Намайг гэр хорооллын Бат-Үүл гэдэг!
Монгол улс хөгжье гэвэл гэр хорооллыхондоо газар эзэд хэмээн хүндэтгэн хандаж, хөрөнгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах далайцтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Уул уурхайгаас олж байгаа таварын орлогын эх үүсвэрийг тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт манай гэр хорооллынхон Улсаа босгоод ирнэ ээ!
Би заримдаа; Будда, Сократ хэмээх хоёр сартваахийг “хэн” энэ орчлон ертөнц рүү “шидсэн” юм болоо хэмээн гайхширдаг. Ямар ч атугай, эволюци хэмээх чанга шалгууртай бүтээгчийн дор хүмүүний оршин тогтнох арга зам нь мораль юм шүү гэж айлдсаныг нь машид их биширдэг юм. Тэдний ачаар хүмүүний ухамсарт моралийн тухай модуль бий болжээ!
Манай хоёр сартваахь, моралийг үнэнтэй холбох тал дээр харин санал зөрөлдсөн. Будда, моральтай хүн үнэнийг мэднэ хэмээсэн. Сократ эсрэгээр, үнэнийг мэдсэн хүн моральтай байна гэчихсэн ажгуу.
Гэхдээ хоёул, үнэн бол эволюцийн шалгуурыг давах хүмүүний хүч болно гэдэгт санал нэг байсан бөлгөө. Үнэний хүчийг Фрэнсис Бэкон “мэдлэг бол хүч” хэмээн илэрхийлсэн дээ.
Би, мэдлэгийн салбарын ойлголтуудыг цаг хугацааны тухайд хойноос нь урагш хөөн хэрэглэж байгааг уншигчид анзаарах биз!
Будда, Сократ хоёр ойролцоогоор 2500 орчим жилийн өмнө, нэг үед амьдарч байсан. Будда тэнгэрт хальснаас хойш 10 жилийн дараа Сократ мэндэлжээ.
Тэгэхээр, тэднийг амьдарч байх үед эволюци, ген, модуль хэмээх ойлголтууд мэдээж байгаагүй. Би бээр, 2500 жилийн дараа болж буй; эволюци, ген, ухамсар, модуль, оюун ухаан, үнэн, мораль зэрэг ойлголтуудыг холбосон когнитив (танин мэдэхүйн) хувьсгалын үзэл санаанд тулгуурлан, урагшаа Будда, Сократ нарын үзэл санааг томъёолж буй минь л энэ.
Монгол шарын шашинтай улс орон. Тийм болохоор Буддын үзэл санаа нэвтэрхий орон байх ёстой. Моральтай байж үнэнд хүрнэ гэдэг итгэл үнэмшилтэй ард түмэн байх учиртай.
Харамсалтай нь манайд буддизм мухар сүсгийн түвшинд тогтож гацсан байдалтай байдаг. Аливаа мухар сүсэг үзэл санааг харанхуй дор үлдээдэг. Үзэл санаа бол оюун ухааны гэрэлд л өөрийнхөө мөн чанарыг харуулдаг шүү дээ!
Монголд буддын үзэл санаа гэрэлтэж чадаагүйн нэг тод илрэл нь гэр хорооллын асуудал болно.
Шинжлэх ухааны гэрэлд харах юм бол манай гэр хороолол; эдийн засаг, улс төр, ёс зүйн аль ч утгаараа, Монгол улсыг хөгжил дэвшилд хүргэх гол хүч юм. Энэ үнэнийг нотлон сэхээрүүлсэн, Сотогийн “Капиталын нууц”, Милтон Фридманы “Хувь заяагаа сонгох эрх чөлөө” зэргээс авхуулаад олон шинжлэх ухаанч судалгааны бүтээлүүд бий. Гай болоход, Монголын нийгэм моралийн уналтад ороод үнэнийг мэдэх сөхөөгүй болжухуй.
Гэр хорооллынхноос бусад нь гэр хорооллынхныг ихэд дорд үздэг. Гэр хороололд өсөж өндийгөөд орон сууцанд амьдрах түвшинд очсон хүмүүс ч хүртэл өнгөрснөө мартаж ихэрхүү хандах нь бүр гайхалтай. Дөчин мянгатын би тэгэж байгаа бол бас яая гэхсэн!?
Моралийн уналтын охь манлай болоод буй улстөрчид гэр хорооллынхноор тоглохыг үзүүлж өгнө. Сонгууль болохоор хайр зарлана. Аз жаргалтай амьдруулах тухай ам тангараг өргөнө. Тэгээд саналыг нь худалдаж авна.
Сонгууль дуусмагц сонгогчдодоо зулгуйдсан дүр төрх нь ор мөргүй арилан, мөнөөх ихэрхүү, дээрэнгүй дарга царайгаа үзүүлээд өгнө дөө.
Ер нь дарга нар гэр хорооллынхонтой биеэ үнэлэгчтэй харьцаж байгаа мэтээс илүүгээр хандах гэж үгүй. Улсыг хөгжүүлэх гэр хорооллын увдисыг оюун ухааны гэрэлд харах гэж өчүүхэн ч атугай хичээхгүй шүү! Манай удстөрчдийн мораль нь муудах тусам боловсрол нь муудаад байгаа!
Эдийн засагч, судлаач, доктор, професор гэх мэт элдэв гуншингаар өөрийгөө чимэх дуртай сэхээтэнгүүд, баадаг жорлонг нь сайжруулах мэтэхнээс дээгүүр боломж гэр хороололд байдагт анхааралаа чиглүүлэх гэж үгүй. Хөгжил дэвшлийн янз бүрийн төсөл, фантааз дэвшүүлэхдээ гаргуун тэд, гэр хорооллынхныг, буяны өглөг сарвайсан хөөрхийс хэмээн харахаас илүү дээр үзэхгүй шүү!
За, манай бизнесмэнүүд хөөрхий, увайгүй улстөрчдийг санхүүжүүлж эргэж тэдэндээ рэкетлүүлэхээс илүүг бодож чадахаа байсан. Айн Рэндийн Жон Галт шиг зоригтой, сэтгэлгээтэй, моральтай бизнесмэн бараг байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг этгээдүүд нь хүртэл гэр хорооллын хашааны газарт “булаатай” капиталын нууцыг олж харах гэж үгүй шүү! Гэр хороолол Оюун Толгойгоос дутахгүй баялаг гэвэл ухаж ойлгохгүй ээ!
Ардчиллынхан, гэр хороолол ардчиллыг аврана гэдгийг ойлгохгүй байна. Ардчиллыг барьж байдаг гол тулгуур нь дундаж давхрага гэдгийг ардчиллын унаж боссон түүх хангалттай нотолсон. Дундаж давхрага л хумигдвал нийгмийн ялгаатай байдлын туйлшрал замаа алдаж, үүн дээр тоглосон фашист, марксист популизмууд газар аван ардчиллыг устгадаг билээ.
Гэр хорооллынхон бол хашааны газар гэдэг актив нь үнэгүйдээд эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа дундаж ангийхан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт явуулах замаар гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнэтэй болгон эдийн засгийн эргэлтэнд оруулбал маш хүчирхэг, цар хүрээтэй дундаж анги бий болж ардчилал аврагдах юм.
Гэтэл, манай ардчиллынхан, ардын намынхан аятай хуучинсаг сэтгэлгээнд автан ихэрхэж, гэр хорооллыг сайжруулсан түлш, жорлонгийн асуудал төдий хараад байна шүү дээ! Ардын нам, гэр хорооллыг аль социализмын үеэсээ л хувийн өмчтөн хэмээн ад үзэж байсныг “Аман хуур” фильмээс харж болно доо!
Тийм ээ! Манай нийгэм моралийн уналтанд буй. Моралийн уналтаасаа болоод бүгдээрээ, гэр хорооллоос гарвалтай атлаа гэр хорооллоо дорд үзэж байна. Гэр хорооллоо дорд үзсэнээс болоод Монголыг хөгжил дэвшилд хүргэх гэр хорооллын увдисыг харахгүй байгаа юм. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар урт хугацааны эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэдэг үнэнийг олж харахгүй байгаа юм. Дундаж ангийн цар хүрээ тэлж ардчилал аврагдана гэдэг үнэнийг олж харахгүй байгаа юм. Моральгүй ахул үнэнд хүрч гэгээрэхгүй хэмээсэн Буддын айлдвар гайхалтай үнэн ажээ!
Монгол улс хөгжье гэвэл гэр хорооллыхондоо газар эзэд хэмээн хүндэтгэн хандаж, хөрөнгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах далайцтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Уул уурхайгаас олж байгаа таварын орлогын эх үүсвэрийг тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт манай гэр хорооллынхон Улсаа босгоод ирнэ ээ!
Бид бүгд угаасаа л гэр хорооллоос гарвалтай. Нэг нэгэндээ ихэрхэж тэнэгдээд байх шаардлаггүй. Намайг төрөхөд манай аав, ээж хоёр гэр хороололд л амьдарч байсан. Тэгэхээр, би бол гэр хорооллын Бат-Үүл авай!
Жич: Сократ, оюун ухаан үнэнийг гэрэлтүүлнэ, үнэн моралийг гэрэлтүүлнэ гэсэн. Харин Будда, мораль оюун ухааныг гэрэлтүүлнэ, оюун ухаан үнэнийг гэрэлтүүлнэ гэжээ. Сократын замаар замнасан өрнөдийнхөн, өнөөдөр Будда руу эргэж байгаа. Сократаас Будда руу эргэсэн эл явдлыг ойлгоё гэвэл Стивен Пинкерийн “Тархи яаж ажилладаг вэ?”, Сэм Харрисийн “Моралийн ландштаф”, Даниел Канеманы “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү”, Юваль Ной Хараригийн “21-р зууны 21 сургамж” зэрэг номуудыг уншвал зүгээр хэмээн зөвлөх байна аа!