Боловсролын салбарыг “малын ферм” болгохоо болино уу, Боловсролын сайд аа!
Оюутан сурагчдыг ургац хураалтад дайчлахаас аргагүйд хүрсэн бол, аж ахуйн нэгжүүд нь тохирсон цалин урамшууллыг гаргаж өгөх бололцоогүй байгаа бол ядаж оюутны цалинг сургалтын кредитын төлбөрт тооцоод яам хоорондоо тооцоо үүсгэж болно шүү дээ.
Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас оюутан сурагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар шийдвэрлэсэн тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ. Ингэхдээ оюутан сурагчдыг ургац хураалтад ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцохоор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай тохиролцсон байна. (Энэ намрын ургац хураалтад оролцуулах шаардлагатай оюутны тоо 10-15 мянга) Эргээд нөгөө соц нийгэм рүүгээ ухарлаа л даа.
Ер нь бол оюутан сурагчдын амралт, чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх, цагийн ажил хийх боломжийг нь төрийн болон бизнесийн байгууллагууд бүх талаар дэмжих ёстой. Түүнд нь тохирсон ажлын хөлс, цагийн үнэлгээг нь гаргаж өгөх үүрэгтэй. Харин төрийн байгууллага, яам, тамгууд нь дур мэдсэн дайчилгаагаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Манай Үндсэн хуулиин 16-р зүйлд юу гэж заасан билээ? Монгол Улсын иргэн сайн дураараа хөдөлмөр эрхлэх, түүндээ тохирсон цалин хөлс, шан харамж авах эрхтэй... гэж байгаа. Түүнээс биш боловсролын байгууллагуудын хоцрогдол, завхралын золиос болгож, хүчээр хөдөлмөр эрхлүүлж болохгүй.
Өнгөрөгч намар өдийд Засгийн газар мөн л оюутан, цэргийн алба хаагчдыг ургац хураалтад дайчлах шийдвэр гаргаж, өдрийн 50 мянган төгрөгийн цалин амлаж байсан. Энэ бол манайд барилгын хар ажил хийхэд өгдөг өдрийн хөлс. Нэг ёсондоо зах зээлийн дагуу цалин гэсэн үг. Харин энэ жил яагаад ажлын хөлс нь хичээлийн кредитээр тооцогдохоор болсныг тайлбарлах аргагүй юм. Нэг бол аж ахуйн нэгжүүд нь энэ дайны цалин өгөхөөс татгалзсан, үгүй бол ийм хэмжээний цалингаар ажиллах хүн хүч олдоогүй байх. Ийм л хоёр гаргалгаа байна.
Гэвч хичээлийн кредит гэдэг бол тухайн оюутны суралцах хугацаандаа эзэмших ёстой мэдлэгийн хэмжүүр. Үүнийг хөлсний ажлаар орлуулан тооцох боломжгүй зүйл. Тийм байтал Боловсролын сайд нь Мал аж ахуйн сайдтайгаа ийм гэрээ байгуулаад, сургууль, оюутан хоёрын өмнөөс шийдвэр гаргаад явж байна гэдэг бол салбараараа “мал аж ахуйн ферм” болсноос өөрцгүй зүйл.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлчилсэн хөл хорионоос болж зөвхөн их дээд сургууль гэлтгүй боловсролын салбар бүхэлдээ уналтад орсон, оюутан сурагчдын сурлагын чанар муудсан, хичээлийн хоцрогдол бий болсон нь бол бодитой зүйл. Гэвч үүнийг сургалтын сайн хөтөлбөрөөр нөхнө үү болохоос хөлсний ажлаар орлуулж болохгүй. Товчхондоо гэвэл сургалтын чанарыг дээш нь гаргах нь Боловсролын сайдын, ургацаа бүтэн авах нь Хөдөө аж ахуйн сайдын үүрэг. Энэ хоёр чиг үүрэг тус тусдаа зүйл. Энэ хоёр чиг үүрэг нэг цэгт огцлолцож болох ганц зүйл нь чөлөөт хөдөлмөр, цалин хөлсний шударга тогтолцоо.
Хэрэвзээ үнэхээр л оюутан сурагчдыг ургац хураалтад дайчлахаас аргагүйд хүрсэн бол, аж ахуйн нэгжүүд нь тохирсон цалин урамшууллыг гаргаж өгөх бололцоогүй байгаа бол ядаж оюутны цалинг сургалтын кредитын төлбөрт тооцоод яам хоорондоо тооцоо үүсгэж болно шүү дээ. Ургац хураалт дуусч, аж ахуйн нэгжүүд ашгаа хийж эхэлсний дараа төлбөрийг шилжүүлэх замаар. Их дээд сургуулиуд, сургуулиудын дэргэдэх оюутны холбоод үүн дээр санаачлага гаргаад, оюутнуудыг намрын ажилд хүчээр биш, сайн дураар татан оролцуулах, зохион байгуулах бүрэн боломж бий. Үүнийг бүр хавар хичээл тарах үеэс нь эхлээд зохион байгуулчих ёстой зүйл.
Гэтэл жилийн жилд л үүсдэг (ямар энэ жил анх удаагаа ургац авч байгаа биш!!!) энэ мэт асуудлаа яагаад цагийг нь тулгаж, тэгэхдээ бүр хамгийн бүдүүлэг, харанхуй аргаар шийдэх гэж оролддог юм бэ? Боловсролын салбар ямар малын ферм юм уу?
Зочин
Зочин
mgl
ХАХА
Зочин
baabar
Бат инженер