамба хутагт, хожмын Богд хаант Монгол Улсын хаан ялагч болон нэр төрөө өргөж чаджээ. Тэгээд түүний их пэрэнлэй биелж, Монгол улс тусгаар тогтносон юм.
зочин
сайн ойлго
Зочин
ter baitugai
tur
Зочин
Зочин
ard
Зочин
Зочин
Lovon
эр хн
Зочин
Uran setgemj-Uyangiin xalil
Boldoo
Зочин
Зочин
Зочин
pkxny
Зочин
Hahahaha llriin buriad
ард