ОХУ-ын анхны Ерөнхийлөгч гэгддэг Б.Ельцины охин Татьяна Дьяченко (Юмашева) улс төрд орохоор бэлтгэж байна. Өнгөрсөн сард Тятьяна Дьяченко  аавынхаа хэрхэн ажиллаж байсан  талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Энэ нь Орост нэлээд шуугиан тарьсан юм.  Үүний дараахан интернэтэд блогтой болсон.

Гэтэл өчигдрөөс  ОХУ-д шинэ улс төрийн хүчин байгуулагдах гэж байгаа тухай мэдээллэх боллоо.  Шинэ хүчин нь  2008 онд байгуулагдсан “Правое дело” намыг орлох юм байна. Оросууд либерал үзлийг  дэмжих болсон тул түүнийг баримтлагч “Правое дело” нам  ч нэлээд нэр хүндтэй байсан.  Эрх баригчдын зүгээс ч дэмжиж санхүүгийн тусламж үзүүлжээ. Гэвч тус намын  тэргүүнүүд нь болох  Г.Бовту, Л.Гозману нар Кремлийн итгэлийг дааж чадсангүй. Тиймээс  “Правое дело”-г орлог либерал үзэлтэй нам байгуулахаар болжээ.   

Энэ санааг анх Александр Волошин дэвшүүлсэн гэдэг. Тэрээр Б.Ельцин, В.Путин нарыг  Ерөнхийлөгч байхад засаг захиргааны даргаар  ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл Ельцины гэр бүлтэй дотно харилцаатай.

Шинээр байгуулагдах намыг Б.Ельцины охин  Татьяна Дьяченкогоор  тэргүүлүүлэх юм байна. Энэ тухай Ерөнхийлөгч Д.Медведедийн засаг захиргааны нэгэн хариуцлагаатй ажилтан ярьжээ.  Экс  Ерөнхийлөгчийн охин саяхан өгсөн ярилцлагадаа үүнийг үгүйсгэж улс төрд орохгүй гэсэн.  Саяхан блогдоо  1999 онд  Е.Примаков Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа  Холбооны аюулгүй албаны даргаар ажиллаж байсан В.Путиныг ажлаас нь халах гэж байсан тухай бичсэн байна. Б.Ельцин үүнийг зөвшөөрөөгүй тул В.Путин  албан тушаалдаа үлдэж хожим Оросын анхны Ерөнхийлөгчийн халааг авчээ.

Татьяна Дьяченко өнгөрсөн сард  “Медведь” сэтгүүлд ярилцлага өгч, сүүлийн үед блогоороо дамжуулан аавынхаа хэрхэн ажиллаж байсан талаар олон сонирхолтой үйл явдлын талаар өгүүлэх болсон.  Энэ нь улс төрд эргэн орж ирэхийн дохио гэнэ.

 Орост байгуулагдах шинэ нам нь ямар ч байсан эрх баригчдын ивээлд байх юм байна. Энэ талаар Ерөнхийлөгч Д.Медведевийн засаг захиргаанд ажиллаж байгаа хүмүүст мэдээлж байгаа нь үүний баталгаа болно.  Шинэ намын хамгийн гол зорилго нь Д.Медведевийн дэвшүүлсэн  Оросын эдийн засагт шинэчлэл хийхийг тууштай дэмжих явдал гэнэ.

Оросын эрх баригчид  шинэ нам байгуулж Т.Дьяченкогоор тэргүүлсэнээр үйл явдал хоёр хувилбараар өрнөх магадлалтай .  В.Путин, Д.Медведевийн холбоо улам бэхжих эсвэл зөрчилдөөн улам хурцдаж байгаагийн илэрэл.  Үүний аль болохыг цаг хугацаа харуулна.

 

Ю.Дэлгэрмаа