Гаднынхныг шүтэх үү, үндэсний капиталистуудаа дэмжих үү
Америкийн “Нью-Йорк таймс” сэтгүүлийн шилдгийн шилдгээр шалгарсан нэгэн номыг А.Ганбаатар, Х.Болорболд нар бараг зэрэг орчуулжээ
Америкийн “Нью-Йорк таймс” сэтгүүлийн шилдгийн шилдгээр шалгарсан нэгэн номыг А.Ганбаатар, Х.Болорболд нар бараг зэрэг орчуулжээ. Нэг ном ч, “Хитмэний өчил”, “Эдийн засгийн алуурчны наминчлал” гэж хоёр нэрээр монгол хэлнээ хөврүүлсэн уг ном дэлхий дахинд бестселлер болж байсны нэгэн адил монголчуудын сонирхлыг ч ихэд татаж байна. Эдийн засгийн алуурчин хийж явсан хүний бодит түүхийг өгүүлсэн уг номд ерөнхийдөө буурай хөгжилтэй орнуудын байгалийн баялгийг тонодог хүчирхэг гүрнүүдийн схемийг илчлэн бичжээ. Байгалийн баялагтай орнууд гаднынхныг хэт шүтвэл тэдний зөвлөгөө баялгаас хөгжил биш, хараал хүртэхэд л тусалдагийг бодит Хитмэн өчжээ. Энэ номтой зэрэгцээд ойрын ирээдүйд дэлхийг засаглах их гүрнүүдийн төслүүдийн талаар ч бичих болов. Жишээ нь, эх газрын байгалийн бүх баялгийг бодитоор удирдах нь XXI зуунд дэлхийг засаглах АНУ-ын тэмүүллийн суурь болох тухай, тус улсын терроризмын эсрэг хийж буй тэмцэл нь шинэ стратегид шилжиж буй тухай тоймлож байна. 2004 оны баримтаар америкууд Иракийн дайнд 87 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэтэл энэ их мөнгөний зөвхөн талаар нь л дэлхийн бараг бүх иргэнийг ундны цэвэр ус, эрүүл хоол, суурь боловсролоор хангах бүрэн бололцоотойг шинжээчид дүгнэсэн байна. НҮБ-ын энэ дүгнэлт терроризмын эсрэг хийж буй америкуудын тэмцэл нь баялагт чиглэсэн шинэ стратегид шилжсэний нотолгоо гэж зарим судлаач бичжээ.
Тэгвэл монголчууд бидний хөгжлийн стратеги юу вэ. Байгалийн баялаг уу, үндэсний хөрөнгөтнүүд үү. Гаднынхныг шүтэж хөгжих үү, үндэсний капиталистуудаа дэмжиж хөгжих үү. Зарим эрдэмтэн манай улс зөвхөн өмнийн говьд буй баялгаасаа жилд 5.2 тэрбум ам.доллар олох боломжтой гэж тооцоолсон. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг буюу бидний жилийн орлогыг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө юм. Энэ их баялгийг ашиглах нь, ашиглахдаа гаднынхны дэмжлэгийг авах нь гарцаагүй. Гэтэл энэхүү дэмжлэг дунд Хитмэнүүд хутгалдаж явахыг үгүйсгэхгүй. Ороод ирэхээс нь урьдчилан сэргийлэх ч боломжгүй. Зөвлөх нэртэй гадаад эрхмийн боловсролын өндөр зэрэг, сайхан инээмсэглэлийн цаана монголчуудыг гэсэн чин сэтгэл, Хитмэнийн даалгавар хоёрын аль нь байгааг гаднаас нь хараад ялгаж чадахгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхлээд зарим улстөрч Монголд хитмэнүүд ажиллаж байгааг нэр устай нь бичсэн байна лээ. Манай улсын хууль дүрмийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй зарим нь баялгийг маань хулгайлдаг, барьцаалан Арбитрын шүүхэд хандах нь жишиг болж тогтлоо. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр Төв аймгийн Заамарын алтыг ухаж дуусгасан “Алтандорнод Монгол” гэж компани татвараа төлөлгүй арбитрт хандсан бөгөөд Монголын Засгийн газар нэр төрөө хамгаалж үлдэхийн тулд өмгөөлөлд нь зургаан тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ зургаан тэрбум төгрөг бол татвар төлөгчид, хувийн хэвшлийнхний төсөвт төвлөрүүлсэн мөнгө. Монголчуудын хөлс хүчээр хуримтлуулсан энэ их мөнгийг гадаадын зальтай нэгэн эртэй зарга хийхэд зориулж яваа нь хайран. Хэрвээ энэ ордын лицензийг үндэсний компани эзэмшиж байсан бол Заамарын алтыг зарж олсон мөнгө Монголдоо хөрөнгө оруулалт болж үлдэхийн зэрэгцээ, Монголын төр татварын маргаан хийж зургаан тэрбум төгрөгөө сул цацахгүй байлаа. Цаана нь Бороогийн 40 тонн алтыг Монголд ямар ч нэмүү өртөг шингээж, нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр гаргаад явчихсан гээд олон жишээ дурдаж болно. Одоо дээр нь Олон-Овоотын баялгийг булаацалдаж “Голдман сакс”-ынхан, Төмөртэйн хүдрийн лицензийг хамтран эзэмших гэж хятадууд арбитрт хандахаа мэдэгдээд буй. Энэ бүгдийн өмгөөллийн хөлсөнд хэдэн зургаан тэрбум төгрөг явна. Эндээс харахад байгалийн баялгаа ашиглаад, бүр гаднынхны шууд дэмжлэгээр хөгжинө гэсэн монголчууд бидний ирээдүйд, мөрөөдөлд зуун хувийн баталгаа алга. Хамгийн гол нь энд Монголын хөгжлийн баталгааг үгүйсгэж байгаа аюул нь гадна талаас ирж байна. Баялгаас маань хувь хүртсэн гаднынхан Монголыг минь хөгжүүлэхгүй дээ гэсэн эргэлзээг гадаадынхан л төрүүлж байна. Тэгвэл үндэсний хөрөнгөтнүүдээ түшиж хөгжихгүй гэсэн эргэлзээг монголчууд бид дотооддоо өөрсдөө бий болгох юм. Төр нь үндэсний компаниудаа бодлогоор дэмждэггүй, зарим иргэд нь болохоор тэднийг олигархиар нь цоллож гадуурхдаг. Монгол Улсыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ гэж ярьдаг хэрнээ үндэсний хөрөнгөтнүүдээ хүлээн зөвшөөрдөггүй, монголчуудынхаа бүтээн байгуулалтад эргэлзэх сэтгэхүй жирийн иргэнд битгий хэл, төр засагт хүртэл төлөвших янзтай. Тэгэхээр улс орноо хөгжүүлэхэд монголчууд бид өөрсдөө дургүй ч юм шиг. Өөрөөр хэлбэл, өнгөтэй өөдтэй явсных нь төлөө, мөнгөтэй болсных нь төлөө, бүтээн байгуулж босгосных нь төлөө үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах үзэл Монголд газар авах нь. Хувийн хэвшил болгоныг төрөөс төрсөн тэрбумнуудтай адилтгах ташаа ойлголт гүнзгийрлээ. Заримдаа бүр хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгаа тогтолцоогоор нь үгүйсгэх хандлага илрэх юм. Хэрвээ адлаад байгаа хувийн хэвшлийнхэн байхгүй бол өнөөдөр улсын төсвийн 90 хувь нь бүрдэхгүй, Монголд ердөө 130 гаруй мянган төрийн албан хаагч л ажилтай явна, Цонжинболдог, Шангри-Ла, Гранд плаза зэрэг бүтээн байгуулалтууд байхгүй гээд Хойд Солонгос маягийн эдийн засгийн хэлбэр ноёлох байв. Үндэсний капиталистуудаа харин дэмжээд өгвөл Япон, Өмнөд Солонгос шиг хөгжих ирээдүй бийг эдийн засагчид ч, улстөрчид ч хэлдэг.
Үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн туршлагын тод жишээг бидний бахархан дуурайдаг АНУ-аас харж болно. Тус улс аль 1890-ээд оноос эхлэн томоохон бизнесмэнүүд, капиталистуудаа дэмжиж, эргээд тэднээсээ дэмжлэг авч эхэлсний ачаар одоо дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон боллоо. Тэр үед дэмжлэг хүлээсний хүчинд АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн үндэсний хөрөнгөтнүүдийн жагсаалтад Генри Форд, Павел Гетти, Жи Пи Морган, Уэрнэр ван Сайменс (Werner von Siemens) зэрэг олон капиталистыг дурдаж болно. Ойрын, одоо бидний мэдэх жишээ гэвэл АНУ-ын төдийгүй дэлхийн нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг “Microsoft”-ыг үндэслэн байгуулагч Билл Гейтс юм. Америкууд улсаа хөгжилд хүргэсэн, ард түмнийхээ амьдралыг өөд татсан эдгээр капиталистуудаа хэзээ ч гадуурхдаггүй. Яагаад гэвэл тэд үндэсний хөрөнгөтнүүдээ шүтэж хөгжсөнөө хүлээн зөвшөөрдөг, цаашид ч тэдний дэмжлэгээр хөгжинө гэдэгтээ итгэдэг. Америкууд хэзээ ч үндэсний капиталистуудаа олигархи гэж цоллодоггүй. Яагаад гэвэл тэнд олигархи гэдэг үгийг үндсэн утгаар нь, хааны угсааны, баян чинээлэг хүмүүс, арми, шашны язгууртнууд бүхий нийгмийн элитүүдийн цөөнхийн засаглал гэж ойлгодог байна.
Үндэсний хөрөнгөтнүүдээ түшиж хөгжсөн орнуудын томоохон жишээг наашлаад бидэнтэй нэг тивд оршин буй Хонконг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгосоос харж болно. Эдгээр орнууд 1997-1998 их хямралыг давж, өнөөдрийн өндөр хөгжилд хүрэхэд үндэсний хөрөнгөтнүүд нь томоохон дэмжлэг үзүүлжээ. Өмнөд Солонгос л гэхэд Samsung, Hyundai-н эзэд болох үндэсний томоохон капиталистуудынхаа дэмжлэгийг авсан. Анх 1970-аад оны үед Өмнөд Солонгосыг удирдаж байсан, генерал Пак Чун Хи үндэсний капиталистуудаа ихээхэн дэмжиж хүчирхэгжүүлж байжээ. Энэ үед Пак Ерөнхийлөгч үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж байж эргүүлээд улс орныхоо хөгжилд тэдний дэмжлэгийг авна гэсэн хөгжлийн стратеги баримталсан байна. Тиймээс үндэсний хөрөнгөтнүүдээ өрсөлдөөнөөс хамгаалж, тэдэнтэй ижил төрлийн гадаадын бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгост зарахыг хориглож байсан байх юм. Японд ч ялгаагүй, дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсын Засгийн газар АНУ, Их Британийн жишээгээр үндэсний капиталистуудаа дэмжиж, эргээд тэдний дэмжлэгийг авч хөгжсөн ажээ. Дайны хөлд нэрвэгдсэн ард түмнийхээ амьдралыг өөд татах, уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд японууд томоохон үйлдвэрлэгчид, банкныхан, бизнесмэнүүдийн нэгдэл бүхий эдийн засгийн хүчирхэг групп байгуулж ажиллажээ. Энд алдарт Мицубиши, Тоёото, Сони /Sony/ зэрэг үндэсний компаниуд нь багтаж, улмаар улсдаа төдийгүй дэлхийд алдартай үндэстэн дамнасан корпорациуд болтлоо өссөн тухай японууд бахархан ярьдаг. Ард түмнийхээ амьдралыг өөд татахын зэрэгцээ шинжлэх ухаан технологийн салбараа хөгжүүлэхийн төлөөх тууштай ажилласан эдгээр он жилүүдэд гарсан Японы эдийн засгийн огцом өсөлтийг түүхэнд “дайны дараахь Японы эдийн засгийн ид шид” гэж нэрлэдэг байна.
Эдгээр орны бэлэн жишээгээр, бусад улс орны явж үзээд амжилттайг нь амьдрал дээр харуулсан замаар явахыг эдийн засагчид сануулж, улстөрчид нь хэлдэг ч үндэсний хөрөнгөтнүүдээ бодлогоор дэмжсэн нь Монголын эрх баригчдад өнөөдөртөө бараг алга. Харин ард түмний татвар, хувийн хэвшлийнхий хуримтлуулсан хөрөнгийг хувааж хуваарилахдаа төр, засгийн эрх баригчид харин жинхэнэ олигархи шинжтэй болчих юм.
Ах
Ах
bi shutteggvi
Зочин
Атаач монгол
Менгенцэцэцэг
ToipEvigo
Zaya
Заяа
монгол
монгол
иргэн
Íÿìàà
Äîðæ
ALTAA
bb
11
1999
uchuuhen bodol
ббб
99132115
Зочин
Зочин
Зочин
Зочин
Îòãîíáàÿðò
Chuhal sanal
UNURUU
bbb
Боржигон
nemelt
mini l bodol
Зочин
Ǻâ
Ǻâ
õàðàìñàë
Зочин
Зочин
би
en
Зочин
Нийтлэлийн санааг дэмжиж байна
Зочин
Зочин