Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяртай ярилцлаа.
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяртай ярилцлаа.
-Ажлаасаа чөлөөлөгдсөнөө сошиалаас мэдсэн гэсэн. Өөрт чинь албан ёсоор хэлээгүй юм уу?
-Хэлээгүй.
-Хэзээ нь мэдсэн юм?
-Тэр өдөртөө сошиалаас мэдсэн.
-Тэрнээс хойш Ц.Нямдорж сайдтай уулзсан уу?
-Уулзаагүй.
-Ажлаа өгөхөөс чинь өмнө нь хоёр ч удаа уулзсан гэж Ц.Нямдорж сайд ярьсан байсан. Тэр уулзалтын үеэр юу гэж ярьсан юм?
-Ер нь бол ажлаа өгчих гэж хоёр байтугай удаа хэлж байсан. Өөрөө өргөдлөө өгөө гэж.
-Намын Бага хурлаас бүр өмнө үү?
-Бүүр өмнө. Ноднин жилийн зунаас.
-Зүгээр л ажлаа өг гэж хэлсэн гэж үү. Ямар нэг шалтаг, шалтгаан хэлээгүй юм уу?
-Үгүй. Ер нь бол муудалцаад байгаагүй шүү дээ. Хамгийн анх санал зөрөлдөж, ажлаа өг гэдэг яриа болсон нь Эрдэнэтийн 49 хувийн шүүх хуралтай холбоотой. Би Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч,Ерөнхий сайдын захирамжаар томилогдон шүүх хуралд хариуцагчаар оролцож байсан хүн шүү дээ.Тэр шүүх хуралд намайг Ц.Нямдорж сайд “битгий оч” гэдэг байсан юм.
-Шүүх хуралд яагаад очиж болохгүй гэж?
-Сонин байгаа биз дээ. 49-ийг төр зуун хувь авсан шийдвэр чинь 2017 оны эхний улиралд УИХ, Засгийн газраас шийдээд /өмнөх Засгийн газрын үеийн юм ярьж байна шүү/ тэгээд дараа нь шүүх хурал болсон. Тэр үеэс Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хоёр жил ажиллачихлаа. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбогдолтой асуудал дээр бол Дээд шүүхийн Иргэний танхимын нэг шийдвэр, Захиргааны хэргийн танхимын нэг шийдвэр гарсан байдаг юм. Иргэний шүүх дээр нь Засгийн газрыг хариуцагчаар татаагүй. Тэр утгаараа Төрийн өмчийн хороо, Бүртгэлийн байгууллага хоёр хариуцагчаар оролцож байсан. Захиргааны шүүх дээр Засгийн газар хариуцагчаар татагдаж байсан. Тэгэхэд нь би орсон. Өмнөх Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудал дээр бол 2017 оны намар Дээд шүүх дээр би ялсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод анхан шатанд дахин буцаасан. Тэгээд 2018 оны нэгдүгээр сард шинэ Засгийн газар гарч ирээд дахиж шийдвэр гаргасан. Дахиад л шүүхийн маргаан явсан. Нямдорж сайд өөрөө намайг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулъя гэж санал гаргасан байсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард маргаан үүсгэн явж байгаад зургадугаар сард болсон. Аль болох хугацаа хожих чиглэл Засгаас явж байсан. Би анхан шатны хурал гэхэд гурван сарын хугацаанд “барьсан” гэсэн үг.
-Чиглэлийн дагуу юу...
-Хуулийн дагуу, хойшлуулах бүхий л талын арга хэмжээ авсан. Тэгээд яг оролцох болтол битгий оролц гээд байдаг.
-Ц.Нямдорж сайд уу?
-Тийм.
-Тэгэхээр нь зөрөөд очсон уу?
-Очихгүй бол шүүх хурал болдгоороо л болно шүү дээ. Ирээгүй тохиолдолд нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэх зарчим хуульд бас байна. Тэгэхээр очиж үндэслэл юмаа хамгаалах ёстой биз дээ. Тэрнээс болж зөрөлдсөн юм.
-Зөвхөн очих, очихгүйгээс болоод уу?
-Тийм. Битгий оч гэхээр нь би “Би бол Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Яамных биш. Хоёрдугаарт би салбарын сайдын биш Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон. Хэрвээ очуулахгүй гэж байгаа бол надад “Битгий оч” гэсэн шийдвэр гаргаж өг. Эсвэл намайг болиулж өг. Тэрнээс биш би одоо манай сайд амаар ингэсэн юмаа гээд очихгүй байж чадахгүй ээ. Тайлбараа хэлнэ. Сүүлд нь яагаад очоогүй гэхээр би таныг хэлээд зогсч байх юм уу. Хүн ч итгэхгүй. Албан ёсоор Засгийн газраар хэлэлцүүлж, чиглэл өг” гэдэг асуудал тавьсан. Тэгээд ч энэ УИХ-ын шийдвэртэй, бүх ард түмний эрх ашгийг хөндсөн, маш том луйврын хэрэг учраас сүүлд нь шүүх хуралд яагаад очоогүй юм бэ гэдэг асуудал үүсэхэд та биш би л хариуцлага үүрч таарна. Та өөрөө Засгийн газарт үүнийг танилцуулаа. Хэрэв танилцуулж албан ёсоор надад үүрэг өгүүлэхгүй бол би шүүх хуралд очдогоороо очиж, байлддагаараа байлданаа л гэсэн. Тэгээд хуралд оролцсон. Ялагдсан. Анхан шатанд намайг аль 12 жилийн өмнө яаманд ажиллаж байх үед цуг ажиллаж байсан гээд шүүгчийг нь болиулаад яг тэр 49-тэй холбоотой асуудал дээр Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүнийг шүүгчээр оролцуулсан. Асуудал нөгөө талдаа гарах нь нэлээд ойлгомжтой байлаа. Шүүгчээс татгалзаад хүлээж аваагүй. Ер нь энэ хэрэг дээр шүүх хэт нэг талыг барьж ажилласан. Наад зах нь л бидний шүүх хурал дээр ярьж буй үг, үндэслэл, ньюансуудыг шүүхийн шийдвэртээ бүрэн оруулахгүй, хасдаг, үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Бүр сүүлд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж буй гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтуудыг шүүхэд өгөхөд хүлээж авалгүй шууд буцаах жишээтэй. Ингээд шүүх дээр анх ялагдсан чинь Ц.Нямдорж сайд “Чи очсоноос болж ялагдлаа. Тиймээс чи өөрөө өргөдлөө өг. Яв” гэсэн. Шахалт гэх юм уу, тэр үеэс эхлэлтэй.
-Тэгээд өргөдлөө өгсөнгүй ...
-Юу гэж өгөхөв. Би яасан гэж өгөх ёстой юм.
-Эхний шахалт тэр байж. Хоёр дахь гэж байна уу?
-Дараагийнх нь их сонин юм ярьсан. Ер нь бол айлгах гэх юм уу, юу гэх юм. Тийм байдлаар хоёр дахь удаадаа хандсан.
-Тэр нь юутай холбоотой байсан юм....
-Хоёр дахь нь ингэсэн юм. Өнгөрсөн намар л даа. “Чи ер нь өргөдлөө өг.Чиний талаар маш өндөр түвшинд маш ноцтой асуудал яригдаж байгаа” гэсэн. Миний нүд орой дээрээ гардаг юм байгаа биз дээ. “Юу вэ” гэж асуулаа. “Чи энэ С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна. Чиний талаар ингэж маш ноцтой яригдаж байна” гэдэг юм байна.Би“Энэ чинь одоо юу яриад байнаа. Юун Зоригийн хэрэг. Би 1998 онд оюутан,сургууль төгсч байсан хүүхэд. Намайг захиалагч ч гэх гээд байгаамуу. Ёстой цочдог юм билээ. Сүүлдээ бүр намайг хүртэл ийм ноцтой хэрэгт хамаатуулж, олон хүнд бүлт бүлт үсэрч амалсан амлалтаа бухаж займчих гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Өөрөө л захиалагчийг зарлана гэж том том амалж гарч ирсэн хүн шүү дээ. Тэр нь бүтэлгүй болохоор сүүлдээ буруутан нь би болох ёстой юм уу хаашаа юм.Биөөрөө Эрүүгийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг яаман дээр ахалж байсан хүн. Их хурал дээр юу болж байсныг бүгдийг нь мэднэ шүү дээ. Жил хагасын өмнө юу болж байсныг би мартахгүй. Би шууд хэлсэн. “Уучлаарай, хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Тэгэж ярих юм бол Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан. Байнгын хороон дээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гээд та нар өөрсдөө хэлж байсан. Бүгд протоколтой байгаа. Би тэр үед байнгын хорооны хуралд сууж байхдаа эсэргүүцэж, “Ингэжболохгүй” гэж хэлж л байсан. Микрофонд үг хэлье гэхэд үг хэлүүлээгүй. Одоо тэр байнгын хороо, чуулганы хуралдааны протокол бүгд видео дүрстэй болон цаасан дээр байгаа. Ийм ноцтой асуудлаар намайг буруутгасан учраас үнэхээр тэвчээгүй. Ажил ярьж шүүмжлэх бол байдаг л зүйл. Гэтэл аймшигтай гэмт хэрэгт холбогдуулж бухаж байгаа байхгүй юу. Ийм юмыг би яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Тэгээд ч С.Зориг чинь манай нутгийн хүн. Ардчилсан хувьсгалын эцэг. Миний санаанд багтахгүй байгаа байхгүй юу. Сүүлдээ Их хурлын тамгын газраас би бүх протоколыг олж авсан. Ер нь ингэхгүй бол сүүлдээ тоглоом биш юу ч гэж ярьж бухаж бултаж мэдэх юм байна гээд. Өөрсдийнх нь хэлж ярьж байсан үг бүгдийг нь би протоколоор авсан.
-За ингээд хоёр удаа шахаж. Гурав дахь удаагаа шахалт ирсэн үү?
-Хүүшээ, энэ ер нь нэг л их ажлаа өгөөд гомдсон ялархсан юм шиг яриа болох нь ээ. Би өөрөө улс төрийн албан тушаалтан байсан хүн. Улс төрийн хүн ажил өгөхөд хуулийн ямар нэг үндэслэл шаарддаггүй. Би ч өөрөө олон л ажил хийж байсан, өгч байсан. Ирдэг, явдаг. Улс төрийн шийдвэр гарсан. Хүндэтгэлтэй ажлаа өгөөд л явсан. Төр хүнээр дутдаггүй юм. Нам л харин хүнээр дутдаг. Хийхээр зорьж байсан хуулийн ажлаа ярья гэж бодсон юмсан уг нь.
-Тэгээд намынхаа Бага хурал дээр хэлсэн үгтэй чинь холбоотой ажлаа өглөө гэж мэдээлэл их явсан. Нямдорж сайд бол нам дээр хэлсэн үгтэй нь холбоогүй гэсэн.
-Намын бага хурал дээр хэлсэн үгний дараа нэг дэх өдөр нь сайд “Ажлаа өг, боль” гэсэн.
-Дэлгэрэнгүй ярьж болох уу?
- Чи УИХ,улстөрчдийг шүүмжилдэг хэн бэ гээд л. Ер нь бол мань хүнийхээр бол би дуугүй л байх ёстой хүн байхгүй юу. Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй хууль, зарчимтай холбоотой юм ярихад “Юу яриад байгаа юм. Яах гээд байгаа юм гэдэг”л байсан. Монголд хуулийг нэг л хүн ярьдаг байх ёстой гэдэг зарчимтай. Шударга ёсыг хувьдаа өмчлөөд авчихсан гэмээр ч юм уу. Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ. Хуулиар засагласан шударга ёс л гэж бий. Энэ бол Үндсэн хуульт ёс. Энэ бол ардчилал. Энэ бол эрх зүйт нийгэм.
-Нямдорж сайд “Дэд сайд хүн сайдын бодлогоо дагаад л байж байх ёстой” гэж хэлсэн. Та сайдын бодлогоо дагаагүй юм уу?
-Засгийн газрын болон сайдын баримталж байгаа бодлогыг эсэргүүцсэн удаа байхгүй. Миний хувьд хууль зүйн бодлого, гадаад харилцаагаа хариуцаж байсан. Сүүлийн 2 жилд 15 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй буцалтгүй төсөл хөтөлбөр гаднаас оруулж ирсэн. Үр дүн нь зарим нь гарсан, зарим төсөл нь яг гарын үсэг зурагдан эхэлж байсан. Жишээ нь улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд 15 нэг цэгийн үйлчилгээний болон хохирогчдыг хамгаалах байртай болно. Улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй, бас буцааж төлөх зээл ч биш. Эхнээсээ 5 байр нь ашиглалтанд ноднин намар, өвөл орлоо. Ноднин гэхэд Эрүүгийн багц хуулийн нэмэлт, Хар тамхитай тэмцэх хуулийн шинэчлэл, Шашин, Төрийн бус байгууллага, Төрийн ба орон нутгийн өмчийн багц гээд арав гаруй хуулийн төслийг яамныхаа болон салбарынхаа шилдэг судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Бүгдийг нь боловсруулж сайдынхаа ширээн дээр бэлэн болгож тавьсан. Сайдын ширээнээс цаашаа л явахгүй байгаа болохоос. Өөрөө ч хууль явуулдаггүй, өрөөлийг ч явуулдаггүй. Болж байна ч гэдэггүй, болохгүй байна ч гэдэггүй. Надад дутуу харсан юм бий, бий. Жишээ нь Шашны хууль дээр сайжруулах асуудал их бий. Үндэсний аюулгүйн зөвлөл, судлаачдаас олон чухал санал ирсэн. Бүгдийг нь хүлээж авч тусган сайжруулж байсан. Дутуу бодлоо гэхэд шүүж сайжруулаад урагшлах ёстой болохоос харлуулж гацаагаад гар хумхиад суумааргүй. Шашнаа хар л даа. Юу ч хийхгүй, зохицуулахгүй, шүүмжлэлээс айж суусаар байтал улс орон, хүүхэд залуус чинь эзлэгдлээ шүү дээ. Энэ нь болохгүй байнаа, энийг ингэж хийх ёстой гэсэн чиглэл өгөгдөөд тэрийг нь өөрөөр хийсэн юм уу, эсэргүүцэж ярьж байгаа бол сайдын бодлогыг эсэргүүцсэн гэгдэнэшүү дээ. Тийм юм бол байхгүй. Тэрийгээ би төрийн албанд арван тав, зургаан жил ажилласан хүн мэднэ шүү дээ.
-Дэд сайд мөртлөө улс төр яриад, сошиалд янз янзын юм бичээд байдаг гэж Ц.Нямдорж сайд ярьсан байна лээ. Та үндсэн ажлаа хийхгүй сошиалд их цаг зарцуулаад байсан юм биш үү?
-Сошиалд хаяггүй улстөрч гэж орчин үед байхгүй. Тэр тусмаа манай улс чинь 3.2 сая хүнтэй. Фэйсбүүк хэрэглэгч нь 2,8 сая. Бараг нялхас, хүүхдээсээ бусад нь сошиалд хаягтай, байр сууриа илэрхийлдэг болсон. Хамгийн их мэдээлэл олж авч байгаа талбар сошиал сүлжээ болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Их хурлын гишүүд бүгд л сошиалд байдаг. Тэр тусмаа хуулийн бодлого боловсруулах ажил хариуцаж байгаа хүний хувьд уг асуудлаар байр суурь илэрхийлэх, иргэдийн санал бодлыг авах, сайн мууг мэдэх, тандах, хэлэлцүүлэх бол байх шүү дээ. Зарим буруу бодож байгаа зүйлээ хүмүүсийн санал шүүмжлэлийн үр дүнд мэдэж, бага дээр нь засч ч байсан. Тэр бол ажлаас явуулах үндэслэл биш л дээ.Ц.Нямдорж сайд өөрөө надад “Чиний жиргээ хүнд их сайн хүрэх юмаа. Чи ингээд жиргэчих. Би хараад байж байя” гэж байсан л хүн шүү дээ.
-Өөрөө таныг жиргэчих гэж гуйж байсан гэж үү?
-Тийм, тэгэхээр тэр бол үндэслэл биш. Яг үндэслэл гэж ярих юм бол нэлээд эртнээс эхтэй. Бүр тодруулбал 2016 оны наймдугаар сард томилогдчихоод би ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгөгдсөн. Асуудлын үндсэн шалтгаан тэндээс эхтэй гэж бодож байна.
Хөгжлийн банкны шалгалтаар 1.3 их наядын зөрчил илэрч байлаа
–Яагаад...
-Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн.Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд приус машин авч өгөх хэмжээний мөнгө. Тэгэхээрих мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа.
-Нөгөө нэг овоолсон шороо гэгдээд байгаа баригдаагүй төмөр замын асуудлыг ярьж байна уу?
-Мөнгө нь Хөгжлийн банкнаас гарсан шүү дээ. Асуудал эндээс эхтэй гэж бодож байгаа.
-Ц.Нямдорж гуай таныг ажлаас чөлөөлөхтэй төмөр замын хэрэг яаж холбогдож байгаа юм?
-Шалгалтын явцад нададямар ч албан тушаалтан,хэн ч нөлөөлж байгаагүй. Энийг би хариуцлагатай хэлье. Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм. Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг.Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх. Тэгвэл ярихад ч амар байна. Тухайн үед хаалттай танилцуулах учир шалтгаанууд байсан. Яагаад гэхээр Хөгжлийн банк санхүүгийн хувьд үндсэндээ дампуурсан байсан. Дампуурсан гээд хэлэх гэхээр манай банк санхүүгийн системд бүхэлдээ сөргөөр нөлөөлөх үр дагавартай байсан юм. Одоо тэр үеийн нөхцөл байдал санхүүгийн хувьд арилсан. Хөгжлийн банкны бүх санхүүгийн үзүүлэлт дээшилсэн. Хяналттай болсон. Шинэ хууль гарсан. Шалгаж байхдаа ийм зөрчил дутагдал гарах нөхцлийг бүрдүүлсэн хууль зүйн шалтгаан байгааг тогтоосон. Хуулийг нь боловсронгуй болгохгүй бол дараагийн удаадахиад энэ зөрчил үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс хуулийг нь маш хурдан шинэчилж баталсан. Гол концепц нь зээл олгоход гарч байсан улс төрийн нөлөөллүүдийг бүгдийг нь авч хаясан. Их хурал, Засгийн газар ямар санхүүжилт авахыг нь шийддэг байсныг бүгдийг болиулсан. Тэд зөвхөн стратегийн үйл ажиллагааны чиглэлүүдийг нь заагаад, харин Хөгжлийн банкны удирдлага нь өөрөө зээлээ, эргэн төлөлтөө толгойгоороо хариуцах ёстой болгосон. Хэрвээ буруу ажиллаж,санхүүгийн зээл олгосон бол тэр удирдлага өөрөө толгойгоороо хариуц. Тэрнээс бишулстөрчдийн юм уу Засгийн газрын даалгавар биелүүлээд хэн нэгэн хүн сүүлд буруутан, гэмт хэрэгтэн болж болохгүй. Өөрөө толгойгоороо хариуцдаг, өөрөө эрсдэлээ даадаг тийм хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Тэр үед шалгалтын зөрчил дутагдалд орсон нөлөө бүхий нэг хүн шалгалтын дүнгийн дараа надтай төрийн ордонд таараад хэлж байсан юм. “Чамайг намынхнаар чинь дамжуулж үгүй хийнэ ээ” гэж. Нэг ёсондоо танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна аа гэж хэлсэн. Тэр хэлсэн нь явсаар байгаад бодит болж байна.
-Танай намын хүн биш, тэгээд нөлөө бүхий, төмөр замын хэрэг гээд бодохоорнэг хүнийг таамаглаад байна л даа....Тэр хүний хэлснийг тэгээд танай сайд гүйцэлдүүлсэн болж таарч байна уу?
-Ер нь бол манай нам яг өөрийн толгойтой байна уу, цаанаа өөр эзэнтэй байна уу гэдэг асуудлыг цэгнэх ёстой. Манай намын даргын дарга нь гээд өөр хүн байдаг тухай хэн хүнгүй л хардаж байна. Өмнөх намын удирдлага дээр бас яригддаг байсан шүү дээ. Ц.Элбэгдоржийг манай намын бодлого чиглэлийг зааварлаад байна гэдэг байсан. Тэгэхээр тэр намд нь нөлөөлж хариу авдаг юм биш байгаа гэдэгт үүний үр дүнд итгэлтэй болсон. Энэний цаана хэд хэдэн асуудал бий. Би чинь өөрөө бас дуугүй байж чаддаггүй янзын хүн юм л даа. Улс төрчид ч тэгээд одоо цагт хоёр байтугай хорин нүүртэй болчихсон юм шиг байна. Хууль чинь хоёр нүүртэй ч байж болдоггүй. Нэг нүүртэй байвал над шиг л болдог болсон л доо. Зарим хүнд таалагдахгүй байна гэдэгэнэнээс эхлээд суурьтай. Жишээлбэл Засгийн хуралдээр хоёр асуудал дээр байр сууриа илэрхийлсэн нь их түлхээс болсон гэж боддог.
Занданшатар сайд дуудаад “Энэ компанийн захиралтай эвлэр,
их том даргын ойр хүн” гэсэн
-Тэр нь ямар асуудал вэ?
-Олон юм бий. Шүүх дээр явж байгаа янз бүрийн маргаантай асуудал дээр нэлээд олон удаа би Засгийн газрыг төлөөлж хариуцагчаар оролцсоноо дээр хэлсэн. Найм, есөн хэрэг байгаа. Дийлэнх дээр нь ялж дууссан. Тэрний нэг нь2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадагкомпанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ. Тэр хүн Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Хушны самар чинь зөвхөн Орос, Монголдургадаг нэн ховор ургамал шүү дээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан.
-Дуудаад юу гэж байна?
-Энэ хэрэгтэй холбоотой дуудсан юм билээ. “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг” гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу “Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье” гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд “Эвлэрэх шаардлагагүй” гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээрялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх.
-Аль хүн нь вэ. Том хамаатан нь уу, эсвэл...
-Тэр хүмүүс. Өөрөөр хэлбэл тэр компани 8.5 тэрбумаа төлөхөөр болчихлоо шүү дээ. Засгийн газар ялчихлаа. Тэгэхээр юм бодож үлдэж байнаа даа. Дараа нь бас олон асуудал дээр дуугүй байж чадаагүй, энэ мэтийн зөндөөюм байгаа.
-Нэг ёсондоо дарга нарын хүсэлтийг биелүүлээгүй, хуулийн дагуу ажилласнаасаа болжажлаасаа чөлөөлөгдсөнгэж ойлгож болох уу?
-Суурь нь тэр байхгүй юу. Тэрнээс биш жиргэдэг энэ тэр бол худлаа шүү дээ. Тийм хачин үндэслэл гэж юу байхав.
-Олон шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж орсон, олон юман дээр дуугүй байж чадаагүй гээд байсан. Өөр ямар юм байгаа юм.
- Маш олон янзын маргаан байгаа. Хэд хэдэн шүүх дээр явж байгаа. Хамгийн сүүлд ажлаа өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө 49 хувьтай холбоотой 35 км төмөр замын концессын хэрэг дээр шүүх хуралдЗасгийн газрыг төлөөлж ороод ялсан байсан. Шийдвэрийг нь гардаж аваагүй байсан. Одоо албажаад гараа биз.Нөгөө 49-ийнхний өөрийнхөө орд газар луу тавьсан, цэвэр өөрийн бизнесийн төмөр замаа улсад шахаад, улсаас мөнгийг нь авчихсан хэрэг. Энэ ч бас намайг ажлаас шахахад нөлөөлсөн биз. Сайддаа ч хэлэхгүй шүүх хуралд орсон юм чинь. Аягүй бол хэлбэл “битгий оч гэх биз гээд хэлэхгүй очоод ялсан. Бүлэглэл гэдэг чинь жинхэнээсээ хариугаа авч байгаа байхгүй юу. Одоо хүн болгон л шударга бусын хонгил,бүлэглэл, хуулийн мафи гэж яриад байгаа.Энийг чинь би бүр 2013 онд, 2014 онд ярьж хэлдэг байсан. Н.Алтанхуягийг ч би Авлигатай тэмцэх газар өгч байсан. Ц.Элбэгдоржийг хаан байхад нь Үндсэн хуулийн Цэцэд өгч л байсан. Нэг бус асуудлаар.Надад хүртэл хавтаст хэрэг нээж зөндөө дарамталж л байсан. Тэр байтугай одоо энэ шударга бусын хонгилыг нураая гэж ярьж буй хүний гар хөл надад “Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн шүү. Аятайхан байгаарай. Яавал ч яана шүү” гэж ч дарамталж байсан.
-Нөгөө бүлэглэлийнх үү. Нэг талаас харахаар нэг МАНАН бүлэглэлийг үгүй хийнэ гэж ярьцгааж байгаа ч дараагийн МАНАН бүлэглэл бий болчихсон юм шиг.
-Хамгийн их дарга нарын үүдэнднь сууж албан тушаалын янз бүрийн юм хийж явсан нөхөр одоо тэмцэгч болоод яваад байхаар чинь эргэлзээд байгаа юм. Одоо би жишээ нь дэд сайдаар томилогдогдохдоо намын дарга М.Энхболд гэдэг хүнтэйогт уулзаж үзээгүй.
-Ер нь харж байсан биз дээ.
-Мэдэлгүй яахав дээ. Томилогдохдоо намайг томиллоо энэ тэр гэж лав надтай огт уулзаагүй.
-Ингэхэд таны нэрийг хэн оруулсан юм?
-Би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргасан дэд сайд нарыг чинь нууц санал хураалтаар өрсөлдөөнөөр томилсон шүү дээ. Өрсөлдөх хүмүүс хүсэлтээ гаргаад. Дэд сайдууддаа айхтар шалгуур тавьсан. Доод тал нь хоёр хүн өрсөлдөнө. Өрсөлдөөд ялагдвал хоёр жилийн хугацаанд албан тушаалд очихгүй өөрсдөө пянгаа даана гэж ам өчгийг ньавч, өөрөөр хэлбэл эрсдлээ өөрөө даагаарай гэсэн үг. Тоглоом биш байгаа биз дээ. Тэгээд өрсөлдөөд Булгантуяа сайд бид хоёр хамгийн өндөр санал авч дэд сайд болж байлаа.
-Таныг Бага хурал дээр үг хэлсний дараа ажлаас чинь чөлөөлөх шийдвэрээ салбарын сайд тань Засгийн хуралд оруулсан байна лээ. Тэгэхээр Бага хурал дээр хэлсэн үг нөлөөлсөн гэж бодож байна уу?
-Тэр болтохиромжтой шалтаг болж өгсөн. Их хурлын даргыг чөлөөлөх огцруулах асуудлыг намын бага хурлаас шийдвэр гаргана гэдэг дээрби асуудлыг хуулийн хүрээнд яриачээ гэж Бага хурлаас ч өмнө хэлж байсан. Үндсэн хуулиас давсан байдлаар хуулиар зохицуулагдсан асуудлыг намаас тогтоол гаргавал Үндсэн хууль зөрчсөн гэдгээр улс төрийн нам татан буугдах улс төр болон хуулийн үр дагавартай байдаг юмаа. Энэ үр дагавраа бодож Үндсэн хуулийнхаа хүрээнд зодооноо хийгээч” гэдэг байр сууриа л Бага хурал дээрилэрхийлсэн хэрэг.
-Та Их хурлын даргыг огцруулах дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Ер нь бол их хурлын гишүүдийн талаас илүү хувь өөртэй нь хамтарч ажиллахгүй гэдэг асуудал тавьчихсан үед улс төрийн шийдвэрээ өөрөө гаргах ёстой.
-Хуулийн хүрээндээ л шийднэ. Ингэж шахалтаар огцорч болохгүй гэж тайлбарлаад байсан шүү дээ....
-Өөрөө гүрийж байгаа үед хүчээр өрөөнөөс нь чирч гаргавал төрийн эрхийг хууль бусаар булааж авсан хэрэг болно шүү дээ. Хууль зүйн хувьд тийм ойлголт болно. Ерөнхийлөгч оролцоод асуудлыг хуулийн хүрээнд шийдэх гарц шийдэл олоод энэ өдрүүдэд хэлэлцэж байна л даа.
Дараагийн засгийн газар,парламент дахиад Эрдэнэт,
Хөгжлийн банк мэтийг яриад сууж болохгүй юм шүү
-Аль нэг фракцад хамаардаггүй гэж өмнө хэлсэн байсан. Одоо яг хоёр хуваагдаад байгаа талын аль талд нь байна. Хэнийх нь зөв юм бэ?
-Бага хурал дээр би хэлсэн. “Та хоёроос болж нам тарах ёстой юм уу” гэж.
-Та хоёр гэж?
-М.Энхболд, У.Хүрэлсхүх хоёр. Зуун жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын хана хэрэм болж ирсэн нам тарах ёстой юм уу. Улс төрийн нам, улс эх орны хажууд энэ хоёр чинь зүгээр л хувь хүмүүс. Хоёр хүнээр дутахгүй. Улс орон цаашаа явах ёстой шүү дээ. Тийм л зарчмын шаардлага тавьсан.
-Та одоо аль нэг фракцад хамаардаггүй хэвээрээ л байгаа юу?
-Ер нь тэрнээс түдгэлздэг. Манай яамнаас боловсруулж байгаа Төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд улс төрийн нам дэргэдээ төрийн бус байгууллагатай байхыг хориглосон заалтявж байгаа.Зуу гаруй жилийн өмнө социалист большевик нам байгуулагдахад эмэгтэйчүүд, залуучууд, ахмад гэдэг ийм бүтэцтэй байсан. Хүүхдүүдийг бага байхад нь баатарчууд, тэгээд пионер болгодог, эвлэлд оруулдаг төвлөрсөн нэг намтай тогтолцооны ийм бүтэц одоо болтол явж байгаа. Тэгэхээр энэ бүтэц бол цааш явахгүй гэдгийг намууд ойлгох ёстой. Хэн тухайн үед дарга цэрэг болох нь хамаагүй. Нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахгүй болчихсон байхгүй юу. Орчин үеийн нийгэм маш олон өнгөтэй, маш олон давхаргатай, сонирхлын бүлгүүдтэй, мэргэшилтэй болчихсон. Үүнийг ахмад, залуу, эмэгтэй гэсэн гуравхан бүлэгт хайрцаглаж, тэгээд дуу хоолойг нь сонсч,бодлогыг нь илэрхийлэх гэдэг өөрөө намуудад боломжгүй. Би хэзээ ч ийм бүтцэд орж байгаагүй.Хайрцаглагддаг байхгүй юу. Чи зөвхөн энүүгээр дамжиж байж цааш явна. Энүүгээр дамжиж байж, улс төрд яв гэж шаардах нь таалагддаггүй учраас би ордоггүй байсан. Үүнтэйадил маш олон залуучууд, сэхээтнүүд, янз бүрийн хүмүүсийг зөвхөн энэ байгууллагаар дамжиж улс төр хийх ёстой гэж байгаа чинь өөрөө нам дотор бүлэглэл фракцыг үүсгээд байгаа юм. Бие биенээ нухчих, талцуулах юмаа намд халдварлуулдаг. Тэнд бүлэглэж, фракцалж байсан хүмүүс яг тэр схемээрээ талцлыг намд авчраад, төрд авчраад хуваагаад сууж байна. Тэр суурь нь өнөөх л намын дэргэдэх төрийн бус байгууллагад байгаа юм. Тиймээс нам өөрөө нийгмийн сонирхлын бүлэг, мэргэшил, онцлогуудын клубын зарчимд суурилж цааш явахаас өөр аргагүй.
-“Гацуурт” компаниас мэдэгдэл гаргасан байна лээ. Тэр мэдэгдэлд таныг нэр дурдаад компанийнх нь эсрэг гүтгэлэг цахим орчинд тарааж, энийг нь хууль хяналтын байгууллага тогтоож, хариуцлага тооцсон гэсэн байна лээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Мэдэхгүй. Тийм мэдэгдэл байна лээ. Би гүтгээд, тэрийгхууль хяналтын байгууллага тогтоогоод,намайг шийтгэсэн юм шиг бичсэн байна лээ. Би гайхаад л өнгөрсөн. Тийм юм болоогүй.
-www.burtgel.mn-тэй холбоотой юм болов уу. Олон компанийн мэдээлэл нээлттэй болсон шүү дээ?
-Мэдээж тийм л биз. Өөрийнх нь маш олон байгуулсан компаниудыг нь ил болгосон.
-Тэгэж нээлттэй болох хуулийг өөрийг чинь хийсэн гэж дургүйцсэн юмуу?
-Мэдэхгүй юм даа. Тэрийг нээлттэй болгосонд дуртайгаасаа дургүй хүн нь энэ эздүүд дотор олон байх.
-Олон хүний бизнесийн нууцыг задалсан гэж үү?
-Бизнесийн нууц биш шүү дээ. Компанийн үүсгэн байгуулагч юмуу гүйцэтгэх захирал хэн байна гэдэг яагаад нууц байх ёстой юм. Бүртгэлийн хуучин хуулиар бүгдийг нь маш нууц гээд хуульчилсан байсан.Бүртгэлийн шинэ хууль амархан батлагдчихаагүй. 2016 онд багц хууль өргөн баригдсан. Гол концепцууд нь бүгдийг нууцлаад байх шаардлага алга байнаа. Нууц гэдэг халхавчаар гэмт хэрэг үйлдээд байна. Нууц гэдгийн цаана булхайгаа хийгээд байна. Олон дахин иргэний үнэмлэх хэвлэж хүмүүсийг санал өгүүлдэг явдал яагаад байсан юм. Нууц гэдэг халхавчин дор л болдог байсан. Бүртгэлийн ажилтан яагаад авлига аваад байсан юм. Эд хөрөнгийн барьцааны мэдээтэй холбоотойгоор тухайн банкинд юм уу, барьцаалагдсан байрандүл хөдлөхийн ажилтан “барьцаагүй байна” гэж лавлагаа өгөөд дахин өөр банкинд барьцаалах ийм үйлдлүүд гарч байсан. Энэний цаана авлига байна. Энэний цаана бүртгэлийн үнэн зөв байдал алдагдаж байна. Энэний цаана банк санхүүгийн байгууллагыг эрсдэлд оруулж байна. Олон янзын гэмт хэргүүд явж байна. Залилан хийж байна. Бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдээд иргэдийг залилаад байна. Энийг ил болгочихоор энэ олон гэмт хэрэг алга болж байгаа юм. Хүний нэр усыг өөрчлөх, нэг хүн дээр хоёр гурван үнэмлэх гаргах, он сарыг нь өөрчлөх, гэрийнх нь хаяг дээр өөрөө ч мэдээгүй байхад олон хүн бүртгэдэг гээд хаалттай байдлын цаана байсан асуудлууд байхгүй болж байгаа. Тиймээс маш олон талын ач холбогдолтой. Бүртгэлийн шинэчлэл ганц улсын бүртгэлийн байгууллагад хамаатай зүйл биш. Энэ өөрөө гинжин урвал шиг бүх төрийн байгууллагын явуулж байгаа үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход шууд нөлөөлж байгаа реформ. Яагаад гэхээр бүх мэдээллийн суурь нь бүртгэлийн мэдээлэл байдаг.
-Одоо та юу хийх вэ, хуулийн төсөл, судалгаа гэх мэт дээр ажиллах уу?
- Нэг хэсэгтээ, гэр бүлдээ цаг заваа зарцуулна. Мэдээж зүгээр суухгүй. Бодож хийж байсан хуулийн шинэчлэлд дуу хоолойгоо гамгүй зарна. Тухайлбал, газрын шинэчлэл. Төрийн өмчийн шинэчлэл. Санаснаар болдог бол газар ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг нэгтгэх байсан юм. Газар ба орон сууцыг салшгүй хөрөнгө гэх агуулгаар нь бүртгэж баталгаажуулаагүйн гор нь ямар их гээч. Утаа гамшиг болж үндэстнээрээ мөхөж байна. Шийдэл нь орон сууцжуулах. Гэтэл гэр хорооллын газраа дахин төлөвлөлтөнд оруулъя гэхэд л бүртгэл нь тусдаа. 15 жилийн өмнө алба хашиж байхдаа үүнийг хийх гээд зорьж байсан ч тэр үеийн сайд дарга нарын тус тусдаа агентлагийн дарга байх гэсэн хувийн амбицаар газар ба орон сууцны бүртгэл салсан. Нобелийн шагналт Эрнандо де Сато Монголд тэр үед ирэхдээ ганц юм хэлж байсан. Танай Улаанбаатар хотын гэр хорооллын газар гэдэг чинь Оюутолгойгоос дутахгүй баялаг. Та нар энийгээ эргэлтэнд оруулж, энэ хүмүүсээ хөрөнгөтэй болгож, орон сууцтай болгож хөгжүүлье гэж байгаа бол бүртгэлийнхээ үнэн зөв, нэгдмэл байдлыг ханга,бүртгэлийн системээ төгөлдөржүүлгэж. Тиймээс арван таван жилийн өмнө зориод чадаагүй ажлаа Хуулийн дэд сайд гээд боломж гарахаар улайрч зүтгэсэн л байхгүй юу. Дахиад арван таван жилийн дараа ингээд яриад сууж байлтай биш.Тийм учраас л амбицтай дайрсан. Хагас хугас хийсэн. Одоо Газрын багц хууль шинэчлэгдэх ёстой. Хамт газар, газрын хэвлий, ой мод, ус, ашигт малтмал, төрийн өмчийн компанийн засаглал, түүний хувьцааны засаглал гээд Үндсэн хуулиар нийт ард түмний мэдэлд байгаа бөгөөд одоо эрх мэдэлтэй хэсэг нь хувийн өмч мэт хулгай хийдэг болсон өмчийн асуудлаа сууриар нь, ингэхдээ цогцоор нь хамт шийдэх ёстой.
-Чухал хэрэгцээтэй өөр ямар хуулиуд дээр та ажиллав?
-2016 онд засаг бүрэлдээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогын цөм нь бизнес, өмчийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэж Хууль зүйн яам дүгнэсэн.Сүүлийн 28 жил хувийн хэвшилтэйгээ хамгийн их ач тач өрсөлдсөн, хамгийн их саад тээг бологч нь төр өөрөө болчихсон байсан. Хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг нь дан ганц татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал биш.1996 онд Төрийн болон Орон нутгийн өмчийнхууль гарч байх үед хувийн өмч угтаа байгаагүй. Төрийн өмчийг хувьчлах л үзэл санаатай хууль болсон. Тэр хувьчлах хуулиар хорин хэдэн жил явчихлаа. Одоо төрийн өмчит 110 гаруй компани байна. Эрдэнэт, Эрдэнэс таван толгой, Хөгжлийн банк, Төрийн банк, эмнэлэг сургуулиас эхлээд бүгд төрийн мэдлийнх. Газар, уул уурхай, газар тариалан, бэлчээр, тусгай хамгаалалтай газар, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчит компани, сангууд бүгд төрийнх.Улс төрчдийн хамгийн их хэлэх дуртай үгээр бол нийт ард түмний өмч.
-Одоо л төр нь ард түмнийхээ талд орж ашигт малтмалын орд газруудаа буцааж хурааж авч байна гээд байгаа биз дээ?
- Гэтэл хачир дээрээ хэн эрх мэдэлтэй байна төрийн өмч яг түүний л хувийн өмч шиг байсаар ирлээ. Гор нь хэдэн тэрбум, их наядаар илэрч байгаа авлига, хэт баяжиж ядуурсан иргэдтэй улс эх орон минь. Төв суурин газрууд гэхэд төрийн мэдлийн эмнэлэг, сургуулиудын орчны газрууд байхгүй болоод, үйлдвэр аж ахуйн газрууд гэхэд Эрдэнэтийн 49 дээр юу болов, 51 дээр юу болов. Хөгжлийн банк яав. Туул голын ойр орчим яав. Бүгд төрийн өмч нэртэй хэний ч биш, хэн нэг даргын хувийн өмч мэт үрэн таран болов. Эзэнгүй, хуулийн зохицуулалт байхгүй. Хэдэн их наядаар хэмжигдэж байгаа хамгийн том авлига тэнд л байсан. Тиймээс энийг зүгээр яриад, улс төрждөг сэдэв болгоод орхих биш сууриар нь хууль эрх зүйн хувьд нь шийдэх ёстой байсан. Дараагийн Засгийн газар, дараагийн парламентад дахиад нэг Эрдэнэт яриад, дахиад нэг Хөгжлийн банк яриад сууж байх ёсгүй юм шүү гэдэг утга санаагаар асуудлаа хуулиар шийдэх ёстой гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд яг энд хууль эрх зүйн үйлчлэл дутаад байгаагаас үүдэлтэй гэмт хэрэг, хэрэг маргаан хамгийн их яригдлаа.
-Хуулиас болоод байна уу, хүнээсээ болоод байна уу?
-Гол мөрнийг бохирдуулж алт ухаж байна, хараа хяналтгүй зөвшөөрөлгүй уул уурхай ашиглаж байна, бэлчээрийн даац хэтэрлээ, малчид ба тариаланчид газраа булаалдаж байна, Туул голын эрэг дээр төрийн тусгай хамгаалалттай газар дураараа байшин барилга барьж байна. Бүр Их тэнгэрийн хашаан дотор гэхэд л байшин барилаа гээд.Тэгэхэд тэр Их тэнгэрийн газар улсын бүртгэлд хэмжээ заагтайгаа гэрчилгээгүй байх жишээтэй. Тэгэхээр чинь хулгай нүүрлэхгүй яахын бэ. Хөдөө аж ахуйн сургуулийг Хөдөө аж ахуйн яам нь авна гээд л. Анагаахыг Эрүүл мэндийн яам авна гээд л. Эрчим хүчний сайд нь эрчим хүчний компаниудаа, Уул уурхайн сайд нь том үйлдвэрүүдээ өөрийнхөө харьяанд авна гээд. Энэ бүх асуудлын ужиг ба шийдэл нь Төрийн өмчийн багц хуулийн шинэчлэлээр л шийдэгдэнэ. Жишээ нь Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан гэх асуудал ярихад л төрийн өмчит үйлдвэрийн газрын хувь хувьцаа, эсхүл тэнд буй барилга, эсхүл машин төхөөрөмжийг хэн барьцаалах шийдвэрийг гаргах ёстой юм бэ гэхэд л хуулийн нарийн зохицуулалт, хариуцах эзэнгүй. Хэн ч хариуцахгүй ийм ойлгомжгүй сиймхийгээр хулгай гараад, энэ сиймхийгээр хариуцлага хүлээх эзэн байдаггүй эрх зүйн орчинтой тэгээд үргэлжлээд л байх уу. 1996 онд Төрийн өмчийн хууль гарч байхад хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголттой хүн ч хомс байлаа. Гэтэл цаг үе нь өөр болчихоод байхад хувьцааны удирдлагын талаар үг үсэггүй Төрийн өмчийн хуультайгаа л сууж байдаг. Цэвэр хувийн хэвшлээс арай өөр, нийгмийн хариуцлага, хувьцааны засаглал нь ялгамжтай төрийн санхүүгийн удирдлага, хяналтын хууль үгүйлэгдэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн сан гэж юу болж байна. Гэтэл энэ сан энэхүү Төрийн өмчийн удирдлагын хуулиар зохицуулах ёстой нэг л жижиг салбар. Хуулиар хариуцлагын засаглалаа тогтоохгүй бол 20 жилийн дараа өнөө л бие бие рүүгээ хариуцлагаа чихсэн, шунал тачаал нь хөдлөхөөр юу руу ч хамаагүй гүйж орж иддэг энэ тогтолцоо хэвээрээ л байх болно. Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулъя, том төслүүдээ хөдөлгөе л гээд байгаа. Уул уурхайн сайд,Хэрэг эрхлэхийн сайд хоёр, эсвэл Төрийн өмчийн хорооны дарга,Уул уурхайн сайд хоёр Таван толгойн ТУЗдээр хэн нь илүү өөрийнхөө төлөөллийг оролцуулах тухай маргаад сууж байгаа ийм тодорхой биш эрх зүйн орчинтой улсад ямар юмны гаднаас хөрөнгө оруулалт орох юм бэ.
-Энэ тэгээд одоо хүртэл хуулийн зохицуулалтгүй байж ирсэн юм уу?
-Сүүлийн 20 жилд сая л Бүртгэлийн шинэ хуулиар сая дээр хэлсэн төрийн өмчүүдээ улсын бүртгэлд бүртгэе гэж шийдлээ шүү дээ.Та бод лдоо. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, газрындоорхи баялаг ард түмний өмч. Гэтэл Өмнөговь аймагт Жижиг таван толгой компанийн 51 хувийгтухайн аймгийн ИТХ өмчлөөд сууж байх жишээний. Үндсэн хуулиар газрын доорхи баялаг нийт ард түмний мэдэлд байна гэж заачихаад байхад нэг аймгийн ИТХгазрын хэвлийг эзэмшээд сууж болох уу. Энэ мэт Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөн асуудлыг цогцоор нь хуулийн зөв байр сууринд тавих шаардлага байна. Аль нэг орон нутгийн засаг захиргаа нийт ард түмний мэдлийн юмыг мэдээд,шийдээд суух нь улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд ч нөлөөлдөг. Дэлхийн түүхийг, бусад улс орны туршлагыг харах хэрэгтэй. Хаана хөрөнгө баялаг байна, тэр муж юмуу тэр аймаг салан тусгаарлах бодлого явуулдаг. Тэртэй тэргүй манай аймаг, манай муж та нартай та наргүй бүр илүү сайхан амьдарна гэж явдаг. Худалдагдах магадлал илүү болдог.ИспанийнКаталонийг хар. Улсынх нь эдийн засгийг гол авч яваа муж нь Испаниас салан тусгаарлах тухай яриад эхэлж байна. Тэгэхээр төрийн өмчтэй холбоотой асуудал нь ганцхан хөрөнгө мөнгө яриад байгаа хэрэг биш. Улс орны бүрэн бүтэн байдал, нутгийн өөрөө удирдах ёс, баялгийн тэгш хувиаарилалт, авлигагүй ил тод хяналттай нийгэм, шударга хуулийн засаглал гээд олон цогц асуудлыг хөндөж байгаа юм. Хөндөх шаардлага бий болсон үй түмэн жишээ байна. Жишээ нь Хэрлэн голыг урсацыг говь руу татах Засгийн газрын шийдвэрийн төсөл манай яаманд орж ирж байсан. “Энэ Үндсэн хууль зөрчиж байнаа. Гол мөрний урсац өөрчлөх асуудал бол Үндсэн хууль ёсоор төрийн өмч бөгөөд УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарнаа” гэдэг хууль зүйн дүгнэлт гаргаад буцааж л байлаа.Төрийн болон орон нутгийн өмчийн реформтой хамт Төрийн өмчийн ерөнхий хууль, Төрийн өмчийн компанийн засаглалын хууль, Орон нутгийн өмчийн хууль гээд гурван хуулийн төсөл, иж бүрэн судалгаа, үзэл баримтлал танилцуулгатай нь хамт бэлтгээд үлдээсэн. Манай багийн хоёр жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн. Энэ бол аль нам эрх барьж байгаа, аль нам хэд хуваагдсан, хэн сайд дарга байхаас үл хамаарч шийдэх ёстой шинэчлэл шүү.