Зуун жилийн марафон
Америкийн байр суурийг эзэлж, дэлхийн супер гүрэн болох Хятадын нууц стратеги
Америкийн байр суурийг эзэлж, дэлхийн супер гүрэн болох
Хятадын нууц стратеги
“Өдөөн хатгасан… нарийн тодорхой, нягт нямбай. Хятадын амбицийг зөв үнэлж, түүнд үр дүнтэй хариу үзүүлэх нь Вашингтоны хувьд зөв алхам хэмээсэн нь энэ цаг үед гадаад бодлогын гол сорилт байх биз ээ.” - Ньюсвийк
АНУ сүүлийн дөч гаруй жилийн хугацаанд Хятадыг эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, дэлхийн тавцанд байр сууриа олоход нь тусалсан нь гагц тус улстай хамтын ажиллагаа, дипломат харилцаа болон чөлөөт худалдааг шинэ түвшинд хөгжүүлэх найдлага тавьж байсны илрэл юм. Харамсалтай нь Хятад энэ хугацаанд огт өөр төлөвлөгөөтэй байсан болж байна уу?
Зуун жилийн марафон-д Хятад Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны нэг зуун жилийн ой дээр буюу 2049 он гэхэдАмерикийн дэлхийд тэргүүлэгч гүрний байр суурийг эзлэх нууц стратеги баримталж ирснийг илчилжээ. Ричард Никсон, Хэнри Киссинжэрийн үеэс АНУ-ын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын албанд дээд албан тушаал хашиж ирсэн Майкл Пилсбюри Хятадын цэрэг, тагнуулын агентлагууд дахь “харцгууд”-тай олон жил харилцаж байсны хувьд тэдний гаргасан баримт бичиг, хэлсэн үг, ном бүтээл зэргийг судлан Хятадын стратегийн тулгын чулуу болсон Хятадын уламжлалт Төр удирдах ухааны сургаал чухам юу болохыг бүтээлдээ харуулжээ. Тэрээр мөн АНУ-ын Засгийн газар энэ “Хятад мөрөөдөл” биеллээ олоход нь ажиг сэжиг авалгүй тусалж ирснийг өгүүлсэн байна.
Зуун жилийн марафон бол XXI зууны үндэсний аюулгүй байдлын хамгийн том сорилтыг бид хэрхэн буруу ойлгож ирснийг бүх америкчуудад анхааруулсан “харангын дохио” юм.
“Хурц шүүмж, чимхлүүр мэдээллээр баялаг энэ ном АНУ-Хятадын цаашдын харилцааны талаарх хэлэлцүүлэгт гол сурвалж болон хэлцэгдэх учиртай бүтээл болжээ.” - Foreign Affairs -
“Зуун жилийн марафон-д Хятадын нийслэлд суугаа гол бодлого боловсруулагчид хэн болох, тэдний санаа зовниж буй асуудал юу болохыг тодорхой өгүүлснээрээ цаг хугацаанд хуучрахгүй уншигдах, дүн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх чухал сурвалж болсон бүтээл болжээ. Пилсбюрийг манай цаг үеийн Пол Рэвэрэ гэвэл зохилтой.” - Үндэсний ашиг сонирхол номын зохиогч Гордон Г.Чан -
Хятад мөрөөдөл
“Тэнгэрт хоёр наран зэрэг манддаггүйн адил,
Төр улсад хоёр хаан суудал зэрэгцэх учиргүй.”
- Күнз
Ши Жинпинийг 2013 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албаа хүлээн авах үед Америк дахь Хятадыг ажиглагчид түүний тухайд мэдэх зүйлээр ядмагхан байлаа. Хятадын харцгууд түүнийг бахдан биширч байхад, Барууны ажиглагчид өтгөн хар үс, дөлгөөн инээмсэглэл, нүдэнд дулаахан төрхтэй жар гарч яваа энэ эрийг Хятадын хуучинсаг “хамгаалах” бодлогыг халж, одоо л нэг юм чөлөөт зах зээлийг дэмжсэн ардчилсан улс болгох хүлээлтийг нь биелүүлэх Горбачёв шиг шинэчлэгч гарч ирлээ гэж битүүхэндээ горьдож байв. Гэтэл төд удалгүй Ши Хятадыг дэлхийн дэг журамд оройлох үүрэг гүйцэтгэх байр сууринд аваачих өөрийн гэсэн мөрөөдөлтэй болох нь илэрхий боллоо. Угтаа энэ нь Хятадын удирдлагуудын “Зуун жилийн марафон”-ийнх нь эхлэл цэг гэж үздэг 1949 онд Маог төрийн эрхэнд гарснаас хойш Коммунист намын санаархалд багтсаар ирсэн зүйл юм шүү дээ. Ши дарга fuxing zhi lu буюу “сэргэлтийн замд” гэх харцгуудын уриаг тэр чигт нь авав. Үндсэрхэг үзлийг битүүхэндээ агуулсан энэ уриа ийнхүү шинэ ерөнхийлөгчийн хараалсан гол асуудал болж хувирав. Гэвч хойшдоо ямар үр дагавар дагуулахыг тааж, таамаглахад төдий л их цаг орсонгүй.
Бээжингийн Тяньаньмэний талбайн захад сүндэрлэх арван давхар барилгатай тэнцэх өндөр чулуун хөшөөг 1949 онд Маогийн тушаалаар барьжээ. Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, тэдний хараа хяналт доор үйл ажиллагаа явуулдаг албан ёсны аяллын компанийн хөтөч нар барагтаа бол гадныхныг тийш дагуулан очихгүй. Барууны иргэд өөрсдөө замаа олоод тэнд хүрдэг юм аа гэхэд гантиг чулуун хавтан дээрх хятад бичгүүдийг англиар тайлбарласан тайлбар үгүй тул чухам юу дүрсэлснийг ойлгож чадахгүй л болов уу. Гэвч энэ хөшөө марафоныг анхнаас нь чиглүүлж асан тэрхүү санааг илтгэх мэт.
Энэ сүрлэг байгууламж дээр “Ардын баатруудын хөшөө” хэмээн нэрийг нь сийлсэн байх ажээ.1 Энэ хөшөө уг чанартаа Британийн эзэн хааны тэнгисийн цэрэг Чин гүрэнтэй шөргөлдсөн худалдааны маргаанаар Хятадын боомтуудад бараагаа хаяхад хүрснээс үүдсэн 1839 оны Хар тамхины анхдугаар дайнаас эхлэн Өрнийн хүчнийхний гарт “зууны гутамшиг”-ийг амссан гэх Хятадын харуусал хилэнг “бэлгэджээ”. Хөшөөн дээрх бичвэр, сийлбэр дүрс нь Хятадын зуун жилийн түүхийг, нэг ёсондоо Коммунист намын “нүдээр” олон нийтийн эсэргүүцэл, Өрнийн халдан түрэмгийлэл, Мао Зэдун дарга 1949 онд Өрнийн гутаан доромжлолд цэг тавьж, сүр жавхлантайгаар их удирдагчаар сонгогдох хүртэлх партизаны дайнуудыг дүрсэлсэн байх ажээ.
Америк жуулчид өдөр бүр энэ хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө ихэвчлэн алсаас хэдэн зураг дарж байгаа харагдах агаад тэдэнд хандсан – түүн дээр сийлсэн үгсийг анзаарсан шинжгүй явж одно. Эх оронч үзлийн цөм болсон энэ хөшөөнөөс “Хятадын шударга ёсыг тогтоох өдөр айсуй” гэсэн бидний ажаагүй бас нэгэн дохио цацарна. Товчхондоо, уг хөшөөг урьд нь харуусал дүүрэн, хожмоо харанхуй болж хувирсан - Хятад, АНУ-ын харилцааны төгс бэлгэдэл гэхэд хилсдэхгүй.
Том гүрнүүдийн жанжлах өрсөлдөөнд Хятад онцгой байр суурь эзлэх болсон нь Хятадын Коммунист нам хүчирхэгжиж эхэлсэн үеэс улбаатай.2 Доройтон задарч байсан Османы эзэнт улсыг “Европын үхээнц улс” хэмээн егөөдөж байсан шиг ХIХ зууны сүүлээр Европын гүрнүүд Хятадыг “Зүүн Азийн үхээнц улс” гэлцэж байв. “Биднийг Зүүн Азийн үхээнц улс гэж байгаа гадныхан бол бүдүүлэг, дорой үндэстнүүдээс зайлахгүй” хэмээн 1905 онд хувьсгалч Чэнь Тианхуа жигшил дургүйцлээ нуулгүй бичсэн байдаг.3 Энэ бугласан шарх нь Хятадыг жанжлах байр сууринд баттай суух хүртэл ер илааршихгүй биз ээ.
ХХ зууны эхээр Хятадын зохиолч, сэхээтнүүд Чарлз Дарвин, Томас Хаксли нарын бүтээлийг бахдан биширч байсан нь харагддаг. Хүчтэй нь үлдэх байгалийн шалгарал, өрсөлдөөний талаарх Дарвины онол Өрнийхний түрэмгийлэлд гутаан доромжлогдсон хятадуудад өшөө авах хүслийг нь өдөөх шиг болов. Орчуулагч, эрдэмтэн бөгөөд шинэчлэгч Янь Фүг Хакслигийн Хувьсал ба Ёс зүй бүтээлийг мандарин хэл рүү орчуулсан анхдагч гэж үздэг. Гэвч Янь байгалийн шалгарлыг tao tai буюу “устгал” гэж орчуулан асар том алдаа гаргасан нь хятадуудад Дарвины үзлийн талаарх түгээмэл ойлголт болж орхижээ.4 Иймдээ ч шалгарлыг давж гарч чадахгүй үлдэгсдийг сул дорой гэж үзээд зогсохгүй байгалийн хийгээд улс төрийн ертөнцийн аль алинаас нь “арчих” сэдэл төрүүлснийг үгүйсгэхгүй. “Сул дорой нь хүчтэйдээ залгигдана” гэсэн Янь Фугийн орчуулга цааш “мунхаг нь ухаантайдаа боолчлогдоно, улмаар эцсийн дүнд амьд үлдэгсэд… тухайн цаг үе, газар орон хийгээд нийгмийн нөхцөл байдалд зохицсон болохоо батална” хэмээн үргэлжлэх аж.5 Үүгээр зогсохгүй тэр Өрнийхөн “сул дорой үндэстэн хүчтэй нэгдээ захирагдана” гэж үздэг хэмээжээ.6 1911 онд орчин үеийн Хятадыг үндэслэгч эцэг Сүнь Ятсэн мөрийн хөтөлбөрөө үндэстэн товойн гарч “амьд үлдэх” зарчим дээр тулгуурлан боловсруулсан байв. Сүнь бээр хятадуудын харь гүрнүүдийн эсрэг тэмцлийг цагаан арьстнуудын “арьс үндсийг нь устгах” аюулын эсрэг, тодруулбал шар арьстнуудын эрхшээлд орох эсвэл тэдний хөлд үрэгдэн үгүй болохын эсрэг тэмцэл мэтээр харсан байлаа.7
Энэ санааг 1949 онд сэргээсэн юм. Маогийн бичвэр Дарвины үзэл санаагаар дүүрчээ. Маод хүчтэй нөлөөлсөн хоёр орчуулагчийн нэг нь шар ба цагаан гэсэн хоёрхон арьстан шар нь стратегиа өөрчлөх хүртэл цагаан нь “түүний толгойд” заларсаар байх ирээдүйн тэмцэлд тунаж үлдэх тухай бичсэн байв. Мао болон түүний нөхөд Карл Марксын бүтээлтэй танилцахаасаа ч өмнө Хятад улс оршин тогтнох эсэх нь Хятадын ард түмний өвөрмөц замналыг онцолсон урт хугацааны, радикал стратегиас хамаарна гэж үзэж байв.8 Хятадын коммунист стратегийн онолд хахир хатуу өрсөлдөөн дэх амьд үлдэхийн төлөөх тэмцэл гэсэн санаа давамгайлах болжээ.
1930-аад онд төр барьж байсан засгийн савраас Улаан армиа аван зугтсан алдарт Их аяныхаа үеэр Мао ганц л ном өвөртөлж явсан нь Өрнийн хувилбар гэж үгүй түүхийн сургамж бүхий төр улс байгуулах гарын авлага байв. Англи хэлнээ The General Mirror for the Aid of Government (Төрд туслах нэвтэрхий толь) нэрээр чухам чухал хэсэг нь орчуулагдсан эл номд Хятадын Байлдаант улсуудын үеийн цэргийн эрдэм, мөн тэртээ МЭӨ 4000 оны үед хамаарах түүх, сургаал багтжээ.9 Нэг зүйлийг онцлоход Дарвины онолтой эгээтэй сайхан уялдсан, хятадуудын дуртай Күнзийн сургаал байдаг нь: “Тэнгэрт хоёр нар мандах учиргүй” гэсэн мөрт.10 Дэлхийн дэг журам өөрөө шатласан шинжтэй. Иймд түүний тэргүүнд үргэлж ганц л удирдагч байх ёстой гэсэн санаа.
Америкийн Хятад судлаачдын хамгийн том алдаа нь энэ номыг нухацтай авч үзээгүйд оршино. Ядахнаа л англи хэл рүү орчуулаагүй байв. Хэзээ хойно, 1992 онд Нью Йорк Таймс-ын сэтгүүлч Харрисон Солсбэригээс л бид Мао 1935 онд уг номын сургаалыг шимтэн судалж байсан, тэр бүү хэл 1976 онд нас эцэслэх хүртлээ ахин дахин уншиж байсныг мэдэж авсан.11 Дэн Сяопин тэргүүтэй Хятадын удирдлагууд ч үүнийг уншсан байж таарна. Хятадын ахлах сургуулийн сурагчид хууран мэхлэх аргыг ашиглах, дайсандаа бүслэгдэхээс зайлсхийх, өндийн томорч буй гүрэн тохиромжтой цаг нь ирэх хүртэл жанжлагч гүрний бардам занг хэрхэн өдөөсөөр байх гэхчлэн Байлдаант улсуудын үеэс улиран дамжсан сургаалууд бүхий мөнөөх номоос хичээлийн сурах бичигт сонгон оруулсан зүйлсийг судалж байна шүү дээ. Бид харин тэр бүгдээс хол хоцорчээ.
Мао нэгэнтээ Дарвины бүтээлээс зээлдсэн нь тодорхой үгсээр “хамгийн шалгарсан арга болохын хувьд социализмд үзэл суртлын тэмцэлд ялах бүхий л нөхцөл байдал бүрдээд байна” хэмээж байв.12 1950-иад онд Мао хийгээд Хятадын бусад удирдах албан тушаалтнууд дэлхийн бусад хэсэгт ноёрхлоо тогтоох тухай олонтаа ярьж байсныг – Америкийг дэлхийн хамгийн аугаа гүрэн мэтээр харуулж байсан Айзэнхауэр, Кэннэди, Трүмэн, Никсоны уриалгатай адилгүй үндсэрхэг үзлийг дэвэргэх гэсэн гэм хоргүй оролдлого, ердийн нэг сүржигнэл гэж үзээд бас л ойшоогоогүй өнгөрчээ. Хятадын Коммунист нам Их үсрэлтийн бодлогыг13 хэрэгжүүлж байхдаа “Британийг эзлээд, Америкийг гүйцнэ” гэцгээж байхад түүний цаад санааг ухаж байсан хүн тоотой хэд байв.
Маог төр барих хугацаанд Америкийн Тагнуулын албаныхан өөрсдийн тарьсан балгаа цэгцлэх гээд “завгүй” байсан цаг. Хятадуудыг хэдэн радикал нөхдүүдээр толгойлуулсан бараг л “балар эртний” хүмүүс гэж үзэх хандлага түгээмэл байв. Хятадын гудамд автомашин бус, унадаг дугуй багширч байдаг байлаа. Тэнд гадаадын хөрөнгө оруулалт гэх зүйл бараг байсангүй. Мао даргын үндсэрхэг үзэлд суурилсан жигтэй төлөвлөгөө, тухайлбал бүх элчингүүдээ гаднаас эргүүлэн татсан зэрэг нь Өрнийхний хөх инээдийг хүргэж байв. Тариачдад туслахын тулд Мао үр тариаг нь сүйтгээд байгаа бүх бор шувууг устгах үүргийг цэргүүддээ өгч байжээ. Аугаа удирдагч маань бор шувуу бас хөнөөлт шавьжийг иддэгийг авч хэлэлцээгүй гэлтэй. Үр дүнд нь Хятадын үр тариа бүхэлдээ шимэгч шавьжны уршгаар сүйдсэн шүү дээ.
АНУ-ын Тагнуулын албаныхан Хятад Зөвлөлт Холбоот Улсын жижиг холбоотон байхыг хүссэнгүй гэсэн мэдээ аваад итгэж ядсан нь нууц биш. Америкчууд тэр дорой буурай орныг нэг л өдөр АНУ-аас дутуугүй ЗХУ-тай мөчөөрхөнө гэж хэрхэн санах билээ. Тэр үед энэ санаанд инээгээгүй ганц л бүлэг байсан нь – ЗХУ-ын удирдлагууд байлаа. Тэд америкчуудаас хол түрүүнд Хятадын байдлыг урьдаас харсан байв. Марафоны талаарх анхны учгийг тайлсан хүмүүс нь тэнд, Москвад байлаа.
1950-иад онд Хятад ЗХУ-ын Коммунист блокийн тэргүүлэгч байр суурийг нээлттэй хүлээн зөвшөөрсөн байдаг. Хятадууд сул дорой байдлаа тодотгож, технологийн хувьд давуу оросуудаас туслалцаа хүсч байв. Гэхдээ удаах хууралт нь Маод үнэндээ тохирсонгүй. Оросууд ч үүнийг сайн мэдэж байлаа. Тэд Хятадаас болгоомжилж, үл итгэх тусам Хятад-Америкийн холбоо нягтрахаас тэр хэрээр эмээж байсан юм. Иймдээ ч тэд америкууд руу худал зурвас илгээсэн байна.
1961 оны сүүлээр, Анатолий Голицын гэх эр Хэлсинкийн онгоцны буудал дээрх АНУ-ын ТЕГ-ын нууц албаны ахлагчтай холбоо тогтоож, ЗХУ-аас дутаан зайлах хүсэлтэй байгаагаа ойлгуулжээ. Тагнуулын албаныхан түүнд тусалж, гэр бүлийнх нь хамт Хэлсинкээс Стокхолм орох онгоцонд суулгасан байна.14 Украинд төрсөн, дөчин тав шүргэсэн мань эр Финланд дахь Зөвлөлтийн Элчин сайдын яаманд Иван Клинов гэх нууц нэрээр шургахаасаа өмнө КГБ-ийн стратеги төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан хошууч байлаа. Тэрээр Стокхолмоос цааш АНУ орох онгоцонд суухдаа Зөвлөлтийн Өрнөдөд явуулж буй ажиллагааны талаарх тагнуулын мэдээ, баримтыг авч гарчээ. “Өрнө рүү гарсан хамгийн үнэ цэнэтэй нууц туршуул”15 гэгдэж, хожим Биелэгдэшгүй даалгавар гэх телевизийн алдартай нэвтрүүлгийн дүрээр тодорч асан Голицыны авчирсан Хятад-Зөвлөлтийн харилцааны талаарх мэдээ сэлт удаах хэдэн жилд АНУ-ын дипломат харилцаа хийгээд тагнуулын ажилд гүнзгий нөлөө үзүүлсэн байдаг.
НЭПКО хэвлэлийн газар
Зочин