Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн 20-р зууныг хүртэл ямарваа нэгэн төгс зүйл рүү тэмүүлж түүнд хүрэхийг эрмэлзэж байсан нь олон ч -изм, номлолуудаас харагддаг. Харин Эйнштэний харьцангуй онол, цаашлаад интэрнэт гэх зүйлс бий болсон нь хүмүүсийн “зорилгыг” эвдэж хүн юунд ч хүрч болно, юуг ч бүтээж болно гэдгийг харуулсан. Харин өнөөгийн энэ хөгжлийн хурдац нь мэдээж соёл, иргэншилтэй салшгүй холбоотой. Энэ бүхнийг эхнээс нь хэдүүлээ харах гээд үзий, дэлхий дээр орших олон төрлийн соёл иргэншил яаж үүсэн өдийг хүрэв гэдгийг сонирхьё.

     Эхлээд хүн үүссэн Африк тивээс эхлэе.

     Одоогийн Африк тивийн Нигери, Камерун орчмын нутгаас МЭӨ 2000 оны үед Банту хэмээх үндэстэн үүсчээ. Энэ нь одоогийн Африкийн уугуул “хар” гэж нэрлэгдсэн үндэстэн болж ойр орчмын нутаг дэвсгэрийг эзэлж хойшоо Сахарын цөл, урагшаа одоогийн Ангол, Зимбабвегийн нутаг хүртэлх газрыг хүрчээ. Хойш, урагшаа илүү явах газар байвч хойшоо Сахарын аварга том цөл, урагшаа цөл зэлүүд, ган гачиг, мод бут цөөтэй газар орон байгаа нь, тэдний аж амьдралынхаа эх үүсвэр тариа будаа олох боломжыг үгүй хийснээр нүүдлээ зогсоосон гэдэг. Тиймээс олон жилийн турш Арабууд болон Өмнөд хэсгийнхэн (одоогийн Ботсвана, Өмнөд Африк, Намиби г.м) он удаан жилийн түүхнээ бараг тусгаарлагдан амьдарсаар ирэв. Арьс өнгө, амьдралын хэв маяг, соёл нь ч ялгаатай өөр өөр байлаа. Бантучуудын амь зогоох гол зүйл нь ан амьтан гэхээсээ илүү тариа будаа юм. Тэд аварга том царс модыг унаган жижиглэн нүдэж, өөрсдийн бүтээсэн болхи тээрэмдээ хийснээр сая нэг гурилтай болж авна. Нэг овог отог зургаан өдрийн турш борив бохис хийлгүй ажиллаж ердөө 10 хоногийн хоол хүнсээ базаана. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн ч ажлын бүтээмж тун багатай нь харагдаж байгаа биз. Зөвхөн хоолондоо ингэж их цаг зарцуулна гэсэн үгийг хэлэх гээд байна л даа. Цаана нь сурч боловсрох, жимс тариа түүх, ан гөрөө хийх ажилд цаг тун бага гарна. Боолын наймаа, колончлолын үед ч саяханыг болтол Африк ингэж амьдарсаар ирэв. Одоо ч зарим үндэстэн ингэж л амьдарч буй.

 Харин нүүдэлчид бид яаж амьдран өдийг хүрэв. Эрс тэс уур амьсгалтай нутагт хүн амьтан сийрэг суурьшиж үргэлж л “амьд биеттэй” харьцсаар иржээ. Малын бэлчээр дагаж байнга л ийш тийшээ явах учир олуулаа, овгоороо, отгоороо амьдрах нөхцөл үгүй. Хоол хүнс, дулаан хувцасаа малаасаа авчина.Тиймээс ганц нэг өрх айл бие дааж мал даган амьдрах болов. Айл болгонд л уух сүү, идэх мах, нүүх тэмээ, явах морь байдаг нь наймаа панз үсэргэх ямар ч нөхцөлийг бүрдүүлсэнгүй. Хааяахан хэрэгтэй юм гаруул булаагаад л авчина. Өөр хоорондоо л булаалцалдана. Наймаа панз үсэргэж тохиролцоо гэсэн юм байхгүй. Тэгэх ч нөхцөл үгүй.  Хэнээс ч хараад бус энэ амьдралд хамтын хөдөлмөр, эв нэгдэл гэх зүйлс гарахгүй бөгөөд өлсөж үхэхгүй өдий болтол амьдарсаар ирэв. Тиймээс нүүдэлчдийн хамгийн гол дайсан нь хөрш зэргэлдээх нүүдэлчид нь.

  Тэгвэл өнөөгийн дэлхий, ертөнцийн хөгжил ямар амьдралтай ард түмнээс үүссийн бол оо? Ямарч байсан дээрх 2 амьдралаас үүсэн гэх нөхцөл үгүй юм. Анх Иракийн газар нутаг дахьТигр, Евфрат, Хятадын Шар, Хөх мөрний үржил шимт нутагт хүн төрөлхтний иргэншлийн гал голомтууд үүссэн гэж судлаачид үздэг. Өвөл нь дулаахан, зун нь нохой гаслам халуун биш энэ нутагт газар тариалан эрхэлсэн ард түмэн амьдрах болов. Асар том тариан талбайг арчилах нь нэг хүний эсвэл нэг гэр бүлийн хийж чадах ажил биш. Заавал олны хүчээр, бүгдээрээ, хамтаараа, багаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Урт шуудуу ухаж, усалгаа хийх учир зайлшгүй хамтын хүч хэрэгтэй болно. Хувь газруудаа нийлүүлээд дундуур нь шуудуу ухаж усалгаа хийх нь хэн хэндээ ашигтайгаар үл барам хамтын ажлыг сүйдгэвэл шийтгэл хүлээнэ. Хамтын хөдөлмөрөөр босгосон ажлаа бүгдээрээ өөрийн юм шиг хайрлана. Тиймээс газар тариалан эрхэлдэг ард түмэн илүү хамтач, эвт нэгдэлтэй байх нь. Тариан талбай нь мал шиг тэнээд алга болчихгүй тул суурьшмал амьдрах нөхцөл бүрдэнэ. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэйгээр барахгүй ган гачигтай жилийг давах хүнсээ хадгалж чадна. Мал шиг хуйгаараа үхээд, мянгат малчин нэг л өдөр хог дээр гарчихгүй. Эндээс анхны хот, тосгод үүсэн бий болж, хамтын хөдөлмөр нь заавал нэг удирдагчийг гаргаж ирнэ. Хамтын хууль дүрэм ч хүссэн хүсээгүй бий болно. Улмаар МЭӨ III-IV зуунд төрт улс үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.  Гуталчин, үсчин, оёдолчин бий болж хэн хэндээ ашигтайгаар амьдрах болов. Суурьшмал иргэд томрох тусам улам л бие биенээсээ хараад болж ирнэ. Аймшигт тахал гарахад хамтдаа олуулаа сүйрэх учир байгалыг “өөрчлөн” шинэ зүйлс сэдсээр иржээ. Тахалаас хамгаалах эм тан бий болгосон тэдэнд галт уулын дэлбэрэлт, үер, дайн дажин гээд асуудал мундахгүй ч энэ бүхэнд хохирол багатай гарахын тулд хамтын чармайлт, хамтын хариуцлага байсан нь ойлгомжтой. Тиймээс газар тариалан эрхэлсэн ард түмэн илүү хамтач нэгнээ ойлгодог, багийн тоглолт сайтай байх нь.

   Харин бие биенээсээ хамаарах магалдал багатай, амин хувиараа амьдарч ирсэн нүүдэлчдэд байгалийн бэрхшээл их байсан ч, өөрчлөх биш байгалтай зохицон амьдарсаар иржээ. Тиймээс амьдрах чадвар тун сайтай гэсэн үг. Харин хамтран амьдрах талаар муу. Нүүдэлчид амиа бодсон, аливаа хөдөлмөрийг үл ойшоосон, бүтээн босгох биш булаан эзлэхийг уртал болгодогийг түүхээс ч харж болно. Нүүдэлчдийн дундаас зохион бүтээгч, эрдэмтэн төрөн гарахаасаа илүүтэйгээр баатар, цэргийн жанжин, ийш тийшээ аян дайн хийсэн эзлэн түрэмгийлсэн нөхдүүд л харагдана. Нүүдэлчдийн гол дайсан нь хөрш зэргэлдээх нүүдэлчид нь. Монголчууд бид одоо цагт ч энэ зангаа тавихгүй гадаад Монгол нь Монголтойгоо үзэлцсээр л таардаг шүү дээ...

        Африкийн ард түмэн, нүүдэлчид, суурьшмал иргэншилтэй ард түмний аж амьдарлын гурван өөр хэв шинж нь “ухаант хүний” анхдагч юм идэх хэрэгцээ дээрх гурван бүс нутагт харилцан адилгүй өөр байсан нь, тэдний өнөөгийн байгаа байдлыг илтгэх түүх болон үлдсэн нь энэ юм. Тухайлбал анхдагч хэрэгцээгээ яаж хангаж байна түүний амьдрах нөхцөл харилцан адилгүй өөрчлөгдөнө гэсэн үг юм.  Үргэлж ийм байна гэсэн үг мэдээж биш. Энэ бол ген гэхээсээ илүү хүмүүсийнхэн сэтгэхүй,амьдарч буй орчинд нь хамаатай юм. “Нүүдэлчин” Монгол хүүхдийг иргэншсэн нийгэмд аваачаад багаас нь өсгөвөл тэднийгээ дагасан амьтан л болж хувирна. Африкийн үр удам шинэ тивд хөл тавьсанаасаа 200-300 жилийн дараагаар хамгийн том гүрнийг удирдах болж байна. Иргэншил гэдэг ийм чухал бус уу. Дэлхийд өндөр хөгжилтэй улсууд одоо ч гэсэн газар тариалан эрхэлсэн ард түмнээс үүсэлтэй.

   

     Нийслэл хот маань 360 жилийн түүхтэй гэх боловч суурьшмал (байрнаасаа хөдлөхөө болиод) болоод ердөө 60, 70-аадхан жил болж байна. Тиймээс бид иргэншилтэй суурьшмал хотын хүн болох шилжилтийн үе дээрээ явж байгаа нь харагдсаар л... Нийтийн гэх газар нь хамгийн бохир. Нийтийн жорлон, автобус, гудамж талбай гэх мэт. Сүүлийн үед машин зам дээр ч бидний амиа бодсон, алсын хараагүй зан тодорхой харагддаг.

    ...Одоогоос 800 жилийн өмнө хувийн тоглолт сайтай нүүдэлчдийг Тэмүжин гэж ухаант хүү нэгтгэж, чадвар сайтай ч багийн тоглолт мэддэггүй нөхдүүдийг багаар тоглохыг зааж өгсөнөөр Дэлхийн хуурай газрын талыг эзэлсэн түүхтэй. Түүнээс хойш харамсалтай нь хоорондоо үзэлцсээр л, тогооноосоо дээшээ гарах гэсэн нэгнийгээ бид татсаар л байна. Энэ бол бидний түүх...