Хүн шинжээч. Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь.

Нэр дэвшигч бүгд хулгайч бол ямар ч боловсролын хэрэг юу байх билээ гэх гутралд би унав. Нүд нь нээгдсэн, шинжлэх ухаанч, боловсрол-ёс зүйтэй оюунлаг лидер байна уу? Хурдан морь шинжээч шиг хүн шинжих эрдэм уг нь гоё. Сонгуулийн боловсрол гэж номчрохын оронд хүн таних чадвараа хөгжүүл. Нэр дэвшигч хэн бэ гэхээс илүү сонгогчид хэн бэ гэж тунгаа. Дуучин С.Жавхланг хэн бэ гэхээсээ өмнө түүнийг гишүүнээр сонгосон Баянзүрх дүүргийнхний сонгуулийн боловсролыг судал. Х.Баттулгыг хэдэн ч удаа сонгох малууд Монголоор дүүрэнд аналийз хий.

Гачлан. Сонгуульд булхай ялдаг болов. Шударга өрсөлдөөн луйварт сөхөрсөн нь тэр. Мөрийн хөтөлбөрийг сонгогчид судлах бүү хэл унших ч үгүй. Нэр дэвшигч өрсөлдөгчтэйгөө ноололдоод ашиггүй. Өрсөлдөгч чамайг гүтгэнэ, чи түүнийг гүтгэнэ. Та хоёрын хэнийг ч хэн ч үнэмшихгүй. Мөнгө өгвөл сонгогч авдаг ч саналаа хэнд өгөх нь нууц. Олон санал-ялалт. Саналыг хэн хайрладаг билээ? Сонгогч! Тиймээс сонгогчдын хүсэлд хөтлөгдвөл ялна. Сонгогчдын хүслийг судал: онгон байгалиа сэвтээхгүйн төлөө, гадны хөрөнгө оруулагч нэртэй-эдийн засгийн алуурчдыг эх орноосоо хөөхийн төлөө, орос ахаа шүтэхийн төлөө, хужаад уусахгүйн төлөө, уранд хордохгүйн төлөө! Эдийн засаг элгээрээ хэвтсэн нь-ардчиллын гай. 30 гэр бүлийхний толгойг овоолоод тойрч бүжиглэх! Ийм нугаршгүй эх оронч ухамсартай нь бүх сонгогчдын 60 орчим хувь. 

Сонгогчдын 60 хувь-ялалт. Тэдний эх оронч хийрхэл нугаршгүй. Нугаршгүй хоосныг сөрсөн нэр дэвшигч навс ялагдана. Хичнээн ёс зүйтэй оюунлаг лидер байгаад нэмэргүй. За тэгээд нэр дэвшигч гуай Та ялах уу, ялагдах уу? Ялалт өгдөг булхайн жим бэлэн байна. Өөрийн үзлээс урваж, сонгогчдын нугаршгүй хоосныг биелүүлэхээ амалбал мөрөөдлийн сэнтий бөгсөн дор чинь гэж мэд. Коммунизмээ үгүйлсэн хоцрогдлыг ашиглаж амташсан архаг нэр дэвшигч сонгуульд байнга ялдаг нь ийм замаар өрсөлдсөнийх. Гүтгэлгийн бай-нэр дэвшигчдийн дунд дажгүй хүмүүс бий. Тэд бүгд ялагддаг.

АН-д удаа дараа саналаа өгч ялагдагсад харанхуй массын сохор сонголтын ачааг үүрдэг. Шууд хэлбэл ардчиллыг дэмжигчдийн итгэл бөхөв. Ардчилал чөлөөт зах зээлийг гэгээрсэн масс зөв эдэлж хөгждөг бол бүдүүлгүүд бузарлаж хоосордог аж. Эрх чөлөөг монголчууд дураараа дургих диваажин гэж эндүүрэв. Хуруу хөдөлгөхгүй биеийн амраар тарган цатгалан жаргах мөрөөдөлд залхуу угшил нь хөтөлнө. Авилга, хулгай, луйвар, лазан, тэнэглэл-усны түвшин мэт чимээгүй дээшилсээр нэг мэдэхнээ бидний хоолойд тулав. Усанд бус нугаршгүй хоосонд живлээ. Хоцрогдсон харанхуй бүдүүлэг Монгол гэгээрлээр сэхнэ. Гэгээрэл гэх-амьсгалын аппаратыг бидэнд залгаад өгөөч. Бүтэж үхлээ.

Масс. Энэ үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан, азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Ичмээр. Дүнхүү монгол толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг гэнэн зангий нь өрөвднөм. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд дүйнгэ монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат хөх инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд бид өөрсдөө гэгээрсэн масс болох арай дөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг. “Сохорт өдөргүй согтууд шөнөгүй”-г санаж нүдээ нээж ухаанаа хурцал. Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй массын яс махны тасархай-тэнэгүүд шалгарч Төрийн толгойд залардаг. Мянган чавганц уралдахад нэг нь түрүүлнэ. Маанаг эрх баригчдаар гадны баячууд тоглодог. 

Дүнхүүд мангуу үг чухам. Баяжих боломжоо оффшорчдод дээрэмдүүлээд гуйлагчин болов гэх пиарт өвгөнтийнхөн өмөлздөг. Өөрсдийгөө хохирогчид гэж туньж буй нь тэр. “Эдийн засгийн алуурчид баялаг зөөгөөд дууслаа” гээд тэднийг тэвэрч аваад нэр дэвшигч Та орил. “Хятадууд мах хуу хамчхаад 70 сая малтай монголчууд өлсөж үхлээ” гээд жагс. “Хужаа мянгат малчид эзэлчлээ” хэмээн уйл. “Эх орныхоо төлөө ингээд үхье” гээд цэнхэр дэлгэцээр өөрийгөө С.Эрдэнэ шиг шатаа. Бензин аюултай. Гал унтраах дагуул багаа хажуудаа сайн бэлтгэхгүй бол үнс болно шүү. Хөөрхий нэгэн талбайд сүйд болсон.

Үнс бололгүй мэнд үлдээд сонгуульд өрсөлдвөл ялалт бэлэн. Хас сахиусаар гангарч “Хөх толбот босоо Монгол ялна” гэж хашгираад цамна. Дэвхэрч цовхор. Цээжээ балба. Үсээ хус. Өмдөө тайл. Амаараа улаан хөөс цахруулаад бөөл. Онгодоо дууд. Галзуур. Солиорох тусам хөгжөөн дэмжигч-сонгогчид хуйлраад орж ирнэ. Асар их эрчим хүч гаргасандаа үзмэрч Дашрэнцэн шиг муурч уна. Нэг мэдэхэд чинь масс уухайлан чамайг өөд нь шидэж байна. Чи сонгогчдод таалагдаж байгаа нь тэр. Өнөөдрийн манай сонгогчид хэмжээ ийм.

Монголчууд биеэ дайчлан хөдөлмөрлөх дургүй. Залхуурдаг. Зүгээр сууж байгаад халамж хүртэхдээ нэрэлхэх байтугай чамлана гээч. Ажилд дургүй, бүтээж сураагүй, завшихдаа увайгүй, бизнест ухаан нь гүйдэггүй, чаддаг нь ТББ байгуулж тэргүүнээр нь өөрийгөө өргөмжлөөд цээжээ дэлддэг өчүүхэн амьтдад УИХ-д сонгогдох-төрөл арилжих гайхамшиг. Тэдний нэг ерөнхийлөгч, нөгөө нь ерөнхий сайд болсон. Тиймээс хэнд ч найдвар байна. 

УИХ-д горилогч шинэчүүд шинжлэх ухаан технологийн ололт, чөлөөт зах зээлийн үнэт зүйлсээр зүтгэвэл попуудын тоосонд булагдана. Архаг нам сонгогчдын дийлэнх-харанхуйчуудыг халамжлаад буй нь ийм учиртай. Оюунлаг журамлагууд УИХ-д ганц нэг суудал авлаа ч архаг олонход базуулаад дөрвөн жил амиа л бөөцийлбөл дээдийн заяа. Эрх баригч намын ашиг сонирхлын өмнө сонгогчдын хувь заяа ёстой яршиг л болно гэж мэд. 3 саяас 2 сая нь мулгуу маанаг дүнхүү байвал тэднийг дийлдэшгүй хүч, барагдашгүй олз гээд ашигла. Энэ их хоосон хүчийг дөрөөлсөн хэн ч өдгөө юунд ч торохгүй жанжилна. 

Түүхэнд буруутнаар үлдэгсэд. Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй бүлэглэлийг дүнхүү сонгогчид “бурхад” гээд толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг Төрийн толгойд залсан сонгогчид 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үнэт зүйлсийг устгасан нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал ялдаг. Сонгуулийн ялалтыг шийдвэрлэгч-дүнхүү олныг дөрөөлөгчид эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, авилга хулгай оодорлоо. Тархиар бус тагнуулдаж дийлнэ. Булчинлагууд бярдаж, боловсрол хог дээр хаягдав. 

Сонгогчид гэгээрвэл хулигаан-атаман, мангар-бөх, шизо-бөө, хийтэй-дуучин, хулхи-ганзагачид төрийн толгойд заларч тонгочих амьтад биш юмсан. Луйвар хулгайг тэд хийдэг, бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах хоншооргүй. Тэд халдашгүй эрхтэй. Дархан цаазат хангай сэргэдэг бол халдашгүй эрхтэй гишүүд ялзардаг аж. Инээх дүр нь нүүрэндээ идэх санаа нь цээжиндээ гэдгийг мартуузай. Гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч 3-ны 2 хувийн саналаар эргүүлэн татдаг хууль үйлчилбэл даврагчдыг хазаарлана. Өөрөөр хэлбэл эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр хулгайч гишүүд дураараа дургиж чадахгүй. Ийм боломж байсаар атал монголчууд хэрэглэхийг хүсдэгүй нь хачин. Мэдсээр харсаар байж хэмжээгүй эрх дархтаныг хуулийн дээр залж, давруулснаа сонгогчид минь ухаар. Үүнд тэд биш бид буруутай. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх хуульгүй болсон “ноёд” ямар ч хэрэг тарина. Тэр тусмаа эзгүй орон зайд цөөхүүлээ тархай бутархай тарвалзаж амьдарсан малчдын удам хуулиа нулимаад зоргоороо туйлна. Гудийхгүй.

Халдашгүй эрх. “Хүндэт ерөнхийлөгч өө”, “Эрхэм гишүүн ээ” гэх хүндэтгэлд хэн ч түвэггүй дасна. Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор Төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль биелүүлэхээ түвэгшээдэг монгол хүн хуульгүй амьдрахыг жаргал гэдэг. Хууль хүрэхгүй оргилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс атганд. Тансаглах мөнгө аминых бус төсвийнх. Өөрийн нь хураалгасан татвараас хэдийг Та өөрт нь өгөхдөө өөрөөсөө өгч буй дүр эсгэ. Таныг хувиасаа туслав гэж сонгогч чинь баярлаж тэнэгтэнэ. Ингэ гэж гишүүн тус бүрт төсвөөс 4 тэрбумыг тараасан байгаа. Зарим өчүүхэн агаад шунхай шинэчүүлд эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэж магад. Энэ юу ч биш. Архаг гишүүдийн буруу гарын нууц олзыг тантаад эхэлмэгц “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн амжиж баяжъя” гэдэг хувиа борлуулах овсгоо чинь эрхэм шинэ гишүүн таныг яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр мөнгөө барж авирсны утга юу билээ гэж Та шанална. Хуульгүй хугацаа 4-хөн жил гэж чамлана. Иймхэн хугацаанд Төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдана. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал Танд улсын хөгжлөөс илүү унацтай. Юу ч бүтээхгүй өөрөө баяжих улс төр бол-хоосон маргаан. Хоосон хэрүүлийг улсаа хөгжүүлж байна гэж мангартдаг масс Таныг сонгосон учир тэдний битүү толгой Таны дураараа туйлах өгөгдөл. Хоосонд-үнэн гэж байдаггүй. Байхгүй үнэнд итгүүлэх түлхүүр-попрох. Хоосон хэрүүлийн цаана баяжих сүлжээ хаа очиж бодиттойг Та мэдэж авна. Хутаг тавилгүй мах идээд, хундага тавилгүй дарс зооглоод эртний хаад нээлттэй-шилэн байж. Харин ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүд бол хаалттай. Тэд хулгайгаа төрийн нууц гэнэ. Тэдний хулгайг сөхвөл улсын нууц задалсан үйлдлээр яллуулна. Гоё уу? Гоё! Хэнд гоё вэ? Мэдээж тэдэнд!

Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй. Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихлаа. Барууныг хөгжүүлж магтагдсан нөгөө сүрхий ардчилал малчин нүүдэлчдэд навс ялагдав. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа. Эрдсээ булаацалдсан эрх баригчдын зодоон ширүүссэнээр ядуурсан иргэдийн төр засгаа хянах эрх замхарлаа. Аль тал ялах-ард түмэнд түй ч үгүй. Учир нь тэд бүгд хулгайчид. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болдоггүйг мэдэж аваад аль нэгний нь тролл бүү болцгоо.

Жагсаж өлсөх үр дүнгүйг ойлговол ойлгох хугацаа аль ХХ зуунд дууссан. Одоо нийт олны тэмцлийн давалгаагаар, эсвэл сонгуулиар хулгайчдыг хуу цэвэрлэх л үлдлээ. Үүний төлөө нэгд. Гадна дотны элдэв гарц онолдож бүү самгард. Олон санаат зорьсондоо хүрдэггүй. Яль бүлийн шаардлага олширвол гол зорилго тарамдаж замхраад бахь байдгаараа доройтсоор дапуурна.

Өрсөлдөгчдөө гадны дэмжлэгтэйгээр намнадаг болов. Баялаг бүтээх бизнес нь дажгүй цэцэглээд үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхвөл барууны тагнуул, хорлон сүйтгэгч гээд коммунистууд шиг цаазалдагсан бол цөөнгүй хүн буудуулсан. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах ногоон малгайтны хойчууд бэлэн. Феодализмээс капитализмыг харайхаар 70 жил нисээд “Их өр” гэгчтэй газардсан сургамж саяхных. Магтсаар байж малыг минь барж, маажсаар байж голыг минь таслах дөхсөнийг бүү март. 

Биесээ барьж идэхээр тэмцэлдэж буй бүлэглэлүүдийг төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адил хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж нүгэлд унана. Төр засгийн толгойд нэг ч хулгайч үлдээхгүй гэх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлбэл Та шударга тэмцэгч болно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар хожил гарахгүй. Ялсан хулгайч бүлэг дархлагдаж ганцаар даналзана. Луйвар хулгайг ард нийт дийлсэн цагт эх орон гүйцэд цэвэршинэ гэж мэд. 



-Хөөрхий дөө муу сөрөг хүчин минь.