Няцаагч тал

Эдүгээ улсын валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр, ЗГ- ын үнэт цаасны үлдэгдэл 1 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Эдийн засаг нэг хувийн өсөлтөөс 4-5 хувийн өсөлттэй орчин руу шилжсэн, гадаад эдийн засгийн орчин сайжирч, тогтвортой байх болсон зэрэг эерэг хандлагууд байна.

Монголын эдийн засагт 2017 оны байдлаар жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт ба гадаад актив талаасаа дараах өөрчлөлтүүд гарсан. Нүүрсний орлого 1.3 тэрбум ам.доллараар, ГХО 1.3 тэрбум доллар болж өссөн байна. ОУВС-ийн хөтөлбөрийн зээл, гадаадын ЗГ-уудаас олгох зээл, ЗГ-ын гадаад зах зээлд арилжаалсан бондын эх үүсвэр, алтны мөнгөжүүлэлт, интервенц зэрэг шалтгаанаар валютын нөөц өссөн гэх мэтээр 4 тэрбум орчим ам.долларын гадаад валютын орох урсгал 2017 онд эдийн засагт бий болсон байна.

Хүү өндөр байгаа бол эрсдлийн түвшин өндөр байгаа гэсэн үг. Тэгэхээр нийт эдийн засгийн эрсдлийг бууруулах, эрсдлийг өндөр болгож буй хүчин зүйлүүдтэй нь тэмцэх, эдийн засгийн суурь асуудлуудтайгаа төр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр асуудлын шинж тэмдэгтэй тэмцэх нь агуулгагүй.

Иймээс инфляцийг нам түвшинд тогтвортой байлгах, гадаад актив өсч байгаа эерэг орчинд дотоод активаа өсгөх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хэрэглээг биш эдийн засгийн бүтцийг дэмжих, зөв бүтэц рүү явуулах. Ажлын байр, дотоодын хөрөнгө оруулалт, хуримтлал, дундаж давхарга руу, хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл рүү санхүүжилт хийх хэрэгтэй. Энэ эрх мэдэл төрд хангалттай бий.

Дэмжигч тал

Арилжааны банкуудын сүүлийн 4 жилийн тайлан, балансыг харвал банкууд өөрсдөө хадгаламжийн хүүгийн зардлаа төлж чадахгүй түвшинд хүрчээ. Монголбанкнаас гаргаж буй банкуудын нэгдсэн тайлан, балансаар банкны систем 2017 оны эцсээр 240 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Эндээс банкууд ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа гэж ойлгоно. Гэвч бодит байдал шал өөр.

Яагаад гэвэл 240 тэрбумын цэвэр ашигтай ажиллах гэж ЗГ-аас, Төв Банкнаас 600-700 тэрбум төгрөг авчихсан. Сүүлийн гурав дөрвөн жил арилжааны банкууд бизнест бараг зээл олгосонгүй. Тэд ажлаа хийхгүй болсон.

Тэр гаргаагүй зээлийг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр төр санхүүжүүлж, жилд 600-700 тэрбум төгрөгийг банкуудад өгч байсан. Энэ 240 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэдэг нь банкууд үндсэн үйл ажиллагаанаасаа жилд 400-500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг харуулж байна. Энэ бол өнөөдрийн банкны систем буруу яваад байгаагийн тод илрэл юм.Хүүлэлтийн эсрэг хууль гарч байж л банкууд цаашдаа оршин тогтноно.

Ипотекийн зээл үргэлжлэх эсэх тухай асуултад няцаагч талын хариулт:

Мөнгө зээлийн бодлогын хүрээнд аливаа улсын төр нь тухайлсан нэг бодлогын хүрээнд зорилтот сегментийг, салбарыг чухал гэж үзээд тодорхой санхүүгийн эх үүсвэр бий болгон дэмжиж болно. Орон сууцны 8 хувийн зээл бол тийм эх үүсвэртэй хөтөлбөр юм. Монголд хуримтлал хийдэг дундаж давхаргыг том болгох зорилгоор хямралын үеэр эхлүүлсэн, эх үүсвэртэй бодлого. Тухайн үед банкууд өөрийн эх үүсвэрээр дунджаар 16-17 хувьтай ипотекийн зээл олгож байсан тул хориод жилд нийтдээ гучин мянган хүнээс хэтрээгүй юм.

Инфляци ба хадгаламжийн хүүгийн холбоосын тухай дэмжигч талын хариулт:

Хүн төрөлхтний түүхэнд бүхий л улс орон инфляцитай тулгарч ирсэн. Энэ бол зөвхөн монголын биш, дэлхий нийтийн асуудал. Манай санхүүгийн зах зээл болон эдийн засагт хадгаламжийн хүү инфляциас дээр байх ёстой гэдэг хамгийн буруу ойлголт байдаг. Төр, Төв банк болон арилжааны банкуудын бодлого ийм чиглэлд явж ирлээ.

Хуримтлалтай хүн одоогийн 9900 биш 99 мянга бүр 990 мянга болох ёстой. Тэгж л улс орон хөгжинө. Сүүлийн 27 жилд зөвхөн хуримтлалтай 9900 хүнээ л инфляциас нь хамгаалсаар явж ирлээ. Гэтэл инфляци 8 хувь боллоо гэхэд тухайн эдийн засагт байгаа бүх хүний мөнгөнөөс 8 хувийг төр авдаг гэсэн үг. Тэгээд бүх хүнээс авсан мөнгөөр хуримтлалтай 9900 хүний инфляцийг нөхөж өгчихөөд байгаа хэрэг.

Хөрөнгийн зах зээл хэзээ хөгжих тухай асуултад дэмжигч талаас хариулсан нь:

Өнөөдөр монголын санхүүгийн зах зээл зөвхөн банкинд суурилчихаад байна. Хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байгаад гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт, хуучин банкны хадгаламжийн хуулиар банкуудаас нэг ч төгрөг авалгүйгээр, төр банкин дахь бүх хадгаламжийг батлан даадаг байсан.

Хоёрдугаарт, татварын эрх тэгш бус зохицуулалт 27 жил үргэлжилсэн. Банкинд мөнгөө хадгалуулаад авч буй хүүгийн орлогоос татвар авдаггүй байсан. Гэтэл хувьцаа, үнэт цаас худалдаж авбал татвартай. Харин өнгөрсөн жил ОУВС-ийн шахалтын үр дүнд анх удаа банкны хүүгийн орлогоос татвар авдаг болсон.

Гуравдугаарт, төрөөс болон Азийн Хөгжлийн Банк (АХБ), Дэлхийн Банкны (ДБ) хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр бусад үйл ажиллагааны санхүүжилт нь арилжааны банкуудаар дамждаг. Төрөөс Хөрөнгийн бирж, брокерын компаниудыг дэмждэггүй. Ер нь төрийн бодлогоор хөрөнгийн зах зээл монголд хөгжсөнгүй.

2018.02.21