Шарсан мах алдаггүй шар Намсрайн зам
Хүн төрөлхтөн “ухаан орсон” цагаасаа л ирээдүйгээ урьдчилан мэдэхсэн гэж хүссэн байх.
/Чингис хааны монгол шар зурхай-II номын өмнөх үг/
Хүн төрөлхтөн “ухаан орсон” цагаасаа л ирээдүйгээ урьдчилан мэдэхсэн гэж хүссэн байх. Хүн төрөлхтөн цаг хугацаа ба орон зайн дотор хавчигдан амьдарч иржээ. Орон зайг техник, технологийн хүчээр товчилж байна. Гэхдээ болоогүй. Хоёр хэмжээст орон зайг гурван хэмжээстэй гэж нийтээр ойлгодог боллоо, удахгүй дөрөв болох байх. Энэ тухайд хүн төрөлхтөн одоохондоо сэтгэл хангалуун байхтайгаа юм шиг.
Харин цаг хугацааг яалаа? Яаж ч чадаагүй л байна. ХХ зууны эхээр харьцангуйн онол нээгдсэнээр цаг хугацааны тухай ойлголтод өөрчлөлт орж эхэлсэн. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт хавчигдан амьдарч байгаа гэж боддог хүн төрөлхтөн нэн эртнээс ирээдүйгээ мэдэхийг хүссэн юм. Харин энэ хүслийг нь өчүүхэн ч атугай хангаж, тэчъяадлыг нь тайлж байсан ухаан бол зурхайн ухаан юм.
Хүмүүс ирээдүйг төлөгдөх үй олон систем зохиожээ. Эхний алхам цаг хугацааг хэмждэг болжээ. Өрнийнхөн нарны явдлыг, дорнынхон сарны явдлыг тооцож, өөрийн хэмжүүрийг бий болгожээ. Одоо үндсэндээ хоёр систем дэлхий дахинд байгаа нь нийтийн тоолол, нөгөө нь дорнын тоолол болой. Устсан, мөхсөн олон тоолол бий. Гэхдээ бүх хүн өнгөрсөн одоо ирээдүйн дунд амьдардаг гэж боддог. Гэтэл хүн өнгөрснөө мэддэг, одоогоо мэдэрдэг, харин ирээдүйгээ...? гэж асууна.
Тэгвэл цаг хугацаа өнгөрсөн ба ирээдүй гэсэн хоёрхон хэсэгтэй биш үү? гэж. Цаг хугацаа зогсолтгүй,тэгвэл өнгөрсөн огтхон ч зогсолтгүй ирээдүйд шилжиж байна. Тэгвэл “одоо” гэж юу вэ? Энэ бол зүгээр л мэдрэмж агаад Буддизмын хоосон чанарын эшийн уг суурь энд байдаг юм шиг санагддаг. Тиймээс хүн өнгөрснөө мэддэг, одоо гэж байхгүй, ирээдүйгээ мэддэггүй.
Ингэж бодвол зурхайд амьдралын тэн хагас оногддог. Зурхайн ухаан бол хамгийн энгийн аргаар ирээдүйг тооцдог хүний анхдагч ухаануудын нэг. Үнэндээ бол магадлал юм л даа. Манай үеийн гайхамшигт сэтгэгч Ч.Эрдэнэ авгай манай “Улстөрийн сонин”-д нийтэлсэн өгүүлэлдээ “Үнэн бол энгийн, эцэстээ математик тоогоор бол бүхэл тоогоор л илэрхийлэгдэнэ, өнөөгийн шинжлэх ухааны магадлах гэж оролддог олон төгсгөлгүй бутархайнуудаар илэрхийлдэг “тогтмол” тоонуудад л хүн төрөлхтний төөрөгдөл буй, тиймээс бүхэл тоо л үнэнийг илэрхийлнэ, тиймээс хүн төрөлхтөн бүхэл тоогоор илэрхийлэгдэх энгийн үнэний зүг явж байна” гэсэн нь одоо санагдаж байна. Заримдаа хүн төрөлхтөн аль эрт мэдсэн бүхнээ л эргэж сэргээх замаар яваад байх шиг санагддаг юм шүү.
Зурхай бол энгийн агаад бүхэл тоогоор, урт удаан хугацаанд олон үндэстний хурааж хуримтлуулсан, магадлалыг дээд зэргээр нэгтгэсэн туршлагад үндэслэн ирээдүйг тооцдог ухаан гэж би хувьдаа боддог. Энгийн атлаа нарийн системтэй. Маш энгийн болсон нь бүдүүлгийн шинж биш харин ч боловсронгуйн шинж байх. Мухар сүсэгтэн гэггдэхээс ичилгүй бичихэд өнөөгийн дэлхийн шинжлэх ухаан оргилдоо хүрээд акамат буюу нэгжих шатнаас өнгөрч, шугаман шинжээ шугаман бус шинжээр сольж байна. Өөрөөр хэлбэл төрөлжсөн салбарынхан биш, олон шинжлэх ухааны мэдлэгтэй, тэртусмаа албан ба албан бус шинжлэх ухааны олон талын мэдлэгтэн, их оюун ухаантан л хүн төрөлхтнийг урагш чирэх цаг ирж байна.
Нөгөө талаар зурхай бол хүн төрөлхтний түүхийн тодорхой шатанд шашны санхүүжилтийн гол хэрэглүүр болж ирсэн түүх бий. Шашин, шинжлэх ухаан хоёр тэмцэлдэж асан тэр үеэс шинжлэх ухааныхан шашны санхүүжилтийн гол эх үүсвэр болсон зурхайг үзэн ядаж, тэр нь шинжлэх ухаан дангаар ноёрхож буй энэ цагийг хүрч уламжлагджээ. Гэхдээ хүн төрөлхтний ирээдүйгээ болох эрмэлзэл тасраагүй учраас шинжлэх ухаан яаж ч эсэргүүцээд зурхай устсангүй ээ. Зурхай бол цаг тооны систем төдий зүйл биш, өнөөгийн Монголчууд үүн дээр л голлон маргалддаг, үүнд л бизнесийн утга нь байдгаас тэр, гэтэл цаад агуулга нь ирээдүйг харахад л оршиж байдаг.
М.Намсрай гуай бол лав л Монголд анхны атеист /шашингүйн үзэлт/ зурхайч санагддаг юм. Зурхайг шашны мөнгө олдог системээс салгачихаар цэвэр зурхай нь үлдэж байна. Хоёрдугаарт дорнын зурхайн үндэс рүү нэлээд судалгаатай гүнзгий орсон хүн санагддаг юм. Зурхайчийг шашны боловсролын системээр бэлтгэдэг, харин албан ёсны боловсролын шинжлэх ухаанч системд бэлтгэдэггүй. Тэгэхээр шашингүйн үзэлтэй, орчин үеийн боловсролтой зурхайч бол яахав? Шашныхан ч гадуурхана, шинжлэх ухааныхан ч гадуурхана. Тэгээд л аль алинтай нь үзэж тарсаар өнөөдрийг хүрсэн байх.
“Шарсан мах алддаггүй, шар зурхайч” гэж нэг үг байсан юм билээ. Шар зурхай бол Хятад зурхай гэж мэдэмхийрэгчид мундахгүй байна. XIII зуунд Монголчуудын байлдан дагууллын улмаас иргэншлийн төв Багдадаас газар дундын тэнгисээр дамжин Европ руу шилжсэн. Тэр үед л Европ харанхуй үеэ гэтэлсэн. Харин Монголчууд эзэлж авсан, дэхийн хамгийн өндөр хөгжсөн газар нутгийнхаа соёлоос аль шилдэг бүхнийг нэгтгэн гайхамшиг бүтээхийг хүсч байв.
Шар зурхай бол манай эзэнт гүрний үеэс эзэнт гүрний нутаг дэвсгэрт буюу шар тэнгисээс газар дундын тэнгис хүртэл мөрдүүлэхээр зохиосон зурхай юм билээ. Гэхдээ исламынхан Хижрын тооллоо орхиогүй, хүлээцтэй Монголчууд ч тулгаагүй нь мэдээж. Шар зурхайн уг үндсийг нь судлахад Монголын байлдан дагууллын үед исламын ертөнцөд оргилдоо хүрч хөгжсөн алгебр /алжебр гэж араб үг/, одон орон судлалын ололтыг Монголчууд Юань гүрний нийслэл Бээжинд аваачаад сайтар боловсорсон тооллын систем болгожээ. Үүндээ дорно дахины /үүнд исламын иргэншил ч хамаарна/ эрдэмтдийг дайчилсан байна. Бээжин дэхь дундад эртний буюу Юань гүрний үед байгуулсан одон орон судлалын төв үүний баталгаа. Тэр үедээ хамгийн боловсронгуй “тоног төхөөрөмжүүдийг” исламын ертөнцөөс авчирсан бол яахав. Хархорин хотыг барихдаа дэлхийн бүх уран барилгын хэв маяг, ололт дизайныг нэг дор төвлөрүүлэхийг оролдсонтой л адил юм.
Исламынхан тэр үед хамгийн өндөр хөгжсөн одон орон судлалыг хагас мянган жил хөгжүүлэн эзэмшихдээ эртний Шүмэр, Вавилон, Мисир, Ассир, Персийн уламжлалыг нэгтгэсэн байна. Лалын иргэншил Каспийгаас Монголын өрнө этгээдийг хамарч байсан учраас энэ их өвийг хэрэглэх боломжтой болсон хэрэг. Мөн өрнө дорныг холбож, өрнө зүгт үе үе нүүдэллэн очдог Монголын нутагт үүсэн эртний төр улсууд-Хүннү, Түрэгийн цаг тооллын систем ч холилдсон байна. Дараа нь Монголчууд түүнийг тэр чигээр авчраад Хятадад улам боловсронгуй болгожээ.
Шар зурхай дан Хятадын соёл огт биш, дэлхийн олон соёл, иргэншлийн ололтуудыг нэгтгэсэн тооллын систем агаад мэдээж дэлхийн томоохон иргэншлийн тоонд зүй ёсоор багтдаг Хятадын соёлын өв, уламжлал, үнэт зүйл, түүнээс дутахгүйгээр нүүдэлчдийн цаг тооллын боловсронгуй систем ч холилдсон байна. Жишээ нь нэрт түүхч Ж.Саундерсын “Монголын байлдан дагуулал” номонд оныг 12 амьтны нэрээр нэрлэдэг уламжлалыг Хүннүчүүд дэлхий дахинд тараасныг нотлосон байна. Одоогийн нийтийн тооллын оныг ч гэсэн 12 амьтны нэрээр нэрлэсэн байдаг ба өрнийхөн хонины оронд ямааг жилд оруулснаас өөрөөр өөрчлөөгүй юм билээ. Гэхдээ яагаад Монголд байдаггүй халуун орны амьтад оны нэрэн дотор цохиж явдаг билээ? гэж асуугчид таардаг. Үүний учрыг энэ номноос олох байх. Энэ төдийгүй Ерөнхий сайд А.Амар гуай “Монголын түүх” номондоо Монголчуудыг хойд Энэтхэгээс гаралтай гэж бичсэнчлэн дэлхийн нэн эртний соёлын түүхийн улбаа энэ номонд туссан буй. Олон хүн А.Амар гуайн бичсэнийг феодалын үеийн Монголын сурвалжтаны мэдэмхийрэл төдий боддогоос тоодоггүй. Өрнийн боловсролтой гэж сайрхдаг манай үеийнхэн зөвхөн Монголынхоо төдийгүй Хятад, Энэтхэг, Исламын товчдоо дорнын соёл иргэншлийг бүдүүлэг хоцрогдсон гэж үздэгээ анзаардаггүй юм. Бид Грек-Ромын соёлыг бурханчлан шүтээд бусдыг үл тоодог болчихож. Үүнээсээ гарах гэхээр Хятадын соёлын нөлөөнд автахаас айдаг юм байна л даа. Энэ нь л олон төөрөгдлийн эх болой.
Тиймээс энэ номыг гаргаж байгаа Намсрай гуайн зорилго бол миний мунхаглан тоочиж буй энэ цаг үеэс бүр алсруулан өөрийн баримталдаг зурхайн системийн үүслийг батлахад оршин байгаа бололтой. Уншвал номонд хэт “Монголтөвч” үзэлд нэвт шингэсэн байна. Бүр шинжлэх ухаанаар батлагдсан зарим хэл шинжлэл, угсаатны зүй, түүхийн нэр томъёог Монголтөвч байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь үнэндээ бол “санаатай алдаа” байна. гэхдээ эн бас л өрнөдчилөгдсөн хүний алдаа байх магадлалтай тул ингэд зогсоё.
Төгсгөлд наргиантай, гайхалтай хоёр түүх хэлье. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал түүхийн хамгийн сүүлийн гайт агшин болоод байгаа билээ. Үүний улмаас Иргэний хөдөлгөөний удирдагчдын нэг О.Магнай баривчлагдан шоронд удаан зовсон билээ. О.Магнайтай шоронгоос суллагдсаныхаа дараа “Уянга та хоёр яагаад зүгээр өнгөрчихөв өө?” гэж гайхаж билээ. Тэгэхээр нь наргиа болгож “Хөгшин нь энэ жил Намсрай гуайн зурхайгаар мөрөө гаргасан юм аа, тэгээд мөрөө зөв гаргасан учраас зүгээр өнгөрөв бололтой” гэв. 2009 оны сар шинийн өглөө уламжлал ёсоор Намсрай гуайнхаар мөрөө гаргаад явж байтал харин манай Магнай алхаж яваатай тааралддаг юм. Гэхдээ шоолж бариагүй л дээ, зүгээр нүдээ ирмээд л өнгөрсөн.
Дараагийнх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон явдал. 2008 оны 11 дүгээр сард М.Намсрай гуай зурхайнхаа эхийг бэлтгэсэнээ авчирч өглөө. Гэтэл зурлаганд нь “Сонгууль 5 дугаар сарын 24 болно, Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялагдана, туулай эсвэл тахиа жилтэй хүн нэр дэвшиж Н.Энхбаярыг ялах юм байна” гэж гарсан байв. Мэдээж зурлагаас нь улстөрийн үйл явцыг хэрхэн зурсныг нь түрүүлж харсан хэрэг. Тэгээд гайхаж “Намсрай гуай, та алдсан шиг байна, сонгуулийн санал хураалт 5 дугаар сарын 24-нд болохгүй шүү дээ, хуулиар бол зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн бүтэн сайнд л товлодог юм. Яагаад гэвэл МАХН-ынхан сонгуулийн маргаан дэгдлээ ч удалгүй замхарна гэж тооцож, улсын баяр наадамд аль болох тулгаж товлодог байхгүй юу” гэлээ. Харин Мэргэд Сонгоол Намсрай гуай “Би юугаа мэдэх вэ? Зурлага нь тэгж гараад байна, би засахгүй ээ, худлаа бол тэр л биз” гэсэн. Гэтэл гайхалтай юм болж УИХ-аас сонгуулийн хуулийг өөрчилж, товыг тогтоохдоо яг 5 дугаар сарын 24-нд гээд заачихдаг юм.
Дараа нь Элбэгээ даргатай уулзаад “Та ямар жилтэй билээ?” гэж асуусанд гайхасхийгээд “Тахиа” гэдэг юм. Элбэгээ дарга нэр дэвших бодолтойгоо хэлээд зарим асуудлаар зөвлөлдөж, бид сониноороо намаасаа гарахад нь дэмжлэг үзүүлэхээр тохирох уулзалт байсан юм. Намсрай гуайн зурлагын талаар хэлэхэд “Аа тийм үү” л гэж байна. “Манай Үүл ч туулайтай шүү дээ” гэсэн. Зөвлөлтөд сургууль төгсөн, тэр дундаа цэргийн улстөрийн сургууль төгссөн хүн зурхайд итгэдэггүй байлгүй дээ.
М.Намсрай гуай ер нь МАХН-ынханд жаахан дургүй талдаа, гэхдээ 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Э.Бат-Үүл гишүүн хоёрын хэн нь ч дэвшсэн ялах л байсан юм шиг санагдсан. АН-д талтай гээд нэр дэвшигчийн тухай яриа ч гараагүй хагас жилийн өмнө гайхалтай онож зурсан нь, тэр дундаа хуулийг өөрчилж хийх учиртай товыг яг “таасан нь” гайхалтай санагдсан шүү.
Би өөрөө ч зурхайд итгэдэггүй, гэхдээ бүх хүний адил ирээдүйгээ мэдэх хүсэлтэй амьтан. Тиймээс зурхай гэлтгүй психотроник, оккультизм зэрэг “хуурамч шинжлэх ухаан” энэ тэрийг сонирхдог л юм. Ядаж л зугаатай, гайхалтай сонин зүйл шүү дээ. Бас л хэрүүлийн алим тарьж Төгс буянт зурхайг муулмааргүй байна. Богд хаан Манжаас тусгаарлах санаагаа илэрхийлж Монголчууд сар шинээ өөр өдөр гаргана гэж шийдсэн юм билээ. Тэгээд дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжирын үндэслэсэн Төгс буянт зурхайг хүрээний чадварлаг зурхайчдад даалган боловсронгуй болгож мөрдүүлсэн юм билээ. Саяхны л түүх. Дорно дахин цаг тоолол гэгч тун чухал. Нэг хаан их ор суугаад өөрийн тооллыг эхлүүлдэг. Яг тэр ёсоор Жавзандамба хутагт хаан суугаад “Олноо өргөгдсөн” он тоолол эхлүүлсэн. Гэхдээ Төгсбуянтаар. Гагцхүү дорнынхон ч бус өрнийхөн ч цаг тооллыг эрхшээхийг хүсдэг. Август хаан суугаад наймдугаар сарыг өөрийн нэрээр нэрлэхийг хүсчээ. Гэтэл Юлий Цезарийн нэрээр нэрлэсэн долдугаар сар 31 хоногтой, харин өөрийн нэрээр нэрлэгдэх учиртай наймдугаар сар 30 хоногтой байсанд зиндаархаж наймдугаар сарыг 31 хоногтой болгочихсон юм билээ. Тэгээд хөөрхий хоёрдугаар сар хэлмэгдэж 28, 29 хоногтой болсон гэдэг.
Тусгаар тогтнолынхоо үнэ цэнийн төлөө би Төгсбуянтын зурхайг ч хүндэлдэг. Гэхдээ яг үнэнийг дагая гэвэл Намсрай гуайн “Чингис хааны шар зурхай” гарцаагүй л дээ. Ядаж үүнийг ялгаж салган ойлгоход лав л түүхийн шинжлэх ухаан тусладаг юм л даа. Харин өнөөгийн Монголчууд эрт цагт хийснээ эдүгээ цагт үгүйсгэхийн учир нь хятадын эсрэг үзэл нэвтэрснийх. Гэхдээ Намсрай гуайн замнал зөв санагддаг. Зөв зүйтэй юмыг нанхиадынх хэмээн түлхээд “бурууг зөв” гэж зүтгэх хэрэг юун. Харин ч Монголчууд бид үнэхээр л үндсэрхэг үзэлтэй юм бол Хятадын соёлын өв гэгдэн дэлхий нийтийг төөрөлдүүлж байгаа “Шар зурхайг” өөриймшүүлэн, Монголынх болохыг батлаад, өөрийн нэр дээр буцааж авахын төлөө үзэлцэх замыг л Намсрай гуай сонгожээ гэж бодно.
Энэ зурхайн ухааныг Монголчууд л нэгтгэж нэг боловсронгуй систем болгосон. Хэрэв Монголчууд оролцоогүй бол Хятад зурхай шал өөр байх учиртай болов уу. Яг жинхэнэ уламжлалт Хятад зурхай огт өөр байдгийг зарим хүн мэдэх л байх.
Одоо Монголчууд соёлын өвөө Хятад лугаа булаацалдах цагт ирж. Хятадууд ихэрхэж өөрийн харъяанд байдаг үндэсний цөөнхөөр түрээ барьж олон үндэстэн, угсаатны соёлын өвийг өөрт хамаатуулах гэж оролдож байна. Киргизүүд “Манас” туулиа алдлаа. Монголчууд Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн “Эртний уран зохиолын гурван оргил”-ын хоёрыг “Гэсэр”, “Жангар”-аа алдаж болзошгүй байна. Нууц товчоог бол яаж ч чадахгүй л дээ. Гэхдээ л Монгол, Төвд, Хятад /Лин/ “Гэсэр” бол огт өөр гэдгийг агуулга бус хэлбэр шүтдэг өрнийнхөн нарийн ухаж ойлгохгүй. “Гэсэр” бол “Гэсэр” л гэх байх. Гэвч “Гэсэр”-ийг алс өрнөөс хэн авчирсан бэ? гэж асуувал бас л нарийн нарийн юм гарна шүү.
Оросууд ч Халимаг, Соёдуудаар түрээ барьж “Жангар”, хөөмийг өөрийнх гэж болзошгүй, гэхдээ дорнын соёлын үнэт зүйлд тоомсоргүй ханддаг үзлийг бидэнд халдаасан болохоор Оросууд нэг их тоохгүй байх шиг. Харин Хятад хэзээнээс өөрийгөө ертөнцийн соёлын төв гэж боддог Күнзийн уламжлалаар их түрж байна. Нарийн ажиглавал соёлын өвийг Хань хэмээх нанхиад үндэстэн бус Хятад хэмээх улс эзэмших гээд байна. Харин Монголын өвийг Монгол үндэстэн эзэмшихийн төлөө тэмцэх ёстой. Ийм цагт бид хориглон хамгаалсаар соёлын өвийнхөө хагасыг Хятадаар овоглуулах уу?, эсвэл сөрж давшаад илүү ихийг олж авах уу гэдэг асуултын хариу “Шар зурхай Монголынх” гэдгийг батлахад оршиж байх шиг. Үүнд Намсрай гуайн хичээл зүтгэл их. Энэ бол зөв замнал гэж санагдана.
Би хувьдаа энэ цагийн элдэв эрдэмд нэвтэрсэн этгээд сонин хүмүүстэй нас намба, үзэл бодол, соёл боловсрол үл харгалзан ойр нөхөрлөхийг боддог. Албан ёсны ухаанд төгс нэвтрэгсэд ч бий, гэхдээ олонх нь энэ нийгэмтэйгээ нийцдэггүй, “шинжлэх ухаанчаар хэлбэл” солиотой, хүнтэй таардаггүй, эсэргүү, стандарт бус сэтгэлгээтэн. Тэдэнд бас л шинжлэх ухаан зөвшөөрдөггүй “ид шидийн” хачин зэвүүн зөн совин агуулагддаг юм.
А.Баатархуяг. 2010.01.22.
bayar hyrgye!
Хөхтөмөр
zochin
Sonin too
ø¿ëýã÷
ø¿ëýã÷
үнэн байх оо
үнэн байх оо
www.tagtaa.com
Зочин
G
G
G
bb
Зочин
Зочин
Зочин
amraa
Бат
Бат
Algaa
Algaa
Baatarhuyag
Зочин
Зочин
Зочин
Зочин
CHONO
Зочин
teneg
ожоо
ожоо
ØÀÐ ÇÓÐÕÀÉ ÇªÂ
ØÀÐ ÇÓÐÕÀÉ ÇªÂ
ØÀÐ ÇÓÐÕÀÉ ÇªÂ
unshigch
Зочин
Зочин
Зурхай
Зурхай
Зочин
Баатархуяг-т
Зочин
sanal
Зочин
Уншигч
Үлмэдэх
би
çî÷èí
рү
Зочин
Зочин
XG
Зочин
mn-no
Batbayar
Зочин
Зочин
Çî÷èíä
зочин
UYNGA
ema
Зочин
halh
Зочин
Зочин
Зочин
bug
Зочин
Зочин
Зочин