Олон улсын бирж дээр гарах тухай их ярьдаг боллоо. Сүүлийн үед тааралдсан бизнес эрхлэгч болгон шахам удахгүй Хонконгийн бирж дээр эзэмшиж буй орд газраа тавиад гарах гэж байгаа тухайгаа сонин болгон ярина. Хонконгийн бирж бол Нью-Йорк, Токио, Лондонгийн дараа дэлхийд дөрөвт ордог. Эргэлдэж буй актив нь хэдэн триллион доллар. Хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, хэзээ ч хулхи юм хийдэггүй учраас ингэж томорсон хэрэг.

Олон улсын бирж дээр гарах гэж буй компани юун түрүүн хүлээн зөвшөөрөгдсөн аудитаар ордог. Хонконг мэтийн бирж нэр заасан хоёр гуравхан аудитийг хүлээн зөвшөөрдөг. Тус компанийн орлого зарлага, татвар төлөлт гээд бүх баланс ил тодоор үл барам урсгал баланс нь өдөр тутам гарч байх ёстой. Чухам ийм үзүүлэлттэй байж эндхийн хувьцааг энэ дэлхийн өнцөг булан бүрийн биенээ үл таних хүмүүс худалдаж авна. Юм хум нь ил биш, эргэлзээтэй юм руу хэн ч өөрийнхөө мөнгийг хийдэггүй. Мөнгөө хийсэн бол байнга хянаж байх шаардлага тавих нь мөн ойлгомжтой. Хувьцааны үнэ өсөөд байвал эзэмшигчид баяртайгаар үл барам шинээр хандагсад олширно. Үнэ унавал хүмүүс бушуу салахын түүс болно. Бирж дээр мөнгө босгоно гэдэг энэ. Гэхдээ хулхидана гэсэн ойлголт огт байдаггүй.

Ийм стандартаар зах зээлийн харилцаа явдаг учраас төлөвшсөн орнуудад Хадгаламж зээлийн хоршоо, Сүлжээний бизнес, Жавхланг бадруулагч гэх мэтийн луйвар гарах нөхцөл хаалттай байдаг ажгуу. Төрийн ой санамж, түүгээр дамжсан иргэдийн бүртгэл бүрэн төгөлдөршсөн байдаг учир манайхан шиг байраа хэд хэдэн банкинд барьцаалах гэх мэтийн энгийн залилан гарах ямар ч бололцоогүй байдаг. Зах зээлийн харилцаанд дөнгөж хөл тавьж буй орнууд энэ талын ойлголт үгүйг далимдуулан эгшин зуур мөнгө өсгөдөг “хулхинд нь сарнай ургуулах” бизнес нэлээд газар авсан. Зах зээл учрыг нь олсон хүнд дорхноо тонн тонноор нь мөнгө зүгээр өгдөг учиртайг тайлбарлан өөрөө тэрийг нь авчрахаар шийдэгчид Жаргаланхаанаас авахуулаад мөн ч олон ирсэн билээ. Одоо ч 12 тэрбум доллар Монголд зүгээр өгөхөөр шийдсэн хэсэг гар байгаа ба түүнийг нь Монголд зөөж авчрагч нь Монголын урлагийн ажилтны холбоо, тэргүүлэгч нь УИХ-д байсан нэгэн бага гарын луйварчин.

Гаднаас импортлогдон орж ирсэн иймэрхүү луйврын аргууд дараагийн шатанд монголчлогдон “жавхланг бадруулж” эхэлсэн билээ. Одоо үүнийгээ экспортолж болно гэж бодоод байх шиг. Үнэндээ олон улсын бирж дээр гарах ганц ч компани өнөөдөртөө манайд байхгүй. Татвараа бүрэн төлдөггүй байж яаж ингэж чадах билээ? Бараг бүх компани хоёр баланстайгаар бизнес эрхэлдэг. Монголын газрын баялаг бирж дээр гарах найдлагатай ч түүнийг хэн хүргэж өгөх вэ? Манайханд ордод хайгуул хийх лиценз гээд алга дарам цаас л бий шүү дээ. Энэ бол юуны ч баталгаа биш. Тийм юманд хуурагддаг амьтан Монголоос өөр газар тун ч ховор. Ийм итгэлгүй юмыг дэлхийд зарлаад сууж байдаг бирж ч гэж хаа байхав. Бирж нэр хүнд дээр тогтоно, яльгүй нэг алдаа л тэдний бизнесийг тэр чигээр нь хөнтөрнө. Өдгөө Монголын ашигт малтмалын нэрээр олон улсын бирж дээр гарсан Айванхо Майнз зэрэг компани бол бий. Мөн нүүрсний нэг жижиг ордыг худалдаж аваад гаргачихсан Хонконгийн хамтарсан гэх компани ч байна. Манайхан дангаараа байтугай дагуулаар ч очоогүй л байгаа.

Хүүхэд унан тусан хөлд ордог. Бид 17 жил дунгуй хадаж онхолдоод л байх юм. Энэ хооронд хичнээн ч удаа жавхланг бадруулав даа. Гэвч урагшилсаар л. Бидний дараагийн сургууль бол бирж. Гэхдээ олон улсынх биш шүү. Сургууль хийх газар маань Сүхбаатарын талбай дээр байгаа. Дарга нь гэх нэг нөхөр ирэх сонгуульд үзэх бүртгэлд багтаж энэхүү хэзээ ч үл ойлгох ажлаасаа яс хагацахын тулд байдгаараа бүлтэрч, Монголын бүх ашигт малтмалыг бирждэнэ гэж хөөрч амлаж байгаа боловч мэдээж тэнд гадны хэн ч ямар ч арилжаа хийхгүй. Манайхан биржээр наймаацаж байна гээд жаал биенийгээ хохироог.

Хохирсон нэг нь дараа нь жагсаал өлсгөлөн суулт зарлаг. Ингээд бид биржийн тухай дажгүй ойлголттой болоод авна. Туулж байж л туршлага сурна. Өөр арга байхгүй. Гагцхүү энэ бүхэн бушуухан болоод л өнгөрөөсэй. Бас багахан гарлагатай. Ингэсний дараа манайхан олон улсын бирж дээр гараг. Хэдэн арван мянган хувьцаа эзэмшигчийн хараа хяналт гэдэг бол тухайн компанийг зах зээлийн шугамаар амжилттай урагшлуулах гол механизм юм. Энэгүйгээр орчин үеийн ертөнцөд Монгол улс амжилт олохгүй. Нэг үгэндээ олон улсын бирж дээр гарч байж л жинхэнээсээ жавхлан бадарна.

Уул нь Хадгаламж зээлийн хоршоо гэхээрээ л луйвар гэсэн үг биш юм шүү дээ. Жинхэнээр нь, номоор нь явбал сүлжээгээр зах зээлээ өргөтгөдөг бизнес ч гэж бий. Ингэхээр жинхэнэ утгаараа бирж гэж бий. Даанч өнөөдөртөө бидэнд холдоод байна