Зөөдөг 80 компани ба Ж.Оюунгэрэл
Асуудлын буруутнаар өөрсдийг чинь тодруулчихаад нэг муу эмэгтэйг шууд заналхийлээд ил цагаан “ална” гэж хэлэгсэд ТББ-ын нэрээр буюу зохион байгуулалттай хэлбэрээр мэдэгдэл хийж байхад “Шунхлай”-гийн Батсайхан, “Сод Монгол”-ын Анандбазар гээд эрчүүд хаачив?
Сэтгүүлчийн ажил хийснээс хойш миний бие анх удаа өнгөрсөн жил сонинд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр шүүхэд дуудагдсан юм. Төрийн өмчит байгууллага төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ тендерийг будилуулсан гэх талаар цуврал материал байв. Агуулгыг нэг өгүүлбэрт багтаавал тоног төхөөрөмжийг худалдан авч байгаа тал, тоног төхөөрөмжийг түүнд худалдаж байгаа тал, энэ хоёрын худалдан авалтын төсвийг гаргаж буй яам гээд гурван субъект нэг тал болчихоод тухайн тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс даруй найм дахин өндөр үнээр шахсан байж магадгүй талаар бичсэн юм. Шүүхэд манай тал унасан ч шүүгч нарын итгэл үнэмшил миний талд байгааг нүдний харцнаас нь анзаарч байлаа. Одоо энэ чухал биш. Зүгээр л шүүхийн танхимд би нэг зүйлийг давтан хэлэхийг хүссэн юм. Өнөөдөр дэлхий даяаршиж, ямар ч хил дамнасан наймаанд 8 дахин нугалдаг үнэ гэж байхаа больсон, ямар ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нарийн ярьвал 1-3 хувийн ашгийн төлөө өрсөлдөж байна шүү дээ гэж. Нууж хуйвалдаж, нугалж иддэг наймаа гэвэл өнөөхөндөө манайд төсвийн тендер л байгаа байх. Бусдаар бараг л бүх бизнест бодит өртөг, маржийн буюу ашгийн хувь нь ил тод байдаг болсон. Жишээлэхэд, муу нэртэй банкны зээлийн хүү, луу данстай шатахууны үнэ өртөг яаж бүтэж байгаа, үүнд шингэсэн ашгийн хувь нь хэд болохыг амархан мэдэж болно. Үндэслэл бүхий тоо харвал зээлийн хүүд банкны ашиг 2-5 орчим хувь, шатахуун импортлогчдын ашиг 3-5 орчим хувь байгаа.
https://www.mongolbank.mn/news.aspx?id=1358&tid=2
Энэ мэтчилэн мэдээлэл нь бүх л мэргэжлийн байгууллагуудын данс бүртгэлээр хялбархан гараад ирнэ.
Ашгийг нь нэг оронтой тоонд хувиар тооцон ярьдаг ийм бизнесийг ашиг нь “дахин” үржигддэг авлигын бизнестэй харьцуулах юм биш. Нийгэмд үзүүлж буй сөрөг үр дагавар, хор хөнөөлийг нь бүр жиших ч аргагүй. Хүн амын 1/3 нь ажилгүй, дахиад 1/3 нь ажил хийдэг, нөгөөх 1/3 нь мөнгө хийдэг гэх ангилалд энэ улс орны хөдөлмөрийн насныхныг хувааж болохоор болов. Энэ бол “авлига”-ын үр дагаварт бий болсон ангилал зүй юм. Харьцангуй ядуурал буюу нэг хэсгийнх нь орлого нөгөө хэсгийнхээс харьцангуй буюу үндэслэлгүй өндөр байх тохиолдолд нийгмийн сэтгэл зүй үймдэг. Яг ийм тогтворгүй сэтгэл зүй хүмүүсийг асуудлын голыг олох, шийдэл тодорхойлох чадваргүй болгодог. Сүүлийн өдрүүдэд үүний хурц тод илрэл болж буй нэг үзэгдэл нь шатахууны хангамж дагасан олон нийтийн шүүмжлэл...
Шатахуун импортлогчдод тогтоосон Онцгой албан татвар угаас алдагдалтай яваад байсан бизнест дарамт болж, улмаар хангамж асуудал дагуулсан явдал олон нийтийг бухимдуулсан нь үнэн. Та жишээ нь Эрээнээс 1000 төгрөгт авсан оймсоо Нарантуул дээр 700 төгрөгөөр зараад, үүнээсээ дахиад түрээсэнд өгөөд байвал дахиад хэсэг хугацааны дараа дахиад бараандаа явах мөнгөгүй болно оо доо? Гэтэл танаас барааг тань бөөндөж авдаг хүмүүс “дахиад оймс, дахиад оймс” гээд тоо хэмжээ заагаад нэхээд байвал хангамж хомсдоно. Үүнтэй ижил болсон учраас Засгийн газар Онцгой албан татварыгАИ 80, АИ 92 шатахуунд тэглэж, импортлогчдын өмнө тулгамдаад байсан 300 гаруй төгрөгийн алдагдлыг 200 орчим төгрөгөөр бууруулав. Одоо ч литр тутамд 100 гаруй төгрөгийн алдагдалтай яваа. Энэ дүүрч, тэдний хэрэг гэлээ ч бид бас учир начиртай байх ёстой. Ямартай ч “Петровис”-ийн Оюунгэрэлийн толгойг тасдая гэж уриалж болохгүй.
Нэг зүйлийг нэмж тодотгоход шатахууны зарим нэр төрөлд тогтоосон Онцгой албан татварыг л тэглэсэн болохоос биш тэдгээр компанийн ашгийн татварын тэглээгүй юм шүү.
Хэнд юуны учир яагаад бухимдах ёстой вэ, бухимдсан ч юу хийх, хийхгүйгээ мэддэг баймаар. Ингэж хэллээ гээд шатахуун импортлогчдыг өмгөөллөө гэсэн зэмлэл надад тохож байгаа бол хараахан үгүй юм аа. Өөрсдийнхөө асуудлыг нэгдэж нийлээд ил гарч тайлбарлаад олон нийтийн ойлголцлыг бий болгочихож чадахгүй хувь хувьдаа хумсаа мэрээд Оюунгэрэл гэж тэр нэг жижигхэн эмэгтэйн ард нуугдаад сууж байгаа нийт импортлогчдыг би өмгөөлмөөргүй байна. Нийт 80 гаруй импортлогч компани байдаг юм бол Оюунгэрэлээс бусад нь хаана байгааг харсангүй. Ж.Оюунгэрэлийн хувь эзэмшдэг “Петровис” компанийн зүгээс нэг удаа ил гарч хэвлэлийн хурал хийснээс өөрөөр ямар ч компани олон нийтэд тайлбар хийсэнгүй. Асуудлын буруутнаар өөрсдийг чинь тодруулчихаад нэг муу эмэгтэйг шууд заналхийлээд ил цагаан “ална” гэж хэлэгсэд ТББ-ын нэрээр буюу зохион байгуулалттай хэлбэрээр мэдэгдэл хийж байхад “Шунхлай”-гийн Батсайхан, “Сод Монгол”-ын Анандбазар гээд эрчүүд хаачив?
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 210 ШТС-ын 18 хувь нь “Петровис” компанийнх гэж Ж.Оюунгэрэл хувийн соошл хуудастаа мэдээлжээ. 80 хувийг нь эзэмшдэг бусад компанид тэр эмэгтэйг заналхийлж байгаа асуудал хамаагүй юм уу. Хөдөө, орон нутагт хамгийн олон ШТС, сүлжээтэй нь “Петровис” компани гэдэг нь үнэн. Орон нутгийн буйд газар зах зээлийн ашиггүй байрлал руу очдоггүй атлаа хот доторх хамгийн ашигтай байрлал дээр түгээгүүрээ байрлуулчихсан компаниуд хэдэн арваараа байгаа. За энэ нь тэдний хоорондын өрсөлдөөний асуудал гээд хаяъя. Харин энэ удаад нэгдсэн эрх ашгийнхаа ард эрчүүд минь нэгдээч ээ гэж хэлмээр байна. Хамаг галыг өөр дээрээ дуудчихаад, хараалгаад сууж байгаа тэр нэг эмэгтэй хэцүүдлээ. Хажуугаас нь харж байгаа бид хэлээ хазаад сууж боломгүй байна.
Жич: http://itoim.mn/article/xL3sm/11732
Ард нь биш
Zochin
хар
Зочин
Зочин
zochin
Зочин
Г.Батнасан
Иргэн
ЗОЧИН J&J
Зочин
jagaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эмэгтэй хүн
иргэн
зочин
Зочин
Санаа
oyutan
Зочин
oyutan
Түмний нэг