Юу болоод өнгөрөв
Юу болоод өнгөрөв
Өнгөрсөн дөрвөн жилд юу болж өнгөрсөн бэ. Шуугиан, эрсдэл, айдас хүйдэс дагуулсан Корона вирусийн халдвартайулс орон бүр нүүр тулсан. Манайхан бол Анх-Отгоныгоо л /францын иргэн/ Корона туссан болохоос монгол хүн тусдаггүй юм байна гэсэн ичмээр яриа бас тарав. Монгол байна уу, гадаад хүн байна уу аль ч орны иргэн байлаа гээд тусгай цустай байхгүй. Вирус аль улсын иргэнээр нь ялгаад байдаг ч юм биш.Манай улс харин хүн амаа вакцинжуулах ажлыг яаралтай хийж, хэд хэдэн улсаас вакцин авч тарьсан. За тэгээд үүнийг дагаад вакцины маргаан дэгдсэн л дээ. Биднийг туршилтын туулай болгох нь гэж ирээд баахан шаагив. Аятайхан яриа хэлцэл хийж хэдэн вакцин аваагүй бол туршилтын туулай цаашаа юм болж, шаагиж ч дөнгөхгүй дуусвал яах байсан юм бол.
Яаран арга хэмжээ авсных тэр үү, манайд нэлээд хожуу гайхал вирус орж ирсэн хэрэг л дээ. Ямар сайндаа манайхаас туршлага энэ тэр судлах юм болоод байсан санагдана. Коронагийн үеийн үйл явдал бол кино цаашаа юм болсон. Хүнээ алдсан нь гашуудаж, эдгэсэн нь баярлаж байлаа. Хөл хорио тогтоож, хот эзгүй оргиод их л юм болсон. Хаа очиж,манайхан аминдаа хайртай юм билээ. Маскнаас бол салахгүй байсан шүү.
Яг тэр хүндхэн үеийн Засгийн газар болюм, юм л үзсэн. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлж байсан хэрэг л дээ. Түүний засагласан дөрвөн жилд юу болж өнгөрснийг өнөөдөр хэвлэлүүд сайнтай, муутай нь бичээд, мэдээлээд эхэлж.
Өнгөрсөн гучин жилийн алдаа оноог дэнсэлж, ирэх он жилүүдэд юуг яаж хийвэл олон жил бугшаад өөрчлөгдөөгүй бүхнийг өөрчлөх вэ гэдэг дээр “алсын хараа”-тай ажиллахаар хөгжлийн бодлого шинээр ярьж эхэлсэн хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Нэг амьсгаагаар хийчихдэг эд биш л дээ. Угтаа бол баахан эрдэмтэн мэргэдээ суулгаж байгаад л ярьсан юм гэдэг.Ер нь хүн ямар ч ажилд орохдоо “алаад” өгнө дөө л гэж боддог юм. Гончаревын “Жирийн нэг явдал”шиг л. Түүний дэвшүүлсэн хөгжлийн бодлого нь юм хийх гэж л эхлүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Гэлээ гээд нийтээрээ алга ташсангүй. Алга таших, эсэргүүцэх цаг ч болоогүй.
Аль ч Засгийн газрын үед тухайн Ерөнхий сайдыг байхгүй болтол балбадаг л даа. Ялангуяа ийм үзэгдэл Монголд хамгийн тод томруун.Дараагийн “муу” хүн гарч иртэл тэр хамгийн муу хэвээрээ л байх болно.Аз ч гэх үү, эз ч гэх үүмуугаа үзүүлж амжилгүй намын нөхөд болон урвагчид, олон нийтийн хүсэл, бялуу хүртэх хүсэлтнүүд, сөрөг хүчнийхнээс болоод Засгийн газар нь богино хугацаанд унаж байсан нь ч цөөнгүй. Шулуухандаа бол юу ч хийж амжаагүй, юу хийж чадахаа ч харуулж чадалгүй годройтчихсон.
Ташрамд нэг зүйл хэлэхэд амьд хүнийг муулж шүүмжлэх, гүтгэх гүжирдэхч наад захын юм. Үхэгсдээ ч амар амгалан байлгахгүй хүнээ байцгааж, хамаг муухай үгээр хэлдэг болсон байна шүү, монголчууд. Насан эцэслэсэн хүнийг муу хэлдэггүй монгол ёс бий. Тэр ёсыг бол уландаа гишгэсэн байна лээ.
Хаа очиж энэ удаагийн Засгийн газар бүтэн дөрвөн жилийг ардаа орхисноороо өнөөдрийн байдлаар хамгийн удаан тогтнож байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ дөрвөн жил юу хийж амжуулсныг дүгнэж цэгнэх нь гайхаад байх зүйл биш. Мэдээж шүүмжлэгсэд бол наргүй тэнгэрийн дор дөрвөн жил тарчилсан мэт ярих биз. Дэмжигсэд нь аврагч бурхан мэт бялууртал нь өргөмжилж ч байж мэднэ. Нэг ч өдөр нар хараагүй мэт муулаад ч яахав, “коммунизмыг алгасна” гэдэг шиг гэнэтийн гайхамшиг тохиосон гэж магтаалаар булаад ч яахав. Бодитоор харах гэж л хичээе.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ үед хэд хэдэн шинэ үг хэллэг нэмэгдсэн. Шинэ сэргэлтийн бодлого, өнгөрсөн гучин жил, ирээдүйн гучин жил, боомтын сэргэлт, бүсчилсэн хөгжил, мега төсөл, нүүрсний болон бусад сонсгол, 126 гээд л...
Шүүмжлэгсдийн хэлээд байгаа шиг юу ч хийхгүй муу болгон энэ Засгаас гараад байна гэвэл өрөөсгөл. Долоогсдын хэлж буйгаар гайхамшиг бүтээчихсэн гэж хэлэх нь зохисгүй.
Харж байгаагаар өөрчлөлт хийх гэж зориглоод байгаа алхмууд бол байна. Хөгжлийн бодлого тодорхойлж, алс он жилүүдэд юу хийхээ зорьсон нь ч зөв. Асуудлын гол нь тэрийгээ хийж байна уу, мөн зөв тодорхойлж чадсан уу гэдэгт л байгаа юм. Урт, дунд хугацаанд улсаа хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг нь өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд хэлчихвэл буруутахгүй байх. Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрын хийсэн ажлуудын албан ёсны мэдээллээс харахад боомтын сэргэлтийн хүрээнд 2021-2024 оны хооронд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай болсон гэдгээ мэдэгдэж. Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам, хойд урд хөрийг холбосон баруун болон босоо тэнхлэгийн 745 км автозам баригдсан. Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байгаа аж.
Нүүрсний тээвэр бол өнгөрсөн онд дээд түвшиндээ хүрчээ. Энэ Засгийн газар эрчим хүчний реформ гэж их ярьсан. Хийж чадвал сайн л байна. Эрчим хүчний реформ, мега төслүүдийг хөдөлгөх тал дээр саад бага байж, шийдвэр сайн гаргах гэж л УИХ дахь зарим намтай хамтарч Засгийн газраа байгуулж байна гэж харсан. Ямар ч байсан эрчим хүчний салбарынтөслүүд нь хэрэгжээсэй гэж горьдож л байна. Энд тэнд бөөнөөр нь тог таслаад эхлэх үед элдвийн л юм бодогдох юм. Анх эрчим хүчний сэргэлт гэж яригдаж байснаа эрчим хүчний реформ болсныг бодоход томоохон алхмууд хийх болов уу гэж найдах л үлдлээ.
Үүний дараа Хөдөөгийн сэргэлтийн тухайд ярих хэрэгтэй болов уу. Хөдөөгийн сэргэлтэд зориулж гурван хувийн зээл олгож эхэлсэн. Хөдөө торон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авч буй иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг гурван хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийг батлан дааж байгаа юм. Хөдөө орон нутагт ажилласны нэмэгдлүүдбас байх юм билээ.Мөн энэ Засгийн газрын хийсэн ажлаас E-Mongolia цахим систем санаачилсан нь сайшаахгүй байхын аргагүй. Иргэдийн цаг завыг хэмнэсэн, хүнд суртлыг багасгасан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн зөв алхам болсон. За тэгээд нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ногоон автобусны дуулиант хэргийн сонсголууд нэг талаас авлигатай тэмцсэн, нөгөө талаас далд байсан олон булхай луйвар ил болов. Нэлээд үр дүнтэй болсон энэ сонсголууд Хөгжлийн банкийг дампуурлаас аврахтай зэрэгцээд Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сагийн үйл ажиллагааг нээлттэй болгов. Гэх мэт дажгүй үр дүнтэй ажлууд байна.
Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааг санаачилсан явдал бол бас л баахан шуугиулсан. Үеийн үедавлигатай тэмцэхээр ярьдаг ч үр дүн нь олон нийтэд бүрэн хангалттай санагдаагүй. Энэ удаа бол авлигатай тэмцэх тэмцлүүдээс арай дорвитой нь байсан гэж хэлж болох юм. Олон зөрчил илэрч, авлигач нар ч олноороо хариуцлага үүрэв. Гэвч Ерөнхий сайд үүнд сэтгэл хангалуун бус байгаагаа удаа дараа илэрхийлэв. Нэгэнт ил болсон энэ хэргүүд дээр хариуцлагын тогтолцоо муу байгааг шүүмжлэв. Учир нь зарим авлигачтодорхой хэрэг дээр ял зэмгүй өнгөрөөд байна гэж тэрээр үзэж байгаа юм байна. Иргэд ч бас иймэрхүү байр суурьтай байгаа нь сошиал платформууд дээрх үзэл бодлын уралдаан, мэтгэлцээнээс харж болох юм.
Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч иргэдийн бухимдлыг барж, жагсаал цуглаан хийхэд хүрсэн гол шалтгааны нэг нь татварын асуудал байлаа. Бичигч би ч мөн үүнтэй санал нийлж буй. Хэдийгээр эдийн засгийн өсөлт, төслүүдийн ахицтай алхмууд талархууштай ч утаа, агаарын бохирдол, татварын нэмэгдэл зэрэг бол шүүмжлэхгүй өнгөрөхийн аргагүй юм.
Мэдээж амжилттай хэрэгжүүлсэн олон зүйл багаасаа эхлээд том руугаа нэрлэвэл цөөнгүй л юм бий. Ядаж лсугалаагаар цэцэрлэгт оруулдаг хүүхдийг ялгаварласан шийдвэрийг болиулж, эсрэгээр нь хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажилласан нь сайн хэрэг. Засгийн газраас санаачилсан Боловсролын багц хуулийн хүрээнд англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгосон. Монголд зочлох жилийн хүрээнд хийсэн ажлууд нь үр дүнтэй байж, жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Мянганы замын бүтээн байгуулалтыг дуусгасан, мега төслүүд урагшилж эхэлсэн гээд хийсэн юм байна. Энэ мэт дээр бол хоёр гараа өргөөд дэмжиж болно.
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тогтолцооны реформ хийснийг бол дурдахгүй өнгөрч болохгүй. 126 гишүүний анхны парламент бүрдүүлж, нэр дэвшилтийн хувьд жендер тал дээр дэвшилттэй алхмууд хийсэн. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн. Хэдийгээр гишүүдийн тоо нэмэгдсэнд зарим нь дургүйцэж байгаа ч нөгөө талаас харахад үр дүнтэй ч зүйлүүд харагдаж байна. Өмнөх тогтолцоогоор явбал олон намын системтэй гэхэд хэцүү, жижиг намуудын төлөөлөл орж ирэх боломж бага байсан. Нэг ёсондоо иргэдийн өгсөн санал гээгдэхгүй сайн тал бий. Мөн Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг Үндсэн хуулийн энэ өөрчлөлт авчирсан. Үе үеийн Засгийн газрын үед яригддаг ч улс төр, иргэдийн дургүйцлээс айж тодорхой шийдэлд хүрч чаддаггүй байсан хэд хэдэн зүйл дээр зориг гаргасныг бол хэлэх хэрэгтэй юм. Тухайлбал ураны сэдэв. Энэ бол хэзээ нэгэн цагт зурагдах ёстой байсан ч зориглож хийж чадахгүй ирсэн том асуудал. Ямар ч байсан эхний шанг татчихлаа. За тэгээд дурдаад байвал дуусахгүй, бүхэл бүтэн дөрвөн жилийн ажлыг багтааж бичвэл нэлээд юм болох байх. Тэртэй тэргүй хийсэн ажлын тайлан нь гарчихсан хойно тэндээс харчхаж болно. Яг өнөөдөр бүх зүйл сайхан болчихлоо гэж худал хэлээд яахав, улс орон болсон хойно урагшилж л байгаа юм байна. Яст мэлхий хурдаар урагшилж, заримдаа ухраад байна гэж бодогддог байсан үеэ бодвол зүхүүлэн барин зүтгэж л байх шиг. Албан ёсны мэдээллээс харахад онцолсон 32 ажлыг танилцуулсан харагдана лээ. Зарим нь эхлүүлсэн ажлууд байх юм. Нүд ирмэхэд бүх зүйл өөрчлөгддөг ид шид хүсдэг болохоор үр дүн яаран хүлээж байгаа иргэд олон шүү. Үгүй тэгээд иргэдийн шүүмжлэх нь аргагүй шүү дээ. Өнгөрсөн гучин жил үсрэнгүй хөгжинө гэж итгээд хүлээсэн ч энгийн олон асуудал шийдэгдээгүй, нэг хэсэг нь амьдралаас тасраад явчихаар итгэл алдраад цөхрөх нь аргагүй. Хэчнээн жил ярьсан, утаа, түгжрэл билээ. Тиймээс л үр дүн нэхээд, ид шид шиг хурд хүсээд байгааг буруутгахад хэцүү.