ЗАСАГЛАЛ БА КОРОНАВИРУС
"AЛСЫН ХАРАА 2050"-ИЙН ШҮҮМЖ 4: САЙН ЗАСАГЛАЛ
COVID-19-ийг Хятад улс зарласнаас (2020.01.07) хойш 63 хоноод Монгол улсад анхны халдвар 3-р сарын 10-нд илэрлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 120-оод оронд, 120 мянган хүн халдвар авснаас (80 мянга нь Хятадад) 4300 нь нас барж, 67 мянга нь эдгээд байна. Монгол улс халдвар илэрсэн өдрөөс хот, аймаг, сум хооронд агаарын болон авто замаа хааж, олон улсын бүх нислэгээ түр зогсоов. Анхны халдвар илэрсэн Франц иргэнтэй Москвагаас онгоцоор 3-р сарын 2-нд хамт зорчсон зорчигчид, буусан, явсан газрын үйлчилгээний ажилчид буюу нэгдүгээр зэргийн харьцагч 500 орчим хүнийг олж, шинжилгээ авах, тусгаарлах ажил ид өрнөж байна. Коронавирусыг 4-р сарын эцсээр эмчлэх вакцинаа олж, тархалтыг бүрэн зогсоох магадлалтай гэж гадны хэвлэлүүдээр ярьж эхэллээ. 2003 оны SARS-ын тахлын адилаар коронавирусыг ч хүн төрөлхтөн дарж чадах нь тодорхой. Цаг хугацааны л асуудал.
Харин монголын төр засагт шигдээд удаж буй авлига-вирусыг бид хэзээ дарж чадах вэ? У.Хүрэлсүхийн Засгийн газар 30 жилийн дараа гэжээ. “Алсын хараа 2050”-ийн 249-р хуудсанд бичсэнээр монгол ийм хугацааны дараа л “авлигагүй улс” болох юм байна. Харин монголын иргэд нь энэ их авлигыг тэр хүртэл тэсэх болов уу?
Сайн засаглал
Өнгөрсөн 30 жилд монголын төр засагт зааж, зөвлөж ирсэн олон улсын хөгжлийн байгууллагууд, ялангуяа Дэлхийн банкны хөгжиж буй орнуудад өгдөг зөвлөгөө бол үндэстний хөгжлийн түлхүүр нь сайн засаглал гэх. Төрийн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх процесс нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байвал тэр сайн засаглал нь тогтоно гэнэ. Дэлхийн банк
- иргэдийн дуу хоолой ба эгэх хариуцлага
- улс төрийн тогтвортой байдал ба терроризм, хүчирхийллээс ангид байх
- төр засгийн үр ашигтай байдал
- хууль тогтоох чадвар
- хуулийн засаглал
- авлигын хяналт гэсэн үзүүлэлтээр улс орнуудын засаглалын эрүүл мэндийг хэмждэг. Монгол улс ямар байна вэ?
Зураг 1: Монгол улс дэлхий дахины засаглалын шалгуур үзүүлэлтүүдээр
Эх сурвалж: Дэлхийн банк
Монгол улсад 2003-2018 оны хооронд иргэдийн дуу хоолой ба эгэх хариуцлага дунд зэрэг, бараг өөрчлөгдсөнгүй, улс төр нь харьцангуй тогтвортой, хууль тогтоох чадвар дээшилж ирсэн бол хуулийн засаглал, төр засгийн чадавх муудаж, авлигаа хянах нь суларчээ.
Тэгвэл ирэх 30 жилд сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд “цахим, ухаалаг бүтэцтэй, чадварлаг, ёс зүйтэй төрийн алба бүхий, хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй нийгмийг хөгжүүлнэ” гэнэ. Засаглал зөвхөн сайнаас гадна бас ухаалаг, цахим болох ажээ.
Хүснэгт 1: Сайн засаглал зорилгын хүрээнд хүрэх түвшин
Эх сурвалж: Алсын хараа 2050
Энэ өндөр түвшиндээ харин яаж хүрэх нь тодорхой юу? Төр засаг шийдвэр гаргаад, түүнийг хэрэгжүүлэхээс гадна “төрийн үйлчилгээг хүн бүрт хүргэх чадвар чухал” гэж эрдэмтэн Франсис Фукуяама хэлжээ. Монголын төрийн энэ чадвар нь муу, дархлаа нь сул байгаа.
Засаглалын вирус
Хүний биед олноор оршиж, хоол боловсруулахад тусалдаг, бидний бие эрхтэнг бусад бактер, микробоос хамгаалж байдаг нэг эстэй биетийг бактер гэдэг. Энэ бактериуд халдвартай бактерт ялагдахаар хүн өвддөг. Бактерийн халдварыг антибиотекоор эдгээдэг. Вирус болохоор бактераас үлэмж жижиг, хүний эсэд эхлээд нэвтэрч ороод, дараа нь үржээд эрүүл хэсгийг устгах замаар үхэлд хүргэдэг. Түүнийг зөвхөн тусгай вакцинаар дарна. Вакцин эхлээд вирусыг эсэд нэвтрэхийг нь зогсоох, тэгээд эс дотор үржихийг нь зогсоох хоёр үүрэгтэй.
Хүний шунал бол бактер шиг хүнд угаасаа байдаг. Хэтрэхээр нь түүнийг харьцангуй амар дарж болно. Харин авлига нь яг вирус шиг харагдахгүй, нууцаар засаглалд халддаг. Эхлээд төр засагт нэвтэрч ороод, дараа нь үржин тархаж эрүүл эд эсүүдийг ээлж дараалан устгадаг.
Ардчилал нь залуу орнуудад авлига яг вирус шиг ардчилсан сонгуулиар, улс төрийн намын нэрээр эрх мэдэл, мөнгөөр зодож төрд нэвтэрч ороод санхүүжүүлэгч түнш/клиент, олигархдаа үйлчилдэг. Үүнийг улс төрийн хэллэгт клиентелизм буюу улс төрийн эрх мэдлийн төлөөх наймаа гэдэг. Намын томилолттой түшмэдүүд төрийн албаны дотор ороод дараагийн сонгуулиас өмнө амжиж хөрөнгөжин, шунахай хүслээ хэрэгжүүлж, эрүүл эд эсийг устгадаг. Ингэж төрийн албаны эрх мэдлээ ашиглаж хөрөнгөжихийг улс төрийн хэллэгт rent-seeking гэдэг. Энэ хоёр бол ялгаатай байршилтай, ялгаатай угшилтай учир сайн засаглал гэдэг нэг оношоор дүгнэж, нэг эмээр эмчилж болдоггүй. Гэтэл монголчууд ганцхан сайн засаглал гэж ярьж ирсэн учир авлигын эсрэг ажлууд нь үр дүнгээ өгөөгүй.
Клиентелизм нь сонгуулиар эрх мэдэл олж авахын төлөөх наймаа. Тод жишээ нь 60 тэрбумын хэрэг. Эсвэл тэтгэврийн, сургалтын зээлийг тэглэх гэх мэт сонгогчдын санал худалдан авах санаачлага. Намайг, манай намыг сонгуульд ялахад тусал, төрд гараад би чамд тусална гэдэг бол клиентелизмийн үндсэн зарчим. Тийм учраас клиентелизмийг одоогийн улс төрчид өөрсдөө устгаж чадахгүй, боломжгүй. Клиентелизмийг ил тод, нээлттэй байдал шийдэхгүй. Ганцхан шийдэл бол иргэдийн улс төрийн оролцоо, тэмцэл. Клиентелист улс төрчид өөрчлөгддөггүй, тэднийг солих л шаардлагатай.
Рент хайгчид буюу төрийн албаны эрх мэдлээ ашиглаж хөрөнгөждөг этгээдүүд тусгай зөвшөөрөл, лиценз, тендер зэрэг хэрэгслээр хүслээ хэрэгжүүлдэг паразитууд. Тэд эрх мэдлээ ашиглан хомсдол бий болгоод хомсдолоор дамжуулан хөрөнгөждөг. Жишээ нь ЖДҮ-ийн хэрэг ба бусад олон төрлийн сан, Төрийн банк, төрийн өмчит компаниуд гэх мэт. Харин үүнийг бол тэр нээлттэй, ил тод байдал, эгэх хариуцлага зэргээр шийдэж болно. ЖДҮ-ийн хэрэг илэрсэн шалтгаан нь бүртгэлийн системийг ил тод болгосон явдал. Одоо бүрхэг болоод байгаа ч “шилэн данс” бол бас нэг шийдэл. Цаашид ч бүх лиценз, зөвшөөрөл, тендер, концесс зэрэгтэй холбоотой “шилэн данс” хэр зэрэг ажиллах, өгөгдлөө блокчэйнээр хадгалж чадах эсэхээс үр дүн хамаарна.
Авлигын вирусын дээрх хоёр довтолгоог монголчууд олон улсын байгууллагаас тусламж аваад аль эсвэл гадаадын эрдэмтдийн лекц сонсоод өөрчлөхгүй. Ганц шийдэл бол монголчууд өөрсдөө сонгуульдаа идэвхтэй, ухамсартай оролцож, клиентелистүүдээ орвонгоор нь сольж, тэдний эсрэг хаа байгаа газартаа үгээ хэлж, эсэргүүцэж, тэмцэх явдал.
2020.03.12
Zochin
Нийтлэгчдийн клубын гишүүн
Хүрэлсүхийг солих
Зочин
Зочин
Нара