Зарим хүмүүс аалз, жоом, хулганаас айдаг. Зарим нь өндрөөс айна. Яагаад ч унахааргүй бэхэлгээтэй хэрнээ л, өөрт нь ямар ч хор хүргэхгүй гэж мэдсээр байж л айгаад байдаг.

Нэгэнт тийм айдсыг мэдрэх нь өөрөө яалтай ч билээ. Тийм үед юу ч гэж хэлж тайлбарлаад нэмэргүй.

Гэхдээ тийм айдсыг ямартай ч "зохисгүй эмоц" гэж дүгнэж бол болно. Айсан нь бол үнэн, гэхдээ тэр нь зохисгүй айдас.

Тэгвэл яагаад зохисгүй вэ? Эсрэгээрээ зохистой айдас гэж юуг хэлэх вэ?

Аливаа нэг айдас зохистой байхын тулд тодорхой нөхцөлийг хангасан байх ёстой гэж би боддог юм. Тодорхой хэлбэл дараах 3 нөхцөл хангагдсан үед тэр айдсыг би зохистой эмоц мөн гэж үзнэ.

1. Айж буй зүйл чинь ямар нэг муу зүйл байх ёстой.

"Би орой гэртээ очоод зайрмаг иднэ гэхээс үхтлээ айж байна" гэж хэн нэг нь хэлбэл надад энэ ямар ч утгагүй, зохисгүй гэж санагдана. Учир нь энд ямар ч муу зүйл алга. Зайрмаг идэх чинь сайхан л биз дээ? Аа харин "Би уул нь жингээ бариад бүтэн сар болж байгаа юм. Гэтэл одоо гэртээ харьсан чинь хөргөгчинд зайрмаг байж харагдаад, тэгээд би тэрийг тэсэлгүй идчихвэл яана аа гэхээс үхтлээ айж байна" гэвэл өөр өө. Энэ тохиолдолд бол муу зүйл байна аа. Хичээл зүтгэл нь талаар болбол ямар сайн байх вэ. Тиймээс би үүнийг нөхцөлийг хангасан зохистой айдас гэж үзнэ. Аалз, жоомноос айх бол яаж ч бодсон энэ нөхцөлийг хангахгүй. Үгүй дээ л Монголд лав хүнд муу юм хийхээр хортой аалз, жоом гэж байхгүй. Байсан ч тэр нь тантай тааралдах магадлал бараг 0 шахуу (Гэхдээ тэр нь хоёр дахь нөхцөл рүү орно). Жоом хараад дотор эвгүйрхэж болно, гэрт нь үүрлэсэн байна гээд уурлаж ч болох юм. Харин айх бол утгагүй.

2. Айж буй зүйл өөрт чинь тохиолдох магадлал багагүй байх ёстой.

"Би харь гарагийн хүмүүст олзлогдоод туршилтанд орж, яргалуулж үхнэ гэхээс өдөр бүр айдаг" мэтийн айдсаар нэг их өөрийгөө шаналгах шаардлагагүй гэж бодож байна. Яах вэ, яргалуулах бол мэдээж муу зүйл мөн л дөө, гэхдээ магадлал нь бараг л 0-тэй тэнцүү. Үүнтэй адилаар 20-иод насандаа, 30-аад насандаа үхчихвэл яана аа гэх мэтээр айх нь бараг л илүүц болов уу (мэдээж өнөө цагийн Оросод төрчихөөгүй бол шүү дээ). Энэ талаар статистик судалгаа хараарай. Харин шинэ жилээр архидаж яваад хөлдөөд үхчихвэл яана аа гэж айхыг би туйлаас зохистой гэж үзээд зогсохгүй маш сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байгаа боловч, ахиад жаахан энэ талаар нухацтай бодож үзвэл ганц хоёр эргэлзээтэй асуудал бий тул түр хойш нь орхиё.

3. Айж буй зүйлд чинь тодорхой бус хүчин зүйл байх ёстой.

Энэ нөхцөл нэлээд адармаатай. Гэхдээ сайтар эргэцүүлж үзвэл эцсийн бүлэгт таныг надтай санал нийлэх байх аа гэж найдаж байна.

Жишээ нь бие физиологийн онцлогоосоо болоод архи уухаараа гарцаагүй шартдаг хүн байжээ гэж бодъё. Тийм хүн яг одоо миний өөдөөс шинэ жилийн хундага өргөж зогсохдоо "Маргааш шартана гэхээс л айгаад байна" гэж хэлбэл надад нэг л тийм учир битүүлэг санагдана. Тэртэй тэргүй л шартдаг юм байж тэгэн тэгэн хундага өргөх ямар хэрэг байна аа? Нэг бол зүгээр л уухаа больчихно биз. Эсвэл уумаар байгаа бол шарталттайгаа эвлэрэх ёстой биз дээ? Шартдаг нь 100% баталгаатай бол шүү дээ. Аа харин хааяа шартдаг хүн байвал ойлгож болно оо. "Маргааш шартах болов уу, яах бол? Шартахгүй бол сайн сан. Шартах юм бол харин ёстой алингаа алдана даа" гээд айж байгаа хүнд тодорхой бус хүчин зүйл байгаа тул үүнийг би зохистой айдас мөн гэж хэлнэ. Учир нь энэ айдас дээрх 3 нөхцөлийг бүгдийг хангаж байна. Шартах бол муу зүйл нь үнэн, өвддөг юм чинь ямар олиг байх вэ. Бас тэр шарталт өөрт ирэх магадлал хангалттай өндөр. Тэгээд эцэст нь яг шартах эсэх нь бүрэн тодорхойгүй байна.

Эдгээр 3 нөхцөлийг хангасан айдсыг л би зохистой айдас мөн гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ үүн дээр "Ямар нэг айдсыг мэдрэх" болон "Тэр айдас нь зохистой айдас мөн эсэх" хоёрыг ангилж салгах ёстойг энд дахин сануулъя.

За тэгэхээр энэ хүртэл хэрэв та надтай санал нийлж чадсан бол одоо үндсэн сэдэв рүүгээ оръё гэж бодож байна.

Миний харахад ихэнх хүмүүс үхлээс айдаг. Учир зүггүй л айгаад байдаг. Гээд яахав, нэгэнт мэдрэгдээд байгаа юмыг яалтай билээ. Гэвч, дээрх ангилалтын ачаар бид өөрсдийнхөө тэрхүү үхэлд хандах айдсаа зохистой айдас мөн эсэх талаар эргэцүүлж болно гэж санагдана.

Үхлээс айх айдас дээрх 3 нөхцөлийг хангах уу? Үүнийг сайтар эргэцүүлснийхээ дараа та дахин нэг үхэлд хандас айдастайгаа нүүрэлдээд үзээрэй. Магадгүй бага зэрэг ч болов чанарын өөрчлөлт гарах ч юм билүү.

Нөгөө талаар бид үхлийн чухам яг ямар шинж чанараас нь айгаад байдгаа сайтар эргэцүүлж үзүүштэй.

Үхэл гээч юманд хэд хэдэн онцлог шинжүүд бий.

Жишээ нь үхэлд гарцаагүй ирнэ гэх шинж бий. Үхэл хүн бүрт гарцаагүй ирдэг. Тэгснээ яг хэзээ ирэх нь тодорхойгүй байдаг. Мөн бид үхсэнийхээ дараа амьдардаггүй, харин амьдарсныхаа дараа үхдэг. Үхэл хүн бүрт харилцан өөр хугацааны дараа ирдэг. Зарим нь 80 наслаад үхэж байхад, зарим нь 8 сар ч бололгүй яваад өгдөг. Бас хэн ч өөрийгөө хэзээ үхэхээ мэддэггүй. Тэр бүү хэл цаазын ял сонссон хүн ч мэдэхгүй (сонирхуулж хэрүүл өдөхөд, үхэл хэзээ ирэх нь тодорхойгүй болон хүн бүр өөр өөр насалдаг хоёр бол тусдаа шинжүүд юм. Юу гэхээр, хүн бүр өөр өөр насалдаг мөртлөө хэзээ үхэх нь яв цав тодорхой байхаар үхлийг програмчилж болох л байсан).

Энэ бүх шинжүүдээс чухам аль нь бидний айж явдаг жинхэнэ шалтгаан юм бол?

Дэлгэрэнгүйг номоосоо тухлан уншаарай. 

Гэснээс шинэ жилээр архидаж яваад хөлдөж үхэх вий гэж айх нь зохистой айдас мөн үү?

Энгийнээр бодвол зохистойгоор барах уу, тун сэрэмжлүүштэй зүйл, тийм биз?

Гэвч үүн дээр яаран дүгнэлт хиймээргүй байгаагийн ард ийм нэг шалтгаан байгаа юм. Айдас зохистой байхын тулд

1. айж буй зүйл нь муу юм байх ёстой

2. өөрт тохиолдох магадлал багагүй байх ёстой

3. тодорхойгүй хүчин зүйл бас байх ёстой

гэсэн нөхцөлүүд хангагдсан байх ёстой талаар өмнө дурдсан шүү дээ.

Мэдээж Монгол шиг хүйтэн оронд тийм зүйл өөрт тохиолдох магадлал багагүй бий гэж санагдана.

5 лааз пиво уугаад гадуур алхахад л хэнд ч тохиолдохыг байг гэхгүй хэрэг.

Гэвч нөгөө талаар уусан л бол бүгд хөлдөөд үхчихдэггүй. Тиймээс 100% найдвартай тохиолдоно ч гэж хэлэхгүй.

Тиймээс 2 ба 3 дахь нөхцөлүүд хангагдаж байна.

Одоо тэгвэл ганц нөхцөл:

"Шинэ жилээр архидаж яваад хөлдөж үхэх" нь муу зүйл мөн үү? Ер нь үхэл өөрөө муу зүйл мөн үү? Бидний ихэнх маань бодох ч үгүйгээр мэдээжийн болгож ярих гэдэг чухам тэр аргумент яагаад ч юм миний дотор тээглээд байгаа юм. "Үхэл нээрээ муу билүү?"

Эртний философич Эпикурос ингэж хэлсэн байдаг.

"Бүхий л гамшиг дундаас хамгийн аймшигтай нь болох үхэл бол бидний хувьд тоох ч үнэ цэнгүй зүйл юм. Яагаад гэвэл бид оршин байх хязгаар дор үхэл бидэнтэй зэрэгцэн оршихгүй болохоор тэр. Харин үхэл айлчлан ирэх үед зөрөөд бид оршин байхаа болино. Тиймээс үхэл амьтайд нь ч, амьгүйд нь ч, алинд нь ч чухал биш. Амьтайгийн хувьд бол оршин байхгүй, амьгүй нь харин өөрөө нэгэнт оршин байхгүй."

Бидэнд оогт падгүй зүйл хэрхэн яаж бидэнд муу байх вэ?

Мэдээж Эпикуросын үгэнд заавал итгэх албагүй л дээ. Тиймээс өөрсдийн тархиар тунгаах гээд нэг үзье.

Үхлийн юу нь бидэнд муу вэ?

Магадгүй зарим хүн "Үхэл хагацлыг дагуулдаг учраас муу" гэж хэлэхийг хүсэх байх.

Тийм ээ, үхэл хагацлыг дагуулдаг. Яриа байхгүй үнэн. Дотны нэгэн маань үхэж одвол түүнтэйгээ ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлж, Аватар үзэж, жаргах нарыг тольдож, инээлдэн хөгжилдөж нэгэнт чадахгүй. Зовлонгоо хуваалцаж, зөвлөлдөн ярьж ч чадахгүй. Тэр хүнтэй холбогдож нэгэнт чадахгүй. Хэн нэгэн хүн үхэхэд тэр мэт боломжууд бүгд алдагддаг.

Гэсэн ч надад "Хэрвээ үхэл мөн чанарын хувьд муу юм гэвэл тэр муугийнх нь голлох шалтгаан нь хагацал биш" гэж санагдаад болохгүй нь. Хагацал бол дагалдах шинж төдий болохоос хамгийн гол мөн чанар нь биш.

Энэ санаагаа тайлбарлахын тулд танд хоёр түүх ярьж өгье.

Нэгдүгээр түүх. Танай найз удахгүй сансрын хөлгөөр Центавр гарагийг зорин одох гэж байна. Центавр гараг хүртэл аялахад талдаа л 50 жил зарцуулах тул та ахиж найзтайгаа уулзахгүй нь тодорхой. Тиймээс та нэг талаар найзыгаа үүрд алдах гэж байна. Түүнтэй дахиж ярихгүй, түүнээс үг сонсохгүй, тусламж ч авч чадахгүй. Өөрийнхөө сонин сайхныг түүнд хуваалцаж, түүнээс сонин сонсох явдал ахиж хэзээ ч тохиохгүй. Учир нь хөлөг хөөрснөөс 20 минутын дараа холбоо бүрэн тасарна. Ингээд найз тань нисэн одлоо. Та түүнийг нүдээ ширгэтэл далласаар хоцров.

Хоёрдугаар түүх. Мөн л найз тань сансрын хөлөгт суугаад нисэн одсон боловч 25 минутын дараа эмгэнэл тохиох нь тэр. Аймшигтай осол сансрын хөлөгт гарч, таны найзыг оруулаад багийн гишүүд бүгд газар дээрээ амиа алдаж орхив.

Миний хувьд хоёрдугаар түүх нь илүү муу гэж санагдаж байна. Гэвч илүү муу гэж яг юуг нь хэлнэ вэ? Лав л хагацал тэрийг илүү муу болгосон байх учиргүй. Мэдээж хоёрдугаар түүх дээр ч бас хагацал тохионо л доо. Ахиж та тэр найзтайгаа холбогдохгүй. Найз чинь ч бас тантай холбогдохгүй. Гэхдээ тэр нь нэгдүгээр түүх дээр ч адилхан байсан. Хоёрдугаар түүх нь илүү муу гэж хэлэхийг хүсвэл түүний шалтгаан нь хагацал лав биш. Муу нь танай найз үхчихсэн гэх факттай холбоотой байх учиртай. Хэрвээ та найзынхаа хойноос мэгшин гашуудмаар байгаа бол түүний шалтгааныг "Үхэл найзад чинь муу" гэх фактаас олж гаргах ёстой болохоос та хоёр хагацсан гэх фактаас гаргах ёсгүй. Яагаад гэвэл нэгдүгээр түүх дээр ч бас хагацал тохиосон шүү дээ. Та найзтайгаа холбоо барих боломжгүй байсны адилаар найз чинь ч тантай холбогдох боломжгүй байсан.

Тиймээс хэрвээ үхэл муу байх хамгийн гол шалтгаан юу болохыг ойлгохыг хүсвэл хагацал болон үлдэж хоцрогсод гэх мэт факт дээр төвлөрөх ёсгүй гэж санагдана...

Тэгвэл үхлийн өөр юу нь муу байж болох вэ?

Үргэлжлүүлэн номоосоо тухлан уншаарай. Философидох гэж яахыг хэлдгийг энэ ном танд яруу тодоор зааж өгнө.

Номын шинэчилсэн найруулгыг цахим хэлбэрээр зөвхөн Mplus-аас уншаарай.