Баян-Өлгийгөөс залуу академич төрж Казахстаны төрийн шагналыг хүртлээ
Баян-Өлгийгөөс залуу академич төрж Казахстаны төрийн шагналыг хүртлээ
Казахстан улсын тусгаар тогтнолын баяр тохиож буй энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт төрж өссөн казах залуу Казахстаны төрийн шагналыг хүртлээ. Тус улсын төр засгаас тусгаар тогтнолын баярын өмнө шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, боловсрол гээд салбар салбарын шилдгүүдийг шагнадаг уламжлалтай. Үүний дагуу энэ сарын 3-нд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны шинжлэх ухааны төрөлд Төрийн шагналыг Математикийн институтийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Сураганы Дөрвөдханы “Локаль бус дифференциал операторуудын онол” сэдэвт бүтээлд олгосон байна.
Сураганы Дөрвөдхан 1988 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн. 2005 онд Өлгий хотод арван жилийн сургуулийг төгсөөд, Казахстан улсад суралцахаар явжээ. Тэнд нэг жил бэлтгэл ангид суралцаад Алматы хотын Аль-Фарабийн нэрэмжит Казахын үндэсний их сургуульд элсчээ. Их сургуулиа амжилттай төгсөөд математикийн шинжлэх ухаанд эргэлт буцалтгүй оржээ. 2013 онд математикийн ухааны PhD докторын зэрэг хамгаалсан байна. Тэр жилдээ Казахстан улсын залуу эрдэмтдэд олгодог Д.Конаевын нэрэмжит “Оны шилдэг залуу эрдэмтэн” шагналыг хүртжээ.
2013-2014 онд Казахстаны төрөөс ирээдүйтэй залуучуудыг дэмждэг “Болашах” (Ирээдүй) тэтгэлгээр Их Британийн “King’s College London” сургуульд физикийн онолоор магистрт суралцаж, онц дүнтэй төгссөн. Үүний дараа Лондоны Империал коллежийн Математикийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, Астаны хотын Назарбаевын их сургуульд багш, Казахстаны Математикийн институтад ажиллаж байв.
С.Дөрвөдханы шинжлэх ухааны ажилд судалгааны чиглэлээр Ли бүлгийн анализ, хэрэглээний математик (математик физик), хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл, потенциал онол, спектрийн геометр зэрэг орно. Дэлхийн нэртэй математикч эрдэмтэдтэй хамтран ажиллаж, тайлагдаагүй олон бодлогыг бодож, бүтээлүүдээ дэлхийд алдартай шинжлэх ухааны сэтгүүлүүдэд тогтмол гаргадаг.
2018 онд залуу математикч С.Дөрвөдхан олон улсад нэр хүндтэй “Ferran Sunyer i Balaguer Prize” шагналын эзэн болжээ. Уг шагналыг математикийн шинжлэх ухааны орчин үед судлагдаж буй шилдэг бүтээлүүдэд олгодог аж. Түүнчлэн шагналыг 15.000 евро дагалддаг. Сураганы Дөрвөдханы Лондоны Империал коллежийн профессор Михаил Ружанскийтэй хамтарсан “Нэг төрлийн Ли бүлгүүдийн Харди тэгш бус байдал (Хардийн тэгш бус байдалд 100 жил)”, Michael Ruzhansky (Imperial College London) and Durvudkhan Suragan (Nazarbayev University, Kazakhstan). Hardy inequalities on homogeneous groups (100 years of Hardy inequalities) сэдэвтэй бүтээл 2018 оны ялагчаар тодорсон байна. С.Дөрвөдхан уг бүтээлээрээ 100 жил тайлагдаагүй байсан Хардийн тэгш бус байдалын онолыг тайлбарлажээ. “Ferran Sunyer i Balaguer Prize” шагналыг 1993 оноос эхэлж олгодог болсон бөгөөд янз бүрийн жилүүдэд дэлхийд алдартай Антонио Амбросетти, Марк Горески, Тимоти Браунинг зэрэг эрдэмтэд хүртэж байсан билээ.
С.Дөрвөдханы хүүхэд нас 1990-ээд оны зах зээлд шилжсэн эдийн засгийн хүндхэн үетэй таарчээ. Аав нь малын эмч мэргэжилтэй сумын хөдөө бригадуудаар ажилладаг болохоор бяцхан хүү олон ч сургууль сольжээ. Бүр сургуулиас завсардаж хонь хариулж байсан үе ч түүнд тохиожээ. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрынхан Ногооннуур суманд ажиллаж сургууль завсардсан сурагчдад боловсрол олгох сургалт явуулахад физик, математикийн хичээл хариуцсан мэргэжилтэн С.Дөрвөдханы онцгой авьяасыг анзаарсан байна. Сургууль завсардан бяцхан хүү математикийн ямар ч бодлогыг маш хурдан бодоод байжээ. Түүнд нэлээд хүндхэн бодлого өгсөн ч зөв хариултыг дор нь олсон гэдэг. Тэгээд түүний эцэг эхэд хүүхдээ Өлгий рүү явуулж сургахыг зөвлөсөн байна. Хөдөө хонь хариулж явсан С.Дөрвөдхан Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод ирж дотуур байранд байрлан суралцаж аравдугаар ангиа төгсжээ. Аймгийн IQ-гийн олимпиадад түрүүлж байв.
Залуу математикч одоо Казахстан улсын Математикийн институтын дэд захирлын алба хашдаг. Казахстаны Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн, академич болсон. Ийнхүү Монголд хонь хариулж явсан залуу ердөө 32-хан насандаа Казахстаны Төрийн шагналыг хүртэж байна. Дэлхийд нэрээ дурсгаж буй Монголд төрж өссөн залуу математикч Сураганы Дөрвөдханы хэвлэлд өгсөн ярилцлагаас түүний зарим санаа бодлыг хүргэе.
Замын эхлэл
Их сургуульд хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн. Тэр үед Казахстанд нэртэй эрдэмтэн, профессор Балтабек Кангожинтэй хамтран ажиллаж байв. Багш маань надад янз бүрийн ном болон математикийн бодлого өгнө. Зарим нь орос хэлээр бичсэн номууд. Би орос хэл мэдэхгүй, ойлгохгүй. Тэгээд үг бүрийг орчуулж, номыг бүрэн уншиж дуусгана. Шинжлэх ухаанд чин сэтгэлээсээ дурлахад нөлөөлсөн хүн бол Балтабек багш маань байсан. Дараа нь намайг ШУА-ийн гишүүн, академич Тынысбек Калменовтай танилцууллаа. Математикийн чиглэлээр дэлхийд нэртэй эрдэмтэн надад шинжлэх ухаанд юу хамгаас чухал гэдгийг ойлгуулсан. Их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байхад Т.Калменовтай хамтарч нэг бодлого бодсон. Уг бодлогын хариу дэлхийд нэр хүндтэй, шинжлэх ухааны бүтээлд өндөр шалгуур тавьдаг “ОХУ-ын ШУА-ийн тайлан” сэтгүүлд нийтлэгдсэн. Миний илтгэл нэрт математикч, Оросын академич В.А.Ильинд таалагджээ.
Шинжлэх ухаанд хаалттай асуулт
Дифференцал тэгшитгэлийн дотор спектрийн онол, тодруулбал спектрийн тоолох үндэс бий. Өгөгдсөн үзэгдлийн хувьд та ямар нэг үзэглэлд хүнд хэцүү дифференциал тэгшитгэлийг бодох хэрэгтэй болно. Математикчдын дунд “Хэрэв логик дифференциал тэгшитгэлийн спектр нь дискрет бол тоо нь хэд вэ?” гэсэн алдартай асуулт байдаг. Тааралдсан бүх логик дифференциал тэгшитгэлийн спектр хязгааргүй байсан. “Спектр хязгаартай хэвээр байгаа бол дифференциал тэгшитгэл олдох уу?” гэсэн асуултад бид “Тийм дифференциал тэгшитгэл байхгүй” хэмээн хариулсан. Математикийн шинжлэх ухааны хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Математик дахь Нобелийн шагнал
Нобелийн шагналыг математикчдад нэг их өгөөд байдаггүй. Гэхдээ уг шагналыг хүртсэн математикчид хангалттай олон бий. К.Ф. Гаусс “Математик бол шинжлэх ухааны хаан” хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр математикт олон боломж, арга, хэрэгсэл байдаг. Үүнийг ашиглаж бусад шинжлэх ухаанд нэвтэрч болдог. “A beautiful mind” нэртэй киног санаж байна уу. Уг кинонд дүр нь мөнхөрсөн математик Жон Нэш эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Мөн математикч хүн утга зохиолын салбарт ч уг шагналыг авч байв. Жишээлбэл, 1950 онд Английн математикч Рассел Бертран утга зохиолын салбарт Нобелийн шагналтан болсон.
Нобельтэй эн зэрэгцэх олон шагнал байдаг. “Facebook”, “Google”, “Alibaba” хамтарч математикчдад “Breakthrough Prize in Mathematics” шагналыг олгодог. Уг шагналыг гурван сая ам.доллар дагалдана. Харин Нобелийн шагналынх ойролцоогоор нэг сая ам.доллар. “Breakthrough Prize in Mathematics”-аас залуу математикчдад “New horizons” нэртэй 100 мянган ам.долларын шагнал өгдөг. Үүнээс гадна Норвегийн нэрт математикч Абелийн нэрэмжит шагнал байдаг. Нобельтэй яг тэнцүү хэмжээний мөнгө өгнө. Түүнчлэн 40 нас хүртэлх эрдэмтдэд олгодог Филдсийн шагнал байдаг. Уг шагнал хамгийн алдартай бөгөөд хамгийн бага хэмжээний урамшуулалтай 15 мянган канад доллар дагалдана.
Эрдэмтэн хүнд хоёрхон чанар хэрэгтэй
Энэ бол зорилго ба хичээл зүтгэл. Шинжлэх ухааны ямар ч салбарт уг хоёр чанар хэрэг болно. Зорилго - сонирхол, хичээл зүтгэл - тууштай байдал. Эхлээд зорилго тавьж, хоёрт түүний төлөө тууштай бай. Тэгсэн цагт шинжлэх ухаан таныг хайрлах болно.
Сурагчдад гэрийн даалгавар бага өгөх хэрэгтэй
Би Монголд төрж өссөн. Намайг сургуульд анх орсон үе 1990-ээд онд таарсан. ЗХУ-тай ойр харилцаатай байсан орнуудын эдийн засаг хямарч, хүмүүсийн аж амьдрал хүндхэн байсан үе. Би хөдөө малчны гэр бүлд төрсөн. Хэдийгээр сонирхол байсан ч сургуульд явахад их асуудалтай. Ямар сургуульд ойрхон нүүж очно, тэнд сурдаг байлаа. Одоо бодоход ууланд хонь хариулж явахад сурах гэсэн эрмэлзэл, санаа бодол маань цэвэр тунгалаг байсан шиг санагдана. Сурагчдад өгөх гэрийн даалгаврыг багасгах асуудлыг би их дэмждэг. Учир нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдэд сургууль нь том саад тотгор болох ёсгүй. Мэдээж хүүхдэд суурь боловсрол олгох чухал. Гэхдээ хүүхдүүдийг сургуульд уяж болохгүй. Боловсролыг чөлөөтэй авахад саад болох ёсгүй.
Намайг сурагч байх үед унших ном тийм их байгаагүй. Гэхдээ олдсон, тааралдсан ном бүрийг заавал уншиж дуусгадаг байлаа. Сүүлд дотуур байранд байрлаж сурсан. Олон сургууль сольсон ч гэсэн бусад хүүхдүүдээс сайн сурч буйгаа мэдэрдэг байв. Олимпиадад ямар ч бэлтгэлгүй орсон шагналгүй буцдаггүй. Тэр үед математикт дуртай, тэмүүлэлтэй гэдгээ мэдэрч эхэлсэн.
2005 онд Казахстанд ирсэн. Ирээд ямар ч бэлтгэлгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгч байв. Миний олж авсан дунд сургуулийн боловсрол тэтгэлэгтэй суралцах боломж олгосон.
2013 онд 25 настайдаа PhD докторын зэргийг би хугацаанаасаа өмнө хамгааллаа. Гадаадад суралцахаар очихдоо тийшээ юуны төлөө явснаа, надад юу хэрэгтэй гэдгийг ойлгож байсан. Тийм болохоор бүх зүйлийг хурдан хийсэн. Америкт очсон гол зорилго маань хэл сурах байлаа. Англи хэл сурахын хажуугаар математикийн MIT зэрэг шинжлэх ухааны төвүүдийн лекцийг чөлөөтэй ойлгож, санал бодлоо солилцох түвшинд хүрсэн. Хамгийн гол нь мэргэжлийн соёлд суралцсан.
Математикаас гадна онолын физикийн чиглэлээр суралцсан
Их Британид эрдмийн зэрэг хамгаалсан. Математикаас гадна онолын физикийн чиглэлээр суралцлаа. Физикээр хэнээс ч дутаагүй, онц дүнтэй төгссөн. Гэвч тэнд суралцаж байхдаа өөрийгөө математикч гэдгээ гүн ойлгосон. Лондонд тэргүүлэх их сургуулиудаас зохион байгуулдаг анализын семинар байдаг. Тэнд миний үзэл бодол нийлдэг, нэг чиглэлийн профессоруудтай хамтран ажиллахыг урив. Тэгээд Лондоны коллежид эрдэм шинжилгээний ажилд орсон.
Сая долларын бодлогууд
Дэлхийд шийдэгдээгүй олон бодлого байдаг. Тэдний дотор “сая долларын” гэх бодлого ч бий. Уг бодлогын хариуг олох гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг. Нэг нь хүмүүсийг хуурах санаатай эсвэл өөрийгөө юу хийж байгааг мэддэггүй хүмүүс. Харин хоёр дахь нь бүгдийг шийдвэрлээд “Одоо хийх юу үлдлээ?” гэх математикчид.
Дайн болж байсан ч шинжлэх ухааныг орхиж болохгүй
Дайн болж байсан ч шинжлэх ухааныг хаяж болохгүй гэдэг. 1940-өөд онд дайны үеэр Колмогоров, Векуа гээд математикчид өөрийнхөө мэргэжлээ судалж, ажиллаж л байсан. Тэдэнд хэн ч гар хүрээгүй. Бодлогоо бодоод сууж байсан гэдэг. Төр засаг, эрх баригчид, улстөрчид хөндлөнгөөс оролцож болохгүй салбар бол шинжлэх ухаан. Улсаас суур шинжлэх ухааныг санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийж, мөнгө өгөх хэрэгтэй. Суурь шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг менежерүүд бус эрдэмтэд тодорхойлох ёстой.
Шинжлэх ухааны өгүүллийг ямар хэвлэлд нийтлэх ёстой вэ
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Web of Science” (Thomson Reuters) ба “Scopus” гэсэн шинжлэх ухааны бүтээлүүдийн мэдээллийн сан бий. Салбар бүрийн сэтгүүлүүд өөрийн гэсэн ялгаатай байдаг. Шинжлэх ухааны сэтгүүлийн чанарыг квартилууд (Q1, Q2, Q3, Q4) тодорхойлдог. Та нийтлэлээ аль болох Q1, Q2 сэтгүүлд оруулах хэрэгтэй. Ийм сэтгүүлүүд өгүүллэг, нийтлэлийг амар хялбар хүлээн авахгүй. Хэрэв таны өгүүллийг хүлээн аваагүй бол ажлынхаа талаар шинжээчдийн дүгнэлтийг авах хэрэгтэй.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин