Өөрийн омогшил
Хачин дэмий зүйлс санаанд орохыг алийг тэр гэхэв монголчуудад, тэр болгоныг энд бичих гээгүй.
Монгол хүний хамгийн том эмгэнэл юу вэ? Энэ асуултад хариулт хайцгаая. “Мөнгө” гэж олон хүн хариулна. Мөнгөтэй бол ямар ч сайн сайхан амьдралаа босгочихно гэх хүн зөндөө. Бас арын хаалгадах, авилгадах ахиухан мөнгөтэй байх хэрэгтэй гэж шударга монгол хүн болгон хэлэхийн наагуур байна. Цаашаанаа боловсрол, ажлын байр, эрүүл мэнд, унаа машин, зуслан, хаус гээд хүслээ ярайлгах ба тэр хүсэл нь бүтэж өгөхгүй байгаагаа эмгэнэлд тооцно. Шударга ёс хэмээн амтай болгон ярих боловч чухам юуг тэгж хэлээд байгаа нь нэг мөр болоогүй. Баяжагсдыг адилхан ядууруулж аль гэдгээ шударга ёс болгочихсон хүн маш их байдаг. Нийтээрээ адилхан ядуу байвал шударга ёс нэхээд яах юм?
Хачин дэмий зүйлс санаанд орохыг алийг тэр гэхэв монголчуудад, тэр болгоныг энд бичих гээгүй.
Хамгийн том эмгэнэл бол миний бодлоор амьдралд хөлөө олж чадалгүй явсаар хөгшрөх. Нийгэмд төрхөө олоогүй, амьдралд эзлэх байр сууриа олоогүй монгол хүн дэндүү олон байна. Тийм хөгшин хөвөө хүн захаас аван ярайна. Хүнийг хүний дайтай явуулахын төлөө ажилладаг нийгэм, байгууллага, сургууль, соёл, гэр бүл, ах зах хүн ховордоо юу, эсвэл угаасаа байгаагүй юм уу? Зөв замаа нэг олоод авбал яваад баймаар залуус Монголд минь яасан их байх юм бэ? Миний нүдэнд л тэгж буугаад болдоггүй.
Гэтэл шал дэмий цаг нөхцөөсөөр нэг мэдэхнээ хөгширдөг, шал утгагүй амьдарч байснаа гэнэт мэддэг, гэтэл нэгэнт оройтчихсон, ертөнцийн мөхөл сөнөлийг зөгнөсөн гэрэл гэгээгүй нэг ахмад нөхөр нүд анитлаа өөрийгөө ба үр хүүхдээ, нийгмээ хорлоод эрлэгт явдаг. Энэ бол монголчуудын нэлээд хэсгийнхний дүр зураг биш гэх үү?
Дэмий цаг нөхцөөж, шал хачин дэмий юманд шаналж яваа үй олонмонголчууддаа хандан оройтсон хөгшний тухай анхааруулж байна.
Бас нэг том эмгэнэл бол нүүдэлчний байгаллаг материаллаг сэтгэлээс үүдэлтэй хоосон бардамнал. Чингис хааныг одоо дахин төрүүлээд дэлхийг эзэгнэх гэсэн гэнэн мөрөөдөл, түүнийгээ ил зарладаг, гайхуулдаг, бас хосгүй баян эх орны тухай эцэс төгсгөлгүй магтаал, тэр нь явж явж гадаадынхнаас хамаг юмаа харамлаж, хөөж туух хоосон эх оронч дүр эсгэлт, Монголыг ертөнцөөс таслах гэсэн муйхар сэтгэлгээ.
“XIII зуунд тэгж байсан” гэдгийг урлаг уран сайхан, кино, театрт доозыг нь хэтрүүлэхгүй хөгжүүлж болноо болно. Гэтэл бодит ахуй амьдрал дээр уран сайхандаж сэтгээд өөрийгөө зовоогоод яваа сэхээтэн голдуу хүмүүсийг би олныг мэдэх юм. Гадаадад түүнийгээ ид хав болгож, очсон улсдаа ад болж, архины хэрэгт орж яваа монголчуудтай таарч л явлаа.
Говь-Алтайд лекц уншиж байхад нэг сумын хариуцлагатай дарга босч ирээд микрофон авдаг юм. Асуулт (санал!) тавьж байнаа. Энэ Путин, Си Жиньпин хоёр руу Монгол Улсын Ерөнхийлөгч захидал байнга бичиж түүх нэхэж дарамтлах тухай. Орос, Хятадыг XIII зуунд бидний монголчууд л буй болгосон. Өнөөдөр Орос, Хятад хоёр дэлхийд нэртэй зүстэй их гүрэн яваа чинь монголчуудын л гавьяа хэмээн тэр захидалдаа бичүүл, үүнд ГХЯ нь юу харж суудаг юм гэж ирээд л зааварчлаад эхлэв ээ, нөгөө сумын дарга маань. Лекцэн дээр шүү. Би хариулах үггүй мад суув.
Бид хоосон омогшил бардамналаасаа салах хэрэгтэй гэсэн санаагаар ганц жишээ авахад ийм байна.
Facebook дээр явж байна лээ. Америкийн хоёр мульт тэрбумтаны зураг. Тэгээд ингэж тайлбарлажээ: - Энэ зурганд 138 тэрбум $ нийлээд зогсож байна. Ямарч үнэтэй брэнд харагдсангүй, бас ямар ч гүзээ харагдсангүй. Гудамжинд явбал хүн танихааргүй энгийн гэхээр. Тэгэхлээр их хөрөнгө гэдэг тийм тансаг хэрэглээ биш, тэд ядуу байж үзсэн учир энгийнээр байж үлдсэн. Тэдэнд энэ их хөрөнгө нь сэтгэл ханамж байж магад, чөтгөр бүү мэд, ямар сэтгэл дотор нь орж үзсэн биш. Гэхдээ л тэд энгийнээр үлдсэн нь манай их идэгсэдээс шал өөр юм. Энэ хоёр хэн бэ? Дашрамд хэлэхэд УИХ, Засгийн газраас эхлүүлээд бүх шатны хурган дарга нар ямар пээдгэр билээ? Юм идэж байвал юу ч хамаагүй, зоогийн сав зогссог гэдгийг мэдэхгүй хэзээ нэгэн цагт хуулийн өмнө ирж зохих ялаа авах тийм цаг ирнэ, эхнээсээ ч ирж байна гэжээ.
Бас л бодууштай пост оруулжээ. Брэнд брэнд гэх донтой монголчуудад дохио сануулга өгчээ.
Гарчигт би өөрийн омогшил гээд битүүгээр биччихсэн. Өөрөөрөө омогшино гэдгийг монгол хүн дээрээ авчраад наавал хэцүүхэн дүр зураг буудаг, миний олж харснаар.
Омогшил байнаа, байна. Чингис хаан, онгон байгаль, олон арван сая мал, эко хүнс, цагаан идээ, ивээдэг бөх морь,эсвэл худалдаад авчихсан брэнд хувцас бараа, гангарааны дээл хувцас, хөөрөг, яаж ийгээд олоод авсан цол, одон тэмдэг гээд байнаа байна.
Яг Та юу бүтээчихээд яваа вэ гэхэд тойрч бултаад, эсвэл мэдэн будилаад яг таг хариулна гэж байхгүй. Миний ойлголтоор маш энгийнээс, жижгээс эхлэх ухаантай юм, тэр омогшил маань.
Хашааны алга дарам газартаа хүнсний ногоо, мод тарьчихсан, ургуулаад, түүгээрээ омогшиж явахыг хэлж байгаа хэрэг л дээ. Тариалсан хүнсний ногоогоо өөрсдөө идэж хэрэглээд, үлдсэнийг нь борлуулчихаад, түүндээ сэтгэл тэнэгэр явахыг нь хэлээд байна.
Арай томоор ярья. Энэ зурагт өгүүлжээ. “38 мянган чадварлаг инженер хэрэгтэй!” Энэ уриалгыг би жинхэнэ омогшин хүлээн авна. Цаг нь болсон. Гучин жил ардчилагдаад, ард нь залхуурч хэвтсээр одоо юу болчихсон байна?
Зөв хүн бол, зөв идэвхтэй суралц, зөв сайн мэргэжилтэн бол оо гэсэн уриалга Засгийн газраас гаргасан байна. Жинхэнэ 38 мянган зөв монгол сэхээтэн (хөдөлмөрийн) буй болгох юм байна хэмээн өөдрөгөөр бодлоо.
Харин уриалаад орхичихож болохгүй. Манай Төрийн гурван өндөрлөгийн уриа дуудлага ардчиллын 32 жилд багадаагүй, ихэдсэн байх. Түүнийхээ араас явдаггүй, ажил болгодоггүйгээс монголчууд санаатай ядуурлаасаа (ажил хийхгүйгээс) салж чадахгүй явна.
Энэ уриагаар бол одоо л ёстой омогшуулж эхлэх нь байна. Би яг тэгж ойлгож байна. Монголчуудыг (эрүүл саруул, ажил хийх чадвартайг нь!) язганатал хөдөлмөрлүүлээд, хөдөлмөрөөрөө тэд нь омогшоод, омогшсон дээрээ амьдрал ахуйгаа дор нь өөд татаад, цаашдаа дандаа аз жаргалаа төлөвлөж зөв амьдaрна!
Энэ л дутаад байна. Энэ л гол юм нь. Анзаарагдахгүй мэт боловч хамгийн амин чухал омогшил бол ажил хөдөлмөр үр бүтээлтэй эрхлэх! Гэхдээ 3.5 саяулаа шүү!