Монгол улс хэзээ ч Хятадтай нэг бүлд байгаагүй
Монгол улс анх удаа тусгаар тогтнолынхоо өдрийг тэмдэглэх гэж байна. Ийм сайхан санаачлага гаргаж хуульчлуулсан Ерөнхийлөгчид талархууштай.
Монголын хоёр тэмдэглэлт өдрийг өнөөгийн хятадууд хүлээн зөвшөөрөх дургүй байдаг нь 1206 онд Их Монгол улсыг тунхагласан, 1911 онд Монгол улс тусгаар тогтносон явдал билээ. 1912 оны Цинхайн хувьсгалыг далимдуулан монголчуудын хойд хэсэг нь оросуудын оролцоотойгоор тусгаар тогтнолоо зарласан гэж тэд үздэг. Эндээс үүдээд Хятадын олон үндэстний нэг болох монголчууд 1206 онд Хятадын нэг шинэ династийг үүсгэсэн гэж тэд мэтгэдэг. Иймэрхүү тайлбар жил ирэх тутам улам хүчээ авч, эх газрын Хятадын албан ёсны түүхэнд албан ёсоор хүч түрэн орж ирлээ.
Хятадын орчин үеийн түүх судлалд Юань династийн тухай тун болгоомжтой ярьдаг байсан. Юань династийн хүрээг өнөөгийн Хятад улсын хүрээнд хамруулан дунд сургуульд үздэг байлаа. Мэдээж Юанийг Хятадын түүхээс хасах аргагүй, яаж ч үзээд энэ бол Хятадын төр, Хятадын түүх. Харин удирдлага нь харь монголчууд байсан. Түүгээр барахгүй хань хятад хүнийг дөрөвдүгээр зэрэглэлд багтаадаг байлаа. Нөгөө талаас мөнөөх монголчууд нь найрамдалт хөрш аж. Иймээс нэлээд болгоомжтой, илүүтэй “марксист” маягтайгаар тайлбарладаг байсан юм. Хятад улс зах зээлд орохын хэрээр задгайрч “хагас албан бус” байдлаар түүхийн тайлбар элбэг гарах боллоо. Юун түрүүн тэд Чингисийн үеийн түүхийг Хятадын түүхийн нэг хэсэг гэж улайм цайм зарлах болов.
Хятадууд өөрсдийгөө зунго гэдэг. Энэ нь дундад улс гэсэн үг. Хятадууд дэлхийн төвд суудаг, тойроод зэрлэг бүдүүлэг хүмүүс амьдардаг гэсэн нэн эртний бардамналаас энэ нэр үүдэлтэй болов уу. Гэхдээ 1912 оны Цинхайн хувьсгал хүртэл өөрснийгээ хэзээ ч албан ёсоор Дундад улс гэж байсангүй. Хятад уламжлалаар улсаа династиар нэрлэдэг, он тооллоо ч хаанаасаа эхэлдэг. Сүн, Мин, Чин гэх мэтээр династи болгон өөрийн нэртэй байснаа Цинхайн хувьсгалаар нөгөө хийсвэр ойлголт Зунго-гоо албан ёсны болгожээ. Хятад угсаатныг өөрснөө хань үндэстэн гэнэ. Энэ нь эртний Хань династийн нэрээс үүдэлтэй. Ингэхээр Зунго гэсэн тодорхой бус ойлголтонд багтах буюу багтааж байгаа бүх хүнийг зунго хүн, хятад угсаатнаа хань хүн гэж ялгах болжээ. Хятадын түүх судлал түүхэн хувиралд орж Чингис хаан умрын зэрлэг, харийн түрэмгийлэгч гэгдэж байснаа одооноос тэрээр монгол угсаатан боловч зунго хүн болж хувирч байгаа ба үүнээ дагаад Чингисийн Хятадад хийсэн аян дайн нь гадны довтолгоо биш, эх орноо нэгтгэх гэсэн нэгэн омгийн хөдөлгөөн, улмаар иргэний дайн болгон өөрчилж байна. Ингээд нэг л мэдсэн Чингис хаан нь Юань династийг үндэслэгч болвой.
Өнөөгийн хятадуудын энэ логикоор явбал Орос улсыг үндэслэгч нь бас Чингис хаан болно. Үе үеийн турш Орос нь олон үндэстний нэгдэл байлаа. Тэгэхээр оросууд ч өөрийнх нь монгол хэмээх нэгэн овог угсаатан хүчирхэгжиж матюшка Россия-гаа нэгтгэсэн гэж дайрч болно. Үнэхээр ч ингэж бичиж байгаа. Фомеко, Носовский гээд түүх тайлбарлагчид буй болсон. Сяньби бол одоогийн Серби, Монгол гэдэг бол “могл” буюу чадав гэсэн польш үг, өргөмөл хүү Александр нь “батя” гэж дууддаг байсан тул Бат хааны нэр үүсчээ гэх мэтээр тэд тайлбарлан ном хэвлүүлжээ. Ил хаадын династи бол Персийн түүхийн нэгээхэн том хэсэг. Ингэхээр Чингис Персийн түүхийн шинэ хуудсын автор болж Ахмаднажид Монголыг өөрийн гэж нэхэх эрхтэй болох нь. Энэтхэгийн Их Монгол улсыг Чингисийн өвөг Бодончир мэргэнээс гаралтай Төмөр хааны удмынхан байгуулсан болохоор орчин үеийн Энэтхэг Чингисээс гаралтай гээд хилээ Байгаль далай хүртэл өргөтгөнө гэж болохнээ дээ. Төв Азийн шинэ тутам буй болсон бүх орнууд энэ логикоор хөөвөл Монголыг өөрийн салшгүй нэг хэсэг гэж булаацалдах эрхтэй болж байна. Ер нь тэгээд Монголоос юм үлдэх нь үү?
Монголын түүхчдийн харалган, хэт үзэл сурталжсан тайлбар хар аяндаа үүнд ташуур болж байгаа юм. Хубилай бол монгол үндэстэн, Чингис хааны ач хүү. Чухам тэрээр Хятадын Сүн династийг сөнөөж орноос нь Юань династийг байгуулж өөрөө хаан ширээнд нь суусан. Юу ч гэж тайлбарлаад Юань бол гарцаагүй Хятадын нэгэн төр. Ингэхээр Хубилай бол Хятадын хаан. Үе үеийн хятад династиуд умар зүгээсээ байнгын аюулд оршиж байлаа. Хубилай үүнээс ангид байгаагүй. Дүү Аригбөх болон түүний удмынхан Хубилайн Хятад гүрэн рүү зуун жил уулгалаж байсан юм. Хятадын бүх хаадын нэгэн адил Хубилай хаан умрын аюулаас эмээж, хориг арга хэмжээ авч байлаа. Манай түүхчид хятадуудтай Хубилайг булаацалддаг. Энэ нь Юань гүрнийг өөрийн гэж булаацалдаж буй хэрэг. Хятадын өнөөгийн түүхчид чухам үүнийг л зөвшөөрөөд байгаа юм. Тиймээ, Юань бол Хятадынх ч мөн, Монголынх ч мөн гэж буй хэрэг. Яагаад гэвэл Хубилай нь хань үндэстэн биш, яах аргагүй монгол угсаатан, гэхдээ нэгэнт дундаа Юаньтай учраас хаан нь зунго хүн болж байна. Нэгэнт Хубилай зунго юм бол Чингис зунго. Ингэхээр Чингис бол Юань династийг үндэслэгч монгол угсаатай зунго хүн. Манайхны түүхэнд хандах хандлагын логик гаргалгаа энэ болчихоод байгаа биз? Яг үүгээр нь өнөөгийн хятадын түүхчид хандаж байна. Олон хэлээр бичиж хэвлүүлсэн Хятадын хаад хэмээх товхимол, зурагт хуанли Бээжингээр нэг зарж байна. Юань династийг үндэслэгч монгол цустай зунго хүн - Чингисийн зураг тэнд намтартайгаа хүндтэй байр эзэлж байна. Дэлхийг эзэлсэн зунго хүн гэдэг ном саявтар Бээжинд хэвлэгдэж бэстсэллэр болж байсан. Тэр зунго хүн нь хэн гээч? Чингис хаан шүү дээ! Май, ийм л хариу гарч ирлээ дээ, түүхчид гуай.
Монгол үндэстэн бол зунго хүмүүс юм гэсэн хоёр дахь гаргалгааны эхийг мөн л манай түүхчид гаргаж иржээ. Марксизмын онол, Лениний тайлбар ёсоор дарлагдан боолчлогдсон ард түмэн гэнэт сэрж дотоодын баяд ноёд, гадаадын колоничлогчдыг сэгсэрч хаяад капитализмын ангалыг нэвт дүүлэн цаана нь гарч гэрэлт социализм коммунизм байгуулаад унадаг ажгуу. Дотоодын дайсан ч яахав бэлэн, феодлын харилцаат улс болохоор ноён, лам хаа мундах билээ. Гадаадын колоничлогчдын эрэлд хатлаа. Колоничлогчид нь хятадууд болж таарав. Ингээд колонийн дарлалаас 1921 оны 7-р сарын 11-ний өдрийн үд дундад чөлөөлөгдөвөй.
маша
amaraa
EX ORONCH