Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж
Нэгэнтээ, гитарын чавхдас хангинан хачин гуниглаг атлаа, сэтгэл татам аялгуу дуурьсан байхыг гэнэт сонсов. Яг л миний гуниглан уйтгарлах сэтгэлд хэн нэг нь ая оруулсан мэт. Эсвэл, гэгэлзсэн сэтгэлийн минь хөг эгшиг нь ижлээ олоод тэлүүлэх мэт. Хэдэн ах эгч том хадан дээр суугаад, нэг нь гитардан дуулж, бусад нь амандаа гүнгэнэн түрнэ. Өвдөж шаналсан ч гэсэн сэргэг тунгалаг ой тойнд минь тэр дууны мөр дорхноо бичигдэн үлдэв. Япон тэнгисийн эрэг дээр Янаг хоёр болзжээ Янаг хоёрын болзоо Яг л зуурдынх байжээ ...
Зуурдын сэтгэл ба Үүрдийн дурсамж
Дурсамж ингэж эхэлсэн юм. Хоёрдугаар анги төгсдөг жилээ хүнд өвдөж, уулын аманд хоёр сар хэвтэж билээ.
-Чамайг хэддүгээр ангид хэзээ орсныг чамаас өөр хэн санадаг юм бэ, гэж үү? Тиймээ, гэхдээ нам төрийн удирдагчийн нэг-Самбуу дарга нас бардаг жил гэвэл олон хүн баримжаалах байх аа. Ер нь бол, намзасгийн хувьд ч, миний хувьд ч хүнд жил байсан байх гээд байна. За, энэ ч яахав.
Хүмүүн заяанд учирч болох зуурдын нэгэн бяцхан зовлонг туулж буй жаал хөвүүнд ганцаардал, уйтгар гуниг хүртэл цоо шинэ зүйл байлаа. Мэдээ орсон цагаас хойш гуних гутрах, зэмлүүлэх гомдохыг эрхбиш амссан ч гэсэн тэр бүгд агшин зуурынх байж, хэдхэн хормын дараа л эрхлэн эрхлэн тайтгарч явсан сэтгэл минь нэгэн хэмээр ийм удаанаар гансран суусан нь үгүй.
Хөдөө гэр, хайртай дотно хүмүүсээ, даа ялангуяа ногоо дэлгэрэх цагаар санан гунихрахын зовлонг бяцхан зүрхэндээ амсан бясалгасан тэр өдрүүдэдийн дурсамж одоо ч сэтгэлд эгшиглэн энэхүү бяцхан туурийг бичүүлж байнам.
Нүүдэлчин хүний сэтгэл хавраар төлжин баясч, намраар уйтгарлан гунихардаг хэмнэлтэй билээ. Тал нутгийн хавар хахир хатуу ч гэсэн нялх ногоо соёлон цухуйж, дэнж газрын дэлгэр зусландаа олуул нийлэн хөгжилдөх цаг айсуйг агшин агшнаар мэдрэн догдолж байдаг. Харин, шувууд буцах цагаар эзгүйрэн хоцрох зуслан, тэндээ орхигдох хөгжүүн цэнгээнт өдрүүдээ санагалзах нүүдэлчний сэтгэл гунигаар хөглөгдөнө.
Гэтэл баясан дэгэлзэх учиртай тэр цаг улирлаараа гунихран санаашрах суух нь юутай таагүй. Хүүхдүүд өвдөж ирээд, эдгэрэн гарч одсоор байх боловч минийх л яагаад ч юм эргэж хүндрэн тэхээс тэгэх гэсэн аятай ужиграна.
Надтай хамт хотод өвөлжсөн эмээ маань сүүлд хуучилдагсан:
-Хөгшин ээж нь, хүүгээ яг алдах нь гэж л бодсон. Тэгээд “Яаж, би эхийнх нь царайг царайг харна билээ” гээд Зайсангийн автобусанд уйлаад л явсан. Тэгж яваад, доошоо тонгойн нулимсаа арчтал нүдэнд нэг юм гялсхийх шиг болохоор нь хартал цоо шинэ “25-ын үзэг” хэвтэж байж билээ. Гэнэт л надад бэлэгшээлтэй санагдаад “Миний хүү үхэхгүй юм байна. Бичиг номын хүн болох заяатай байхын бэлгэдэл” гэж бодогдоод явчихсан. Тэгээд л дотор цэлмэж, дахиад уйлаагүй. Миний хүү ч илааршиж эхэлсэн гэж. (Хорин таван төгрөгний үнэтэй тэр үзэг, эмээгийн минь бяцхан цоохор хайрцаг доторхи нандин юмсын дунд, шүтээний зүйл аятай хадгалагдаж байдагсан)
Хамаг нүүдэлчний сэтгэл баясгалангаар хөглөгдөх тэр улиралд, эмнэлгийн бүрэнхий өрөөнд хоригдон суух маш гунигтай.Ядахнаа, нүдэнд шар тогтдог гээд ном уншуулахгүй, ганц чөлөөтэй юм ньтасалгааны голд тавьсан хувин дүүрэн чихэртэй уснаас цүрдийтлээ залгилж болно.
Гэхдээ л улс төрийн хэрэгтний “хэцүү нэрт”-ийн газар, хориотой ном зохиолыг л ингэж уншдаг болов уу гэмээр нууцлан байж, эмч сувилагч нараас хяналтаас бултуулан хоёр ч ном уншиад хаяж байгаа юм аа бас. Тэр нь “Нөлөөт толины вант улс”, “Аль ч биш зүгт зорчоод юу ч бишийг олж ирсний үлгэр” гэх ном.
Над шиг хоёр сараар биш ч гэсэн чамгүй удсан нэг хүүтэй л их найзалсан. Андынхаа нэрийг нь мартсан нь тоогүй ч, ээж нь л лав Отгон гээд тэр эмнэлэгт асрагч байсан, үл ялиг мижилзүүр эгч байсныг санаад байгаа нь бас муугүй.
Бие гайгүй болохын хэрээр эмнэлгийнхээ тагтан дээр хааяа гарахад Зайсан толгой өөд өгсөж, эрүүл энхээр чөлөөтэй баясан яваа хүмүүс харагдана.
Нэгэнтээ, гитарын чавхдас хангинан хачин гуниглаг атлаа, сэтгэл татам аялгуу дуурьсан байхыг гэнэт сонсов. Яг л миний гуниглан уйтгарлах сэтгэлд хэн нэг нь ая оруулсан мэт. Эсвэл, гэгэлзсэн сэтгэлийн минь хөг эгшиг нь ижлээ олоод тэлүүлэх мэт. Хэдэн ах эгч том хадан дээр суугаад, нэг нь гитардан дуулж, бусад нь амандаа гүнгэнэн түрнэ. Өвдөж шаналсан ч гэсэн сэргэг тунгалаг ой тойнд минь тэр дууны мөр дорхноо бичигдэн үлдэв.
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг хоёр болзжээ
Янаг хоёрын болзоо
Яг л зуурдынх байжээ ...
Япон тэнгисийг мэдэхгүй, болзоо молзоог ч олигтой төсөөлөхгүй, янаг энээ тэрээг ч базаалттай ухаарахгүй боловч яалт ч үгүй миний сэтгэл зүрхний гүнд байгаа гэгээхэн уйтгар маань дуу болоод тэнд эгшиглэх мэт ажгуу.
Үүнээс хойш залуус, охид орой үдшээр тэнд ирж дуулахыг сэм сэмхэн хүлээдэг боллоо. Ах эгч нарын сэтгэлийг минийхээс арай өөр учир шалтгаантай ч гэсэн, зүрх сэтгэлийг нь яг л намайг уйтгарлуулан хөглөдөг шиг тийм гуниг, шаналан эзэмддэг ажээ. Тэгээд, түүнийгээ дуу болгон аялж, сэтгэлээ хөглөдөг юм байна гэдгийг жаахан жаахнаар ухааран мэдэрч байлаа.
Тэд янз янзын дуу дуулдаг ч, тэр дууг нь тайзнаас, радиогоос хэзээ ч ахин сонсож байсангүй. Цаг үе нь тийм байж. Дуу зохиохын тулд төрөөс зөвшөөрөл авдаг, тэр нь энд бичихээс залхуу хүрэм шалгууртай байсан цаг. Залуус сэтгэлийнхээ үг, зүрхнийхээ гунигийг дуу болгож гэмээнэ “зохиомол” хэмээн нэрлэн, өөр зуураа дуулах төдий. Уг нь “өөрөө үүдсэн” дуу гэж байхгүй, бүх дуу зохиогдсон байх нигууртай ч энд хэрэглэн буй “зохиомол” гэдэг үг болбоос “албан ёсны бус”, “хүчингүй”, “төрөөс зөвшөөрөгдөөгүй” гэсэн утгатай. Заримдаа бэлэн зэлэн түгээмэл аялгуун дээр өөрийн үгийг орлуулан дуулах ба эндээс “дуу гуйвуулах” хэмээх аман зохиолын нэг төрөл үүдсэн болой. Зарим гадаад дууны үгийг төстэй монгол үгээр орлуулдаг бас л нэг аман зохиолын төрөл ч хөгжиж байлаа. Жишээлэхэд, Энэтхэгийн “Ноён 420” гэдэг киноны нэгэн дууг
-Илжиг даана аа, илжиг даана аа
Даахын ихээр даана аа... болгожээ. Энэ дууг илжигний тухай хүүхдийн дуу л гэж бодсоор явдаг байжээ.
Түүнчлэн нэрийг нь монголчилсон “Аавын минь зулай сөөвийсэн үстэй, ээжийн минь сийрсэн шаахай ул нь цоорхой” , “Үгүй ээ ер өө, Гондоомтой муур аа” гээд дуунууд байна.
(“Илжиг даанаа”, “Аавын минь зулай”, “Гондоомтой муур аа” зэрэг нь яг ямар дуу байсныг төгсгөлд буй линкээр сонирхож болно)
...ийнхүү, утйгарт өдрүүдийн хэмнэл өөрчлөгдөж эхлэв. Өөр хэсэг залуу, өөр нэгэн орой
Надаа, гитараа өгөөч ээ
Найзынхаа тухай дуулъя аа
Найзын найзаас онцгой
Амраг чамдаа барья аа...хэмээн гэгэлзүүлнэ.
Бүүр өөр нэг өдөр бүүр гунигтай дууг сонсов.
Зулзган модод нахиа дэлгэх
Зуны өглөө аваарт оржээ
Аваарт орсон хөөрхий чи минь
Хоног хоногоор улам дордсоор...
Цаашаа юу гэснийг үгчлэн санадаггүй ээ, лав л гол баатраа амьсгаа хураасан хүртэл гарч байсан маш гашуудалтай дуу байсан санагдана.
Ийнхүү би хотын шуугиан, нийгмийн хяналтаас дайжин, уулын аманд очиж сэтгэлийн дуугаа аялах залуус охидын зүрхний гуниг, нууцлаг баярыг хуваалцагч боллоо. Өвчин илааршихын хэрээр оюун санаа сэргэн, хүнийг сэтгэлийг хөвсөлзүүлэн дэнслүүлэгч хорвоогийн нууцад татагдаж эхлэв. Миний сэтгэлийн нэгэн чавхдсыг анхлан хөндөж, зуурдаар гунихран унтарч асан танин баясах, орчлонгийн далайг танин хүртэх мөрөөсийг сэрээсэн аялгуу нь мөнөөх “Зуурдын сэтгэл” бөлгөө.
Зуурдлын сэтгэлийг аялсан залуус дахиж ирээгүй, тэр дуугаа ахин дуулсангүй байсаар би эмнэлгээс гарлаа. Зуурдын гуниг, зуурдаас сэрээж дуудсан эгшиглэнт агшин бүгдээр сүр жавхлант уулын хойшоо харсан аманд үлдэв.
Намайг удаан хүлээсэн гэр орон, хайртай дотно хүмүүстээ эргэн ирсэн хойно ч сэтгэлд минь Япон тэнгис долгио хаялан давалгаалж, мөнөөх аялгуу нь эгшиглэсээр үлдсэн. Хонио хариулж явахад минь гэнэтхэн тэр гэгэлгэн аялгуу сэтгэлийг эзэмдэн хөглөөд,
-Ёофоон тээнгисийн ээрэг дээээррр... хэмээн цахиртуулахад, тал нутгийн уул хөндийн цуурай нь онцгой солгой хоолойг минь яльгүй засамжлан түгээх мэт анирдуулан замхардагсан.
Хожим мэдэхнээ “Зуурдын сэтгэл” хэмээх Япон кино манайд гарсны дуу нь юм байж. Нэлээн сүүлд киног үзсэн боловч дуу шигээ сэтгэл эзэмдсэнгүй. Бараг л дуундаа клип хийхийн оронд “баярхаад”, барагтайхан кино болгож аархсан ч юмуу гэмээр. Ерөөсөө, дууны үг нь миний анх сонссон тэр шүлэг байсан уу, сонирхсонгүй. Япон аялгуунд нь зориулан манайхан зохиосон эд ч байсан уу, мэдэхгүй. Мэдье ч гэсэнгүй. Заримдаа, уянгалаг гэгээн төөрөгдлүүд тэр чигээрээ үлдэх нь ч сайхан шүү дээ...
Жич: Үүрдийн сайхан дурсамжийг маань сэрээсэн сайхан үйл явдал болох гэж байна. Хэдхэн хоногийн дараа, “Зуурдын сэтгэл” дууны эзэн Кон Ёоко манайд ирж мөнөөх дуугаа өөрийн биеэр дуулах юм. Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан энэхүү дурсамжит тоглолтыг та бидний сайн мэдэх Элчин сайн асан Т.Шимизү гуай зохион байгуулж байгаа юм билээ.
2022.08.15
Жичийн жич: Энэ өгүүлэлд нэр гарсан “Илжиг даана аа”, “Аавын минь зулай”, “Үгүй ээ, ерөө. Гондоомтой муур аа” зэрэг зарим дууны линк хаяг
https://www.youtube.com/watch?v=M5JFf-Zmy5Q&ab_channel=%D0%9F%D0%B5%D1%81%D0%BD%D0%B8%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B2%D0%BC%D0%B8%D1%80%D0%B0%D1%81%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%B8%D0%BC%D0%B8%D1%81%D1%83%D0%B1%D1%82%D0%B8%D1%82%D1%80%D0%B0%D0%BC%D0%B8
https://www.youtube.com/watch?v=97vLjTFEfw8&ab_channel=Someone
https://www.youtube.com/watch?v=blUSVALW_Z4&ab_channel=PlayingForChange )