Ц.Шинэбаяр: Баяр гэдэг даргаас өмнө манай нам байртай ч байлаа, архивтай ч байлаа
УИХ-ын эрхэм гишүүн Ц.Шинэбаярыг “Ярилцъя” булан зочноороо урьлаа
УИХ-ын эрхэм гишүүн Ц.Шинэбаярыг “Ярилцъя” булан зочноороо урьлаа. Түүний үзэл яг өнөөдрийн нийтээрээ даган баясч байгаа, нийтээрээ бөхөлзөн зөвшөөрцгөөж байгаа хам үзэгдлээс ангид байгаа нь миний анхаарлыг их татдаг. Уншигч таны ч анхаарлыг татах байх.
-Саяхан танай намын бага хурал хуралдаж, намын дарга солигдлоо. Харьцангуй дуу чимээ багатай, намдуухан хурал болж өнгөрлөө. Энэ хуралд та суусан уу. Нам дотор болж өнгөрсөн үйл явдлын талаар ямархуу дүгнэлттэй байна?
-Нийгмийн зүгээс болоод намын хамт олны дотор маш их хүлээлттэй хурал байсан. Гэвч үнэн хэрэгтээ намын гишүүд болон намын хамт олны дотор байгаа өөрчлөлт шинэчлэлтийг хүсдэг, түүний төлөө зүтгэдэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн хурал болж чадаагүй. Өөрсдийнхөө энэ дотоод хүлээлтэд бүрэн дүүрэн хариу өгч чадаагүй юм чинь нийгмийн дунд байсан хүлээлтэд ямар хариу очсон нь ойлгомжтой биз дээ. Ийс л нэг хурал болоод өнгөрсөн. Ерөөсөө урд өмнө нь болдог байсан шигээ л цаанаасаа дэглэлттэй, бүх юмандаа бэлдчихсэн, байдаг л нэг ердийн хурал болсон. Мэдээж намын дарга өөрчлөгдсөн. Намын дарга өөрчлөгдсөн явдлыг зарим хүмүүс шинэ, санаандгүй зүйл болж байгаа юм шиг хүлээж авсан боловч миний хувьд бол энэ сонин биш явдал байсан. Өөрчлөгдөх нь гарцаагүй зүйл байсан учраас.
-Тийм үү. Өөрчлөгдөх шаардлагагүй гэж жишээ нь би харж байсан?
-Намын дарга өөрчлөгдсөнийг нэлээд хүмүүс гэнэтийн огцом шийдвэр боллоо. Эр зориг гаргасан шийдвэр боллоо, шинэ жишиг тогтоолоо гэж яриад байгаа. Би үүнтэй бол санал нийлдэггүй л дээ.
-Яагаад. Улс төр дахь хамгийн том эрх мэдлийн эзэн байсан хүн шүү дээ. Эрх баригч намын дарга, ерөнхий сайдын албыг сайн дураараа өгсөн жишээ манай практикт байхгүй шүү дээ?
-Намын дарга байсан, ерөнхий сайд байсан хүний талаар яаран дүгнэх нь тийм зохимжтой зүйл биш шүү дээ. Энийг чинь цаг хугацаа, түүх дүгнэж гаргаж ирдэг байхгүй юу. Та миний хувь хүний байр суурийг асуусан. Би өөрийн хувийн байр суурь, үнэлэлт дүгнэлтээ л хэлж байна. Хүн болгон тэр хүний талаар том том дүгнэлт өгч харагдах нь надад бол тийм зохистой харагдахгүй байна. Миний хувьд харин ч С.Баяр даргыг намын дарга болохоос өмнө манай нам ямар байсан. Одоо ямар байгаа вэ гэдгийг харьцуулж харах нь илүү зөв юм шиг.
-Ямар байсан гэж?
-С.Баяр гэдэг дарга намын толгойд гарч ирэхээс өмнө манай нам байртай байлаа. Манай нам монгол улсын тусгаар тогтнол, монгол улсын түүхийг өгүүлсэн асар том архивтай байлаа. Өнөөдөр манай намд архив ч байхгүй. Байр ч байхгүй. Байрыг яахав барьж босгож болно. Харин монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсантай холбоотой маш нарийн үнэ цэнэтэй архив устаж алга болсон. Энийг бий болгож чадахгүй. С. Баяр даргыг намын дарга болохоос өмнө бид сонгуулиа явуулж, үр дүнд нь аль нэгэн нам нь ялж, ялсан нам боловсруулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг, сонгогч түмэндээ эргээд тайлангаа тавьж, дараагийн сонгуулиараа дүгнүүлдэг ийм жишиг байсан. Энэ жишгийг хүчээр эвдэж стандарт бус шийдвэр гэдэг нэрийн дор өөрийн дураар хамтарсан засгийн газар байгуулсан. Энэ зарчмын бус алхмаас нь болж парламентын жишиг эвдэгдэж, парламентад сөрөг хүчний хяналт гэдэг чухал зүйлийг байхгүй болгосноороо парламентын хүчийг сулруулсан. Одоо хамтарсан засгийн газар байгуулагдсанаараа юу хийсэн юм бэ гээд аваад үзэхээр цаашаа ярих юм маш их байгаа. Дараагийн нэг зүйл бол Оюутолгойн гэрээ. С.Баяр дарга ерөнхий сайд, намын дарга болохоос өмнө 2007 онд УИХ-аас Оюутолгойн гэрээг оруулж ирсэн ш дээ. Тэр үед оруулж ирсэн гэрээ сая одоогийн манай УИХ-д оруулж ирсэн гэрээ хоёрын хооронд маш том ялгаа зөрүүнүүд бий. Тухайлбал анхны тэр хувилбараар хөрөнгө оруулалт 5,5 тэрбум байсан бол сүүлд 4,5 болж нэг тэрбумаар буулгаж оруулж ирсэн. Тэгээд энэ гэрээ бол маш сайн гэрээ гэж яриад байгаа. 2006,2007 оны гэрээн дээр стратегийн ач холбогдол бүхий ордын 10%ийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ гээд тодоос тод биччихсэн байсан юм шүү. Үүнийг бүр огт хаячихсан. Ийм том ордоос монголын ард түмэндээ 10-хан хувийг нь эзэмшүүлэхээс татгалзсан байж юуныхаа сайн гэрээний тухай яриад байгаа юм. Энэнээс хойш ийм жишиг тогтчихвол хуулийг хэрэгжүүлж байгаа байдал цаашдаа ямар жишгээр явах юм. Иймэрхүү алдаатай бодлого шийдвэрүүдээс нь ангид тэр хүнийг авч үзэх бололцоо бий гэж үү. Би энэ үүднээс л асуудалд хандаж байна. Өөрөөр хувийн зүгээс элдэв шалтгаан байхгүй.
-Үнэн хэрэгтээ танай нам дангаараа засгийн газраа байгуулаад ажилласан ч Оюутолгойн гэрээг баталж чадахгүй байсан шүү дээ. Нэг нам дангаар шийдвэр гаргаад эргэлтэд оруулчихаж чаддаг байсан бол монголчууд зургаан жил хэрэлдэхгүй л байсан байх. Томоохон гэрээнүүдээ хийе, галт тэргээ хөдөлгөе гэсэн хүсэл эрмэлзэл нийгэмд ч, улс төрд ч бүрэлдсэн ийм үе таарсан. Энэ үед хамтрах нь зөв биш гэж үү. Та бол өөрөө бизнес хийж байсан, эдийн засгийн боловсролтой, баялаг бүтээж сурсан хүн. Ажиглаж байхад Оюутолгойн асуудлууд дээр дандаа эсрэг санал өгч байсан. Тэгээд л уулзаж бодол саналыг нь сонирхоё гэж бодсон юм?
-Ер нь бол ганц Оюутолгой ч биш стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэсэн уриатайгаар л үндсэндээ бүх намууд сонгуульд орсон. Нэгэнт сонгуульд ийм мөрийн хөтөлбөртэй орсон учраас энийг манай ард түмэн хүлээж байсан нь үнэн. Хэдийгээр нийгмийн зүгээс ийм том шахалтад байлаа ч гэсэн бид монгол улсын эрх ашигт хамгийн ашигтай хувилбарыг л барих ёстой болохоос биш өмнө байсан хувилбараасаа дордуулсан хувилбараар гэрээг батлуулах эрх байхгүй. Энийг хариуцлагатай явдал гэж үзэж болохгүй ш дээ. Өмнө нь 2007 оны гэрээнд маш их шүүмжлэлтэй хандаж байсан. ТББ-уудын зүгээс ч, иргэдийн зүгээс ч энийг сайжруулах шаардлагатай гэж байсан. Тэр байсан, хүссэн байр суурин дээрээс цааш нь гэрээг хийх ёстой байсан болохоос биш цоо шинээр, бүр дампуурсан хувилбараар оруулж ирж батлуулсан нь бол хамгийн буруу зүйл гэж би үздэг. Гэхдээ эсрэг байр суурьтай гишүүд хэтэрхий цөөхөн байлаа. Яах ч арга байхгүй ингээд л явчихсан.
-Ерөнхийдөө парламентын яг ийм бүтцэн дээр, хоёр том нам төр барьж байгаа энэ үед л улс орны хөгжилтэй холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргах бололцоотой. Энэ бүтцийг ашиглах нь зөв гэдэгтэй бол та санал нийлэхгүй юу?
-Заавал хамтарч байж том том улс төрийн шийдвэрийг гаргана гэдэг өөрөө бас л харьцангуй ойлголт шүү дээ. Ер нь тэгээд заавал ингэж хамтарснаараа өнөөдөр яг ямар үр дүнд хүрчихэв, хамтраагүйгээрээ ямар сөрөг үр дагавар байна гэдгийг тооцож үзсэн хүн хэд байгааг би мэдэхгүй байна. Би хувьдаа хамтарснаасаа хамтраагүй байсан нь илүү ашигтай байх байсан юм болов уу гэж бодож байна.
-Саяны намынхаа бага хурал дээр улс төрийн энэхүү шийдвэрийн талаар тодорхой дүгнэлт гаргах байх гэж хүлээж байсан уу?
-Хүлээж байсан.
-Дараагийн бага хурлын тов хэзээ вэ?
-Товлосон хугацаа байхгүй.
Бүх юм улс төрийн том дүгнэлтгүйгээр яваад байна. Сонгуулийн хууль ч мөн адил
-Одоо хоёулаа сонгуулийн хуулийн талаар ярилцъя?
-1990 оноос хойш олон сонгууль явууллаа. Олон хувилбарыг туршаад үзчихлээ. Миний бодлоор бол ер нь сонгуулийн олон системүүдийг хөгжлийн явцад туршиж явуулахад болох л байх. Гэхдээ энэ өмнөх сонгуулийн системүүд ямар алдаа оноотой байв, яагаад бид солих шаардлагатай болоод байгаа вэ гэдэгтээ дүгнэлт хийхгүйгээр шууд дараагийн хувилбар луу шуураад байх юм. Ерөнхийдөө сонгуулийн үеэр будлиан гарсан гэсэн ерөнхий дүгнэлтээр л асуудалд хандаад байвал хөнгөн хуумгай л юм болно шүү дээ.
-Ерөнхийдөө бүх том асуудлууд улс төрийн том дүгнэлтгүй яваад байнаа л гэж та хэлэх гээд байна уу?
-Ерөөсөө л тэр. Өмнөх сонгуулиудын алдаануудыг тооцож үзээд тэгээд дараагийн шийдвэрүүд дээр очихгүй бол мэдээж хэрэг сонгуулийн аль ч хувилбаруудад сайн болон муу талууд байгаа. Хамгийн гол асуудал сонгуулийн хуулиндаа байгаа юм биш шүү дээ. Асуудлын гол нь хуулийг биелүүлэхгүйдээ л байгаа юм. Хуулийг биелүүлэхгүй, хуулийг гууль болгож дадсан учраас хууль хэрэгжихгүй байгаа юм. Хууль хэрэгжихгүй байгаа учраас энэ мэт бүх асуудлууд босч ирээд байгааг харахаасаа илүү буруу газраас асуултынхаа хариуг хайдаг. Хууль хэрэгжүүлээгүй хувь хүмүүстэй, албан тушаалтнуудтай асуудлыг ярьдаггүй, хуультай хариуцлага тооцоод хуулийг өөрчлөх гээд явчихдагт бүх юмны буруу эргүүлэг байгаа юм. Одоо пропоцианаль систем яваад сонгууль сайхан болчихно гэсэн баталгаа нэгдүгээрт алга байна. Хоёрдугаарт, энэ сонгуулийн хуулийг бид баталчихаад дараа нь яг одоогийнх шиг дахиад нөгөө олонх болсон намууд нь хамтарсан засгийн газар байгуулаад парламентын хяналтыг сулруулчих юм бол энэ пропоцианаль систем гэж байгаад ч бас л ялгаагүй шүү дээ. Тийм учраас олон талаас нь харж үзээсэй гэдэг талаасаа би хэлж байгаа юм.
Хөшөөт бол нөхцлөөрөө монголын бусад уурхайнуудтай жишихийн аргагүй хүнд нөхцөлтэй
-Саяхан таныг Хөшөөтөд ажиллаад ирлээ гэж сонссон. Ярилцах бас нэг шалтгаан энэ байлаа. Хөшөөтийн уурхай гэж яг юу байна вэ. Дандаа болж бүтэхгүй юман дунд Хөшөөтийн уурхай гэсэн холбоо нэр яваад байдаг болсон. Сүүлийн хэдэн жил монголчууд алт, зэс, нүүрс гурвыг л тойрч хэрэлддэг болоод байгаа. Яг юу байгааг нь судлалгүйгээр л хараар будаад давхичихдаг. Тийм болохоор танаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ажлын хэсэг гаргаж, Хөшөөтийн нүүрсний уурхайн талаар тодорхой дүгнэлт гарга гэсэн үүрэг чиглэл өгсөн юм. Энэ ажлын хэсэгт хоёр гишүүн орж ажилласны нэг нь би.
-Та өмнө нь тэнд очиж байсан уу. Ер нь ямар хэмжээний нөөцтэй, ямархуу ажлууд хийгдчихсэн, ямар ач тустай төсөл тэнд яваад байгаа юм бэ?
-Би Хөшөөтийн нүүрсний уурхай дээр анх удаа очиж үзлээ. Бага-нуур, Шивээ- овоо, Шарын гол гээд үндсэндээ ихэнхээр нь явж үзсэн. Хөшөөтийн уурхайг бол хуучин социализмийн үед нөөц нь тогтоогдсон, ашиглагдаж байсан гэж мэддэг болохоос яг очиж үзээгүй байсан. Одоо манайхан нүүрсний уурхайг “Тавантолгой”, “Нарийн сухайт”,”Бага-нуур”, “Адуун чулуу”-ны жишгээр л ойлгоод байгаа юм. Миний энэ нэрлээд байгаа уурхайнууд уул геологийн нөхцлөөрөө бол маш боломжтой, сайн нөхцөлтэй уурхайнууд. Энгийн үгээр тайлбарлавал хөрс хуулалтан дээр маш бага ажиллагаа явуулаад нүүрсээ авдаг. Ялангуяа “Нарийн сухайт”-ын уурхай бол ер нь бараг нүүрс нь газар дээрээ ил шахам уурхай ш дээ. Манайхан энэнтэй хольж хутгаж яриад байгаа байхгүй юу. Хөшөөт бол нүүрсний үе нь 45 градусын налуу байрлалтай. Өөрөөр хэлбэл газрын доошоо босоо шахуу нүүрсний тогтоцтой орд. Ийм 45 градусын тогтоцтой нүүрсийг авахад бол маш их хүндрэлтэй. Маш их хөрс хуулна. 45 градусын налуугаас гадна 24 нүүрсний давхаргатай. Нэг үе нүүрс яваад хөрс дахиад нүүрс яваад хөрс гээд үелээд явчихсан. Ийм 24 үетэй. Хамгийн доод талын нүүрсний гаралт 700 метрийн гүнд байгаа юм. Маш дор байгаа байхгүй юу. “Тавантолгой”, “Нарийн сухайт” энэ тэр бол 100 метр дотор л эргэлдэж байгаа ш дээ. Энэ уурхайнууд бол нэг цул нүүрсний бүтэцтэй. Тэгэхэд “Хөшөөт” 24 үеүүдтэй. Ашиглахад их хүнд. Ашигласны дараа баяжуулахгүйгээр гаргаж болохгүй. Гадаадад шууд ачиж гаргаж болдоггүй гэсэн үг. Одоо манай энэ говьд байгаа нүүрсийг чинь гадаадад шууд ачаад гаргаж байна ш дээ. Тэнд бол тийм бололцоо байхгүй.
-Нөөц нь хэр юм?
-Нөөц нь социализмийн үед бол 30 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож байсан юм байна. Одоо манай энэ эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан нөөцөөр бол 87,5 сая тонн нүүрстэй гэж үзсэн байна. 700 метрийг нь оруулаад бүх нөөцөөр нь тооцсоноор бол 150 сая тоннын нөөцтэй. Энэ нүүрсний төсөл бол ихээхэн том төсөл бөгөөд нэлээд их ажил хийчихсэн юм байна. Жишээ нь 280 км зам тавих төлөвлөгөөтэйгөөс 240 км замыг нь тавьчихсан байх жишээтэй.
-Тийм үү. Бараг замаа тавиад дуусч байгаа юм байна шүү дээ?
-Бараг. Бас 17 гүүр барихаас 15 гүүр барьчихсан байна. Тэгэхэд Улаанбаатарт ганц гүүр барих гээд юу болж байгаа билээ. Тэгвэл тэнд бүр уулын тагтад, асар хүнд нөхцөлд 15 гүүр барьчихсан байна. Би бол Хөшөөтийн нүүрсний уурхай гэхээсээ илүү уурхай дээр нь баригдах 36 мигаваттын цахилгаан станцыг л илүү их сонирхож байгаа юм. Яагаад гэвэл манай баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчээ авдаг гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл 100% импортын цахилгаанаар баруун гурван аймаг маань амьдарч байгаа. Өнөөдөр нэг киловатт цахилгааны үнийг 138 төгрөгөөр оросоос авч байна ш дээ. Тэгээд алдагдлынх нь зөрүүг улсын төсөв дээр гурван тэрбум төгрөгөөр суулгаж байгаа байхгүй юу. Цаашид энэ ОХУ-ын монголд экспортолж байгаа цахилгааны үнийг европын зах зээлийн жишгээр жил болгон тодорхой хувиар өсгөөд явна гэсэн ийм мэдэгдлээ манайд ирүүлчихсэн байгаа. Тэгэхээр баруун гурван аймгийн маань эрчим хүчний үнэ улам илүү өсөх нь. Энийг ард түмний нуруун дээр шууд үүрүүлж болохгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас улсын төсөв дээр нэмэлт ачаалал ирж байгаа юм л даа. Дөргөнийн усан цахилгаан станцаар бид энэ явцад бас орлоо. Дөргөний усан цахилгаан станц бол баруун гурван аймгийн нэг аймгийг нь ч хангах чадалгүй байна. Тийм учраас баруун аймгуудад харагдаж байгаа хамгийн ойр эрчим хүчний дотоодын эх үүсвэр Хөшөөтийн нүүрсний уурхайн дэргэд баригдах цахилгаан станц.
-Энэ станцийг Хөшөөтийн уурхайн хөрөнгө оруулагчид барих юм уу ?
-Хөшөөтийн уурхайн хөрөнгө оруулагчид өөрсдөө барих юм.
-Тэгвэл маш чухал ач холбогдол хөндөгдөж байгаа юм байна. Гэвч эзэд нь хэн юм бэ. Бас л хятадууд байгаа, гадныхны гарт орчихсон гэх хардлага явж байгаа шүү дээ ?
-Лиценз нь бол манай монголчуудын гар дээр байдаг юм байна лээ. Тэгээд олон улсын жишгээр Гонконгийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод уул уурхайн энэ томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож байгаа.
-Монголын баялгийг гадаадад барьцаалж мөнгө босгосон байна гээд бөөн шүүмжлэл өрнөөд байсныг санаж байна. Эзэн нь тэгээд яг монгол хүн байна уу?
-Бид бол Гонконгийн хөрөнгийн биржийн яг тэр хувьцаа эзэмших ерөнхий жагсаалтыг үзэхгүй ш дээ. Ерөнхийдөө бол гадаадын хүмүүс л ихэнх хувьцааг худалдаж авсан нь бол ойлгомжтой. Гэхдээ ямар ч байсан лицензээр энэ уурхайн үйл ажиллагааг явуулж байгаа захирал, одоогийн хийж байгаа хүмүүс нь бол 80% нь монголчууд байдаг юм байна лээ.
-Гол нь монголчуудынх л байх ёстой баймаар байна?
-Одоохондоо бол ямар ч байсан үйл ажиллагаа явуулж байгаагаас нь харахад монголчуудын мэдэлд байна. Гэхдээ одоо монголд байгаа нүүрсний уурхайнуудтай харьцуулах юм бол дэд бүтцийн чиглэлээр үлгэр жишээ ажлууд хийгдсэн байна. Тавантолгойг бид олон жил ярьлаа. Одоо гэтэл замаа тавьчихсан юм байхгүй л байна шүү дээ. Нэг ч километр зам байхгүй л байна.
-Ховдод баригдаж байгаа уурхай л гэж мэдэхээс яг аль сумын нутагт гэдгийг мэдэхгүй юм. Дарвид уу?
-Ховд аймгийн Дарви сумын нутаг, Цэцэг сумын нэг баг ордог яг зааг дээр л юм байна лээ.
-Хоёр сумын заагт юм байна. Нийлээд хүн ам хэд билээ?
-Дарви сум 4000 хүн амтай, Цэцэг сум 3000 орчим хүн амтай.
-Ажлын байрны хувьд ямар тооцоо гарсан байна?
-Ажлын байр бол 1000-аад хүн ажиллана гэсэн тооцоо гарсан юм байна лээ. Нүүрсний уурхай, цахилгаан станц, баяжуулах фабрик гуравт нийлээд 1000 орчим хүн ажлын байртай болно. Мэдээжийн хэрэг нүүрсийг баяжуулахгүйгээр гаргахаар үнэ багатай. Мөн улсын төсөвт өнгөрсөн жил 1,5 тэрбум төгрөгний татвар төлсөн байна.
-Орон нутагт бол маш том татварын орлого биз дээ?
-Орон нутагт 1,5 тэрбумын татвар очиж байна гэдэг бол мэдээж том мөнгө. Цаашдаа нэмэгдэнэ. Миний олзуурхаад байгаа гол юм эрчим хүчний хараат байдлаас гарна шүү дээ.
-Элдэв дэмий хэл ам хийхгүйгээр энэ төслийг цааш нь явуулбал хэзээ таны баярлаад байгаа цахилгаан станц баригдах төлөв байна?
-Цахилгаан станцыг бол хоёр жилийн дотор барина гэсэн төлөвлөгөөтэй юм байна. УИХ-аас С.Эрдэнэ бид хоёр очиж ажилласан. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсэгт хоёр намаас нэг нэг хүн орж ажилласан. Бид ерөнхийдөө энэ төсөл бол амжилттай хэрэгжиж байгаа төсөл байнаа, энэ төслийг цааш нь үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжилд маш их ач холбогдолтой юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн л дээ. Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан гуай бас очиж ажилласан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Алтан-очир мөн явсан.
Миний сэтгэлийг дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болчих боломж нь илүү татаж байна
-Ийм хэмжээний бүтээн байгуулалтыг бол иргэдэд сайн танилцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол бас л Оюутолгой шиг жагсаал цуглааны бай, хөдөлгөөнийхний аманд явдаг нэг бараан сэдэв болж хувирна. Хөшөөтөө авръя гээд бичээд эхлэхээр нь сүйдчихсэн л газар юм байх гэж бодсон ?
-Яахав дээ,нүүрсний уурхай гэдэг талаас нь л ганцхан хүмүүс хараад яриад байгаа юм байна. Нүүрсний уурхайг дагаж, баяжуулах фабрик, цахилгаан станц барина. Тэр цахилгаан станцаар монголд дотоодын цахилгааны эх үүсвэр бий болгочих юм. Тэгвэл баруун гурван аймаг дотоодын эх үүсвэрээр хангагдчихад улсын төсөвт гэхэд ямар хэмжээний ачаа хөнгөрөх, цаашлаад үндэсний аюулгүй байдал талаасаа ямар ач тустай юм гэдгийг нэг их тайлбарлах шаардлагагүй биз дээ.
-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Энэ үед нь бид төслүүдээ явуулаад, нүүрсээ олборлоод, боловсруулаад ашгаа олох нь чухал. Гэвч манайд буруу эргүүлэг рүү бүх юмыг аваачиж хийчих гээд хэцүү юм даа?
-Тийм. Гэхдээ явах байх аа. Бид бол явах болов уу л гэж бодож байгаа. Ер нь бол тэнд Хөшөөтийн нүүрсний уурхай гэхээсээ илүү Хөшөөтийн түлш эрчим хүчний том цогцолбор л баригдах ёстой. Баяжуулсан нүүрснээс гарч байгаа эрчим хүчний нүүрс гэж бий. Тэрийгээ цахилгаан станцдаа нийлүүлээд жинхэнэ коксжсон хэсгээ бол гадаадад экстпортлох байх. Баяжуулах үйлдвэрийн дэргэд цахилгаан станц барина. Цахилгаан станцаараа баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана. Тэнд явж байх үедээ эрчим хүчний ажиллагаатай танилцсан л даа. Баруун бүсийн эрчим хүчний дарга бас бидэнтэй ирж уулзсан. Ер нь нийт бол 17 меговаттын л ачаалал авдаг юм байна.Баруун бүс маань үйлдвэржээгүй учраас харьцангуй бага авдаг. Цаашдаа баруун бүсэд эрчим хүчний нэлээд их хэрэгцээ байгаа. Харамсалтай нь цахилгааны үнэ өндөр учраас ахуйн болон үйлдвэрлэлийн цахилгааны хэрэглээ өсч чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ 17 меговаттын гадаадаас авч байхаар тэр 36 меговаттын цахилгаан станц ашиглалтанд ороод, энэ Дөргөний цахилгаан станцтайгаа хослоод ажиллачих юм болбол монгол улс эрчим хүчний дотоодын бүрэн эх үүсвэртэй болчихож байгаа байхгүй юу. Ийм нөхцөл рүү шилжчихвэл бид үнийг нь дор бариад, манай баруун бүсийн ард иргэд маань хямд эрчим хүчтэй болж, тэрийгээ дагаад жижиг дунд үйлдвэр хөгжиж, амьдралынх нь чанар дээшлэх юм.
-Баруун аймгийнхныг маш их нүүж байна гэх юм. Танай Дорнодоос хүмүүс нүүж байна уу. Цаашид гэхдээ бүгд л төв рүү чиглэж байгаа энэ урсгалыг бүс нутагт хэрэгжүүлж байгаа том төслүүдээр саармагжуулах бодлого явуулах байх л даа?
-Дорнодоос бол нэг хэсэг хүмүүс нүүж байсан. Одоо бол больсон. Харьцангуй багассан. Харин ч буцаад Дорнод руу эргээд нүүдэл эхэлж байна.
-Энэ өвлийг хаа сайгүй их хүнд давж байна. Танай тойрог ямархуу давав?
-Манай Дорнод эхний цасны үед бол гайгүй байсан. Сүүлийн гурван сарын дундуур орсон цаснаас хойш байдал бол нэлээн хүндэрсэн. Ерөнхийдөө энэ өвлийн өөрийнх нь онцлог бол өөр байлаа шүү дээ. яг ес эхэлсэн өдрөөс эхлээд ес дуустал хүйтэрчихлээ. Ийм урт үргэлжилсэн их хүйтэн ганцхан Дорнод гэлтгүй монголын бүх нутаг дэвсгэрийг маш их туйлдууллаа.
-Дорнод мал хэр билээ?
-Нэг сая гурав дөрвөн зуун мянган малтай. Манайд хорогдол их байгаа. Одоо 15% орчим мал хорогдчихоод байна. Гэхдээ гол хорогдол бол болоогүй байна. Дөрвөн сарын сүүл, таван сарын эхээр ногоо гараад ирэхээр ядарсан мал бол маш их хорогддог. Тийм учраас Дорнод аймгийн өвөлжилт, хаваржилтын байдал хүнд байгаа.
-Гэхдээ танайхан бол ажилсаг газар шүү дээ. өвс тэжээлээ өөрсдөө бэлдээд авчихдаг байх?
-Манайхан өвс хадланг бол сайн авдаг. Хамгийн гол нь энэ өвлийн урт үргэлжилсэн хүйтнээр авсан нөөцийг нь шувталсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл ямар ч ажилсаг ард түмнийг ядрааж л байна.
-Ерөнхийдөө стратегийн ордоо түрүүчээсээ эргэлтэд орууллаа. Гэвч олох ашгаа улс орны бүтээн байгуулалтад наалдаж үлдэх юмгүй л гарын салаагаар гоожуулаад дуусах шинжтэй гэж ажиглагчид бухимдаж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Нэгэнт амласан бэлэн мөнгөний амлалтыг олгох нь зөв гээд л ажиллаж байгаа. Энэ бол маш том мөнгө л дөө. Гурван триллион гаран төгрөг шүү дээ. Энэ мөнгийг хэрвээ дэд бүтцийн чиглэлээр зам барьдаг, цахилгаан станц барьдаг, өндөр хүчдэлийн шугам татдаг, дээр нь энэ одоо холбоо мэдээллийн чанарыг сайжруулах гэх мэтийн ажлуудыг хийхэд зарцуулсан бол хангалттай хүрэх мөнгө. Гэвч бид тийм боломжийг үрэн таран хийж байна. Тийм учраас даруйхан энэ намуудын амлалт гэдгийг цаашдаа бүр зогсоохоос өөр арга байхгүй.
Хамтарсан Засгийн газарт тавьчих дүн алга
-Хамтарсан засгийн газрын ажлыг дүгнэвэл дүгнэхээр хугацаа өнгөрлөө. Парламентын гишүүний хувьд, улстөрч хүний хувьд та ер нь ямар дүгнэлттэй байна вэ?
-Би бол хамтарсан засгийн газрын ажлыг дүгнэх хугацаа болчихсон гэж үзэж байгаа. Яг ямар үр дүнд хүрчихээ вэ гэхээр хэлэх юм алга байна ш дээ. Ер нь бол хэдэн сайд томилсон, хэдэн агентлагийн дарга томилсон, бүтцийн өөрчилт нэрээр хэдэн хүмүүсийг л сольж хольсон. Уг нь бол энэ ард иргэд хамтарсан засгийн газраас маш их юм хүлээсэн. Стратегийн ач холбогдол бүхий ордуудаа хурдан ашиглалтанд оруулъя гэсэн. Энэ дээр бол яг хатуу саад болоод байгаа юм ерөөсөө байхгүй. Хамтарсан ч бай хамтраагүй ч бай одоогоор саад болчихоод байгаа юм алга байна ш дээ. Хамтарсан засгийн газарт парламентын хяналт гэж байхгүй учраас, шахаж шаарддаг, шүүмжилдэг хяналт гэж байхгүй байгаа учраас асар удаан ажиллаж байгаа. Хоёрдугаарт, энэ хамтарсан засгийн газар хариуцлага гэдэг юмыг бүр хаячихсан. Бид ерөөсөө энэ сүүлийн жилүүдэд хариуцлага, сахилга бат гэдэг үгийг үгсийн сангаасаа гаргаж хаясан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр гаргаж ирээд тавиад байна. Ард иргэд нь шүүмжлээд, бухимдаад байна. Гэвч хариуцлага тооцож байгаа юм юу ч алга байна. Ард иргэдийн бухимдлын ихэнх нь ерөөсөө л шударга ёс, хариуцлага сахилга бат алдагдсанаас үүдэлтэй байна. Гэвч хүлээж авч байгаа, тэрийг нь шийдвэрлэж байгаа газар алга.
-Засгийн газар нэг идэж уусан нөхрийг шийдвэр гаргаад солиход л нөгөө нөхөр нь гүйж гараад Засгийн газартайгаа шүүхдээд эргээд томилогдоод суучихаж байх жишээтэй. Сайд нар нь ч яасан жул юм. Засгийн газар нь ч юу юм. Төр үнэндээ нэг тийм шударга бус нөхдүүдийн тоглоом, хоргоддог байр болчихоод байгаа тал бий л дээ?
-Энэ чинь бүх шатандаа болохгүй болчихсон байна гэсэн л үг шүү дээ.
-Улс төрийн хариуцлага гэдэг юм байхгүй болчихсон. Нам ч гэсэн ширэн нүүрлээд л шоронд суух ёстой нөхрийг шүүхтэй хавсайдаж байгаад агентлагийн даргаар тавиад байх юм?
-Намд мэдээж энэ тал дээр асуудал байгаа нь үнэн. Хариуцлага тооцдоггүй. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг бол хэн ч байсан биелүүлэх ёстой. Гэхдээ шүүх дээр зөв шийдвэр гарч байна уугэдэг нь өөрөө эргэлзээтэй болчихоод байна. Тийм учраас бүх шатандаа хариуцлага, сахилга бат алга болсон байна гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Энэ эх захгүй болсон, зах хязгааргүй болсон, хариуцлагагүй, сахилга батгүй болсон явдлыг таслан зогсоох ёстой. Мэдээж энийг дороос хийж чадахгүй шүү дээ. Тиймээс дээрээс хийх ёстой.