Өнөө цагийн улс төрийн лидерүүд буюу сүргийн толгойлогчид
Хүн чанга ярьдгаараа, адайр зангаараа, эсвэл булчинтайгаараа бусдыг дагуулдаггүй.
Өмнөтгөл
Хүн чанга ярьдгаараа, адайр зангаараа, эсвэл булчинтайгаараа бусдыг дагуулдаггүй. Зохион байгуулалт, зориг, бусдад нөлөөлөх чадвар, харизмаараа лидер болдог. Удирдан манлайлагч лидерүүд өчигдөр байсан, өнөөдөр ч байна, мэдээж ирээдүй лидерээр цангахгүй. Бусдыгаа оройлсон, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн орон зайтай, лидер гэж хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийн эхэнд жагсах эрхмүүдийг дурдвал уртаас урт жагсаалт гарна. Өнгөрсөн үеийн лидерүүдийн үргэлжлэл болсон улстөрчид МАН, АН-ын аль алинд нь байна. Өнөө цагийн лидерүүд амьдарч байгаа үеийнхээ түүхийг бүтээсээр яваа. Зарим нь жам ёсоор халаагаа өгч, зарим нь шинээр өсч өндийн гарч ирдэг. МАН-аас Н.Багабанди, Ц.Нямдорж, Сү.Батболд, Су.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх, М.Энхболд нар лидер гэсэн тодотголд хамаарна. АН ч өөрийн лидертэй. Ц.Элбэгдорж,С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэх мэтээр тоочвол цөөнгүй нэр жагсаах хэрэг гарна. М.Энхсайхан, Да.Ганболд, Н.Энхбаяр нар парламентын гадаа байгаа ч өнөөгийн улстөрийн лидерүүдийн тэргүүнд зүй ёсоор бичигдэнэ. Мөн Х.Баттулга, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар ч багтах нь дамжиггүй. Гэхдээ өнөөдөр улстөрд идэвхтэй буюу улстөрийн албанд зүтгэж яваа заримаас нь дурдъя.
Ц.Нямдорж
Түүнийг сайхан ааштай гэж хэн ч хэлэхгүй. Тэр өөрийн гэсэн хурц характертай улстөрч. Түүний оролцсон ярилцлагын нэвтрүүлэг хамгийн их үзэгчтэй контентийн нэг болдог. Нийгэмд болж буй үйл явдлын тухай “Нямдорж юу гэх нь вэ” гэж хүлээгддэг цөөн улстөрчийн нэг бол энэ эрхэм юм. Цагтаа тагнуулын асуудалд ч нэр холбогдож, дараа нь цайрч явлаа. Орондоо хууль засдаг гэсэн сарказмын эзэн. Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй гэсэн хочтой. “Нам нь ялахаар л Хууль зүйн сайд болдог ”гэсэн сэдвээр шогч хүмүүсийн бай болсон удаатай. Гэсэн ч Хууль зүйн сайд байхдаа нэгэн үе газар авах шахсан рецедивүүдийг дарсан гэдэг мөнхийн алдар түүнийх. Зэвүүн, хорон, хатуу үгээрээ парламентын чуулганыг сонирхолтой болгодог. Ямар ч асуудлыг үүх түүхтэй нь ярьж чаддаг нь түүний гол чадвар юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж байгаагүй ч тэр үргэлж улс төрийн гол тоглогч байсаар ирсэн. Хэр баргийн эрх мэдэлтнүүдийг хулмагнуулж, хэцүүхэн муухан хуулийн заалтыг хасуулж чадах хэмжээний парламентч байна гэдэг хүн бүхний дөнгөх ажил биш ээ. Хамгийн сүүлийн үеийн байдлаар тэр С.Зориг агсны амь эрсэдсэн хэргийн эргэн тойрон дахь үйл явдлын томоохон асуудалд элдвээр хэлэгдэж, хариу нь юу байх бол гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгэчихээд байна.
М.Энхболд
Тод хурц характергүй, ноомой ч гэмээр харагддаг хэр нь намдаа ч, ард түмэнд ч хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэг бол М.Энхболд. Түүний улс төрийн замналыг гаднаас нь харвал чимээ шуугиан багатай, дардан ч гэмээр. Гэвч Н.Энхбаярт хөтлүүлж ирсэн гэгддэг тэрээр “хөтлөгчийнхөө” үгэнд тэр болгон ороод байхаар ноомой амьтан биш байсан. Хүний үгээр яваад байхгүйг нь тэгэхэд харсан. Тэр ч байтугай 2016 оны сонгуулиар намаа удирдан орж 65 суудал авчирсан бахдам амжилт гаргасан.
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хатуухан, хэцүүхэн өрсөлдөгчийнхөө “буянаар” жаран тэрбумын явдалд ороогдов. Ингээд “хотын газрыг наймаалсан” гэдэг дээр нэмээд нэг “үндсэн” асуудалтай болсон. Гэсэн ч энэ жавтий нь түүнийг улстөрчийнх нь хувьд улам тодруулчихсан байх магадлалтай. Мөн хүнийхээ хувьд хэтэрхий дотогшоо, аливааг тайлбарлаад биеэ өмөөрөөд гүйгээд байдаггүй барилыг нь ч нэлээн өөрчилж орхисон харагдаж байна.
У.Хүрэлсүх
Энэ хүнээс манлайлагчийн чанар яах аргагүй харагддаг. Шийдвэр гаргагч, зорьсон зүйлийнхээ төлөө цуцалтгүй тэмцэгч түүнийг зөвшөөрнө. Анх улс төрд гарч ирэхдээ ёстой л нэг сэлэм эргүүлсээр хүний өөрийн намынхантай үзэж тарсан. Улс төрийн тавцанд сайн тоглолт хийж чадсан учраас өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байна. Кабинетэд нь Ч.Хүрэлбаатар зэрэг үг, оролцоо нь үйл явдалд үгүйлэгддэг л кадрууд ажиллаж байгаа. Түүний мөн чанарыг их энергитэй холбомоор санагддаг. Хэлэхээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, багийг удирдаж, зангидаж, хөдөлгөж чаддаг чанар бол түүнийх. Цэргийн хүнээр имиж хийх дуртай нь ч үүнтэй холбоотой байх. Харин сүүлийн үед энэ нь хэтэрчихэв үү гэж харагдаж байна. Уг нь улстөр дэх муугүй л мэдрэмжтэй пиарчдын нэг.
Су.Батболд
Улс төрд гуч гаруйхан настай орж ирээд парламентад дөрвөн удаа сонгогдсон. Хар түүх байхгүй цөөхөн улстөрчийн нэг. Өдгөө нас, туршлагын хувьд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн томоохон лидер бол Су гэж алдаршсан Батболд. Аймгийн даргаас парламентын гишүүн, Хууль зүйн сайд, Монгол Улсын сайдын албыг хашиж, өнөө нийслэл удирдаж яваа түүнийг төрийн хар хүн гэж хэн ч маргаангүй хэлэх биз. Тэрээр тун ч цэгцтэй, зоримог ярьдгаараа ялгагдана. Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсны хувьд хий нь арилж, ажил хариуцах, багаар тоглох зузаан туршлага хуримтлуулсан нь лавтай. Тиймдээ ч нийслэлийг удирдах хариуцлагатай үүргийг нам нь даалгаа биз.
Улсын хүн амын гуравны нэг амьдардаг, төсвийн 70 шахам хувийг бүрдүүлдэг энэ аварга бүтцийг хөдөлгөх, удирдлагаар хангах бол баргийн аавын хүүгийн барах ажил биш. Эхэндээ “хөдөөний” гэж дуудагдан, ёозгүй ч гэмээр эхэлсэн ажил нь өдгөө хийж бүтээсэн олон арван бүтээмжээрээ бахархах зүй ёсны шалтгаан нь болсон.
Энэ эрчээрээ явбал магадгүй хоёр жилийн дараа гэхэд Бат-Үүл даргаас ч илүү хэлэгдэх, нүдэнд харагдаж, гарт баригдах ажлын түүх үлдээх магадлал тун ч өндөр байна. Түүний өмнө 2020 оны сонгуульд нийслэлийн багаа удирдан орох халуухан сорил бий. Баг хэрхэн удирдаж ажиллахыг яруу тодоор харуулж яваа түүнд энэ тийм ч том бэрхшээл биш.
Энэ мэтчилэн МАН-д Л.Оюун-эрдэнэ, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар гээд найдвартай ирээдүй болсон залуус олон бий.