“Орхидос”
Манай улсад спорт хөгжиж Олимпийн аварга, Дэлхийн аваргууд ар араасаа тодорч бид 2012 оны Лондонгийн Олимпыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ үнэхээр хөгжөөд сүйд болсон уу бүгдээрээ харья л даа.
Манай улсад спорт хөгжиж Олимпийн аварга, Дэлхийн аваргууд ар араасаа тодорч бид 2012 оны Лондонгийн Олимпыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ үнэхээр хөгжөөд сүйд болсон уу бүгдээрээ харья л даа.
Монголчууд бид “дөрөвхөн” спорт хөгжүүлж тэр нь бидний бахархал болсоор 20 жилийг үзжээ. Спортоо ТОП-4 гэж ялгасны “ач” одоо ч харагдсаар байна. Бусад спортууддаа яагаад санаа тавьдаггүй юм бэ. Манай удирдлагууд бүх хүүхдүүдээ бөх, боксчин болгох гэсэн юм байх даа. Коммунизмын үеийн спортын бодлогоо үнэндээ гүйцэхгүй байна. Бидний муулдаг тэр хаалттай нийгэмд спорт “эрх тэгш” хөгжиж манай тамирчид Олимп, Дэлхийгээс медаль олноор нь авчирдаг байлаа. Олимпийн алт л байгаагүй юм. Нэг ч ялагдаагүй Олимпийн мөнгөн медальтай тамирчин ч бий. Хөнгөн атлетикаар Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, хөлбөмбөгөөр хөрш зэргэлдээх орнуудтайгаа өгөө аваатай үзэж, гимнастикийн үзүүлбэрийг төв цэнгэлдэх дүүрэн хүн үздэг байв. Гэтэл одоо хөнгөн атлетикаар онигоо болж (дээр үеийн амжилтуудаа ч эвдэж чадахгүй байна), хөлбөмбөг нь тээр дор шааригдаж, гимнастикийн холбоо гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу болчихоод байна. ТОП-4-өөс бусад спортоор хичээллэхийг хүссэн хүүхэд багачууд хаана хандах вэ? Тухайн холбоон дээр нь очихоор хэдэн сонирхдог хүмүүс нь л секц дугуйлан хичээллүүлж ихэнх нь ядруухан заал танхимд бэлтгэл сургуулилтаа хийж сонирхлын журмаар явна. Үнэндээ улс биш хэдэн сонирхогчид нь авч явсаар. Хичээллэгчдийн тоо улам багасаж, хөгшчүүд нь ихсэж, залуучууд нь багассаар байна. БТСУХ (Биеийн тамир спортын улсын хороо) нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ гэдэг ч зорилгоо сайн ойлгодоггүй юм шиг. Нийт биш ТОП-4 спортыг л хөгжүүлээрэй гэсэн үүрэг авсан юм шиг “ажиллана”. Гол ярьдаг юм нь Олимп. Спорт гэхээр заавал Олимп гэж ойлгодог системийг өөрчлөх хэрэгтэй. Энэ чинь тусдаа хоёр ойлголт. Олимп нь дэлхийн нийт “ард иргэдийн” дунд хамгийн их үзэгчтэй, сонирхолтой, хэрэгтэй төрлүүдийг нэгтгэсэн спортын наадам. Манайд бол Олимпод ордоггүй төрлийг бол улс харж үзэхчгүй. Ямар Олимпт орж эх орныхоо нэрийг гаргах биш гэсэн шиг. Заавал бөх, боксчид бидний бахархал байх ёстой юм уу? Сүүлийн байранд ордог ч гэсэн хөнгөн атлетик, хөлбөмбөг, цана, тэшүүр усанд сэлэлтийн тамирчид бидний бахархал байж яагаад болохгүй гэж. Ард иргэд ямар спорт үзэх сонирхолтой бол, ямар спортоор хичээллэхийг хүсэж байгаа бол гэдэг судалгаа хэзээ ч биелэхгүй юм шиг. Хамгийн их үзэгч цугласан спортын тоглолт гэвэл Монгол – Ардчилсан Солонгосын хөлбөмбөгийн тоглолт болно. Дотооддоо хамгийн их үзэгчтэй нь сагсанбөмбөгийн лиг. Таван сар хүртэл долоо хоногийн 3 өдөр болж байхад спортын төв ордон дүүрэн хүн үздэг юм. Үнэндээ Монгол тамирчдаа харна уу гэхээс бөх, бокс, буудлагыг шимтээд үзэх хүн тун ховор болов уу. Бид нар энэ ТОП-4 төрлөөр л амжилт гаргана, бусад нь хөгжихгүй, багийн спортоор бол явахгүй гэж ам уралдан ярина. Монголчууд тийм авьяас муутай ард түмэн гэж би хувьдаа бодохгүй л байна. Манайдаа л чөлөөт бөх, бокс том болохоос Олимпоос хасагдахын наана цаана ороод байгаа төрлүүд шүү дээ. Монголчууд бид өөрсдийгөө аугаа ард түмэн гэдэг, аугаа болохын тулд аугаа спортыг хөгжүүлж, наадаж сурмаар байна. Үүнтэй холбоотой Монголын гадаад талбайн спорт хүрээлэнгүүдийн ихэнх талбай устаж, ТОП-4 төрлийн заал танхим улам боловсронгуй болсоор. Монголын хамгийн том 15-р хорооллын сагс, хөлбөмбөг, газрын теннисний цогцолбор талбай барилгаар солигдох цаг улам л ойртсоор. Тэмцдэг хүмүүс нь спортын сэтгүүлчид. Тэгэхээс манай удирдлагууд санаа тавина гэж хэзээ ч байхгүй. Ийгл телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсон БТСУХ-ны Сургалт эрдэм шинжилгээ, спортын төвийн дарга Ч.Зоригтбаатар “Одоо нэгэнт өнгөрсөн юмыг яалтай ч билээ” гэж хээв нэг хариулж зогсоно. Түүний ах Ч.Наранбаатар гэдэг нөхөр байсхийгээд хэвлэлийн хурал зарлаж Олимпийн аварга, гавъяат тамирчдыг суулгаж байгаад өөрийгөө магтуулдаг ажил хийсээр эргээд БТСУХ-ы даргаар томилогдсон. Ч.Наранбаатарыг дахин БТСУХ-ы даргаар томилогдсонд үнэндээ харамсаж байна. Томилдог хүмүүс нь адилхан гарууд гэж бодоод л өнгөрье дөө. Удирдах албан тушаалтан гэдэг өмнөх удирдлагынхаа ажлыг зөв гэж үзвэл цааш нь үргэлжлүүлж, буруу зам руу чиглэж байвал зөв замд оруулахын төлөө ажиллаж бодлогоо тодорхойлдог. Гэтэл 90-ээд оноос хойш ангилсан ТОП-4 гэж ялгасны гайг одооны удирлагууд нь ч ялгаж салгаж чадахгүй үргэлжлүүлсээр байна. Монголын спортод хэзээ ч менежмент гэх зүйл байгаагүй. Мөнгөөр зодвол спорт хөгжих ёстой гэж ойлгуулна. Алс хэтийн төлөвлөгөө гэж алга. Өнөөдрийн Бээжингийн Олимп чухал болохоос маргаашийн 2012 оны Лондон, нөгөөдрийн 2016 оны Рио дэ Жанэйрогийн Олимпын наадам гэдгийг бүр бодохчгүй зорилгоо тодорхойлж сууна. Тэр үеийн удирдлага нь яаж ийгээд болгоно биз гэсэн бодол ирээдүйг нь зурна. 2020 оны Олимпод манай улс 10 төрлөөр Олимпын эрх авч, 6 төрлөөр медалийн төлөө өрсөлдөхүйц хэмжээнд очино доо гэж хэн ч зорих байтугай бодохгүй.