Алдагдалтай салбараас “амбаардуулж” гарахаа хүлээж байгаа импортлогчид
Олон жил энэ салбарт монопольдсон гэх хэдэн компанид Та, бид дургүй хүрээд өшиглөж гаргаад өөр шинэ импортлогчдыг оруулж ирье гээд тал засья л даа. Хэдий энэ нь санаа сайхан байж болох ч хэзээ энэ санаа хэрэгжих вэ гэхээр шатахууны үнийг зүгээр л зах зээлийнх нь замаар чөлөөтэй тавьсан цагт л сая бүтнэ. Тэрнээс наана хэн ч ийм алдагдалтай яваа салбарт дайрч орохгүй, мянга хайр зарлаад ч бүтэхгүй
Шатахууны нэр төрөлд шинээр тавьсан Онцгой албан татвар нь угаасаа алдагдалтай үнээр нийлүүлэлт хийж байсан шатахуун импортлогчдод ачаалал нэмж, улмаар хомсдол дагуулснаар иргэдийн бухимдал хэсэг зуур дэвэрлээ. Одоогийн жижиглэнгийн үнэ, Оросоос худалдан авч буй үнэ, энэ дундах зөрүү гээд хэдхэн тооны хооронд энгийн үйлдэл хийгээд үзэхэд импортлогчид алдагдал хүлээж байгаа нь илэрхий байв. Энэ алдагдал дээр Онцгой албан татварын нэмэгдлийг тооцвол одоогийн жижигэнгийн үнийг литр тутамд 389 төгрөгөөр нэмэгдүүлж байж зах зээлийн үнэ тогтохоор байна гэдэг дүгнэлтийг Үнийн зөвлөл гаргаад байв. Үнийн зөвлөл гэдэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар багтдаг болно. Харин тэдний тогтоосон үүнийг импортлогчид үнээ нэмэх замаар нөхөх үү, эсвэл энэ дунд төр бодлогын зохицуулалт хийх үү гэсэн асуултад шийдтэй хариу гаралгүй хэд хоносон. Эцэст нь Сангийн яам шийдвэр гаргаж, шатахууны зарим нэр төрөл буюу АИ 80, АИ 92 бензинд ногдуулах Онцгой албан татварыг өчигдрөөс тэглэлээ. Онцгой албан татвар нь АИ 92 шатахуунд тонн тутамд 210 мянган төгрөг, дизель түлшинд 280 мянган төгрөг, АИ 80 шатахуунд 180 мянган төгрөгийн нэмэгдэл үүсгэж байв. Тэгэхээр АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр литр тутмын үнэ 210-280 мянган төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үгүй болсон ч уг татварыг нэмэхээс өмнө үүсээд байсан литр тутам дахь 100 төгрөгийн алдагдал ипдортлогчдын нуруун дээр хэвээрээ үлдэж байгаа юм байна.
Нэлээдгүй асуудал үүсгэж байж энэ удаад Онцгой албан татварыг зарим нэр төрөлд тэглүүлсэн импортлогчид нэг хэсэгтээ л үнэ нэмж чадахгүй болов уу. Яагаад гэхээр бухимдчихан байгаа хэрэглэгчид “Татвараа тэглүүлчихээд үнээ бас нэмнэ гэнэ ээ” гээд босоод ирэхэд бэлэн байна. Ингээд импортлогчдын хувьд нэг хэсэгтээ л алдагдалтайгаа эвлэрч, ая тал харахаас өөр аргагүй болов. Харин хэдий хүртэл тэсэх бол доо?!
“Үнээ нэмнэ гэж ярьсныг нь ниргээд өг, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өг, үүдийг нь хаагаад өг, чаддагт нь зайгаа тавиад өг” гэж хатуу шаардлага тавьж буй хэрэглэгчид захаас аван. Бичиг үсэг байтугай учир мэдэх хүмүүс хүртэл ийм “харгис” лоозон дэвшүүлж байна. Үнэхээр өнөөдрийн хэдийнхээ дансыг улайлгаад хаалгыг барьчихлаа гэхэд тэдний оронд ер нь ямар тэнэг нь ийм алдагдалтай бизнес рүү орж ирэх вэ дээ?
Олон жил энэ салбарт монопольдсон гэх хэдэн компанид Та, бид дургүй хүрээд өшиглөж гаргаад өөр шинэ импортлогчдыг оруулж ирье гээд тал засья л даа. Хэдий энэ нь санаа сайхан байж болох ч хэзээ энэ санаа хэрэгжих вэ гэхээр шатахууны үнийг зүгээр л зах зээлийнх нь замаар чөлөөтэй тавьсан цагт л сая бүтнэ. Тэрнээс наана хэн ч ийм алдагдалтай яваа салбарт дайрч орохгүй, мянга хайр зарлаад ч бүтэхгүй. Мэдээж үнийг нь чөлөөлчихвөл өнөөдрийнхөөс илүү олон импортлогч энэ салбарт орж ирээд жинхэнээсээ хэрэглэгчдэд өгөөжтэй өрсөлдөөн бий болж таарна. Өрсөлдөөний явцад үнэ буурах магадлалтай. Уг нь бид үүнийг хүсээд байгаа биз дээ. Тэгсэн атлаа тавьж буй шаардлага маань түүнээсээ тэс өмнөө байдаг нь бидний араншин юм даа.
Шатахуун хомсдох, үнэ өсөх сургаар импортлогч хэдэн компанийг дор бүрнээ бут ниргэлээ. Галдая, шатаая л гэлээ. Алдагдалтай үнээр бараагаа зарж байгаа ямар ч газар шатах нь үнэн. Ээлж ээлжээрээ шатаад дуусахаар үнс нурам уугисан суурин дээр нь ямар ч шинэ компани эх оронч царайлаад “одоо бидний шатах ээлж ирлээ” гэж орж ирэхгүй. Хүн амын 1/3 нь ажилгүйн улмаас ядуу, дахиад 1/3 нь ажил хийгээд ч ахиж дэвшихгүй ядуувтар байгаа энэ нийгэмд шатахууны үнэ нэмэх нь жинхэнэ “шаталт” авчирна гэдэгтэй маргах зүйлгүй. Харин энэ “шаталт”-ын маань буруутан нь импортлогчид бас биш юм. Энэ олон жил иргэдэд ажлын байр нэмээгүй атлаа ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхнээ зээл, татвар, бас бусаар дарамталж ирсэн төрийн бодлогын байгаа царай нь л энэ шүү дээ. Тийм ч учраас “ядаад ганц нефть боловсруулах үйлдвэр байгуулчихгүй яасан юм бэ” гэж бид засаг, төрөө загнаж байгаа хэрэг. Зөв.
Яагаад ганц үйлдвэр барьчихаагүй юм бэ гээд загнах зуураа бодлого тодорхойлогчдоо, шийдвэр гаргагчдаа буруутгахын оронд нефть импортлогчдоо үүнд буруутгадаг нь хачин. Тэд монополио хадгалах гэж төр, засгийг лоббидсон гэдэг хардлага үндэстэй байхыг үгүйсгэхгүй ч тэр лоббид нь автаад ажлаа хийж чадаагүй, улсынхаа эрх ашгийг умартсан “авлигач” төр, түшмэд нь тэгээд буруугүй хэрэг үү? Төр нь бодлогоо, шийдвэрээ гаргаж чадаагүй, ажлаа хийгээгүйн хариуцлагыг тус субъекттэйгээ л тооцох ёстой болохоос биш “тэнэсэн сум” шиг юм ярих нь үр дүнгүй. Яая гэхэв энэ нь бидний араншин юм даа.
“Хурд” гэдэг хувийн компани шинэ хороолол барихдаа дотор нь улсын сургууль, цэцэрлэг төлөвлөөд тэр ч ёсоороо барилгыг нь барьчихжээ. Тэгээд энэ барилгыг улс аваад сургууль, цэцэрлэг ажиллуулаад өгөөч гэтэл “сургууль, цэцэрлэгийн байр хүрэлцээгүй” гээд түмэн зовлон тоочдог атлаа төр нь хөдөлж өгдөггүй. Өөрсдөө барьж чадахгүй бол хувийнхан нь хөрөнгөө гаргаад бариад өгсөн бэлэн юмыг урт хугацааны түрээс, концессоор ч болох нь аваад ажиллуулах ёстой биз дээ. Төр нь ийм байтал иргэд нь түүнээсээ ялгагдах юмгүй. Сургууль, цэцэрлэг төрөөсөө нэхдэг иргэд маань нөгөө барилга бариад өгсөн хувийн компанийг шүүхэд өгөх гээд СӨХ-оороо нэгдээд гарын үсэг цуглуулаад явж байна. Хотхон дотроо улсын сургууль, цэцэрлэг байгуулна гэж худлаа ярьсан гээд шүүхэд өгөх аж. Зүй нь тухайн компанитайгаа нийлээд улсаа, төрөө шахах ёстой биз дээ? Бид тийм төртэй, ийм ард түмэнтэй. Тэгээд одоо яая гэхэв...
Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаж чадаагүй төрөө биш тэрнийх нь золиосонд нефть бүтээгдэхүүн импортолсоор байгаад баяжчихсан компаниудаа бут ниргэг ээ. Тэднийг хөөгөөд гарга, галдаад шатаа...
ИРГЭН
Зочин
иргэн
Иргэн
иргэн
Зочин
Ozin
Зочин
Зочин
jagaa