Бригадын “өдөрлөг”-т залуу хос Жамц Должин хоёр шар халиун морьд хуарлуулан галгиулж очсон юм.
Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг майлалдан шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход архиралдаж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, айлссан хөршүүд мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа.
Даргын үүдний өрөөнд хүмүүс зөөлөн дуугаар шивнэлдэх нь Сэрээтэр өвгөнд түгшүүртэй. Ер биш нам жим бөгөөд орох ээлжээ хүлээсэн хүмүүс дор бүрнээ бодлогоширч гар хуруугаараа оролдон дороо хавьчигнана. Даргын өрөөний гүнгэрваархуу хаалга, өндөр түшлэгтэй олон сандал бүгд сүртэй. Сэрээтэр хэсэг зогсоод сул сандал дээр суух гэтэл нөгөө сандал нь цав цагаан даавуу бүрээстэй тул морины хөлс шороо болсон дээлнээсээ цэрвээд шалан дээр өрөөсөн хөлөө нугалан аминдаа цэмцийв.