Энэ асуудлыг хөндөхгүй бол болохгүй цаг үе тулгарч байна. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд дэврэх янзтай. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалах гэхгүйгээр түүх сөхөж эрхэм анд Элчин сайд, академич Цэдэндамбын Батбаярын туурвисан нэгэн чухал номоос эшлэхээр шийдлээ.

Чин ван Ханддорж нар Хаант Орос улсын эзэн хаан II Николай, Сайд нарын зөвлөлийн дарга, Сангийн яамны сайд В.Н.Коковцов, Цэргийн яамны сайд В.Сухомлинов, Гадаад яамны сайд С.Д.Сазонов нартай удаа дараа уулзаж, айлчлалын зорилгоо танилцуулан, улсын Эзэн хааны бичиг болон Засгийн газрынхаа даалгавраар тусгай албан бичгийг шийтгэж, Хаант Орос улсын Эзэн хаан, Гадаад яаманд өргөн барьж түүнийхээ хариуг бичгээр болон амаар авч байжээ.

Чин ван Ханддорж нар Европын нэр бүхий 5 улсын, тухайлбал Франц, Британи, Герман, Бельги, Голландын Эзэн хаадад хандсан тусгай бичгийг авч явсан, Петербургт буй тэдгээр улсын ЭСЯ-дтай холбоо тогтоох, болбол тэдгээр улсуудад айлчлах зорилготой байв. Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй монгол, хятад хэл дээр үйлдсэн уг бичгийн монгол эхийг бүрэн эхээр нь сийрүүлбэл:

“Монгол улсын Эзэн хаан хичээнгүйлэн их Фа, Ин, Дэ, Билис, Хэлан улсын эзэн их хааны амгаланг эрмүй. Мөхөс улс ноднин өвөл цагаас Думдад улс лугаа салаад өөртөөн эзэрхэж улс болсон тухай дор эрхэм улсын Засгийн газраа мэдэгдсэнийг санаваас толилон зөвшөөрсөн буй заа. Эдүгээ тусгайлан Гадаад яамны эрхэлсэн сайд чин ван Ханддорж, сайд бэйс Ширнэндамдин нарыг томилон улсын бичгийг хичээн өргөж, хичээнгүйлэн Их Хааны амгаланг айлтгаж, хоёр улсын үүрд сайнаар найрамдлан, ард хүмүн нар уртдаан энх түвшинээр жаргахыг хариу илтгэхийг эрмэлзмүй. Үүний тул хичээнгүйлэн Их хаантаны амгаланг айлтгаад аливаа явдлыг хайрлан толилохыг хүсмүй.

Олноо өргөдсөний хоёрдугаар он өвлийн дунд сарын арван таван” гэжээ.12

Төлөөлөгчид 1913 оны 1 дүгээр сарын 29-нд Хаант Орос улсын Гадаад яамны сайд С.Д.Сазоновтай уулзаж хэрэг хэлэлцэх явцад Франц, Британи зэрэг хэд хэдэн улсын элчин сайдтай уулзаж, улсын бичиг, бэлэг сэлт хүргэн найрамдлын асуудлыг хэлэлцэх даалгавартайгаа дуулгасан байна. Сазонов хориглон ятгах, ухуулах үг хэлсний эцэст дурамжхан зөвшөөрчээ. Төлөөлөгчид хэлмэрч түшмэл Цэрэнпилийг Британи, Франц, Герман улсын ЭСЯ-нд, хэлмэрч Довдоновыг Бельги, Голланд улсын ЭСЯ-д зарж нүүр учран хэлэлцэхийг хүссэнд Германы элчин сайдаас бусад нь элдэв шалтаг заан нүүр учирч хүлээн авахаас татгалзжээ. 

Хэдий тийм ч нэр бүхий 5 улсын элчин сайдтай уулзахыг Хүрээнээс 1913 оны 2 дугаар сарын 18-нд давтан тушаасан тул түшмэл Цэрэнпилийг 3 дугаар сарын 4-нд Британи, Францын ЭСЯ-нд дахин илгээж нүүр учирч хэлэлцэх хэрэг буй учрыг гаргаж, хэзээ уулзаж болохыг асуулгасанд Их Британийн Элчин сайдаас “Монгол Элчин сайдын нүүр учирсугай хэмээснийг хүлээн авч чадахгүй”, Франц улсын Элчин сайд “бие өвчтэй учир нутаг буцахаар завдангуй тул энэ удаа учирч чадахгүй” хэмээн хариулжээ. 

Петербургт суугаа Францын Элчин сайд Монголын төлөөлөгчдийн айлчлалын талаар Гадаад хэргийн сайддаа илтгэж байсан байна. Тэрээр 1913 оны 1 дүгээр сарын 30-нд Парист илгээсэн захидалдаа: “Өнөөдөр намайг Сазонов ноёнтонтой уулзахаар ороход тэр сайд эдүгээ Санкт-Петербургт байгаа Монголын төлөөлөгчдийг дөнгөж хүлээн авч уулзаад байж байв. Ноён Сазонов надад ярихдаа, тэр төлөөлөгчид гадаад их гүрнүүдийн Засгийн газруудаар Монголыг хүлээн зөвшөөрүүлэхээр явах бодолтойгоо мэдэгдлээ. Сайд нэмж хэлэхдээ: Энэ алхмыг хийхээр ийнхүү ажиллах нь дор хаяж эртэдсэн явдал болох байх аа, учир нь гэвэл их гүрнүүд Хятадын шинэ Засгийн газрыг ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа шүү дээ” гэж ойлгуулахаар мэрийлээ хэмээв. Сазоновоос миний асуусан нь:

-Та бүхэн Монголын тусгаар тогтнолыг ямар ч хязгаарлалтгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм биш үү?

-Бид Хятад, Монголын хооронд эзэн эрхийн хэлхээ бий гэдгийг зөвшөөрөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ монголчууд тун ч эвлэрэнгүй бус хандаж байна. Тэд зөвхөн “тусгаар тогтнол” л гэж ярьж байна гэж сайд хариулав” гэж бичиж байжээ. 

Францын Элчин сайд захидлынхаа төгсгөлд “Би Сазоновтай ярилцсан тухайгаа Британийн ажил нэгтэндээ мэдэгдсэн. Монголчууд энэ төлөвлөгөөгөө гүйцэтгэх гэж хичээлээ гэхэд сэр Жорж Бушанан ч, миний бие ч тэднийг албан байдлаар хүлээн авч чадахгүй нь мэдээж билээ” гэж бичжээ.13

Петербург дэх бусад гадаад орны Элчин сайдын яамд, түүний дотор Японы Элчин сайдын яам ч Монгол улсын анхны төрийн элч нарын айлчлалыг ихэд анхааран ажиглаж байсныг Японы архивын баримт сэлт харуулж байна. Тухайлбал Петербург дэх Японы ЭСЯ-ны Түр хамаарагч Тамура Токио дахь ГЯЯ-ндаа Монголын төлөөлөгчдийн айлчлалын талаар гурван дэлгэрэнгүй мэдээг хүргүүлжээ. Үүний эхнийх болох 1913 оны 1 дүгээр сарын 25-наар дугаарласан мэдээнд Монгол улсын төлөөлөгчдийн айлчлалын зорилго, Оросын эрх баригчидтай уулзах хөтөлбөр, Царское село-д очиж Оросын Николай II хаанд бараалхсан зэргийг мэдээлсэн байна.14 1913 оны 2 дугаар сарын 10-нд илгээсэн дараагийн мэдээнд Монголын төлөөлөгчид Оросын ГЯЯ-ны сайд Сазоновтай уулзаж Монголд зэр зэвсэг, зээл санхүүгийн туслалцаа үзүүлэх асуудлаар хэлэлцээ хийснийг дурджээ. 15

Петербург дэх Японы ЭСЯ-наас 1913 оны 2 дугаар сарын 15-нд төвдөө илгээсэн мэдээнд чин ван Ханддоржийн “Новое время” сонинд өгсөн ярилцлагын агуулгыг сийрүүлэхийн хамт Ханддорж чин ван Японы элчин сайдтай уулзах хүсэлт тавьсныг өгүүлсэн байна. Уг мэдээнд Ханддорж чинван Петербургт суугаа хэд хэдэн орны ЭСЯ, түүний дотор Японы ЭСЯ-нд хэлмэрчээ илгээж төлөөлөгчдийн тэргүүн, дэд тэргүүний нэр усыг айлтган өдөр цагийг товлож элчин сайдтай албан ёсоор уулзах хүсэлт тавьсныг дурдаад харин Японы Элчин сайдыг түр хамаарагч бусад орны ЭСЯ-ны жишгийг харж Монголын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсаныг бичжээ. Мөн тэр үед сонин хэвлэлд бичсэнээр бусад орны Элчин сайд дундаас зөвхөн Германы Элчин сайд Монголын төлөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч бусад ямар ч орны Элчин сайд хүлээн авахаас татгалзсаныг дурдаад Монголын төлөөлөгчид ийм замаар тусгаар тогтнолоо бусад их гүрнээр зөвшөөрүүлэх хэмээсэн санаа агуулсан болов уу гэж дүгнэсэн байна. 16

Уг мэдээг Петербург дэх Японы ЭСЯ Ханддорж чин ванг 1913 оны 2 дугаар сарын 14-нд Петербургээс Москва чиглэн хөдөлсний дараа өдөр илгээжээ. Өөрөөр хэлбэл Ханддорж чин ванг Петербургт байх хугацаанд илгээж уулзах тухай хүсэлтэд ямар хариу өгөхийг лавласангүй, харин уг үйл явдал нэгэнт шувтарсан хойно болж өнгөрснийг мэдээлсэн байна. Энэ нь нэг талаас тухайн үед Орост сууж байсан Японы Элчин сайд Мотоногийн бодлого, Японы судлаачдын бичдэгээр түүний “Оросын талыг баримтлах” байр суурьтай холбоотой. Нөгөө талаас Япон улс, түүний ГЯЯ нь Оростой саяхан байгуулсан нууц гэрээний зүйл ангийг сахин мөрдөж тулгар байгуулагдсан Монгол улстай харьцахаас татгалзсан нь лавтай. 

Ханддорж чин ван нарыг Петербургт байсан тэр үед 1912 оны өвлийн сүүл сарын 11-нд Бүгд ерөнхийлөн захирах сайдын яамнаас Петербургт илгээсэн нэгэн цахилгаан мэдээнд “манай Засгийн газраас Япон улсын Засгийн газраа Дотоодын хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, Бүгд ерөнхийлөн захирах сайдын яамны дэд сайдыг явуулахаар зэхэж буй тул элчин сайд Ха, Ши /Ханддорж, Ширнэндамдин нарыг хэлж байна – Ц.Б./ Орос улсын нийслэлд буй Япон улсын Элчин сайдад найртай ёсоор эрхэм улсад хүн явуулна гэж хэлж эрхбиш бүтээн тэр Элчин сайдаас хамгаалах бичиг авч ...ирүүлтүгэй, үүнийг маш сэмээр яаравчлан гүйцэтгэсүгэй. Бүгдийн яаман ёсолмуй” гэжээ. 17Үүнээс үүдэн Монголын Засгийн газар чухам юуны учир Японд төлөөлөгчид томилон явуулах болсон, тухайн үед Хүрээний эрх баригчид 1912 онд Орос-Японы хооронд байгуулагдсан гэрээ бичгийг мэдэж байсан эсэх, төлөөлөгчдийн чухам зорилго юу байсан гэх мэт хэд хэдэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байгаа юм. 

Гурав. Да лам Цэрэнчимэд нар Хайлаар одсон нь

1913 оны эхээр Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдөд “даа лам Цэрэнчимэд, бинт чин ван Гончигсүрэн нарыг томилж, Орос улсын төмөр замаар Япон улсад илгээснийг тэр үеийн Харбин дахь Оросын эрх баригчдаас чинагш нэвтрэхийг үл зөвшөөрсний учир уул хэрэг ажил нь бүтсэнгүй эгэж ирсэн...” хэмээн түүхч Дэндэв маш товчхон бичсэн байна. 22 Харин даа лам Цэрэнчимэд нарын Японд явсан аяллын явц, тэдний хэрэг ажил эс бүтсэн учир шалтгаан, тэдний талаарх япончуудын байр суурь зэрэг зүйлийг Японы гадаад харилцааны бичиг баримтын эмхтгэлээс тодруулах боломжтой болсон юм. 

Харбин дахь Японы Ерөнхий консул Хонда Токио руу ГЯЯ-ны сайд Като-гийн нэрээр илгээсэн 1913 оны 2 дугаар сарын 8-ны цахилгаандаа анхлан Хүрээний Засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд нар Хөлөнбуйрын Засгийн газар болон Өвөр Монголын ноёдтой хэлэлцээ хийхээр Хайлаар, Харбины чиглэлд мордсон тухай мэдээлжээ. Харин тэдний зорилгыг Хятадын талаас Монголын эсрэг авч болзошгүй залхаан цээрлүүлэх ажиллагааг хэрхэн эсэргүүцэх явдлыг хэлэлцэх хэмээн тодорхойлсон нь даа лам нар аяллынхаа үнэн зорилгыг нууцалж байсныг илтгэн харуулж байна. 23

Харин Японы Ерөнхий консул Хонда 2 дугаар сарын 13-нд илгээсэн дэлгэрэнгүй цахилгаандаа Монголын төлөөлөгчдийн өвөрлөж ирсэн үнэн зорилгыг Хүрээний Засгийн газар ба Японы Эзэн хаант Засгийн газрын хооронд ямар нэг харилцаа тогтоох хэмээн илтгэн мэдүүлжээ.Түүний бичсэнээр Хүрээний Засгийн газрын эрх баригчдын нэгэн болох саявтар байгуулагдсан Орос-Монголын гэрээнд гарын үсэг зурсан Дотоод яамны тэргүүн сайд сүжигт чин ван даа лам Цэрэнчимэд, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд бинт чин ван Гончигсүрэн нар энэ 2 дугаар сарын 7-нд Забайкалье мужийн Верхнеудинск хотоос галт тэргээр гарч 9-ний өдөр Хайлаарын галт тэрэгний буудалд ирэхэд Хөлөнбуйрын Засгийн газрын тэргүүн Шэн Фу угтан авсан гэжээ. Монголын элч нар тэр өдөртөө Шэн Фу-гээр зуучлуулан Хайлаарт наймаа эрхлэн суудаг япон иргэн Миязато Ёшимару гэгчийг урьж уулзан Харбинд суугаа Японы Ерөнхий консулд айлтгах үгийг нууцаар захиж Харбин өөд түүнийг хурдан галт тэргээр илгээсэн байна.

– Үргэлжлэл бий



12 МУ-ын ҮТА, Ф-4, Д-1, хн. 5, х. 6-7.

13 Франц болон бусад гадаад хэлээрх Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхэтгэл. Эмхэтгэн орчуулсан Т. Төмөрхүлэг. УБ., 2006, 199-р тал.

14 Нихон гайкоо буншоо, Тайшоо 2 он /1913 он/, 1 дүгээр дэвтэр, 432-437-р тал.

15 Мөн тэнд. 436-438-р тал.

16 Мөн тэнд. 440-442-р тал.

17 БНМАУ-ын түүх, дэд боть /1604-1917/, УБ., 1968, 479-р тал.

22 Л. Дэндэв. Монголын товч түүх, 1934, 80-р тал.

23 Нихон гайкоо буншоо, Тайшоо 2 он, 1 дүгээр дэвтэр, 432-433-р тал.