Зах хязгааргүй нутагтаа жалгын нэг тарсан нүүдэлч-малчин монголчууд нэг дор цугларч жагсаал хийж байсангүй. Жагсахыг улаан оросоос сурчээ. Ингээд “парад” гэх үг монголжив. Гуч дөчөөд оны монголчуудын парадыг тэр үеийн кино хальснаас харахад өрөвдмөөр. Морин дэл дээр малаа хариулж, нүүдэлд таарсан хөнгөн гэр-оромжоос илүүд хуруу хөдөлгөх хэрэгцээ гараагүй монголчууд тугныхаа ишийг ч олигтой зорчихгүй шүү дээ. Муруй шургаагны үзүүрт ёдрын улаан даавуу уяад майргар монгол гутлуудаараа замгүй газраар (тэр үед засмал зам байсангүй) тоос манарган парад гишгэж гарчээ. Ганц хэрзгэр модон индэр ойр хавьд нь барилга байшингүй нүцгэн тал гэмээр эл хульд хэрдээ сүрлэг.

Түүн дээр зогсох хэдэн пээдгэр хүн нээрэн ч нэг бүхэл бүтэн гүрний жолоодогч нар аятай ихэмсэг агаад орос болъщевик жанжнуудыг дуурайж ташаандаа гар буу зүүсэндээ хөөрч, аль болохоор додигор харагдахыг харанхуй ард түмнийхээ өмнө хичээж аминдаа томорно. Гэтэл 1924 оны 4-р сард Бээжинд Караханы гэрээгээр Монголыг Хятадын салшгүй хэсэг мөн гэж Орос Хятад хоёр хүлээн зөвшөөрч тусгаар тогтнолыг нь “уже” устгачихсан байв. Модон индэрт заларсандаа онгирч томорсон манай яруу алдарт удирдагч нар дийлдгээр нь харанхуй ардууддаа сүр хүчийг үзүүлж ханхалзана.

Хэдэн түмэн лам хуварга, олон сайхан гэмгүй найз нөхдөө улаан Оросын тулгалтаар бүрэлгэчихсэн Маршалын царай шартангуй баргар ч энгэр дүүрэн одон медалиуд нь нарлаг Монголдоо сүртэй гялалзана. Модон индрийн өмнүүр хөдөлмөрчин ардын жагсаал шороо манарган хөврөхөд Цэдэнбал маршал Чойбалсан өөд хяламхийснээ түүнд ая тал засахын ялдамд хамгийн гол нь европ боловсролоороо гайхуулж,

-Өрлөг жанжин маршал Чойбалсан мандтугай ура аа нөхөд өө гэж сөөнгөдүү хонгио хоолойгоор хашгирвал тугныхаа бүдүүн ишэнд түүртсэн жагсагчид “Маршал мандтугай ура аа” хэмээн цуурайтуулаад бүгд төрөл арилжсан мэт хөөрцөглөв.

Цэдэнбалын анх цуурайтуулсан энэ хувьсгалч “ура” дан ганц шарын шашны залбирах мөргөхөөс өөрийг мэдэхгүй хүлцэнгүй зан үйл ноёрхсон бүдүүлэг монголчуудыг цагаантан бус улаантнаар оросжуулах гал авалцуулж, цаашид монгол гэсэн өв уламжлал, зан заншил, шашин, бичиг үсэг, соёл бүхнийг ура хашгиран түймэрдэхийг тэр үед хэн ч зүүдэлсэнгүй. Орос ардын үнэт уламжлал, Монгол ардын үнэт уламжлал аль аль нь түймэрт өртөж, гагцхүү Ленин гэгч ганц хувь хүний дур хүслийг Азийн буурай хүн амд тулгасан билээ.

Саяхан орос эхнэр дагуулж ирсэн Цэдэнбалыг Чойбалсан “Миний багалзуурыг тас хазах Кремлийн тагнуул” гэж жийрхэж,

-Залуу удирдагч Цэдэнбал мандтугай ура аа нөхөд өө гэж лоозогнон хаяагаа манаж, Оросын элчинд тал засчээ. Парадаар хөврөгч юугаа ч ойлгоогүй хөөрхий жагсагчид “Залуу удирдагч Цэдэнбал мандтугай ура аа” хэмээн нижигнүүлэв.

Цэдэнбал бодлоо: “Нэг улсад нэг л жолоодогч байх ёстой. Тэр нь маршал Чойбалсан. Би түүнтэй эн тэнцүү зиндаархваас Кремлийн архаг туршуул Чойбалсан намайг хойш нь матаж магадгүй гэж хулчийгаад, 

-Нөхөр Дамба мандтугай ура аа гэж үхэх хүн нөхөрсөг гэгчээр хань татлаа. Парад гишгэгч олон “Нөхөр Дамба мандтугай ура аа” гэж бахиралдав. Мөнхийн ганцааралд уйдсан эзгүй талын малчдад ингэж олноороо зэрэг хий аяндаа бахиралдах марзан тул инээж хөөрч хөгжилдлөө.

Дамба өөрийгөө Чойбалсан Цэдэнбал хоёртой адилтган мандтугай гэх нь дээшээ сэнтий булаацалдахад ганц хуруу дутсан жолоодогч гэсэн хардлага төрүүлнэ хэмээн сандарч,

-Нөхөр Сүрэнжав мандтугай ура аа гэж дуу хадаав. Олуулаа парад гишгэж коммунизмд орж буйдаа догдолсон нүүдэлчид ура хашгирах дур орж чангаар түрлээ. Лоозогнох ээлж тулгарсан Сүрэнжав,

-Нөхөр Бумцэнд мандтугай ура аа гэж ээлжээ давж санаа нь амрахад дараа нь “Нөхөр Янжмаа мандтугай ура аа”, тэр ч бүү хэл, “Нөхөр Жамбалдорж мандтугай ура аа” гэж цуст хэлмэгдлийг гардан гүйцэтгэгчээрээ хүртэл бахархаж уухайлсан гээч.

Тэгтэл лоозогноогүй жолоодогч ганц Бумцэнд гуай үлджээ. Монгол зангаа орос зангаар сольж сайн сурахгүй мунгинаж яваа хоцрогдсон Бумцэнд,

-Ердийн хөсөг мандтугай ура аа нөхөд өө гэж бувтнав.

Бүгдээрээ алхаа нийлүүлэн парад гишгэж үзсэндээ онгирсон малчид “Ердийн хөсөг мандтугай ура аа” хэмээн нижигнүүлжээ.

...Харин өдгөө бид хэнийг мандтугай ура гэж лоозогнох вэ? Сүүлийн үед тодорч буй цоглог хувьсгалчид ура хашгируулах гэж эх оронч цээжээ дэлдээд байдаг. Мандуулах ердийн хөсөг устсан. Жидүү мандтугай ура, 60 тэрбум мандтугай ура гэлтэй биш. Манан сөнөтүгэй ура гэхээр Монголд мандтугай ура гэх жолоодогч нэг ч үлдэхгүй болчих гээд байдаг. Яана аа. 

2003-2019