Итгэлцэл Фрэнсис ФУКУЯМА
Бид хорин нэгдүгээр зуунд ойртохын хэрээр дэлхий дахинд улс төр, эдийн засгийн инстүүцүүдын харилцан ижилсэл улам бүр илэрхий болж байна. Тэгвэл улиран одож байгаа зууны ихэнх хэсэгт нь дэлхийн улс орнууд үзэл суртлын гүнзгий зөрчилд автан хуваагдмал оршиж байсан билээ.
Фрэнсис ФУКУЯМА
Нийгмийн буян, хөгжин цэцэглэх зам
ИТГЭЛЦЛИЙН ТУХАЙ САНАА:
ЭДИЙН ЗАСГИЙН НИЙГЭМ ЦОГЦЛООХОД
СОЁЛЫН ҮНЭМШИМГҮЙ ИХ ХҮЧ НӨЛӨӨ
ЭДИЙН ЗАСГИЙН НИЙГЭМ ЦОГЦЛООХОД
СОЁЛЫН ҮНЭМШИМГҮЙ ИХ ХҮЧ НӨЛӨӨ
ТҮҮХИЙН ТӨГСГӨЛ ДЭХ ХҮНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
Бид хорин нэгдүгээр зуунд ойртохын хэрээр дэлхий дахинд улс төр, эдийн засгийн инстүүцүүдын харилцан ижилсэл улам бүр илэрхий болж байна. Тэгвэл улиран одож байгаа зууны ихэнх хэсэгт нь дэлхийн улс орнууд үзэл суртлын гүнзгий зөрчилд автан хуваагдмал оршиж байсан билээ. Улс төрийн хүрээнд хаант засаг, фашизм, чөлөөт ардчилал, коммунизм өөр хоорондоо улайран тэмцэлдэж байсан бол эдийн засгийн салбарт улс гүрнүүдийн зам протекционизм, корпоративизм, чөлөөт зах зээл, социалист төвлөрсөн төлөвлөгөөт ёс гэхчилэнгийн чиглэлээр олон салаалж байлаа. Хэдий тийм ч өнөөдөр чухамдаа хөгжилтэй бараг бүх орон либерал ардчилсан инстүүцтэй болсон буюу тийм инстүүцтэй болох гэж хичээж байгаагийн зэрэгцээ маш олон орон зах зээлийн эдийн засгийн чиглэлд шилжиж, дэлхийн капиталист хөдөлмөрийн хуваарьт оролцохыг эрмэлзэх болжээ.
Ийм шилжилт, миний өөр нэг номондоо нотолж байсанчлан, хүний нийгмийг нэгээхэн эцсийн зорилгын зүг урагшилж яваа өргөн хүрээтэй хувьсал мэтээр Түүхийг үздэг марксч-гегельч ойлголтын үүднээс бол “түүхийн төгсгөл” болж байгаа юм.1 Орчин үеийн технологийн өрнүүн дэвшил үндэсний эдийн засгийг зүй зохистой хэлбэрт оруулан төлөвшүүлж, тэдгээрийг дэлхийн харилцан уялдаатай асар том эдийн засагт нэгтгэж байна. Орчин үеийн амьдрал улам нарийн төвөгтэй болж, мэдээллийн хуримтлал улам бүр өсч байгаа нь эдийн засгийн төвлөрсөн төлөвлөлтийг маш хэцүү болгож байна. Технологид түшиглэсэн капитализмын цогцлоосон асар их хөгжил цэцэглэлт нь түгээмэл тэгш эрхт либерал дэглэмийн үржил шимт хөрс болж байна. Ийм дэглэм тогтоосноор хүний нэр төрийг хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл оргилдоо хүрч байгаа билээ. Олон улс орон ардчилсан инстүүц болон чөлөөт зах зээлийг төвхнүүлэхийн тулд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсан бол, ялангуяа коммунист дэглэм ноёрхож байсан ертөнцөд зарим орон буцаад фашизм руу юм уу анархи ёс руу гулсан оржээ. Ийм нөхцөлд дэлхийн хөгжилтэй улс орнуудад өөрсдийнх нь зорьж байгаа ардчилсан капитализмаас өөр улс төр, эдийн засгийг зохион байгуулах хувилбар загвар алга байна.
Гэхдээ төрийн инстүүц ардчилсан капитализмын загварын хүрээнд ижилсэж байгаа нь нийгмийн сорилт дуудлага төгсөж байна гэсэн үг хараахан биш юм. Тухайлан инстүүцчилэгдсэн бүтцийн хүрээнд арай баян, арай ядуу улсын аль нь ч байж болно, эсвэл нийгмийн болон оюун санааны амьдралдаа наанатай цаанатай сэтгэл ханадаг байж болно. Ямар ч байлаа гэсэн, “түүхийн төгсгөлд” болж байгаа инстүүцийн ижилслийн нэг үр дагавар нь постиндустрал нийгэм том санаалсан нийгмийн инженерчлэлийн аргаар цаашид төгөлдөрших боломжгүйг түгээмэл ойлгосон явдал юм. Бид төрийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар “аугаа нийгэм” байгуулж чадна гэх найдвар цаашид өвөрлөж явах боломжгүй болжээ. Клинтоны засаг захиргаанд 1994 онд АНУ-ын эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тулгарсан бэрхшээлүүд америкчууд үндэсний эдийн засгийнх нь чухал салбарын удирдлагад төрийн өргөн хүрээтэй оролцоо үр өгөөжтэй байна гэдэгт олигтой итгэхгүй хэвээрээ байгааг харуулсан юм. Ажилгүйдэл болон цагаачлалын өндөр түвшин зэрэг Европт хамгийн их санаа зовоосон асуудлыг нийгмийн халамжийг өргөжүүлэх замаар шийдэж болно гэж зүтгэх хүн тус тивд бараг нэг ч байхгүй. Харин ч болвоос, Европын аж үйлдвэрийг дэлхийн хэмжээнд илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд шинэчлэлийн хөтөлбөрт нийгмийн халамжийг буцааж танах асуудал орох ёстой гэж үзэж байна. Өнөөдөр ихэнх эдийн засагчид Их хямралын дараа бизнесийн мөчлөгийг зохицуулахын тулд аж үйлдвэржсэн ардчилсан улсуудын өргөн дэлгэр хэрэглэх болсон Кейнсийн дутааж зарцуулах арга хүртэл алс хэтдээ хор уршигтайгаа харуулсан гэж үзэх болжээ. Эдүгээ олонхи засгийн газрын макро эдийн засгийн бодлогодоо гол санаа тавих юм нь мөнгөний нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, төсвийг их алдагдалд оруулахгүй хянаж байх замаар гай тарихгүй байх явдал болоод байна.
Нийгмийн инженерчлэлд найдах горьдлогыг орхиод байгаа өнөө үед бараг бүх буурьтай ажиглагч чөлөөт улс төр, эдийн засгийн инстүүцийн оршин тогтнох чансаа нь эрүүл саруул бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа иргэний нийгмээс хамаарна гэдгийг ойлгож байна.2 Гэтэл “Иргэний нийгэм” хэмээх бизнес, сайн дурын нийгэмлэг, боловсролын байгууллага, клуб, холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, буяны байгууллага, сүм хийд энэ тэрийг хамарсан завсрын байгууллагуудын эмх цэгцгүй цогцолбор нь хүмүүс соёлжин нийгэмшдэг анхан шатны хэрэгсэл байдаг гэр бүлийн хажуугаар гарч ирнэ; хүн чухамхүү гэр бүл дотор соёлжиж, дадал заншил эзэмшиж, тэгснийхээ хүчинд өргөн хүрээтэй нийгмийн дотор аж төрөх боломжтой болдог, уг соёл, дадал заншлаар дамжин тэрхүү нийгмийн эрхэм зүйлс хийгээд мэдлэг нь үеэс үед уламжлан шилжинэ.
Бат бөх, тогтвортой гэр бүлийн бүтэц, урт настай нийгмийн инстүүцийг төв банк юм уу арми шиг төрийн хуулиар байгуулах боломжгүй. Дэвжиж байгаа иргэний нийгэм хүмүүсийн дадал зуршил, зан заншил, ёс зүйгээс хамаарна, энэ бүх шинжид улс төрийн зориудын үйлдэл гагцхүү дам нөлөөлдөг, тэдгээр шинжийг соёлоо хүндэтгэх, ухамсраа дээшлүүлэх замаар тэтгэн төлөвшүүлэх ёстой.
НЭПКО хэвлэлийн газар
Зочин
bayaraa
Зочин
RAVDAN
Бат-Эрдэнэ