Муми Хятадад ирэв


Өнгөрсөн жил дэлхийн эдийн Засгийн хямрал нүүрлэж, дэлхий дахинд жуулчдын тоо эрс цөөрчээ. Харин Хятад хямралд бага өртсөн тэр тусмаа аялал жуулчлалын салбар нь. Хямралыг сөрж Хятадууд “киноны блицкриг” хийж байлаа. Алдартай “Муми” цувралын сүүлчийн ангийг Хятадад хийсэн байх юм. Эртний Мисирийн фараоны муми, пирамидын домог, тайлагдашгүй нууцыг Холливууд харамгүй нээж, сайн ч ашиг олдог. Кино компаниудаас дутахгүй ашгийг харин өнөөгийн Египетүүд хусдаг. Үй түмэн жуулчин “цаг хугацааг хүртэл айлгадаг” пирамидыг үзэх гэж цувсаар байна. Гэтэл дэргэд нь байгаа эртний Ахайчуудын гал голомт Грек энэ талаар хол хоцорчээ.


“Муми” цувралын сүүлчийн ангийн гол дүр нь фараон биш хуанди болчихсон юм. Ши хуандийн дүрд Холливүүдийн алдартай хятад жүжигчин Жет Ли тогложээ. Кино зохиолын гол санаа нь Цин Ши хуанди их гүрнээ үүрд захирахын тулд мөнхийн хутаг олохыг хүсчээ. Энд бол манай нууц товчоонд бичсэн Чингис хаан Чан чунь бомбаас мөнхийн хутаг олж болох эсэхийг асуухаар залж байсан түүх. Өрийнхөн мэддэг л бололтой юм, энэ түүхийг. Тэгээд мөнхөрсөн авч муми болоод мөнхөрчихжээ. МЭӨ 209 онд таалал барьсан Ши хуанди 40 мянган цэрэгтэйгээ 20 дугаар зууны хориод онд амилна. Эрт үе ба орчин үе тулалдана. Яг нөгөө Нострадамусын зөгнөсөн “Үхэгсдийн сүнс өндийн босож, хүмүүс лүгээ тулалдах цаг ирмүй” гэгч биелэв.  Энэ кино гарсны дараа Сиань дахь цэргийн хөшөөт бунханыг үзэх гэж зүтгэгчдийн тоо замаа алджээ. Хятад бүтээгдэхүүнээ Холливүүдээр рекламдуулж, брэнд болгож байгаа нь тэр.


1978 онд анх нээсэн гэдэг өнөөгийн Хятадын газар нутгийн яг төвд байдаг, эртний Цин гүрний нийслэл энэ хотын ойролцоо олон мянган цэргийн баримал олдсон нь одоо Хятадын мөнгөний даллагын уут болжээ. Түүхэнд бичсэнээр бол энд 40 мянган цэргийн баримал байх ёстой. Одоогоор 8000 цэргийн баримал ухаж гаргаад байна. Хятадууд Ши хуандийн булшийг хайж байгаа гэнэ. Яг Монголчууд Чингис хааны бунханыг хайж байгаатай адил.


Хямрал гүнзгийрч жуулчдын тоо буурахын алдтайд Хятадууд ахиад нэг заль зохиох шиг болов. Нөгөө цэргийн бунхнаас европ төрхтэй цэргүүд гараад ирж гэнэ. Европынхон гайхаж алмайраад гурван мянган жилийн өмнө Хятадад очсон өвөг дээдсийнхээ дүрийг үзэх гэж хямралд турсан түрийвчээ нимгэлж эхлэв. Үнэн эсэх нь хамаагүй сурталчилгаанд домогжуулалт л хэрэгтэй. Миний хардах нь “Хятадууд Европ хүнийг хийгээд тавьчихдаа ч сийхгүй л дээ”. Хэдэн жилийн өмнө Бээжинд явж байхад Сианий цэргүүд ид моодонд орж байсан бөгөөд том зочид буудлын эртний эдлэлийн дэлгүүр, гудамжны лангуу, хаа сайгүй Сианий бунхнаас олдсон цэргийн баримлын хуулбар дүүрсэн байв. Яг адилхан жижиг баримлын үнэ хаана байгаагаасаа шалтгаалаад 10-150 юань. Би хүртэл сонирхож нэг ахлагч, хоёр цэрэг, нэг морь 100 юаниар худалдаж авч байгаа юм.


Тэгэхэд аялал жуулчлалын мэргэжилтнээс нь “Энэ жижиг баримал, Сианы эх хоёрыг хийсэн шавар яг адилхан уу?” гэж асуухад “Яг адилханаар барах уу?  Нэлээд нарийн шинжилсэн ч ялгааг нь гаргаж чаддаггүй, энэ бол манай Хятадын хөх шаврын технологийн гайхамшиг” гэж сайрхав. Гайхасгээд өнгөрсөн, яагаад ялгаагүй гэж? Хэрэв ялгаагүй юм бол Хятадууд дуурайлгаад юу ч хийж чадах нь ээ? Тэгээд Европ цэргүүд байтугай нигер баатрууд ч олдож байж магадгүй юм байна. Барак Обама хар арьстан юм чинь. Гэхдээ яаж ч хардлаа гэсэн би л лав дэлхийн эртний соёлын өвийн хувьд Сианий бунханыг үзэхийг хүсдэг. Очоод харвал бас үй түмэн нууц, сонин хачин, домог, бас оккультизм болоод парапсихологийн “гаж нээлт” олдож л таарна.


Өнөөгийн Сианьд дэлхийн бүхий л томоохон зочид буудлын сүлжээнүүд буудлаа байгуулж байна. Тэдний нэг нь “Шангрила”. Улаанбаатарт “Сэнтрал оффис” барьж эхлэхээр бэлтгэж байхад Сиань дахь буудлыг хэдийнээ барьж эхэлсэн байв. Аялал жуулчлалын аливаа брэндийг бий болгохын тулд домогжуулалтыг ёстой янзтай хийдэг юм билээ. Тэр газарт ид шид оршдог, очсон хүний өвчин илааршдаг, эсбөгөөс аз таарвал харь гаригийнхантай ч тааралдаж аяга кофе уунгаа 3000 жилийн өмнө юу болсныг өнгөтөөр яриулаад авч чадах ч юм шиг...


Муми Оросод залрав


Бас нэг гайхамшиг саяхан манай хойд хөршид бий болов. Буриадын  Ивэлгийн дацанд Итгэлт хамбын занданшуулсан шарилыг залжээ. Шинжлэх ухаан тэр дундаа удаан шилжилтийн ач буянаар хуурамч гэддэг шинжлэх ухаан оргилдоо хүрч хөгжсөн, албан ёсны шинжлэх ухааны хөгжил нь ч лут Оросууд хамбын нууцыг тайлах гээд бардаггүй гэнэ. Дээр Оросууд буддизмаас эртний нууцыг хайгаад л... Монголын дахин сэргэсэн бурхны шашны үнэнч сүсэгтэн нар, бас сониуч жуулчид Иволгын дацанд очих гэж хамаг мөнгөө гөвж  байна. Хямралд нэрвэгдээд балрахаараа хамгийн сүүлийн найдвар болгож заяа тавилангаа Итгэлт хамбын занданшсан шарилд даатгахаар яарна. Хамаатан садынхаа захиасыг бичүүлээд “амьд бурханд өргөх” мөнгийг нь аваад “хувь заяаны зуучлалд” мордоно.


Монголд муми “илрэв”


Гэтэл Итгэлт хамбын шарилнаас ч илүү гайхалтай амьд бурхад, хотын төвд засаж сэлбэх гэж аргаа бардаг Чойжин ламын сүм музейн гол дуганд бараг зуун градусын зөрүүтэй халуун хүйтнийг ажралгүй давсаар нэгэн зууныг үзээд байж байна. Наймдугаар Богд Жавзандамба хутагт, хааны багш Ёнзон хамбын занданшуулсан шарилд хэн ч очиж хувь заяагаа даатгадаггүй, хэн ч энэ гайхалтай шүтээн байдаг гэж мэдээгүй, тэгээд байж л байна. Манайхан өөрсдийн өв соёлыг тоодоггүй, тайлбарлагч нь гадны жуулчдад нэг иймэрхүү юм байдаг гэсхийгээд орхидог бололтой юм. Ядахдаа занданшуулсан шуумалыг харанхуй буланд нуух гэсэн мэт далд тавьчихсан. Гэтэл Богдын чандмань чулуу, нууцсын орон, шамбалын үүдийг хайдаг нөхдүүд элсэн цөл, Алтайн тагаар тэнэж, аман домог цуглуулсхийгээд явж байна.


Монголчууд уг нь Улаан-Үдэд очилгүй энд мөнгөө өргөж, түүгээр нь Чойжин ламын сүм музей байтугайг, засах байтугай шинээр барьчих мөнгө олж болохоор л байна даг. Даан ч байдаггүй ээ. Миний мэдэхээр Монголд занданшуулж, алтаар бүрээд  амьд шүтээн болгосон ийм “муми” лав гурав байдаг юм билээ. Бид л мунхагтаа авдраа уудлалгүй, айлаас эрдэг байх нь. 19 дүгээр зууны төгсгөлд Буриадад буддизм цэцэглэж, томоохон хутагт хувилгаадыг занданшуулж, шүтээн болгон залдаг ёс дэлгэрчээ. Итгэлт хамбын шарил яг тэр ёсоор шүтээн болж хадгалагдсан байна. XIII Далай ламыг Оросын хаантай уулзуулахаар хулгайлсан Агваан хамба, Петр Бадмаев гэх мэт улстөр шашны сүрхий чадварлаг хүмүүс төрж байв. Буддизмын нууц ухаанд нэвтэрсэн Итгэл хамбыг өнөөдөр бид мэдэж байна. Харин Монголд ийм хүн олон байсан.


Богдын шарил хаачив?


Жаахан гажаад нэгэн сонин түүх өгүүлье. Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг нас барсных нь дараа оршуулаа ч үгүй, чандарлаа ч үгүй юм билээ. Түүний шарилыг занданшуулаад одоогийн Гандангийн номын сан байдаг сүмд шүтээн болгон залсан байжээ. Тэр зөвхөн Монголд төдийгүй хойд зүгийн Якут, өрнө зүгт Орос, Афганистан, Перс, Өмнө зүгт Хятадын өмнөд хязгаарт нэр алдар нь түгсэн амьд бурхан байсан юм. 20 дугаар зууны эхээр Монголчууд өөрийн гэсэн занданшуулах технологитой болоод байсан ажээ. Хятадууд мөнгөн усаар, Төвдүүд

ургамлын хандаар, харин Монголчууд давсалж занданшуулдаг байжээ.


1940-өөд оны эхээр онд Ганданд байрласан оросын цэргийн анги хийдийг “цэвэрлэхдээ” хутагтын шарилыг хогон дунд хаячихсан байна. Тэгэхэд цэргүүд занданшуулсан шарилыг ямар байдгийг үзэх гэж биеийг нь ороосон нимгэн самбай хадгийг хайчилж үзэхэд чийгтэй, гөлгөр бор өнгөтэй, борц шиг хатуу биетэй болчихсон байсан гэсэн яриа түгжээ. Маршал Чойбалсан түүнийг сонсоод Зөвлөлтийн цэргийн ангийн даргад “Манай түүхэнд хүндтэй хүн байгаа юм, хүндэтгэлтэй оршуулна уу” гэж хэлүүлжээ. Тэр үеийн хүмүүсийн ярих нь Богдын шарилыг одоогийн Нарангийн энгэрт оршуулжээ. Тэгэхдээ сүмийн баганын ёроолыг ялзрахаас хамгаалах гэж хавчдаг 1,2 метр өндөр чулуугаар хөшөө хийж, хороон даргын ч билүү, хотын комендантын ч билүү нас барсан эхнэрийн нэрийг /булш бунхан сүйтгээд эхэлж магадгүй тул нэрийг нууцлав/ сийлж тэмдэглээд оршуулжээ. Ингэхдээ олон түмэн үймэхээс сэргийлж тэр эмэгтэйн оршуулга гэсэн цуу тараасан гэдэг юм. Оршуулга их л хүндтэй болсныг гэрчлэн ярьдаг хүн одоо бий.


Хожим хэсэг сүсэгтэн, бизнесмэнүүд тэр чулуун хөшөөг хайсаар олсон, 1990-ээд оны сүүлээр юм. Тэгээд Монголчууд сэжиглээд байсан тул Налайхаас хасаг уурхайчдыг хөлсөлж догуур нь туннельдаж ухуулсан авч шарилыг олоогүй гэлцдэг. Юу ч байгаагүй, эмэгтэй хүний ч шарил байгаагүй. Хожим сураглахад Богдын шарилыг шавь нар нь “хулгайлж” одоогийн “Өргөө” кинотеатрын орчим нууж байгаад хотын ойролцоох нэгэн даваан дээр хайлуулсан гэлцсэн, тэгээд сураг алдарсан билээ. Энэ бол манай түүхийн бас нэгэн нууц. Ямар боловч одоо Чойжин ламын сүм музейд байгаа Ёнзон хамбын занданшуулсан шарил бол Богдын багшийнх юм билээ.


Ариун газрыг бузарлагсад


Монголын бурхны шашинитнууд Лхас, Утай, Гүмбүм бас Бээжин дэхь Юнхэгүн сүмд очиж хувь заяагаа даалгаж, хойдын буянаа үйлдэх гэж мөнгөө бариад одож байна. Гэтэл 20 дугаар зууны эхээр тэдэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байсан шарын шашны томоохон төв Улаанбаатар буюу Их хүрээ /Номын Хүрээ ч гэдэг/ өөрийгөө өрнөдчлөх аянаа эрчимжүүлж байна.


Ариун номын орон байсан Хүрээг хогийн овоолго, хүний маханд орсон нохдын там байсан гэж коммунистууд 70 жил итгүүлсэн, яг тэр ёроор нь Улаанбаатар тийм болж байна. Лхас, Утайд очоод 32 буртагаа хамхидаг Монголчууд адилхан номын орон оршсон Улаанбаатарын хаана ч хамаагүй шээж, бааж, нус цэрээ цацаж байх юм. Гайхалтай, магадгүй аймшигтай. Уг нь бол Хан уулын өвөр, хатан туулын эрэг бузарлаж болохгүй ариун дагшин газар билээ. Хамгийн сүүлд Богдын “Хайстай ордныг” энэ зун нурааж, орон сууц барих гэж дайрахад нь арай гэж авч үлдсэн, сэжигч хүнд түүний гай юм болов уу, ордныг нураах гэж дайрсны маргааш нь Улаанбаатар үерт автаж сүйдсэн.


Улаанбаатар муминуудтайгаа, асар их нууцтайгаа өөрөө жуулчны соронзон болох газар. Асар их нууцас хүний толгойд, эртний бөгөөд саяхны судруудад дараатай буй. Өнөөг хүртэл өмнө өгүүлсэн Богдын шарилынх шиг үй олон нууцсыг агуулсаар байна. Богдын зүүд гэж нэг зураг бас буй. Өнөөгийн телевиз орчим, хорооллын наад хэсгийг зүүдэлснээ зуруулаад хадгалсан нь тун адилхан байдаг гэнэ. Гагцхүү энэ мэтийг жуулчдад мэдүүлэх нь байтугай өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Эртнийх бол үнэтэй байдаггүйг Итгэлт хамбын шарилын жишээ нотолно. Нийслэлийн нууцсыг нээвэл энэ дорно дахиныхан наашаа цувах учиртай юм. Үгүй наад зах нь шашны ариун газруудыг хүн гэгч бузар амьтнаас цувирдаг 32 буртаг хийгээд сэтгэлийн буртагаар бузарлаж байгаа манай ядуус ч яагаад заяа нь хаячихаад байгааг ойлгох учиртай юмсандаг уу?


1930-аад оныг хүртэл орос, америк, дани, англи, германчууд жирийн жуулчид, сонирхогчид, тагнуулынхан өнөөгийн Төвдийг төнхөж байгаа шигээ Хүрээг төнхдөг байсан юм. Эндээс эртний өрнө, дорнын нууцас, ид шид, гайхамшгийг олно гэж итгэдэг байсан. Үй олон домог, итгэмээргүй сонин явдлууд, мэргэ, төлөг, ертөнцийн бус зүйлсийн домог коммунизм Монголын шашныг сүйтгэсний дараа гадны архивуудад дарагдан үлджээ. Тэднийг олж нээвэл бид их мөнгө олно. Бид газар ухалгүй баяжина. Чухам иймээс аялал жулчлалынхан сэхээ аваасай гэсэндээ дорно дахинд буй булш шарилын түүхийг цухас бичлээ.


Далд ухаан, “хуурамч шинжлэх ухаан” энэ тэрээр алдар олох, хөмөрсөн тогоон доторх цөөхөн хэдэн Монголчуудаа мунхруулахын оронд Орос, Хятадаас тэднийг даллавал сүрхий боломжтой санагдана.