2020.05.18.

Нийслэлийн өмчид байдаг Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг урдуур нь өнгөрөх Жуулчны гудамжтай хамт дахин төлөвлөх концепци, зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн 28 бүтээлийг зарлаж, олон нийтийн саналыг авч дуусчээ. Удахгүй тусгай комисс хуралдаж шийдвэрлэнэ.

Үзлээ. Бараг бүгдээрээ Урт цагааныг төрөл арилжуулсан байх юм. Тэр зайнд тааруулан элдэв янзаар фантаазлан зурсан барилга байгууламжууд ерөнхийдөө уртаашаа сунасныг эс тооцвол Урт цагааныг санагдуулах бүтээл ганц хоёрхон байна. Зарим нь бүр тэнгэр баганадсан цамхаг босгоод үүдэнд нь богино цагаан пин шиг юм үлдээн гийгүүлжээ.

Урт цагаан ямар утга учир, үнэ цэнэтэй, түүний дүр төрхийг яагаад яг хуучнаар хадгалах ёстойг сүүлийн хэдэн өдөр олон хүн, тэдний дотор судлаач, уран барилгачид нотлон бичиж байгаа дээр юу нэмэхэв. Хичнээн энгийн, авсаархан хэрнээ төгс барилга байсан билээ. Мэдэх хүн бүрт дурсамжтай. Намайг бага ангид байхад ээж нэг удаа гутлын зан тавиулахаар Урт цагаанд ажилладаг эгч рүү явуулж, би тэр цагийн бүх ээж нарын үглэдэгчлэн “ийш тийшээ харж яваад машин доогуур орчихолгүй” (гудамжаар тийм олон машин явдаг байсан юм шиг), бас хамраа ханцуйгаараа шудралгүй, нусны алчуураар арчаад явж ирсэн тул “ингээд миний хүү тусад орлоо” гээд магтаж билээ. Дараа нь ээж дэлхийн аваргатай найз, тэр гуталчин хийдэг гэж ярьдаг байсныг бодоход би байт харвааны дэлхийн аварга Д.Дэмбэрэлээр гутлаа засуулсан байх. Урт цагааныг устгах бүү хэл хамаагүй гар хүрвэл XX зууны Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ийм байсан гэж харуулах, дурсах, бас бахархах түүхэн барилга төдийгүй бүхэл бүтэн гудамж алга болно.

Уралдаанд оролцсон мэргэжлийн архитекторууд үүнийг ойлгоогүй гэж баймааргүйсэн. Тэгвэл яагаад? Үүний учрыг ажлын даалгаварт “Одоо байгаа барилга байгууламжийн хуучин дүр төрхийг тусгаж болно” гэж зааснаас сая ойлгов. Болно гэхлээр тусгахгүй байж бас болно гэсэн үг. Бас газар дээгүүр доогуур зогсоолтой байхыг шаарджээ. Ингэж буруу тийш залжээ.

Миний анх “овоо доо” гэж бодсоноос тэс өөр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар Урт цагааны түүхэн дүр төрхийг сэргээхээс илүүтэйгээр тэр зайнд Урт цагааны нэрээр халхавчилсан дахин нэг том үйлчилгээний төв барих зорилго тавьжээ. Барих, эзэмших компани нь бэлэн анаад сууж байгаа бол би лав гайхахгүй. Уг нь түүх, уран барилгын дурсгалт барилга гэдэг нь тов тодорхой учраас учраас тусгай хамгаалалтанд авч түүхэн дүр төрхийг сэргээх уралдаан зарлах ёстой байсан.

Хэрвээ та анзаарсан бол Урт цагаантай холбоотой цорын ганц нэр дуулдаж байгаа нь зураг төслийг нь хийсэн архитектор Б.Дамбийням. 1958 оноос эхлэн барьж 1961 онд барьж ашиглалтанд оруулжээ. Тэгвэл Урт цагааныг балгас болтол явуулсан этгээдүүд хэн бэ?

Урт цагаан бол нийслэлийн өмчийн III байр гэж явдаг. Зах зээлд оронгуут 1991 онд нийслэлийн өмчийн газар, одоогийн нэрээр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар байгуулагдан хариуцаж эхэлсэн. Ингээд урт цагааныг энд тэндээс нь түрээслүүлсэн нэрээр гучин жилийн турш зоргонд нь хаяжээ. Хэрвээ нийслэл өмчиндөө жинхэнэ эзэн байсан бол ашигтай түрээслээд, үнэ цэнийг нь нэмээд, орлогоор нь засвар үйчилгээг цаг тухайд нь хийлгээд,  тэгэхдээ түүхэн дүр төрхийг өөрчлөхийг хатуу хориглоод явах байсан ч тэгээгүй. Үүний оронд 30-аадхан (зарим мэдээллээр бол 4-5-хан) хүнд хямдхан түрээслүүлээд (бүр 2000-аад оны эхээр хотын ерөнхий менежер Т.Бадамжунайн үед сэтгүүлчид Урт цагааны түрээслэгчдийг мэдэх гэж хөөцөлдөөд чадаагүй, тэгэсхийгээд больсон), цаадуул нь хэдэн зуун хүнд давхар түрээслүүлэхийг мэдсээр байж юу ч хийгээгүй. Энд тэндээс нь цөмлөж, илүү дутуу юм нэмж барихыг зогсоогоогүй. (Хэрвээ тэр олон дарга нарын хувийн өмч байсан бол яасан сайхан авч яваа бол?) Бодвол халдаж болохгүй хэдэн эрхэм цаана нь байсан биз. Сүүлдээ нүдний өмнө энд тэндээсээ ховхорч унахыг далимдуулан шууд акталж буулгах аргад шилжиж лав гурван удаа мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулсан ч нөгөө олон зуун давхар түрээслэгчид эсэргүүцэн тэмцсэн учраас өнөөдрийг хүрч байж сая нэг хөөн гаргажээ. Энэ хооронд Урт цагааны арын хөл бөмбөгийн талбай шиг том зайг нөгөө нууц түрээслэгчид болон нийслэлийн албан тушаалтнууд өөрсдөө авч, эсвэл бусдад олгож хэргээ бүтээгээд гээд арилж одсон байна. Одоо тэнд нь хэдэн том орон сууц, баахан офис баригдсан. Уг нь Урт цагаантайгаа цуг, цул орон зай.

Тэд хэн бэ? Хууль журамтай улсад бол тэдэнтэй хариуцлага тооцдог. Урт цагааныг хэвээр үлдээж чадахгүй ч Урт цагааныг устгасан хүмүүсийг түүхэнд үлдээх юмсан. Харамсалтай нь том түрээслэгчид нууц, тэдэнд үйлчилсэн нийслэлийн өмчийн газар, бас нийслэлийн соёлын газрын үе үеийн дарга, албан тушаалтнууд солигдоод алга болсон. Томоор ярих юм бол өнгөрсөн хугацаанд хотын даргаар, багаа бүрдүүлж ажилласан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Амарсайхан нар буруу шийдвэр гаргасан, зөв шийдвэр гаргаагүйгээрээ буруутай. Юутай ч өнөөдөр Урт цагааныг төдийгүй өнгөрсөн гучин жилийн алдааг та бидний ой санамжаас арчин хаях гэж байна.

Одоо Урт цагааны урдах гудамжийг баруун талаас нь хааж тусдаа орон зай үүсгэдэг Шар дэлгүүрийн ээлж дөхөж байгаа бололтой. Бүр урт түүхтэй барилга юмсан.

Төгсгөлд нь:

XX зуунд бүтээн байгуулсан хотын төвийг дахин бүтээн байгуулах гэж оролдохоо болимоор юм. Тэртээ тэргүй олон зууны түүхэн барилгагүй байж дөнгөж 50-60 наслаж ядаж байгаа хэдхэн барилгаа хадгалж үлдээхсэн. Монголын барилгууд яахаараа монгол хүний дунджаас бага насалдаг юм бэ? Урт цагаан жар ч хүрэхгүй нь. Гэвч эрх мэдэлтнүүд зогсохгүй байна. Юм л бол буулгаад барьдаг болжээ. Саяхан баригдаад дууссан буюу дуусч байгаа Хууль зүй, дотоод хэргийн яам ба Монгол банкны зэрэгцсэн хоёр барилгыг харсан уу? Нөгөө хот төлөвлөлт, барилгын хууль тогтоомж, барилга хоорондын зай, хажуугийн орон сууцны нар харах эрх, зогсоол, 10-аас доошгүй хувь эзлэх ёстой ногоон байгууламж хаачсан бэ? Ерөөсөө Улаанбаатарт хот төлөвлөлтийн онц байдал тогтоох хэрэгтэй болсон байна.

Бүр төгсгөлд нь:

Нийслэлд найдвар алга. Тэгвэл Монгол Улсын соёлын өвийн газар гэж ямар газар байдаг вэ? Байгалийн түүхийн музейгээс эхлээд буулгаж байхад юугаа хийж суусан бол? Дорнод аймгийн нутаг дахь Хэрлэн барсын туурийг пааландаж “сайжруулсан” тэр нөхөд биш биз? Тэгвэл найдвар алга даа…