ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (3)
Даа лам Цэрэнчимэд нарын аялал Хүрээнээс гарах цагаас эхлэн Оросын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарч Хайлаарт ирсэний дараа тэдний зүгээс бүр ч их дарамттай учирсан байна.
Энэ асуудлыг хөндөхгүй бол болохгүй цаг үе тулгарч байна. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд дэврэх янзтай. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг шууд уриалахгүйгээр түүх сөхөж эрхэм анд Элчин сайд, академич Цэдэндамбын Батбаярын туурвисан нэгэн чухал номоос эшлэхээр шийдлээ.
Даа лам нараас япон иргэнд хэлж өгсөн үгийг сийрүүлбээс “Энэ удаа ирсэн зорилго болбаас Богдын Засгийн газрын айлтгалын дагуу Монгол улс болон Япон улсын хооронд харилцаа тогтоон Японы Засгийн газартай найрсгаар худалдаа явуулахын тулд Японд зорчихыг зорьж буй бөгөөд энэхүү байдлыг яаран нийтэд зарлаваас аль аль талдаа базаахгүй нөлөө үзүүлж болзошгүй тул Хайлаарын Засгийн газартай хэрэг хэлэлцэх явцад Харбин хотыг сонирхон үзэх нэрийдлээр зорчих агаад үнэнхүү зорилго болбаас Владивостокоос Японыг зорин шууд одох, эс бөгөөс Харбинаас Японы Ерөнхий консулын дэмжлэгтэй Манжуураар дамжин одох үүний тулд юуны өмнө Японы Ерөнхий консулын үгийг авах...” гэжээ.
Японы Ерөнхий консул Хонда үүний хариуд “Хүрээний Засгийн газарт нэр хүндтэй даа ламаас бидэнтэй холбоо барьсан нь монгол үндэстэн улс гэрээ төвхнүүлэх эхний цаг үед юуны өмнө Япон улс, япон үндэстэнтэй харьцах хүсэлтэйг илэрхийлж буй” хэмээгээд Монгол улсыг байгуулах их үйл хэрэг амжилттай болох эсэх нь “Хятад, Оростой хэрхэн харьцахаас олон талаар хамаарахын дээр эдүгээ Хүрээний Засгийн газар энэ хоёр улстай яриа хэлэлцээ явуулж, ялангуяа саяхан тусгай элч төлөөлөгчдийг Орост томилон одуулж хэлэлцээ хийлгэсэн, мөн тэд хараахан эгэж ирээгүй байгаа үед Японд нууцаар элч төлөөлөгчдийг илгээх нь тал бүрт буруу ташаа ойлголт төрүүлж юуны өмнө Хүрээний Засгийн газар өөрөө алдаанд орж болзошгүй” болохыг сэрэмжлүүлээд “өнөөдрийн цаг мөчид даа ламын хүсэлтэд нааштай хариу өгөх бололцоогүй учир Япон явах хэмээсэн санал бодлоосоо монгол түмнийхээ тусын тулд татгалзахыг” хүсэж уг хариуг уламжлуулахаар япон иргэн Миязатог 2 дугаар сарын 10-ны өдөрт нь Хайлаар өөд буцаасан байна. Токиод илгээсэн уг мэдээнийхээ төгсгөлд Хонда монголын элч нар миний хариуг авсны дараа эрхбиш Хайлаараас буцах буй заа гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.24
Даа лам Цэрэнчимэд нарын аялал Хүрээнээс гарах цагаас эхлэн Оросын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарч Хайлаарт ирсэний дараа тэдний зүгээс бүр ч их дарамттай учирсан байна. Үүнийг Японы Ерөнхий консул Хонда Дорнод Хятадын төмөр замын газрын захирал Д.Л.Хорваттай уулзаж ярилцсан тухай Токиод 2 дугаар сарын 27-нд илгээсэн мэдээ харуулж байна. Генерал Хорват Ерөнхий консул Хондатай 2 дугаар сарын 25-нд уулзаж ярилцах үеэр Монголын элч төлөөлөгчдийн талаар Хондагийн баримталсан байр суурийг маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Монголын элч нарыг Хүрээнээс хөдөлсөн даруйд хурандаа Хитрово-гаас тэдний зорилгын тухай мэдээлэл авсан бөгөөд тэднийг 2 дугаар сарын 9-нд Хайлаарт хүрэлцэн ирсний дараахан Дорнод Хятадын төмөр замын газраас Даниэль гэгчийг илгээж Орос-Японы өнөөгийн харилцааны үед Японы Засгийн газар монголын төлөөлөгчдийг хүлээн авах хүсэл үгүй болохыг тайлбарлан ухуулж Хүрээний зүг аль болох түргэн буцахыг ятгасан болохыг Хитрово Хондад мэдээлсэн байна.25
Японы Ерөнхий консул Хонда ч тэр, Оросын генерал Хорват ч тэр мухардалд орсон даа лам Цэрэнчимэд нар Хүрээ өөд буцахаас өөр замгүй болно гэж ойлгож байв. Гэтэл байдал өөрөөр эргэж япон иргэн Миязато 2 дугаар сарын 28-нд дахин Харбинд ирж консул Хондатай уулзсан байна. Энэ тухай Хондагаас мөн өдөртөө Токиод илгээсэн цахилгаанд өгүүлэхдээ “Хайлаарт байсан монголын төлөөлөгчид надаас татгалзсан хариу авсны дараа Хүрээний Засгийн газарт цахилгаан явуулж хэрхэхийг асуусанд тэндээс хариу цахилгаан ирж замын дундаас буцах нь хэрхэвч үл зохилдох бөгөөд Японы Ерөнхий консулын дэмжлэгийг олж Япон одох ажил хэргийг бүтээсүгэй гэсэн хариу авсны үндсэн дээр зуучлагч япон иргэн Миязато дахин Харбинд ирж надтай уулзлаа” гэжээ. Энэ удаад монголын төлөөлөгчид өөрсдийн зорилгыг тодотгон “Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, түүнчлэн Ар, Өвөр Монголыг хамарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх” хэмээн тодруулжээ. Үүний хариуд Хонда урьд өгсөн хариуг өөрчлөх бодолгүй хэмээгээд “Дотоод, гадаадын хараа чих аль хэдийн элч нарын зүгт ихээр анхааран буйг зайлуулах аргагүй, гэнэтийн осол аюулыг ч зайлуулах аргагүй учир консул миний бие элч нарын тусын тулд сайн санааг өвөрлөн буй тул дахин нэг хоног ч билээ алдалгүй бэлтгэлээ базаан Хүрээний зүг буцахыг сэрэмжлүүлж байна” гэж хэлүүлсэн байна.26
Ийнхүү хоёрдахь удаагаа татгалзсан хариу авсан монголын төлөөлөгчид Хүрээ буцахаас өөр аргагүй болсон нь лавтай. Хэдий тийм ч монголын төлөөлөгчид, ялангуяа бинт чин ван Гончигсүрэнгийн зүгээс шинэ санаачилга гарч Японы цэргийнхэнтэй холбоо барих оролдлого хийсэн тухай баримтууд шинээр тодорч байна.
Энэ тухай Өмнөд Манжуурт байрласан японы цэргийн штабын дарга Фукудагаас Японы ГЯЯ-ны орлогч сайд Мацуи-гийн нэр дээр 3 дугаар сарын 4-нд илгээсэн цахилгаанд тодорхой өгүүлжээ. Уг цахилгаанд 2 дугаар сарын 28-нд япон иргэн Миязато Чанчуньд ирж Фукудатай уулзан бинт ван хэдийгээр Хондагаас анхны хариу авсны дараа Хүрээ өөд буцахаар завдсан боловч Хүрээнээс цахилгаан авсны дараа сэтгэл шулуудан хэрэг ажлыг бүтээхийн тулд ганцаар ч хамаагүй үлдэн хоцорч Япон явахыг хүсэх боловч зам зуур тохиолдож болзошгүй саад бэрхшээлийг харгалзан эрхбиш зам зуур саадгүй нэвтрүүлж өгөхийг Хондад Миязатогаар дамжуулан хүссэнд консул Хонда үүнийг биелүүлж үл чадна гэсэн хариулт өгсөн хэмээн ярьсныг бичжээ.
Бинт ван Гончигсүрэнгийн зорилгын талаар бинт ван хэдийгээр нас залуу боловч орчин тойрны байдлыг мэдэх авхаалжтай нэгэн болохын хувьд орчмын цагт Монгол нь Оросын нөлөөнд автахыг дагалдан Монголын тусгаар тогтнол нэр төдий хоосон зүйл болж болзошгүйг ухааран Оросын эрх ашиг нэмэгдэхийг саатуулахын тулд юуны өмнө Японы Засгийн газрын санааг тандан мэдэж Японы Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг талархах аваас түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийг эрэлхийлэн Монголыг олон улсын тавцанд нэгэн улс болгох хэтийн зорилго өвөрлөсөн хэмээн Фукуда дүгнэн бичсэн байна.27
Мөн Фукудагийн илгээлтэд агуулагдаж буй нэгэн санал анхаарлыг ихээр татдаг. Бинт ван хэрвээ Японд очих аваас Орос, Хятад аль аль нь таашаахгүй гэдгийг Фукуда тэмдэглэхийн зэрэгцээ бинт ванг өмнө зүгт зорчиход саад хийх үндэсгүй учир Миязато гэгч япон хувь хүний хүсэлт гэсэн нэрээр Өмнөд Манжуурын төмөр замаар явуулж болох бөгөөд уг төмөр зам нь нэгэнт Японы цагдаагийн хамгаалалтын дор байдаг тул бинт вангийн эмээж байгаа шиг тийм аюул осол учрах шалтгаангүй гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл Зүүн хойд Хятадад байсан японы цэргийнхэн ГЯЯ-ны дипломат төлөөлөгчдийг бодвол Монголын элч нарын аялалд илүү ач холбогдол өгч тэдний айлчлалыг ашиглан Монгол дахь Оросын бодлогод хүндрэл учруулах саналтай байсан бололтой. Гэвч цэргийнхний энэ санал даа лам нарын аялалд эерэг, сөрөг ямарваа нөлөө үзүүлээгүй юм.
Хүрээнээс ирсэн цахилгааны дагуу даа лам, бинт ван нар 1913 оны 3 дугаар сарын 7-нд Хайлаараас хөдөлж Манжуур өртөөгөөр дамжин нутаг буцсан гэсэн мэдээг Харбин дахь Японы Ерөнхий консул Хонда Оросын талаас 3 дугаар сарын 13-нд хүлээн авчээ. Японы ГЯЯ энэхүү Цэрэнчимэд нарын Японд явах гэсэн хэргийн тухай мэдээг Бээжин, Чанчунь, Цицикар, Мүгдэн хотуудад суугаа ДТГ-уудад мэдээлсэн төдийгүй, Франц, Британи, Орос, Герман, АНУ, Итали, Австри-Унгар улсуудад суугаа ЭСЯ-дадаа мэдээлсэн байна.
Ийнхүү Японы гадаад харилцааны баримт бичгүүд даа лам Цэрэнчимэд, бинт ван Гончигсүрэн нарын Японд явахаар Хайлаарт ирсэн байдал, Харбинд суугаа Японы консултай хэлэлцээ хийн Хайлаарт сар орчим болсон, мөн бинт ван Гончигсүрэнгийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээллийг өгч байгаа нь Японтой харилцаа тогтоох гэсэн Монгол улсын Засгийн газрын энэхүү томоохон алхмыг зохих ёсоор үнэлэх бололцоог олгож байна. Тухайн үеийн бодит нөхцөл байдлаас шалтгаалан уг ажил хэрэг нь эс бүтсэн боловч шинэ тулгар Монгол улс хэврэгхэн тусгаар тогтнолоо бататгаж авахын тулд гадаад орон зайгаа тэлэх, гадаад харилцаандаа Орос, Хятадаас гадна гуравдах нөлөө бүхий гүрнийг татаж оруулах сонирхолтой байсан нь ойлгомжтой. Энэ ч утгаараа даа лам нарыг Японд илгээх гэсэн нь салангид нэгэн алхам бус харин Монгол улсын тусгаар тогтнолыг бусад их гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх хэмээсэн хэтийн бодлогын нэгэн хэсэг байсан гэж үзэх үндэслэлтэй.
Эшлэл зүүлт
24 Мөн тэнд. 438-440-р тал.
25 Мөн тэнд. 444-445-р тал.
26 Мөн тэнд. 443-444-р тал.
27 Мөн тэнд. 447-449-р тал.